Аймгийн Алдарт уяач Г.Амартайван: Хээр морио нэг сарын дотор гурав түрүүлгэж байлаа

А.Тэлмэн
2016 оны 9-р сарын 27 -нд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Г.Амартайвантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Удам залгасан аймгийн Алдарт уяач гэсэн байхаа. Аавынхаа тухай яриагаар ярилцлагаа эхэлье?
-Тийм ээ, миний аав аймгийн Алдарт уяач Б.Гэндэн гадагшаа гарч нэг их уралдаж байсангүй. Аав маань сумынхаа АХ-ын 50, 60, 70 жилийн ойн баяр наадмуудад азарга, их насны түрүүг дараалан хүртэж явсан мундаг уяач. Ер нь сумынхаа наадмаас айраг түрүүгүй буцаж байсан удаагүй. Нэг азаргыг АХ-ны наадамд зургаа түрүүлгэж, тав айрагдуулж байсан түүхтэй. Бас их насны морийг зургаа түрүүлгэж, зургаа айрагдуулсан байдаг юм. 2002 оны аймгийн Алдарт уяач байгаа юм. Хүмүүс ярьдаг. Гэндэн гуай уяан дээр ирээд “энэ морь айрагдах юм байна” гэхэд л яг хэлснээр нь ордог байсан гэж. Манай аавын адууны дээд угшил нь Хэнтийгээс гаралтай. Одоо ч бид наадаж байгаа.
-Тэгвэл таны хувьд гаргасан амжилтуудаасаа сонирхуулаач?
-Сумынхаа 80 жилээр шүдлэн үрээ, 2005 онд Дорнодын бүсэд хээр морь түрүүлгэж байлаа. Хээр морио сарын дотор АХ-ын ойн баяр наадамд гурван удаа түрүүлгэсэн амжилттай. Эрдэнэцагаан сумын АХ-ын баяр наадам 7-р сарын 11-нд болоход түрүүлгээд, 22-нд нь Дарьганга сумын 80 жилийн ойд дахин түрүүлүүлж, наймдугаар сарын 8-нд Дорнодын зүүн бүсэд түрүүлгэж байлаа. Дорнодын зүүн бүсэд түрүүлэхдээ 9 настай байсан.
-Хээр морь таны унаган адуу юу?
-Тийм ээ, миний унаган адуу. Ааваас маань өвлөгдөн ирсэн. Эцэг тал нь Эрдэнэцагаан сумын Гомбын ухаа, эх нь манай өөрийн Гэндэнгийн ухаа гүү байгаа юм.
-Бага насандаа уягдаж байв уу?
-Уягдалгүй яахав. Гэхдээ нэг их айхтар амжилт үзүүлдэггүй байлаа. 2005 онд Дорнодын бүсэд орсны дараа жил нь Монгол улсын Тод манлай уяач Г.Батхүүд зарчихсан юм.
-Тийм үү, нууц биш бол ямар ханшаар өгсөн бэ?
-Нууцлах юу байхав. 12 саяар л өгсөн дөө.
-Хээр морь Батхүү гишүүн дээр очоод яаж давхисан бэ?
-Уягдаж байна л гэнэ лээ. Миний хээр морь чинь давхар уяанд илүү хурдалдаг адуу л даа. Ер нь нэлээн нимгэрч байж уралддаг юм. Зүүн бүсийн наадамд түрүүлдэг тэр жил долоо уралдахад сүүлийнхээ гуравт түрүүлсэн нь тэр юм шүү дээ.  Өмнөх дөрөвт нь дандаа арван хэдээр орж байсан. Овъёос тэжээлгүй морь сард гурав түрүүлнэ гэдэг ховор амжилт. Ажил бас хийнэ л дээ. Тар сунгааг улам л чангатгаж, үзүүр рүүгээ их хийлгэдэг байсан. 
-Таны нэрийг гаргасан өөр ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Эрдэнэцагаан сумын 80 жилийн ойд түрүүлсэн шүдлэн үрээ, Дарьганга сумын 80 жилийн ойд түрүүлсэн хязаалан маань одоо ч давхиж байгаа. Манай аймгийн Махбариад угшилтай адуунууд байгаа юм. Бас сумын АХ-ын 90, 91 жилийн ойн баяр наадамд дараалан айрагдчихаад байгаа хээр азарга бий. Одоо уягдаж байгаа. Манайхан чинь бордож тэжээдэггүй ногоон өвсөөрөө уралддаг улс байгаа юм. Харин одооноос бордож эхлэж байна. Манайхан аавын үеэс л азарга, их нас, соёолонгийн уяаг илүүтэй тааруулдаг байлаа. Манай уралдааны зам бас л мундаг шүү дээ. Бартаа саад, өөд өгсүүр ихтэй. Магадгүй бага насандаа илүүтэй нухчуулдаг болохоор томроод давхидаг юм болов уу. Манай сум их насны хурдаараа мундаг ш дээ. Улсын наадамд гэхэд хоёр их насны морь түрүүлгэж, хэд хэдэн их насны морь айрагдуулж байлаа. Егүзэр хээр, Бүлтэн халтар, Улаан сайдын Алдар халзан гээд л.
-Тийм шүү. Ингээд ярилцлага маань өндөрлөж байна. Таны уясан болгон хурдан байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна