Уяач Ч.Мөнхтөр: Манай хээр азарганы төлүүд зүүн бүсийн түрүү магнай болцгоосон

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 20 -нд

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, залуу уяач Ч.Мөнхтөрийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2011 оны зүүн бүсийн хурдад амжилттай давхисан адуунуудынхаа тухай ярьж өгөөч?
-Зүүн бүсийн азарганы түрүү Баттогтохын хээр азарга манай адуу байгаа юм. Миний аав амьд сэрүүн ахуйдаа Санжидгүнтэв гэж хүнд өгөөд, өнөөх нь Баттогтоход бэлэглэсэн нь хязаалангаасаа эхлээд хурдалсан. Шүдлэнд нь надаас авч тэр жилээ сумандаа зургаалаад, хязааландаа Дэлгэрэхэд хол тасархай түрүүлж, сумандаа улс хувьсгалын ойгоор соёолон аман хүзүүдэн, Их говийн зоригтны наадамд дахин аман хүзүүнд хурдалсан. Дараа нь гурав дахь давхар уяагаараа Сүмбэрийн овооны наадамд ахиж аман хүзүүдсэн. Хавчиг азарга болоод хавар нь сумынхаа наадамд дөрөвлөж, долдугаар сарын 11-ний наадамд айрагдаад, ар дээр нь Алтанширээ суманд аман хүзүүдэж, дөрөв хоногийн дараа Айрагт очоод дахин хоёрлосон. Ингээд шинэ долоон настай азарга хавар сумандаа нэг айрагдаад, долдугаар сарын наадмыг алгасаад, 2011 оны Засгийн газрын тогтоолтой зүүн бүсийн хурд, Дорноговь аймгийн 80 жилээр түрүүлсэн нь тэр.
-Өөр нэг нь?
-Сайншанд сумын аймгийн Алдарт уяач Отгонбат найздаа хязаалан үрээ өгч байлаа. Тэр маань соёолон азарга анх уягдаад Сайншанд сумын “Найрамдлын хүлэг” уяачдын галын нээлтэнд айрагдсан. Дараа нь “Хутагтын хурд”-д 15, 16-аар цогисон санагдана. Түүний дараа Айрагт Бударын уулын тахилга наадамд түрүүлээд, ар дээр нь Сайхандулаанд очоод түрүү магнай болсон. Үргэлжлүүлээд Анандбазар гуайн ивээн тэтгэсэн Хамрын хийдэд болсон гурван насны уралдаанд түрүү морины байг авч, аймгийн 80 жилийн ой зүүн бүсэд түрүүллээ. Мөн Бор-Өндөрийн ой, Мандах суманд түрүүлэн, Сайншанд сумын 50 жилийн ойгоор айргийн гурваар хурдалсан. Хавчиг азарга болсон жилээ өнжөөд долоон настай азарга хавар аймгийн уралдаанд түрүүлж, Хөвсгөл суманд болсон аймгийн урд бүсийн наадамд гуравласан. Харин энэ жил /2013 он/ уягдаагүй байх аа.
-Хээр азарга хаанахын адуу вэ?
-Манай хээр азарганы төлүүд л дээ. Эх нь ч  манай унаган адуунууд. Эцэг нь Иххэт сумын аймгийн Алдарт уяач Пүрэв-Өвгөн гэж хүний хурдан хүрэн азарганы төл байгаа юм. Хээр азарганы төрсөн ах Баярдаваагийн хээр  аймаг, сумын наадамд олон удаа түрүүлсэн хүлэг. Данзанравжаагийн 195 жилийн ойгоор долоотой хавчиг азарга гуравлаж байлаа. Аав маань Баярдаваад өгсөн юм.
-Улс, бүсийн хэмжээнд уралдаж байгаа өөр танай ямар адуунууд байна вэ?
-Том наадмын түрүү гэвэл энэ хоёр байна. Харин бага сага наадамд дээгүүр давхиж байгаа адуу хэд хэд бий. Өргөн сумын Тогоогийн Амгаланбаатарт энэ хавар нэг даага өгсөн нь том, жижиг наадмуудад долоо орлоо. Өргөний Баттүшигт хээр азарганыхаа төл хонгор халзан үрээ өгсөн. Энэ жил /2013 он/ уягдаагүй, соёолон азарга бий. Үүнээс өмнө загал азарганы төл соёолон үрээ Баттүшигт очоод мөн л олон айрагдаж, түрүүлсэн. Сүүлд нь Өмнөговиос хүн ирж худалдаж аваад нэлээн орсон гэсэн.
-Унаган адуунууд өндөр довтой наадамд айраг, түрүүнд хурдлах нь адуу сайжирсных. Танай адууны суурь хаанахын ямар угшилтай вэ?
-Манай аав Төв аймгийн Баян сумын гаралтай. Дорноговь аймгийн Боловсролын хэлтсийн байцаагч явлаа. Би айлын ууган хүү. Багаасаа л адуу малд дуртай хүүгийнхээ сонирхлыг дэврээсэн хүн дээ, миний  аав. Тиймдээ ч энд тэндээс адуу мал боломжоороо цуглуулсан. Улсын Алдарт уяач Нарангэрэл гуайн адуунаас авч  азарга тавьж байлаа. Сүхбаатар аймгийн Асгатаас Махбуриадын улаан адуунаас авчирч байв. Гарамжав Манлайгаас халтар азарганых нь үр хүрэн азарга, аймгийн Алдарт уяач Сүрэнгийн загал азарганы төл загал азарга, Пүрэв-Өвгөн гуайнхаас хоёр хээр үрээ авч азарга тавьсан гээд шилж байгаад л цуглуулсан даа. Ер нь азаргаар цус сэлбэсэн. Гэхдээ авмал гүүнүүд бий. Сүхбаатар чигээс авч байлаа. Сүхбаатар аймгийн арслан Чогсомоос бор азарга авсан нь Сүхбаатар аймгийн хурдан боруудын угшилтай. Одоо түүний төл даага давхиад байна. Бас халзан азарга бий. Эх нь Түвшинширээ, Мөнххаан чигийн гүү байдаг юм. Эцэг нь манай аймгийн Өргөн сумын аймгийн Алдарт уяач Хүүхнээгийн халзангуудынх. Аав минь багадаа Гарамжав гуайн унаач явсан юм. Манайхан нэг дорын саахалтууд, бараг хамаатан шиг болчихсон улс. Гарамжав гуайгаас нэг хүрэн азарга, тойруулга гаралтай халзан гүү авч байлаа. Ийнхүү хооронд нь хольж солиод манай адуу нэлээн сайжирсан. Би ч хурд хувааж, адуу сонирхсон хүнд харамгүй л өгдөг юм. Бүгд сайхан давхиж байгаа дуулддаг. Би өөрөө ч айхтар морь уяхгүй юмаа. Таван хошуу мал малладаг, дээр нь ам бүл цөөн болохоор морины ажилд нэг их орохгүй л байна. Гэхдээ хааяа оролдоод оруулчихна аа.
-Хаана, хаана оруулав?
-Дүүдээ өгсөн соёолонгоо ноднин Бадрах, Дэлгэрэхэд түрүүлгэж, Алтанширээд дөрөвлүүлсэн. Бас Өргөн, Дэлгэрэхэд аман хүзүүдсэн. 
-Сумын наадамд оролцдог уу?
-Бараг үгүй дээ. Зав зай гарвал багашаархан наадамд хааяа  оролцдог юм. 2007 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Тойгийн талд болсон хаврын бооцоот уралдаанд хул азаргаа аман хүзүүдүүлж байлаа.  Энэ жилээс уяаны ажилдаа түлхүү орох бодолтой байна.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн уншигч, хийморилог уяачдад энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна