Аймгийн Алдарт уяач Д.Баасанхүү: Зургаан хоногийн өмнө барьж уяад бүгдийг нь айрагдуулж байлаа

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 19 -нд

Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Баасанхүү гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 
-Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг Их уулын бэлд төрсөн юм байна. Энэ нутгийн хүн болоод удаж байна уу?
-Би 1942 онд Завхан аймагт төрсөн хүн. Харин өссөн нутаг бол Налайх дүүрэг. Тэндхийн “Сүхбаатарын зам” нэгдэлд жижиг Сүхбатын аав Агваансамдан гуай, ММСУХ-г үндэслэгч Пунцагбалжир агсны аав нар мал малладаг. Би тэдний морийг унадаг байлаа. Засагт төрийн зандан ширээ Шийтэрийн зээрд азаргыг ид хурдан байхад манай аавын Үнэгэн зээрд гэж азарга их сайн байсан. Намайг 12 нас хүрсэн жил аав маань бурхан болж, дараа жилээс нь эхлээд би өөрөө морь уядаг болсон. Сүүлийн хоёр гурван жил морь уясангүй. Түүнээс насаараа л морь уялаа. Би түмэн олныхоо хүчээр олон сайн азарга авсан хүн. Түүнийхээ нэг олон медальтай Галшар угшилтай хонгор халзан азаргаа 1977 онд нийгэмчилсэн. Түүний төлөөс азарга тавих гээд Очирбатын хүү Ягаанаа надаас асуухаар нь “зээрд халзангаар нь азарга тавь. Бядтайхан адуу байгаа юм. Үр удам сайтай байх” гэсэн. Тэр дагуу Ягаанаа азарга тавьж, олон сайхан хурдан буянтай болсоон.
-Олон медальтай хонгор халзан азарганыхаа талаар жаахан дэлгэрүүлээч?
-Манайх Налайхаас нүүгээд Төв аймгийн Эрдэнэ суманд очсон. Тухайн үед гурван хүрэн азарга ид хурдан байлаа. Тэдэнтэй уралддаг нь манай Галшар угшилтай хонгор халзан азарга. Яадаг байсан юм бүү мэд, сунгаанд урд хойноо орж уралдаад наадмаар бол бардаггүй л байсан. Тэр сайхан нутагт очиж нэрт уяач Гэсэрваань, “цагаан” Дугар нарын сургаалийг дуулж явлаа. Түүндээ их бахархдаг юм шүү.  Тэр үеийн өвгөчүүл атаа, жотоо байхгүй  үнэхээр сайхан нааддаг байсныг зориуд хэлмээр санагдаж байна.
-Халзан азарганыхаа талаар...
-Аан тийм ах нь жаахан мунгинуу болоод байгаа. Тэр азаргыг Эрдэнэ сумын орлогч дарга байсан Бундан Цэгмэд гэдэг 12 сард Галшараас авчраад би түүнийг нь мухар улаан үхрэн дээрээ 2000 төгрөг өгч авсан юм. Хонгор халзан азарга Галшарын Алагаа гэж хүний адуу юм билээ. Надад ирэхдээ найм есөн настай л адуу байсан.
-Бас л хөөрхөн өртөг байсан байна шүү?
-Ааваас хойш ээж бид хоёр мөнгө цуглуулдаг болсон. Муу ээж минь 1000 төгрөг болмогц Алтангэрэл судартаа боогоод далд хийдэг байсан юм. Намайг тэр азаргыг сонирхоод байхаар малын тооны өдөр “миний хүү ав, ав” гээд Алтангэрэл судраасаа 2000 төгрөгөө гарган өгч байсан даа. Миний ижий 95 хүрч бурхан болсон. Би ер нь эхийнхээ үгнээс зөрж үзээгүй хүн. Өвөл тооноор аваад дараа жил нь азаргаа уяж, Эрдэнэ сумандаа сунгаж байгаад Төв аймгийн 40 жил билүү 50 жилийн ойд очиж уралдсан юм. Миний морь уяна гэж юу байхав. Хэдэн хөгшчүүлээ бараадаад л шөлний хонийг тууж, азаргандаа зөвлөснөөр нь ажил хийгээд л явж байхгүй юу. Тэр наадамд Гэсэрвааний гурван хүрэн дараагаар орж, улсаас ачиж авчирсан Орос хоёр хүрэн азарга дөрөв, таваар орсон юм. Хүмүүсийн ярих нь тэр хоёр гадаад азарга бахардахаа алдсан гэж байсан.
-Таны хонгор халзан азарга хэдээр давхисан юм бэ?
-Наймаар. Гэсэрваань гуай миний халзан азаргыг “хонгор халзан азарга хурдан юм аа, сайн л уяхыг бод” гэдэг байсан. Тэр үед нээрэн балладаг байсан шүү. Азарга уралдчихаад их морио мордуулах гэсэн “Бугын сангийн аж ахуй руу яваарай, их морийг гадаадын зочид үзнэ” гэж цагаан хоолойгоор зарлаад тийшээ явж байсан. Надад халзан азарганаас гадна сайн бор морь байсан юм. Төв аймгийн наадамд зургаагаар давхиж байсан. Түүнийгээ Төв аймгийн Баяндэлгэр суманд болсон айлын шинэ гэрийн найранд аваад очлоо. Тухайн үед наадам цөөхөн болдог байсан болохоор уяачид их иржээ.  Тэндхийн “арзгай” Дашдаваа, Нүрзэд гээд сайн адуутай улсын охин хүү хоёр шинэ гэр барьж, найр хийж байсан юм. Би архи жаахан балгачихдаг нэг өвгөнийг дагаад хоёр уралдсан туранхай бор морьтойгоо яваад очлоо. Шөнө унтахын өмнө өвгөчүүл зоос татаад “арзгай Дашдаваагийн Бэлэвсэн хээр түрүүлж, улсад угтуулж тавьдаг Чойнжуур гэдэг хүний бор халзан морийг аман хүзүүдэнэ” гэж байна. Дашдаваагийн Бэлэвсэн хээр 14 удаа түрүүлсэн хурдан адуу л даа. За тэгээд  Хэнтийн Баянмөнхөөс газар шүргэсэн дэлтэй хээр морь ирсэн байна лээ. Тэр гурвална. Дөрөвт хонож байгаа айлын сайн цагаан морь, тавд Мөнгөнморьтын хээр морь орно гээд ярьж байнаа. Би залуу байсан болохоор шар хөдлөөд суугаад байгаа. Бас болоогүй хамт явсан Цэрэндагва гуайдаа “манай хамт яваа хүүгийн бор халзан морь айрагдана” гээд хэлчихгүй гээд гомдонгуй. Тэгээд шийдлээ дээ. Мориндоо нэг сайн ажил хийгээд, нэг бол түрүүлгэе, үгүй бол   мултарна биз. Ингэж бодоод туранхай мориныхоо хоолыг хасахаар шийдээд, тавилгүй морины хүүхдээ өвөртлөөд тэрүүхэнд хэвтчихлээ. Хамт яваа хөгшин “хүү минь цаад улсууд чинь морьдоо тавьчихлаа. Морио тавь” гээд дуудаад болдоггүй. Цаг харсан 12 болж байна. Тэгэхээр нь гараад хазаарыг нь аваад тавьчихлаа. Маргааш өглөө нь босоод харсан бор халзан морь маань сайхан болчихож. Баяндэлгэрээс олон сайхан тарган морьд иржээ. Халзан морио харуулчих санаатай уячихаад байгаа. Тэгсэн ганцхан таягтай өвгөн ирээд “за хүү яаж уралдана гэж бодож байна”  гэж байна. “Мэдэхгүй ээ” л гэлээ. Нөгөө Дашдаваагийн хээр гэж онгоц шиг юм л мордож байна. Манай эндээс очсон С.Намнан гэдэг хүн  надад “за миний дүү гурав дээр явуулж байгаад түрүүний хоёр морийг хооронд нь зодолдсоны дараа нийлүүлээрэй” гэж захидаг юм. Морьд ч явчихлаа, егүзэр өвгөчүүлтэй дурандаад сууж байсан миний бор халзан, нөгөө бэлэвсэн хээр, Хэнтий аймгийн хээр морь дөрөв гараад л зугтаачихлаа. Хэсэг яваад миний бор халзан бэлэвсэн  хээрийн буруу талд  ирээд холбогдчихсон. Тэгж байсан ногоон Нүрзэд гэдэг хүний хүү, Дашдаваа гуайн хүргэн хоёр хээр морио хөөгөөд сүйд. Би ч хараад л байж байлаа. Тэгсэн цагаан морьтой согтуу хүн “хүн морио хөөж байхад чи юундаа яндаганаад байдаг юм” гэж хэлээд бор халзанг хоёр ороолгосон дайраад л түрүүлчихдэг юм. За ингээд л “өө бор халзан морины эзэн дээшээ дээшээ” гээд л хүндэлж, баярын бичиг 50 билүү 25 төгрөгтэй өгөнгөө нөгөө Нүрзэд гэдэг хүн чинь “за хүүгийн гэрийн найранд түрүүлсэн юм чинь бор халзан морийг чинь ах нь авъя. Оронд нь адилхан бор халзан морь өгье. Өглөө  адуу ирэхээр байны чинь морийг өгье” гэж байна. Тэгээд өглөө нь халзан морины өртөг гээд  2000 төгрөг, сувай үнээ өгсөн.
-Түрүүлсэн морио зарчихаж байгаа юмуу?
-Тийм. Би уяан дээрээсээ зургаан насны морио зарчихаж л байсан. Урьд жил нь би таван насны морь айрагдуулчихсан байсан юм. Тэгээд дараа жил нь зургаан насны морь уячихсан байсан хазаар ганзагаласан улсууд гуйгаад байхаар нь зарчихсан. Хоёр хоногийн дараа ээж маань “өрөнд орж, үхэл зовлон үзсэн биш уяагаа хоосон байлгаад яахав” гэхээр нь наадмаас зургаан хоногийн өмнө даага, шүдлэн, хязаалан барьж уяад, гурвууланг нь айрагдуулж л байсан. Ах нь  сүүлийн долоо, найман жилийг эс тооцвол айраг, түрүү алдаж байгаагүй ээ. Бас хүмүүстэй адил их сургууль төгсөөгүй ч 44 жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, 500.0000-гаад төгрөгний тэтгэвэр авч байна. Халуун хошуут малын буян заяа шүү дээ.
-Ингэхэд та чинь нэгдэл нийгмийн үед ямар мал маллаж байсан билээ?
-Эрдэнэ суманд байхдаа хар хонь маллаж байсан. Худгийн мотор ч асааж л явсан. 10.000 тахиа ч тэжээж байлаа. Мал ч олон жил туусан.1986 онд  мал тууврын Аварга болж байсан. Аварга болсноо тэмдэглээд гурван сарын 18-нд уулын тахилга наадмыг анх зохион байгуулж байлаа. Тухайн үед сангийн аж ахуйн дарга байсан Очирсүрэн гуайд санал тавиад Сансар уулынхаа урд хоёр гэр барьчихаад их нас, соёолон уралдуулж түрүү морийг нь даагаар байлж байсан.
-Сайн азарга авч, сайхан нааддаг байсан гэлээ. Хаа хаанаас адуу авч байсан бэ?
-Манайх Малхын наана байсан нэг тууварчин ирээд “Галшарын Балдан гэдэг өвгөн өөрийг тань сураад байх юм” гэж  байна. Яваад очсон “би чамайг олон жил хүрээд ирэх болов уу гэж хүлээж байлаа” гээд сүйд. Тэр хөгшин яагаад тэгж сүйд болсон юм бэ гэхээр намайг багад өргөж авч байсан юм билээ. Албан ёсоор биш л дээ. Би өөрөө л урвахгүй юу. Тэгсэн удалгүй хөгшин нь нас бараад намайг төрсөн гэрт буцаасан гэдэг юм. Тэгээд л хожмоо тийнхүү сүйд болж байхгүй юу.
-Өөрийн гэсэн үр хүүхэдгүй хүн байсан юмуу?
-Баасанжав гээд нэг хүү нь Налайхад жолооч байсан. Хэнтий аймгийн Галшар сумын шилмэл сүргийг маллаж байсан Манал гэдэг тэдний хүргэн нь. Өвгөнийг эргээд очихдоо Маналтай танилцсан юм. Дараа хавар нь Цэрэндэжид агсантай хамт гараад давхилаа. Яваад очсон Баянмөнхөд түрүүлсэн хязаалан, соёолон түрүүлсэн хоёр цагаан адуу бий гэж байна. Тэрийг нь сонирхчихоод Маналындаа очлоо. Цэгмид гуайн хүү Минжүүрийнхтэй ойр юм. За тэгээд гүүнийх нь үнийг асуусан “манай Баасан энэ тэрүүгээр олон явдаг хүн мэдэж байгаа байлгүй дээ. 800 төгрөгөөр л өгье. Түүнээс 1000 төгрөг л гэдэг юм. Хүрэн азаргатай адуунд гурван гүү бий, тэрнээс үзэж байгаад ав даа гэж байна. Дэжээ ч ачаа бараагаа буулгачихаад “за би одоо ингээд явлаа Баасан, чи надад энэ хүнээсээ гүү аваад очоорой” гээд 800 төгрөгөө өгчихөөд давхиад явчихлаа. Маргааш нь адуу хураалгаад харж байсан чинь хөл муутай том хар азарга нүдэнд тусаад болдоггүй. Асуусан “даагандаа Галшарт хоёр түрүүлсэн” адуу гэнэ. За тэгээд ямар ч байсан хүрэн азаргатай адуунаас Дэжээгийнхээ гүүг аваадахъя гэж бодоод үзлээ. Нэг сайхан цагаан гүү авлаа. Сайхан хар нүдтэй зээрд морь урдаас хараад эвшээж байна. Тэгж байсан нөгөө Манал “Баасан минь би чамд нэг сайн морь, нэг сайн гүү бэлгэнд өгнө. Өөрөө  харж байгаад аваарай” гэдэг юм байна. Яг тэр үед төмөр шиг хар, хөх гүү урдуур гардаг юм байна. Тэрийг авъя гэлээ. Тэгсэн Нүхийн Дугаржав гуайн хүүгийн адууных гэнэ. Дээр нь хар нүдтэй зээрд морио авлаа. Тэгж байсан зургаа долоон морьтой залуу ирээд “та миний энэ цагаан морийг авахгүй юу” гэж байна. Тэрийг нь бас авчихлаа. Өвсгүй нааш нь авч  ирэх гэж бөөн юм болж, Шарбүрдийн хойно иртэл Дэжээ маань шар москвичтойгоо давхиад ирж. Тэгээд л гүүг нь хүлээлгэж өгсөн дөө.
-Тэрнээс нь эр унага гарсан гэдэг байхаа?
-Тэгсэн харимал цагаан гүүнээс эр зээрд унага гарч, миний бор гүүнээс охин унага гарсан.
-Нөгөө хар нүдтэй зээрд морь яаж давхисан бэ? Нүдэнд тусаад байсан гэсэн?
-Хар нүдтэй зээрд морио Баяндэлгэрийн ойд аваачиж зургаагаар давхиулсан. Тэгээд зарчихсан юм.
-Алдартыг залгамжлан хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа залуучууд бий биз.
-Манай хүргэн Ж.Наранбаатар морь уядаг. Одоо ч тэгээд бидний үеийнхэн шиг хөрөнгөтэй, бэлтэй хүн л морио айрагдуулдаг болж дээ.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл, энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Залуу уяачид маань улам бүр хичээж амжилт их гаргаасай. Миний морь айрагдахгүй байна гээд шантарч болохгүй шүү гэж захимаар байна. Бас та бүгдийн ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна