Аймгийн Алдарт уяач Ц.Амгаабазар: Манайх Галдаа Жамсран, Ононмөр хаван адуутай

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 26 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Амгаабазар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын унасан газар, угаасан ус бага насны дурсамжаас яриагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ?
-1933 онд Сүмбэр сумын нутаг Баянбулаг гэдэг газар төрсөн. Айлын ууган хүү. Намайг өсгөсөн аав Гэлэгбалжир гэгч ном эрдэмтэй лам хүн. Миний бага нас тэр үеийн багачуулын нэгэн адил малын захад л өнгөрсөн. 
-Угшил сайтай, сайн адуутай гэсэн. Тэр талаар ярьж өгөөч?
-Манай адуу Жамсран Галдаагийн адууны угшилтай. Яагаад гэхээр тэр хүний адууг маллаж явсан Бүрэн гэдэг хүний морийг би 8-16 хүртлээ унаж хурдлуулаад моринд хасагдсан хойноо адуунд нь явдаг байсан юм. Хожим намайг эхнэр авч гэр бүлтэй болоход “адуутай болоорой”  гээд Галдаа адууны угшилтай дөрвөн охин даага бэлэглэсэн. Үүн дээрээ Орлой угшилтай хар ногоон байдсыг “матар” хэмээх Чүлтэмийн бор халиун үрээтэй нийлүүлж унахад сайн, уяхад хурдан, том сайхан есөн морьтой болсон. Тэр хар ногоон байдсыг Босоо Шарав гэгч сайн эр Орлойн гурван зээрдээс адуу гаргахдаа авчирсан бөгөөд манай ах Гэлэгжамба авсан юм. Манай адууны том зуузай тамга бол Жамсран Галдаагийн адуучин Бүрэнд байсан тамганы хуулбар. Одоо энэ тамганы хуулбар Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Бүрэнгийн Гэлэг Яринпил гэдэг айлын хүүхдүүдэд нь үе дамжин хадгалагдаж байгаа.
-Хар ногоон гүүнээс төрсөн унахад сайн, уяхад хурдан, том сайхан морьдын талаар жаахан дэлгэрүүлээч?
-Хүүхдийн хул нэртэй асман хул морь байсан. Манай хүүхдүүд бүгд унасан даа. Мөн Тэмээн зээрд гэж унахад сайн морь байлаа. Баянмөнхийн Хар хонин толгой гэдэг газраас өглөө мордож Баянбулагт байсан 500-гаад үхрээ хумиад зүүн өвөрт байгаа сүүн тасаг дээрх гэртээ ирэхэд үд хэвийж байдаг. Тийм хурдан морь байлаа. Одоо ч тийм морь ховор болж  дээ. Дараагийн төл нь  Эрх зээрд нэртэй хурдан морь  байсан. Хэнтийн Дархан суманд нэг түрүүлж, хоёр айрагдаад, Сүмбэр сумандаа хоёр айрагдсан адуу. Тэрний дараагийн хурдан бор халиун морь Даланжаргалан руу зарагдсан. Түүний дараа Том хээр морь гарч Боржигоны анхны наадмын үеэр сайхан морь шалгаруулах тэмцээнд оролцож нэгдүгээр байр эзэлж байлаа. Сайхан морь байсан даа. Өсгий цагаан морь нь мөн сайхан морины тэмцээнд орж хоёрдугаар байр эзэлж байсан юм. Ер нь тэр хар ногоон гүүний төлүүд цөм сайхан бие хаатай адуунууд байсан.
-Дараагийнх нь...
-Алтансүхийн хул гэж сумандаа хоёр айрагдсан  хурдан морь байсан. Одоо Гантулга, Цагаан хоёрын хар ногоон морь байна.
-Ононмөр угшлын адуутай гэж байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-1962 онд Дүргийн Жамбал гэдэг хүн Баяндэлгэрийн шаргатай нэг эцэгтэй Ононмөр угшлын хүрэн үрээгээ  Баянмөнх рүү зарсан ч үнэ тохиролгүй буцчихсан юм билээ. Тэгээд наймаа буцахад нь Сэрээтэрийн Гончигжамба гэдэг хүн нөгөө хүрэн үрээг авсан. Тэр хүний адуу манай дээр байдаг. Ингээд л Ононмөр угшлын адуутай болсон доо. Хүрэн азарганы төл олон сайхан морь, гүү бий.
-Танай адууны суурь Жамсран Галдаа, Ононмөр адуу болох нь ээ дээ?
-Тийм. Галдаа, Ононмөр адуу гэдэг бол энэ орон нутагт дэлгэрсэн галваасан зандан мод байжээ. Навч цэцэг нь унасан ч энэ модны үндэс хэзээ ч тасрахгүй юм. Үндэс нь үнэн бол муудна гэж байхгүй. Үеийн үед залгамжлан өсөж үржсээр байх биз. Манайд байгаа Ононмөр адууны онцлог нь хүрэн зээрд зүстэй. Зарим нэг нь ясны бүтэц этгээд өөр. Хоёр тийм зээрд гүү байсан. Цөмөрхий намардагтай зээрд гүүг хүнсэнд хэрэглэхэд ууцны яс нь үргэлжээрээ байж билээ. Нөгөө зээрд гүүг Шивээговь руу хүнсэнд өгсөн. Тэгсэн мөн тийм ууцны яс үргэлжээрээ байсан гэнэ лээ.
-Ингэхэд Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-1959 онд айл гэр болоод л морь уяж эхэлсэн. Анхны жил даага, шүдлэн хоёр уясан  чинь шүдлэнгийнхээ уяаг хэтрүүлж мултлаад, даагаа гуравт оруулсан. Үүнээс хойш 1965 он хүртэл тасралтгүй морь уяж очсон газар болгоноосоо айраг авсан байдаг юм. Нэг тоолсон 1958 оноос 1965 он хооронд 19 айраг авсан байсан шүү.
-Түүнээс хойш хэрхэн наадсан бэ?
-1965 онд хар Сосор гэдэг хүн хурдан морио унуулах гэж хүүг минь авч яваад осолдуулчихсан юм. Түүнээс болоод 1971 оныг хүртэл морь уяагүй ээ. Зургаан жил завсарлачихаад 1971 онд Дагва гэдэг хүнээс хээр даага авч уясан. Тэр даагаар азарга тавих гэж есөн эр унаганаас нь харж байгаад сонгосон юм. 
-Даагандаа яаж давхисан юм бэ?
-Даага, шүдлэндээ түрүүлж 1973 онд хязааландаа Хэнтийн Дархан сумын наадамд гуравт орсон. Дараа жил нь соёолондоо сумынхаа наадамд дөрөвт орсон. 1977 онд хоёр айрагдуулаад хэсэг өнжөөж 1981, 1985, 1987 онуудад түрүүлгэсэн. 1987 онд хожуу бариад уяа нь эвлээгүй байсан азаргаа эрт барьсан азаргануудтай нийлүүлж байгаад эвгүйтүүлчихсэн юм.
-Хоолны асуудал байсан юм уу?
-Үгүй ээ, азарганых уяа эвлэчихсэн улс газраа сунгаж тавиад баллачихсан юм. Гэхдээ саарын хажууд сайн нь илүү болохоор Буурал Шаравжамц гэдэг хүнээр засал хийлгээд  тэр жилдээ түрүүлгэж наадмыг нь отголоод, дахин уялгүй үр төлийг нь авахад анхаарсан юм. Хээр азарга манайд бас их хурд тарьсаан.
-1960-1969 оны хооронд хурдалж байсан  жас адууны угшилтай хул азарганыхаа талаар ярьж өгөөч?
-Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Бумба Шаравжамц гэдэг айлын хул азарганы төл байгаа юм. Тэр  Бумба Шаравжамц  гэдэг Ганжуур жасын нярав хийдэг байсан, жас адуутай  хүн л дээ. Миний халиун азарганы эх тал нь Жамсран Галдаагийн амгалан халиун азарганы удамтай болдог. Жамсран гуайн хөрөнгийг хурааж аваад адууг нь дуудлага худалдаанд оруулахад энэ нутгийн Жамбалгүнсэн гэж хүн дагаж очоод халиун азаргыг 1000 төгрөгөөр авсан байдаг. Сонирхуулаад ярихад энэ хул азарганы сүргээс авсан жижиг хээр азаргыг Лут-Очир гэдэг хүн унаж 4-5 км газар булгиулсан гэдэг юм. Тийм шандастай адуу байж. Миний хул азарга цээж өндөр, хүзүү урт, том сайхан биетэй. Хамгийн гол нь их олон эргүүлэгтэй адуу байсан. Зөвхөн цээжин хэсэгтээ гэхэд 12 эргүүлэгтэй. Тэгэхэд Дорноговь аймгийн Өргөн сумын Жамцаа гэж хүний саарал азарга зүрхнийхээ тэнд ганцхан эргүүлэгтэй. Түүнийг нь их нууцалнаа. Энэ айл мал тууж ирээд манайтай хамт гурван жил морь уясан. Их хонгор, бага саарал гэж хоёр хурдан азаргатай. Бага саарал нь сая би ярьдаг ганц эргүүлэгтэй адуу байсан юм.
-Эргүүлэг олон байх тусмаа сайн гэлцдэг юм билээ?
-Тийм. 1969 онд Архустын сангийн аж ахуйн 35 мянган каракуль хонь манай энд ирж. 1973 түүнийг маллах малчид Увс аймгаас илгээлтээр ирж байлаа. 1976 онд сангийн аж ахуйн малын тэгшитгэл хийж тоо толгойг нь  16-д барьсан юм. Тэгэхэд манайх жижиг хээр азаргатай 12 хээр морьтой 56 тооны адуу, 21 тооны үхрээ улсын байгууллагад зарж байлаа.
-1990-1996 оны хооронд сайн хурдалж байсан саарал азарганы тухайд?
-Сосорынх гэдэг айлаас ирсэн адуу. Саарал азарганы эцэг нь хонгор Морьтын Цэндийн шарга халзан азарга. Эх нь тэр хар Сосор гэдэг хүний саарал гүү. Саарал азаргаа үрээнд нь би Даланжаргалан суманд байдаг Балжий дүүдээ өгсөн юм. Тэнд очоод хоёр түрүүлж,  нэг айрагдаад Диймаа гэдэг хүнд зарагдсан. Диймаа нь нааш нь Пүрэвдоогийн Лхагвасүрэн гэдэг хүнд зараад нөгөөх нь гурав айрагдуулаад хөлийг нь муутгачихсан. Тэгээд хүнсэнд хэрэглэх гэж байхад нь манайх эргүүлж авсан. Ингэж л нэгэн цагт дургүйлхэн гаргаж явуулсан энэ амьтан учрал тавилангаар эргэн ирж олон сайн азарга гүү үлдээсэн дээ.
-Бас нэгэн хүрэн азарганы талаар түрүү яриад байсан санагдана. Тэр ямар учиртай адуу билээ?
-Морьтын Цэндийн хүү Төмөрхуягийн адууны хүрэн азаргыг 1991 онд манайх Цэрэндэжидээс авсан юм. Энэ хүрэн азарганы эцэг нь Морьтын Цэндийн улс хувьсгалын 60 жилийн ойд аман хүзүүдэж байсан хээр азарга. Харин эх нь Галшарын Донойн Цэгмэдийн хүү Минжүүрийн адууны хүрэн гүү. Энэ хүрэн гүүний төл шарга үрээ Сүмбэр болон ойрын сумдад их түрүүлсэн.
-Алдартын адуу аргагүй чанарлаг юмаа. Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэнд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна