“Хардэл бэйсийн унага” МСУХ-ны тэргүүн Б.Энхтайван: Дээхнэ үеийн нэрт уяачдаас хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй улс олон бий
Хэнтий аймгийн Галшар сумын уугуул, “Хардэл бэйсийн унага” МСУХ-ны тэргүүн Балжиннямын Энхтайвантай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Хардэл бэйсийн унага” МСУХ-ны товч түүхээр яриагаа эхэлье?
-Галшар сумын МСУХ 1995 онд үүсгэн байгуулагдаж, анхны тэргүүнээр Бүрэндашийн Лхагвасүрэн, нарийн бичгийн даргаар Дагвын Нэргүй, нябо-гоор Төмөрсүхийн Миша нар ажиллаж байгаад 1997 онд уяачдын өргөтгөсөн хурлаар холбоогоо “Хардал бэйсийн унага” хэмээн нэрийдэж, удирдлага зохион байгуулалтын шинэчлэлт хийн, миний бие тэргүүний албыг хүлээж авсан. Харин нарийн бичгийн даргаар анхны тэргүүн Б.Лхагвасүрэн, нягтлангаар Д.Нэргүй нар сонгогдон ажиллахаар болсон юм. Манай дүрэмд “сумын Засаг дарга уяачдын холбооны тэргүүн байна” гэсэн заалт байдаг. Тэр дагуу би тэргүүний албыг авч, 2000 онд Засаг даргаар сонгогдсон Ганбаатарт хүлээлгэн өгч, нарийн бичгийн даргаар ажилласан. 2004 оны сонгуулиар Энхбаатар сумын Засаг даргаар сонгогдож, тэргүүн болоод миний бие нарийн бичгийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Удирдлагын энэ зохион байгуулалтаар 2010 оныг хүртэл ажиллаж байгаад, уяачдын өргөтгөсөн хурлаар миний бие дахин тэргүүнээр сонгогдсон юм.
-1997 оноос хойш холбооны үйл ажиллагаанд тогтмол оролцсоор иржээ дээ. Монголын хурдны гол цөм болсон Галшар сумаас улсын цолтой уяачид тун цөөхөн төрсөн юм байна. Холбооны удирдлагын багт олон жил ажиллахдаа энэ асуудалд анхаарал хандуулж байв уу?
-2004-2008 оны үед Энхбаатар дарга бид хоёр энэ асуудал дээр нэлээд анхаарал хандуулж хөөцөлдсөн. Монгол наадмын өнгийг тодорхойлж байсан манай сумаас улсын цолтой ганцхан уяач төрсөн нь Донойн Цэгмид агсан. Уг нь Сэдэд Алдарт манай сумын уугуул хүн. Гэхдээ Хэрлэн суманд харьяалагдаж явдаг юм.
-А.Баярмагнай гуайн ”Галшар удмын хурдан морьд сүүлийн 100 гаруй жилийн турш бараг жил бүр даншгийн болон улсын наадмын хурдан морины уралдаанд давамгай байр эзлэн түрүүний 16.6-83 хүртэл, айргийн 4.1-62.5 хүртэл хувийг эзэлж, үндэсний их баяр наадмаас 56 түрүү, 164 айраг авсан” гэсэн судалгаа байдаг. Тэр дагуу бол их л олон хүн улсын цолтой байх ёстой баймаар?
-Тэгэлгүй яахав. Ихэнх нь алдар цол олгодоггүй байх үед морио хурдлуулж байсан уяачид. Тэр үеийнх нь амжилтаар цол хэргэмийг нэхэн олгож болдог бол бүгд л авах ёстой. Жишээлбэл, Дагмид-Очир Мээрэн бол одоогийн Тод манлай уяачийн болзолтой дүйцэхүйц амжилт гаргасан хүн. Мөн Монхор Халтар гуай байна. 2006 онд ММСУХ-ноос дээд шагнал болох “Молор эрдэнэ” одонгийнхоо анхныхыг Өвгөн ноён Пүрэвжав агсанд нөхөн олгож, тав дахь үеийн төрөл төрөгсдөд нь гардуулсан. Болдог бол үүн шиг нөхөөд олгочихмоор байгаа юм. Манай сумын дээхнэ үеийн нэрт уяачдаас хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй улс олон бий. Жишээлбэл, та бүхний сайн мэдэх Галшарын нэрийн хуудас болсон мундаг уяачдын нэг “Ангасай” Банзрагч агсан гэхэд л ямар ч цол хэргэмгүй. Бүр сумын Алдарт уяач цол ч байхгүй. Бид толгой мэдээд олгочихож бас болохгүй. Яагаад гэхээр энэ бол Баяр наадмын тухай хуулиар олгодог төрийн цол шүү дээ.
-Баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө аймгийн баяр наадмын амжилтыг үндэслэн олон хүн улсын цол зэрэгт хүрсэн байдаг. Тэр үед цол авсан хүн байхгүй юу?
-Жишээлбэл, манай аав /Оготор хэмээх Балжинням/ тэр үед тодорхойлолт материалаа өгсөн ч ямар нэг шийд ирэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тухайн үеийн нийгэм цаг үеийн байдлаас болоод /морь уяж, баяр наадамд явахыг дэмждэггүй/ орон нутагтаа наадаж, олон айраг түрүү авчихсан аймгийн цол багадсан уяачид манай суманд олон бий. Тиймээс ММСУХ-ны удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа аваасай хэмээн бодож явдгаа танай сэтгүүлээр дамжуулан уламжилмаар байна.
-Аймаг, сумын цолтой хичнээн уяач байна?
-2013 онд аймгийн 90 жилийн ойгоор Намсрай, Очирболд нарын хоёр хүн аймгийн Алдарт уяач цол авч, нийтдээ 19 аймгийн цолтонтой болоод байгаа. Харин сумын Алдарт уяач цолтой 50 гаруй хүн бий. Сумын Алдарт уяач цолыг манайх 2010 оноос л олгож эхэлсэн.
-Яагаад өмнө нь олгодоггүй байсан юм бэ?
-Цол хавтгайруулахгүй гэсэн бодлогын хүрээнд олгож хэвшээгүй байсан байх. Би 2010 онд тэргүүн болоод сумын цолыг олгож эхэлсэн. Жишээлбэл та бүхэнтэй түрүүн ярилцсан Ширнэн гуай гэхэд 40-50-иад оны амжилтаараа саяхан Сумын Алдарт уяач болж байгаа. Дээхнэ үеийн уяачид алдар цолны тухай ойлголт муутайн дээр би цол авъя гээд хөөцөлдөөд явдаггүй нь бас нөлөөлдөг байх. Тиймээс бид сумын баяр наадмын цувааг түшиглэн 2010 оноос эхлээд цолыг нь олгож байгаа. Баяр наадмын тухай хуульд сумын баяр наадмаас зургаан түрүү эсвэл 12 айраг хүртсэн уяачид сумын Алдарт уяач цол олгохоор тусгасан байдаг. Уяачдынхаа идэвхийг сэргээхийн тулд алдар цолны асуудал дээр уян хатан бодлого баримталж тэргүүлэгчдийнхээ хурлаар ярьж байгаад Цамба цагааны тахилга наадмаа сумын статустай болгосон.Энэ журам сүүлийн хоёр жилийн турш мөрдөгдөж байна. Түүнчлэн уралдсан морьдын тооноос хамаараад тухайн уралдааны статусыг тогтоож байхаар болсон. Өөрөөр хэлбэл, олон морь уралдсан томоохон наадмыг сумын наадамтай дүйцүүлэн тооцох юм. Уул овооны тахилга хэдий ч 70-80 морь уралдсан бол сумын статустай наадамд тооцно гэсэн үг л дээ. Нэгэн үе манай сумын уяачдын идэвх зүтгэл буурсан тал бий. Харин сүүлийн үед эргээд сэргэж, залуучууд маань адуу малаа чанаржуулах, уяаны эрдмээ дээшлүүлэх зэрэгт ихээхэн анхаарч байна. Түүний үр дүн гарч, өнгөрсөн жил болсон сумын 90 жилийн ойгоор гэхэд л манайхан гурван түрүү, 16 айргаа авсан. Уяачдаа идэвхжүүлэх хүрээнд 2009 оноос эхлээд тухайн жилийн шилдэг уяачийг шалгаруулдаг болсон. Ингэхдээ ММСУХ-ны оны шилдгүүдээ тодруулдаг зарчмаар оноо өгч дүгнэдэг.
-Ингэхэд Галшар сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн хүн байдаг вэ?
-200 гаруй хүн бий. Үүнээс 70 гаруй нь ММСУХ-ны үнэмлэх, энгэрийн тэмдгийг аваад байна.
-Өвгөн ноёны наадамд морь айрагдуулснаа уяачид ихэд бэлгэшээн ярьдаг. Цар хүрээ өргөн болдог уу?
-1994 онд Өвгөн ноёны мэндэлсний 150 жилийн ойгоор эхлээд гурван жил тутамд нэрэмжит наадмыг нь зохион байгуулдаг болсон. 1996-2000 оны үед би сумын Засаг даргаар ажиллаж байсан учраас 1997, 2000 оны наадмуудын зохион байгуулалтанд оролцож, Бэйсийн хүй цөглөсөн Хужиртын Шөрмөсөн чулуу довон дээр нь зохион байгуулсан. Олон сайхан хүний дэмжлэгтэйгээр уралдаан маань сайхан болсон ч Галшарынхан ганц ч айраг түрүү аваагүй. Үүнд нутгийн хүүгийн хувьд үнэхээр эмзэглэсэн.
-Хоёр удаагийн наадмаас уу?
-Тиймээ, 1994 оны анхны наадмаас бол айраг, түрүү хүртсэн.Харин 1997, 2000 оны наадмуудаас ганцыг ч авч чадаагүй. Ер нь тэгээд л манай уяачид дор бүрнээ дүгнэлт хийж эхэлсэн байх шүү. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэгчлэн асраа буруу байрлуулснаас, ноёныхоо довон дээр хуушуураа зарснаас боллоо гэх мэтчилэнгийн тайлбарууд хийгдэж байсан ч уяачид маань өөрөөр харсан байх.
-Тэгвэл 2003 онд хэрхэн наадсан бэ?
-2003 онд гурван айраг авсан. Гэсэн хэдий ч аймгийн 80 жилийн ой, 2010 оны “Сэцэн ханы хурд” зэрэг зүүн бүсийн наадмуудад Галшарын морь айрагдаагүй. Дээд тал нь арав дотор л давхиад байдаг. Тэгээд бид амжилт гаргахгүй байгаа шалтгаанаа ярилцаад, “адуу нь байна, харин уяачдынхаа ур чадварыг сайжруулж, шинэ цагийн уяа буюу тэжээл арчилгааны тал дээр суралцаж, гадагшаа гарч уралдах хэрэгтэй юм байна” гэсэн шийдэлд хүрсэн л дээ. Тэгж ярилцаж, зөвшилцсөний дүнд сүүлийн жилүүдэд эерэг үр дүнгүүд гарч байгаа.
-Галшарын адуу сулрахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэдэг юм билээ. Жишээлбэл, мал нийгэмчлэл, бодлогогүй наймаа арилжаа?
-Тийм тал бий. Мал нийгэмчлэлээс гадна хувьчлал ч нөлөөлсөн. Хамгийн гол нь боловсон хүчин буюу уяачдын асуудал. Уяачид маань өөрсдийгөө хөгжүүлэх асуудлыг орхигдуулсан байсан. 1970-аад оны үед “Дөл” нэгдлийн даргаар ажиллаж байсан Батсүх гэж хүн Галшарын адууны цөм сүргийг бүрдүүлж, нутгийн хурдыг хадгалах бодлого баримталж байсан юм билээ. Түүний дараа 1986 оноос хойш Гавьяат эдийн засагч Пэрэнлэй дарга малын эмч хүн учраас таван хошуу малын үржил селекци дээр нэлээд анхаарч бодитой ажил хийж байсан юм билээ.Тэр үед бүрдсэн цөм сүргийг манай аав хүртэл маллаж байсан.
-Тэгвэл морин уралдаан эрчимжиж буй энэ цаг үед та бүхэн Галшар адуугаа сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Малын эмч Ачтай гурван жилийн өмнө “Тонж хүлэг” гээд Галшар адууны цөм сүргийг бий болгох, үржлийг бодлоготойгоор явуулах тухай төсөл бичээд ХААЯ руу явуулсан. Одоогоор ямар нэг хариу нь ирээгүй байна. Гэлээ гээд бид бас зүгээр хүлээгээд суугаагүй. Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Галшар адууг үүлдэр болгож баталгаажуулах ажлын хэсгийг байгуулсан. Судалгаа шинжилгээний түвшинд явж байна. Мөн өнгөрсөн жилээс эхлээд Соёл спорт аялал жуулчлалын яамны оролцоотой “Галшар” адууны баярыг зохион байгуулдаг болсон. Энэ үеэр морь уралдахын зэрэгцээ шүдлэн адууны үзэсгэлэнг зохион байгуулж, шилдгүүдэд нь батламж гардуулсан. Цаашдаа азарга, гүү, үрээ, байдас гээд бүх насны сайхан адууг шалгаруулна. Энэ нь цаашлаад Галшар адуугаа сайжруулах бодлоготой холбоотой юм. Хамгийн ойрын хамгийн том зорилт бол Галшар адуугаа үүлдэр болгон баталгаажуулах явдал.Түүний дараа Шөрмөсөн чулуут довон дээрээ морины шүтээн цогцолбор байгуулахаар төлөвлөж, зураг төслийг нь гаргаад байна. Бүр хэтдээ энэхүү цогцолбор дээрээ тулгуурлаад морин тойруулга барина гэсэн бодолтой байгаа. Галшар суманд гарцаагүй хийгдэх ёстой ажлууд байна.
-Ярилцлагаа хувь хүний тухайд үргэлжлүүлье. Мэдээж хурдан морины нуруун дээр гийнгоо аялж өссөн байх?
-Зургаан настай анх морь унаж сурсан ч аав нэг хоёр жилдээ том наадамд оролцуулдаггүй байсан. Намайг долоотой жил болдог аймгийн 50 жилийн ойн баяр наадам одоо хэр нь миний санаанаас гардаггүй юм.
-Морь унаагүй ч гэсэн үү?
-Тиймээ. Гэрээ сахиад үлдэхдээ “Энэ жил наадмын морь унаж чадсангүй. Ирэх жил заавал унана даа” гэсэн бодол төрж билээ. Тэр жил аавын Идэр хээр азарга шүдлэн үрээ аман хүзүүдэж, хурдан хар азарга нь Дамдинжав гуайн хартай ноцолдоод мордолгүй буурал морь нь аман хүзүүнд давхисан байсан.Тэр буурал морь манай адуу биш л дээ. Хүний морь байсан юм.
-Хэн унаж байсан юм бэ?
-Бага Амуу унасан. Надаас нэг ах хүүхэд л дээ. Тэрийг яагаад “Амуу” гэж нэрлэсэн гэхээр “Миний хүү хэдэд орох уу” гэхээр “Аман хүзүүднээ” л гэдэг байсан юм гэнэ лээ. Тэгээд нээрэн л аймгийн 50 жилийн ойгоор хоёр морь унаад хоёуланг нь аман хүзүүдүүлчихсэн дээ./инээв/ Амуу ирээд аймгийн наадмын тухай, морь айрагдуулснаа ярихад би дотроо “за дараа жил би морь унаад заавал түрүүлгэнэ дээ” гэж бодож байсан.Тэгээд нээрэн л 1974 оноос хурдан морь унаж, унасан цагаасаа эхлээд түрүү, айраг алдаагүй дээ. 1975 онд Босоо улааныгаа дааганд нь сумынхаа наадамд түрүүлгэж байлаа. Манай Босоо улаан чинь аймагт нэг, сумандаа ес түрүүлсэн адуу шүү дээ.
-Балжиннямын Босоо улаан гэж аргагүй цуут хүлэг л дээ?
-Тиймээ. Би 1975 онд дааганаас нь эхлээд соёолон хүртэл нь дөрвөн жил дараалан унаж сумандаа түрүүлгэсэн. Ер нь аав маань нэг адуугаар олон жил тогтмол амжилттай нааддаг хүн. Манай Идэр хээр гэхэд л сумандаа ес түрүүлж, долоо аман хүзүүдсэн адуу шүү дээ. Манай аав нэг жил сумынхаа баяр наадмаас гурван түрүү авахад би морьдыг нь унаж байлаа. Ганц аавынхаа уясан гэлтгүй хүний морьд ч унана. Өөрийгөө гайгүй унаач байсан юм болов уу гэж боддог шүү./инээв/ Хамгийн сүүлд 1981 онд их насны морь унаж есөд оруулан наадмаа осголж /отголж/ байлаа. Тэрнээс бусдаар морь унаж байхдаа айраг, түрүү алдаагүй ээ.
-Хэдий үеэс бие дааж морь уяж байгаа вэ?
-Ний нуугүй хэлэхэд ажил алба гэсээр байгаад өөрөө гардан уяж чадахгүй байна. 1994 оны Өвгөн ноёны наадамд миний нэртэй хязаалан түрүүлж, дараа жил нь соёолон үрээ сумандаа дахиад түрүүлж байлаа. Үнэндээ миний нэртэй болохоос биш аав уясан л даа. Сүүлийн үед уул овооны бага саг наадмаас ганц нэг айраг түрүү авсаан. Мөн өнгөрсөн жил хоёр айраг амссан. Миний нэртэй амжилт гэвэл ердөө л энэ.
-Аавынхаа удмыг залган уяа эвлүүлж байгаа нь ямар хүмүүс байна?
-Бид эцэг эхээс арвуулаа. Би дээрээ хоёр эгчтэй, айлын ууган хүү. Манай зургаан эрэгтэйгээс Түмэнбаяр дүү маань л голлон уяж байна даа. Сумын Алдарт уяач цолтой. Миний дараагийн дүү бас сумын Алдарт уяач цолтой. Нэг хэсэг уясан морьд нь их гайгүй давхиж байсан. Сүүлдээ хүүхэд багачуул сургууль соёлд ороод сумын төв бараадсан.
-Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Нутгийн адуугаа сайжруулах үйлст тань өндөр амжилт хүсье.
-За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна