МУ-ын Алдарт уяач Ж.Жигжид: Ямар ч сайн морь шинжээч миний хүрэн морийг хараад өө олж харахгүй

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 06 -нд

Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Ж.Жигжидтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт чинь Засагт ханы хүн бил үү? Бага насныхаа дурсамжаас хуваалцаач?
-Тиймээ, би Говь-Алтай аймгийн Дарви суманд 1932 онд төрсөн. Тахиа жилтэй. Эх орны дайны жил буюу 1945 онд бичиг үсэг тайлагдан дөрөвдүгээр анги төгсч байлаа. Тэр үеийнхэн чинь тийм л боловсрол эзэмшдэг байсан шүү дээ. Нягтлан бодогч, жолооч мэргэжилтэй. Социализмын үед хөдөлмөр бүтээлийг тав таван жилээр дүгнэдэг байсан. Тэгэхэд би 4,5,6,7,8-р таван жилийн гавшгайч болж, Осолгүй манлай жолоочоор өргөмжлөгдөж явлаа. Хурдан морьтой холбогдсон тухайд анх таван настай өөрийнхөө  хул халзан морийг унаж сураад, 1940 онд бор даагаа унаж түрүүлгэж байлаа. Бидний үеийнхэн чинь багаасаа адуу малтай ойр өсдөг байлаа шүү дээ. Тэр жишгээр 17-18 хүртлээ эмнэг сургасан.
-Эмнэг сургах ч эр хүний хийх л ажил шүү?
-Тэгэлгүй яахав. Даага сургахдаа хөхлийг нь шомбойтол, сүүлийг нь годойтол боочихоод “гүүг, гүүг” гээд харайлгаж явсан удаа олон. Нэг удаа Баажаа Тайж гэж хүн манайд ирээд намайг өхөөрдөж “ямар наадамд даагаа уралдуулах гээд бэлтгэж байгаа юм. Миний хүүгийн бор даага түрүүлнээ. Баажаа нь том шан өгнө” гэж билээ. Тэр нь одоо хэр нь санаанаас гардаггүй юм. Дээхнэ үеийн хөгшчүүл тийм сайхан урмаар тэтгэдэг байж.
-Тэгээд хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Моринд томдоод л уясан даа. Сүүлдээ машинаа ээлжийн жолоочид өгчихөөд морь уядаг болсон. Залуу байхад морь сайн давхихаар нойр, хоолоо умартаад, аль зэлүүд, гоё сайхан газар морио манаж хононо шүү дээ. Тэр үед одоотой адил майхан, сав гэр бараа гэж байсангүй. Уяачид эмээлээ дэрлээд л хээр хонодог байсан. 1995 онд болсон Сар хайрханы даншигт ч явж байлаа. Манай Алтайгаас 400 шахам км зайтай шүү дээ. Морьдоо хөтлөөд 20-иод хоног явж байж очоод их насны морио 35-аар, соёолонгоо 12-оор  давхиулсан. Мөн тэрний дараа жил манай аймгийн Дэлгэр суманд болсон даншигт оролцож их нас наймаар, соёолон 12-оор, даага арваар давхиулж байлаа. Ер нь би залуу байхдаа их явж уралддаг байсан. Алтайнхаа арав гаруй суманд очсон байна лээ. Тэгж хол ойрын наадамд явснаар бүс, аймгийн чанартай наадмаас 22 түрүү, 50 шахам айраг хүртсэн байдаг юм.
-Алдартын нэрийг хамгийн олонтаа дуурсгасан аргамаг хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Зандан хүрэн морь маань байна. 1962 онд даагандаа, 1963 онд шүдлэндээ Шарга суманд, 1964,1965 онуудад Говь-Алтай аймагтаа түрүүлж, 1968 онд аймагтаа аман хүзүүдэж байсан. 1969 онд есөн настай морь  Халиун сумын 10 жилийн ойд түрүүлээд, 1970 онд аймгийнхаа наадамд гурваар давхиж, 1971 онд 11 настай аймагтаа  түрүүлж байлаа. Харамсалтай нь дараа жил нь хүн унаж байгаад эндүүлчихсэн юм. Миний хүрэн морь ид хурдан үедээ их морины хурдыг цаг минутаар хэмжиж тогтооход 25 км замыг 35 минут 39 секундэд туулан улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Одоо надад диплом нь хадгалагдаж байна. Тийм болохоор нь би хүрэн морио улсын наадамд уралдуулсан гэж бодож явдаг.
 Миний Зандан хүрэн чинь арслангийн хэвтэй адуу шүү дээ. Зургийг нь харсан хүмүүс л тэгдэг  юм. Ямар ч морь шинжээч, хэн  гуай ч нь миний хүрэн морийг хараад өө олж харахгүй дээ. 80 настай өвгөн би үүнд итгэлтэй байна. Энд, тэнд түрүүлж айрагдаж байгаа морьдыг харахад М.Данзаннямын хүрэн азарганаас өөр дүйцэх адуу харагдахгүй л байгаа юм. Миний хүрэн морь уяа голдоггүй. Соёондоо амгайгаа зуугаад, урд хоёр хөлийнхөө хооронд толгойгоо хийгээд давхидаг байсан. Нэг тэгээд тонгойгоод давхисан байхад урд нь морь орох хэцүү дээ.
-Гайхалтай хүлэг байсан бололтой. Өөр таны магнайг тэнийлгэсэн ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Хар морь маань байна. Миний хар морь Завхан аймгийн Шилүүстэй сумын адуу. Баавгайн хар гэж тэр хавьдаа алдаршсан хурдан хүлэг л дээ. Дааганаасаа нийлэх хүртлээ завсаргүй түрүүлсэн юм билээ. Би 12 настайд нь авч байсан юм.
-Тань дээр ирснээсээ хойш яаж давхисан бэ?
 -1982 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд түрүүлээд 1984 онд гурваар, 1985 онд дөрвөөр, 1986, 1987  онуудад гурваар давхисан. Түүний дараа жил хараахан айрагдаж чадаагүй ээ, зургаалсан юм. Тэгээд 1989 онд аман хүзүүдээд, 1990 онд таваар давхисан. Энэ бол аймгийн наадамд үзүүлсэн амжилт. Үүнээс гадна 1984 онд Шарга суманд түрүүлж, 1987 онд Дэлгэрэх сумын ойд аман хүзүүдсэн. Тэгээд 21 настайдаа 11-д давхиад зодог тайлж байлаа.
-Аргагүй хурдан буян юмаа?
-Тухайн үед нь хар морио аваад улсад очсон бол айрагт багтчих байсан гэж боддог юм. Даанч нутаг холдоод явж чадаагүй юм. Миний хар морь уяа голдоггүй. Их хөнгөн уяатай. Ясны хурдтай, зээрэн хэв шинжит адуу. Хурдан моринд тийм олон байдаггүй шинжийг агуулсан. Зүйрлэвэл Буяндэлгэрийн Жинст хонгор, Г.Сандуйжавын Дүү зээрд, Сүхбаатар аймгийн Дүйдэнгийн хар азаргатай төстэй. Хурдан морийг олж танина гэдэг амаргүй. Өвгөн би өөрийн адууны талаар ер нь хурдан буянгуудын тухайд 60 гаруй жил өөрийнхөө хэмжээнд судалж байгаа хүн. Хүн болсоор адуу гэдэг амьтнаас алсарч үзсэнгүй. Үүгээрээ жигүүрлэж 2013 онд болсон дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 10,000 морьтны жагсаалд морио унан уриа уухайг хашгиран оролцлоо. 80 гаруй насандаа залуучуудын нэгэн адил тийнхүү оролцсондоо бахархаж явдаг юм. Түүнчлэн хурдан морины уралдаанд нь өөрийн болон хүүхдүүдийнхээ гурван хурдан буянг уяж тоосыг нь өтгөрүүлэн, тоог нь нэмлээ. Морины төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэснийг минь үнэлж 1995 онд МУ-ын Алдарт уяач цолыг хүртээн, 50 нойморын үнэмлэх хадгалуулсан. Өвгөн ах нь өдий хүрэхдээ өөрийн морио хүнээр уяулж байгаагүй. Намайг тоогоод “морь уяад өгөөч” гэх хүн ч байсангүй. Харин нас ахиад ирэхээр хүүхдүүд асуух зөвлөх нь их болж. Би ч цааргалалгүй мэдэхээ хэлдэг.
-Зандан хүрэн, хурдан хар хоёроос гадна нэр усыг тань гарган хурдалсан хүлгүүд олон биз?
-Байлгүй яахав. Хэдэн жилийн өмнө Дэлгэр сумын 80 жилийн ойд түрүүлсэн хүрэн морь маань байна. Мөн Тайшир сумын 70 жилийн ойд түрүүлсэн том алаг морь маань бас л сайхан хурдан хүлэг. За тэгээд Тонхил сумын 70 жилийн ойд түрүүлсэн бага алаг, аймагт тус бүр нэг удаа айрагдаж байсан буурал, халиун гээд олон сайхан буянгууд байсаан. Дээрх морьд сумд болон бэсрэг наадмуудад олон айрагдаж түрүүлэн түмэн олноо баясгасан даа. Өөр бага насны морьд ч аймаг, сумдын наадамд айрагдаж, түрүүлж байсан. Аль болгоныг хэлэхэв дээ. /инээв/ Өвгөн ах нь нас өндөр болсон гэхгүй мориноос холдож чадахгүй л явна. Ер нь тэгээд Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөх аргагүй юм. Хүлэг морио харалгүй нэг өдрийг өнгөрөөх ч хэцүү санагддаг юм шүү. Одоо ч юм бүхэн сайхан болж. Жүчээн дээрээ очиж морио харчихаад хүүхдэд өөрийн бодлоо хэлдэг юм.
-Эрдэнэтэд ирээд удаж байна уу?
-Энэ сайхан нутагт ирээд 10-аад жил болж байна. Зургаан жилийн өмнө Сүхбаатар аймаг орж хоёр даага авчирсан. Тэр хоёр маань энд ирээд нэг нь хоёр медаль авсан. Дорнод аймаг орж хэдэн бага адуу авчирсан. Зарим нь одоо гайгүй сайн давхиж байна. Хэнтий рүү 2-3 удаа ч явсан.
 -Олон жилийн тээврийн тэрэг барьсан Осолгүй манлай жолооч гэл үү?
-Тиймээ. Би чинь аль сайхан залуу насандаа чиргүүлтэй ЗИЛ-130 машин барьж монгол орныхоо ихэнх нутгаар явсан хүн. Улсын төлөвлөгөөг биелүүлэхийн тулд зүтгэж л явлаа шүү дээ. Түүний хүчээр 5, 6, 7, 8-р таван жилийн гавшгайч,  “Осолгүй манлай” болж байсан. Мөн ойн хэдэн медалиуд, Алтангадас одонгоор шагнуулж байсан. 84 насыг насалтлаа хурдан морины төлөө зүтгэлээ. Хувь заяаны төөрөг байдаг юм байлгүй дээ. Миний энэхүү хурдан хүлэг морио гэсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийг төр засаг хэзээ нэгэн цагт үнэлэн цэгнэнэ гэдэгт итгэлтэй явдаг хүн дээ.
-Би ч хувьдаа эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай. Эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
-Гялайлаа. Ингээд морьтон Монголын нэр алдрыг дэлхийн тавцанд түгээж чадсан нутгийн хүү “Макс” группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатартаа танай сэтгүүлээр дамжуулан баяр хүргэж, улам өрнүүн амжилтыг хүсэн ерөөе. Морьтон монголын олон түмнийг минь морины босоо цагаан хийморь ивээх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна