Аймгийн Алдарт уяач Д.Отгонсүрэн: Ах бид хоёр их морины амжилтаар аймгийн цолонд хүрсэн улс

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 06 -нд

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Отгонсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны өвөг дээдэст хурд ирлэсэн уяачид байв уу?
-Өөрийгөө удам дамжсан уяач гэж боддог. Манай өвөө уяач хүн байлаа. Харин аав маань морь мал гэж явсангүй. Яахав багадаа хөдөөгийн хөвгүүдийн адилаар морь унаж өссөн жирийн л нэгэн. Би бол 1993,94 оны үед хөдөө гарч, 2004 оны сүүлээс морь уяж байна. Миний төрсөн ах аймгийн Алдарт уяач Бадамсүрэн худалч хүнд бараг зодож байгаад л намайг моринд оруулсан хүн дээ. Ах маань Сүмбэр сумын “Морьт Боржигон” уяачдын холбоог үүсгэн байгуулагчдын нэг байлаа. Би чинь мал маллахаас зугтаад хоёр жил хэртэй Шивээд амьдарч үзсэн. Тэгсэн араас ирж хөдөө гаргаад бүх малаа даатгаж орхидог юм. Яах ч аргагүй болж ахынхаа бий болгосон адууг өсгөж үржүүлэхээр шийдсэн маань өнөөдөр оножээ гэж боддог.
-Ах тань хэдий үеэс морь уях болсон хүн бэ?
-Аймгийн Арслан Цэндээхүү гэж миний ээжийн ах бөх барилддаг, адуу малтай ноцолддог нэгэн байлаа. Энэ хүнийг ах дагаж багаасаа морины ажил хийдэг байсан. Надаас таван насаар ах л даа. Ямар ч байсан ах наймдугаар анги төгсөөд, Мэнгээзэвэг гуайн ихрийн нэг хэн билээ нэрийг нь санадаггүй ээ. Худалдаа аж үйлдвэрийн дарга байсан тэр хүнээс 10 төгрөгөөр зээрд халзан байдас авч, Чойрт ирж сургаж байсан гэдэг юм. Дараа нь өнөө байдсаа Цэндээ ахад өгчихөөд цэрэгт явсан. Халагдаж ирээд Чойрт ажил хийж хэсэг завсарласан. Тэр үед аав ээж хоёр тэтгэвэртээ гарч, дүү бид хоёр хамтдаа хөдөө гарч байлаа. Манайх чинь төвийн айл. Аав тэтгэвэрт гарахаасаа өмнө жолооч хийж байсан. Ах маань бид хэдийг малтай болгосон хүн дээ. Ингээд ерэн хэдэн оны өвлөөс би ээжтэйгээ үхэр тугал,хонио маллаж, ах дүү хоёр маань морь уяж эхэлсэн. Үүнээс хэдэн жилийн дараа дүү маань төвд суух болж, 2000 оны зуднаар мал хуйгаа ихэнхийг нь алдсан. Би ч үлдсэн хэдэн малаа айлд үлдээгээд төв явсан ч ахдаа “баригдаад” буцаж байж билээ. Ах маань хүүхэд байхын л адуунд хорхойтой явсан. Хүмүүс Бадамсүрэн гэхээсээ илүү Бор гэдэг нэрээр нь сайн мэднэ дээ. Энэ аймагтаа адууны  дээд үнийг тогтоосон гэж болно. Ерэн хэдэн онд Дамбадаржаа гэж өвгөнөөс 500,000 төгрөгөөр хонгор азарга худалдаж авч байлаа. Дээр нь ээж аав хоёрын хувьцааны адууг цуглуулж, энэ тэндээс ч нэлээн адуу авсан. Хэд хэдэн удаа Сундуйжав гуайгаас Дорнодын адуу гэж азарга, морь авч байсан бол Сүхбаатар, Дэлгэрэхээс Дорноговийн аймгийн Алдарт уяач Шаравын Энхтүвшин гэж ахаас ч адуу авсан. Тэр хүнээс авчирсан адуунууд нь манайд бас сайн давхиж байгаа. Энхтүвшин ах Дэлгэр хээрийг өөрөө ахад бэлэглэж байсан юм. Түүнчлэн Баянжаргалангийн Сүхийн Болдоо гэж хүнээс Сүх өвгөний адуунаас авчирсан. Ер нь ойр хавиасаа ч адуу их авсан.
-Сандуйжав гуайгаас ямар адуу авч байсан юм бэ?
-Сундуйжав гуайгаас авсан хээр азарга одоо ч бий. Сүүлд Бадамцэрэн гэж залууд өгсөн азарга тавьчихсан байна лээ. Бас нэг зээрд морь авчраад сайн давхиулсан. Тэр үед хоёр гурван ч гүү авсан.
-Өнөө 500 мянгын хонгор азарга нь яаж давхисан бэ?
-Манайд ирээд хоёр айрагдсан. Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн наадамд түрүүлээд, дараа нь бас нэг наадамд айрагдсан. Тэрнээс хойш уяж чадаагүй. Хөл гарыг нь эвгүйтүүлчихсэн. Харин төлүүдээс нь хүрэн халзан, хонгор морьд сайн давхисан.
2016 ОНД “МОРЬТ БОРЖИГОН” МСУХ-НЫ МААНЬ 10 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО
-Ахын тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Манай ахыг аймгийн Алдарт уяач цолонд хүргэхэд Борын цоохор буюу цагаан цоохор морины амжилт нэлээн жин дардаг. Хурц сайдын хар цоохор азарга манай эндэхийн нэг айлд хоёр жил болсон юм. Буруу гараар яваад ирсэн байж ч магадгүй гэцгээдэг. Сүүлд нь сайд өөрөө ирээд авч явж байсан. Тэр айлд байхдаа гарсан төлөөс нэг байц авч, түүнээс гарсан төл нь Борын цоохор. Өөрөөр хэлбэл манай эндэхийн Төмөрхуяг гуайн адууны гаралтай Төмөрбаатарын хүрэн буурал азарга, Хурц сайдын азарганы төл буурал гүүний дундаас гарсан төл байгаа юм. Аймгийнхаа наадамд хоёр, гурав айрагдаж, ойр хавийн сумдад олонтаа айргаар хурдалсан. Бас улсад хоёр удаа явж, 20 гаргаад ирж байлаа. Даанч ид хурдан үед нь бүсийн чанартай томоохон наадамд мордуулж чадаагүй. Үүнээс гадна Цэвээндорж гуайн өгсөн хээр үрээг мөн л сайн давхиулсан. Цэвээндорж гуайд байхдаа хэд хэдэн удаа зургаалсан, ерөөсөө айрагдаж байгаагүй  гэсэн. Ингээд ахад ирээд нэг өвөл таван удаа аман хүзүүдэж, Мөнгөн хээр нэртэй болсон. Гэвч шороо идүүлчихсэн. Одоо төлүүдээс нь манайд бий. Дээр нь хүрэн халзан, хонгор хоёр морь байна. Дамбадаржаагаас худалдаж авсан хонгор азарганы төл хүрэн халзан морь нь аймагт болсон бага наадамд айрагдчихаад, Дундговийн Их газрын чулуунд болсон Норовбанзад гуайн нэрэмжит задгай театрын нээлтээр аман хүзүүдсэн. Тэгэхэд Цэлхээн Бямба гуайн бор морь нь түрүүлсэн юм. Бас Багануурын хорихын 20 жилийн ойгоор айрагдсан. Мөн Булганы Могод руу зарагдсан хүрэн морь аймгийн наадамд нэг, хоёр удаа айрагдаж байсан. Энэ мэт ах маань одтой нааддаг, хийморилог эр явлаа.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач  болсон бэ?
-2007, 2008 оны үед аймгийн Алдарт болсон санагдана. Гардан морь уяад арав гаруй жилийн дараа ийнхүү аймгийн цолтон болж байлаа.
-Одоо ахынхаа тэр үед гаргасан шийдвэрт харамсдаггүй биз дээ?
-Яалаа гэж. Намайг хоолтой минь залгуулсан хүн шүү дээ. Тэгээгүй бол нас явчихсан, арав төгссөнөөс өөр боловсрол мэргэжилгүй би төвд юу хийх билээ. Аягүй бол аль нэг уурын зууханд ч юм уу ажиллах байсан биз.
-Ахыг тань Ганхүү гуайн шавь гэсэн үү?
-Яаж яваад багш шавийн барилдлагатай болсныг сайн мэдэхгүй юм. Ахын найз Эрдэнэчулуун тэднийг танилцуулсан гэдэг юм. Тэгээд 2004 онд Налайхад очиж хоёр, гурван жил Ганхүү начинтай морь уясан. Бүүр 2005 онд биднийг аваачаад, тэр жилийнхээ наадмаас буцаж ирэнгүүтээ намайг хөдөө гаргасан юм.
-Тэр нэг жил их юм сурсан уу?
-Тэгэлгүй яахав. Тэр жил тэндээс улсын наадамд Сундуйжав гуайн Гоё халиун л аман хүзүүдсэн. Хүйн долоон худагт Сундуйжав гуайн томоо гэрээ барьчихсан, начин манай хоёрынх урдхан нь гэртэй. Ганхүү начингийн дүү Ганбатынх Тод манлайн цаахна буучихсан байлаа. Энэ томчуудаас чинь шууд асууж чадахгүй л дээ. Хараад л явна. Гэсэн ч тэднээс их юм сурсан. Гэхдээ одоо ч гүйцэд сураагүй л явна. Миний уяач ч гэж юу байхав. Энэ хэдэн морины хүч, ахынхаа буянд сум, аймгийн Алдарт уяач болчихоод явж байна.
-Ярианы эхэнд ахыгаа сумын МСУХ-г үүсгэн байгуулалцсан гэсэн. Хэдэн онд, ямар ямар хүмүүс энэ холбоог байгуулж байсан гэдэг вэ?
-Би одоо сумынхаа болон аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч  хийдэг. Холбооны тэргүүлэгчдээс Уранцэнгэл, Сөөсөг Энхжаргал бид гурав малчин улс. 2005 онд  миний ах Дашравдангийн Бадамсүрэн, нарийн бичиг Тэрбишийн Мөнхбаяр, Цэрэндэжидийн Мөнхжаргал Пөмбүүлээ, галын Баяраа Баярсайхан,  аймгийн орлогч дарга байсан Гомбодоржийн Батсуурь, Насанбуянгийн Хосбаяр, Ганболдын Одсүрэн нарын долоон хүн ахын гэрт сууж ярилцаад сумын уяачдын холбоог үүсгэн байгуулахаар болсон гэдэг. Өнөөдөр тэднээс хоёр нь тэнгэрийн оронд явжээ. Цаг хугацаа ч хурдан байна шүү. Ирэх жил “Морьт Боржигон” холбооны маань 10 жилийн ой тохионо.
-Холбоо ажлаа юунаас эхэлсэн бэ?
-2005 оныхоо шинэ жилийг тэмдэглэсэн. Ер нь аймгийн хэмжээнд болсон анхны уяачдын шинэ жил  байх шүү. Бидний зарим нь үстэй дээл, эсгий гуталтай ирчихээд халууцахдаа ихэнх нь дээлээ сугалдаргалчихсан. Инээдтэй  л харагдаж байсан байх даа. Мэдээж зохион байгуулагчид их гангаан. Бүгдээрээ костьюм өмсчихсөн байгаа юм. Сундуйжав гуай, Ганхүү начин хоёр хүндэт зочид болж ирсэн. Амбий нарын хошин шогийн жүжигчид бас ирж байлаа. Түүний дараа 2007 онд холбооны нэрэмжит наадмыг Уяан Товог дээр хийж, өнөөдөр уламжлал болсон. Холбооноос санаачлан уул овоогоо цэвэрлэх ажлыг эхлүүлж, албан газруудыг уриалан татан оролцуулж байлаа. Одоо ч уул овоогоо цэвэрлэж байна. Хуучин ахмадууд л аймаг, сумын цол авдаг юм шиг ойлгодог байсан. Тэгвэл үүнийг халж, болзлоо биелүүлсэн бол нас харгалзахгүй цолонд хүрч болдогийг уяачдад ойлгуулсан. Тэр үед Адъяасүрэн гуайн хүү Нямхүү, Цэрэндэжид гуайн хүү Пөмбүүлээ Мөнхжаргал нар аймгийн Алдарт уяачид болж байлаа. Тэгээд тэрний ар дээр аймгийн уяачдын холбооны удирдлагууд солигдож, Шүрэнчулуун ах тэргүүн нь, манай ах дэд тэргүүн нь болсон. Нэг удаагийн “Морьт Боржигон” уяачдын холбооны хурал дээр аймгийнхан ирж таарсан. Тэгэхэд Галын Баттөмөр гуайг уриад ирчихсэн туршлагаас нь хуваалцаж байсан юм. Тэгсэн аймгийн уяачдын холбооны Баянмөнх дарга, Ёндон дарга нар ирээд тэр хурлыг шууд аймгийн уяачдын холбооны хурал болгоод үргэлжлүүлсэн. Ингээд Шүрэнчулуун ахыг даргаар сонгож, аймгийн уяачдын холбоо ажиллаж эхэлсэн. Үүнийг дагаад Баянтал, Шивээговийн уяачдын холбооныхон ч хөдөлгөөнд орсон гэж болно.
-Ах дүү хоёрын хамгийн одтой сайхан наадсан он жилүүд хэзээ байв?
- Ганхүү начингийн шавь болсноосоо хойш ах бид хоёр очсон наадмаасаа айраггүй ирж байгаагүй. Ах маань очсон наадам болгондоо айрагтай наадна. Яахав түрүү цөөхөн л дөө. Аймгийн 10 жил, сумын ой,цагдаагийн 20 жилийн ойг хамтад нь тэмдэглэхэд Борын цоохор гэж соёолон морь аман хүзүүдүүлчихээд нэг хэсэг завсарласан. Тэгээд намайг хөдөө гаргаад л тууштай дахин морь уяж эхэлсэн. Хамгийн сүүлд Адъяасүрэн гуайгаас авсан эрлийз даагаа 2011 онд улсын наадамд наймаар оруулсан. Тэгээд аймгийн ойгоор Энхтүвшин ахын бэлэглэсэн Дэлгэр хээрээ соёолонд түрүүлгэсэн. Тэр жил аймгийн наадамд Сүхбаатараас их олон морьд ирж өтгөн наадам болсон. Манайхаас соёолонд ахын Дэлгэр хээр түрүүлээд, шүдлэнд Одсүрэнгийн зээрд үрээ, Тулгын цагаан цоохор хязаалан айрагдсан. Дараа нь найман сард сургуулийн ойгоор бид даага, соёолон хоёр аман хүзүүдүүлсэн юм. Энэ нь ахын  сүүлчийн наадам байлаа.  Үүнээс нэг удалгүй осолд ороод бурхан болсон.
АХ БИД ХОЁР ИХ МОРИНЫ АМЖИЛТААР АЙМГИЙН ЦОЛОНД ХҮРСЭН УЛС
-Та эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Би есүүлээ.
-Таны хувьд анхны айраг түрүүгээ хэзээ авч байв?
-2004 онд ах Сундуйжав гуай, Ганхүү начинтай улсын наадам явчихсан. Манай том хүү морийг нь унасан юм. Харин би Шивээ рүү зугтчихсан байгаа ш дээ. Тэгсэн улсууд морь уяад байхаар ахын худалдаж авсан хонгор азарганы сүүлийн төл хонгор даагыг уяж үзмээр санагдлаа. Ингээд хадам ахтайгаа нийлж уяад аймгийн наадамд хөтлөөд очсон. Одоо шиг унаач хүүхдийн насыг зааж байсангүй. Есөн сард тав хүрэх хүүгээ унуулаад тавьчихлаа. Тэнд ахын найз нар болох хорихын дарга Мөнхбат, Суурь, Мандах хамт байсан юм. Тэр их бороотой жил байлаа. Даага эргэх гээд бид хамтдаа дагалаа. Би нөгөө даагаа бүтэн идүүлээд тавьчихсан байгаа ш дээ. Тэгсэн кабинд явсан ах нар “Отгоо энэ даага чинь юу вэ, ямар аймаар хоолтой юм” гэнэ. Цүдийсэн л юм байгаа юм чинь. Тэгсэн Суурь ах “Мандахаа чи буу. Отгоогийн дааганы эмээлийг янзал“ гэлээ. Ядаж байхад эмээл нь урдаа гарчихсаан. Мандах ах ч буугаад очтол даага эргээд эмээлийг нь янзалж чадалгүй явуулчихсан. Миний муу хүү учраа олохгүй л яваа ш дээ. Ингэж явсаар нөгөө муу даага чинь аравт орсон. Яахав дээ 60,70-аад дааганы дээгүүр давхилаа гэсээр л харьж байлаа. Үүний дараа Дорлиг гуайнх мундаг хурдан азарганыхаа баярыг хийж даага уралдуулдаг юм. Нөгөөдөр наадам болно гэж байхад хот гараад давхилаа. Тэгэнгүүтээ эхнэрийнхээ дүүг даагаа хөтлөөд Маки ах дээр яваад очоорой. Ах нь Чойр дээр буугаад шууд яваад очно гээд утсаар ярьчихлаа. Тэгсэн  Маки ахынд Майнбаяр нөгөө хүүхэд чинь хоёр даага хөтлөөд хоёр дүүгээ дагуулаад очиж. Отгоо ах тан дээр оч гэсэн гэвэл Маки ах баярласан юм шиг байна лээ. Тийм амархан баярладаг хүн л дээ. “Таныг даага авч хоноод маргааш өглөө уралдуул” гэсэн гэж дамжуулж. Ингээд наадмын өглөө шууд давхиад очлоо. Маки ах “миний хүүгийн даага өнөөдөр дээгүүр давхих байхаа” л гэнэ. Яаж байна гэвэл “Хашка өглөө ерөөсөө босохгүй унтаад л байсан” гэв. Өнөөх нь тав арай хүрээгүй нөхөр байгаа ш дээ. Уг нь ах нар загнаад босгох гэсэн Майнбаяр ах хэрэггүй, хэрэггүй унтаж байг. Өнөөдөр морь нь давхих хүн унтаж амраг гээд унтуулж байгаад нөгөө хэдийгээ явуулсны дараа араас нь гарсан гэсэн. Ингээд уралдсан хонгор даага  холоо түрүүлээд ирдэг юм даа. Миний хүү учраа ч олохгүй. Ааваа би хэдэд орсон бэ гэхээр нь түрүүлсээн гэвэл “би энэ мотоциклийг гүйцэх гээд л хурдлаад байсан” гэв. Ингэж анхны түрүүгээ авсан түүхтэй. Харин нөгөө даага нь долоод орж, ахын даага дөрөвлөсөн. Эндээс ах хийгээд авъя гэж бодсон уу, дараа жил нь хөдөө гаргасан юм шүү дээ.
-Тэрнээс хойш хичнээн айраг түрүүтэй наадсан бэ?
-Тэрнээс хойш ахтайгаа нийлээд морь уясан. Яг миний өөрийн нэртэй хонгор даага бий. Багаасаа сайн давхиж их морь болтлоо хурдалсан. Бас нэг хүрэн морио ч хурдлуулж байсан. Гэхдээ ахыгаа цолонд хүргэхийн тулд дүү бид хоёр Борын нэр дээр давхиулдаг байсан. Ингээд ахыг сум, дараа нь аймгийн Алдарт уяач болсны дараа өөрийн нэрээр уралдуулдаг болсон. Ах морио уяж, би арын албанд ажиллана л даа. Морио манана, аль нэг наадамд морио ачаад явна. Дүүг болохоор энэ мэт ажилд зарахгүй. Машин барьж яваад үүрэглэнэ, төөрч мэднэ гээд өөрөө л дүүтэй явна. Харин намайг “энэ нөхөр учраа олчихноо” л гэнэ. Дүүг төвд, намайг хөдөө ажиллаж амьдрах хүн гэдгийг эртнээс анзаарсан шиг байгаа юм.
-Хонгор морь хэд түрүүлж, хэд айрагдсан юм бэ?
-Даагандаа нэг түрүүлсэн. Тэрнээс хойш Дорноговь Айраг суманд гуравдугаар сарын 18-нд болсон Боржигонд соёолон насанд айрагдсан. Уяачдын холбооны анхны нэрэмжит наадамд манай аймгаас Долоожин гуайн халзан азарга айрагдаж, Цэрэндэжид гуайн хул халзан морь түрүүлээд, манай хонгор соёолон айрагдсан. Тэгэхэд Тод манлай Дуламсүрэн гуай ирээд бараг бүх айраг түрүүг нь авчихсан. Сүүлд миний хонгор их морь болоод Дархан суманд очиж айрагдсан. Ер нь сумдаар их айрагдсан ч аймгийн наадамд орж байгаагүй. Харин түрүүн ярьсан хүрэн морио аймагт хоёр, гурав айрагдуулчихаад хойшоо зарсан. Одоо надад хоёр, гурван халиун азарга, хязаалан, шүдлэн бий. Уяачдын холбооны 20 жилийн ойгоор хээр даага 11-т давхиуллаа. Манайд дэлдэн Загдаа гэж улсын сайн малчин, лут өвгөний адуунаас хул морь байсан юм. Аймагт гурван жил дараалан айрагдсан энэ морь надад ирээд аймгийн наадамд нэг түрүүлээд, хоёр айрагдсан. Загдаа гуайн хүүхдүүд бэлэглэж байлаа. Ер нь ах бид хоёр их морины амжилтаар аймгийн цолонд хүрсэн улс. Ахыг өөд болсноос хойш би өвлийн уралдаануудад Дэлгэр хээрийгээ хоёр гурав айрагдууллаа. Бага адуунуудаа хэд хэд түрүүлгэлээ.
-Хэдэн онд аймгийн Алдарт болсон бэ?
-2013 онд аймгийн Алдарт уяач болсон. Юутай ч өөрийгөө энэ цолоо хамгаалж яваа л гэж боддог юм. Өнгөрсөн хоёр жил дараалан аймгийн наадамд хүний өөрийн унаган морьдоо айрагдууллаа.
-Таныг залгаад хүүхдүүд морь уяж байна уу?
-Манай хүү төмөр замын сургуулийг төгсөөд ирсэн. Би шууд хөдөө гаргачихсан. Энэ нөхөр л адуу малаа хариуцахгүй бол би өөр хэнд даатгахав. Дүү нь одоо  11-р ангид сурч байна. Дунд сургуулийг нь төгсгөөд ХААИС-д малын эмчээр сургана даа.  Энэ хоёр маань ч аавыгаа сайн ойлгож байгаа. Нэг нь малын эмч болж, нөгөө нь хөдөө гарна гэдгээ мэдэж байгаа. /инээв/
-Уяа сойлго тааруулсан энэ жилүүдээс хамгийн бахдалтай сайхан наадсан ямар наадам байна вэ?
-Очсон наадам бүхэн түүх болон үлддэг. Тэр дундаа айрагдчихаад буцаж явахад нойр хүрэхгүй л дээ. Замын уртыг ч ажралгүй ахин дахин яриад л явна гээч. Харин  амжилт муутайхан шиг бол машин барих ч хүн олдохоо байчихдаг, бүгд унтана. Энэ дундаас 2011 онд Чойрын сургуулийн 70 жилийн ойгоор хоёр аман хүзүү авсан. Удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзаж байгаа нь тэр. Тэгэхэд би сумын Алдарт уяач болчихсон байсан. Тэгээд морь цоллуулах болсон манай ангийнхан бүгдээрээ стадионд ороод ирчихсэн байж билээ. Их гоё. Тэндээсээ ангиараа хөдөө гарч манайд ирцгээсэн юм. Би ч эхнэр рүүгээ урьдчилаад хэлчихсэн. Яваад очсон илүү гэр бэлдээд, гүүгээ барьчихсан байв. Ингээд манайхан хоёр хоног бужигнаж аваад явсан. Ер нь хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн сайхан нь байдаг юм байна. Манай ангийнхан одоо ч ярьдаг. Ангид муу юм болсон ч Отгоо, сайн юм болсон ч Отгоо явж л байдаг гэж.
-Хэдийгээр ах тань сайн адуу цуглуулж өгсөн ч та энд тэндээс адуу авна биз?
-Авна, авна. Саяхан манай нэг найз хотоос хоёр ч азарга авч өгсөн. Нэг нь Дэлгэрэхээс, нөгөө нь Махвалын азарга гэсэн. Улсад халтар азарга айрагдуулсан Махвалын адуунаас гүү, азарга хоёртой боллоо. Гэхдээ хоёр өөр эцгийн адуунууд юм билээ. Би боддог юм, ойрын нэг, хоёр жилдээ унаган адуугаараа л уралдъя гэж. Хонгор, халзан, цоохор морьд бүгд миний унаган адуу байгаа юм. Ер нь ахыг байхад ч авмал адуу давхиулсан нь маш цөөхөн. Бэлэгний адуунаас Энхтүвшин ахын адуунууд, Загдаа гуайн адууны хул морь л хурдалсан байна. Би ч гүү авах дуртай хүн. Манай азарга ярих юмгүй л дээ. Айрагийн МУ-ын Алдарт уяач Магсарын Ухна гэж мундаг өвгөний адуунаас нэг гүү манайд байна. Тэр гүү дөрвөн эр төл, нэг охин төл гаргаснаас эр төлүүд сайн давхиж байгаа. Мөн манай нутгийн Балданхүү гэж адуучин ахаас манай ах халиун азарга худалдаж авч, одоо төлүүд сайн давхиж байна.
-Унаган адуугаараа наадна гэдэг уяачийн том бахархал шүү. Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг тань үлдээе?
-Сүмбэрийн унаган хүүхдүүд болох бид энэ хонхортоо гал байгуулахаар хэдэн жилийн өмнөөс яриад л явлаа. Бараг аймагтаа анхны галыг байгуулчихаар байсан байх шүү. Даанч ярьсаар явтал Чойрт “гал гуай” чинь гараад ирдэг байгаа. Тэгэхээр нь ярьж байснаа одооноос ажил болгоё гээд “Унаган Сүмбэр” галаа байгуулаад байна. Би галынхаа ахмад нь. Галын тэргүүнээр Тогосоо гэж залуу ажиллаж байна. Шижигнэсэн сайхан арваад залуус энэ галд нэгдээд байгаа юм.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна