“Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Адууны төлөө сэтгэл гаргаж, зүтгэсэн бол заавал эргэн харж эвшээдэг

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 28 -нд

Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, “Унаган хүлэг” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач С.Энхтөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Унаган хүлэг” МСУХ-ны гурав дахь тэргүүн. Албаа хэзээ хүлээн авсан билээ?
-2014 оны өвөл аймагт болсон уяачдын хурлын үеэр “Унаган хүлэг” МСУХ-ны гурав дахь тэргүүний ажлыг хүлээн авсан. Албаа аваад хамгийн түрүүнд уралдаануудаа тогтмолжуулах арга хэмжээ авлаа. Яагаад гэхээр манай суманд өмнө нь яг тогтчихсон уламжлалт уралдаан байгаагүй.Тиймээс   уяачидтайгаа ярьж байгаад “Цахиур хагалах хүлэг” бага гурван насны морьдын уралдааныг жил бүрийн хавар хийхээр болж сая хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь  өвөл, хаваржин морьдоо тэжээсэн уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэхийн сацуу морьдыг зуны уяанд бэлтгэж онгойлгох зорилготой. Та бүхэн мэднэ. Аливаа уралдааны нэр хүнд, цар хүрээнд шагнал ихээхэн хамаардаг. Өнөөдрийг хүртэл суманд болж байгаа уралдааны бай шагналыг бидний хэдэн моринд дуртай залуучууд л гаргаж, ачааг  нь үүрсээр  ирсэн. Энэ байдлаар удаан явах аргагүй шүү дээ. Тиймээс бид бүртгэлийн хураамжаа өндөрсгөхөөр тохиролцсон юм. Өөрөөр хэлбэл уралдааны зар гарсан нэг сард бүртгүүлбэл 100.000,  хоёр сард бүртгүүлбэл 200000 төгрөг гэх мэтээр нэмэгдсээр уралдах өдрөө бүртгүүлбэл 500.000 төгрөгний хураамжтай байх юм. Яагаад ийм их зөрүүтэй байна вэ гэхээр 1 сард тэжээгээгүй битүү дааганууд бүртгүүлнэ. Харин дөрөв, таван сард уралдаад зам үзчихсэн гайгүй гэсэн даагануудаа бүртгүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг харгалзах үзэх нь шударга ёсонд нийцнэ. Өнөө жилийн хувьд нэлээд хэдэн даага бүртгүүлж, наадам маань өтгөн сайхан болсон. Та бүхэн олон газраар явсан болохоор мэдэх байх. Баруун тийшээ хурдан морины уралдааны бай шагнал тааруу.байдаг. Тэр дундаа манай аймаг маш муу. Уяачид, уралдаанч хүүхдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа наадам тийм бага үнэлгээтэй байж болохгүй шүү дээ. Тиймээс бид эхлээд Баацагаандаа болж байгаа уралдааны бай шагналыг өсгөх хэлбэрээр бусдадаа үлгэрлье гэж шийдсэн.
-Бай шагнал өсөхийн хэрээр уяачид хариуцлагатай болж, уралдааны дэг, журам зохион байгуулалт сайжирдаг?
-Харин тийм. Тэр бүхнийг тооцож үзсэн. “Унаган хүлэг” МСУХ-ноос хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээ бол сурагчдын дунд морины тухай шүлэг, гар зургийн уралдааныг зарлаж, хамгийн сайн хурдан морь цоллодог хүүхдийг тодруулах. Энэхүү уралдаан тэмцээний зорилго нь залуу хойч үеэ үндэсний өв соёл, үүх түүх, ёс заншлаа мэддэг болгох, цаашлаад түүнийгээ хүндэтгэн дээдлэх үзлийг суулгах явдал юм. Тэргүүний ажил аваад удаагүй болохоор иймэрхүү ажлуудыг хийж хэрэгжүүлээд байна. Цаашид хийхээр төлөвлөж байгаа зүйл нэлээд бий.
-Баацагаан сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байдаг вэ? Тэдгээрээс хэд нь аймаг, сумын цолтой вэ?
-Манайх одоогоор сумын Алдарт уяач гэдэг цолыг олгоогүй байгаа. Аймгийн Алдарт уяач цолтой 20 гаруй хүн бий. Сумын хэмжээнд 100 гаруй уяачтай. 1999 оны Ламын Гэгээний даншигт манай сумын Сүрэнхоролын Дорждагва гэж хүний хүрэн морь айргийн дөрвөөр давхиж байсан. Үндсэндээ дэлхийд 1000 морь уралдсан гурав дөрөвхөн тохиол байдаг юм билээ. Түүний нэг нь 1999 онд Баянхонгор аймагт тохиож 1008 морь уралдсан. Тэгэхэд манай сумын хүрэн морь айрагдаж байсан. 2012 онд Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд манай сумын  Аюурын Батжаргал гэж залуугийн  шүдлэн үрээ түрүүлж байсан бол  2014 онд болсон говийн бүсийн уралдаанд миний Дэгдээхэй хээр хязаалан түрүүлж, Банзрагчийн Батхүүгийн шүдлэн үрээ гурваар давхисан. Энэ мэтчилэн манай сумын уяачид зөвхөн сум орон нутагтаа гэлтгүй улсын бүсийн уралдаануудад амжилттай наадсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд манай Баацагаан сум амжилтаараа аймагтаа тэргүүлж байгаа. Тэргүүлэхдээ бүр тасархай хол тэргүүлдэг. Манайх аймаг, бүсийн уралдаанаас 40,50-иад айраг, түрүү авч тэргүүлж байхад удаалж байгаа сум 10-н хэдэн айраг, түрүүтэй байх жишээтэй. Мөн  шилдэг гал, шилдэг уяач, шилдгийн шилдэг уяач, төвийн бүсийн шилдэг уяач дандаа Баацагаанаас төрдөг.
-Энэ нутгийн морьд хурдан, уяачид нь эрдэмтэй байдаг нь юутай холбоотой вэ?
-Мэдээж уяачдынх нь хичээл зүтгэлтэй холбоотой. Гэхдээ манай суманд Монгол бөхийн овоо гэж бий. Дайн дуусч ялалт байгуулаад морь уралдуулж, бөх барилдуулан наадам хийхэд түрүү бөхөөр Дөрвөд цэрэг тодорч, харин уралдаанд нь бор морь түрүүлсэн юм билээ. Тэгсэн нэг шинжээч “энэ Монгол бөхийн овооны өврөөс хурдан азарга тасрахгүй юм байна” гэсэн гэдэг юм. Яагаад гэхээр тэрхүү овоо нь дээд талдаа нэг, баруун талдаа хоёр гурван толгодоор хүрээлүүлсэн жижиг толгод дээр байдаг юм. Түүнийг нь газар шинжээч “азарга нь адуугаа дагуулаад гүйж орж ирж байгаа газар юм” гэсэн гэдэг. Нээрэн л энэ овооны өврөөс олон хурдан азарга гарсан. Жишээлбэл Жуковын хээр гэдэг азарга Баацагаан суманд найм түрүүлж байлаа. Мушгиа Пүрвээгийн хээр, Дарамын Пүрэвээгийн хээрүүд гурван жил дараалан түрүүлсэн. Мөн Цэрэнжамцын хээр, Жамбалбавуугийн хээр зэрэг азарганууд тус бүр хоёр удаа түрүүлсэн байдаг.
-Хээр зүсмийн азарганууд л хурдалдаг юм биз дээ?
-Голдуу хээр, хүрэн зүсмийн адуу хурдалдаг шүү. Гэхдээ Товгор Очиржавын хурдан хул азарга энэ овооны өврийнх. Аймагт олон түрүүлж, айрагдсан Гал өвгөний бор морь тэнд тэнцсэн унага. Манай нутгийн адуу хурдан байдаг бас нэгэн шалтгаан бол энд ургадаг өвс ургамалтай холбоотой. Манай Баацагаан сум хангай, говийн зааг дээр байдаг. Цагаан шаваг, цагаалжин өвснүүд их ургана. Эдгээр нь их тэжээллэг. Сумын наадамд шавагтай дээд бригадын адуунууд дандаа дийлнэ. Цагаан шаваг, шар шаваг аль нь ч илчлэг ихтэй. Шаваг идсэн мал их өлчир байдаг.
-Энэ нутгийн эрдэмт уяачдын талаарх мэдэхээ хуучлаач?
-Одоо бурхан болчихсон Жамбадорж гэж сайхан уяач байлаа. Тэр хүний бор морь аймгийн наадамд гурав дараалан түрүүлсэн. Тухайн үед Баянхонгор аймгийн төв Галуут суманд байж л дээ. Хоёр жил завсаргүй түрүүлчихээд гурав дахь жилдээ ганцаараа гараад тасарчихсан явж. Тэгээд нэг толгой тойрсон урд нь бас нэг бор морь явж байсан нь Галуутын Том чихт бор. Нөхдүүд бор морио толгойн өврөөс амдуулаад гаргачихаж л дээ. Тэгээд будилаан гарахад Жамбадорж гуай архи уучихсан “гүүний унага түрүүлдэг бол миний бор морь түрүүлсэн. Хадны унага түрүүлдэг бол чиний бор морь түрүүлсэн” гэж байсан гэдэг. Орой нь нөгөө Том чихт борын эзэн нь бас архи уучихаад хүлээн зөвшөөрч “чиний бор морь түрүүлсэн” гэсэн Жамбадорж гуай согтчихсон хөөрөөд “үгүй чинийх түрүүлсэн”гэж байсан гэдэг. Тэгээд Галуутын бор морийг түрүүлсэнд тооцсон юм гэнэ лээ. Буянгийн хээр азарга бас л овооны өврийн адуу. Одоо цагт төрсөн бол улс бүсэд л уралдана. Гайхамшигтай хурдан адуу байсан гэдэг юм. Баянхонгорт Буянгийн хээр гэхээр хүмүүс андахгүй дээ. Их хурдад урилгаар очоод хэсэг өнгөлж зарлагдсан. Тэнд хоол нь багадаж олиг аваад хоёр жил өнжөөд дахин уралдаж аймагт түрүүлж байсан. Ингээд яриад байвал олон доо.
-Баацагаан сумын хурдны оргил үеийг тодорхойлооч гэвэл?
-2010-аас хойшхи таван жил.
-Зүүн талын буюу авмал адуугаар түлхүү нааддаг бололтой юм?
- 2001 оны зуднаар адуу нэлээн шингэрсэн. Тиймээс хүссэн хүсээгүй адуу авчрах хэрэгтэй болсон юм. Сүүлийн нэг хоёр жил манайхан зүүн талаас авчирсан адуугаа нутгийн адуутай сэлбэж энэ нутагт тэнцсэн адуугаар наадаж байна. Цаашдаа адуугаа улам бүр чанартай болгож сайжруулъя гэсэн том зорилго тавиад байгаа. Тэгэхээр яалт ч үгүй сүүлийн үеийн цустай адуугаар сайжруулах хэрэгтэй болж байгаа юм.
-Ярилцлагаа Энхтөр Алдартын тухайд үргэлжлүүлье. Хэзээнээс эхлэн хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-Хүүхэд байхын л моринд дуртай байсан. Манайх бод цөөхөн, бог олонтой. Аав маань насаараа сум нэгдлийн дарга хийж байгаад нэгдэл тарахад мал авч хөдөө гарсан хүн. Манайх нэг үе ямааныхаа тоо толгойгоор аймагтаа тэргүүлж, аав маань сум, аймгийн Аварга малчин болж байлаа. Гэхдээ унааны цөөн хэдэн морьтой. Нөгөө хэдээсээ унаад хонь хариулангаа ташуураа эргүүлээд “Энхтөрийн тийм морь тэгж давхилаа” гээд өөрийгөө цоллоно. Миний ах аймгийн Алдарт уяач Элбэгсайхан гэж хүн бий. Ах бид хоёр насны зөрүү багатай, үе тэнгийн шахуу. Хоёулаа адуунд дуртай. Цөөн адуундаа хайртай гэж жигтэйхэн. Морь гадарлах ахмад хүн ирвэл адуугаа үзүүлнэ. Энэ гайгүй үрээ байна шүү гэчихвэл нөгөөхийг нь уяна.
-Ах уяж, өөрөө унах уу?
-Тэгнэ. Бид хоёрын уяна гэж юу байхав дээ. Үсэргээнд гавихгүй ээ. Тэгж байсан манай сумын хурдан алаг азаргатай Сандагаа гэж хүний хүү Батбилэг гэж ах манайд жаахан халамцуухан хүрээд ирэвээ. Аав, ээж хоёр эзгүй.Тэгэхээр нь саахалт айлынхаа Ганхуяг гэж ахыг “та Батбилэг ахыг архи уулгаж байгаад хар даагыг нь аваад өг” гэсэн. “Тэгье” гэж байна. Манайх сааль ихтэй. Нэрмэл архи элбэг. Гурвын битоноор нөгөөхөөс нь ээлжлээд л зөөгөөд байдаг. Тэр хавийн ах нар мэдчихээд өдөржин шөнөжин архидаваа. Бид хоёр тэрийг тоож байгаа ч юмгүй. Хар даага л нүдэнд харагдаад байгаа. Тэгж байсан Батбилэг ах ”авахаар болчихлоо. Оронд нь нэг байдас өгчих” гэж байна. Дуун дээр нь шүдлэн байдас өгөөд хар даагаа аваад үлдсэн. Их сайхан даагаа. Гэтэл уралдуулж чадаагүй байтал зүв зүгээр байж байгаад зэлэн дээр үхчихсэн.
-Нөгөө их хичээл зүтгэл талаар болж, харамсалтай юм.
-Харин тийм. Би 1993,94 оны үед Бямбажав ахынхаа морийг унадаг. Түрүүлгэж, айрагдуулж чадахгүй дундахнуур л ирнэ. Тэгсэн Бямбажав ах маань надад нэг унага бэлэглэлээ. Түүнийг хязаалан болгоод уясан. Үсэргээнд гайгүй хурдан байгаад наадмаар гавьдаггүй. Энэ мэтээр багаасаа л уйгагүй оролддог байлаа. Тэгж байгаад 2006, 2007 оны үед аавыг нутгийн сайн уяачийнхаас адуу аваад өг гэлээ. Жамбалбавуу, Соронзонболд гээд ах дүү хоёрын морьд сумын наадамд дараагаараа ирдэг байсан юм. Тэгсэн аав “за чи өөрөө Баваа ахтайгаа очоод уулз” гэж байна. Очоод уулзсан өнгөрсөн жил сумын наадамд айрагдсан хээр үрээг авбал ав. 800,000 төгрөг өгөөрэй гэдэг юм. Тэр үед адуу үнэд ороогүй  120-130,000-тай л байсан байх. Тэгээд жаахан яриач гэсэн 750,000-д ав гэсэн.
-Аав дэмжсэн үү?
-750,000 төгрөгөөр аав маань тэр хээр үрээг авч өгсөн. Хойтон жил нь уяад сумын наадамд зургаагаар давхиулсан. Энэ мэтчилэн нэг л эв нь таарахгүй яваад л байсан. Тэгж байтал 2007 онд Могой багийн наадамд аймгийн Алдарт уяач Чинзориг ахын хул үрээ замбараагүй  хол түрүүлж байнаа. Үзүүр дээрээ 70 миллтэй тарлаад орж байгаа хул үрээнд би эрэгтэй хүн эмэгтэй хүнд дурладаг шиг дурлачихсан. Тэгээд авах гэж хоёр жил хоргоогоод өгөөгүй. Тэгж байтал хул үрээ гэдсэндээ оёгтой олж уралдаж ирээд унаад өгдөг болсон. Түүнээс нь залхсан уу  2010 оны хавар Чинзориг ахынхаар орсон “чи хул үрээг авбал ав. Гэхдээ гэдсэндээ жаахан юмтай шүү” гэж байна. Үнийг нь асуусан. 1,5 сая төгрөг гэнэ. Би өмнө нь 3,4 саяыг амлахад өгөөгүй болохоор гайгүй сонсогдож байгаа юм чинь. Аав маань 2009 онд бурхан болчихсон би ээжтэйгээ айл байсан юм. Тэгээд ээждээ ирээд хэллээ. Тэгсэн ээж маань “гэдсэндээ өвчтэй малаар яах гэсэн юм” гэснээ “тэгээд үнэхээр хурдан юм уу” гэнэ. “Хурдан” л гэлээ. Тэгсэн чи өөрөө сая  төгрөгөө өгөөрэй. Би чамд 500,000 төгрөг л өгье гэж байна. Би бөөн баяр буцаж ирээд Баян-Өндөрийн нэг сайн ламаар үзүүлсэн “янзын ээлтэй юм байна. Ав ав” гэж байна. Анхны толгой мэдэж хийсэн адууны наймаа тэр. Тэгээд хаваржин өөрөө тэжээгээд, зун Цагаандалай сургуулийнхаа 70 жилийн ойд мордуулахдаа хүүхдэдээ ташуур өгсөнгүй. Шахаж бариад гэдэсний юмыг нь хөдөлгөчихөж мэднэ гэж хаширлаад. Манай ангийнхан сургуулийнхаа түрүү бөхийн байг дааж байгаа. Хүүхдэдээ ганц удаа ч гараа хөдөлгөж болохгүй шүү гээд захиж захиж явуулсан. Зөнгөөрөө явсаар байгаад аймагт гурвалсан Баярмагнай даргын соёолонтой цуг аман хүзүүнд яваад байдаг. Хүмүүс  “буруу талаар нь явуул” гээд орилоод байгаа. Явуулбал нөгөө хул үрээг хусчих гээд байдаг. Хүүхэд татаатай чигээрээ явсаар байгаад аман хүзүүдсэн. Нөгөө гэдэсний зовиур нь хөдлөөгүй. Долоо хоногийн дараа хуучин Жинстийн сургуулийн 70 жилийн ойд хол түрүүлж, дахиад гурав хоногийн ар дээр Богд сумын 70 жилийн ойд уралдуулсан ахиад түрүүлсэн. Ийнхүү олон жилийн дараа хэдхэн хоногийн зайтай хоёр түрүү, нэг аман хүзүү авч өм нээгдсэн дээ. Өө нээрэн 10-аад хоногийн дараа “Тулга Жаргалант” гээд алтны компанийн 10 жилийн ойд азарганд уралдаад бас түрүүлсэн.
-Хэвлийн зовиур нь юунаас үүдэлтэй байсан юм бэ?
-Гэдсэндээ шархтай байсан л байх. Авсан хавраа МУ-ын Манлай уяач Батчулуунаас зөвлөгөө авч нэлээд эмчилгээ нь хийсэн нь оносон бололтой дахин хөдлөөгүй. Тэрнээс хойш миний хул азарга Баян-Овоо, Баянговь сумдын тэгш ой болон аймгийн говийн бүсийн уралдаанд түрүүлж, Баацагаан сумынхаа 90 жилийн ойд таваар давхисан. Өнгөрсөн жил Богд сумын 90 жилийн ойд бас айрагдсан. 20,30-аад медальтай.
-Өөрийг тань Дэгдээхэй хээрийн Энхтөр гэхээр хүмүүс андахгүй юм. Төрийн зарлигтай наадмын анхны хишгийг авчирсан хурдан хүлгийнхээ талаар ярьж өгөөч?
-Миний Дэгдээхэй хээр эхийнхээ гэдсэнд ирсэн унага. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат “гэзэг” Баяраа гэж хүний адууны угшилтай. Манай найз Аюурын Батжаргал гэж зүүн талаас олон хурдан адуу авчирсан залуу бий. Түүнээс манай найз Батаа бор гүү авчраад энд зарах гэсэн хүмүүс тоогоогүй юм билээ. Тэгээд би намар нь авч, хавар нь Дэгдээхэй маань төрсөн. Баацагаан тэнцсэн унага.
-Эцэг нь Сүхбаатарын адуу байх нь ээ?
-Тийм. Батжаргал эхийг нь зун авчраад манай сумын Гэндэндоржийн Туулай халтар гэж Баянхонгор аймгийн 70 жилийн ойд түрүүлсэн хурдан азарганд хураалгачихсан юм билээ. Батжаргал Гэндэн ахын морийг нь уядаг байсан юм л даа. Тэрийг нь сонсоод сайндаа ч биш Туулай халтарын төлийг авах санаатай тэр бор гүүг би намар нь авсан юм. Тухайн үедээ бүр бор гүүгээ авч үлдээд даагыг нь хоёр сая төгрөгөөр зарчихна гээд тооцчихсон байсан. Яагаад гэхээр би тэр өвөл Номин хонгор гээд даагыг бас хөөрхөн үнэтэй авчихсан байсан юм. Хонгор даага Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дэрэм дарга гэж айлын адуу. Тэгээд хоёр даагаа өвөлжингөө тэжээлээ. Номин хонгороо илүү гэж бодоод Дэгдээхэй хээрийгээ авчихаар хүн сураглаад байгаа. Ахдаа зарчих санаатай өвөлжин тэжээсэн юм 1,5 саяд ав гэсэн тоодоггүй. За тэгээд хавар хоёр даагаа уяад Баянцагааны уралдаанд тавьсан Дэгдээхэй түрүүлээд, Номин хонгор нь аман хүзүүдлээ. Уг нь Номин хонгор нь түрүүлж байсан ч юмнаас үргэж зайлаад Дэгдээхэй нь хажуугаар нь шургаад орчихдог юм. Дараа нь аймгийн Алдарт уяач Саранбаатарын наадамд бас Дэгдээхэй нь түрүүлээд, Номин хонгор нь гурвалчихлаа. Аймгийн төвийн бүсийн Эрдэнэмандал хайрханы уралдаанд дахиад Дэгдээхэй хол түрүүлж, Номин нь дөрөвлөдөг юм.
-Гурав уралдаад гурав түрүүлчихсэн?
-Тэгсэн. Манай энд суварганы нэлээд том наадам болсон. Түүнд бас л Дэгдээхэй нь түрүүлээд, Номин нь аман хүзүүдсэн. Ингэж хаваржин хамт уралдаад зун Ховд аймгийн Дарви суманд болсон Мөнхтөр Манлайгийн мялаалга наадамд очиж Дэгдээхэй аман хүзүүдээд, хул азарга дөрвөлсөн. Буцаж ирээд Гадаад Хэргийн сайд Занданшатарын наадамд Дэгдээхэй дахиад түрүүлсэн. Даагандаа зургаа уралдаж тав түрүүлээд, нэг аман хүзүүдсэн. Тэгээд шүдлэн үрээ аймгийн наадамд хөтөлж явсаар барианы доод талд ирж суугаад аман хүзүүдсэн. Түүнээсээ хойш хөл нь нэг л болохгүй байхаар нь Гиннесийн уралдааны үеэр Улаанбаатарт аваачиж Батчулуун Манлайгаар хатгуулаад гайгүй болсон. Дараа жил нь Дэгдээхэй хязаалан үрээ аймгийн наадамд таваар давхиад, Цолмон халтар нь түрүүлж, тэндээсээ Баян-Овоогийн наадамд очиж Цолмон түрүүлээд, Дэгдээхэй аман хүзүүдсэн. Наашаа сумандаа ирээд Дэгдээхэй түрүүлж, Цолмон аман хүзүүдсэн. Тэр жил манай сумын ой болж, би таван адуутай очоод хоёрыг нь түрүүлгэж, гурвыг нь айрагдуулсан.Тэгээд тэндээсээ аймагт очиж Ламын Гэгээний ойд Дэгдээхэй хээр маань хол түрүүлсэн.
-Хул азарга аргагүй өм нээж, үүдийг нь дэлгэж өгчээ?
-Тэгсэн, тэгсэн.
-Ингэхэд даагандаа холбоотой уралдаад байсан Номин хонгор нь яалаа?
-Номин хонгор шүдлэндээ Ховд руу зарагдчихсан. 2014 онд Дэгдээхэй хээр Ламын Гэгээний даншигт түрүүлчихээд, Элсэн тасархайд очиж Хөгнө хан уулын тахилга, Дамбын Хишигжаргал Манлайн мялаалга наадамд улс, бүсийн хурдуудтай уралдаж хол сайхан түрүүлсэн. 2014 он бол Дэгдээхэйгийн амжилтын оргил үе. Аймгийн наадамд л таваар давхиад бусдад нь түрүүлсэн.
-2015 онд яаж наадсан бэ?
-Аймгийнхаа баяр наадамд гурвалж, Богд сумын 90 жилийн ойд аман хүзүүдээд Булган аймагт болсон Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаанд газрын тэг дунд хүртэл хоёр морин соёолонтой өнгөнд уралдаж байгаад хөл нь жаахан эвгүйдээд суучихсан. Харин Цолмон халтар маань аймгийнхаа наадамд хоёрлоод, Богд сумын 90 жилийн ойд түрүүлсэн.
-Халтар үрээ хаанахын адуу вэ?
-Цолмон халтар Говьсүмбэр аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Адъяасүрэнгийн адуу. Жаахан цустай адуу. Хүмүүс Дэгдээхэй хээртэй андуураад эрлийз гэх нь бий. Хоёулаа ээлжлээд  түрүүлж, айрагддаг болохоор нэг үрээ гэж боддог байх.
-Хээр үрээгээ яагаад Дэгдээхэй гэж нэрлэсэн юм?
-Би өөрийнхөө хурдан адуунуудын давхилыг харж байгаад нэр өгдөг юм. Миний хээр чинь хөөрхөн туулай шиг дэгдээд, огцом огцом хөдөлдөг байхгүй юу.
-Туулай халтарын төлийг авах гэж бор гүүг авсан гэсэн. Таны хүсч байсан унага гараа юу?
-Гараагүй. Сувай байсан юмуу, эсвэл хээл хаячихсан юм уу.Тэр жилээ унагалаагүй. Гэхдээ хул азаргандаа хураалгаад хоёр охин, нэг эр төл авсан. Өнгөрсөн жил Цолмон халтартаа хураалгасан. Удахгүй унагална даа. 
-Энхтөр Алдартын магнайг тэнийлгэсэн өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Толин хул гэж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Түвшин гэдэг залуугийн адуу байна. Бас л олон айраг, түрүү авсан. Тэгээд нэрлээд байвал зөндөө адуу бий. Миний ах моринд дуртай хүн байдаг гэж дээр хэлсэн шүү дээ. Ах маань халтар халзан морины эзэн Дэлгэрдалайгаас дөрвөн сая төгрөгөөр нэг бор үрээ авсан. Баянхонгорын бараг анхны дөрвөн сая хүрсэн адуу байх шүү. Тэр нь уралдсан болгондоо түрүүлж айрагдан ахыг маань баярлуулдаг. Аймгийн 70 жилийн ойгоор хол сайхан түрүүлж байлаа. Ахын маань бор азарга дурсахгүй байхын аргагүй хурдан буян. За миний өөрийн гэвэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Дэрэм даргын адууны угшилтай Хэнз халтар гэж үрээ байна. Даага ирээд шүдлэн Баян-Овоогийн наадамд аман хүзүүдээд, Баацагаан сумын 90 жилийн ойд түрүүлсэн. Ламын Гэгээний даншигт өнгөнд явж зарлуулж байгаад суугаад арав гаргаж давхисан. Ноднин хязаалан сумынхаа хаврын уралдаанд түрүүлж, аймгийн баяр наадмаар айрагдсан.
-Адуу бол харамгүй авчээ?
-Адуу гэдэг амьтан хүний хөдөлмөр, сэтгэлийг үнэлдэг. Адууны  төлөө сэтгэл гаргаж, зүтгэсэн бол адуу заавал эргэж харж эвшээдэг. Үүнд би эргэлздэггүй. Яахав адуунд тодорхой хэмжээний мөнгө зарцуулсан. Цолмон халтараа найзаасаа 15 адуугаар авч байлаа. Хэнз халтараа 20 саяар авсан. Өнгөрсөн жил зүүн талаас Дэгдээхэй хээрдээ тавих гэж цэвэр англи азарганы төл гүүг 15 сая төгрөгөөр авлаа. Зарим хүмүүс худлаа ярьж байна л гэж бодох байх. Гэхдээ би адуунаас мөнгө харамлаж үзээгүй. Эхэндээ эхнэр дургүйцдэг байсан бол одоо дэмждэг болсон. Миний адуунд Сүхбаатарын Махбуриадын улаанаас эхлээд  Говьсүмбэрийн Адъяасүрэн, прокорур Цэрэнбалтав, Алтанбулагийн Хадаа гээд улс, бүсэд түрүүлж айрагдсан морьдын эздийн  угшил сайтай азарга, гүү бий. Ер нь бол би аль сайн гэснээс нь авсан шүү.
-Энэ нутгийнхан танаас адуу мал авах уу?
-Адуу авъя гэдэг хүн байлгүй яахав. Гарсан адуунууд гайгүй давхиж байгаа.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
-Наадам бүгд сайхан. Морь дээгүүр давхиад ирэхэд сэтгэл сайхан дүүрээд л ирдэг шүү дээ. Улсын чанартай бүсийн наадмаас түрүү хүртэх сайхан  байлгүй яахав. Дуртай болгонд тохиох хувь заяа биш шүү дээ. Гэхдээ нэг наадам санаанаас гардаггүй. Аав маань намайг дэмжиж хээр үрээ авч өгсөн гэж ярьсан шүү дээ. Түүнийгээ уяад суманд зургаад давхиулчихаад хусаад зогсож байсан. Аав маань бие нь тааруу машин дотроос намайг хараад уйлж байсан. Миний морийг өрөвдөөд уйлсан уу? Эсвэл энэ муу банди зайлуул морь, морь  гээд л  явах юм. Айрагдчихгүй дээ” гэж бодсон уу. Ямартаа ч уйлж байсан. Тухайн үед аав юу бодоо юм бол доо гэж бодоод л өнгөрсөн. Дараа жил нь хул азаргаа сургуулийн  ойд аман хүзүүдүүлчихээд “аав минь амьд байсан ч болоосой” гэж бодоод хүмүүсээс зайдуу зогсож байгаад өөрөө уйлж байлаа. Түрүү, айраг баяр цэнгэлийн дундах тэр олон наадмаас энэ хоёр л санаанаас гардаггүй юм даа.
-Таны хэлсэнчлэн адуу өөрт нь сэтгэл зүрхээ зориулсан нэгнийг заавал баярлуулдаг. Аав нь тэнгэрийн орноос хүүгээрээ бахархтал сайхан наадаж, илүү их амжилт үзүүлээрэй. Бидний урилгыг хүлээн авч сайхан хууч дэлгэсэн Алдартдаа баярлалаа. Цаашдын чинь ажил үйлсэд амжилт хүсье.
-За баярлалаа.Та бүхний ажилд бас амжилт хүсье.

"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна