Аймгийн Алдарт уяач Ш.Цог: Хүрэн халзан морио надтай хожуухан таарсан болоосой гэж боддог

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 05 -нд

Увс аймгийн Завхан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Шагдарсүрэнгийн Цогтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав бол 28 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байсан хүн. Тийм болохоор таны адуу малтай холбогдсон түүх ааваас тань эхтэй байх гэж таамаглаж сууна?
-Тиймээ. Завхан сумын адуу дээр үеэсээ хурдтай. Түүнийг улам сайжруулах зорилгоор манай аав өөрийн дүү Улсын аварга малчин Бямбаатайгаа Тэс, Зүүнговь, Ховдын Булганаас адуу авчирч, нэгдлийн адууны цус сэлбэдэг байлаа. Үүний үр дүнд Завхан сумын адуу нэлээд сайжирсан. Тэгээд хувьчлалаар тэр адуу тарж, энд тэндгүй их сайн давхисан. Миний тухайд аавыгаа дагаж 7 настайгаасаа эхэлж хурдан морь унасан, айлын хоёр дахь хүү байгаа юм. Манай аавын Өндөрхангай сумын шар Дорж гэж хүнээс авсан хурдан хонгор морийг анх унаж сумандаа түрүүлж байлаа. Тэрнээс хойш 15, 16 хүртлээ хурдан морь унаж, залгаад л морь уядаг болсон. Нас биенд хүрээд нэгдлийн адуу хариулж, ер нь өдий 55 нас хүртлээ л адуу маллаж, морь уяж байна.
-Анх ямар морь уяж айраг түрүүнийхээ шанг татаж байв?
-Анх би нэгдлийн адууны хурдан хүрэн халзан морь байсныг уяж зэргэлдээх Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Завхан аймгийн Ургамал, Дөрвөлжин, Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумдаар их сайн давхиулсан. Тэр хүрэн халзан мориор би уяачийнхаа гарааг эхэлсэн гэж болно. Түүнээс өмнө 1983 онд намайг цэргээс ирэхэд аав Завхан аймгийн Дөрвөлжин сумын Дорж гэж хүний адуунаас Хомын борлогуудын угшилтай нэг шар хээр морь авч тавьсан байсан. Тэр шар хээр морь бас их олон давхисан.
-Хүрэн халзангийн удам угшлыг сурж судалбал?
-Хүрэн халзан морь бол Хүнгүйн голын хурдан хүрэнгүүдийн угшилтай адуу. Эцэг нь хурдан хүрэн азарга байлаа. Хурдан хүрний гарсан төл болгон нь хурдан, одоо Завхан суманд давхиж байгаа хүрэн морьдууд бүгд л түүний угшилтай. Одоо бодоход их дархлаа өндөртэй азарга байсан шиг байгаа юм. Хүрэн азаргыг би анх хүүхэд байхдаа улсын аварга малчин Бямбаа гэдэг хүний адуунаас даага барьж авч сургаж, тав зургаа хоногийн дараа сумын баярт уралдуулахад 11 дээр давхисан. Анх сургасан хүн нь би байгаа юм. Тэр хүрэн азарганд нэгдлийн арав, хорин гүү хураалгадаг ч хурд нь саардаггүй, давхиж л байдаг. Одооны азаргануудыг тэжээж байгаа хэр нь  долоо, найман гүү өгчихөд л тамиргүйдээд давхихгүй болчихож байна.
-Ер нь таныг морь уях энэ жилүүдэд хамгийн олон жил тогтмол амжилт үзүүлсэн, сайн давхисан ямар хүлгүүд байна?
-Шар хээр морь байна, хүрэн халзан морь байна. Хүрэн халзан бол сумандаа их олон түрүүлсэн, бэлэн хурдтай, их хурдан морь байлаа. Хүрэн азарга, халзан морь хоёроороо би их олон газар наадсан. Ховд аймгийн Дөргөн, Мянгад, Завхан аймгийн Ургамал, Увс аймгийн Наранбулаг, Өлгий сумдаар их сайн давхиулсан. Ховд аймгийн Мянгад, Завхан аймгийн Ургамал бол их хурдтай сумд, гэтэл тэнд очоод л хоёулаа сайн давхиж байсан. Завханы Ургамалын адуу нэг хэсэг манай суманд ирж их түрүүлдэг байсан бол сүүлийн дөрвөн тэгш ойг нь манай сумын морь авсан байдаг юм. Ноднин Ургамалын 90 жилд миний тэр харагдаж байгаа хүрэн морь түрүүлсэн. Энэ бас нөгөө хурдан хүрэн азарганы угшилтай Завхан голын унаган адуу. 60 жилийн ойгоор нь бас миний хүрэн халзан морь түрүүлсэн. 80 жилээр нь Аймгийн Алдарт уяач Зоригоогийн хээр морь, 70 жилийн ойгоор нь манай нагац Баастын хээр морь түрүүлсэн. Бааст гэж улсын аварга малчин, манай нагац.
-Социализмийн үед хүртэл танай аав адуу авч, нэгдлийн адууны цус сэлбэж байж. Одоо та энэ тал дээр хэр анхаарч байгаа вэ?
-Ноднингоос би Дорнод аймгийн Цагаан-Овоо сум явж, МУ-ын Алдарт уяач Батзоригоос адуу авчирсан. Тэгэхэд авчирсан нэг шүдлэн үрээгээ Өлгий сумын Сугаржав гэж залууд зарсан. Тэр үрээ өнгөрсөн жил Өлгий сум, Ховд сум, Бөхмөрөн сумын 90 жилд түрүүлээд, Дөргөний сургуулийн 50 жилд аман хүзүүлж, Мянгад суманд гуравлахад нь Увс аймгийн хурлын дарга байсан Батсайхан авсан байна лээ. Сая Сагил, Дөргөний бооцоот уралдаанд түрүүлээд, Улаангомын баярт түрүүлсэн сураг байна. Намар нь бас зүүн талаас тав, зургаан адуу авчраад нэг саарал үрээг нь Ховд аймагт байдаг манай нутгийн Батхуяг гэж залууд зарсан. Тэр сая Ховд аймагт түрүүлээд, Увс аймгийн Өлгий суманд болсон Увсын баруун бүсийн уралдаанд түрүүллээ. Ер нь миний авчирсан морьдууд сайн давхиж байна. Авчирсан дотроосоо азарга тавьж, өөрийнхөө хурдан хүрэн угшилтай гүүг хураалгаад сайн угшлын адуу гаргаж авахаар үзэж байна.
-Танай унаган адуунаас ч бас хүмүүс авдаг юмаа даа?
-Өө байлгүй яахав. Миний унаган морьдоос ноднингийн Өлгийн 90 жилд шүдлэн бор үрээ түрүүллээ. Бор үрээг дааганд нь Дэмбэрэл гэж  залуу надаас авсан юм. Манай унаган адуу сайн учраас амьтан хүн гуйхаар нь өгч авалцаад л үржил селекцийг нь сайжруулж байна.
-Нутгийн довноос гарч томоохон наадмуудад явж наадаж байв уу?
-Завхан аймгийн Дөрвөлжинд 1995 онд болсон “Сар хайрханы даншиг”-т халзан морьтойгоо очсон. Тэр жил манай нутаг их гантай, морьд маань их тамир муутай байсан болохоор халзан морь гуч хүрч ирсэн байх. 1999 онд Ховд аймгийн “Алтайн унага” даншигт халзан морьтойгоо очсон. Тэгэхэд морь будилж хоёр гурван удаа дутуу эргэсэн. Тэгээд түрүүчийн идсэн хоол ундаа гөвөөд, 500 гаруй морьдоос халзан морь 64-т ирсэн. Эхний дутуу эргэсэн морьд дотор манай сумын Ням-Осорын хүрэн морь 5 дээр ирээд хасагдсан. Тэр бол хурдан хүрэн угшилтай, манай нутгийн унаган адуу. 2011 онд Увс аймгийн бүсийн уралдаанд очиж, шүдлэн адуу 12 дээр ирж байсан.
-Хамгийн сайхан сэтгэлд хоногшсон наадмын дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Ноднин бид Бөхмөрөн сумын 90 жилийн наадамд явсан. Аймгийн Алдарт уяач Эрдэнэсүрэн бид хоёр таван адуутай очоод, бүгдийг нь айрагдуулсан. Эрдэнэсүрэнгийн их насны бор морь түрүүлж, миний хонгор соёолон аман хүзүүдээд, хоёр шүдлэнгийн нэг нь гурваар, нөгөө нь таваар ороод, миний хүрэн даага дөрөвлөсөн. Авч очсон бүх морьдоо айрагдуулаад гарч байхад их л сайхан санагдаж байсан даа. Нутгийн нэр гаргаж, Завхан сумын таван морь ирээд тавуулаа айрагдлаа гэж зарлагдаад л. Тэнд дандаа чансаа өндөртэй морьд уралдсан юм.
-Танайхан хэдий үеэс морио барьж, ёсолдог юм бэ? Морио ёслохдоо ямар зан үйл хийдэг вэ?
-Манай нутагт цаг оройтож зуншина. Одоо ч тэгээд өвөлжингөө тэжээчихсэн болохоор 6 сарын 1-нээс эхлээд морьдоо барьж, уяаны ажлаа эхэлдэг дээ. Онцгой зан үйл байхгүй дээ. Харин морьдоо уралдахын өмнө өглөө асар майхнаараа оруулаад тугаа тойруулж, хийморийг нь сэргээгээд, хүүхдүүдээ гийнгоолуулаад мордуулдаг. Бас хурдан морио зодог тайлахад нь цол хэргэм өгдөг. Хурдан хүрэн гэдэг бол ард түмний өгсөн цол хэргэм шүү дээ.
-Хурдан хүрэн азарга хэд хүрсэн юм бэ? Хичнээн айраг түрүү авсан адуу вэ?
-Их олон түрүүлсэн. Анх би хүүхэд байхдаа дааганд давхиулаад, манай авга Бямбаа голдуу уясан.
-Уяачийн хувьд сахих олон цээр байдаг. Таны хувьд морь мал уяж байхдаа юуг эрхэмлэж, юуг цээрлэдэг вэ?
-Морь мал уяж байхад чинь олон түмэнтэйгээ эвтэй найртай байхыг эрхэмлэдэг. Би нэг үе архи дарс уудаг л байсан. Сүүлийн үед морио уяж байхдаа архи дарс уухыг цээрлэдэг болсон. Хүн амьтантай хэрүүл хийж ам зөрөхгүй байвал зүгээр юм уу гэж боддог.
-Залуу хүний омогшил байсан байлгүй. Харамсал тээсэн тийм тохиол байсан уу?
-Хааяа хүрэн азарга, халзан морь хоёрыг надтай арай хожуухан таарчихсан болоосой, өдийд уяж байсан бол... гэсэн юм бодогддог. Зарим нэг хүн надаас та халзан морио яаж уядаг байсан бэ гэж асуудаг юм. Би халзан морийг уяж байгаагүй шиг байгаа юм, одоо бодоход. Халзан морь төрөлхийн их хурдтай, бэлэн давхилтай морь байсан. Хавар ногоонд гаргаад сайхан тэнхрүүлчихсэн, тэгсхийгээд биеийг нь хөнгөрүүлчихээр уяа нь болчихдог. Уралдахын өмнөх шөнө хүмүүс мориныхоо хоолыг тааруулна гэж юм болж байхад би тийм юм мэддэггүй, идэхийг нь идүүлээд, уухыг нь уулгаад мордуулахад явж л байдаг. Хоол нь ихэдчихлээ, багадчихлаа гэж бодох юм байдаггүй. Ер нь сайн мал бол ганц нэг уяа алдах, ганц хоёр цагийн хоол илүү идэх барих нэг их нөлөөлдөггүй шиг байгаа юм.
-Тухайн үедээ уяаны ямар алдаа мадаг гаргаж байж вэ? Залуу уяачдад сургамж болно.
-Одоо бодоход би уяаг нь дутуудуулдаг, сайн нимгэлдэггүй байсан юм байна гэж бодогддог. Ер нь л махтай, зоо нь бөөрөнхий л мордчихдог байсан. Одоо бол тэжээгээд тамир суулгачихаж байгаа болохоор, нэлээд чангахан уяатай мордуулж таараад байгаа. Ер нь уяа морьдыг намартаа унаж, 8 сараас хойш ногоонд тавьж тарга тэвээрэг авахуулна. Тэгээд  10, 11 сард унаж хор, булрааг нь гаргана. Тэрнийг нь хийсэн морьд л дараа жил нь сайн байхаас биш уяж ирчихээд тавьж хөөгөөд, дараа жил нь барьж уяна гэдэг худлаа. Гол юм л тэр. Морь уяна гэдэг бол ажиллагаа ихтэй, дөрвөн цагийн эргэлтэнд тасралтгүй хийгддэг ажил.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж үг бий. Хөдөлмөрийн баатар адуучин ааваасаа суралцсан зүйл их бий биз?
-Олон адуу харж байсных нүдний хор гардаг юм уу, хурдан адуу танихдаа жаахан баримжаалаад байх шиг байдаг юм.  Ноднин би Дорнодын Цагаан-Овоо сум руу ганцаараа явж авчирсан адуунууд их сайн давхиж байгаа. 
-Эцэг эхдээ үнэлэгдэнэ гэдэг бол ямар ч гавъяа шагналаас илүү. Аавдаа үнэлэгдсэн үе?
-Нэг үе би архи дарс уугаад, малынхаа сайнд омогшоод явж байсан. Сүүлийн үед архи дарс уухгүй, аюулын морь малаа уяад явахаар сэтгэл нь өег байдаг байлгүй дээ. Ийш тийш яваад, уясан морь нь гайгүй давхихаар аавынхаа сэтгэлийг амрааж байдаг болов уу гэж боддог юм.
-Та өөрийн залгамж халаагаа хэр бэлтгэж байна вэ?
-Манайх таван хүүхэдтэйгээс дөрөв нь охин, нэг нь хүү байгаа юм. Хүү маань хотод Соёл урлагийн их сургуульд сургалтын албаны дарга хийдэг. Уг нь багаасаа халзан морь энэ тэрийг унаж байсан, моринд сүрхий. Зундаа л морь малаа гэж ирдэг юм. Манай зээ Цогбат гэж хүү надтай хамтраад уяж байна. Түүндээ л хэлж ярьж, зааж зөвлөж байна. Сумынхаа залуучуудад ч гэсэн асууж лавласанд нь өөрийн мэддэгээс хэлж ярьж л байна. Ховдын Батхуяг гээд дүү залуу бий. Бид адууны тал дээр яриа хөөрөө санал бодол нийлдэг юм. Сая Өлгийд дөрвөн морьтой ирээд дөрвүүлээ айрагдчихаад явна лээ. Сумынхаа 90 жилд ирж, хамт морьдоо уяя гээд явсан.
-Энэ жил сум, аймгийн 90 жилийн ойд нутгийн наадмын дэвжээгээ хамгаалах итгэл дүүрэн байгаа биздээ?
-Тийм, нутгийн нэрийг бодолгүй яахав. Юм хөгжчихсөн энэ үед газар газраас л олон хурдан буян ирэх байх. Ноднингийн Ховдын наадамд хаа байсан Дорнодын уяач Цэндбаатар морьдоо авчирч түрүүлгэсэн. Би адуу авахаар Дорнодод явахдаа та нар ирээрэй гээд тэндэхийн уяачдыг урьчихсан. Манай ойгоор ирвэл уулзана, тэдэнтэй өрсөлдөнө. Тэндээс авсан адуу сайхан давхиж байна. Сайн малыг сайхан уядаг сайн хүнд өгөхөд нүүр бардам байдаг юм. Хичнээн сайн малыг морь мэддэггүй, уядаггүй, малд хайргүй хүнд өгөх бас л хайран. Тэр улсуудын итгэлийг алдаагүй, нутагтаа тэд нарын нэрийг гаргаад давхиулж байгаадаа баяртай л байдаг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
- Алс хол газраас ирж биднээс ярилцлага авсанд баярлалаа. Морь уяж монгол хүний ёс жудагаар явж байгаа хүний хувьд ингээд ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Үр хүүхэд үзэж харж байхад зүгээр юмуу даа. Та нарт баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна