Ш.Энхтүвшин: Би тайж, банди адууныхаа будан зүсийг сэргээхээр нэг азарга адуу ялгачихаад байна

А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 19 -нд

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Тайжийн хурд” холбооны дэд тэргүүн  Ш.Энхтүвшингийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Тайжийн хурд” холбоо хэдэн онд байгуулагдсан бэ?
-Ноднин “Тайжийн хурд” холбооны таван жилийн ой тохиосон. Үүнээс өмнө холбооны тэргүүнээр сумын Засаг дарга Зундуй, Галбадрах нар ажиллаж байсан юм. Ингээд Лхагвасүрэн Алтан-Од, Мажигийн Амараа нарын санаа нийлсэн бидний хэд нөхөд тайж банди адуугаа сурталчилъя, дэлгэрүүлье гэсэн зорилгоор “Тайжийн хурд” нэртэйгээр шинэ зохион байгуулалтаар ажиллах болоод таван жил өнгөрч байна. Тухайн үед орон нутгийн уяачдаа дэмжиж туслах, мэдлэг боловсролтой хүнийг тэргүүнээр сонгох эрэлд гарч, Дэлгэрэхийн Жадамбаад хүсэлт тавьсан уриалгахан зөвшөөрсөн юм. Ингээд баг тус бүрээс хоёр уяачийн төлөөлөл бүхий 10 хүний бүрэлдэхүүнтэй холбоогоо байгуулж байлаа. Холбооны эхний ажил нутагтаа стадион барих байсан юм. Нутгийнхаа ард түмнээ уриалан хандив цуглуулж, сая 800 мянган төгрөгийн өртгөөр цэнгэлдэхээ барьсан. Харин дараагийн ажил бол Хонгорын овоогоо тойруулан богино зайны морин тойруулга барихаар төлөвлөсөн байгаа. 2015 он гэхэд ашиглалтанд орчих болов уу. Мөн энэ хугацаанд “Тайжийн хурд” дээд гурван насны уралдааныг анх явуулж байсан бол одоо уламжлал болжээ.
-“Тайжийн хурд” уралдааны цар хүрээ жил ирэх тусам өргөжиж байгаа болов уу?
-Тийм ээ, “Тайжийн хурд”-ын цар хүрээ жил ирэх тутам л өргөжиж байна. Эхний үед уралдаанаа зохион байгуулахын тулд байны шагналаа сум орныхонтойгоо хамжиж дэмжээд босгодог байлаа. Тэгвэл өнөөдөр “Тайжийн хурд” нь зүүн талдаа чансаа өндөр уралдаан болсон байна. Энд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, бүүр Улаанбаатараас хүртэл ирж уралддаг боллоо. Бай шагнал ч чамлахааргүй. Сумын сайн малчин болсон хүн түрүү морийг  хоёр сая төгрөгөөр байлах жишээний. Энд дээгүүр давхисан морьдыг Улаанбаатараас морь сонирхдог улс ирээд л авчихдаг жишиг тогтсон. Уржнангийн “Тайжийн хурд”-д дээгүүр хурдалсан морьд нутагтаа очсон нь байхгүй. Бүгдийг нь замаас нь худалдаад аваад явчихсан байна лээ. Миний  айргийн гурваар хурдалсан зээрд морь л үлдсэн байх шив дээ.
-Ярианы эхэнд холбоо тайж, банди адуугаа хамгаалах, хадгалах зорилготой хэмээн ярьсан даа. Тэр тухайгаа дэлгэрүүлээч?
-Будан зүстэй адуу нь тайж, банди адуундаа ордог. Нутгийн араар яваад үзэхэд будан адуу их ховордсон байдаг юм билээ. Би уяачдын холбооны дэд тэргүүн байгаа дээрээ тайж, банди адууныхаа будан зүсийг нь сэргээхээр нэг азарга адуу ялгасан. Хойтонгоос дан будан унага гарах болов уу гэж горьдоод л байна. Энэ адуунуудаа Түдэвийн будангийн угшлын Хоролын будан, Наваандоржийн будан, Ухны будангаас цуглуулсан. Одоо надад хориод будан гүүтэй, будан азаргатай адуу бий. Нутгийнхан маань ч энэ тал дээр их дэмждэг юм. Бүүр будан адуугаа авч ирээд өгнө гээч. Би яваандаа будангаа адуугаа олон болохоор буцаагаад өгнө гэж боддог.
-Дэлгэрэхийн уяачид дотор сум, аймаг, улсын цолтой хүмүүс олон байна уу?
-Аймгийн Алдарт арваад, сумын Алдарт 20 гаруй бий. Энд аймгийн Алдартын болзолд тун ойрхон яваа улс нэлээн байх шүү. Харин улсын цолонд ойрхон гэвэл хараахан гараагүй л байна. Манайхан улсад очиж амжихгүй юм. Би л хоёр жил явж уралдаж үзсэн байх шүү. Эхний жил 2012 онд би доод дөрвөн настай очоод их сайн уралдсан. Соёолон найм, даага 19, шүдлэн 13-аар орсон. Харин энэ жил морьд маань ханиад хүрээд айхтар амжилт үзүүлээгүй. Их морь, соёолон, азарга, даага мордуулаад азарга 20-иод, их морь 50-иад, соёолон 30-аад, даага нэлээн хойгуур орсон.
Эндээс юу гэж хэлэх гээд байна гэвэл томоохон наадмуудад очиж уралдацгаая гэж уриалмаар байгаа юм. Бидний гадагшаа гаргасан морьд айраг түрүүнд хурдлаад л байна шүү дээ.
-Танайхан адууны наймаа хэр их хийж байна вэ?
-Манай Дэлгэрэх адуу гадагшаа нэлээн гарч байна. Гэхдээ манай адуу харьцангуй хямд үнэтэй гэж би хэлнэ. Сүхбаатарын сөнгө даага таван сая байхад манайх хоёр, гурван сая байна. Эндээс хамгийн үнэтэй нь ноднин Ууганаа гэж залуугийн суманд түрүүлсэн үрээг 50 саяар Өмнөговиос хүмүүс ирж авсан нь болж байгаа болов уу. Баяндэлгэрт хуурай ахдаа бэлгэнд өгсөн адууг, Дундговийн Бирозана гэж уяач авч нэг түрүүлгэж, нэг айрагдуулсан юм билээ. Тэгээд миний улсад авч явах гэж байсан үрээг авах гэхээр нь зараагүй. Тэгээд Ууганаагийн үрээг аваад явсан байна лээ.
-Та морины хөхөл сүүл шуугаад удаж байна уу?
-Манай ах нар сайхан адуу цуглуулж, сайн адуугаар нааддаг улс. Би чинь 1978 онд цэрэгт явж гурван жилийн дараа нутагтаа ирсэн. Намайг халагдаж ирэхэд манай хоёр дахь ах Сэдэдцэрэн бэлэвсэн хамар цагаан сартай зээрд морь бэлэглэж билээ. Донхимаа нэртэй хавчиг морь байсан. Надад ирэхээс өмнө Ухна гэж хүн уяж байсан. Ингээд бэлэгний морио ахтайгаа нийлж уяад, гуравдугаар сарын 1-нд болсон намын баяраар мордуулаад айрагдуулсан. Эндээс моринд эргэлт буцалтгүй орсон гэж болно. Торгон Дашням Алдарт миний уяаны эрдмийн багш байгаа юм. Өргөний уулын арын Их уулын бригадад болсон наадамд багштайгаа очоод миний морийг гуравлуулж, өөрөө түрүү, нэг аман хүзүүтэй ирж байлаа. Энэ бол бидний ганзага нийлсэн анхны наадам юм. Дараа нь багшийн том хүү Нямзаваас будан хүрэн азарга авч азаргатай болж байсан. Бас л олон удаа гуйж очсон доо. Гурван ч удаа зарахгүй, өгөхгүй гэсэн хариу дуулаад, дараа нь хонин дээр таарч наймаа тохирсон нь тэр. Тэгэхэд үнэхээр авмаар байгаа бол дөрвөн гүү, азарга тавих үрээ өгчих гэснээр өөрийн болгосон юм. Тухайн үедээ үнэтэй л авсан.
-Хаанахын угшилтай адуу вэ?
-Түдэвийн будан азарганы төл хүрэн азаргыг Дашням багш хүүдээ авч өгсөн юм. Одоо энэ хүрэн азарганы төл сайн давхиж байна.
-Энэ хүрэн азарга танд ирээд яаж давхисан юм бэ?
-Би хязаалан үрээ байхад нь авсан юм. Соёолон болтол нь айрагдуулж чадаагүй. Тэгээд Дашням гуай дээрээ аваад очтол “за яахав, миний хүү уяж л бай. Нэг л өдөр давхина. Гэхдээ наадах чинь багадаа явахгүй юм шиг байна” гэж хэллээ. Ингээд хавчиг болоод Айрагийн 70 жилд очоод айргийн гурваар давхисан. Тэр үед чинь морио хөтлөөд л явдаг байлаа шүү дээ. Түүнээс хойш түрүүлээгүй ч Дэлгэрэхэд олон удаа айрагдсан. Дандаа аман хүзүүнд хурдалсан байдаг юм. Том наадмаас гэвэл “Хутагтын хурд”-д айргийн дөрвөөр, “Их хурд-2”-т урилгаар очоод 100-гаар орсон. Цолмон хээр хүүхэдгүй түрүүлдэг тэр жил манай Дорноговийнхныг Батсуурь дарга авч явсан юм.
-Өөр таны нэрийг гаргасан ямар адуунууд байна вэ?
-Жинхэнэ тайж угшлын халзан азарга байна. Багш маань “миний хүү хүнээс битгий морь авч байгаарай. Цаашаа хэрэг болохоор, болж өгвөл сүүтэй даага авч бай” гэж зөвлөгдөгсөн. Энэ тухай нь лавшруулан асуухад “хурдан гэж шинжээд даагыг нь авч байгаа. Тэгэхээр хурдан адуу гаргасан эх нь дараа хэрэг болно. Яваандаа чи 10 даага авчихсан байхад 10 сайн гүүтэй болно. Энэ арваас нь гарсан эр болгон нь давхина” гэж хэлж байлаа. Ингээд би багшийнхаа зөвлөснөөр сүүтэй даага авч байсан юм. Надад ирээд хязааландаа Дэлгэрэхэд түрүүлээд, Замын-Үүдийн 100 жилд дөрөвлөж, Эрдэнэ сумын 80 жилд аман хүзүүдсэн. Эх нь их сайхан гүү байж билээ. Тэр үед л Дашням гуайн хэлснийг жинхэнэ утгаар нь ойлгосон юм даа. Энэ халзан азарганы эхээс цэхэр зээрд морь гарсан нь бас их хурдалсан. Дэлгэрэхэд хоёр ч түрүүлж, Замын-Үүдийн 100 жилд аман хүзүүдсэн. Тэгэхэд Цэрэндэжээгийн хул халзан морьтой урд хойноо орсоор яваад аман хүзүүдэж байлаа. Надад бас нэг бор азарга байлаа. Банзай гэж хүний хурдан хар азарганы төл. Хязааландаа Дэлгэрэхэд Монгол хээрийн эзэн Пүрэвдоржийн хээр азарганы төл хээр үрээтэй “үзсээр” бор нь түрүүлсэн юм. Бас Өргөний Болдчухам гэж хүнээс хонгор морь сүүтэй даага байхад нь авч байлаа. Багадаа явдаггүй байгаад соёолонгоосоо их хурдалсан, Чухам хонгор маань.  Дэлгэрэхэд соёолонгоосоо эхлээд тав түрүүлсэн хурдан буян байна. Дэлгэр хээртэй хавчиг морь уралдаад түрүүлж, Дэлгэр хээр нь аман хүзүүдсэн. Хүмүүс авъя гэж их ирнэ, би үгүй л гэдэг байсан. Нэг удаа Дорноговийн наадамд миний халзан азарга тавд орчихгүй юу. Тэгсэн морины комиссынхон зургаад орсон Шараваа гэж хүний хээр азаргатай байрыг нь сольчихдог байгаа. Үүнээс болоод тэнд чинь хөөрхөөн маргаан болоод авч байгаа юм. Тэр үед хонгор морь жаахан нарийдчихсан болохоор битгий мордуулаарай гээд байсан юм. Гэсэн ч би шаралхсандаа мордуулаад миний хонгор морь аман хүзүүдсэн. Тэр үед нь “Одоо хасахгүй биз дээ, нэлээн дээгүүр орчихлоо” гэж ам асууж байлаа. Харамсалтай нь  гэнэт муудаад малын эмч ирээд ч аварч чадаагүй. Цоллуулж ч чадалгүй алдсан. Маргааш нь алаг, бор үрээ хоёр уралдаад нэг нь аман хүзүүдэж, бор нь дөрвөөр орж байлаа. Энэ бол долоон жилийн өмнө байгаа юм.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна