Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга хурандаа Б.Даваазул: Морин уралдааны үеэр манай байгууллага нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 12 -нд

Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазултай морин уралдааны үеэр нийтийн хэв журмын талаар ярилцсанаа уншигч танаа хүргэж байна. 
-Морин уралдааны зохион байгуулалтанд цагдаагийн байгууллага чухал оролцоотой.
-Монгол Улсын цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн гурван үндсэн чиг үүрэгтэй. Үүнд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, нийтийн хэв журмыг сахиулах. Энэ үүргийнхээ хүрээнд Орхон аймгийн нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа зөвхөн морин уралдаан биш аливаа баяр ёслол, наадам, цэнгүүн зэрэг нийтийг хамарсан бүхий л арга хэмжээний үеэр манай цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг. Манай аймгийн хувьд дэд бүтэц сайн хөгжсөн, хангайн бүсийн тулгуур төв. Үүнийгээ дагаад 21 аймгаас ирж суурьшигчид дунд морь мал уядаг, морин спорт хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй олон сайхан хүмүүс бий. Эд нар маань жилд  аймгийн, бүсийн, Алдарт уяачдын алдар тэмдэглэх, галын гээд олон төрлийн уралдааныг зохион байгуулж, хэв журмаа хамгаалуулах хүсэлтийг гаргадаг юм. Бид хуулийнхаа дагуу хэв журмын хамгаалалтыг нь зохион байгуулж өгдөг. Би энэ ажлыг аваад гурван жил гаруйн хугацаанд олон уралдааны хэв журмын хамгаалалтыг зохион байгуулсан байна. Миний тавьдаг шаардлага бол уралдааны замд цөөхөн машин дагуулах. Энэхүү хүсэлтийг маань манай аймгийн МСУХ хүлээн авч дэмжин ойлголцож ажилладаг. Өөрөөр хэлбэл морь дагах зөвшөөрлийг  миний гарын үсэгтэйгээр, манай цагдаагийн байгууллага олгодог.
-Нэг удаагийн уралдааны үеэр хичнээн зөвшөөрөл олгодог юм бэ?
-Улсын болон бүсийн чанартай баяр наадмын үед дээд тал нь хэв журмын хамгаалалтынх, хүүхэд-гэр бүл хөгжлийн хэлтсийнх, эрүүл мэндийн газрынх, онцгой байдлынх гээд бүгд нийлээд 15-20 машинаас хэтрүүлэхгүй зөвшөөрөл олгодог. Цөөхөн нас уралдаж байгаа бага хэмжээний уралдаануудад бол түүнээс цөөн тооны машин дагана. Ингэснээр иргэд тавтай тухтай сэтгэл хангалуун наадах боломжийг бүрдүүлж өгдөг юм. Монголчууд бид чинь наадмынхаа талбай дээр очиж хуушуураа идээд, хурдан морины бариан дээр очиж хүүхдийн гийнгоог сонсчихвол тэр жилдээ азтай хийморьтой байна бэлгэшээдэг ард түмэн шүү дээ.
-Хэв журам сахиулах албан хаагчдын тоо нууц уу?
-Ажиллах хүний тоог тухайн үед нөхцөл байдлаас хамааран тогтоодог. Жишээлбэл улсын баяр наадам юм уу, бүсийн чанартай томоохон уралдааны үеэр арай олон хүн ажиллана. Ерөнхийдөө манайх хурдан морины уралдаан дээр доод тал нь 200-гаад албан хаагч ажилладаг.
-Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудын үеэр зэргэлдээ аймаг орон нутгаас нэмэлт хүчний тусламж авдаг. Сая Булган аймагт хангайн бүсийн уралдаан боллоо. Танай байгууллага хэв журмыг сахиулах үүргийг хүлээсэн үү?
-Хангайн бүсийн уралдаанд манайхаас 30 албан хаагч 2 машинтай очиж оролцсон. Манай аймгийн тухайд хүн хүч бололцоотой учраас орон нутагтаа зохиогдож байгаа томоохон уралдааны үед гадны тусламж авдаггүй. Би давхар хангайн бүсийн цагдаагийн хүрээний даргын албыг хашдаг. Энэ бүсэд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймаг багтдаг юм. Тэр утгаараа бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа томоохон баяр наадам, уралдаан дээр хүрээний даргын тушаал гаргаж, бусад аймгуудаасаа хүн хүч татдаг. Жишээлбэл хоёр жилийн өмнө Архангай аймгийн 90 жилийн ойн баяр наадам, өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон даншгийн үеэр манайхнаас нэмэлт хүч очиж ажилласан. Хамгийн сүүлд гэхэд л Хархоринд болсон уралдаан дээр манайхаас 50 орчим албан хаагч явж хамгаалалтын үүрэг гүйцэтгэлээ.
-Та бүхнийг ажил үүргээ гүйцэтгэхэд хамгийн хүндрэл бэрхшээлтэй нь юу байдаг вэ?
-Монгол хүн бүхэн сайхан наадахыг л хүснэ. Хамгийн их санаа зовоодог юм бол уралдаанч хүүхдийн аюулгүй байдал. Бусдаар бол манай Орхон аймгийн ард иргэд наадаад сурчихсан. Ямар ч байсан цагдаагийнхаа тавьсан шаардлагыг биелүүлээд, хамгаалалт руу дайраад байхгүй.
-Та бүхний хамтран ажилладаг Орхон аймгийн МСУХ өнөө жил 20 нас хүрч буй. Танд сэтгүүлийн хуудсаар дамжуулан мэндчилгээ дэвшүүлэх боломжийг олгож байна.
-Эрийн хийморь болсон молор эрдэнэ, мориороо өөрийгөө чимж яваа Орхон аймгийн МСУХ-ныхондоо 20 жилийн ойн галтай цогтой мэндийг Орхон аймгийн цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс болон хувиасаа хүргэе. Та бүхний минь уясан морь нь хурдан, унасан хүүхэд нь сэргэлэн байх болтугай гэж ерөөе. Орон нутагт ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд бие биенээ дэмжиж хуулийн хүрээнд хамтран ажиллах ёстой. Цаашдын хамтын ажиллагаа маань улам бүр төгөлдөржих болтугай. Нийт уяачдадаа дахин баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргалыг хүсье.
-За баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл "Эрдэнэт хүлэг" МСУХ-ны 20 жилийн ойн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна