“Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Галбадрах: Манай Хөвсгөлийнхөн Галаагийн Аварга алаг гэхээр анддаггүй юм

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 09 -нд

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны дэд тэргүүн, аймгийн Алдарт уяач Б.Галбадрахтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Дэлтэй цэнхэр”-ийн дэд тэргүүн юм байна. Хэдийнээс холбооны үйл ажиллагаанд оролцох болсон юм бэ?
-Үнэндээ холбооны тухай сонирхдоггүй байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр  нүдэн дээр минь л болохгүй зүйл харагдаад байхаар үгээ хэлэхээс өөр аргагүй болсон л доо. Шинэ тэргүүнээр Даваасүрэн гишүүнийг томилогдохоос өмнө бас л хэцүүхэн байлаа шүү дээ. 40 мянган төгрөгөөр аймгийн Алдартын цол тэмдгийг худалдсан хэдэн хүн бий. Үүнээс болоод аймагт ч уралдаж үзээгүй нөхдүүд аймгийн алдарт болчихсон. Энэ мэт  алдаа дутагдал нь шинэ зохион байгуулалтанд орохоос өөр аргагүйд хүргэсэн юм. 2003 онд байхаа уяачид хуралдаад Даваасүрэн гишүүнийг МСУХ-ны тэргүүнээр, Гүншир бид хоёрыг дэд тэргүүнээр сонгосон юм. Түүнээс хойш холбооны үйл ажиллагаа жигдэрч, ажил үйлс өөдрөг яваад баяртай явдаг.
Холбоо ойрын хугацаанд улс бүсийн томоохон наадмуудад Хөвсгөл аймгийнхаа уяачдын түлхүү оролцуулах бодлого барьж байна. Мөн энэ зун Монгол адуу гиннест бүртгүүлэх сайхан үйл явдал тохиох гэж байна.  Түүхэнд нэрээ мөнхлөх энэ явдалд аймгийнхаа уяачдыг гал болгон оролцуулна. Манай Хөвсгөл чинь 125 мянга үүнээс аймгийн төвдөө 40 мянган хүн оршин суудаг, 24 сумтай Монгол улсын томоохон аймгуудын нэг. Уяачид гэхэд 600-700 байна. Тийм ч учраас уяачдаа бүртгэлжүүлэх, тэдний хөдөлмөрийг үнэлж, болзол хангасан хүмүүсээ алдар цолонд тодорхойлно гэхчилэн хийхээр төлөвлөсөн ажил их бий.
-Та хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2008 онд Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр манай аймагт ирж холбооноос Рашаант суманд хурдан морины уралдааныг зохион явуулсан юм. Тэр үеэр би аймгийн Алдарт уяачийнхаа цол тэмдгийг гардан авсан. Хурдан морины уяа сойлго тааруулсан энэ хорь гаруй жилийн хооронд сум, аймгийн айраг түрүү нийлээд гуч гарсан байна.
-Тэгвэл Алдартын морьтой холбогдсон түүх 1990 он хавьцаа байх нь ээ?
-Хөдөөгийн багачууд бид чинь зуны амралтаараа мал дээр л өнжих нь элбэг. Миний ээжийн төрсөн дүү Баасанжав Төмөрбулаг сумын Тээл багт нэгдлийн 500 адуу хариулдаг адуучин хүн байлаа. Тийм болохоор зуныхаа амралтыг ахындаа очиж тусалж, бас хурдан морь унаж өнгөрөөдөг байсан. Долоодугаар анги төгстлөө хурдан морины унаач хүүхэд явсан бөгөөд чамлахааргүй олон айраг түрүү авч байлаа. Тэгж байтал дунд сургуулиа төгсөөд эрдэм номын мөр хөөн хэсэг завсардсан ч илгээлтээр нутагтаа ирж, Мөрөндөө суурьшсан. Энэ үеэс л хусуур сойз зүүн уях болсон юм даа. Тэр чинь 1990 оны эхэн байгаа юм. Анхандаа ч нутгийн унаган адуугаараа нааддаг байсан. Гэхдээ тэр үед миний морьд бузгай ч байгаагүй ээ, 10-20 дотор л ирнэ. Харин сүүлд Сүхбаатар, Хэнтийгээс адуу авчрах болсноос хойш одтой сайхан наадаж байна.
Манай адуунууд Бүрэнтогтох сумын Их-Уулын суганд бий. Манай төрсөн дүү, мянгат малчин Гантөмөр, Ганбат хоёр маань малладаг юм.
-Анхны айраг түрүүгээ хэзээ хүртэж байв? Уяач хүний баяр бахдалыг мэдрүүлсэн өдрүүдийн нэг байх даа?
–Сая хэлсэн дээ, Сүхбаатар, Хэнтийгээс адуу авчирсан гэж. Тэр бол 2000 оны эхэн үен. Түүнээс нэг их удалгүй Сүхбаатараас авчирсан бор азарга маань 2001 оны аймгийн наадамд айргийн дөрөвт давхисан нь үнэхээр урам нэмсэн хэрэг болсон шүү. Эндээс адууныхаа цусыг сэлбэх нь зөв юм байна гэсэн бодлоо бататгана Онон Тод манлайн Жаргалант угшлын хэдэн сайхан адуу авсан. Одоо миний азарганууд Сүхбаатар, Жаргалант угшилтай бол Тэсийн гол, Хэнтий, Сүхбаатар, Жаргалант угшлын болон эрлийз гүүнүүдтэй.  Ер нь Онон Тод манлайгаас цувуулж авсаар бараг 20-иод тооны адуу авсан байна. Түрүүчийн авчирсан саарал халзан даага гэхэд соёолондоо Хөвсгөл аймагт гүйцэгддэггүй байлаа. Мөрөн сумын болон аймгийн наадамд түрүүлж, хойшоо “Дархадын хурд”-д бас түрүүлсэн. Гэхдээ нас нийлсэн хойно нь ТВ-5 телевизийн захирал Улам-Өрнөхөд зарчихсан юм. Дундговийн Б.Наранхүү Ланд-200-гийн байтай наадам Дундговьд хийсэн дээ. Тэр наадамд миний саарал халзан их насны моринд түрүүлж Ланд-200 машин авсан.  Ер нь Тод манлайгаас авсан болгон их хурдан байгаад ахдаа баярлаж явдаг юм. Сэтгэл харамгүй хурдаа хайрласны буян юм даа.
-Яагаад Тод манлай уяач Ононг онцолж адуу авсан юм бэ?
-2006-2007 оны үед Хөвсгөл аймагт болсон уяачдын хурал дээр Тод манлай уяач Онон ирж уулзалт зөвлөгөөн хийсэн юм. Түүнээс өмнө би муухан таньдаг байсан л даа. Тэгээд танилцаж саарал халзан даагаа анх худалдан авсан юм.
Харж байхнээ Жаргалант угшлын адуу аргагүй л цус сэлбэж сайжруулсан адуу гэсэндээ дасан зохицох нь хүртэл сайн гээч. Ер нь  ямар ч адуу эхний жилдээ жаахан унжгар байдаг ч дараа жилээс нь дажгүй ээ.
-Хурдан саарал халзан дааганаас өөр ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Тэрэгний морь байхад нь авч уяад аймагт нэг жилд хоёр түрүүлгэсэн Аварга алаг морийг авч байлаа. Аварга алаг аймаг, бүсийн наадмын 10-аад түрүү, айрагтай. Манай Хөвсгөлийнхөн Галаагийн Аварга алаг гэхээр андахгүй дээ. Уржнан зодог тайлж, одоо сүргийн манлай адуундаа явж байгаа. Олон ч удаа намайг баярлуулсан, үнэхээр сайхан амьтан бий. Бүр харахаар л хайр хүрээд байдаг юм. Хятад мотоцикль байнд анх өгдөг “мода” гараад байхад алаг мориныхоо буянд нэг жилд 4-5 мотоцикль авдаг байлаа.
-Хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Хөвсгөлийн унаган адуу. Эх нь Шинэ-Идэр сумын, эцэг нь Түнэлийн гаралтай азарга юм билээ. Сайн адуу болохоор дараа нь угшил гарлыг нь нэлээн судалсан юм. Гэхдээ төрсөн ах дүүсээс нь Аварга алаг шиг хурдан адуу төрөөгүй л юм билээ.
-Аварга алагтайгаа одтой наадсан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Наадмын дурсамж гэсэн нэгэн түүх сонирхуулмаар санагдчихлаа. Бидний хэдэн нөхөд аймагтаа айраг түрүү аваад байдаг болохоор өөрсдийгөө  их л том уяачид болсон шиг санагддаг байлаа.  Тэгтэл “Хотгойдын хурд”-ыг анх удаа зохион явуулахад нь морьдоо мордууллаа даа. Морьд барианд ороход манайхаас байдаггүй. Бүх насны морьдын айраг, түрүүгээ алдсан. Энэ үнэхээр их сургамж өгсөн. Нутгийн адуу маань болоогүй байна, бусад аймгийн морьдын дайнд хүрээгүй байна, гадагшаа гарч юм үзэж нүд тайлах болжээ гэдгийг мэдрүүлж билээ. Ийнхүү алдаандаа дүгнэлт хийж их ч адуу зөөлөө,  тэр хэрээрээ адууныхаа цусыг их сайн сэлбэж байна. Одоо бол тэр үе түүх болон үлджээ. Манай адуу хаана ч уралдахаар болчихсон гэдгийг хэлэх байна.
Асуултаасаа зөрсөн хариулт болчихов уу дээ. Гэхдээ үнэхээр ухаарал хайрласан болохоор дурсах учиртай юм. Харин миний хувьд Улаан-Уул суманд болсон “Дархадын хурд” аймгийн бүсийн уралдаанд миний алаг морио түрүүлгэж, даагаа айрагдуулчихаад сууж байх ай даа сайхан байсан шүү. Тэгэхэд манай МСУХ-ны дэд тэргүүн Гүншир маань бас нэг түрүү, нэг шөвөгтэй. Би уралдаан болохоос 2-3 хоногийн өмнө очоод буудаллачихсан. Ойр хавийнхаа айлаас хонь худалдаж аваад, гэдэс гаргасан шигээ суусан юм. Тэгсэн Гүншир манай уяан дээр ирээд “хонь гаргаж шөл уудаг чам шиг халуун хүн байхгүй” гэж байна. Тэгэхээр нь би морь уяж байна гээд хоолоо хасалтай биш. Идэхээ идэж, уухаа уулгүй яах вэ. Энд юм бодож болохгүй, хээгүй нь дээр шүү дээ гэж хэллээ. Гүншир болохоор борц энэ тэр гээд бэлэн хоолтой явж л дээ. Дараа нь миний морь түрүүлж, даага айрагдсаны дараа хоёулаа ярьж суутал Гүншир “Галаа шиг хээгүй байх нь амар юм байна. Би ч уяан дээр мал гаргаад унахаар нь дотроо эвгүй л юм бодож байлаа” гээд толгой сэгсэрч байлаа. Тэрнээс хойш би уралдаанд явахдаа тоглоом шоглоомоор “чи хонь гаргаж байгаа юу” гэхээр Гүншир гаргаж байгаа л гэдэг болсон доо.
-Могой жил гарсаар Алдарт хэрхэн наадаад байна вэ?
-Могой жил гарсаар шиний 8-нд болсон “Дэлтэй цэнхэрийн хурд 2013” уралдаанд азаргаа гуравлууллаа. Энэ жил уг нь хавчиг  байгаа юм. Гарсан цагаасаа тархилсаар байгаад барианы үзүүр дээр ирээд жаахан цуцаад гурваар орлоо. Их морь долоогоор ирлээ. Ийнхүү өнгөтэй сайхан эхэлсэн болохоор энэ жилдээ одтой наадна гэж бэлгэшээн сууна. 
-Хүүхдүүдээс тань бас уяа эвлүүлж байна уу?
-Би хүү, охин хоёртой. Хүү маань багын л надад тусалж өссөн болохоор адуунд их дуртай. Одоо оюутан. Зун амралтаараа ирэхээрээ хөдөө морин дээр очоод л хэвтчихдэг хүн дээ. Морь гайгүй гадарлана, бас уячихна.  Би ч ажил төрөлтэй болохоор морины ажилд тэр бүр оролцоод байхгүй юм. Манай дүү Эсмэдэх, хүү хоёр л морьдоо уячихдаг. Анх миний морийг аймгийн Алдарт уяач Ганболд уяж байсан ч сүүлийн хоёр жил эрүүл мэндийн шалтгаанаас болоод уяхгүй байгаа.
-Яриа маань ингээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олондоо баярлалаа. 

"Тод магнай" сэтгүүл Хөвсгөл аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна