“Булганхангай” МСУХ-ны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ: Хангайн бүсийн уралдааны бэлтгэл тав хоногт хангагдсан
20 жилийн тэртээ Сар хайрханы даншиг нэртэйгээр анх зохион байгуулагдаж байсан орон нутгийн уяачдын хөдөлмөр бүтээлийг үнэлэх, тэднийг урамшуулах, алдар цолонд хүргэх зорилготой бүсийн уралдаанууд жил ирэх тусам цар хүрээгээ тэлсээр өдгөө хаврын 2-3, зуны таван уралдаан болтлоо өргөжөөд байгаа. Өнөө жилийн хангайн бүсийн уралдаан анхдагчдын өлгий Булган аймагт амжилттай зохион байгуулагдсан. Богино хугацаанд бэлтгэл базаасан гэхэд уяачид, наадамчдаас өндөр үнэлгээ авсан уг уралдааны талаар зохион байгуулагчдын нэг, “Булганхангай” МСУХ-ын тэргүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Энэ жилийн хувьд Булганхангай Морин Спорт Уяачдын холбоо, Булганчуудын хувьд хангайн бүсийн улсын уралдааныг анх удаа нутагтаа зохион байгууллаа. Та бүхэнд баяр хүргэе. Наадмын сонин сайхнаас хуучлаач.
-Баярлалаа. Булганчууд маань үнэхээр айргийнхаа амтанд, адууныхаа хийморт буян заяа нь тэгширсэн хийморилог ард түмэн. Булган нутаг маань ч анхдагч алдартны өлгий болсон сайхан хангай. Анх удаа улсын бүсийн уралдааныг аймагтаа амжилттай зохион байгууллаа. Газар газрын уяачид, хурдан хүлгүүд цуглаж, уяачид маань ур ухаан, уран чадвараа өрсөлдүүлж, унасан хүүхдүүд нь авхаалж самбаагаа уралдуулж, аргамаг хүлгүүд нь шандас, тамираа сорьж, хуран цугласан наадамчин олныхоо сэтгэлийг догдлуулан баясгасан сайхан уралдаан боллоо.
Булганчууд бид анх удаа нутаг дээрээ улсын бүсийн уралдааныг зохион байгуулсанаар Булган нутгийн уяачид маань идэвхитэй сайхан оролцож, олон айраг түрүү авч, амжилт чансаагаа арвижуулж, цол өргөмжлөлөө ахиулж, алдаршуулах сайхан боломжийг олголоо. Үүний зэрэгцээ хурдан морь сонирхогчид, наадамчин олон маань улсын бүсийн уралдааныг дэргэдээсээ үзэж, газар газрын хурдан сайхан буянгуудын алтан туурайн тоосон дор хийморио сэргээсэн бэлгэшээлтэй үйл явдлууд тохиосноороо онцлогтой байлаа.
-Энэ уралдааныг сураг ажиг тавьж хүлээсэн уяачид, хурдан морь сонирхогчид, наадамчид олон байсан нь мэдээж. Гэтэл болох болохгүй нь тодорхойгүй. Больчихлоо гэж эргэлзэж тээнэгэлзсэн байдал үүссэнийг тухайн үед олон газар ярьж байсныг санаж байна.
-Хурдан морь уяж сойх, уралдуулах, олон түмнээ баясан цэнгүүлнэ гэдэг хийх ажилгүй, хэдэн дуртай нөхдийн ажил биш. Энэ бол Монгол төрийн зарлигаар, ивээл дор явагддаг уламжлал, соёл, ёс заншлаа хадгалж, төрийнхөө тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг тунхагладаг эртнээс нааш уламжлагдан ирсэн төрт ёсны илэрхийлэл юм.
Тийм ч учраас улсын бүсийн уралдааныг Засгийн газраас тогтоол гаргаж хэзээ, хаана зохион байгуулахыг шийдвэрлэдэг. Засгийн газар 2015 оны 2 сард тогтоолоо гаргасан. Уг тогтоол гарсны дараа тухайн орон нутгийн засаг дарга захирамж гарган, ажлын хэсэг томилж, аймгийнхаа МСУХ-той хамтран бэлтгэлээ базаах ёстой.
Бүсийн уралдаан зохион байгуулж буй аймгууд энэ жишгээр л ажиллаж ирсэнийг та бүхэн мэдэх байх. Тэгээд ч төрийн ажил гэдэг бүтэн жилээр төлөвлөгдсөн байх ёстой. Гэтэл энэ том уралдаан аймгийн ажлын төлөвлөгөөнд суугаагүй байсан бололтой. Ямар ч захирамж тогтоол гаргаж, бэлтгэл ажил хийхгүй байсаар уралдаан хүргэчихсэн.
Тэгж байгаад яг уралдааны өмнөхөн аймгийн засаг дарга Засгийн газрын тэргүүнтэй видео хурал хийхдээ гантай хэцүү байгаа тул энэ наадмыг болиулж өгөөч гэсэн хүсэлт тавиад түүнтэй холбоотой албан бичиг нь ММСУХ-н дээр ирчихсэн байсан.
-Тэр болтол та мэдээгүй байсан хэрэг үү?
-Харин тиймээ. Наадам дөхчихсөн адуу мал гээд завгүй байсан хэрэг л дээ. Тэр тухай мэдээллийг авчихаад “Бид уралдаанаа хийдгээрээ хийнэ ээ” гэсэн тайлбарыг ММСУХ-нд хүргүүлсэн. Мөн 7 сарын 16-нд аймгийн Засаг даргатай уулзах цаг товлосон. Наадмын дараа аймгийнхаа удирдлагуудтай хуралдаж, хэлэлцсэний эцэст захирамж гаргуулсан. Тэгээд л 7 сарын 20-ны өглөө комисс анх хуралдаж бэлтгэл ажилдаа орсон доо.
-Үндсэндээ цаг нь тулчихсан үед ердөө тав хоногт бэлтгэлээ базаажээ дээ?
-Тэгсэн. Бүртгэл болон шүдэлгээний комиссыг томилсон тухай захирамжийг уралдаан эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 7 сарын 24-нд надад танилцуулж байх жишээтэй.
Гэтэл тэрхүү комиссын даргаар гаднаас, ММСУХ-ноос хүн тавьчихсан байдаг. Дахиад л ярилцаж байж Булганыхаа уяачдаараа бүрдүүлж өөрчилсөн. Энэ мэтчилэн цаг тулсан, хүндрэлтэй зүйлүүд цөөнгүй байсан ч бид уралдаанаа амжилттай сайхан зохион байгуулсан.
Энэ зун нийт нутгаар бороо хур ховор, байгаль дэлхий гандуу, малчин түмний маань сэтгэл гундуухан байсан ч Булганчуудын маань буян заяа түшиж хангай дэлхий маань өгөөж буянаа хайрлаж, хур бороо орж, ган тайлагдаж, газрын өнгө засарч хангайн бүсийн уралдаанаа зохион байгуулахад таатай сайхан боломжийг олгосон юм.
-Ний нуугүй хэлэхэд танай дээр үүссэн нөхцөл байдлыг намын харъяалал, улс төрийн өнцгөөс асуудалд хандсан юм биш байгаа гэсэн ойлголт төрсөн шүү.?
-Хөшигний ард жаахан юм байсан. /инээв/ Хэн бүхэнд илт байсан асуудлыг би нуугаад яахав. Би аймгийнхаа МСУХ-ны тэргүүнээс гадна МАН-ын даргын сонгуульт албатай хүн шүү дээ. Тэр утгаараа асуудалд хандаад байсан тал бий. Би бүүр морины комисс ахлахаа больё ч гэж хэлж үзсэн. Уг нь морин дээр тэр тусмаа олон түмний наадам зохион байгуулж байхад улс төр хэрэггүй байгаа юм. Яагаад ингэж хэлж байна гэхээр уралдааны нээлт хаалтын ажиллагаан дээр надад үг хэлэх боломж олгоогүй. Тайзны дор, тэрүүхэндээ л хамтарч ажилласан хүмүүстээ талархлаа илэрхийлсэн.
Харин танай сэтгүүлээр дамжуулан “ Булганхангай хурд-2015” хангайн бүсийн уралдааныг ивээн тэтгэсэн нутаг орноо гэсэн сэтгэлтэй, хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн зүтгэлтэй олон сайхан хүмүүстээ, холбооныхоо тэргүүлэгчиддээ, залуучуудадаа, уг уралдааныг хамтран зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн Булган Аймгийн засаг даргын тамгын газрын хамт олон, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид, Хөгжимт драмын театр, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хамт олон, хүн эмнэлэг, мал эмнэлэгийн ажилтнуудадаа талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
-Бай шагнал болоод зохион байгуулалт талдаа холбоо оролцсон биз дээ?
-Оролцолгүй яахав. Ачааны хүндийг Булганхангай МСУХ-гоор овоглосон моринд сэтгэлтэй уяачид , залуус маань л үүрсэн. Нийт есөн насны морьд уралдсаны долоон насны морьдын бай шагналыг «Булганнхангай» МСУХ гаргасан. Миний эмзэглээд байгаа зүйл бол тайзан дээрээс энэ сайхан уралдааныг ивээн тэтгэсэн, морин спортыг дэмжсэн тэр залуучууд, тэргүүлэгчдийнхээ нэрийг дурдаж, талархлаа илэрхийлж, олон түмэндээ танилцуулж чадаагүйд л байгаа юм.
Тэр бүү хэл уралдааныг орон даяар шууд дамжуулсан ТВ-5 телевизийнхнийг ч дурдаж чадаагүй. Хүний тусыг авсан бол талархлаа илэрхийлж чаддаг байх хэрэгтэй биз дээ.
-Тэр ч тийм шүү. Би хувьдаа бүсийн уралдаан зохион байгуулах эрх авах амаргүй гэсэн ойлголттой явдаг.
-Тийм шүү. Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдааны эрх авна гэдэг тийм амар зүйл биш. Таны хэлснээр хэн дуртай болгонд нь ч өгөөд байдаггүй, тодорхой шалгуурыг давж байж энэхүү эрхийг авдаг. Манайд бүсийн наадам өгсөн нь “Булганхангай” уяачдын холбоо маань сайн ажиллаж байгааг илтгэж байгаа юм болов уу. Орон нутагтаа хангайн бүсийн уралдааны эрхийг авахад ихээхэн хичээл зүтгэл гаргасан хүн бол манай Гурванбулаг сумын уугуул Д.Хишигжаргал Манлай юм шүү дээ.
Сумдын уяачдаа сонсох аян өрнүүлж, зөвлөгөөн зохион байгуулж байгаа
-Уралдаан зохион байгуулах газрын тухайд бас янз бүрийн яриа гарч байсан.
-Уралдаантай холбоотой том маргаан бол “хаана хийх вэ?” гэдэг асуудал байсан. Өмнө нь 6 сарын 15-нд хуралдахдаа “Булгандаа хийнэ” гэдэг саналаа танилцуулсан л даа. Гэтэл аймгийн ЗДТГ-аас “Эрдэнэтэд хийе” гэсэн санал гаргаад харин бид өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулна гэсэн байр суурин дээрээ бат зогсож түүндээ ч хүрсэн. Манай тэргүүлэгчид, ивээн тэтгэгчид ч өөрийнхөө нутаг дэвсгэр дээр зохион байгуулах нь зүйтэй гэсэн бодолтой байсан.
-Яагаад Эрдэнэтийг сонгоод байсан юм бол?
-Манай аймгийн хувьд уралдааны зам жаахан бэрхшээлтэй л дээ. Хэдийгээр хугацаа бага байсан ч бид замаа тодорхой хэмжээнд засч янзлаад уралдуулсан.
-Н.Даш-Өлзий Манлай танай наадмыг “зохион байгуулалт сайтай, сайхан наадам болсон” хэмээн дүгнэж байна лээ. Үүлдэрлэг байдлаар ялгах тухайд маргаан мэтгээн гарсан уу?
- Морь будилахгүй, морь, хүүхэд мэнд уралдаж, наадамчид сэтгэл дүүрэн буцаж байвал тэр хамгийн сайхан наадам. Аль ч газрын наадмаар шүдэлгээний комисст нөлөөлөх оролдлого гардаг шүү дээ. Харин бид комиссын хараат бус байдлыг хангах тал дээр маш их анхаарсан. Засаг дарга, Тод манлай, Манлай уяач гээд хэн ч юу ч гэсэн “уучлаарай комисс мэдэг” гэсэн тайлбарыг өгч, зарим үед гарааны зурхай руу тууж явахдаа хүртэл ганц нэг морьдыг авч үлдсэн. Үүн дээр наадамчид их сэтгэл хангалуун байна лээ.
-Морь дагах машинууд дээр нэлээд өндөр хяналт тавьсан дуулдсан?
-Зөвшөөрлийг гараа хүртэл олгоогүй. Өөрөөр хэлбэл морь дагах зөвшөөрөл бүхий шар хуулга олгосон ч тодорхой газар хүрээд зогсох ёстой. Гараа руу зөвхөн нас бүрийн даамал, цагдаа, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хүүхдийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн гээд долоон машин л явахаар зохицуулсан байсан юм. Ер нь нэлээд хатуу үзсэн л дээ. Ямар сайндаа “хулхи шар” гэсэн яриа хүртэл гарч байхав.
-Хулхи шараа...
-Зөвшөөрлийг хэлж байгаа юмаа. Бусад уралдаануудын үеэр зөвшөөрөл бүхий машинууд бүх насыг чөлөөтэй дагадаг шүү дээ. Тэр жишгээр л ойлгож байсан юм шиг байна лээ. Тэгээд замын дунд зогсоочихоор “хулхи” гэж байхгүй юу. /инээв/ Манайх комиссдоо улаан, зочдодоо шар өнгийн наалт өгсөн юм .
-2011 онд “Булганхангайн хурд” хаврын бүсийн уралдаан болж байсан. Энэ удаагийнхтай нийлээд хоёр дахь удаагаа бүсийн уралдаан зохион байгуулагдаж байгаа хэрэг үү?
-Тиймээ. 2011 оны хаврын уралдааны тухайд уяачид сэтгэл дундуур явдаг нь анзаарагддаг л дээ. “Булганыхан будилаантай” гэдгээ харуулсан уралдаан болсон гээд л... Та ч гэсэн ингэж ярьдаг хүнтэй нэг бус удаа таарч байсан байх.
-Нуулгүй хэлэхэд тийм шүү?
-Тэр утгаараа бид тэрхүү саар нэрээ сайнаар солихын тулд их хичээсэн. Эрдэнэтэд уралдахгүй гээд зүтгээд байсны бас нэг шалтгаан нь энэ юм.
-Цуваа харахад энэ удаа нутгийн уяачид амжилт арвинтай сайхан нааджээ. Уяачид ч гэсэн нэлээд хичээсэн бололтой?
-Тэгэлгүй яахав. Бүсийн уралдаан болно гэсэн сургаар уяачид маань дор бүрнээ бэлтгэл базааж эхэлсэн байна лээ. Энэ удаагийн уралдаан манай уяачдын хувьд их чухал байсан юм. Тэр талыг нь бид харгалзан үзэж, нэгэнт Засгийн газрын тогтоол нь гарсан уралдааныг заавал зохион байгуулна, тэгэхдээ заавал өөрсдийн нутаг дэвсгэр дээр гэсэн хатуу байр суурьтай байсан хэрэг л дээ. Түүний маань үр дүн гарч, эхний нас уралдахад л манай уяачдын морь түрүүлж, айрагдсан шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа айргийн таван азарганы нэгээс бусад нь Булганы уяачдын азарга байх жишээтэй. Тэр нэг азарга нь шигшмэл морьдын “Их хурд-6” болон төвийн бүсийн хоёр ч уралдаанд айрагдаж байсан энэ цагийн цуутай хүлгүүдийн нэг. Ингээд бодохоор манайхны адуу чанаржиж, уяачдын маань ур чадвар дээшилсэн байгаа биз. Гэхдээ бид энэхүү амжилтандаа ханаж болохгүй улам илүү сайжруулахын төлөө хичээх хэрэгтэй.
-Хангайн бүсийн уралдааны тухайд ийм байж. 2015 онд хийж хэрэгжүүлсэн бусад үйл ажиллагааныхаа талаар дэлгэрүүлээч?
-2015 оныг салбар холбоодоо сонсох жил болгож байгаа. Одоогоор нэлээд хэдэн суманд уяачдынхаа санал бодлыг сонсох зөвлөгөөнийг зохион байгуулаад байна. Үлдсэн сумдадаа оноос өмнө багтаад зөвлөгөөнөө хийчихнэ. Уяачдынхаа санаа бодлыг хуваалцахын сацуу туршлагатай томоохон цолтой уяачдыг урьж, чөлөөт ярилцлага өрнүүлж байгаа. Өнөө жилийн томоохон ажлуудын нэг бол энэ. За тэгээд төлөвлөгөөнд тусгагдсан графикт уралдаануудаа зохион байгууллаа. Үржилд зориулж уяачдадаа Араб, Англи үүлдрийн гурван азарга өглөө. Энэ мэтчилэн жилдээ цөөнгүй үйл ажиллагаа зохион байгуулагддаг юм.
Гол нь бидний хувьд нэгэнт хийгдээд уламжлал болчихсон тогтмол үйл ажиллагаандаа бус шинээр хийгдэх зүйлүүдэдээ илүү ач холбогдол өгч, анхаарал хандуулдаг. Жишээлбэл тэргүүлэгчид маань нэг зорилго, тэмүүлэлтэйгээр хамтран ажиллаж, аймагтаа морин спортыг хөгжүүлэхэд анхаарч байна. Өөрөөр хэлбэл хувь хүний эрх ашгийг хоёрдугаарт тавьж, нутгийн морины хөгжилд оруулах хувь нэмэртээ илүүтэй анхаарал хандуулах явдал. Ядаж л аливаа уралдааны зохион байгуулалтын үед баримталдаг бодлого, дүрэм журам нь тодорхой байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэргүүлэгчдийн хэн нь ч гаргасан дүрэм журмаа мөрдөж, шударга байдлыг эрхэмлэдэг байх. Тийм байвал ямар нэг маргаан мэтгээн байхгүй, уяачид маань сэтгэл хангалуун үлдэнэ.
Улс, бүсийн наадмаас зургаан айраг хүртээд байгаагийн тав нь соёолон насны морьдын амжилт юм
-Санал нэг байна. Яриагаа Бат-Эрдэнэ уяачийн тухайд үргэлжлүүлье. Хонин жилдээ ямархан амжилттай наадав даа?
-Энэ жил улсын наадамд азарга, соёолон мордуулаад, бусдыг нь аймагтаа уралдуулах зорилготойгоор Өвөрхангайн нутагт уясан. Тийшээ газрын гарц арай гайгүй байсан шүү дээ. Өнөө жилийн хувьд хангайн бүсийн уралдаанд халиун соёолон маань гарсан цагаас хөтөлж явсаар таваар давхиж, сайхан наадлаа.
-Соёолон адууг аз хийморийн бэлгэдэл хэмээдэг. Энэ насны морь олон айрагдуулж байсан хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Би улс, бүсийн наадмаас зургаан айраг, түрүү хүртсэн байдаг юм. Түүний нэгээс бусад нь соёолон насны морьдын амжилт. Зөвхөн улс, бүсийн гэлтгүй Булган аймгийнхаа бүсийн уралдаанд хоёр соёолон айрагдуулсан. Монголчууд соёолон насны морины уралдааныг хамгийн ихээр шимтэн үздэг. Тоосонд нь ороход аз хийморь сэргэж, ажил үйлс бүтдэг хэмээн бэлгэшээдэг ард түмэн. Би ч ялгаагүй хувьдаа ихэд бэлгээшээдэг. Зарим найз нөхөд маань намайг «соёолон Баагий л» гэдэг юм. /инээв/
-Нээрэн тэгж нэрлэж болох нь?
-Хамгийн одтой, хийморьтой соёолон насны адуу надад илүү ээлтэй байдаг юм болов уу гэж хувьдаа бэлгээшээж явдаг шүү.
-Ёндоо алаг тань таны өмийг нээсэн байх шүү?
-Тэгж хэлж болноо. 2013 оны хаврын бооцоот уралдаанд айргийн таваар давхиад, “Дүнжингаравын хурд”-д түүнээ баталсан. Хэдхэн хоногийн дараа Эрдэнэтэд болсон хаврын бүсийн уралдаанд дахиад таваар давхисан шүү дээ.
-Өвөрмөц нэртэй адуу шүү?
-Хоёр бүсийн наадамд хоёуланд нь хойноос нэхсээр яваад айрагдсан болохоор бид тэгж нэрлэсэн юм. Дүнжингаравын тухайд бол өмнө нь байсан хоёр соёолон эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаад Хөвсгөлийн Болдбаатарын Магнай халиун азарга дөрвөлж, миний алаг тавд баригдсан. Тэгээд л үнэхээр ёндоотой байлаа шүү гэсээр нэг мэдсэн « Ёндоо алаг» нэртэй болчихсон байсан. Манай уяач Ихбаярын өгсөн нэр л дээ.
-Ингэхэд хаанахын адуу юм бэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Айлтгүй гэдэг хүний адуу. Би намар нь авчраад хавар нь уралдуулж байсан юм. Над ирэхээсээ өмнө шүдлэндээ сумынхаа наадамд айрагдаж байсан гэсэн.
-Өнгөрсөн жил улсад айрагдсан соёолон тань энэ жил уягдаа юу?
-Уягдсаан.
-Хаанахын адуу билээ?
-Манай өөрийн адуу. Ерөөсөө уягдаагүй битүү адуу ноднин улсад айрагдаад хангайн бүсэд гурвалсан.
-Хотгойдод айрагдахдаа өөр хүний нэр дээр уралдсан байхаа?
-Тиймээ. Өнгөрсөн жил ногоон үрээ маань АХ-ын 93 жилийн ой, төрийнхөө баяр наадамд айрагдаад, давхар уяагаар Хөвсгөлд болсон “Хотгойдын хурд-3” хангайн бүсийн уралдаанд гурваар давхисан. Тэгэхдээ найзын маань нэр дээр цоллогдсон.
Сая хангайн бүсэд айрагдсан халиун үрээ Дорноговийн “Хутагтын хурд”-д бас өөр хүний дээр уралдсан. Тэнд өнгөлж явсаар байгаад зургаалчихсан юм.
-Баяр бахдалаа хуваалцаж байгаа хэрэг үү?
-Морины буяныг бусадтайгаа хуваалцах ёстой гэж боддог учраас зарим нэг уралдааны үеэр морьдоо найзуудынхаа нэр дээр мордуулчихдаг юм. Ер нь би бусдад боломжийнхоо хэрээр тусалж байх ёстой гэж үздэг. Жишээлбэл зарим хүмүүс “гуйлгачинд битгий мөнгө өг” гэдэг. Би эсрэгээр нь харин ч өгвөл буян болно гэж боддог. Миний адуу Мөнххааны Чулуун Алдартын хүү Гантөмөр дүүгийнд байдаг. Тэнд очоод бараг 10-аад жил болж байна. Дүү маань шаардлагатай бол хүн амьтанд үрээ даага өгч л байдаг. Би нэг их айхтар бүртгээд сүйд болдоггүй. Дүү маань ч надад бас хоёр сайхан хар азарга өгсөн.
-Сүүлийн гурван жил улс, бүсийн наадамд соёолон айрагдуулж байгаа юм байна шүү дээ?
-Нээрэн тийм байна шүү. Соёолонгийн тав дахь айргийг халиун үрээ маань хангайн бүсийн уралдаанд таваар давхиж авчирсан.
Морь айрагдчихаад нутгаа дуудуулаад цоллуулж зогсоход өөрийн эрхгүй нүдэнд харагддаг
-Хутаг-Өндөр сумаар овоглодгийг тань мэднэ. Энэ нутгийн хүн үү?
-Миний аав Хутаг-Өндөрийнх, харин ээж маань Бугатынх. Би өөрөө бол Улаанбаатар хотод төрсөн.
УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл Зам тээвэр, аялал жуулчлалын яаманд төрийн нарийн бичгийн дарга, би агентлагийн даргаар ажилладаг байсан юм. Тэгсэн нэг өдөр намайг дуудаад “чи 100 хувь Булганы хүн байж хаагуур яваад байдаг юм. Өнөө орой нутгийн зөвлөлийн уулзалттай ирээрэй” гэж байна. Хэлснээр нь явж очоод нутгийнхантайгаа сайхан танилцлаа. Орой нь аав ээждээ “Булганыхаа нутгийн зөвлөлийн уулзалтанд очоод” гэсэн маш их баярласан. Тэднийгээ тэгж их баярлахыг харсан дотроос нэг юм огшоод, тэрнээс хойш аль болох нутгийнхантайгаа ойр байхыг хичээх болсон доо.
-Багадаа очиж байгаагүй юмуу?
-Хутаг-Өндөрт үү?
-Тийм
-Очилгүй яахав. Манай аавын дүү нар тэнд байдаг байсан. Үнэхээр сайхан байгальтай, сайхан нутаг шүү дээ. Морь айрагдчихаад цоллуулж зогсоход өөрийн эрхгүй нүдэнд харагддаг юм.
-Сүүлийн үед нутаг руугаа гүйдэлтэй болоод байх шиг
-Харин тиймээ. Ноднин соёолон айрагдахад нутгийнхантайгаа баяраа хуваалцан наадам хийсэн. Их олон морьд ирж уралдсан шүү.
-Нээрэн аймгийнхаа МАН-ын даргын албыг хашиж байгаа гэл үү. Тэгэхээр ажлын шаардлага ч байдаг юм байна?
-Би ерөнхийдөө Булганд амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор энэ намартаа багтаагаад хэдэн адуугаа нутаг руугаа татдаг юм уу санаа байна. Ажлаа тарчихаад хэдэн адуун дээрээ очиж сэтгэлээ сэргээж байвал сайхан шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Ингэхэд хотын унаган хүү хэдий үеэс морь мал сонирхох болсон юм бэ?
-Манай аав маань цистерийн жолооч. Тээврийн маршрут тэгж таардаг байсан уу, Өвөрхангай, Говь-Алтай руу их явдаг байсан юм. Тэгж явахдаа танилцсан Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар бригадаар нутагладаг Чойжамц гэдэг айлд зун болоод хичээл тарангуут намайг аваачаад өгчихнө. Дөнгөж хичээл тарахад яваад намар 8- сарын 28,29-нд гэртээ ирнэ шүү дээ. Хоёроосоо эхлээд 6 дугаар анги төгстлөө жил болгон очдог байсан. Тэднийх надаас нэлээд эгч нэг охинтой. Эгч сүү саалиа, би адуу малаа хариуцна. Өглөө нэг аяга айраг уучихаад адуунд мордоно. Ирээд унагаа уяна. Тэгээд өдөр нь хонь мал хариулна. Эхлээд хонины морь унадаг байсан бол, яваандаа аль хөл хөнгөнтэйг нь шилж унана.
-Хүүгээ малын зүс мэдэхгүй хотын хүн болгохгүй гэсэн аавын хэтийн бодол байсан юмаа даа?
-Тийм л байх. Тэр үеэс би адуу маланд их дуртай болсон. Хичээлээ тарж ирээд бүтэн өдөржин морины толгой л зурна. Бас өөрөө их хурдан гүйдэг байсан болохоор ахтайгаа би тийм морь, та тийм морь гэж хэлээд уралдана.
Хар азарга маань Ажнай шаргатай уралддаг байсан адуу
-Сургууль, соёлын мөр хөөж, ажил амьдрал зохиогоод нэг хэсэг адуу мал гэх завгүй явсан байхаа даа?
-Тэгсэн. Хойно байж байгаад 1998, 1999 оны үед ирсэн манай нэг найз надад азарга бэлэглээд. Үргэлж л морь яриад явдаг болохоор тэгсэн байх л даа. Хойно сурч байсан гэснээс Тод манлай уяач Мөнхтөр бид хоёр чинь Эрхүүд хамт сурч, бүр нэг өрөөнд амьдарч байсан найзууд шүү дээ. Мөнхтөр байнга морь ярина. Би бас хөдөө байсан тухайгаа ярина. Гэхдээ Мөнхтөр намайг бодвол хурдны морь унаж байсан хүүхэд л дээ. Сургууль төгсч ирчихээд авга ах Түвдэнгийнхээ /Манлай уяач/ гадаа гэр бариад гарна. Морьгүй байж л гэр барина шүү дээ. Түвдэн гуайн наадам болохоор Мөнхтөрийг дагаад очно. Ингэж явсаар нэг өдөр азарга бэлгэнд аваад. 2000-гаад оны эхэн үед чинь морь олон уралддаг. Азарга гэхэд 500-гаад морддог байлаа. Нөгөө бэлгэнд ирсэн азаргаа улсын наадамд мордуулаадахсан чинь 105-аар ирдэг юм. Бас л сайхан санагддаг юм билээ.
-Хаанахын азарга байсан юм бэ?
-Бор-Өндөрийн адуу л даа. Халтар азарга байсан юм. Энхбат гээд Бор-Өндөрийн залуу миний морийг нэг хэсэг уяж байсан. Азаргаа 105-д ирлээ гээд бид тухайн үедээ их л хөөрч байлаа. Тэрний дараа жилээс Даваахүү Тод манлайн ойролцоо буугаад хоёр жил Батчулуун Манлайгаар морьдоо уяулсан. Тэгж байтал төрийн ажилд томилогдоод дахиад нэг хэсэг мориноос жаахан хөндийрсөн л дөө. Одоо бол адуугүйгээр амьдралаа төсөөлөхгүй болж дээ. /инээв/
-Адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг заавал баярлуулдаг буянтай амьтан. Танд тэгж мэдрэгддэг үү?
-Мэдрэгдэлгүй яахав. Над нэг ийм явдал тохиолдсон юм. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул олноо “Өндөр” хэмээн хүндлэгдсэн Чулуун ах маань надад хамар цагаан хар азарга өгсөн юм. Хар азарга тэр жилээ их хурдан байлаа. Эрдэнэчулуун Тод манлайтай уулзсан чинь “тэр хар азарга чинийх юм уу. Аваад ир би уяж өгье” гэж байна. Хавар нь авчраад өгчихлөө. Тэгээд Чулуун ахыг нэг ирэхээр нь харуултал “аргагүй сайхан байна даа. Эр хүний хийморь л мэдэж дээ” гэж байна. Ажил ихтэй болохоор нөгөөхийг нь мартчихаж. Нэг өдөр манай найз утасдаад “Баагий чи хаана байнаа. Налайхын сунгаанд хар азарга чинь Эрдэнэчулууны шаргын ард явна. Арын азаргануудаасаа хол тасархай байна” гэдэг юм. Мундаг хурдан байгаа юм байна даа гэж бодчихоод яг наадмын өглөө давхиад очлоо. Хар азарга уяан дээрээ байдаггүй. “Яасан юм” гэсэн “энэ жил тамир нь хүрэхээргүй байна” гэнэ. Уяач мэдэж байхад би юу гэхэв. Түүнээс хойш хар азарга дахин тэгж хурдлаагүй. Хожмоо тэр бурууг нь өөртөө өгч, «хэрвээ би очоод яаж байна, ийж байна» гээд байсан бол миний азарга урам ороод илүү хурдлах байсан байх гэж бодсон. Монголын энэ цагийн цуут хүлэг шарга азаргатай уралдаж байсан гэхээр аргагүй хурдан хүлэг байгаа биз.
-Тэгэлгүй яахав. Одоо бол дээр ярьсан шигээ алдаа гаргадаггүй биз дээ?
-/инээв/ Хичээж л байна. Гэхдээ Ихбаяр намайг хамгийн цөөн ирдэг нь гэдэг юм. Сая ярьдаг хамар цагаан хар азарганы дүү хар азарга бас их хурдан байсан. Улс халзанг хоёр удаа дийлж түрүүлсэн адуу шүү дээ. АХ-ын 91 жилийн ойгоор Улс халзанг түрүүлэхэд Цагаандалай сэтгүүлч “хавар Чулууны хар азарга түрүүлж, энэ халзан азарга аман хүзүүдэж байсан” хэмээн тайлбарлаж байсан.
-Чулуун гуайн адууг хурдан гэлцдэг юм билээ?
-Хурдан, хурдан. Хар азаргаа би тэр жил айрагдчихлаа л гэж бодсон. Дагаж явсан машин салдаг хэсэг дээр ирэхэд дөрөв дээр явж байсан юм. Тэгсэн харин есөөр орсон байна лээ. Гэхдээ наадмын дараа Дундговьд болсон говийн бүсийн уралдаанд дөрвөөр давхисан шүү дээ. Уг нь түрүүлчих шиг л болсон чинь дөрөвт орчихсон байсан. Тэр жил ер нь онцгой хурдан байсан шүү.
-2013 онд яаж давхисан юм бэ?
-2012 онд хөл нь доголоод түүнээс хойш дахин уралдуулаагүй ээ. Удахгүй төлүүд нь давхих байлгүй дээ.
-Эргэлзэхгүй байна. Ингэхэд гэр бүлийнхэн тань таныг хэр дэмждэг вэ?
-Эхнэрүүд эхэндээ тийм дуртай таатай байдаггүй байхаа. /инээв/ Мэдээж гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах ёстой цаг, зав, мөнгө төгрөгөө өөрсдийнх нь сонирхдоггүй, мэдэхгүй зүйлд зарцуулаад байвал хэн дуртай байхав дээ. Яваандаа морь гайгүй давхиад ирэхээр бодол нь өөрчлөгддөг байх. Хэзээ билээ дээ, нэг хүн надад «айлын эхнэр моринд дуртай болохоор адуу нь айрагддаг» гэж байсан юм./инээв/ Тэр оргүй үг биш байх. Одоо бол манай эхнэр уралдаан үзээд огшдог болсон гэсэн.
-Хүүхдүүд морь унах уу?
-Хүүхдүүд төдийлөн шимтэхгүй л байна. Тэгэхээр нь аавынхаа аргыг хэрэглээд энэ жил хүүгээ хөдөө аваачаад орхичихсон чинь арай өөр болсон байна лээ.
-Адуу малтай ойр байсан хүүхэд арай л өөр байх шиг санагддаг шүү?
-Тэгэлгүй яахав. Жинхэнэ эршүүд монгол хүүхэд тэнд л төлөвшиж байна шүү дээ. Хурдан морь унаач хүүхдүүдийг харахаар илүү зоримог, овсгоотой, бие даасан, зорилготой харагддаг.
-Санал нэг байна. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Ажил үйлс тань өөдлөн дэвжих болтугай.
-Баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь шингэсэн сайхан гэгээн мэдээ мэдээлэл түгээж байдаг танай хамт олонд бас баярлалаа.
-Баярлалаа.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна