Аймгийн Алдарт уяач Н.Цэрэндорж: 1950-аад онд дээд гурван насны түрүүг авч байлаа

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 15 -нд

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Цэрэндорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Жаргалтхаан сумаас төрсөн аймгийн Алдарт уяачдын нэг. Та хэдэн оны аймгийн Алдарт вэ?
-Хэдэн онд боллоо доо, мэдэхгүй байна. Тумбаа гэдэг хүнтэй л цуг авч байсан.
-Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн гэж та түрүүн ярьж байсан. Чөлөөлөх дайнуудад оролцож байсан уу. Ер нь хаана цэргийн алба хаасан бэ?
-1945 онд цэрэгт яваад таван жил цэргийн агт малласан даа. Сүхбаатар аймгийн Байшинтын зургадугаар дивизэд алба хааж байгаад тарахад нь Улаанбаатар, Хэнтийд хүртэл очиж байсан. Халагдаж ирээд нэгдэлд адуу, хонь хариулж байсан. Хоёуланг нь л нэр төртэй сайн маллаж, аймгийн хурал зөвлөгөөнд хүртэл төлөөлөгчөөр оролцдог байлаа.
-Та төл бойжуулалтаар хоёр удаа аймгийн аварга болж байсан гэсэн байхаа?
-Хонь төллүүлээд аварга болж байсан юмаа.
-Таныг шинэхэн уяач хусуур бүсэлж явсан тэр үед танай нутагт хэний ямар адуу хурдан хурц, удам угшил сайтай байв?
-Манай энд сайн адуутай айл их олон байсан. Банзрагчийн Даш, Дашийн Гомбо, Сөөнөн Гомбо, Надмидын Гомбожав буюу Гонжий ч гэдэг, Цэндийн Гаваа, Сэрээнэнгийн Намсрайжав, Дугаржавын Норов гээд хүмүүс их хурдтай, бас сайн уяачид байлаа. Би 1949 онд цэргээс халагдаад, 1951 оноос адуу мал уяж, маллаж, морь хурдлуулж байсан.
-Сөөнөн Гомбын буюу Сөөнөн угшлын адуу танай Жаргалтхаан сумын нэртэй угшлын нэг юм билээ.
-Тэр хүн өөрөө хүүхэд шиг өвгөн байсан юм. Манал гэж хүн адуу малыг нь аваад хот руу орж, үгүй хийсэн юм гэсэн. Хотод очоод Гэсэрваань гэдэг хүнд нэг азаргыг нь өгөөд, Дамдин гэдэг хүнд бас нэг азаргыг нь өгсөн нь аль аль нь улсад сайн давхисан гэдэг.
-Таны хувьд ямар угшлын адуугаар нааддаг байсан бэ?
- Би чинь хүүхэд шахуу байхдаа эсэргүү болж хөрөнгөө хураалгаж юмгүй болж үзсэн хүн л дээ. Ганц гүүтэй үлдсэн. Ганц гүүнээс маань гарсан хоёр эр юмны нэг нь морь болоод хурдан байсныг хулгайд алдчихсан. Нөгөө нь азарга болоод их хурдан байсан, сумын наадамд айргаас салдаггүй л адуу байв.
-Таны аав Наваандорж гэж хүн хэлмэгдэж байсан хэрэг үү?
-Үгүй ээ, үгүй. Наваандорж гэдэг хүн бол миний эхийн эхийг өргөж авсан хүн юм билээ. Би өөрийн эцгээрээ овоглож чадалгүй тэр хүнээр овоглочихсон юм. Эмэг эх маань дөрвөн эрэгтэй, зургаан эмэгтэй 10 хүүхэдтэй байсны нэг нь ээж. Яг голомтон дээрээ байгаа хүн нь би.
-Тэгээд ямар хүн хэлмэгдэж, танайх эд хөрөнгөө хураалгасан юм бэ?
-Арван хүүхдийн дөрвөн эрэгтэйн гурав нь лам, нэг нь хар хүн. Хар хүн нь Омбо нэртэй Наваандоржийн Гомбожав нь засаг мандахад яам тамганд байсан юм билээ. Тэгээд халагдаж ирээд Баянзүрхийн хошууны даргын албатай байсан. Тэр Гомбожав гэдэг хүний эд хөрөнгийг хураагаад, түүний ах Нямдаваа гэлэн, Зундуй гэж хотод суудаг лам хоёрыг мөн хэлмэгдүүлсэн. Гомбожав, Нямдаваа хоёрыг нь байхгүй болгочихоод, Зундуйг нь барьж арав гаруй жил хорьсон. Нямдаваа нь манай гэрийн данстай хүн байсан юм.
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Егүзэр хутагт адуу их сонирхдог байсан гэдэг. Танай лам нагац нар морь уядаг байсан уу?
-Манай лам ах нар морь уяж байгаагүй. Омбо гэдэг төрийн хар хүн л морь уядаг байсан.
-Таны ганц гүүний төл азарга хурдалсан гэсэн. Өөр хаана хаанаас адуу авч уясан бэ?
-Би хөрөнгө хогшил багатай байсан. Цэргээс ирээд ганц азаргаа уяад сумын наадамд айрагддаг байсан. Дараа нь Сөөнөн Гомбын адууны догшин улаан морь аваад л их нас түрүүлгэсэн дээ. Улаан морь сумын наадамд олон түрүүлсэн. Даанч хөрөнгө мөнгө муутай болохоор гадагшаа явж чадахгүй өнгөрсөн. Бас Банзрагчийн Даш гэдгийн адуунаас зээрд халзан азарга авсан. Их хурдан, суманд айраггүй байна гэж ердөө байхгүй. Түүний үр адуунууд их хурдан байсан даа.
-Мэдээж тэр үед сумандаа л нааддаг байсан байх. Өндөр амжилт үзүүлж байсан, айраг түрүү олноор нь авсан хэдэн оны ямар баяр наадам байсан бол оо?
-1954-55 онд улаан морь түрүүлж байсан даа. Өмнөх эзэндээ байхдаа ч түрүүлж байсан юм гэсэн. Би адуу муухан уяж чаддаг байсан болохоор намайг ав гээд өгч байсан. Би авч уяад сумын наадамд 2-3 түрүүлгэсэн. Түүний урд намайг цэрэгт байхад 1945 оны үед улаан морь сумандаа түрүүлээд, Дэлгэрхаанд түрүүлж байсан юм билээ. Сүүлд нь давхидаг азаргатай болоод түүний төл халзан морь энд хэд түрүүлгэсэн юм.
-Эх тал нь хаанахын ямар адуу вэ?
-Бас л тэр Даш адууны угшлынх. Даш бол морь таньдагаараа онцгой хүн байсан шүү дээ. Адуу явж байхад хараад л давхина гэж мэднэ. 1932 оны орчим цэрэгт явсан юм билээ. Монголын сайн бичээч хүн байсан учраас цэрэгт бичээч хийдэг байж. “Морь уяя” гэж сайн дураараа санал гаргаад огт таньж мэдэхгүй цэргийн олон мянган агтан дотроос өөрөө шинжиж азарга, их нас, соёолон гурав уяж гэнэ. Нэг хүүхэдтэй худаг дээр л уяад байж. Наадам ч болж, уралдуулж гэнэ. Азарга нь орсонгүй гэнэ, мулталчихсан юм биз дээ. Одоо ингээд л шоронд ордог байх даа гэж бодож байсан гэж өөрөө ярьдаг юм. Тэгтэл харин их нас, соёолон хоёр нь хол түрүүлсэн гэдэг. Тийм л хурд таньж мэддэг хүн байсан юм даа. Манай энд бараг байхгүй хүн байлаа. Тэр хүний талаар нэг хүн номонд бичнэ гээд л гарсан, бичсэн үү, үгүй юу.
-Банзрагчийн Даш гуайн талаар та хууч ярьж өгсөн юм уу?
-Хүргэн нь ухаантай хүн ном бичүүлнэ гээд надаас ярилцлага аваад явсан шүү дээ. Тэгээд өгсөн үү, үгүй юу мэдэхгүй. Аягүй бол өгөөгүй байхаа даа. Би тэр хүнийг бичүүлмээр санагдаад байдаг юм. Харин чамтай уулзсаны хувьд их баярлаж байна.
-Хурд танихаас гадна уяхдаа ч гэсэн гаргуун хүн байв уу?
-Уяхдаа гаргуун. Ер нь түрүүнд ирэх морийг ч таамаглана даа. Олон хүүхэдтэй байсан, одоо ч хүүхдүүд нь бараг байхгүй болоод байна. Тэр 1901-1902 оны үед төрсөн хүн шүү дээ.
-Нэгдлийн адуу маллаж байхдаа ийш тийшээ явж адуу мал авч байв уу?
- Мөрөн сумаас найзаасаа нэг морь авсаан. Тэр морь маань ч тааруу, сумын наадмын айргийн морь байсан. Би ер нь суманд нэлээн түрүүлгэсэн шүү. Нэг жил Даш гуайтай цуг уяа хийгээд, дээд гурван насны түрүүг авч л байсан. 1950 хэдэн онд ингэж голдуу түрүүлгэсэн. Ер нь 1950, 1970-аад онд миний морьд их хурдалж байлаа.
-Таныг морь мал уяж байхад хурдан адуу хэд хүрч байв?
-Их насны морь айрагдсан нь мянга орчимд олдоод байсан бололтой юм билээ. Тэгээд цаашлаад ч гарна л даа.
-Аймгийн баяр наадамдаа явж байсан уу?
-50-аад онд билүү дээ, аймгийн наадамд нэг очсон. Аймгийн наадам зүрх үхүүлээд, тэгээд дахиж очихоо байсан. Азарга ч яахав, өдөр хэрд л барагтай уралдсан. Их нас оройхон үд хэвийж байхад гарсан чинь ирдэггүй, бүр харанхуй шөнө ирсэн шүү дээ. Тэгээд бараг морьдоо харж чадахгүй, яахын ч цээжгүй юм чинь тэр билээ. Түүнээс хойш зүрх үхээд очоогүй ээ.
-Тэгэхэд таны их морь хэдээр ирсэн юм бэ?
-Сумын наадамд түрүүлж, үзүүрлэж дараагаар орсон хоёр морио авч очсон чинь мөн хоёулаа цугтаа арван хэдээр давхиад ирсэн. Тэгэхэд унаж байсан хүн нь энд байна даа. Харанхуй шөнө морь уралдах чинь муухай юм билээ. Би өөрийн хүүхэд байгаагүй, хүний хүүхэд унуулна. Хүнийх ч бай, өөрийнх ч бай харанхуй шөнө морь уралдана гэдэг чинь айхтар юм билээ дээ.
-Ойролцоо тойргийн сумдаараа наадаж байсан байлгүй.
-Жаал жаалхан гадуур дотуур уралдаж, түрүүлгэж л байлаа.
-Таныг ид морь уяж байхад энэ суманд хэний ямар адуу байнгын түрүү, айрагтай дархан адуунд тооцогддог байсан бэ?
-Даш гуайтай цуг уяж байсан 1950 хэдэн онд миний уясан болгон нэг хэсэг түрүүлсэн дээ. Хоёр их нас мордуулахад хоёулаа ээлжилж түрүүлээд, цувж ороод байдаг байсан. Сүүлдээ улсын хараанд орчихдог, цагаан хэл ам гээч нь болсон байх гэж санадаг юм. Би хэд хэдэн сайн их нас түрүүлгэсэн. Хул морь уралдсан бүгддээ түрүүлж, сүүлд нь зээрд халзан морь бас их хурдан, байнга түрүүлж байсан. Эд бүгд унаган адуунууд минь.
-Танайхнаас, үр хүүхдүүдээс  таныг залгамжилж уяж байгаа ямар хүмүүс байгаа вэ?
-Байхгүй ээ. Би чинь хүүхэдгүй шахуу хүн. Бүх морийг минь хулгай аваад явчихсан. Ноднин, уржнан үлдсэн хэдэн медальтай морьдыг маань бүгдийг нь хулгай аваад явчихсан.
-Дээдсээс уламжилж ирсэн хурдан удмын адуун сүргийн буян заяа тасралгүй, хийморь сүлд нь өөдөө байх болтугай.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна