МУ-ын Алдарт уяач: Т.Сэдэд: Олон сайхан уяачдаас үг дуулж явсны буянд улсын Алдарт гэгдэж адууны муу үзчихгүй явна

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 14 -нд

Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Төмөрийн Сэдэдийг уншигч тантай уулзуулж байна. Тэрээр Сэцэн хан аймгаас төрсөн цөөхөн улсын цолтны нэг юм.
-Хэнтий аймгаас төрсөн 15 улсын цолтны нэг нь та. Монгол улсын Алдарт уяач цолны хэдэн номерын үнэмлэхийг гардан авч байв?
-2000 онд МУ-ын 73 дахь Алдарт уяач болж байлаа. Би Хэнтий аймгийнхаа баяр наадамд гурван адуу түрүүлгэж, 14 адуу айрагдуулсан хүн. Тэрхүү амжилтыг маань үндэслэн МУ-ын Алдарт уяач цолыг олгосон. Уг нь 830 жилийн ойгоор азарга түрүүлгэсэн ч давхар замаар орсон хасна гэж байгаад аман хүзүүнд  давхисан хэмээн тооцсон юм. Замгүй хол бараг километр гаруй зайтай түрүүлсэн юм л даа. Тэрийг тооцсон бол аймгийн наадамд дээд гурван нас түрүүлгэсэн байсан юм.
-Гурван түрүү гэсэн. Нэг нь...?
-Соёолон хоёр удаа түрүүлгэхгүй юу. АХ-ын 61 жилийн ойгоор хонгор, АХ-ын 63 жилийн ойгоор цавьдар соёолон түрүүлгэж байсан юм. Цавьдар соёолонг маань хамт морь уядаг найз ах маань харчихаад “Энэ цавьдар морийг уях гэж байгаа юмуу” гээд гайхаж л байсан. Тэгэхээр нь би “уяна уяна, наадмаар уях гэж байгаа юм” гэсэн. "Би энэнээс чинь илүү морь сонгуулийн наадамд уралдуулна.Чи үзээрэй” гэж билээ. Тэгтэл сонгуулиар уралдуулсан миний цавьдар түрүүлж, тэр хүний зээрд морь аман хүзүүдэж байсан юм.
-Дахан дор эр, даахин дор хүлэг гэж...
-Тэгэхээр нь би зориуд “уяач нь сайн юм уу, морь нь сайн юм уу орчихлоо доо” гэсэн чинь нөгөө ах маань “Наадах чинь дөрвөн хөл нь нийлчихээд чичрээд байсан. Гүйцэд онгойсон морь ингэдэг юм байна. Дахиад хоёр ч уралдах нь” гэж байсан. Нээрэн тэр жилийн аймгийн наадамд цавьдар морь маань түрүүлж, нэг морь маань дөрвөлж, Гурилын үйлдвэрийн Дугарын халтар аман хүзүүдэж, нөгөө ахын нэг морь гуравлаж, нөгөө нь таваар давхисан. Ингэж  нэг булангийн уяачид амжилттай наадах сайхан л юм билээ. Би ер нь аймгийн наадамд дааганаас бусад насны морь түрүүлгэж айрагдуулсан. Тэр дундаа соёолон нь арай олон байж мэднэ.
-Соёолонгийн уяаг илүүтэй тааруулдаг юм байна. Уяаны тал дээр юуг нь илүү чухалчлах ёстой вэ?
-Бидний үеийнхэн тэжээл будааны талаар мэдэх биш. Байгалийн өвс, эдэлгээ хоёроор нь л уяж байлаа. Би ч ялгаагүй тэгж л уядаг байсан. Хүн өөрөө унаж, эдэлж байгаа адуугаа мэднэ шүү дээ. Тэгээд түүндээ тохируулаад ажлыг нь хийнэ. Би нэгдлийн нэртэй хүрэн морийг аймагт түрүүлгэсэн гэсэн шүү дээ. Тэр морийг урьд жил нь манай нэг ах аймаг дээр тэжээсэн юм билээ. Дараа жил нь хавар эрт гүйгээд ирэхэд нь би сайхан унаж эдэлж, хөнгөрүүлээд байсан хадам өвгөн намын хурлаас ирэхдээ харчихаад “Гүйцэд онгойжээ. Энэ жил айрагдах байх” гэж байсан юм. Нээрэн л тэр жил нийгмийн хүрэн маань түрүүлж, насных нь мориор шагнуулан, унаач хүүхэд маань хичээлийн бүрэн хэрэглэл авч мандаж л явлаа. Ер нь уяачийн эрдэм гэдэг чинь бие биенийхээ хийсэн ажлыг ажигладаг, морь малыг нь шинждэг, сонждог, битүү хатуу үгээр нэгэндээ  хэлж ярихыг хэлдэг байх гэж би ойлгодог шүү.Би олон сайхан уяачидтай уулзаж, ярьж хөөрч тэднийхээ үгийг дуулж явсны буянд өнөөдөр МУ-ын Алдарт уяач гэгдэж адууны муу үзчихгүй явна.
-Уулзсан уяачдын ихэнх нь удам дамжсан эрхмүүд байна.Танай өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байв уу?
-Манай аав бага Хардэлийн хүн.
-Бага Хардэл гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хардэл жанжин бэйсийн зүүн талын шавь нарыг бага Хардэл, баруун талынхыг нь их Хардэл гэдэг байсан юм билээ. Манай аав Хан-Уулын наадамд хонгор азаргаа олон түрүүлгэж, айрагдуулж байсан юм гэнэ лээ. Мөн манай ээжийн нагац ах Зундуй гэж хурдан хээр морьтой хүн байсан гэдэг. Зундуйн Босоо хээр гэдэг 18, 19 нас хүртлээ уралдахдаа айраг түрүү алдаж үзээгүй адуу юм гэнэ лээ.Тэгээд ах маань нутгийнхандаа “би хээрийгээ 18, 19 хүртэл уралдуулахдаа нь нэг ч удаа цус авч үзээгүй. Гэтэл та нар жил бүхэн морийг хатгах юм” гээд зэмлэж байсан гэдэг юм. Нэг жил улсын наадамд  хээртэйгээ очоод гурваар давхиулсан ч будилсан гээд тооцогдоогүй юм гэсэн. Миний мэдэх нь энэ. Түүнээс цааш мэдэхгүй удам судрын уяачид олон байсан байх.
-Аав тань эрт өнгөрсөн юмаа даа?
-Намайг есөн настай байхад аав маань өөд болчихсон юм. Тийм болохоор би аавынхаа хэр уяач байсан, морьдоо хэрхэн хурдлуулж байсан талаараа төдийлөн сайн мэдэхгүй. Харин манай хадам аав Баянмөнх сумын харьяат Цэнджав гэж аймгийн наадмаас нэг түрүү, долоон аман хүзүү, найм есөн айраг хүртсэн сайн уяач байсан.Тухайн үед  цол хэргэм олгодог байсан бол авах л ёстой хүн. Тэр өвгөн надад их зүйл зааж сургасан даа.
-Ер нь хэдий үеэс уяачийн эрдэмд шамдсан юм бэ?
-Би чинь төвийн хүүхэд шүү дээ.Мал дээр гарлаа гээд базаалтай юу мэдэхэв дээ. Хадам аав гэж бэлэн багштай байсан болохоор илгээлтээр Өндөрхааны сангийн аж ахуйд очоод нэгдлийн хонь хариулах үеэсээ морь уяж эхэлсэн дээ. Тэр үед Мөрөн, Баянхутагийн наад тал, Сангийн аж ахуйн адуунууд хурдан гэгддэг байлаа. Ялангуяа сангийн аж ахуйн бага адуу бол аргагүй ялгардаг байсан даа.Тэр нь нэг талаараа намартаа тарианд орчихдог байсантай холбоотой байх. Нөгөө талаараа Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас “баян” Шаравдорж гэж олон адуутай хүн  ирж энэ нутгийн адууг их сүлсэнтэй холбоотой гэдэг юм. Тэр хүний адууны нэлээд хэсэг нь цус орсон адуу байсан гэгддэг байх шүү.
-Хадам аав хүргэн хүүдээ хурдан удмын адуу өгсөн болов уу хэмээн таамаглаж байна?
-Тэгэлгүй яахав. Хязаалан халтар үрээ бэлгэнд өгсөн нь хязаалан, соёолондоо аймгийн наадамд дөрөвт орж байсан. Мөн манай найз Галшар сумын харьяат Хайдавын Сосорбарам гэдэг хүний адууны угшилтай хоёр охин даага өгснийг хадам аавынхаа азарганд хураалгаж, нэгээс нь миний хурдан халиун, Болоожийн хул, Содномын саарал зэрэг хурдан азарганууд, нөгөөгөөс нь хурдан хонгор морь маань гарсан. Сүүлд нэг найзаасаа Нийгмийн  хонгорын угсааны сайхан хонгор азарга авч, хавчигт нь аймгийн наадамд долоод давхиулаад, долоотой өнжүүлэн, наймтайд нь түрүүлж ирээд аман хүзүүнд баригдаж байсан юм.
-Аан ярилцлагын эхэнд өгүүлсэн түүх байх нь ээ?
-Тиймээ. Газар мэддэг хүүхэд зуслангийн замаар товчилж уралдаад тийнхүү нэгээр ухарсан юм.
-Таны амжилтын хамгийн оргил үе нь хэзээ байсан бэ?
-Нэг соёолон түрүүлж, нөгөө нь айрагдан, азарга дөрвөөр давхисан тэр жилийн наадам шив дээ. Ер нь тэгээд морио дээдэлдэг уяач хүнд муухай наадам гэж байхгүй дээ. Наадам болгон нэгийг сануулж, нөгөөг таниулдаг.
-Нэгэн үе өөрөө сургаал сонсч явсан бол өдгөө хэлдэг болсон байх?
-Би таван хүүтэй.Хоёр нь морь уяна. Бага хүү Жанчивдорж сумдын наадамд морь мал айрагдуулаад л байна. Ах Жанчив нь өнгөрсөн жил хоёр соёолон айрагдуулчихлаа. Мөн манай дүү Мягмаржав морь уяна. Эдэндээ мэддэг чаддагаа харамгүй хэлнээ. Зөвхөн өөрийн үр хүүхэд, ах дүүс  гэлтгүй нутгийн үг авахаар хүүхдүүдэд мэдэхээ хэлж зөвлөнөө. Бямба гээд залуугийн соёолон азарга дунд сунгаанд замгүй хурдан байхаар нь “Сунгааг нь хасч, нэмэгдэл тэжээл өг” гэж зөвлөөд айрагдуулж л байлаа.
-Энэ нутагт тэнцсэн улс бүсийн дэвжээнээ хурдалж буй хүлгүүд цөөнгүй. Алдарт адуу малын наймаа хэр хийж байна даа?
-Цөөхөн дөө. Гадагшаа гараад хурдалж байгаа гэвэл Миеэгомбын Энхболдын хүрэн халзан морины эх тал нь манай адуу. Яг манай өөрийн Бөгөн угшилтай хонгор халзан гүүний төл байгаа юм. Хонгор халзан гүүгээ Цэдэнхүү гэдэг хүнд өгч байсан юм. Цэдэнхүү гуай адуу малны наймаа сайн хийдэг, сайн ч уядаг хүн л дээ. Хүрэн халзан морины төрсөн эгч хүрэн даагыг эндхийн Төмөрөө гэж хүнд өгч, тэрнээс нь гарсан саарал азарга аймагт хоёр ч айрагдсан. Одоо үр төлүүд сайн давхиж байна.
-Шинэ цагийн уяа сойлгод хэр суралцаж байна. Морьдоо тэжээж байна уу?
-Сүүлийн үед тэжээдэг болсоон.Би нутгийн адууг хадгалж үлдэх зорилготой явдаг хүн. Тэр ч утгаараа дан нутгийн адуутай, эрлийз хурлийз адуу огт байхгүй. Өнөөдрийн эрх ашгаа бодоод хэдэн мянганы түүхтэй монгол адуугаа үгүй хийчихэж болохгүй байх хэмээн санаж явдаг хүн дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээж явах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-За баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна