МУ-ын Алдарт уяач Д.Энхсүх: Маа угшлын адуу Хэнтий аймгийн хойд талын долоон сум, цаашлаад Монгол улсын 16 аймагт тархан хурдалж байна

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 16 -нд

Хан Хэнтий аймгаас төрсөн улсын Алдарт уяачийн нэг нь Мөрөн сумын уугуул Долгорын Энхсүх юм. Шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд хонгор халзан азаргаа аман хүзүүнд хурдлуулж, аймгийнхаа баяр наадамд гурван жил дараалан азарга түрүүлгэж айрагдуулсан түүний ярилцлага морь сонирхогч эрхэм уншигч та бүхний таалалд нийцэх биз ээ.
-Хан Хэнтий аймгаас төрсөн төрийн хишигт хуруу дарам цөөн уяачийн нэгтэй уулзах завшаан тохиосонд баяртай байна. Удам судар, бага насны дурсамжаар тань яриагаа эхэлье?
-Миний ээж Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Долгор гэж хүн байсан. Харин аав маань Өмнөдэлгэр сумын харьяат Пүрэвдорж гэж хүн байлаа. Одоо хоёулаа бурхны оронд морилсон доо.
-Өвөөг тань нутаг орондоо нэртэй сайн уяач байсан гэх юм билээ?
-Миний ээжийн эцэг Пэрлээмаа гэж сайн уяач байсан юм. Тэр хүн намайг уяач болоход гол нөлөө үзүүлсэн. Харин өвөөг уяач болоход эцэг Цэгмид нь ихээхэн нөлөөлсөн гэдэг юм. Цэгмид гэдэг хүн морь таних, уях, давхиулах талаараа нутаг орондоо алдартай сайн уяач байж л дээ.Өвөг эцэг маань аавыгаа дагаж уяаны эрдэм ухаанд суралцсаар 14 настайгаасаа эхлэн хурдан морь уясан гэдэг юм.
-Хэдэн онд гэсэн үг вэ?
-1914 онд төрсөн хүн шүү дээ, тэгэхээр 1928 оны үеэс юм уу даа. 1939 онд цэргийн албанд татагдаж, чөлөөлөх дайн дуустал таван жил агт маллаж байсан юм билээ. Тэр үедээ Говь-Хянганы нурууг туулж, Чита орон эх орны төдийгүй дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг үзэж, тэрмэн дээлэн дээрээ вагон хадчихсан цэрэг эмээлтэй, дөрвөн морьтой халагдаж ирсэн гэдэг юм. Нутаг орондоо ирсний дараа адууны үржил селекци болон уяачийн ёс жудгийн тухайд бусдадаа сайнаар үлгэрлэсэн нэг ёсны морины зүтгэлтэн л дээ. Морь уяхын зэрэгцээ хатгаж, ханах зэргээр анагаана. Мөн хурдан морь таньж тодруулахаас гадна уяачийг таньж тодруулахдаа гаргуун хүн байлаа. Тийнхүү таньж уяачийн эрдэм ухаанаасаа харамгүй хуваалцаж байсан хүмүүсээс Босоожамсран, Норов нарын сайн уяачдыг нэрлэж болж байна. Манай нутгийн ахмад уяачид өвөөг Маа гуай хэмээн авгайлдаг. Маа гуайгаас үг дуулаагүй, адуу аваагүй хүн энэ нутагт бараг байхгүй дээ. Энэ сумаар хязгаарлагдахгүй Хэнтий аймгийн хойд талын долоон сум, цаашлаад Монгол улсын 16 аймагт Маа адуу тархаж, хурдалсан түүхтэй.
-Маа адууны үзүүлсэн гол томоохон амжилтуудаас нь дурьдвал?
-Улс, бүсийн чанартай наадмуудад амжилт үзүүлсэн ганц нэг адууны талаар дурдъя л даа. Тод манлай уяач Ганбаатарын Арвай хээр Маа угшилтай адуу. 2000 оны улсын наадамд соёолондоо таваар давхисан шүү дээ. Эрдэнэчулууны том шаргатай эн тэнцүү уралдаж байгаад үзүүр дээрээ жаахан сууж  тавд орсон доо. Дараа жил нь “Их хурд-2” уралдаанд арав гаргаж /13/ давхисан байна лээ. Мөн Манлай уяач Галын Баттөмөрийн улсад түрүүлээд тооцогдоогүй хээр морь Маа угшилтай адуу. Босоо хээрийг маань найм түрүүлж, хоёр аман хүзүүдээд байхад нь надаас авч байсан юм.
-Баттөмөр Манлай “хээр, хүрэн хоёр сайн их морьтой байсан” хэмээн ихэд тоодог юм билээ?
-Хүрэн морь нь Говьсүмбэрийн Баярсайхан гэдэг хүний адуу л даа. Хурдан сайхан буян. Гэхдээ хээртээ  хавьтдаггүй байсан юм. Тод манлай уяач Ононд очсон хээр халзан үрээ АХ-ын 80 жилийн ойд 32-т орж, өвлийн бүс, бусад нэрэмжит уралдаануудаас таван түрүү авсан.Харамсалтай нь зун нь хулгайд алдчихсан гэнэ лээ. Хөдөлмөрийн баатар Даваахүү гуай миний хонгор халзан азарганы үр хонгор байдсыг аваад явсан. Мөн хээр азарганы маань үр хээр морийг авч яваад Төв аймгийн наадамд аман хүзүүдүүлээд хулгайд алдчихсан байна лээ.  За мөн Ашигт малтмалын газрын дарга байсан Батхуяг надаас таван эмнэг үрээ аваад Хөвсгөл аймгийнхаа наадмын таван түрүү авсан байна лээ. Сумдын наадмаас бол олон айраг, түрүү авсан гэнэ лээ. Бид хоёр мориор дамжиж нөхөрлөсөн сайхан найзууд л даа.
-Нээрэн “Хотгойдын хурд”-д айрагддаг хүрэн халзан азарга танай адуу гэгддэг байх шүү?
-Тэгэлгүй яахав миний хонгор халзан азарганы үр байгаа юм. 2006 онд Архангайд болсон “Тамирын хурд” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, дараа жил нь “Хотгойдын хурд” хангайн бүсийн наадамд гурваар давхисан шүү дээ. Энэ мэтчилэн Маа угшилтай адуунууд нутаг орондоо  төдийгүй улс, бүсийн наадамд сайн давхиж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны, Шинжлэх ухаан технологийн газрын дарга Сүхбаатарт би гучаад адуу өгсөн. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал, цаашлаад Архангай аймагт амжилттай уралдаж байгаа Бүлтэн халзан, Оонон бор зэрэг азарганууд Маа угшилтай адуунууд. Ийнхүү өвөөгийн минь бий болгосон адуугаар халхын олон сайхан эрс цог хийморио өргөж, аймаг, улсын цолонд хүрч буйд би хувьдаа их баяртай байдаг.
-Орон нутагт хурдалж байгаа адуунаас дурьдаач?
-Чандганы сангийн аж ахуйн Цэвээний халтар гэж хурдан азарга байлаа. Өвөг эцэг маань амьд сэрүүн байхдаа соёолон үрээ өгч байсан юм. Залуудаа сайн давхихгүй байснаа 13 хүрээд хурдалж, Хэнтий аймгийн баяр наадамд гуравт ороод, Мөрөн сумын наадамд түрүүлж, Өвгөн ноёны наадамд арав гаргаж давхисан байдаг. Тэр халтар азарганы төлүүд гээд олон хурдан адуу гарч байна. Жишээлбэл, АХ-ын 80 жилийн ойгоор түрүүлсэн “Монгол базалт” ХХК-ийн захирал Ариунболдын хүрэн шүдлэн халтар азарганы төл. Өнгөрсөн жилийн аймгийн баяр наадамд халтар азарганы төлийн төл шүдлэн үрээ түрүүлж, давхар уяагаар Өвгөн ноёны наадамд түрүүлээд, сумынхаа “Түмэн агт”-ны баярт аман хүзүүдсэн. Энэ мэтчилэн Маа адууны үр сад хаа сайгүй хурдалж байна.
-Өвөө тань аргагүй сайн адуу бэлтгэж өгчээ.Алдарт хэдий үеэс уяачийн эрдэмд шамдсан бэ?
-Би 1987 онд аравдугаар ангиа төгсөөд хуучны ЗХУ-ын Екатеринбургийн Уул уурхайн дээд сургуульд суралцахаар явж, зургаан жилийн дараа нэг жилийн чөлөөгөөр гэртээ ирсэн юм. Тэгсэн яг тэр жил буюу бүр тодруулбал 1993 оны 7 сарын 22-нд өвөг эцэг маань өөд болсон. Нэгд би өвөг эцгээ хайрлаж хүндлэн, үйл хэргийг нь үнэлж цэгнэдэг байсны хувьд. Хоёрт хүүхэд байхаасаа эхлээд морьтой холбогдсоны хувьд ямар ч байсан өвөг эцгийнхээ уяаг гандаагүй, адуугаа эзэнгүй орхихгүй  хэмээн шийдэж, шарилынх нь дэргэд ах дүү нутгийн олон, аав ээжийнхээ өмнө “Маа адууны нэр хүндийг унагахгүй авч явна” гэдгээ хэлсэн юм.Тэр үгэндээ хүрч, өвөөгөөсөө үлдсэн буяныг уяж хурдлуулах, өсгөж үржүүлэх зэрэгт сэтгэл зүрхээ зориулан чадан ядан зүтгэж байна.
-Анхны айраг түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-1993 оны намраас адуун дээрээ гарч, өвөг эцгийнхээ шавь болох Норов ахыгаа даган уяачийн эрдэмд шамдсан даа. Өглөө хамт сэрж, өдөржин сургаалийг нь сонсч байгаад үдэш унтахад нь унтдаг байлаа. Тэрний ачаар 1994 оны өвөл сар шинийн уралдаанд өвөг эцгийнхээ адууны ногоон морийг гуравт оруулж, анхны айргаа амссан. Зун нь аймгийнхаа наадамд бор хязаалан аман хүзүүдүүлж, 1995 онд Мөрөн сумынхаа наадамд дөрвөн бүдүүн морь уяж очоод  түрүү, аман хүзүү, айргийн тавыг нь авч байсан түүхтэй. Тэгээд л ерөнхийдөө бие даасан даа.
-Амжилтын оргил буюу хийморь ассан он жилүүдийнхээ бахдалт дурсамжийг эргэн дурсахад таатай байна байх?
-Би Хэнтий аймгийнхаа баяр наадамд гурван жил дараалан азарга түрүү, аман хүзүүнд хурдлуулсан хүн байгаа юм. Түүгээрээ их бахархдаг. Манай аймагт надаас өөр тэгж гурван жил дараалан азарга түрүүлгэж, аман хүзүүдүүлсэн уяач байхгүй. Тиймээс ч тэр он жилүүдийг амжилтын оргил үе хэмээн боддог.
-Чихэнд чимэгтэй сайхан түүхийг илүү дэлгэрэнгүй хуучлах хэрэгтэй хэмээн бодож байна?
-1998 онд хонгор халзан азаргаа түрүүлгэж, хээр азаргаа аман хүзүүдүүлээд, 1999 онд хээр азаргаа түрүүлгэж, хонгор халзангаа аман хүзүүдүүлсэн.Гурав дахь жилээ хонгор халзан азаргаа түрүүлгэж, хээр азаргаа аман хүзүүдүүлсэн. Тэгээд 2001 онд улсын наадамд явж, хээр азаргаа 22-т, хээр морь, халтар даага хоёроо 19-т давхиулаад, цаашаа “Их хурд”-д очиж хонгор халзан азаргаа  түрүүлгэн алдаад аман хүзүүдүүлсэн дээ. Дараа жил нь Монгол Улсын Алдарт уяач цол хүртэж, гантай адуу тамиргүй байсан ч гурван азаргатай аймгийн наадамд очиж хонгор халзан азаргаа уралдуулалгүй өнжөөгөөд, бор азаргаа түрүүлгэж, хээр азаргаа аман хүзүүдүүлж байлаа. Ийнхүү нэг үе явсан газар болгоноосоо, уралдсан наадам бүрээсээ айраг, түрүү хүртэн сайхан наадаж байсан.
-Шигшмэл морьдын “Их хурд-2” уралдааны талаар дэлгэрүүлэхгүй бол уншигчид зэмлэж мэднэ. Хонгор халзан азарга Маа адуу юу?
-Эцэг нь Баянхутаг, эх нь Маа угшилтай адуу. Эцэг хул азарга нь бас их түүхтэй. Сүүтэй даага Баянхутагийн “Гацаа” Батхүүгээс “Цэрэг” Ядам гэж хүн аваад, суманд зургаалуулчихсан.Хязаалан их хурдан байсан ч ахиад зургаалуулчихсан. Тэгээд уяхаа болиод байхад нь манай өвөг эцэг өөрийн шавь Норов ахад “тэр хул хязааланг авч азарга тавь” гэж хэлээд явуулсан юм билээ.Норов ах хэлсэн ёсоор нь хул азаргыг авч уяад сумандаа есөөр давхиулж, хоёр гүү хураалган эр унаганууд авсан юм билээ. Тэр хоёрынх нь нэг нь Батдорж гуайд өгсөн халтар, нөгөө нь миний хонгор халзан азарга байгаа юм. Хонгор халзан шүдлэндээ суманд тавд ороод, хязааландаа аймгийн наадамд долоолоод,соёолондоо Өвгөн ноёны наадамд уягдаж байхдаа азарганд уруулаад уралдаж чадаагүй.Хавчигтаа Хэнтий аймгийн наадамд түрүүлж, долоон настай аман хүзүүдээд, наймтай дахин түрүүлсэн. Тэгээд естэй азарга “Их хурд”-д очиж аман хүзүүдээд, аравтайдаа Сүхбаатар аймгийн 60 жилийн ойд очсон ч цээж нь хөндүүрлээд болоогүй юм. Тэр хол газар зориод оччихсон учраас багцааг нь үзэж, цогиулсаар 13-т орж байсан. Ийм л амжилттай адуу даа.
-Халзан азарганы тань үр төлүүд хэр давхиж байна?
-Давхилгүй яахав. Тод манлай уяач Цэрэнжигмэдэд бэлгэнд өгсөн загал үрээ 2002 онд Дундговьд болсон бүсийн наадамд түрүүлж байсан. Мөн Тод манлай уяач Дагвадорж хонгор халзан азарганы төлийг авч азарга тавьсан.
-Сүүлийн үед Алдартын нэрийг дуурсган хурдалж буй ямар хүлгүүд байна вэ?
-Сүүлийн үед гоц гойд түрүүлж айрагдаад байгаа адуунууд тийм олон биш байна. Гэхдээ сум, аймгийн наадмаас ганц нэг айраг хүртэж, арав, хорь дотор бол давхиад л байна.
-Уг суурь нь сайн ч усалж тордох хэрэгтэй. Адуугаа сайжруулах, чанаржуулах тал дээр хэр анхаарал тавьж байна?
-Цусыг нь холдуулж  сайжруулах зэргээр  үржлийн тал дээр өөрийнхөө хэмжээнд ажилласан.Далиу ногооны угшилтай ногоон үрээгээр азарга тавьлаа. Дорнодын Хөлөнбуйраас азарга авлаа. Галшараасаа азарга авлаа.Гэхдээ өөрийгөө өвөг эцгийнхээ хэмжээнд хүрэхгүй байна гээд голонгуй байдаг хүн. Миний өвөг эцэг Пэрэнлэймаа азарга гүүний тохироог тааруулахдаа гаргуун хүн байсан. Өвөөгөөс үлдсэн 42 адуунд Жигээ угшилтай бор, Ононмөр угшилтай хээр, Донир угшилтай хонгор халзан, Далиу угшилтай ногоон зэрэг шилмэл үрээнүүд үлдсэн. Би тэднээр бүгдээр нь азарга тавьсан. Үр төл нь ч сайхан давхисан. Тэдний төлүүд олон сайн их насны морьд гарлаа. Жишээлбэл, Дэнхэр зээрд хурдан морь байлаа. Босоо хонгор гэж Хэнтий аймгийн наадамд долоо түрүүлсэн Тонж хүлэг байлаа. Зээрд морь улсын наадамд очоод 19-өөр давхиж байсан. Нэг талаараа өвөөгөөс үлдсэн адуу аргагүй сайн. Нөгөө талаараа би уяж хурдлуулах тухайд хичээнгүй суралцаж, халхын том том уяачдаас үг дуулж явлаа. Тухайлбал, Тод манлай уяач, Гавьяат малчин Ононтой цолгүй уяач байхаас нь нөхөрлөж арга туршлагаас нь хуваалцан, адуу малаа солилцдог байсан.Содномцог Тод манлай ч ялгаагүй.
-Алдарт Мөрөн сумынхаа МСУХ-ны тэргүүнээр ажилладаг юм байна. Хэзээнээс энэ албыг хаших болов?
-1995 онд ММСУХ байгуулагдаж, 1996 оны 2-р сарын 6-нд хамгийн анхны хаврын бүсийн уралдааныг Дэлгэрхаан сумнаа “Морин эрдэнийн бат оршил” нэртэйгээр зохион байгуулан, 600 гаруй их нас, 500 гаруй азарга уралдаж, Монголын морин уралдааны түүхэнд тодоор бичигдэх амжилт тогтоосон юм. Энэхүү наадамд оролцоод буцаж явах замдаа “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны хүндэт тэргүүн Санжаадорж, тухайн үед аймгийн удирдлагад ажиллаж байсан Аюурзаны Энхбаяр, миний бие, бид хэд аймагтаа МСУХ-г байгуулах нь зүйтэй хэмээн ярилцаад 1996 оны 3 сарын 18-нд уяачдынхаа анхдугаар хурлыг хуралдуулж, МСУХ-гоо үүсгэн байгуулж байлаа. Энэхүү хурлаас хоёр сарын дараа “Дэлгэрмөрөн” морин спорт уяачдын холбоог үүсгэн байгуулан, анхны тэргүүнээр нь Сүрэнгийн Пүрэвсүрэн гэдэг хүнийг сонгож байсан юм. Тэгэхээр манай сумын “Дэлгэр мөрөн” МСУХ ММСУХ-ны ууган салбаруудын нэг. Би холбооныхоо дөрөв дэх тэргүүн нь. Пүрэвсүрэнгийн дараа Гантөмөр гэж хүн хүлээж авсан, тэрний дараа сумын Засаг даргаар ажиллаж байсан Шагдарсүрэн гэдэг хүн ажиллаж байгаад, 2013 оны 1 сараас миний бие хүлээн авч ажиллаж байна.
-“Дэлгэр мөрөн” МСУХ хэр өнөр бүл вэ?
-Албан ёсны бүртгэлтэй 160 гаруй уяач бий. Үүн дээр албан ёсны гишүүнчлэлгүй наадам, уралдаанд оролцож байдаг 100-гаад уяач бий.Ний нуугүй хэлэхэд манай сумын МСУХ-ны үйл ажиллагаа нэг хэсэг жаахан зогсонги байдалтай байсан тал бий.
-Уяачдаа урамшуулах нэрийн дор цол бөөндөөгүй цөөн аймгуудын нэг Хэнтий юм байна. Танай сумаас хичнээн уяач орон нутгийн ханасан цолонд хүрээд байгаа вэ?
-Сумын хэмжээнд Монгол Улсын Алдарт уяач нэг, аймгийн Алдарт уяач 17, сумын Алдарт уяач 19 хүн бий. Хэнтий аймгийн төв Чингис хот маань манай сумын нутаг дэвсгэрт байрладаг.Тэр утгаараа манай сумын уяачдын хувьд аймгийнхаа наадамд түлхүү уралдах давуу талтай. Холбооны зүгээс ч гэсэн уяачдаа аймгийн наадамд түлхүү оролцуулах бодлого баримталдаг.
-Аймгийнхаа 90 жилийн ойд зориулсан зүүн бүсийн уралдаанд Мөрөнчүүд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Манай сумын наадам хэдхэн хоногийн өмнө болсон учраас айраг, түрүү авч чадаагүй ээ. Гэхдээ 6-15-ын хооронд 25 адуу давхисан. Эхний 10 адуугаар тооцвол, зургаан насны 60 адууны 25 нь Мөрөн сумынх болж байгаа юм. Тэгэхээр би нутаг орныхоо уяачдын чадал, морины чансааг чамлахгүй байгаа. Мэдээж цаашдаа илүү хичээнэ. Ер нь бол манай Мөрөн сумын гаралтай улсын хэмжээнд чадал чансаагаа харуулсан сайхан шандаст хүлгүүд олон бий шүү дээ. Бид уяачдаа гадагшаа гарч уралдахыг уриалдаг.Багануур дүүргийн уралдаан зүүн бүсийн хурд чуулдаг чансаа өндөр, өрсөлдөөн ширүүн.Тэгэхэд манай сумын шилдэг залуу уяач Нямдаваа, Даваадорж нар дөрвөн түрүү, хоёр айраг аваад ирсэн. Нямдаваа маань Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний даншиг наадамд шүдлэн үрээ айргийн таваар давхиулсан. Мөн өнгөрсөн жил сумын Алдарт уяач цол авсан Буянхишиг  маань хүрэн соёолонгоо аймгийн наадам болон Хардэл жанжин бэйсийн 170 жилийн ойд тус тус дөрөвт давхиулж, “Түмэн адууны баяр”-таа түрүүлгэлээ. Энэ мэтчилэн манай сумын залуу уяачид уясан морио хурдлуулж буйд бид баярлаж, бахархаж явдаг.
-Нээрэн түмэн адууны баяр сайхан болсон уу?
-Манай Мөрөн сум “Түмэн агтны баяр”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа юм. Анх 1997 онд 10,800 адуутай болоод нэг тэмдэглэж байлаа. Өнгөрсөн жил 11,600 адуу тоолуулж хоёр дахиа хийсэн. Цаг хугацааны хувьд бүсийн наадмуудтай давхацсан ч олон газраас уяачид ирж оролцон өргөн дэлгэр сайхан болсон.
-Ярилцлагаа та бүхний цаашдын зорилго, хэтийн төлөвөөр жаргаая.
-Унаач хүүхдийнхээ аюулгүй байдалд тавих хяналтаа өндөрсгөж, уяачдынхаа амжилтыг ахиулан,нутаг орныхоо адууны үүлдэр угсааг сайжруулахыг нэн тэргүүнд чухалчилж байна. Түүнчлэн залуучуудаа туршлагажуулах, ёс жудагтай байлгах, ахмад уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж цэгнүүлэх талаар анхаарч ажилланаа.
-Бидний ажилд дэмжлэг үзүүлэн уяачдаа өргөн хамруулсан танд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Баярлалаа. Та бүгдийн ажилд өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна