Аймгийн Алдарт уяач Г.Цэгмид: Адуу эх талаа илүү дуурайдаг юм байна гэж би боддог
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гэндэнгийн Цэгмидийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Зулай цагаан Алтайгаа зүүдэлж сэрдэг Засагт ханы хүү юмсанж. Нутаг ус, бага насны дурсамжаар яриагаа эхэлье?
-Тиймээ би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Би эцэг эхээс зургуулаа. Айлын гурав дахь хүүхэд. Намайг найман настай байхад аав, ээж маань илгээлтээр, каракул үүлдрийн хонь маллахаар Төв аймгийн Архустын сангийн аж ахуй одоогийн Эрдэнэ суманд нүүж ирсэн юм. Тэгээд л Архустын сангийн аж ахуйд бага сургууль, Төв аймгийн Эрдэнэ суманд долоо, Төв аймгийн Баяндэлгэр суманд наймдугаар ангиа төгссөн. Цэргээс халагдаж ирээд энэ нутгийн хүн болж, 20-иод жил Сүмбэр сумандаа кино механикч хийсэн. Тэгээд ерэн оноос хойш багийн дарга хийж байгаад 2005 онд тэтгэвэртээ гарсан даа. Миний товч түүх нэг иймэрхүү.
-Төрсөн нутаг руугаа очно биз?
-Очиж байгаа. Ээж маань 95 насандаа ноднин өнгөрсөн. Уржнан манайхан Говь –Алтайн Тайширт ургийн баяраа хийсэн юм. Манай ээж эхээс олуулаа. Ээж маань бүх юмаа гүйцээсэн юм байлгүй, ургийн баяраа хийгээд удаагүй мөнх бусыг үзсэн. Одоо Дорноговьд манай нэг ах байна, нэг нь хотод байна, энд хоёр дүү, нэг эгч байна даа.
-Кино механикч мэргэжилтэй хүн яаж яваад уяач болчихсон юм бэ? Сонирхолтой түүх байх шүү.
-Би багаасаа моринд их хорхойтой хүүхэд байсан. 1964 оноос эхлээд хоёр билүү гуравдугаар ангид байхаасаа морь унасан. Бие дааж 1967 оноос уяж эхэлсэн. Багадаа 1966 оны наадмаар хурдан морь унаад улсад явсан юм. Тэр жил Улаанбаатарт их үер болоод уралдаж чадалгүй Төв аймгийн Баянзүрх суманд уралдаад ирж байсан.
-Түүнээс хойш хурдан морь унаад улсын наадамд уралдаж байв уу?
-Улсын наадамд уралдаж байгаагүй. Намайг Төв аймгийн 40 жилийн ойд авч явна гэж байснаа жаахан байна гэж гологдоод, уйлаад л үлдэж байсан юм. Уг нь явчих санаа байсан. Даанч биеэр гологдоод ах яваад ерэн хэд билүү зуун хэдэд ороод ирсэн. Аягатай идээ, тавагтай давааны наадамд олон айрагдаж л байлаа. Энэ хавьд ирээд 1994 онд Галшарын Өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит анхны наадамд явж байлаа. Монголын нууц товчооны 750 жилийн ойд би хоёрхон морьтой очоод хоёуланг нь оруулчихаад дутуу эргэсэн гээд хасагдаж будилж байсан. 1998 онд анхны Их хурдад бас явсан. Тэр үед одооных шиг морио ачаад явна гэж байхгүй хөтлөөд явдаг байлаа.
-Та адуу авч уяачийн гараагаа эхэлсэн бололтой. Хаана хаанаас адуу мал авч байв?
-Би морь авахдаа удам гэж нэг их харж байсангүй. Манай нэг хампаан өвгөн байсан юм. Дорноговийн Даланжаргалангийн. Тэр надад шарга үрээ адуутай болоорой гэж өгсөн. Тэр адууны удам угшил бол Галшарын Огс Банзрагчийнх. 1976 онд цэргээс ирчихээд ганц сайхан гүү олж авъя гээд тэр намартаа Өндөршилийн Гүрээс 300 төгрөгөөр нэг гүү авсан. Тухайн үедээ кино механикч 300 төгрөгний цалинтай байлаа. Тэр гүүнээс нэг охин унага гарсан. Ээж, охин хоёр гүүнээс олон сайхан шарга гарсан даа. Одоо тэдний л үр удам тасрахгүй яваад байгаа юм. Бас 1972 онд Өвөрмонголоос орж ирсэн адуунаас 40 төгрөгөөр эр, охин хоёр даага авсан. Тэдний үр төл ч бий. Баянцагаан чиглэлээс Үүлэн Жадамбаа гэж хүнээс нэг гүү авсан юм. Тэрнээс гайгүй гайгүй юм гараад байсан. Би ер нь адууг эх талаа илүү дуурайдаг юм байна гэж боддог.
-Тэр ч тийм шүү. Эх талаа 75 хувь гэж үздэг биз дээ?
-Одоогийн энэ улс хувь мувь гээд л яриад байдаг. Тэрийг би сайн мэдэхгүй. Би энэ зун Онон, Максын Ганбаа нартай сар гаруй хамт байлаа. Тэд л тэдэн хувийн цустай, эдэн хувийн цустай гэж яриад байна лээ. Тэр нь минийхээр гүү талыг нь яриад байх шиг байна лээ.
-Онолоор гүү талаа 60-аас дээш хувь дагана гэж ярьдаг юм. Мундаг уяач нар гүүгээ авч үлдэнэ гэж ярьдаг юм билээ?
-Тэр үнэн байх. Хонгор гүү нэлээн хижээлхэн байсан ч надад олон хонгор морь гаргаж өгсөн. Хонгорын үр төл эр ч бай, охин ч бай сайн байсан. Азарга бол хамаа байхгүй ээ.
-Анхны айргаа хаанаас, ямар наадмаас авч байв та?
-Нэг сонгуулиар хонгор морио хөтөлж очоод холоо түрүүлгэсэн. Тэр анхны айраг. Ямар юмны сонгууль байсан юм, хавар л байсан юмдаг.
-Хонгор морио гэдэг нь нөгөө Хонгор гүүний төл үү?
-Бишээ өөр. Хүрэн гүүнээс гарсан хонгор морь. Тэр их сайн байсан. Тэр хонгор морь хэд хэд айрагдчихсан байсан юм. АХ-ын 60 жилийн ойгоор сумын наадамд аман хүзүүдэж байсан. Тэгсэн өвөл нь Орос ах нарт буудуулаад өрөөсөн тал нь нил улаан болоод гэм суусан.
-Төмөр зам руу дөхлөө гээд буудчихдаг юм уу?
-Хээрийн сургууль хийсэн нь таарсан уу яасан бүү мэд. Уурхай рүү манай морьд байсан юм. Өглөө очсон чинь цус нөжтэйгээ холилдчихсон байсан. Тэр жил миний гурван морь айрагдсан юм. Гэтэл тэр гурвын маань нэг нь тэндээ нам үхсэн, нэг нь долоо хоноод үхсэн, нэг нь өрөөсөн тал нь шархтай эмч нар оёж шидэж байгаад эдгээсэн. Тэгээд тэр тал руугаа хадуурч давхиад болохоо байсан.
-Таны гурван морийг буудчихсан юм уу?
-Адуун дотор акагаар шүршсэн байсан. Нэг нь дөрвөн сум ороод гарахдаа зад авсан. Нэг нь өрөөсөн талыг нь хаваад буудчихсан, далны нь ясны хамар нь цухуйсан байсан. Нэг шүдлэн билүү хязаалан үрээ үхсэн.
-Тэр олон морин дотроос таны гурвыг онилж байгаа юм уу?
- Амжилт гаргасан гурвыг нь буудчихсан байсан. Би бас Орос хорон санаатай юмнууд таарав уу л гэж бодсон. Зуу шахуу адуу байхад мянга дотроос хүний ганц гэж.
-Та одоо суурин. Ганц азарган үрээтэй л байна уу?
-Ижил нь бий л дээ. Бас хэдэн төл борлон бий. Би мөн хэдэн тэмээтэй. Энэнгээр ирж нөгөөдөх чинь хэрэг тариад торгууль яригдаад л байгаа. Тарьсан мод идээд байна гээд байгаль хамгаалагч сүйд хийж байна. Одоо энүүхэн урд байгаа. Өглөөд нэг очиж харчихаад ирдэг юм.
-Анх сонгуулийн наадамд Хонгор морь түрүүлсэн, тэрний дараагийн томоохон наадам нь сумын 60 жил байсан уу?
-Тэрний дараа жил билүү хойтон нь нэг наадамд миний хоёр халиун морь, бас загал морь тус тус айрагдсан. Баруун урд сумын наадамд нэлээн олон айрагдсан. Доголон байсан ч, залуу байхад тэнхээтэй давхиад ирчихдэг л байсан. Шивээ-Овоо Чойр хотын сум болоод анхных нь наадмаар бас нэлээн хэдэн юм оруулж байсан. Тэр зураган дээр бий. Мэнгээ гуай бид хэд цуг явдаг байсан. Эрдэнэцогт гуай бид хоёр Бор-Өндөр, Хажуу-Улаан сумаар явж л байсан. Миний хамгийн өндөр амжилт нь үзүүлсэн нь Монголын нууц товчооны 750 жилийн ойд хоёрхон их морьтой очсон тэр наадам.
-МНТ-ны 750 жилийн ойд очсон хоёр морины чинь талаар жаахан дэлгэрэнгүй яръя?
-Шарга морь аман хүзүүдэж, хамар цагаан хонгор морь гурваар давхин тэр том наадамд их морьд дараагаар ийнхүү оруулж байсан юм. Шаргынх нь эцэг Галшараас ирсэн Өвгөн шарга азарга байх л гэж боддог. Эх нь ямар ч байсан Өндөршилийн Гүр адууны хонгор гүү юмдаг.
-Тэгвэл хамар цагаан хонгор нь?
-Эх нь дээр ярьсан Гүр адууны хонгор гүүний төл хонгор гүү. Манайх хүрэн, цавьдар, шарга азаргануудтай байсан. Эцэг нь тэдний нэг л байх. Би мэддэггүй юм. Хамар цагаан морь хязаалан, соёолондоо сумынхаа наадамд айрагдаж байсан.
-МНТ-ны 750 жилийн ойн их насны морьд хэд хэд дахиж уралдсан байдаг. Таны морьд аль алинд нь уралдсан уу?
-Тэр чинь эхлээд дутуу эргэсэн байхгүй юу. 700 гаруй их морь дутуу эргээд, тэгэхэд хонгор морь нь дөчин хэдэд, шарга морь нь 90 гаргаж ирсэн. Тэгээд маргааш нь дахиж уралдуулахад газартаа хүрээгүй гэсэн шалтгаанаар 300,400-гаад нь хасагдаад, сүүлд яг газар дээрээс нь эргэсэн морьдыг тооцсон юм. Миний хоёр морь тэрэн дотор нь явж байгаад айрагдсан. Анхны том наадам байсан болоод тэгсэн үү, их замбараагүй юм болсон ш дээ.
-1990 оноос хойш яаж давхисан бэ?
-Шарга морь сумын наадамд айрагдаж л байсан. Хонгор халзан морь Баянжаргалан, Дундговь руу очиж гуравт оров уу, дөрөвт оров уу лав л тавын дотор орсон. Хязаалан үрээ бас энд нэг их хол түрүүлсэн. Урд жил нь хадуураад болж өгөхгүй байсан. Бас уяа сойлгыг нь тааруулж чаддаггүй л байсан юм байлгүй.
-Их хурдад ямар морьтой явж байсан юм та?
-Их хурдад азаргатай явж байсан.
-Аймагтаа азарга түрүүлгээд очсон гээд байсан уу?
-Тэр чинь түрүүлээгүй, айрагдсан. Манай дүү бид хоёр хоёулаа аймагт явсан. Дүүгийн их морь нь аймагт түрүүлсэн юм.
-Хээр азаргаа аймагтаа айрагдуулчихаад Их хурдад явсан юм уу?
-Тэгсэн. Хээр азаргаа аймагт айрагдуулаад, бас дүүгийн их морь аймагт түрүүлсэн. Тэгээд Их хурдад явсан. Ёндон гуай бас азарга билүү нэг адуутай очсон. Мэнгээ гуай, Санжаа гуай очсон. Дөрвөн их морь байв уу даа. Цэвээндорж гуай азаргатай очсон. Миний азарга 38-д орсон.
-Хээр азарга ямар удам угшилтай адуу байсан юм?
-Төмөрхуягийн хээрийн төл гэж би боддог. Ерэн онд хувьцаа тараахад, би хувьцаагаараа хээр унагатай саарал гүү авсан. Тэгэхэд нөгөөдөхийг Төмөрхуягийн хээрийн төл байж магадгүй гэж адуучин нь хэлж байсан. Тун бузгай байсан юм. Олон жил уяж чадалгүй байж байгаад алдчихсан даа.
-Та Дорноговь аймгийн 60 жилд очиж байсан гэсэн. Ямар морьтой очиж байсан юм?
-Азарга 11-т орсон. Нэг хонгор морь наймд орсон. Айрагдаагүй юм. Бүх л насны морьтой явсан. Тэр үед чинь тэмээн тэргээр тэмээгээ бахируулаад чирээд явдаг байлаа.
-Таны уяж байсан морьдоос амжилт үзүүлсэн нь ямар морь вэ?
-Шарга морь юм болов уу даа.
-МНТ-ны 750-д аман хүзүүддэг үү?
-Тийм. Энэ чинь бага наснаасаа медальтай, медальгүй юманд ороод л байсан.
-Одоо таны адуу хаана байна?
-Манай дүүгийнд бий. Дүү маань Анагаахын дээд сургууль төгссөн ч ажлаа ч хийлгүй адуунд орчихсон нэг хүн байна. Сүүлийн үед сүрхий цагаан азаргатай болж байгаа. Энэ жил лав нэлээн том том юманд хэд орчихлоо.
-Том, том гэдэг нь хаана хаана оров?
-Ноднин соёолон азарга байсан. Энэ зун хойно уяж байгаад Улсын наадам орох санаатай байсан ч ган болоод чадсангүй. Уул нь тийшээ явах санаа байсан юм. Тэгээд Хэнтий Дархан руу очоод, тэнд түрүүлсэн. Энэ жил Баянголын 50 жилийн ой гэж том наадам боллоо. Улсын бүх томчууд тэнд ирсэн. Тэнд очиж гуравт оруулсан. Өвөрхангайн их даншигт явж 10-т орсон.
-Энэ ямар удам угшилтай болох юм?
-Эх тал нь миний хонгор гүүний тал. Хонгор гүүний дүүгээс нь гарсан зээрд гүү байсан юм. Тэрний ухаа гүүний төл. Эхийн тал нь тэр. Эцэг нь Сүхбаатарын Түмэнгийн юм болов уу, энэ хар азарганы юм болов уу. 2000 оны зуднаар тэр гүүг алдчихаад зун наадмаас хойно олж авсан. Тэгэхэд айлын адуунд явсан, цагаан унага гарчихсан байсан.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон юм бэ? Аймаг сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Аймаг сумын наадмаас мэдэхгүй ээ, нэлээн л олон юм байгаа. Би нэг их айхтар олон түрүүлгээд байгаагүй ч энд тэнд их явсан. Янз янзын наадмыг ер нь алгасалгүй явдаг байлаа.
-Кино механикч гэдэг чинь кино гаргана гэсэн үг үү? Ямар сургууль төгссөн юм?
-Кино гаргана. Би сургууль соёл төгсөөгүй. Цэрэгт яваад 45 хоногийн курст явсан. Баянхонгорын Баянлигт 065 дугаар ангийн харьяанд гурван жил цэргийн алба хаасан. Тэнд цэргийн механик, кино гаргана. Цэргээс халагдаад ирэхэд эндхийн кино механикч аваарт ороод механикчгүй болсон байсан. Тэгээд Дорноговиос шууд соёлын хэлтэс тушаал гаргаад аппарат хэрэгслийг нь хүлээж аваад 1990 он хүртэл кино механикчаар тасралтгүй ажилласан.
-Дээр үеийн бүх л киног хамгийн түрүүлж үздэг байжээ?
-Тэгсэн. Хүүхдээс 50 мөнгө олж авах гэж бас их үзнэ шүү.
-50 мөнгө өгөхгүй юу?
-Өгөхгүй. Тэр үеийн хүүхдүүд нэг төгрөгийг голоор нь хуваагаад нэг нэгээр нь өгчихнө. Би мэдэхгүй авчихна. Базаад уранхай талыг нь нуугаад бүтэн талыг нь өгчихөөр нь аваад л санд мэнд 50 мөнгийг нь өгөөд л оруулна. Сүүлд нь мөнгөө янзлахаар дандаа тал тал юм өгчихсөн байна шүү дээ.
-Ямар киног хүмүүс тэр үед их үздэг байсан бэ?
-“20 дугаар зууны далайн дээрэмчин” гэж кино гарч сарын төлөвлөгөөг ганцаараа шахуу хийж байсан. Сүүлд нь “Мандухай сэцэн хатан” гарч давсан. Саальчдыг үхрийг нь саалгачихаад машинаар авчирч кино үзүүлнэ шүү дээ.
-Төлөвлөгөөгөө биелүүлэх гэж тэр үү?
-Үгүй. Сум аймгийн захиргаа тэгж дэмждэг байсан.
-Бригадаар явах уу?
-Явна.
-Айлын гэр дээр кино гаргадаг гэж сонсож байсан?
-Хөдөө бол айлын гэрийн баруун хаяанд нөгөөхөө эргүүлээд суучихна. Гадаа нь мотороо хангинуулаад л, төлөвлөгөөтэй. Сард 31 гаралт байлаа гэхэд 27-г нь хөдөө, бусдыг нь төвд гээд. Тэгээд Зөвлөлтийн цэргийн ангиудаар орос хэлний багшийг дагуулж явна. Тэндээс мэдэх мэдэхгүй болсон болоогүй кино олж ирж тавина. Тэрнээсээ болж хэрэгт орохоо шахна. Үнсэлдэж байгаа юм харуулдаггүй байлаа тэр үед. Тэгээд яахав хамаагүй юм олж ирээд гаргачихгүй юу. Монголын киноноос хамгийн анх үнсэлцсэн кино “Гарын таван хуруу”. Тэр хэсгийг нь хаадаг байлаа. Картон цаас дурангийнхаа өмнө барина. Тэгэхгүй бол болохгүй.
-Та мориноос гадна кино урлагтай насаараа холбогдсон хүн. Таны амьдралд кино урлаг юу өгсөн гэж боддог вэ?
-Кино урлаг хүний толгойд л юм хийх урлаг даа. Сайнаар нь зарим ойлгож авч байхад муугаар нь зарим нь ойлгож авна. “Морьтой ч болоосой”, “Цогт тайж”, “Энэ хүүхнүүд үү” гээд мундаг мундаг кино байна.
-Сүүлийн үеийн кинонууд таны санаанд хүрэхгүй юу?
-Хүрэхгүй. “Бүлээн нурам” киноноос хойш дэмий тал руугаа орчихсон. Одооны дэмий кинонуудыг үздэггүй.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай гэж хүсэн ерөөе.
-Баярлалаа. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна