С.Гэсэрваань агсны зээ хүү, сумын Алдарт уяач Ш.Гэрэлт-Од: “Дургүй хүн мянган сайн адуутай байгаад ч давхиулж чадахгүй” гэдэг байсан

Тэлмэн
2016 оны 9-р сарын 05 -нд

Хүмүүний амьдрал  баялаг. Хаа хол Алтай нутгийн хүү, Төв аймгийн Эрдэнэ сумнаа суурьшиж, Хэнтийн адуугаар нэрд гарна хэмээн хэн таамаглах билээ. Энэ баялаг түүхийн эзэн бол Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Сампилын Гэсэрваань. Их хүрэн түүний үр төлүүдээр урамтай сайхан наадан улсын баяр наадмаас хоёр түрүү, есөн айраг хүртсэн ууган Манлай уяачийн голомтыг сахиж, уяаг нь залгамжилсан нэгэн эрхэмтэй бид уулзсан юм. Энэ хүн бол Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, сумын Алдарт уяач Шархүүгийн Гэрэлт-Од. Их уяачийн голомтонд төрсөн зээ хүү нь.
-Таны өвөө Монголын анхны Манлай уяачдын нэг Гэсэрваань агсан. Бидэнд өвөөгийнхөө талаар ярьж өгөөч?
-Миний өвөг эцэг МУ-ын анхны Алдарт уяачдын нэг, Монгол Улсын ууган Манлай уяач Сампилын Гэсэрваань 1924 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, Алтай нутгийн хүн.1945 онд цэргийн албанд татагдаж одон тэмдэгт тусгай хороонд хуваарилагдсан юм билээ. Тухайн үед тарваганы арьсны норм тогтоодог байсан учраас “ан хийдэг цэрэг байна уу” гэхэд нь гараа өргөөд саналаараа Эрдэнэ суманд ирсэн гэдэг юм.
-Шаггүй анчин байж...
-Үгүй гэнэ лээ. “Юу ч мэдэхгүй хэр нь “би анчин” гээд хэлчихсэн. Тэр хувь заяандаа хөтлөгдөөд би энд ирсэн дээ” гэж ярьдаг байсан. Өөрөө ан ав хийж мэдэхгүй тул энд ирээд сайн анчдыг сурагласан юм билээ. Тэгээд Нанзад гэж мундаг анчныхныг заалгаад тэднийхээр орж гардаг болж, охинтой нь танилцаж, халагдаад энэ нутагт үлдсэн гэдэг. Миний ижий бол тэр Нанзад гэж хүний охин Дариймаа.
-Ижий...?
-Би эмээ өвөө дээрээ өссөн энэ голомтны хүн. Өвгөнөөсөө хойш энэ айлын голомтыг сахиж адуу мал, гэр орон бүх зүйлийг нь өвлөн авсан. Хоёр хөгшнөө би “аав”, “ээж” гэж дууддаг. Төрсөн эцэг эхээ болохоор залуу аав, ээж гэдэг юм.
-Цэрэгт ирээд энэ нутгийн хүн болж. Тэгээд хэзээнээс морь уясан гэдэг вэ?
-1956 оноос морь уяж эхэлсэн юм билээ.Тэр үед манай энэ Харзтай сэрүүн булагт “халзан” Бат гэж өөрийн гэсэн үр хүүхэдгүй хөгшинтэйгээ хоёулаа  амьдардаг мундаг баян хүн байж. Тэдний мал хуйгаас нь хамжилцан тусалдаг байж. Тэр үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат “хөх” Манал гэж хүн цэргээс халагдаад нутаг буцах гэсэн унаагүй болчихож. Замын унаанд дайгдаж Харзтай сэрүүн булагт ирээд хүн амьтнаас унаа сурагласан “энэ “халзан” Бат л чамд хөл залгуулж нутаг буцаах байх даа” гэсэн юм гэнэ дээ. Тэгээд Бат гуайнд очиж “унаа хайрлаж тус болооч” гэсэн эмээл, хазаартай морь өгч  хөл залгуулж. Хойтон жил нь Манал гуай “улсын наадамд явж байна” гээд ирэхдээ  эмээл, хазаартай морийг нь эргүүлж өгөөд “ядарч зүдэрч явахад эцэг, эх шиг минь тус дэм болсон ахдаа хурдан морь бэлэглэнээ. Дүү нь хурдан адуутай. Одоо улсын наадамд явж байна.Та уяан дээр очоод өөрөө үзэж байгаад нэг азарган үрээ аваад үлд. Надад бодсон нэг үрээ ч бий” гэж. Ингээд өвгөнийг дагуулж очоод хүрэн соёолон азарган үрээ үзүүлж. Тэгсэн өвгөн “би ийм хээлтэй байдас шиг юм хүнээс бэлгэнд авахгүй ээ” гэж. Тэгсэн Манал гуай “за, за ах голж байгаа бол яахав” гээд яваад өгч. Улсад очоод нөгөө хээлтэй байдас шиг хэмээн голсон хүрэн соёолон нь түрүүлчихэж.
-АХ-ын 38 жилийн ой байх нь...
-Тийм байх оныг  нь сайн мэдэхгүй байна. Бат гуай энэ тухай дуулчихаад буцахад нь “хүрэн үрээгээ бэлгэнд авъя” гэж. Хариуд нь Манал гуай “би танд бэлэглэхэд та авагүй. Одоо авах бол гурван адуугаар худалдана” гэж. Ингээд гурван адуу өгөөд авсан нь манай өвөг эцэг Манлай уяач Гэсэрваань гэдэг хүний Их хүрэн азарга. Бат гуай өөрөө морь мал уядаггүй хүн байсан болохоор Эрдэнэ сумын Шохой Цагаан булагаар нутагладаг “шар” Даваа гэгчээр уяулж байгаад  зарсан юм билээ. Даваа гуайд ямар өртгөөр өгснийг би сайн мэдэхгүй юм. Даваа гуай хэдэн жил уяад “нас дээр боллоо. Би морь мал уяж чадахгүй нь. Энэ хүрэн азаргыг хурдан гэдгийг цөм мэдэж байгаа.Тэгэхдээ найдвартай, моринд дуртай хүнд өгчихмөөр байна” гээд манай аавыг дуудуулсан гэдэг юм. Тэр жил манайх Хөөрөгийн Баянбулагт зусч байж. Аавыг очоод уулзахад “за чи хүрэн азаргыг авсан үнэ өртгийг мэдэж байгаа. Энийг чи ав” гэсэн юм гэнэ лээ.
-Манлай хүрэн азарганыхаа өртгийг хэлж байсан уу?
 -Мөнгө хатуу байхад 1500  төгрөг, хазаарын морьтой өгөөд авч байсан гэдэг юм.
-1959 онд улсад түрүүлээд түүнээс хойш өвөөд чинь ирэх хүртлээ ямар амжилт үзүүлсэн байдаг юм бэ?
-Тэрнээс хойш улсын наадамд яваагүй. Сумандаа ганц нэг түрүүлж, айрагдаж л байсан байх. Өөрөө улс руу яваад уралдчихаж чадахгүй болохоор хурдан азарганы давхилыг нь гаргахгүй нь гээд аавд өгсөн юм шиг байгаа юм. Тэр үед амины мал цөөн. Аав азаргандаа хураалгах гэж айлаас нэг гүү авч. Авсан жилээ улсын наадамд явж чадалгүй өнжөөд хойтон жил нь улс хувьсгалын 45 жилийн ойгоор улсад ирж түрүүлгэн, анхны медалийг авсан.
-Их үерийн жил...
-Тийм.1966 оны их үерийн жил анх удаа айрагдсан морьдод медаль өгсөн юм билээ. Аав маань МУ-ын анхны Манлай уяач бол Их хүрэн азарга анхны алтан медалийн эзэн. Дараа жил нь буюу 1967 онд Их хүрний төл хүрэн даага улсын наадамд түрүүлсэн. Энэ бол улсад нэг түрүүлж, тав айрагдсан алдарт Дунд хүрэн азарга нь.
-Их хүрэн аавд тань ирээд улсад нэг түрүүлж, нэг айрагдсан. Орон нутагтаа ямар амжилт үзүүлж байсан юм бэ?
-1969 онд улсад таваар давхисан. Сүүлд улсад айрагдахдаа 15 настай байсан. Дунд хүрэн залгаад хурдалсан болохоор Их хүрнээ дахин уралдуулаагүй юм билээ.
-Дунд хүрэнгийн эх нь ямар гүү байсан юм бэ?
-Энэ нутгийн буюу манай өвөг эцэг Нанзад гэж хүний адууны харималдуухан хүрэн гүү байсан гэдэг юм. Аав хүрэн азаргаа авахаасаа өмнө их морь голдуу уядаг. Тэдгээр нь төдийлөн сайн давхидаггүй байсан байх. Яагаад гэхээр “хүрэн азаргаа аваад л миний өм нээгдсэн  шүү” гэж ярихыг нь нэг бус удаа сонссон.
-Маргахын аргагүй үнэн. Хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Дунд хүрэн. Улсын наадамд нэг түрүүлж, тав айрагдана гэдэг олон давтагдахгүй амжилт байх шүү?
-Даагандаа түрүүлчихээд, шүдлэндээ өнжсөн. Тэр жил ханиад хүрээд яваагүй гэдэг юм. 1969 онд хязаалан үрээ аман хүзүүдээд, нийлснээсээ хойш дөрөв айрагдсан. Дунд хүрэнгийн ууган төл нь бага хүрэн буюу Мөлүү хүрэн. АХ-ын 62 жилийн ойгоор хязаалан үрээ таваар давхиад, 1987 онд АХ-ын 66 жилийн ойгоор би өөрөө унаж дөрвөөр давхиулж байсан. Яагаад тэгж тод санаж байгаа вэ гэхээр би тэр жил анх удаа улсын наадамд морь унаад нэг өдөр хоёр айраг авч байсан юм.
-Хүрэн азарга айрагдаад...?
-Хонгор даага гурваар давхиулсан.
-Аль хүрнийх нь төл билээ?
-Дунд хүрэнгийн төл. Мөлүү хүрний төрсөн дүү. Эцэг, эх нэгтэй юм. Сүүлд есөн настай байхад нь ММСУХ-ны тэргүүн байсан Буяндэлгэр гуай авсан. Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Буяндэлгэр гуай бол Ононмөр хавангийн зээ хүү. Дээдчүүл нь мундаг хурдтай. Өөрөө сургууль соёлын мөр хөөгөөд, адуу малнаас хэсэгтээ хөндийрсөн. Манай өвгөнтэй анчдын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга байхаасаа нөхөрлөсөн юм. Отгоор явахдаа манайхаар ирнэ.Та бүхэн мэдэх үү үгүй юу манай өвгөн ойн цагдаа хийдэг байсан шүү дээ. Тэр утгаараа их ойр. Ах дүүс шиг л дотно байдаг. Тэгээд сүүлд хурдны өм нээж өвгөнөөсөө адуу авнаа гээд хонгор азаргыг естэй байхад нь авч байсан юм.
-Ингэхэд Мөлүү хүрний эх нь ямар гүү байсан юм бэ?
-Эрдэнийн гурван хүрэн азарганы нэг нь “шар” Найдангийн хүрэн. Тэр хүний адууны угшилтай сайхан хонгор гүү манай өвгөн авч Дунд хүрэн азаргандаа хураалгасан юм. Улсад айрагддаг хонгор чинь  соёолон жилээ жигтэйхэн хурдан байсан. Тэр үед Налайхын голын их сунгаанд сайн давхисан адуу улсад баараггүй ордог. Манай хонгор соёолон их сунгаанд түрүүлчихээд очсон хув цагаан нь түрчихсэн байна гээд уралдуулж чадаагүй. Хавар эрт гарсан унага тэгдэг юм билээ.
-Одоо та хүрэн азаргануудынхаа хэд дэх үеийн төлөөр наадаж байна вэ?
-Их хүрний тав дахь үеийн төлөөр наадаж байна.
-Улсад түрүүлсэн азаргыг авах хүн мундахгүй. Яагаад заавал Гэсэрваань гуайг онцолсон юм болоо. 
-Би хүүхэд байхаасаа л аавыгаа дагаад наадамд явдаг. Өвгөнөө дагаад Яармагийн дэнж дэх майхнуудаар орно. Данзанням гуай, хоёр Сундуй гуай гээд тэр үеийн мундаг уяачид манай өвгөнийг их хүндэтгэнээ. “Манай Гэсэрваань жудагтай, онгироо сагсуу зангүй, даруухан, хүнлэг. Адууг хүний дайтай хайрлаж уядаг.Тарган хэр нь торгон ирийг нь олж чаддаг” гээд л  магтдаг байсан. Даваа гуай ч  гэсэн мөн тэгж л бодоод  дуудсан болов уу. Өвгөнийг амьд сэрүүн байхад чиний асуусныг асуухад “намайг тэгж бодоод өгсөн байх” гэж хэлж байгаагүй.  Их даруу хүн шүү дээ. Өөрийгөө магтана, дөвийлгөнө гэж байхгүй. Тийм ч болохоор нь “улаан нүдэн” Баасанжав, “шар” Даваа нарын  энэ нутгийн мундаг уяачид тоодог байсан биз. Манай өвгөнийг “адуунд байгаа юмыг гаргаж чаддаг хүн” гэдэг байсан. Аргагүй дээ. Аливаад уйгагүй, эхэлсэн бол эцсийг нь үзнэ. Бидэнд “хамгийн гол нь миний хүүхдүүд дуртай байх ёстой. Дургүй хүн мянган сайн адуутай байгаад ч давхиулж чадахгүй” гэдэг байсан. Өөрөөр хэлбэл морио давхиулъя гэвэл хамгийн эхлээд өөрөө дур сонирхолтой байх хэрэгтэй гэдэг байсан.
-Дараа нь...
-Хоёрдугаарт идэвхи зүтгэлтэй, эрмэлзэлтэй, хичээнгүй нямбай байх ёстой гэдэг. Нойр хоолоо хасч, бүхий л цаг хугацаагаа адуундаа зориулах ёстой.Тэгж байж адуутайгаа ойлголцож, мэдэрнэ гэдэг байсан. Би ааваараа бахархдаг. Тэр дундаа төлөв даруу зан, үнэнч шударга байдлаар нь илүүтэй бахархдаг. Амьдралынхаа мөрдлөгө болгож байсан тууштай зангийнхаа ачаар нэг азарга, түүний үр төлүүдээр Манлай уяачийн болзол хангасан.
-Азарганы уяанд арай  илүү байжээ дээ?
-“Хараа салгахгүй нямбай маллаад уяж чадвал уяа нь хамгийн амархан эвлэдэг адуу азарга. Азарга уяаны алдаа багатай” гэж захидаг байсан. Би тэрнийг нь дагадаг юмуу бас голдуу азарга уяна. Нас насны морь уяж байгаа ч гэсэн азарга нь арай илүү амжилт үзүүлээд байх шиг.
-Аавтайгаа үзсэн наадмууд одоо ч нандин хэвээрээ биз. Ганц нэгээс нь хуучлаач?
-7-р сарын 3-нд дунд сунгаагаа хийчихээд  морьдоо хөтлөөд гарна. “За та нар уяа морь шогшуулав” гэдэг болохоор гэлдэрсээр байгаад тавны орой л Налайхын гол орно. Тэнд очиж буугаад Гарамжав гуайнхаар заавал очдог байсан. Гарамжав гуай ч манайхаар ирнэ. Намайг ид морь унаж байх үед Гарамжав гуайн Тогоруу халтар, манай Мөлүү хүрэн ид уралдаж байлаа.  Хөгшчүүл азаргануудаа харчихаад “за энэ жил яаж давхих уу. Энэ жил давхил нь ямаршуу байна” гээд л ярина. Цаашаа улсад очихоороо хоёр Сундуй, Данзанням гуайнхаар орно. Данзанням гуай ч манайхаар ирнэ. Манайхан Яармагийн зүүн талын дэнж дээр буудаг. Хуучин морин тойруулгын доохно талд манай өвгөний буудаг хавтгай дэнж байдаг. Тэндээ бууна. Хүүхэд болоод анзаардаггүй байснаас биш тэр том уяачид их л хэрэгтэй зүйл ярьдаг байсан байлгүй. Дунд хүрэн айрагдчихаад төв цэнгэлдэхэд цоллуулах гээд аав, Данзанням гуайтай сууж байсан нэг хүн ирээд “үгүй  ээ, энэ хүрэн азарганы эзэн ямар хүн байдаг юм бэ? Би л ийм азаргатай бол ёстой жил дараалан айрагдуулнаа” гэхэд нь Данзанням гуай ч тэр аав ч тэр дуугараагүй гэдэг. Дараа нь Данзанням гуай манай майханд орж ирчихээд  урт гэгчийн соруултай гаансаа барьчихсан “Луузаа чамайг юу гэлээ” гээд нэг их хөхөрч билээ. Тэгж хэлсэн хүн нь Баян-Өнжүүл хавийн бас л их мундаг уяач байсан юм билээ. Миний ойлгосноор Луузаа гэдэг нь хоч нь байх. Хурдан хар азаргатай байсан гэдэг байх шүү.
-Дотогшоогоо хүн байжээ дээ?
-Барагтай бол сэтгэл хөдлөлөө гаргахгүй дээ. Зарим хүмүүс  “Гэсэрваань муу санаатай”  гэдэг байсан байх. Яагаад гэхээр барагтай бол бодож санаж яваагаа хэлэхгүй. Өглөө морь мордуулахдаа ганцхан надад л “за миний хүүгийн азарга давхиад ирнээ” гэдэг. Тэгж хэлсэн бол түрүүлнэ. Түүнээс бусад хүмүүс шиг “өнөөдөр миний морь түрүүлнэ, айрагдана” гэж хэлэхгүй. Анхны “Их хурд”  уралдаанд Буяндэлгэр гуай аав бид хоёрыг авч явсан юм. Өглөө азарга барьж уясны дараа Буяндэлгэр гуайд “хар, цагаан хэл ам хол байг. Миний хүүгийн азаргыг өнөөдөр юм хаахгүй нь дээ” гэж хэлсэн байдаг юм. Тэгээд л хэлсэн ёсоор нь Жинст хонгор түрүүлсэн.
-Манлай хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Хоёр хүү, нэг охинтой. Би ганц охиных нь хүү. Гал дээр нь гарсан зээ учраас өвөө эмээ дээрээ өсч, гал голомтоо залгамжилсан. Өвгөний  Манлай уяачийнх нь малгай, Алдарт уяачийнх нь хусуур, тэмдэг, 100 татчихдаг байсан жижиг мөнгөн аяга, өөрийнх нь хэрэглэж байсан мөнгөн аяга гээд бүхий л эд зүйл нь надад бий.Манай өвгөний том хүү нь одоо 73 настай. Над дээр хоёр азарга нь байдаг юм. Бага хүү нь 50 гарчихсан өвгөн бас л морь уяад явж байна. Их уяачийн дэргэд өсч хүмүүжсэн улс морь уяхгүй байна гэж байхгүй шүү дээ. 
-Тэр ч тийм шүү?
-Би ахаасаа нэг насны зөрүүтэй. Ээж маань намайг төрүүлээд нэг сар 19 хоногтой байхад аав, ээждээ өгсөн юм билээ. Тэгээд л би үхрийн сүү ууж хүн болоод хөлд орсон цагаасаа өвгөнийгөө дагаж уяан дээр нь өнждөг байсан гэдэг. 16 хүртлээ хурдан морь унаад түүнээс хойш өвгөнийхөө хэлсэн ёсоор өөрийнхөө нэр дээр морь уясан. Би 1994 оноос эхлээд өөрийнхөө нэр дээр морь уясан. Морь барихаас эхлээд тавих хүртэл өвгөний зөвлөгөөг байнга сонсоно. Хажуугаасаа байнга хэлүүлж зөвлүүлсээр байгаад сурчихдаг юм билээ. 2007 онд өвгөн маань ойчоод өгсний дараа нэг хэсэг хэцүү  байсан. Юм болгон дээр үгүйлэгдээд бүрээсгүй гэрт орчихсон юм шиг л эвгүй. Гурван жилдээ тэр мэдрэмж арилахгүй л байсан.Мориныхоо хоолыг ихдүүлчихээд “аав минь байсан бол нэг цагийн өмнө, 30 минутын өмнө бариулах байсан даа” гэх мэтчилэн үргэлж бодогдоно. Хоногийн олноор гайгүй болсон доо. Асуух, зөвлөх хүнтэй байх сайхан шүү. Сүүлд өвгөнийг нас барсаны дараа Сундуйжав ах манайхаар их ирдэг байсан. Онолын мэдлэг сайтай,  хүнтэй их сайхан харьцдаг. Хүнийг их бага гэж ялгадаггүй сайхан хүн шүү дээ. Буяндэлгэр Алдарт  ч ялгаагүй байнга ирнэ.
-Одоо өөрөө зөвлөж байна уу?
-Нас 40 дөхөж байна. Хүүхдүүд ч том болчихлоо. Том хүү маань 17 хүрч байна. Бага хүү наймтай. Хоёр хүү морь унадаг. Өвгөнийгөө байхад манайх хангайд нутагладаг байсан. Чоно, нохой ихтэй, төл авах хэцүү. Адуу цөөтэй байлаа. Аав маань ойн цагдаа хийдэг байсан болохоор холдох аргагүй. Аавыгаа тэтгэвэртээ гарахад нь би ажлыг нь өвлөж авсан. Тэгээд саяхан улсын байгаль орчны байцаагч болж  төв рүү орж ирснээс хойш адуу маань сайхан өсөж байна. Адуу өсөх урамтай юм байна шүү.
-Урам сэргээж, хийморь далласан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Өөрийн унаган адуунуудаараа л наадаж байна. Сүүлийн үед Төв аймгийн 85 жилийн ойд түрүүлдэг бэлэвсэн хүрэн азарганы төл  хүрэн, бор азаргуудаар наадаж байна. Нэг жилийн унагууд. Мөнгөн хошуут нь /хүрэн зүстэй /дааган цагаасаа эхэлж уягдаад аймаг, бүсийн чанартай уралдаанд хоёр түрүүлж, сумын чанартай наадамд зургаа айрагдсан. Соёолон жил нь Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болсон хаврын баруун бүсийн уралдаанд нь очлоо. Дээдчүүлийнх нь нутаг шүү дээ. /Их хүрэн азарганы нутаг гэдгээр хэлэв бололтой/ Тэгсэн хүрэн нь түрүүлээд, бор нь гуравт орсон. Цоллогоон дээр нь сумын хурлын дарга гээд сайхан тохины хүн  “манай Жаргалтхаан сумын Сөөнөн Гомбо гуайн адууны угшилтай хоёр соёолон түрүүлж, айрагдлаа” гээд зарлахад сайхан л санагдаж байлаа. Тэрнээс хойш энэ хоёр маань  айраг, түрүү алдаагүй ээ. Өнгөрсөн жил хүрэн нь Багануур дүүргийн 35 жилийн ойд түрүүлсэн. Борыг нь алдчихаад уралдуулж чадаагүй юм.
-Хүрэн нь арай илүү байна уу?
-Харин тийм. Дээдчүүлийнхээ зүсийг татаж төрсөн болоод тэгдэг үү, хүрэн нь арай л илүү шүү.
-2014 онд шилдэг азарганы эзэн болж байж. Хүрэн азарганы амжилт уу?
-Хоёулангаар нь наадсан.Тэр жил хоёр азаргаараа наадаад нэг түрүү, зургаан айраг авч оны шилдэг уяачаар шалгарсан. 2015 онд хүрэн азарга Багануурын ойд түрүүлээд, өвлийн наадамд айрагдаад мөн  шилдэг азарганы эзэн болсон.
-Та анхны айргаа хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан юм бэ?
-1997 онд Мөлүү хүрэн азарганы төрсөн дүү хонгор морь сумын наадамд аман хүзүүдэж байсан. Нэлээд харимал морь байсан юм. Яг өөрийн нэртэй морь айрагдах өөр л байдаг юм билээ. Огшоод ч байгаа юм шиг. Хаашаа л харна хүн болгон инээгээд ч байгаа юм шиг. Сайхан санагдаж байж билээ. Тэр цагаас хойш аймаг, аймгийн бүсийн чанартай наадмаас гурван түрүү, дөрвөн айраг, сумын чанартай наадмаас 20 гаруй айраг түрүү авчээ. Миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь энэ хоёр азарганы эцэг, өвгөний  надад өвлүүлж үлдээсэн бэлэвсэн хүрэн азарга.Тэр  маань аймаг, сум, бүсийн чанартай наадмуудад найман түрүүлж, 17,18 удаа айрагдсан.
-Амжилтын ихэнхийг бэлэвсэн хүрэн гаргаж?
-Тийм шүү. Үнэхээрийн  мундаг азарга.
-Уулзсан уяач болгон Гэсэрваанийн хүрэнгүүдийн угшлын адуутай гэх юм. Тийм их тарсан хэрэг үү?
-Манай өвгөн өөрөө ярьдаг байсан. Миний хүрэн азарганы угшлын 60 гаруй азарга бий гэж. Хүмүүс гүү тавиад төлийг нь авдаг байсан юм. Тэгэхээр Эрдэнэ суманд манай хүрэнгүүдийн цус ороогүй адуутай айл ер нь цөөхөн дөө. МУ-ын Манлай уяач Туваанжавын Гантөмөр гэхэд л сайхан хүрэн соёолон  азарга авсан. Говь-Алтайд байгаа гэнэ лээ. Мөн тийшээ миний бэлэвсэн хүрэн азарганы төл сайхан зээрд халзан азарга явсан. Манай өвгөний төрсөн ахынх нь хүүхэд Гал гэдэг хүнд бий. За тэгээд Мобикомын захирал Баттөр гэж хүнд Салхин зээрд гээд сайхан зээрд азарга бий. Энэ мэтчилэн дурдаад байвал олон доо. Манай Дунд хүрэн чинь 27 хүрч өөд болсон.Тэр болтлоо 30-аад  гүүтэй байдаг байсан.
-Тэгвэл ч тэд буруу яриагүй бололтой. Их уяачийг залгамжлах гурав дахь үеийн төлөөллөөс танилцуулаач?
-Хүн багаасаа юутай ойрхон байна түүнийгээ л сонирхдог. Нэгэнт би энэ том уяачийн гал голомтыг авч явж байгаагийн хувьд уяаг нь таслах эрхгүй. Залгамж халааг нь бэлтгэх нь миний үүрэг. Манай гурван хүү  гурвуулаа л моринд дуртай. Гэхдээ айлын ууган хүү учир томыгоо номын мөр хөөлгөнө гэж бодож байгаа. Харин дунд бага хоёрынхоо нэгийг л уяач болгоно доо.
-Ирээдүйн их уяачийг бэлтгэх үйлсэд тань амжилт хүсээд ярилцлагаа өндөрлөе. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
-За тэр ерөөл бат оршиг.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна