МУ-ын Гавъяат малчин, МУ-ын Алдарт уяач Ц.Шинэн: Дөмөг учраатай таарсан бөх улам сайжирдагтай адил бэсрэгтэй хамт уягдсан монгол тэмээ хурдаараа дутна гэж байхгүй

Тэлмэн
2016 оны 5-р сарын 09 -нд

Шинэ долоо хоногийн мэнд уншигчдаа. Зуны эхэн сарын шинийн гуравны бэлгэт сайн өдөр  та бүхэндээ Монголын төдийгүй дэлхийн хамгийн олон тэмээтэй эрхмийг уулзуулж буйдаа баяртай байна. Түүнийг Цэдэнгийн Шинэн гэдэг. 1959 оны зун Баянлиг сумын нутаг Ар шинэ ус хэмээх газар эхээс унасан тэрээр хөдөлмөрч, малч монгол ухааны нэгэн илэрхийлэл юм. Их говийн эзэн сүр ихт тэмээн сүргийнхээ тоог 1300 давуулж сүүлийн дөрвөн жил улсдаа тэмээнийхээ тоо толгойгоор тэргүүлж буй түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн:
-Монгол Улсын Гавьяат Малчин
-Монгол Улсын Сайн Малчин
-Алтангадас одон
-Монгол улсын тэмээний Алдарт уяач зэрэг цол тэмдгээр шагнаж байжээ.
-Тэмээчдээс анхны улсын Алдарт уяач цолны эзэн болжээ. Баяр хүргэе.
-Баярлалаа.Улсын чанартай уралдаанаас зургаан түрүү эсхүл 12 айраг авсан хүнд улсын Алдарт уяач цолыг олгодог. Миний хувьд Манлай уяачийн болзол хангасан хэдий ч эхний ээлжинд Алдарт уяач цолыг олгох нь зүйтэй гэж үзээд 2013 онд энэхүү цолыг гардуулсан юм.
-Тэмээ уясан амжилтыг үндэслэсэн улсын цолыг хаанаас олгодог юм бэ? 
-МУ-ын тэмээ уяачдын холбоо, Тэмээн поло холбоо, Спорт аялал жуулчлалын яам хамтран олгодог. Өмнө нь тэмээ уядаг хүмүүсийн хөдөлмөрийг ийнхүү үнэлж байгаагүй. Өвлийн хүйтнээр өрнөдөг бидний хөдөлмөр хүнд шүү дээ.Тэр ч утгаараа тэмээ уяачдынхаа хөдөлмөрийг үнэлж засаг төр маань анхааралдаа авч, алдар цолыг нь морин уяачдын нэгэн адилаар Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болмоор байгаа юм. Энэхүү саналаа төрийн тэргүүнийг манайд зочлоход нь уламжилсан.Тэмээний уралдаан тогтмолжсоноор сүүлийн жилүүдэд тоо толгой нь өсч, чанар чансаан дээр нь ч анхаардаг боллоо.Энэ үед нь төрийн зүгээс бодлогоор дэмжмээр байна.Хоёр бөхт тэмээ чинь дэлхийд ховорт тооцогддог амьтан шүү дээ.
-Хоёр бөхт монгол тэмээг дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн арга хэмжээ боллоо.
-Тэгсээн. Өмнөговь аймгийн удирдлагууд сайхан санаачлага гаргаж, 1000 тэмээ уралдуулан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн Гиннест бүртгүүллээ. Үнэхээр сайхан арга хэмжээ болсон. Гэхдээ нэг зүйлд сэтгэл дундуур байгаа. Нуугаад яахав.
-Баянхонгорын нэлээд олон тэмээ хасагдсан. Тэр тухайд ярьж байна уу?
-Тэгэлгүй яахав. Сэтгэл дундуур үлдсэн. Манай Баянхонгороос очсон тэмээнүүдийн дийлэнхийг нь хасчихсан шүү дээ. Өмнө нь Өмнөговьд манай сумын тэмээ хэд хэдэн удаа очихдоо айраг, түрүү алдаагүй.Завсаргүй ч давхиж байсан удаатай. Тэр утгаараа бас биднээс болгоомжилсон боловуу хэмээн таамаглаж байгаа юм. Мэдээж дэлхийд данслагдах тэр том түүхэн уралдаанд нутгийнхаа тэмээг амжилт гаргаасай гэж хүссэн байлгүй дээ.Олон хүний хүч хөдөлмөр, цаг зав, хөрөнгө мөнгийг салхинд хийсгэсэн учраас бид нутгийн удирдлагуудтай нь уулзсан.
-Аймгийн захиргааны өмнө жагсаад байсан тэмээчид та нар байх нь ээ?
-Тиймээ. Дуугүй өнгөрч болохгүй зүйл л дээ. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ХХААЯ-ны сайд Бурмаа, аймгийн засаг дарга Бадраа, Тамгын Газрын Дарга  нартай нь уулзсан. Жалга довны үзэл гаргаагүй л гэж байна лээ.
-Эрлийз буюу бэсрэг тэмээдийг журамд заасны дагуу хассан гэсэн мэдээллийг өгч байсан?
-Ний нуугүй хэлэхэд эрлийз гэсэн нэрийн дор манай Баянхонгорыг яг цэвэр 42 монгол тэмээ ялгагдаж хоцорсон.
-Нийт хэдэн тэмээ хассан юм бэ?
-60-аад тэмээ хассан.Түүнээс 42 нь цэвэр монгол. Баянхонгорын тэмээг л хасаад байсан юм шиг байна лээ. Яагаад тэгж байна вэ гэхээр Өмнөговийн уяачдын нэр дээр бүртгүүлсэн тэмээг зүгээр гаргасан байсан. Энэ асуудлыг хөндөж тавихад
“ирэх очих замынхаа зардалд нэмэрлэ” гээд гурван сая төгрөг гаргаж өгсөн. Тэглээ гээд тэр олон хүний олон сарын хөдөлмөрийн хөлс, хүч итгэл, найдварыг нөхөхгүй шүү дээ.
-Ханбогд суманд болсон нэгэн уралдаанд танай хоёр тэмээ түрүү, аман хүзүүнд хурдалж байсныг санаж байна. Баянлигийн тэмээ хурдан уу?
-Ер нь хурдан шүү. Тэмээ хурдан байна гэдэг уяачид нь сайн байна гэсэн үг биз.
-Мэдээж
-Цаашлаад уралдаанч хүүхэд ч сайн унасных. Мөн тэмээний уралдаан тогтмол зохион байгуулагдсаных юм. Амжилт гаргахын тулд аль сайныгаа шилж уяна. Арай дөнгүүрийг олж авна. Тийм биз.
-Тэгэлгүй яахав? 
-Манай сум тэр тусмаа манай баг өвөлжингөө уралдчихдаг. Сүүлийн үед эрлийз хэмээн ялгаад хүмүүсийн сонирхол жаахан буурч байгааг эс тооцвол шүү дээ. Жилдээ сумын статустай 2-3 уралдаан болж байна. Эндээ байнгын бэлтгэлтэй байгаа болохоор тойрсон сумдынхаа уралдаанд манайхан давамгай амжилт үзүүлдэг.
-Баянлиг аймагтаа тэмээнийхээ тоо толгойгоор тэргүүлдэг гэл үү?
-Тэгэлгүй яахав. Улсдаа гуравт бичигддэг.
-Аль аймгийн ямар сум тэргүүлдэг юм бэ?
-Өмнөговь аймгийн Ханбогд сум тэргүүлж, Мандал-Овоо удаалдаг.
-Харин таны хувьд Монгол Улсын төдийгүй дэлхийн хамгийн олон тэмээтэй хүн шүү дээ?
-Энэ жил манайх 1346 тэмээ тоолуулж амжилтаа бататган тэргүүлсэн. Тэмээний тоо толгой 1000 давсанаас хойш сүүлийн дөрвөн жил дараалан Монгол Улсын хамгийн олон тэмээтэй айлаар шалгараад байгаа.Монголд тэмээний гурван үүлдэр бий. Сая “Монгол тэмээ -999” баярын үеэр үүлдэрээр баталгаажуулсан шүү дээ. Манайх Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Төхөм тунгалагийн хүрэн гэсэн энэхүү гурван үүлдрээс бүгдээс нь буурь тавьсан.Мөн хараахан батлагдаагүй хэдий ч Монголд тэмээний дөрвөн томоохон үүлдэр байдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Дөрөв дэх нь юу билээ?
-Манай Ламын Гэгээний улаан тэмээ. Энэ үүлдрийг баталгаажуулах ажил 60-иад хувьтай яваа. Энэ үүлдэр баталгаажвал монголд дөрвөн том үүлдрийн тэмээ бий хэмээн ойлгож болно.
-Одоогоор баталгаажаад байгаа тэмээний гурван том үүлдрийн гол цөм нь хаана байдаг юм бэ?
-Ханын хэцийн хүрэн тэмээд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд бий. Харин Галбын говийн хүрэн хүрэнгүүд Ханбогдод, Төхөм тунгалагийн хүрэнгүүд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бий.
-Малын чанар чансааг сайжруулахад сүргийн бүтэц ихээхэн чухал байдаг байх. Нэг буур тэмээний бүтэц ямар байдаг юм бэ?
-Буурны хүч тарга, бүдүүн нарийнаас хамаараад 25-30 ингэтэй байдаг. Ер нь саальны ингийг хоёр бууранд хураалгах нь тохиромжгүй учраас нэг бууранд төвлөрүүлэх нь зүйтэй. Тэгэхээр буураа зөв сонгох ёстой болж байгаа биз.Олон ингэ гаргачих боломжтой буурыг сонгож хотондоо оруулах нь чухал. Дээр үед 60 ингэж тавьж үзсэн. 55 нь  гардаг юм билээ. Гэхдээ тэр эрлийз буур байсан.
-Монгол буур дээд тал нь хэдэн ингэ хураах боломжтой вэ?
-Дээд тал нь 45. Дунджаар 30-35.
-Танайх хэдэн бууртай вэ?
-10-аад бууртай. Жилдээ 200 гаруй ингэ ботголно. Мэдээж эр тэмээг ялгана. Хамт явуулбал буур орохоороо барьчихна шүү дээ. Харин гунж, тором бол явж болно.
-Танайхныг бэсрэг тэмээ олонтой гэдэг юм билээ. Монгол тэмээнээс ялгаа ихтэй юу?
-Эрлийз тэмээ ингэ хураах чадвараараа онцгой. Хэзээ ч ингээ алдахгүй. Энэ бол хамгийн онцгой чанар нь. Аа сөрөг гэх юмуу бэрхшээлтэй тал нь зан аашийн хувьд ширүүн. Монгол буур шиг дөлгөөн зөөлөн зангүй. Ороо нь орчихсон үедээ хүн барьчихсан байхыг үгүй гэхгүй. Хүн гэлтгүй өөрсдийгөө ч барина. Ингэ гаргах тал дээрээ давуу. Онд орохдоо илүү. Унаж эдлэхэд ачаалал даана. Уягдаж сойход хурдан эвлэнэ. Тэр бүү хэл бэсрэг ингэний сүү сааль нь арвин.Ноосны ноолуурлаг чанар нь илүү. Энэ мэтчилэн маш олон чанараараа монгол тэмээнээс илүү.
-Ширүүн дориун зан ааш нь нэгдүгээр үедээ илүү юу?
-Тэгэлгүй яахав.
-Уналга эдэлгээнд эрт сургах нь зүйтэй юу?
-Тийм. Юм зөөх, унаж эдэлж байж л сургана. Ганцааранг нь унахгүй. Ханьтай эсвэл тэмээ хөтөлж унана. Энэ дашрамд хэлэхэд эрлийз тэмээ болгон хурдан биш. Эрлийз адуу болгон хурдан байдаггүйтэй адил. Мөн хоёр, гурав дахь үеийн эрлийзүүд монголоосоо ялгарах юмгүй. Барагтай хүн ялгахгүй дээ. Уналга эдэлгээ зэрэгтээ илүү шинжээр нь л таньж болох юм.
-Танайд дээд тал нь хэддүгээр үеийн эрлийз тэмээнүүд байна вэ?
-Хоёр дахь үеийн эрлийз буюу бэсрэг тэмээд байна.Гурав, дөрөв дэх үе рүүгээ  орвол монгол тэмээнээс ялгагдахгүй.Зан аашийн хувьд ч зөөлөрнө. Манай энэ хавийнхэн мэр сэр эрлийз тэмээтэй болохоор Өмнөговийнхон арай дөнгүүрийг нь бэсрэг гээд байгаа юм. Цэвэрхэн төрсөн хүн байдаг шиг цэвэрхэн төрсөн мал ч байна. 
-Шинэнгийн тэмээ л бол эрлийз гэх гээд байна уу?
-За бараг л.
-Ингэхэд бэсрэг тэмээг бодлогоор бий болгодог юмуу. Эсвэл ...?
-Монгол ингийг хавтгайн тайлган бууранд нийлүүлж байж тийм төл авна. Хавтгайн ингэ олдохгүй, буурандаа хазагдаж сүргээсээ хөөгдсөн тайлган буурууд айлын ингэ хураагаад ийм төл гарч байгаа юм.
-Салгаж авахад бэрх үү?
-Хавтгайн буурны ороо нь гарахаар ингээ орхичихно. Тэгэхээр монгол ингэ бэлчээртээ л ирнэ шүү дээ. Монголжсон хавтгай өвөл айлын хотонд ирж хоноглоод байсан ч удаатай.
-Бэсрэг тэмээд голдуу хаагуур байдаг юм бэ?
-Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумдад ийм эрлийз ботго төрдөг. Бид тэндээс дамжуулан авдаг юм.
-Үнэтэй юу?
- 4,5 саяас доошгүй. Томрох тусмаа үнэтэй болно. Дээд талын бэсрэг тэмээ 10 сая төгрөг хүрсэн. Дээр ярьсан айлын хотонд орж ирсэн хавтгайн буурын төл Өмнөговь аймгийн Гурвантэс болон манай аймгийн сумдад 60,70-аад эрлийз тэмээ бий. Нуулгүй хэлэхэд би энэ эрлийз тэмээг үнэхээр бишэрдэг хүн. Тэр ч утгаараа Баян-Өндөр, Шинэжинстийн эрлийз тэмээг би л авч үнэд оруулсан байх. Зөвхөн уралдахдаа ч бус унаад явсан ч  эдэлгээ даана.
-Монгол тэмээ яаж ч хичээгээд эн зэрэгцэхгүй юу?
-Эрлийз тэмээтэй цуг уясан монгол тэмээ хурдаараа дутна гэж байхгүй. Дөмөг учраатай таарсан бөх улам бүр сайжраад байдагтай адилхан. Нөгөөгийнхөө энд хүрэх гэж хичээсээр байгаад амьсгаа нь задарчихдаг юм шиг байна лээ.
-Ингэхэд Алдарт жилдээ хичнээн тэмээ уядаг юм бэ?
-Нэг үе хүүхэд шуухадтайгаа нийлээд овоо хэдийг уядаг байлаа. Одоо  өөрөө ч тэмээ унаж чадахаа байлаа.Хүүхэд ч ялгаж салгаад байхаар дургүйцээд байдаг болж.
-Таны уяж байсан атуудаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь аль вэ?
-Цонжинболдогт болсон уралдаанд түрүүлээд хасуулдаг шар ат маань. Баянхонгор аймгийн тэмээчдийн зөвлөгөөний үеэр болсон уралдаанд мөн түрүүлсэн. Өвөрхангай аймгийн Богд сум буюу Зүүн богдод болсон дөрвөн Хөдөлмөрийн Баатарын нэрэмжит уралдаанд мөн түрүүлсэн. Гурвантэсэд ч түрүүлсэн. Аймгийнхаа Баянговь, Баянлиг, Богд гээд олон суманд түрүүлсэн дээ. Манай өөрийн ботгон тэмээ байгаа юм. Ганц үүгээр тогтохгүй говийн аймгуудадаа гайхагдсан хурдан тэмээд над цөөнгүй бий.
-Олон жил уралдсан морь өөрийгөө сойдог гэлцдэг. Тэмээ тийм байдал гаргах уу?
-Уяа нь зөв байгаа тэмээ өөрөө хоолоо тааруулаад байдаг. Цадталаа иднэ гэж байхгүй гэсэн үг.
-Ямар шинж давамгай байвал хурдан гэж үздэг юм бэ?
-Хүн, мал ялгаагүй дээ, удмаа дагана. За мэдээж хурдан тэмээ бол яс хөнгөн, булчин шөрмөс чанга байх хэрэгтэй. Малч хүн тэр дундаа тэмээчин хүн хараад “энэ хурдалж мэдэх юм” гэж мэдэрнэ шүү дээ. Тэгээд л түүнийгээ уяна. Хамгийн гол нь удам.Тэнхээтэй хүний хүүхэд тэнхээтэй байдагтай ялгаагүй хурдан тэмээний төл хурдан байдаг. Үүнтэй холбогдуулаад нэг сайхан түүх яръя гэж бодлоо. Бат-Эрдэнэ Аварга тэмээтэй ойр өссөн эсэхийг мэдэхгүй. Гэхдээ монгол хүн гэдгээрээ аргагүй өөр юм билээ. Би их тоосон. Дөмөг хүн дөмөг л нүдтэй байдаг юм байна гэж хувьдаа гайхаж байлаа. Ийм явдал болсон юм. Баянговьд Бат-Эрдэнэ Аварга, Доржсамбуу  заан нарын бөхчүүд ирсэн гээд нэг уралдаан зохион байгуулахаар боллоо. Уралдаж байсан тэмээгээ тавьчихсан байсан бид тэр тухай дуулаад тэмээгээ барьж аваад хөнгөрүүллээ. Уралдааны үеэр миний тэмээ түрүүлээд яваад байгаа байхгүй юу. Цээжинд л яваад байна. Угаасаа тэгж гүйдэг тэмээ л дээ. Тэгсэн нэг машинаас сүрхий том хүрэн дээлтэй хүн гараа гаргаад “гуяд” гээд байх юм. Өнгөнд Баянговийн Пүрэвбатын тэмээ, манай тэмээ хоёр л яваа. Машиныг нь харсан Пүрэвбат бишээ. Би “хэн байдаг юм болоо” гээд гайхаж явсан Аварга байсан байна лээ. Машинд нь явсан хүмүүс “аль тэмээ түрүүлэх вэ” гээд бооцоо тавихад Аварга миний хүрэн тэмээг түрүүлнэ гэсэн юм билээ. Тэгээд л тийнхүү балиашиглаж байхгүй юу.
-Аварга бооцоогоо авч чадсан уу?
-Миний хүрэн тэмээ хүн үзэхээрээ үргэдэг муу зантай. Бэсрэг тэмээнд байдаг нэг муу зан нь энэ. Бариа руу дөхөж ирээд хүмүүс харахаараа заавал өмнөө нэг юм хавчуулж байж ордог зантай. Тэр зангаараа ухарч аман хүзүүдсэн. Аман хүзүүдсэнийх нь дараа Аварга миний тэмээг хөтөлчихсөн явж байсан.Тэгээд сайхан танилцаж зургаа татуулсан даа. Ямар ч байсан мал таньдаг л хүн байна лээ. 
-Ингэхэд та хэдэн онд МУ-ын Гавьяат малчин боллоо?
- 2013 онд
-Тэр жил их онцгой хийморьтой байжээ. Улсын Алдарт уяач цолоо ч гэсэн авсан гэхээр?
-Тэгсээн. Би ганц тэмээ гэлтгүй таван хошуу мал малладаг хүн. Сүүлийн жилүүдэд тэмээгээ жаахан түлхүү үржүүлээд байгаа болохоос биш.
-Туслах малчин олонтой юу?
-Бий, бий. Цалинжуулахаас гадна малжуулна.Төлийнхөө 60 хувийг би аваад 40 юм уу 40 гаруй хувийг туслах малчдадаа өгдөг. Яагаад 40 гаруй хувь гэж хэлж байна вэ гэхээр цаг сайхан жил ихэрлэнэ шүү дээ. Манай малыг маллаж байгаад малжсан улс зөндөө бий. Би чинь нэгдэл нийгэм тарахад хувьцаа гэж аваагүй хүн. Гэр бүл болохдоо хоёр гурван тэмээ, тав зургаан адуутай гарсан. Түүнийгээ өсгөж, үржүүлээд өдий зэрэгт хүрлээ.Малын буян арвин юм даа.
-Нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан юм бэ?
-Илгээлтээр гарч мал маллаж байгаад цэрэгт явсан. Гурван жилийн алба хааж ирчихээд хэсэг мал туусан. Нэгдэлд туслах ажилчнаар ч ажиллаж байлаа. Үйлдвэрт ч ажилласан. Худалдаа бэлтгэлийн  ангид 10 гаруй жил ажилласан хүн шүү дээ. Тэгж байтал хувьчлал болоод “миний сурсан сургууль малаас өөр байхгүй ээ” гээд хөдөө гарсан хүн. Яагаад гэхээр надад мал маллаад амжилтанд хүрнэ гэсэн зөн совин байсан. Тэр маань ч биелж улсын аварга малчин, Гавьяат малчин болсон доо.
-Таны аавыг малч алс холын бодолтой хүн байсан байх гэж боддог шүү?
-Би аав гэж хүний хайр халамжинд өсөөгүй хүн. Цэдэн гэж миний ээжийн ах байгаа юм. Хоёр нүдгүй 70 гаруй насны сайхан буурал байлаа.13-тай байхад нь хоёр нүд сохорсон юм билээ. Тэрнээсээ хойш орчлонг олж хараагүй. Харалгүй байсаар орчлонгоос явсан хүн. Би тэр сайхан бурхан шиг хүний гар дээр өссөн. Миний ээж намайг гаргаад бага байхад айлын бэр болоод явчихсан юм билээ. Би эгчтэйгээ, буурал ээж, ах хоёр дээрээ үлдэж хүн болсон доо. Намайг өсгөсөн тэр ах маань мундаг зөв ухаантай, сайхан хүн байж. Хоёр нүд нь харахгүй ч одооны энэ залхуу нүдтэй, гартай, хөлтэй залуусаас илүүг хийдэг. Гайхалтай ажилтай хүн байсан. Арьс элдэнэ. Мал ноосолно. Тэмээ, адуу сургана. Үгүй ээ, ер нь хийхгүй юм байхгүй дээ. Хамгийн гол нь намайг бага жаахан гэж гололгүй ярина. Тэгдэг юм, ингэдэг юм гээд тайлбарлана. Хэлсэн үг бүхэн нь хожмын өдөр эргээд бодоход том сургамж болдог тийм л агуу хүн байсан даа.
-Цэдэн гуай өөрөө хэдэн хүүхэдтэй байсан юм бэ?
-Дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь хөгшин нь орхиод явчихсан юм. Тэгээд өөрөө гэр орон, мал хуйгаа бүгдийг нь хөгшиндөө, хүүхдүүдэдээ өгчихөөд аавынхаа гэрт ээж дээрээ ирсэн хүн. Одоо үр хүүхдүүд нь гал голомтыг нь сахиад мал хуйг нь маллаад явж байна. Миний ээжийн дүү бас нэг хөгшин байлаа. Би тэд нарыгаа бараадаж хүн болсон доо. Нуугаад яахав ээ. Миний амьдрал нэг их сайн байгаагүй. Хүн багадаа амьдралын хатуу хөтүүг үзэж, мэдэрсэний буруу байдаггүй юм шигээ. Багаасаа амьдрал ойлгочихсон, юм үзчихсэн хүн алдах нь бага. Амьдрах арга барилаа олчихдог. Сайхан эцэг эхийн буянд хамаг юмаа бэлдүүлчихсэн хүн үндсэндээ үрж л сурдаг. Харин бидэн шиг хүмүүс олж, бүтээж амьдардаг. Ийм хоёр том ялгаа байна.
-Хүний эцэг эхэд үр хүүхэд нь өөдтэй өнгөтэй явахыг харах шиг жаргал байдаггүй гэлцдэг. Цэдэн гуай тийм жаргалыг эдэлсэн болов уу?
-Миний муу ах нүд муутай, нас өндөр болчихсон байсан болохоор би өөрийнхөө гараар бүгдийг бүтээнэ хэмээн бор зүрхээрээ зүтгэсэн. Намайг айл гэр болж, ажил төрөлд ороод зүгширч байхад бурхны орноо одсон доо хөөрхий. Гэхдээ хүний унадагийг унаж, эдэлдэгийг эдэлж байсан болохоор “энэ хүүхэд боломжийн амьдрах нь” гэж мэдрээ байлгүй. Ямар ч байсан амьд сэрүүн ахуйд нь муугаар хэлүүлж сэтгэлийг нь зовоогоогүй ээ. Намайг төрүүлсэн ээж минь улсын сайн малчин болоход амьд сэрүүн байлаа. Тэгээд “би чинь Аварга төрүүлдэг л хүн байж” гээд хүнд ярьж байхыг дуулаад ээжийгээ өрөвдсөн шүү. Харин хожмоо “муу ээжийгээ амьд сэрүүнд нь баярлуулж дээ” гэж боддог юм.
-Гавьяат болоход тань байгаагүй юмаа даа?
-Манай ээж 2007 онд нас барсан. Харин би зургаан жилийн дараа МУ-ын Гавъяат малчин болсон юм. Хэдийгээр дэргэд байхгүй ч миний буурлууд намайг тэнгэрээс харж байгаа хэмээн итгэдэг болохоор хүүгээрээ бахархсан байх гэж боддог.
-Эхээс олуулаа юу?
-Би ээжээс долуулаа. Дээрээ гурван эгчтэй, доороо гурван дүүтэй. Хоёр дүүдээ гэр орон барьж, мал хуй тасдаж өгөн тусад нь гаргасан. Нэг дүү маань одоо надтай байдаг юм.
-Гавьяат хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг хүү, дөрвөн охинтой. Хүү маань ХААИС төгссөн. Одоо аавдаа туслаад мал маллаж байна. Гурван том охин дээд сургууль төгсчихсөн.Одоо бага нь оюутан. Хоёр охин маань сумандаа аж төрдөг. Нэг нь сургуульд багшилж байна. Нөгөө нь төрийн банкны эрхлэгч хийдэг. Төрж өссөн нутагтаа амьдрах хэрэгтэй л дээ.
-Тэр ч тийм шүү. Сум орон эзгүйдэж байна л дуулдах юм байна шүү дээ?
-Тэгж бодоод нэгээс бусдыг нь нутагт нь аж төрүүлж байгаа. Манай хүүхдүүд ч гэсэн нутаг амьтай. Ажлынхаа заваар аав ээждээ тусалж, ингэ саана.
-Дан ганц тэмээ бус мөн морь уядаг юм байна. Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа вэ?
-Айл гэр болсон цагаасаа хойш л морь уяж айраг, түрүү алдалгүй сайхан наадсаар өнөөдрийг хүрлээ. Сумын Алдарт уяач цолтой боловч амжилтаа яривал аймгийн Алдарт уяач цолны болзлыг хэдийнэ хангачихсан. Алдаа оноо цоорхой байдаг юмуу аймгийн цолоо аваагүй л байна. Тэгсэн хэр нь намайг энэ нутагт морь уяад айраг, түрүү авч байхад гараагүй байсан хүүхэд аймгийн Алдарт уяач болчихоод явж байх жишээтэй. Би авъя гэж зүтгэдэггүйтэй ч холбоотой байж мэднэ. Уг нь би авъя гэх бус болзол нь биелчихсэн бол өгчихмөөр л санагддаг. Энэ сумын баяр наадмын гурван түрүүг нь хүртэл нэг дор авчихаж байсан ч удаатай.
-Алдартын нэрийг өргөж, магнайг тань тэнийлгэсэн буянт хурдан хүлгүүдээсээ танилцуулаач?
-Миний муу ах намайг багад ганц, хоёр гүү авч өгсөн.Түүнээс нь овоо хэдэн дориун адуу гарсан. Мөн над бэлгэнд ирсэн хурдан хар азарганыхаа төл хар үрээгээр азарга тавиад олон хурдан адуутай болсон. Энэ суманд айрагдаж ч байлаа, түрүүлж ч байлаа. Их бага насандаа ер нь айраг, түрүү алдаагүй дээ. Сүүлийн үед хаа сайгүй унаган буюу нутгийн адуугаар наадах аргагүй болж. Олны жишгийг дагаад зүүн талаас хурдан удмын адуу авч түүгээрээ сайхан наадаж байна. Яг газар дээр нь өөрөө очоод авсан нь илүү юм. Өнгөрсөн жил би Сүхбаатар аймаг руу яваад хоёр үрээ авчирсан. Нэг түрүүлж, нэг аман хүзүүдлээ. Мөн манай хүү Говьсүмбэрийн Алдарт уяач Адъяасүрэн гуайгаас  нэг адуу авчирсан нь түрүүллээ.
Хүүтэй нь нэг ангид сурч байсан юм билээ. Хүүд маань хурдан  удмын адуу бэлэглээд түүнийгээ Цонжинболдогт болсон уралдааны үеэр ачаад ирсэн. Тэгэхээр нь би оронд нь поло тоглох гэж авч очсон, бас ойр зуур уралдчихдаг нэг тэмээгээ өгсөн юм. Тэр нь Говьсүмбэр, Дорноговь аймагт хоёр жил дараалан аман хүзүүдсэн гэсэн. Ер нь манайхаас гарсан тэмээнүүд очсон газар бүртээ айраг алдахгүй байгаа дуулддаг шүү. Ганц тэмээ ч биш дээр үеэсээ манай адуу чанартай гэгддэг байлаа. Баянхонгор аймгийн төв Галуут суманд байхад улс манай морьдыг унаж явдаг байсан гэнэ лээ. Хоёр морио зогсоочихсон хүн ирээд манай адуунаас морь барьж аваад явж. Гэтэл нөгөөх нь аймаг орчихоод зөв зүгээр хүрээд ирж байсан гэдэг. Манай адуу тийм л чанартай байж. Дэлхийн 2-р дайны үед тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс руу тусламжийн агт явуулдаг байсан тухай дуулсан байх. Тэгэхэд миний буурал аав азарга, гүү, хэдэн багачуул авч үлдээд 67 билүү 69 тооны адуу фронтод бэлэглэж байж. Өнөөдөр манай тэмээ, адуу хурдан байгаа нь тэр сайхан сэтгэлийн өглөгийн хариу ч байж мэднэ шүү дээ. Хүн ер нь өгөө аваатай, зөв бодолтой, зөв сайхан амьдрах хэрэгтэй. Ах нь тэгж л боддог.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч сайхан хөөрөлдсөн танд баярлалаа. Ажил үйлс тань өөдрөг, ахуй амьдрал тань гэрэл гэгээгээр цацарч байх болтугай.
-Ерөөл бат оршиг.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна