Уяач гэж хэнийг хэлэх вэ?

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 10 -нд

Ийм нэг асуултыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэнд тавибал хэрхэн хариулах вэ? Магадгүй ихэнх нь адуу таньдаг нүдтэй, хурд ирлэдэг идтэй  хүнийг л уяач гэх байх даа хэмээн хариулах биз. Маргаан байхгүй энэ бол зөв хариулт. Уяач хүн хамгийн нэгдүгээрт хурд танидаг байх ёстой. Нэгэнт таниад олсон хурдаа  давхиулж чаддаг байх ёстой. Энэ бол уяач хүнд байх ёстой наад захын эрдэм. Тэгвэл эдгээрээс гадна  ямар чадвар байх ёстой вэ? гэдэг асуулт урган гарч ирнэ. Энэхүү асуултыг уншигч танд тавихын шалтгааныг Зууны манлай уяач, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү бий болгосон юм. Энэ насаа монголын хурдан морины хөгжилд зориулж, адуутай нөхөрлөсөн эрхэм уяачийн хэлсэн нэг “мундаг” үг уяачийн хэн болох тухай уяачаас асуух сониучхан бодлыг төрүүлсэн юм. Сэтгүүлийнхээ энэ дугаарт энэ цагтаа илүүрхэж яваа цөөн уяачдын нэг МУ-ын Тод манлай уяач Д. Даваахүү, Э.Эрдэнэчулуун нар уяач гэж хэнийг хэлэх тухайд ямар бодолтой байдгийг хүргэж байна.

Д.Даваахүү: Би өөрийгөө уяач гэж боддог юм шүү”
Одоогоос хэдэн жилийн өмнө МУ-ын Тод манлай уяачид зургаа байх үед дээд цолтнуудад хүндэтгэл үзүүлэх уулзалт зохион байгуулагдаж л дээ. Зоогт Д.Даваахүү, Г.Сандуйжав, Д.Онон, Ц.Аюуш, Э.Эрдэнэчулуун, Ц.Дуламсүрэн нарын Тод манлай уяачид  хүрэлцэн ирж гүнцэг барингаа морь ярьцгаасан аж. Салбарын шилдгүүд цугларсан хойно өөр өөрийнхөөрөө асуудалд хандаж, үгэн дотор үг үхэр дотор гиваа гээч болж л дээ. Нэлээдгүй хугацаанд өрнөсөн цагаан маргаанд Д.Даваахүү уяач “би өөрийгөө уяач гэж боддог юм шүү” гэснээ хэсэг амсхийж, “яагаад гэхээр би энэ олон жил морь уяхдаа адууны хөл гэмтээж, доголгож үзээгүй юм байна. Тийм болохоороо би өөрийгөө уяач” гэж боддог юм шүү хэмээн хэлж тэр өрөөнд байсан хүмүүсийг хэдэн хором бодолд оруулаад авсан гэдэг. Нээрэн ч Зууны манлайн хэлсэнчлэн уяач гэдэг айраг түрүү хүртэж, амжилт гаргахаасаа илүүтэй адууг хайрладаг, зөв эдэлдэг хүн байх ёстой аж. Буурлаас үг дуул гэж энэ дээ.   

Э.Эрдэнэчулуун:”Сайн байгаа ч болоогүй адууг аваад үлчихдэг сэтгэлийн хаттай байвал тэр хүн уяач”
 Уяач хүн ямар байх ёстой тухайд  Э.Эрдэнэчулуун Тод манлай нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг. Зүгээр ч нэг хэлчихээгүй амьдралдаа хэрэгжүүлж үлгэрлэсэн байдаг. Хурдан морь сонирхогч та бүхэн 2007 онд хязааландаа төрийн наадмын айргийн тавд, 2008 онд соёолондоо төрийн наадмын аман хүзүүнд,  мөн жилээ төрийн тахилгат Алтан-Овооны  наадамд аман хүзүүнд хурдалсан “Царамт-Уул” ХХК-ийн захирал Жаргалсайханы хурдан хээрийн талаар мэдэх биз. Энэхүү хурдан хүлэг Э.Эрдэнэчулуун Тод манлайн унаган адуу бөгөөд дааганд нь нэг уяаны моринд сэтгэлтэй Жаргалсайханд бэлэглэжээ.  Хээр үрээ эрхгүй хурдан гэдэг нь сунгаан болгон дээр батлагдаж, улсын наадмын айргийн таван дааганы нэгээр нэрлэгдэж, эзэн нь баярын совинтой тогтож ядан байхуйд Э.Эрдэнэчулуун Тод манлай наадмын өмнөхөн “хээрийг энэ жил уралдуулахгүй ээ” хэмээн шулуухан хэлж. Уяачийн үгнээс гажих аргагүй тул Жаргалсайхан арга буюу зөвшөөрч, даан ч хол дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээжээ.
Хээр үрээ дараа жил нь мөн л их хурдан байж, Жаргалсайхан ч энэ жил эрхбиш нэгийг дуулах биз хэмээн хүлээж байв. Гэтэл Тод манлайн жилийн өмнө хэлсэн үгээ хэлээд хээрийг нь давхиулсангүй. Ийнхүү хоёр жил өнжөөсний эцэст хязааланд нь Э.Эрдэнэчулуун  нэгэн өдөр Жаргалсайхандаа “За хө энэ жил дээлээ бэлтгээрэй” хэмээсэн гэдэг. Ид хурдан байхад нь хоёр жил өнжөөчихөөд хэмээн гоморхол тээсэн ч хариу хэлсэнгүй. Тод манлайн хэлсэн биеллээ олж, тэр жилийн хязаалангийн уралдааны айргийн тавд Жаргалсайханы хээр үрээ хурдлан ирэв.
Уралдааны дараа Тод манлай Жаргалсайханд “Хээр үрээ өмнөх жилүүдэд чөмөг нь бүрэн суугаагүй байсан юмаа.Хурдан морийг гамнаж уралдах хэрэгтэй. Уралдаан нэгээр дуусахгүй шүү дээ” хэмээн хоёр жилийн битүү гомдлыг нь тайлсан гэдэг. Тод манлайн хэлсэн биеллээ олж  хээр үрээ соёлондоо хоёр том наадамд аман хүзүүнд хурдалж эзнийхээ магнайг тэнийлгэсэн билээ.
Энэ тухай хожим нь Э.Эрдэнэчулуун Тод манлай “Сайн байгаа ч болоогүй адууг аваад үлдчих сэтгэлийн хаттай байвал тэр хүн уяач” хэмээн дүгнэн өгүүлсэн байдаг. Нээрэн ч уяач хүн гэдэг сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаг, алсын хараатай байх учиртай аж.  

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна