Аймгийн Алдарт уяач Г.Баярмагнай: Арваад гүү, нэг азарган үрээтэй үлдчихээд, хэцүү санагдсан ч орхиод явж зүрхлээгүй

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 14 -нд

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Готовдоржийн Баярмагнайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2015 ондоо олз омог дүүрэн байв уу?
-Сайхан жил боллоо. Энэ жил хоёр даага, хоёр шүдлэнгээрээ 16,17 айраг авлаа. Дорноговь аймгийн Хутагтын хурдад очиж шүдлэн зургаалж, Хэнтий аймгийн баруун бүсэд түрүүлээд, харин даага долоолсон. Дундговь аймгийн Өндөршилд болсон доод гурван насны уралдаанд шүдлэн дахин түрүүлээд,  даага айрагдлаа. Залгаад ойр зууртаа уралдаж байгаад долоон сарын 10-нд анх удаа улсад очиж наадаад, 16-д орсон. Эндээс найм уралдсан үрээтэй очиж байгаа нь тэр. Ес дэх уралдаан нь улсын наадам болсон. Уг нь дөрвөөр явж байсан ч үзүүр дээрээ нам суугаад 16-д орсон. Дундговь аймгийн Баянжаргалангийн 90 жилийн ойгоор хүрэн үрээ аман хүзүүдээд, энэ жилийн Боржигон наадамд дахин аман хүзүүдлээ.
-Таны  унаган адуунууд уу?
-Тийм ээ, унаган адуу. Манай хадам аав Айраг сумын Баасандоржийн хүрэн азарга надад бий. Энэ азарганы эцэг нь Дэлгэрэхийн МУ-ын Алдарт уяач торгон Дашням гуайн адууны гаралтай. Анхны төл нь хүрэн шүдлэн үрээ байгаа юм. Энэ жил хоёр хүрэн үрээгээ уясан. Гэхдээ нэгийг нь хүүхэдгүйдээд том наадамд мордуулж чадсангүй.  Хаврын бооцоот наадмуудад гурав, дөрөв айрагдуулж, аймгийн бүс болгон зохион байгуулсан Тойгийн наадамд очиж аман хүзүүдүүллээ.
-Хоёулаа нэг эцэгтэй юм уу?
-Нэг эцгийн төлүүд. Тэр хүрэн азарга 13 эр төл гаргаснаас бүгд хурдалж байна. Манай Чойрт  хоёр, гурван хүнд хурдалж байгаа бол Дундговьд очсон нь ч сайн давхиж байгаа гэсэн. Долоо, наймыг нь зарчихсан. Одоо надад дөрвөн үрээ байгаагаас нэгийг нь ерөөсөө уяж чадаагүй ээ. Жоохон тэжээж байгаад хаячихсан. Өнөө нэг нь хавар дөрөв айрагдсан бол нөгөөхийг нь зун долоон удаа долоолуулаад тавьсан.
-Энэ дааганууд ч хүрэн азарганы төлүүд юм уу?
-Зун долоон удаа долоолсон нь хүрэн азарганы төл. Харин хонгор халзан дааганы эцгийг Сүхбаатарын Сүхбаатар сумын Эрдэнэсүх гэж залуугаас авсан юм. Анхных төл нь энэ халзан даага.
-Хэдэн онд сумын Алдарт уяач болсон бэ?
-Аймаг, сум, ойр зуурын наадмын 30 гаруй айраг, түрүүн амжилтаараа 2011 онд сумын Алдарт болж байлаа.  Энд дааганаасаас соёолон хүртэл хурдалсан миний унаган хонгор морины амжилт нэлээн бий. Мөн хоёр шаргын авчирсан айраг түрүү ч жин дарна. 2005 онд соёолон морь хэд хэд айрагдаж түрүүлгэсэн. Дараа нь хонгор морь дааган цагаасаа хурдалсан бол залгаад нэг эцгийн хоёр шаргаар наадсан. Тэр жил бас миний цавьдар даагандаа гурван сумын наадамд айрагдсан нь дээрх 30 гаруй айраг, түрүүний амжилтанд багтана. 2011 онд болсон дөрөв дэх Боржигон наадамд ахынхаа бэлэглэсэнхүрэн морио тавлуулж, шарга шүдлэнгээ гуравлуулж байлаа. Бас хоёр, гурван ч газар түрүүлсэн цавьдар даагаа аваад очсон ч жоохон будилаан болоод уралдаж чадаагүй. Баянталын 20 жилийн ойд миний шарга шүдлэн түрүүлж, цавьдар даага гуравлаж байлаа.
-Одоо та аймгийн Алдарт уяачийн болзол хангачихаад байгаа тийм үү?
-2011 оноос хойш бас 40-өөд айраг, түрүү авчихлаа. Аймгийн чанартай наадмын хоёр түрүү, найман айраг байна. Үүнээс аймгийн гурван айраг, хоёр түрүүг нь хүрэн үрээ маань авчирлаа.
-Танай дээдчүүлд морь уядаг улс байв уу?
-Аавын аав Шөрмүүн Чүлтэм гэж лам хүн байгаад 100 нэлээн дөхөөд бурхан болсон. Манай аав Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат Готовдорж, ах Уламбаяр нар аймгийн Алдарт уяачид. Аав адуу сайтай хэрнээ удаан уяагүй л дээ. Бага залууд нь Цагаандэлгэрийн тавхай Жамц, Дашдо, Сүндэвийн Дагва гэж нэгэн үеийн мундаг уяачид байж. Эдний нэг тавхай Жамцын морийг унаж, хожмоо энэ хүний адуунаас адуужсан гэдэг юм. 80-н хэдэн онд аавын уясан морьдыг манай ах эгч нар унаж уралддаг байсан. Би ч ах нарынхаа уясан морийг богинохон хугацаанд унасан л даа. Том биетэй хүүхэд байсан болохоор дорхноо хүндээд хасагдсан. Ингээд 1996 оноос буюу 11-тэйгээсээ даага сургаж эхэлсэн. Тэгэхэд хоёр ах сайн даагануудаа надаар сургуулаад, өөрсдөө уяад явчихна. Бас зуны амралтаар ирсэн хүүхэд даага сургаж уяулах “захиалга” өгнө. Ингээд хүүхдийн болон өөрийн охин даагаа сургаж, айлын найр, уулын наадамд уралдуулна. Анх энэ охин даагаараа айраг хүртэж байлаа. Ер нь охин даага илүү хурдан л даа. Сөнгө охин даага бол гүйцэгдэхгүй шүү дээ. Тухайн үед уяач нь жоохон хүүхэд. Унаач, даага нь хоёулаа суралцаж эхэлж байгаа болохоор өхөөрддөг ч байсан болов уу. Би нэг айлын найран дээр гурван охин даага мордуулчихаад эргэхдээ нэгийг нь унагаачихдаг юм. Тэгээд нөгөө хоёрыг нь тавиад явуулсан түрүү, аман хүзүүгээр ирсэн. Даага эргээд явсан хойгуур унасан даагаа мордуулаад араас нь явуулаад зургаад оруулчихаж байлаа. Ингэж таван жил хэртэй охин даага уясан.
-Аавын  тань нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгүүд байв?
-Аавын хүрэн халзан морь бага насандаа их хурдалсан. Аймгийн 70 жилээр аман хүзүүдээд, бас нэг ойгоор гуравласан. Тэрний өмнө нэг зээрд морь байсан юм байна лээ. Уяж хоноод л нэг овоо юмуу айлын найранд тавьчихад түрүүлчихдэг. Долоо хоногийн уяатай бол сум, аймгийн наадмыг гаргаадаггүй гэсэн.
-Аймагт наадаж байсан болов уу?
-Аавын зээрд морь аймгийн хүрэл медальтай. Зээрд морь нь дээр өгүүлсэн Жамц өвгөнөөс удам дамжин ирсэн байх. Манай аав чинь нэгдлийн үед үхэрчин байсан хүн л дээ. Яахав өвгөнөөс үлдсэн адууг, цусыг нь сэлбэж хэсэг сайхан наадсан.
-Та хэзээнээс энд ирсэн бэ?
- 2004 онд Баянталд шилжиж ирээд арав гаруй жил боллоо.
-2001 оноос бие даан морь уяад гаргасан анхны амжилтуудаа сонирхуулаач?
-Тэр жил өөрийн сургасан, эр даагаа есдүгээр сарын 1-нд дөрвөөр давхиулж байлаа. Дараа жил нь бас есөн сарын 1-нд даага уяж хоёр дээр явж байгаад хөл нь бүдрээд, бага дүүгийнхээ хөлийг хугалчихсан. Харин 2002 онд Цагаандэлгэрт болсон Ловон ламын наадам болно гэхээр зургаан насанд давхар, давхар морь бариад уячихлаа. Гэтэл өмнө жил нь дүүгийнхээ хөлийг хугалчихсан болохоор аав ээж, дургүйцээд, “чиний морь уях гэж юу байдаг юм” гэж загнахаар нь улаан галзуу ууртай хүн бүх морьдоо тавьчихаад гэртээ очилгүй хоёр гурав хонолоо. Морь уялгүй наадамд очихоор үзсэн болдоггүй юм байна лээ. Манай хоёр ах ч хоёулаа завсардчихсан. Тэгээд ч том ах билэг дэмбэрлийн журмаар уядаг байсан юмаа. Ингээд тэр онд манай гэрийн эрчүүд морь уясангүй. Дараа жил нь цэрэгт яваад, 2004 онд ирсэн дахиад уяулдаггүй ээ. Гэхдээ 2005 онд дийлээгүй л дээ. /инээв/
-Том болчихжээ?
-Харин тиймээ. Цэргээс ирээд хоёр жил болчихсон үе. Ингээд соёолон уяж, айрагдуулаад анхны медалиа авч байлаа. Ээж, аав ч юм хэлэхээ байх нь тэр. Ахтайгаа хоёулаа зөвлөлдөөд л уяна. Тэрнээс айхтар зааж зөвлөх хүн байхгүй ээ.
-Аав тань хэзээнээс таныг тоож, урмын үг хэлэх болсон болоо?
-Одооноос хэлдэг болж байна. /инээв/  Тэжээх болсноос хойш юм хэлэхээ байсан. Тэрнээс өмнө бид нарын уях гэж юу байхав. Адуу зовооно, мал зовоолоо гэнэ. Уг нь айрагдаад байгаа ш дээ. Яахав  сэтгэлд нь хүрэхгүй байсан байх л даа. Манай сумынхан хэлдэг юм. “Аав чинь морь уяхгүй удлаа. Тэрнээс уях юм бол нэлээн чамбай уядаг, мэдрэмжтэй хүн шүү” гэлцдэг. Одоо бол баяр хүргэж үнсэнэ. Энэ чинь үр хүүхэд бидний хувьд хамгийн том бэлэг шүү дээ. Бас л хэцүү хэцүү шалгуурыг давж уяач болж байна. 1999, 2000 оны зудыг үзэж байлаа. Мөн 2007 оны хавар бас  ихэнх адуугаа үхүүлээд, шантрах үе гарсан л даа. Арга барагдаад төвд очиж ажиллая ч гэж бодсон. Тэр үед 10 хүрэхгүй адуу намайг чангаасан. Арваад гүү, нэг азарган үрээтэй үлдчихээд үнэхээр хэцүү санагдсан ч эднийгээ орхиод явж зүрхлээгүй.
-Одоо хэд хүрээд байна?
-Одоо 100 дөхөж байна. Энэ жил төлтэйгээ 100 гарах байхаа.
-Цус сэлбэж хаана хаанаас адуу авсан бэ?
-Манай хадам цөөхөн ч сайн адуутай хүн. Хадам хүрэн үрээгээ хүнд зарчихаад өртгийг нь өгөхгүй болохоор өөрөө очоод авчихаж. Энэ мэтээр хэд хэдэн нь хүн авсан ч мөнгөө өгөхгүй унжаад, олон ч хүний гар дамжсан. Тэгээд сүүлд нь Далангийн нэг хүнд зараад, өнөөх хүнээс би хоёр сая төгрөгөөр авсан. Ингэж хүрэн азарга минийх болсон түүхтэй. Одоо надад дөрвөн азарга адуу бий. Нэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэсүхийн хамаатан Усны-Эх гэж хүний адууны угшилтай хонгор азарга байна. Шарга болохоор цавьдар халзан азарганы төл. Эцэг нь 70 жилд аман хүзүүддэг хүрэн халзан азарга. Бас Сүхбаатарын Түмэнцогтын Саарийсүрэнгийн Төмөр-Очирын хүрэнгийн гаралтай загал азарга байна. Тэгээд миний өөрийн адууны шарга азарга бий. Би азаргаа л сэлбэж байна. Аргагүй шөрмөсөөрөө үлдсэн арваад гүүнээс  минь сайн төлүүд гарч байгаа.
-Тийм байгалийн хатууг даваад гарсан юм чинь өөр байж л таараа?
-Тиймээ. Тэднээс гарсан болгон нь хурдалж байна. Мал дагавал  ам тосдоно гэж үнэхээр үнэн үг юмаа. Би үүнийг биеэрээ мэдэрчихээд суугаа хүн шүү дээ.
-Адуу малны наймаа хийж байна уу?
-Хүмүүс сонирхоод ирвэл хийнээ. Гэхдээ би охин адуугаа зарах ч дургүй, идэх ч дургүй. Ямар сайндаа л ганц гүүгээ хөгшрүүлээд мэдэхээ байчихаад байна. Гарсан төл бүр нь хурдалсан буянтай амьтан. Тэр айхтар зуднаар амьд үлдсэн хэдэн гүүнээс насаар арай ахимаг нь байгаа юм.
-Очсон хүмүүстээ хэр давхиж байна гэнэ. Чих тавина биз?
-Давхиж байна л гэдэг юм. Би ч сүүлийн хоёр жил мэр сэрхэн наймаа хийж байна.
- 11 настайдаа охин даага уяж явсан гэлээ. Таны хүүхдүүд тэр үеийг санагдуулам “аашлах” юм уу?
-Хүүхдүүд маань малд элэгтэй. Том хүү маань энэ жил нэгдүгээр ангид орно. Анх дөрвөн настай морь унаж, дөрөөгөө алдан хөглөж, сумын наадамд түрүүлсэн.  Тэрнээс хойш гурав дахь жилдээ морь унаж байна. Бас их хийморьтой унана шүү дээ. Энэ жил улсын баяр наадамд уралдсан.
-Аав хүү хоёр наадам хэсээд л явчихдаг юм байна даа?
-Тийм шүү. Хөдөөгийн амьдрал хэцүү л дээ. Цаг наргүй. Миний хань чинь аймгийн Алдарт уяачийн хүүхэд. Багадаа бас л морь унаж өссөн. Тийм болохоор миний ажлыг их дэмждэг.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.

"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна