Т.Болд: Аймагт түрүүлсэн морио буруу харж уйлж, зөв харж инээж байгаад өгсөн

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 26 -нд

Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Т.Болдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс аймгийнхаа морин спорт уяачдын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байгаа юм бэ? 
- 2005 оноос холбооны дэд тэргүүнээр ажиллаж байна. Миний бодож зорьж явдаг  зүйл Увс аймгийн морин спортыг хөгжүүлэх. Тэр дундаа адууныхаа удмыг сайжруулах явдал юм. Үүний тулд хурдтай газраас удамтай азарга, гүү авчирч нутгийн адуутай сэлбэх хэрэгтэй.
-Зорилгодоо хүрэхийн тулд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ?
-Үүнийгээ биелүүлэхийн тулд Шинжаны цэргийн ангийн тойруулга дээр очсон. Хятад мөнгөтэй улс болохоор цэргийн зориулалттай агтаа дэлхийн бүх шилмэл үүлдрүүдээс бүрдүүлж, малчнаа хүртэл шилж авсан бана лээ. Мэдээж өөрсдөө м адуу сайн танихгүй учраас тэндхийн монгол угсаатнууд ажилладаг. Адуучид нь хуучин Зүүнгарын эзэнт гүрний үеийн голдуу манай ойрын улсууд байдаг юм байна лээ. Намайг их сайхан хүлээж авсан. Тэндэхийн адуунууд Хонгконгийн болон Хятадын морин тойруулга дээр дандаа түрүүлдэг юм байна. Бидэнд ч морин тойруулгын адуунаасаа өгсөн. Гэхдээ одоогоор авч чадаагүй. Гаднаас морь оруулна гэхээр тусгай эрх хэрэгтэй юм. Тэрийг нь хаанаас яаж авахаа мэдэхгүй болоод гацчихсан. Хөдөө аж ахуйн яам, мал хөгжүүлэх газраар л хөөцөлддөг бололтой.
-Гаднаас адуу авчирч уралдуулахад төвөгтэй юм биш үү?
-Тэнд адууны бүх төрөл, угшил байна. Спортын болон аяллын, хатираа, хурдны гээд л. Гол нь тэнд монголчууд байгаа учраас адуугаа аль эртнээс монголжуу болгочихсон байна. Бид ч энэ монгол адуунаас нь авна.
-Хувь хүнийхээ хувьд адууныхаа  цусыг хэр сайжруулж байгаа вэ?
-Боломжийн гэж хэлнэ. Энд тэндэхийн удамтай сайн гүүнүүдийг цуглуулаад л явна. Жишээ нь Сүхбаатар аймгаас Аварга хээрийн эзэн Агваан багшийн адуунаас найзаараа дамжуулаад авлаа. Алдарт уяач Сурагчийн адуунаас бас нэг гүү авлаа. Түүнчлэн Тува, Хөвсгөл, Дорнод талаас нэлээн гүү авсан.
-Нутгийнхаа аль, аль сумаас авч байна вэ?
-Тэс, Зүүнговиос авлаа. Манай Өндөрхангай ч өөрөө бас хурдтай. Хотод байдаг Сан дээд сургуулийн захирал Баатараа гэж найз маань бий. Надад Хэнтийн Галшарын долоон настай адуу бэлэглэж, 2007 онд наймтайдаа Увс аймагт их хол түрүүллээ. Бас 2009 онд дахин түрүүлээд байна.
-Хэн гэж хүний адуу юм бол?
-Манай найзад дамжиж ирсэн юм. Гэхдээ би тамгаар нь Галшар явж эзнийг нь олж уулзах санаатай байгаа.
-Таны моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг вэ? 
-Би зургаан нас хүртлээ Улаанбаатар хотод байгаад хөдөө нагац өвөө, авга өвөө нар дээрээ ирж малыг нь хариулж, морь унадаг байлаа. Багын л морины өвчтэй хүүхэд байсан. Нас бага гэлтгүй адууны төлөө чадах бүхнээ л зориулдаг байжээ. Ах дүүсийн бэлэглэсэн нэг төгрөгийг хэзээ ч амттанд өгч байсангүй. Морь худалдаж авна гээд л мөнгөө хадгалчихна. Бас миний өндөр эмээ олон үеэрээ баян явсан хүн. Бас морь уяна. Соёлын хувьсгалын үед хамаг юмаа хураалгачихсан ч хоёр хээр морьтой үлдсэн юм байна лээ. Тэгээд нутгийн жинчидтэй 40, 50 гарсан настай хөгшин морь уяад явдаг байсан байгаа юм. Болоогүй Увс аймгаас морьдоо хөтлөөд, АХ-ын 30 жилийн ойгоор Улаанбаатар хотод очиж, 900 адуунаас нэг хээр нь 60, нөгөө нь 73-аар давхиулсан. Би энэ эмээгийнхээ ард сундалдаад явж байх үеэс морины өвчтэй болсон хүн дээ. Манай ээжийн, ээжийн, ээж байгаа юм. Би хамгийн том зээ хүү гэдгээрээ энэ эмээгийнхээ голомтон дээр айл гэр болж байлаа.
-Хурдан морь унаж байсан уу?
-Уналгүй яахав. Багадаа буурал аав Дэлэгийн цуутай улаан морийг 1973, 1974, 1975 онд суманд унаж уралдуулж байсан. Харамсалтай нь тэр үед манай авга ах жоохон архи татчихдаг байсан. Тэгээд уяаны алдаа гаргаад түрүүлж яваад л барианы доохно ирж суугаад хоёр, гурав, заримдаа долоо, найм дээр ирдэг байлаа. Уул нь их хурдан морь байсан юм.
-Ер нь уяачийнхаа гарааг хэдий үеэс эхэлсэн бэ?
-1984 онд барилгын цэргийн 187-р ангид цэргийн алба хаагаад, 2000 төгрөгний цалинтай гэртээ ирсэн юм. Тэр үед аав бид хоёр Өндөрхангайн сум нэгдлийн даргад  хүнд адуутай болохыг хүссэн өргөдөл гаргалаа. Ингээд улсын Аварга адуучин болсон Гангиа гэж хүнээс нэг хээр үрээ, Доржготовоос хязаалан байдсан үрээг өнөө цалингаараа авсан. Ингэж л багын мөрөөдлөө биелүүлж, өөрийн гэсэн адуутай болж байлаа. Өөрийн юм учраас давуу эрхтэй тэр чинь. Өмнө нь ах дүү, өвөө нарынхаа морийг уядаг байсан болохоор тэдний үгнээс гарах эрхгүй шүү дээ. Гэхдээ 2003, 2004 оноос моринд түлхүү орж,  Улаангомдоо уяж эхэлсэн. Гэхдээ одоо манай адуу Увс аймгийн Өндөрхангай, Баруунтуруун сумдаар бий.
-Өнөө нэгдлээс авсан үрээнүүдээ уясан юм уу?
-Хээр үрээ нэг их сайн давхиагүй. Нөгөө байдсан нь 20 хэдэн адуу болтлоо өссөн. Даанч 2000-гаад оны зуднаар ихэнхийг нь алдсан. Дараа нь Увс аймгийн Зүүнхангай сумын аймгийн Алдарт уяач Баяндалай гэж залуугаас 1999 онд аймгийн наадамд соёолондоо тасархай түрүүлсэн хүрэн үрээг 3 сая төгрөг бэлнээр өгөөд авлаа. Увсдаа л анхны бэлэн мөнгөөр авсан ханштай адуу байлаа. Хүрэн үрээг Баруунтуруунд олон саяын хүрэн гэж ярьдаг байлаа. Үнэтэй авсан учраас тэр. Даанч тэр жил чөмөг нь тасарсан байсныг бид мэдэлгүй уяад сайн давхиагүй. Түүний дараа улсын Алдарт уяач Дамдингийн Оодон хээрийн нэрэмжит овооны баярт түрүүлээд дахин давхиагүй. Ийнхүү өөрөө давхиагүй ч булган сүүлтэй байж олон хурд дагуулсан.
-Ямар, ямар хурдан хүлгүүд байна?
-2004 онд түрүүн ярьсан Баатар найз маань Налайхын дэвжээн дээр гуравт орсон хурдан халтар морийг зарах гэж байгаа тухай хэл дуулгасан. Би ч дор нь хоёр сая төгрөг явуулчихаад, 2005 оны хавар нь морио авлаа. Тэгэхэд найз маань морьтойгоо танилц гээд бичиг баримтыг нь өгсөн. Хартал Налайхын наадамд гуравт ирж, Төв аймгийн том наадамд 858 морь уралдсанаас 12 дээр ирсэн баярын бичиг хамт байлаа. Тэр жилээ манай аймагт тасархай түрүүллээ. Гэхдээ морь ирэхэд Ховд аймгийн нэг дүүдээ бэлэглэчихсэн юм.
-Өөр дээрээ нэг ч уралдуулахгүй өгчихөж байгаа юмуу?
-Ах нь их сайн морь авч байгаа. Чамд би бэлэглэнээ гээд ам гарчихсан байсан юм. Тэгээд түрүүлээд  ирсэн удсан ч үгүй утас дуугарч “Болд ахаа баяр сайхан болж байна уу, таны морьд яаж давхив” гэж  залгалаа. Би ч “За миний дүү чамд баяр хүргэе. Чиний морь Увс аймагт түрүүллээ” гэж хэлсэн. Өнөөх маань үнэхээр ч их баярласан. Яахав эр хүн хэлсэн амандаа хүрэх ёстой учраас ёстой л буруу харж уйлж, зөв харж инээж байгаад өгсөн дөө.
-Тэр залууд очоод яаж давхисан гэнэ?
- Ховд аймгийн Мөст сумын харьяат залуу байгаа юм. Түүнд очоод  Ховд аймагтаа их олон баярт түрүүлсэн. Сүүлд Ховд аймгийн Сутай хайрханы тахилгат түрүүлсэн гэж ярьсан.
-Өөр ямар хурдан морь байна даа?
-Сүүлийн үед Хэнтий аймгийн Дархан сумаас ирсэн хүрэн халзан үрээ байна. Бас л манай найзуудаар дамжиж ирсэн. Зүүнхангайн 90 жил, Өндөрхангай сумын 90 жилээр хоёуланд нь хол түрүүлсэн. Дахиад манай Увс аймгийн Тэс суманд бараг түрүүлсэн гэж болно. Урьд шөнө нь алдчихаад яг морь явахын өмнө олж аваад мордуулаад гурав дээр ирсэн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Би 2005 оны аймгийн Алдарт уяач байгаа юм. Аймагт гурав түрүүтэй. 2007, 2009 онд Билгүүн хээр маань түрүүлсэн. Харин 2005 онд халтар морио түрүүлгэж байлаа. Сэтгэлд хоногшсон сайхан наадмууд байгаа юм.
-Түрүүлэх морь андашгүй гээд уяачид ярьдаг даа. Танд бас тийм мэдрэмж төрч байв уу?
-Манай Билгүүн хээр морь их онцлогтой. Уяа нь ороод ирэхээр толгой нь дээшээ л яваад байна. Толгойгоо дохиод л дээшлээд байдаг байхгүй юу, андашгүй. 2009 оны наадмаар дүү нар морь дагаж камераар бичлэг хийсэн байна лээ. Би тэр бичлэгийг хараад үнэхээр их гайхсан. Урд хоёр нь хөл тээр дээр л яваад байгаа харагдсан. Тэгж их хөөрч давхидаг адуу. Ерөөсөө чээж, толгой нь хөөрөөд ирэхээрээ ингэж давхидаг юм. 200, 300 адуун дотроос ганцхан том эрлийз морь байгаа юм шиг харагдана гээч. Тэрнээс биеэр нэг их том биш. Давхихаараа л ямар ч том эрлийз мориноос өндөр харагддаг.
-Яагаад Билгүүн гэж нэрлэсэн бэ?
-Энэ бол бэлгэнд ирсэн адуу. Монголын нууц товчооноос эхлээд ам цагаан хул морь, ам цагаан хээр морь гэж ном сударт их гардаг даа. Адуу бол баруун урд хөлөөрөө гишгэдэг гэдэг. Энэ урд хөл нь цагаан юм. Үүнийг Төв халх талдаа Мөнгөнхошуу гэдэг бол бид Ам цагаан гэж ярьдаг. Энэ утгаараа бэлгэдсэн. Нөгөө талаар бэлгэнд ирсэн болохоор нь ийнхүү нэрлэсэн юм.
-Энэ жил Билгүүн хээр уралдах уу?
-Билгүүн хээр маань хөл муутай болсон. Хөл рүү нь чулуу орсноос хойш давхиа нь саарчихсан. Тэгээд улсын Алдарт уяач Батчулуун гуайд үзүүлсэн чинь зүүн урд талын гайгүй хөл нь анх доголсон юм байна. Тэгээд энэ хөлийнхөө ачааллыг нөгөө хөл дээрээ авч давхиад бэртжээ гэж хэлсэн. Бас л мундаг байна лээ шүү. Тэр хүн хээр морины наад талын хөл гэмтсэнийг мэдэхгүй л байхгүй юу.
-Сүүлийн жилүүдэд амжилт хэр байна вэ?
-Би жоохон анхаарлаа сулруулаад 2011 оноос хойш сайн давхисангүй. Морь сэтгэл зүрхээ зориулж байгааг андахгүй.Жоохон цалгардуулаад ирэхэд л  амжилт гарахаа байчихаж байгаа юм.
-Хаврын бүсийн уралдаануудад хэр нааддаг вэ?
-Би хаврын бүсийн уралдаануудыг сонирхдоггүй. Тарчиг цагаар морь малаа мордуулаад яахав. Зундаа л байхад хангалттай гэж боддог хүн л дээ.
-Энэ жил Увс аймгийн 90 жилийн ой баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морь сойж байгаа вэ?
-Одоогоор нийтдээ есөн морь уяж байна. Хоёр азарга, хоёр даага, нэг соёолон үрээ, их нас хоёр, дээр нь хоёр хавчиг морь байна.
-Бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Аймгийнхаа 90 жилийн ой баруун бүсийн наадамдаа одтой сайхан наадаарай. Уясан хүлгүүд тань хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна