МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Ц.БЯМБАСҮРЭН: ТӨРИЙН НААДАМД УНАГАН АДУУГАА АЙРАГДУУЛЖ, ЭЦГИЙНХЭЭ ОЛОН ЖИЛИЙН ГОМДЛЫГ ТАЙЛСАН

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 19 -нд

Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Цэлхээгийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Дөрвөн үеэрээ хурдан хүлгийн сүүл шууж яваа Алдарт уяачтай уулзаж байгаадаа баяртай байна. Ярилцлагаа таны  өвөг дээдсийн талаар эхлэх нь зүйтэй байх?
-Өвөөгийн аав Жураагийн Ёндон морь сайхан унаж эдлэхээс гадна адууны эмгэг засахдаа ч мундаг хүн байсан юм байна лээ. 1934 оны нохой жил буюу Ардын хувьсгалын 13 жилийн ойн их баяр наадамд Хулгар хээр азаргаа айргийн тавд хурдлуулж, түүнээс хоёр жилийн дараа дахин айргийн таваар хурдлуулж, хойтон жил нь айргийн гуравт давхиулсан байдаг. Өвөөгийн яриагаар бол Хулгар хээр улсад очиж ес аман хүзүүдсэн гэдэг. Хулгар хээрийг  манай аав унаж хурдлуулдаг байж л дээ. Гараа сайтай хээр  азарга газрын тэх дунд хүртэл дэл нь босчихдог байсан болохоор урдах зам харагддаггүй, хоёр өвдгөө хавчаад л явна. Газар дунд очсон хойноо сая нэг юм харагдаж эхэлдэг байсан гэсэн. Тэрэн шиг тэгж хөдөлдөг адуу үнэхээр ховор гэж аав ярьдаг байсан. Хулгар болоод ч тэрүү түрүүлэх өмгүй байсан шиг байгаа юм.
-Яагаад чих нь хулгар болчихсон юм бэ?
-Өвөл эрт гарсан унага болохоор хөлдчихгүй юу.
-Довууч гуай Жураа Ёндон гэж хүний хэд дэх хүүхэд юм бэ?
-Ууган хүү нь байгаа юм. Бид өвөөгөө Амбаа гэж авгайлдаг. Өвөө Хулгар хээрийн төл хээр азаргаар одтой наадсан. Хурдан морины номууд дээр хар гээд биччихсэн байдаг юм байна лээ. Ардын хувьгалын 14 жилийн ойгоор азаргаа аман хүзүүдүүлж, 1938 оны Ардын хувсьгалын 17 жилийн ойн баяр наадмаар айргийн тавд хурдлуулсан байдаг.  Бас соёолон бор морио улсад айрагдуулсан. Дааганаасаа давхиж, дандаа л түрүүлсэн юм билээ. Тэр үед улсын наадамд явахад нь манай хонхороос Хайнзын халзан азарга бас явсан юм. Хүмүүс тэгэхэд “энэ азарга хурдан ч сэргэлэн нь дэндсэн. Харин Довуучийн унтаа бор ч дээ” гэж өөр хоорондоо ярьцгааж байж. Хүн харахад навсайсан адуу байсан юм гэнэ лээ.
Өвөөгөө морь уяхад нь би дагадаг байлаа. Сүүлд манайд Говь-Угтаалын Шаравжамц гэж хүнээс авсан Их зээрд гэж нэг азарга байсан юм. Ид хурдалж байхад “Амбаа би хүүгээ дагуулаад цэргийн наадамд оччихоод ирье” гэж. Тэр үед улсын наадмыг цэргийн наадам гэдэг байсан гэнэ лээ. Манай аав чинь засгийн малтай болохоор ийшээ тийшээ тэр бүр бараг явахгүй л дээ. Говь-Угтаалын энэ Шаравжамц гэж хүний Бөгөн хүрэн азарга улсад очоод нэг түрүүлсэн. Харин манайд ирсэн Их зээрд гурван удаа гуравлаж, бусдад нь дандаа түрүүлж, аман хүзүүдэж байсан.
-Хэд хүртлээ уралдсан юм бэ?
-18 хүртлээ л уралдсан юмдаг. Хожмоо аав маань тэр тухай “би ч эцгийгээ гомдоочихсон хүн дээ. Цэргийн наадамд хүүтэйгээ явуулчихдаг л байж. Тэгсэн бол зээрд азарга айрагдах байсан юм” гэж харуусан ярьдаг юм. Хөөрхий хол замд хөгшин, залуу хоёрыг явуулна гэхээс хаширлаад л тэр бизээ. Тэр үед одоо шиг машинаар ачина гэж байсан биш.
-Довууч гуайн нэрийг гаргасан өөр ямар, ямар хурдан хүлгүүд байв?
-Манай Амбаа морь уяхаас гадна нутаг орондоо яригдсан сайн уургач байлаа. Бас морийг сайн танина. Наадам дөхөхөөр морь шинжүүлнэ гээд аваад явчихна. Маргаашийн наадмыг алдахгүй л хэлчихдэг байсан гэдэг. Би арав гарсан хүүхэд харж л байлаа. Аймгийн наадамд хоёр азарга мордох гэж байгаа юм. Амбаа хээр азарга нь тэгж давхина, харин бөгс нь буурал азарга нь дээгүүр ирнэ  гэж урьтаад хэлсэн. Яг л тэгж давхисан.
-Их зээрд азарганы төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Миний улсад айрагдаад байгаа хүрэн азарга Их зээрдийн удмын адуу байгаа юм. Төлүүд нь ч их тарсан даа.
-Таны аав Цэлхээ Довууч гуайн том хүү гэдэг байхаа?
-Тийм ээ, том хүү нь. Ажаа чинь эхээс хоёулаа. Доор нь Чимэддулам гээд нэг хүүхэн байсан юм. Бид өвөөгөө Амбаа, аавыгаа Ажаа гэж авгайлдаг байлаа.
-Ажаа тань хэдий үеэс морь уясан юм бэ?
-Цэргийн алба хааж ирээд л морь уяж эхэлсэн. Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Их зээрдийн төл Годого хүрэн азарганы төл хязаалан хүрэн үрээгээ айрагдуулсан юм. Би цэргээс ирж уяад, аавын нэр дээр давхиулсан. Тэгэхэд их морь будилаад эхнийх дээр манай зээрд морь түрүүлээд дахиад уралдахад нь аман хүзүүдээд, хоёр уралдаж будилаад хасагдчихсан. Зургаан насны морьтой очоод их нас будилаад, соёолон бор морь 17,18-аар ороод, шүдлэн 20-д орж байсан байхаа. Даага 25-аар орсон.
-МНТ-ны 750 жилийг уяачид тэр үедээ болсон хамгийн том наадам гэлцдэг. Тэр наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Арга байхгүй тухайн үеийн хамгийн том наадам. Ёстой газар болгоны уяачид ирсэн байсан даа. Бид наана нь Хар усан тохойн орчим буугаад морьдоо сунгадаг байв. Бараг өдөр болгон сунгаа хийж байсан даа. Манайхан морьдоо Даваахүү гуайнхантай хамт сунгадаг байсан  юм. Сайнцагааны Шаравжамц гэж хүн хязаалан, соёолон хоёроо бас хамт сунгадаг. Хамгийн сүүлийн сунгаанд тэр хүний алаг хязаалан түрүүлж, манай хүрэн үрээ аман хүзүүдэж, соёолонд бас Шаравжамц гуайн хар үрээ түрүүлж, Даваахүү гуайн Сарт аман хүзүүдэж байсан юм.
-Наадамд Сарт түрүүлсэн бил үү?
-Тэгсэн. Шаравжамц гуайн хар үрээ айрагдаж чадаагүй. Алаг хязаалан нь ч ялгаагүй айрагт багтаагүй. Дараа нь Шаравжамц гуай манай эцэгт “Даваахүү гуайн хүрэн соёолонг миний хар үрээ  онгойлгоод, чиний хүрэн хязааланг миний алаг хязаалан онгойлгочихлоо. Миний аз дутаад айрагдсангүй” гэж байсан.
-Даваахүү Тод манлайтай тэр үед танилцсан юм уу?
-Нутаг залгаа болохоор аав Данзанням гуайтай эртний танилууд л даа. Данзанням гуай хүрэн азаргатайгаа, манай эцэг Годого хүрэнтэйгээ наадамд хамт явж л байсан юм билээ. Сунгаануудад Годого, хүрэн азарга хоёр цуг ирдэг байсан ч манай азарганы хоёр өсгий нь задраад улсын наадамд уралдуулж чадаагүй. Харин Данзанням гуайн хүрэн азарга зургаалж байсан юм. Уралдааны дараа Даваахүү майханд орж ирээд хоёр өвгөнд баяр хүргэн “та хоёр миний азаргыг онгойлгож өглөө, баярлалаа" гээд хоёр өвгөнийг үнсэхэд Данзанням гуай “чи арай залуу юм болохоороо хоёр өвгөнийг дийлж түрүүллээ” гэж байсан юмдаг. Тэр жил Даваахүүгийн Солонго цавьдар түрүүлсэн шүү дээ.
-Цэлхээ гуай адуу малын арилжаа наймаа хийдэг байсан юм бэ?
- Манай Амбаа холио солио хийж байсан гэдэг. Тухайн үед манай хонхор их хурдтай. Дээр нь  энд тэндээс улс ирж их наймаа хийдэг байж л дээ. Манай тэндхийн Товуу гэж хүний хурдан хул азарганы төлүүд тэр хавиар их тарсан даа. Би сүүлд Данзанням гуайн дүү Дашийн хүү Цэрэндондогоос дээхнэ үед улсад айрагдсан халиун азарганых нь  угшилтай ногоон гүү авч олон сайхан төл авсан.
-Та Ажаагаа ямархуу уяач байсан гэж боддог вэ?
-Хүмүүс ярьдаг юм, алдаагүй сайн уяач гэж. Хоолыг их сайн тохируулдаг хүн байсан. Уралдахын урд шөнийн хоол их чухал гэнэ. Биеийн хөндүүрүүдийг маш сайн гаргаж бай. Бас өвлийн унааг тохируулж сайхан унах хэрэгтэй гэж байнга захидагсан. Одоо бурхан болоод хоёр жил өнгөрч байна.
-Ажаатайгаа наадсан хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-Говь-Угтаалын 70 жилээр хоёр азаргаа гурав дөрвөөр, хоёр соёолон, аман хүзүү дөрвөөр оруулахад нь үнэхээр их бахархсан. Тэгэхэд би жоохон хүүхэд байлаа. Тэр наадамд очоод азарга гарахад том хүнээр тавиулна гэхэд нь би өгч байсан юм. Ажаа хоёр азарга сайн байна. Гэхдээ арай л түрүүлж чадахгүй байх, баараггүй айрагдчихна гэж хэлсэн. Та яаж мэдэж байнаа гэж асуувал “миний хүү урд шөнө ч сайхан хоол өглөө. Ажил нь ч яг сайхан ханачихсан байна” гэж хариулсан. Би ч дуугүй байсангүй. 100 гаруй азарга мордож байхад арай ч хоёулаа орох уу гэсэн юм. Тэгсэн "болноо болно, миний хүү. Ажаа нь мэдэж байна. Нэг нь хашир хүүхэд. Харин дүүгээ араас нь сайн хэлж өгч байгаарай, хажуугаар нь орвол сайн ороолгож бай гэж хэлж өгөөрэй" гэнэ. Манай хоёр хүүхэд унаад би эргүүлж өгч байсан юм.
-Уяач болгоны арга барил өөр өөр. Танай аав хоолыг нь яаж тааруулдаг байсан бэ?
-Тухай мориноосоо болно л доо. Хоолоо их хурдан шингээдэг морь байхад, удаан шингээдэг нь ч байна. Үүнээс шалтгаалж хэдэн цагийн хоол өгөхөө тохируулна. Зуны ногоо цагаа ургаад ирэхээр арай ахиу өгчихөөд, намар өвс хатан үеэс хоолыг нь арай багасгаад тогтвортой хоолло. Гэхдээ хоол ихдээд гор суухгүй, яахав нэг хоёр морины л хойно давхина. Харин хоол нь багадвал моринд гор сууна. Хоолыг хасаж болохгүй гэж хэлнэ. Энэ нь зун өвс ногоо хэр ургаснаас болж байгаа юм л даа.
-Цэлхээ гуай хэдэн хүүхэдтэй юм бэ? Алдарт айлын хэд дэх хүүхэд билээ?
-Бид 12-лаа. Төрүүлсэн ээж маань намайг тавтай байхад нас барж, бид зургуулаа үлдсэн.Хожим аав маань өөр хүнтэй гэрлэж зургаан хүүхэдтэй болсон. Манайхан надаас бусад нь морь мал уядаггүй юм даа. Нэг дүү хэсэг уяж байгаад больсон.
-Та хэзээнээс бие даан морь уяж байгаа юм бэ?
-Таван настай анх морь унаж сураад хул даагаа түрүүлгэж байлаа. Дараа нь хонгор морио Гурвансайханы наадамд гурваар давхиулсан. Түүнээс хойш олон жил хурдан морь унасан даа. Морь уях тухайд бол  16, 17-тойгоосоо эхэлсэн байх.
-Анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв. Нандин сайхан дурсамжуудын нэг байдаг байх?
-21 настай цэргээс халагдаж ирсэн жил манай эцэг улсын наадамд яваад би үлдсэн морьдоо гардаж уяад Говь-Угтаалын наадамд хүү, охин хоёртойгоо явсан юм. Эхний өдөр азарга, их нас уралдаж саарал азаргаа гурваар давхиулаад, их морио түрүүлгэсэн. Маргааш нь соёолон аман хүзүүдэж, даага түрүүлсэн юм. Сүүлд аав Говь-Угтаалын Шар гэж өвгөнтэй наймаа хийх гээд очсон  “танай хүү их задарсан хүүхэд юм. Манай Боржигоныхон дааганыхаа түрүүг алдаж үзээгүй. Танай хүү түрүүг нь аваад явсан” гэж хэлсэн гэнэ лээ. Анхны бас тэгээд мундаг амжилттай наадсан нь тэр. Түүний дараа нэг их гантай жил эцгийгээ эзгүйд сөнгө даага уяад сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Дааганы хоолыг тааруулна гэдэг бас амаргүй. Дороо цүндийчих гээд л бэрх шүү дээ. Аав маань ирээд  нэг найздаа “миний хүү чинь одоо л нэг дажгүй уячих гээд байна шүү” гээд ярьсан байсан. Эцгээсээ урмын үг дуулах шиг сайхан юм хаа байхав.
1985 онд анх эцгийгээ дагаад улсын наадамд явж байсан. Түүнээс хойш олон газрын наадамд хамт явсан даа.
-Ааваасаа дуулсан урмын үг хийморийн ташуур болсон байх.
-Өө тэгэлгүй яахав. Гэхдээ би өөрийгөө “сайн болчихлоо” гэж хөөрч байгаагүй. Харин улсад хүрэн азаргаа айрагдуулчихаад өөрийгөө жаахан тоосон шүү. Сайн уяач болчихлоо гэж биш л дээ. Аавынхаа магнайг тэнийлгэж, дээдсийнхээ гомдлыг тайллаа гэж бодоод.
-Дээдсийн гомдолоо....
-Амбааг улсын наадамд явуулаагүй хориглосондоо Ажаа үргэлж харамсч “би эцгийгээ гомдоосон хүн” гэдэг байсан. Тэрхүү гомдлыг нь тайлж өглөө гэж бодохоор сайхан байлгүй яахав. Хүрэн азарга аман хүзүүддэг жил ажаа бие нь тааруу хэвтэрт орчихсон сумын төв дээр байсан юм. Тэгээд би наашаа явахынхаа өмнө “за Ажаа уул усандаа мөргөөрэй би хойшоо явлаа шүү” гэж хэлээд гарсан. Хүрэн азарга айрагдахыг телевизээр харчихаад “хүүдээ юу ч хэлж чадсангүй, нүгэлтэй их баярлалаа” гээд уйлаад л байсан гэсэн. Ёстой нөгөө “амьд явсны хэрэг бүтлээ” л гэж бодож байсан байх. Азарга ирсний дараа би утсаар ярих гээд залгасан юм хэлж чадахгүй уйлаад л байсан хөөрхий. Уг нь цэнгэлдэхэд морь цоллуулахад оруулъя гэж санаад хүргэчүүлээ явуулаад авахуулсан чинь олон хүний нүдэнд тэрэгтэй эвгүй гээд наана хүлээж байсан. Би ингэж эхийгээ асарч чадаагүй алдсан ч эцгийгээ баярлуулж чадсан л гэж боддог.
-Хүрэн азарганы айраг зөвхөн танай гэр бүлийнхнийг ч бус нутгийн олны магнайг ч бас тэнийлгэсэн байх шүү?
-Манай сумынхан жигтэйхэн их баярласан. Яагаад гэхээр сүүлийн 50 жил манайхаас улс, бүсийн наадамд  морь айрагдуулаагүй байсан юм билээ.
-Хоёр дахь удаагаа айрагдахад нь “Говьсүмбэр аймгийн Баянтал сум” хэмээн бүртгүүлсэн байсныг тань бэлхнээ санаж байна. Оршин суугаа нутгийнхаа нэрийг гаргах ёстой хэмээн бодсон хэрэг үү?
-Эхний удаад төрсөн нутаг усаараа овоглож, эцгийгээ сайхан баярлуулчихсан. Тэр үед би эцгийнхээ амьд сэрүүн дээр нутаг  усаа дуудуулъя гэж зориуд тэгж бүртгүүлсэн юм. Харин дараа жил нь адууны орон болсон энэ сайхан нутгаараа бүртгүүлсэн. Би чинь энэ нутагт ирж аймаг, улсын Алдарт уяач болсон хүн шүү дээ.
-Аавын бие тааруу хэдий ч улсад явж уралдах шийдвэрийг гаргаж. Хэн таныг дэмжсэн бэ?
-3 сарын 18-нд Айраг суманд аймгийн бүсийн уралдаан болсон юм. Тэнд манай хүрэн азарга түрүүлж, Хэнмэдэх Тод манлайн халзан азарга аман хүзүүдсэн юм. Халзан азарга хүрэн азарган дээр гурав очоод бараагүй. Тэгсэн Хэнмэдэх гуай “за миний хүү халзан азаргаа аваад хойшоо нэг очно байгаа. Эхний арван азарганы нэгэнд бол найдвартай шүү” гэсэн. Зун нь хүрэн азарга энэ хавиараа их хурдан байсан л даа. Дунд сунгаанд хол түрүүлэхэд нь МУ-ын Манлай уяач Цэрэндэжид гуай “за миний хүү азарга чинь сайн байна. Хойшоо нэг очиж уралдвал яасан юм” гэж зөвлөсөн. Энэ үг нэлээд түлхэц болсон л доо.  Тэгээд сумынхаа МСУХ-ны дарга Алтанхуягт “Баянтал сумынхаа  наадмыг 7 сарын 8, 9-ний үеэр хийж болох уу. Ах нь хойшоо явах санаатай” гэсэн. Хоёрхон хоногийн зөрүүтэй юм  хүмүүс нэг их дургүйцэхгүй байх гэсэн. Тэгээд л хүрэн азарга маань түрүүлчихээр нь сэтгэл шулуудаад явсан даа. Ганц азарга ч биш  их морь, соёолон  ч бас түрүүлсэн. Тэгээд л ер шуударсан даа. Энд бас Хэнмэдэх гуай “Бямбасүрэн гэж нэг залуу хүрэн азаргатайгаа ирэх ёстой” гээд хүлээгээд байсан гэсэн. Ийм олон сайхан хүмүүсийн дэмжлэгтэйгээр төрийн наадамд очиж, унаган хүлгээ айрагдуулан дээдчүүлийнхээ нэрийг гаргасандаа ах  нь одоо ч  гэсэн баярлаж явдаг.
-Хүрэн азарга улс, бүсийн наадамд дөрвөнтээ айрагдаад байгаа. Өнөө жилийн хувьд яаж давхисан бэ?
-Энэ жил уяагүй ээ. Ноднин хөлийг нь жаахан эвгүйтүүлчихээд өнжөөсөн юм.
-Улсад айрагдсаных нь дараа авах сонирхолтой хүмүүс нэлээд байсан байх шүү. Сураг ч дуулдаад л байсан.
-Олон хүн авъя гэж ирсэн. Уралдахаас нь өмнө нь манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэг хүнтэй ирээд “200 саяыг өгье миний нэр дээр цоллуулчих” гэж л байсан. Дараа нь Дамбын Хишгээ авъя гээд Хэнмэдэх гуай руу хүн явуулсан байна лээ. Хэнмэдэх гуай угийн сэргэлэн хүн юм болохоороо эвийг нь олж хэлээд явуулсан байсан. Уралдаад ирснийх нь дараа ч гэсэн олон улс ирсээн.
-Ингэхэд хүрэн азарганы үр, төлүүд яаж давхиж байна вэ?
-Уяж байхдаа хоёр, гуравхан гүү хураалгадаг байсан. Хамгийн анхны эр төлийг нь “Акума” ХК-ийн захирал Баттулгад өгсөн ноднин шүдлэн үрээ хоёр сумын наадамд аман хүзүүдсэн гэсэн. Ганц нэг охин төл байсныг нь хүмүүс авчихсан. Удахгүй эцгийн шийрийг хатаах хурд төрөх байлгүй дээ.
-Дөрвөн үе дамжин өвлөгдөж ирсэн адуун сүргээ чанаржуулахад хэр анхаарч байна вэ?
-Цус сэлбэнээ, сэлбэлгүй яахав. Энд тэндээс гайгүй азарга бишгүй авсан. Хэнтийн Дэлгэрхаан, Төв аймгийн Баянцагаан сумдаас болон Дорнод аймгаас ч азарга авсан.
-Сум орон нутагтаа ахмад уяачид тооцогддог юм байна. Залуучууд бишгүй асууж зөвлөнө биз?
-Асуунаа. Асууж зөвлөлгүй яахав ойрын сумдаас ч л ирдэг л юм. Би дээр үед эцгийгээ дуурайгаад ойр зууртаа хатгадаг болсон юм. Тэгээд яахав сум хонхортоо морь мал нь болохгүй бол надаар ирээд хатгуулж л байна. Залуудаа хамаагүй хатгачихаад л байдаг байсан. Сүүлийн үед нас яваад жаахан халшраад байдаг болжээ. Муу эцэг маань ч гэсэн сүүлдээ “за миний хүү хүний хурдан морины хөлийг хамаагүй хатгаад дэмий шүү. Болж өгвөл хурдан морины хөлийг битгий их хатгаж байгаарай” гэж захидаг байсан болохоор жаахан тойроод байдаг болоод байгаа. Бусдаар хэлж ярих зүйл дээр нууж хаагаад байдаггүй ээ.
-Төрийн наадамд уясан морио түрүүлгэж, айрагдуулах тав дахь үеийн уяачид тодорч байна уу? Залуучууд моринд хэр эвтэй байна вэ?
-Ширчинжав гээд хүүгээ л намайг залгамжлах болов уу гэж боддог юм. Нөгөөдүүл нь сургууль соёл, ажил гээд моринд ойртохгүй янзтай. Яваандаа яах юм гэхээс биш.
-Морь уях төрийн хэрэгт үе дамжин шимтэж буй танай бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсч, морины босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явахын ерөөлийг өргөе.
-За баярлалаа. Та нарын ажил төрөлд бас амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.