Аймгийн Алдарт уяач Ж.Золбоо: Тэрэгний адуу аваад аймгийнхаа наадамд гурван жил дараалан айрагдуулсан

А.Тэлмэн
2015 оны 9-р сарын 18 -нд

Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгмйн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Золбоотой хийсэн ярицлагыг уншигч танаа хүргэж байна.

-Уяаны эрдэмд шамдсан тэр үеийн түүхээс яриагаа эхэлье?
-Сэхээтний гэр бүлд өссөн төвийн хүүхэд ч гэлээ багаасаа л адуу маланд сонирхолтой нэгэн байсан. Ямар сайндаа л баримлын шавраар морь хийгээд тоглож суухав. Тэгж байгаад 1970-аад оноос аав маань наадмын морины комисст ажилладаг болж, жил бүрийн хурдан морины уралдааныг үздэг болсон нь уяач болоход нөлөөлсөн байх. Мөн  зуныхаа амралтаар Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрбаатар ахындаа очин морь унадаг байсан нь хусуур сойз бүслэн, хөхөл дээл шуухад хүргэсэн гэж болно. Тэгж байгаад зах зээлийн нийгэмд шилжих үед  Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Зуунчулуун ах маань хурдан хул азарганыхаа төл хул даагыг, Төмөрбаатар ах маань бас нэг даага бэлэглэж, би гэдэг хүн моринд эргэлт буцалтгүй орсон доо.
-Тэгвэл анхны айраг түрүүгээ авч морь хурдлах болсон нь хэзээнээс вэ?
-1997 онд МУИС-ийг төгсөөд ирэхэд аав маань Архангай аймгийн Батцэнгэл сумаас гайгүй хурдалж байсан бор морь авч өгсөн юм. Аавын минь зорьж авч өгсөн бор морь үнэхээр хурдан буян байсан. 1998 оны анхны  шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд зориулан Малчин баг өдөрлөг зохион байгуулан морь уралдуулахад бор морь маань айрагдсан юм. Тэгж л анхны айргаа хүртэж байлаа. Дараа нь 2001 онд бор морь их хурдан байж, нэг жилийн уралдаануудад  гурав түрүүлсэн шүү. Одоо эргээд бодоход надаас өөр туршлагатай уяач байсан бол бор мориор илүү олон жил, илүү их амжилттай  наадах байсан байх.
-2001 оноос хойш уралдаагүй хэрэг үү?
-Үгүй ээ, үгүй. 2003 оны Эрдэнэтийн наадамд айрагдсан. Бор мориныхоо амжилтаар 2006 онд Эрдэнэт хот байгуулагдсаны 30 жилийн ойгоор аймгийн Алдарт уяач цол хүртэж, Аварга хээр соёолонгийнхоо айргаар  мялааж байлаа. 30 жилийн ойд хээр соёолон маань гуравт давхисан юм.  
-Золбоо Алдартыг сүүлийн үед морь сайн уяж байгаа тухай хэд хэдэн хүнээс сонссон. Алдартын нэрийг дуурсган амжилт гаргаж байгаа ямар ямар хүлгэд байна вэ?
-Бий, бий. 2003 онд одооных шиг машин тэрэг элбэг байсангүй. Морин тэргээр тээвэр хийдэг хүмүүс зөндөө байлаа. Нэг өдөр хүнсний зах дээр явж байтал тэргэнд хөллөсөн бор үрээ нүдэнд тусаад болдоггүй. Эзэнтэй нь ярьж байгаад авчихлаа. Тэгсэн бор үрээ маань тэр жилээ Эрдэнэтийн наадамд айрагдчихсан.
-Хурд танина гэдэг том давуу тал шүү?
-Бор үрээ дараа нь хоёр ч удаа аймгийн наадамд айрагдаж, Эрдэнэтийн овооны тахилга болон жижиг уралдаануудад олон орсон доо. Тэгээд арав гаруй настай байхад нь Булган аймгийн Хишиг суманд  байдаг ахдаа өгчихсөн. Одоо тэр хавьдаа сайн л  давхиж байгаа дуулдана лээ. Мөн  Сүхбат аваргын ах Энхбаатараас Сүхбаатар аймгийн угшилтай шүдлэн үрээ авсан юм. Морины хүүхдүүд аваргын ахаас авсан болохоор Аварга хээр гэдэг нэр өгчихсөн байна лээ. Анх их туранхай жижиг үрээ ирсэн болохоор нь сайн давхина гэж бодоогүй. Яахав оролдъё гэж бодоод уясан чинь шүдлэндээ Эрдэнэтийн наадам, Хангал сумын 80 жилийн ойд  тус тус еслөөд хойтон жил нь хязааландаа Эрдэнэтийн наадамд айрагдаж, бүсийн наадамд мөн цулбуур өргүүлсэн.
-Хурдан л буян байж дээ?
-Харин тиймээ, гурван жил дараалаад Эрдэнэтийн наадамд айрагдчихсан. Мөн жижиг наадмуудаас нэлээд олон  айраг түрүү хүртсэн шүү. Одоо Аварга хээр маань азарга болоод  үр төл нь хурдалж байгаа. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр Хантайшираас тэр хавьдаа нэлээд нэрд гарсан хул морийг 16 настайд нь  авсан.
-Нас ахисан адуу авлаа гэдэг зэм дуулж байв уу?
-Гайгүй ээ, хул морь маань өвөл хаврын уралдаанд амжилттай уралдсан. Мөн тойруулгын уралдаанд хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. 19 насандаа гэхэд л найм уралдаад долоод нь айрагдаж түрүүлсэн гэхээр хурдан буян байсан байгаа биз. Хамгийн сүүлд 20 насандаа Хангал сумын хаврын уралдаанд идэр залуу морьдтой уралдан түрүүлээд зодог тайлж байлаа.
-Алдарт адуу танихдаа ч гайгүй бололтой. Гэхдээ бусдаас зөвлөгөө дэмжлэг авна биз дээ?
-Хар багын хаа явсан газраа адуу харж явдаг байсан болоод тэрүү өөрийнхөө хэмжээнд шинжинээ. Гэхдээ сүүлийн үед унаган адуугаараа наадах сонирхолтой болсон. Хурд нь танигдчихсан адуу аваад давхиулж байснаас унаган адуугаар наадвал сайхан ч ш дээ.
-Ажлынхаа хажуугаар морь уяна гэдэг мэдээж амаргүй байх. Цаг заваа хэрхэн зохицуулж байна?
-Зургаан сараас амралтаа аваад наадам хүртэл холдохгүй шүү дээ. Хамт олон маань намайг их дэмжинээ.      Мориныхоо уяа сойлгыг өөрөө  гардаж тааруулдаг ч Баярбаатар ах маань надад их зөвлөнө. Энэ дашрамд Баярбаатар ахдаа баярласнаа илэрхийлмээр байна. Мөн намайг дэмжиж тусалж явдагт нь аав, ээждээ болон гэр бүлийнхэндээ, Мөнх-Эрдэнэ, Мөнхбаатар, найз нөхөд ажлынхаа хамт олонд баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
"Тод магнай" сэтгүүл №35

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна