Аймгийн Алдарт уяач Ш.Жадамбаа: Миний хээр морь ойрын хэдэн сумдадаа даалуу адуу байсан

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 15 -нд

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Жадамбаагийн яриаг уншигч танаа хүргэж байна. 
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье.
-Миний морь уях болсон нь их сонин түүхээр эхэлдэг юм. Би 17 жил нутгаасаа хол сургууль соёлд сурч, энд тэнд ажил хийж яваад 1981 оны 3 сарын 1-нд сумандаа ирсэн. Тэгээд морь сонирхоё гэж бодоод сураглаад байсан чинь Маралд их хурдан морь байдаг гэж дуулдлаа. Манай Баянбулаг сум болон Маралын адуучид хамтраад нэгдлийн адуу хөөвөрлөдөг байж л дээ. Нэг өдөр Говь-Алтайн номертой машин ирээд, жолооч нь адуун дотор нь яваад байж. Тэгэхэд доголон хээр гэдэг мориор морь уургалж байж л дээ. Тэгснээ нөгөө жолооч “саяын тэр морь уургалаад байсан хээр морь хэний морь вэ?” гэхэд нь Маралын Бараансувд гэж хүн “миний морь” гэж. “Ахдаа тэр морио өгчихгүй юу” гэсэн “тэг тэг, аваа ав” гээд, “хойтон ирж авья, ах нь” гэхэд нь “тэгээ тэг” гээд амыг нь дагуулаад байж. Тэгээд бүр хойтон жил авах сар өдөр, газраа хүртэл тогтоод явжээ. Явсных нь дараа хүмүүс “энэ доголон хээрийн хурдан гэж юу байхав. Тостой жолоочийн морь таньдаг гэж юу байхав” гэлцэж жаал муулцгааж. Гэтэл хойтон нь тохирсон сар өдрөө, нөгөө жолооч өвс дэвссэн гуч машинтай хүрээд ирэхээр нь ямар хурдан адуу болоод ирэв гэж бодоод эргэлзчихгүй юу. Тэгээд ч тэр нь өөрийн нь морь биш, нэгдлийн адуу. Ерөөсөө л “өө би тоглож байсан юм, та үнэмшчихсэн юм уу” гэж гүрийсээр өгөлгүй явуулчихсан гэж байгаа юм. Тэр жолооч их морь таньдаг Сумъяа гэж хүн байсан гэсэн.
-Тэгээд Доголон хээр үнэхээр хурдан адуу байв уу?
-Тэгэхэд хавчиг морь байсан гэж байгаа юм. Хүн амьтан тэр холоос ирж авъя гэснийг бодоход зүгээргүй байх гэж бодоод Бараансувд өөрөө уяж л дээ. Нэлээн ч сагсуу онгироодуу хүн. Ахмад уяачид “нөгөө өвчит чинь нэгдлийн тарган морь алах нь” гэсэн чинь тарган хээр морь дөрөв дээр хүрээд ирсэн гэж байгаа юм. Энэ түүхийг сонсоод авъя гэж байтал манай эндэхийн нэг уяач надаас өрсөж авч, тэр жилээ уяад аман хүзүүдүүлсэн. Хурдан гэдгээ баталчихсан адууг нь хүн болгон л авах сонирхолтой. Хээр морийг авсан хүн адууны өртэй байхгүй юу. Тэрийг нь мэддэг хүн “чи адууны өртэй юм чинь наад хээрээ арван адуугаар өгчих” гэхэд нөгөөх нь “ядуу хүнийг дээрэлхлээ” гээд өгөөгүй гэж байгаа юм.
-Хурдан адуу болохоор нэлээд үнэ хүрээ байлгүй. Хээр морийг яаж өөрийн болгож байв аа?
- 1983-84 онд их зуд болсон юм. Би худалдаа бэлтгэлийн ангийн даргаар ажиллаж байсан үе. Нэгдлийн дарга дуудаад “Жадамбаа чи отрын улсуудаар яваад ирээч, ойр зуурын бараагаар тасраад байгаа сурагтай” гэлээ. Ойр зуурын хэрэглээний бараатай явуулын агентын машин унаад отрын нутаг руу хөдөллөө. Гашуун даваа гэж Гурванбулагийн өндөр даваа даваад уруудаад явтал байтал хөгшин жолооч машинаа жалга руу хийгээд хариугүй онхолдуулах дөхдөг юм. Тэгээд жалганд суучихаад байж байтал надаас өрсөж хээр морь авсан хуруу Ядам гэж хүний хүү Монх гэгч хүрээд ирлээ. Монх хээр морийг эцгийнхээ сайхан цагаан гаансаар авсан юм гэнэ лээ. Мань хүн жаахан архинд дуртай. “Архи өгвөл гаргаад өгье” гэж байна. Надад юу л байна архи байгаа юм чинь өгье л  гэлээ. Тэгээд нөгөөх чинь ухаж гаргалцчихаад гурван шил архи авдаг юм. “Хээр морио ахдаа өгчих” гэсэн чинь “ав ав. Гурван шил архитай, 3100 төгрөгөөр ав” гээд яг таг боллоо. “Мал мах авах үеэр та эмээлтэйгээ хүрээд ирээрэй. Би хээр морио унаад хүрээд ирье” гээд гар барьчихлаа. 5 сарын 15-нд мал мах авдаг байлаа. Тэнд яваад очсон чинь байдаггүй. Сураглаад байсан “агентын гадаа хэдэн нөхөр гурав дөрөв хоног архидаж байгаа юм. Нэг нь Авигар Монх байна лээ” гэхээр нь мал мах авах ажил дуусчихаад өглөө эрт давхиад яг унтаж байхад нь барьж авлаа. Агентынд хоёр гурван бүхэл (хувцастайгаа унтахыг бүхэл унтах гэдэг) юм унтаж байна. “За юу болов Монхоо. Эр хүн за гэвэл ёогүй байх хэрэгтэй” гэсэн чинь “хээр морио зармааргүй байна, эсвэл та үнээ нэм” гэж байна. Хамт архи уусан нөхдүүд үнээ нэм гээд шордчихгүй юу. Монхын авга ах Монгол Бэгзжав гуай гэж хүн байсан. Тэгэхээр нь Бэгзжав гуайнд ороод үнэн учраа хэлтэл “алив тэр Монхыг дуудаад ир” гэж байна.Нөгөөх чинь согтуу дайваад ороод ирлээ. Ороод ирэхээр нь би юу ч гэсэн гар цайлгачихъя гээд нэг шил архи, хадагтай өгчихлөө. “Хүнд ам гарсан юм бол өгөхгүй юундаа эргэж буцаад байгаа юм. Өгөхгүй барихгүй, үнэ нь өөрчлөгдсөн гэж юугаа донгосоод байгаа юм. Эр хүн шиг наймаа хий” гээд загнаж гарлаа. Тэгсэн жаахан донхогнож байснаа “за Жадамбаа гуай уучлаарай. Та 100 төгрөг нэмчихнэ биз дээ 3200-аар аваарай” гэж байна. Тэгээд Хөхдавсан гэж айхтар өндөр уулын орой дээр болзоод арай гэж нэг юм авч байлаа.
-Нэлээд их юм болж авчээ. Та хэдтэй морь авч байсан юм бэ?
- Нас нийлсэн жил нь авсан. Угаасаа хэнэггүй нөхөр нурууг нь аваад хаячихсан, мундаа энэ тэр нь цоорчихсон янзын туранхай морь байдаг юм байна. Аваад очсон манай аав “хүний оёглочихсон морь авдаг яасан баян хүн бэ чи” гэж загнаад болдоггүй. Замдаа хүргэн ахынхаараа орсон чинь “үгүй чи овоо доо” гээд 50 төгрөг өгдөг юм байна. Гэхдээ л нээрээ оёгтой болчихсон юм биш байгаа гээд санаа зовж байна гэж жигтэйхэн. Би албатай болохоор миний морийг манай дүүгийнх уядаг байсан. Тэр дүүдээ наадмаас өмнө битгий уралдуулаарай гээд захисаар байтал сонгуулийн уралдаанд уралдуулчихсан байдаг юм. Давхиад очсон чинь “байдлыг нь үзье гэж бодсон юм. Үнэхээр гайхалтай морь юмаа, түрүүлчихлээ” гэж байна. Тэр хүнд байхдаа түрүүлж, надад ирээд 1983,84,85,86 онд дөрвөн жил дараалан энэ хавийн морьд гүйцээгүй юм даа. Тэр үед баярын бичиг ч байхгүй, байны дөрвөн даагыг надад авч өгч байсан юм.
-Дөрвөн жилийн түрүүгээр амжилт нь дуусаагүй биз дээ? 
- 1986 онд Отгоны ойд түрүүлээд, сумынхаа ойд түрүүлж хоёр түрүү авсан. Үнэндээ гайхалтай хурдан, одоогоор бол өлхөн жийп авах морь. Тэгээд 1987 онд онд аймагт аваачиж тавиад аяглуулчихсан юм. Аяглачихаад байгаа хэр нь 1989, 1990 онд хоёр удаа аман хүзүүдсэн.
-Ямар алдаа хийгээд эмгэгтэй болгочихсон юм бэ?
- Хангайд уясан мориныхоо хоолыг өөрчилж таана хөмүүл идүүлэхгүй гээд Майхан цахир гэж сайхан хагд өвстэй газар хонож байтал цуг явсан уяачид намайг шөнөжин эрсээр олоод ирлээ.  “Чи цуг уячихаад яахаараа ингэж ганцаараа явдаг юм. Наад морио тавь” гээд зодох нь ээ. Ингээд манай нутгийн заншлаар урд орой нь адуугаа тавьдаг гэсээр хүчээр тавиулсан. Аргагүй хүчинд автаад аймгийн хойд тал руу Дуурсахын хөндий гэж элстэй таанатай газар аваачаад нутгийнхны адуутай нийлүүлээд тавьчихлаа. Өглөө босоод ирсэн зүс нь хувираад шар хээр болчихсон байдаг юм. Манай сумын Дарийжав гуай гэж мундаг уяач “Жадамбаа энэ хээр морь чинь яачихаа вэ. Алив чиний сайхан уяж байна гээд л байсан чинь яасан” гэж байна. Тэгээд 250 морь уралдаад 22-т ирсэн. Хангайн морийг халуунд тэр их элстэй таанан дотор тавихаар аяглахаас яахав дээ. Уг нь манай дүү уяж байсан юм. Дүү ирээд “та жаахан хатуу уяж байгаа юм байна. Зөөлөн уяъя” гээд уяаны ажил хийж байтал хүүхэд нь гараа хугалчихлаа, хурдан ир гэж араас нь цахилгаан ирээд буцаад явчихсан. Тэгээд би уяж байгаад тийм явдал болж байсан юм. Уг нь аймагт түрүүлчихээр л сайн байсан даа. Өвөл нь зуд болоод аяглачихсан морь үхчихсэн. 
-Таны нэрийг гаргасан өөр ямар морь байна вэ?
- Морь авах их дуртай байлаа. Гурванбулагийн Шар гэж адуу сайтай айлаас 3000 төгрөгөөр хоёр морь хөтөлж ирээд нэгийг нь зээдээ өгсөн. Түрүүлээгүй болохоос биш бас л тоос буудаггүй адуу байсан. Нэгийг нь өөрөө уяж дөрөв дээр давхиулаад, нэг найз маань авъя гэж гуйгаад байхаар нь өгчихсөн. Дараа нь манай эндэхийн нэг уяачийн уяж байгаа хар үрээг нь авч бас дөрөв, таваар хэдэн жил давхиулсан. Сүүлд нь бас 2000 төгрөгөөр Гурванбулагаас нэг хээр азарга авчирч, энд аман хүзүүдүүлж байсан. Даага,  бага насны юм зөндөө амжилт үзүүлсэн.
-Таны морьдоос хээрийг гүйцэх хурдан нь байхгүй л юм байна.
-Хээр бол ойр хавьдаа даалуу адуу байсан. 1986 онд байхаа, манай сумын ой болсон юм. Тэр үед Гурванбулаг мориор давамгай, манай ойд тэдний эхний таван морь ирж уралддаг юм. Аавыг өглөө наадмын талбай дээр аваачиж суулгаснаа мартчихаад гэртээ ирсэн хойноо санадаг юм. Тэгээд очиж аваад гэртээ авчраад “за ааваа хурдан хоолоо идээрэй, морь ирэх гэж байгаа шүү” гээд яаруулж нэг юм хоол идүүлээд буцаад очтол сүүлийг нь боосон бор морь явж байна. Энэ яваагүй морь уу гэсэн чинь морьд хүрээд ирсэн гэдэг байгаа. Тэгэхээр нь муу аавыгаа танаас боллоо, морь үзүүлсэнгүй гээд л аашиллаа. “Ээ харла” л гэж байна. Тэгээд хүрээд ирсэн чинь хээр морь тасархай түрүүллээ гээд хөлсийг нь хусаж байна. “Гурванбулагийн хурдан морьд хаачсан” гэсэн чинь “араас нь дараалаад ирсэн” гэнэ. Тэгээд зарим улсууд дахиж уралдуулна гээд хэл ам хийсэн чинь  Гурванбулагийнхан “дахиж уралдуулаад яахав ээ, манай морьд гүйцэхгүй морь байна лээ” гэсэн гэдэг.
-Яагаад дахиж уралдуулна гэсэн юм бол?
-Зарим морьд түрүүлээд наанаас эргэчихсэн юм билээ. Би нэг агентдаа хөтлүүлээд явуулсан чинь зарим морьд наанаас дутуу эргэчихэж. Нөгөө агент маань ч нэгэнт хоцорчихлоо гээд хээр морийг аваад хоцорсон гэж байгаа юм шүү дээ. Үнэн аварга морь байсан. Тэгээд улсууд аймагт тавь гээд байхаар нь дараа жил нь аймаг руу авч явсан. 1987 оны зун наадмаас өмнө явсан. Аймаг руу явах замд хоноглох гэж байтал нөгөө Бараансувд өвчит чинь давхиад ирлээ. “Би хээр морио таниад ирлээ, танаас авъя” гэж байна. Би юу гэж тэрэнд өгөхөв дээ. Хээр морийг бас нэг түрүүлдэг жил юмдаг. Түрүүчийн морьд тасраад үзүүр сэрвээгийн энд Шүндэгийн бор, Сүгсэг Намсрайн бор хоёр урд явж байна. Хээрийг унаж яваа хүүхэд нь амыг нь ангайтал татчихсан 18 дээр явж байх юм. Гайхаад байж байтал мал эмнэлгийн жолооч “бөөн бөөнөөр нь идээд нэг хээр морь ороод ирлээ. Тэр таны хээр морь байх аа” гэнэ. Бариан дээр иртэл миний хээр морь зурхай дайраад гараад явчихлаа. Гайхалтай хурдан морь байсан шүү, нээрээ. Тэгээд хүүхдээсээ “чи яагаад мориныхоо амыг татаад байсан юм бэ, миний дүү” гэсэн чинь “миний хээр морь хөлс нь л гарвал бөөн бөөнөөр нь идчихдэг морь. Миний өмд нороод, чихний хоёр уг нь нороод ирэхээр амыг нь тавьдаг юм” гэж байгаа юм даа. Айхтар хүүхэд байгаа биз. Хөлрөхийг нь хүлээж амыг нь татаад, тийм их тэвчээр гаргаад яваад байж. Хүүхдийн хор гарна гэдэг чинь тэр байхгүй юу. Уяач, хүүхэд, морины хор гарч байж түрүүлдэгээ гэж. 
-Үнэхээр туршлагатай хэрсүү хүү байсан байна. Сумын морины салбар комисст 20 жил ажилласан гэсэн. Энэ суманд хамгийн олон түрүүлсэн ямар морь байдаг юм бол?
- Хамгийн сүүлийнх нь гэвэл миний хээр морь байна. Миний хээрээс өмнө гэвэл 1981 оны наадамд Баянжаргалын Томтавагт гэж хүний Гурванбулагаас авсан хүрэн морь түрүүллээ. Ер нь тэр үед Гурванбулаг чинь хурдаар домог байсан юм шүү дээ. Тэрний дараа Сандагжав гуайн хүрэн гэж ахиад нэг хүрэн морь ирлээ. Бүлтгэр хоншоортой тэр их хурдан шинжийн морь байсан. Дараа жил нь Балын хондон морь түрүүлээд, дараа нь миний хээр морь дөрвөн жил түрүүлсэн.
-Суманд олон жил түрүү авсан даалуу азарга гэвэл?
-Дээхнэ үед Дашнямын хүрэн азарга мундаг байлаа. Сүүлд нь Сэмбэннямын хүрэн азарга орно. Засаг даргын хүрэн азарга гээд гурван хурдан хүрэн азарга байсан юм.
-Таны сэтгэлд хоногшин үлдсэн сайхан наадам хэдэн оны ямар наадам бэ?
- 1986 оны ойгоор түрүү авсан тэр наадам л ёстой сайхан нь байсан. Улсын томчууд ч их барилдаж, миний хээр Гурванбулагийн хурдан морьдыг хойноо хийсэн наадам шүү дээ. Гурванбулаг, Отгон, Заг, Жаргалант, Марал, Бууцагаан гээд энэ хавийн хангайн сумд бүгд ирсэн. Сэтгэлээс ер гардаггүй юм. Тэгэхэд улсууд миний хээр морийг давхихгүй гэсэн юм гэнэ лээ. Тэр жил ойгоор түрүүлсэн бөх, морь хоёрт цоохор гутал улсууд “өө Жадамбаагийн хээр морь одоо давхихгүй ээ” гэсэн. Учрыг нь асуутал “гуталтай морь яаж давхих вэ” гэж хөгшчүүл хэлсэн. Тэгээд л давхиагүй юм шүү дээ. Морины байнд гутал, хонь хоёр өгөх муу юм гэнэ билээ.
-Ёр билгийг нь буруу тайлсан байлгүй дээ. Гутал сайт гурвын өмнө, дээшээ харсан гутал сайн гэдэг биз дээ?
- Гуталтай морь явдаггүй юм гэсэн, тэгээд л дахиж түрүүлээгүй шүү, нээрээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ? Морь мал уяж байгаа хүн байна уу?
- Би хоёрхон хүүхэдтэй. Уях санаатай бага нь даанч залхуу юм. Сайн сайн морьд авч өглөө, нөгөөхийг чинь уячихаад давхиад явчихна. Хөдөө хээр хонож өнжөөд байхаар чинь морь аяглалгүй яахав. Морийг тэгж уядаггүй л юм даа. Хөдөлмөрч хүн л морь уядаг юм. Гэхдээ одооны зарим залуучууд мундаг байнаа. Бид нар бол ямар ч сайн морь аваад давхиулахгүй юм байна гэж бодоод байдаг юм.
-Яагаад?
- Яагаад гэвэл бид нар тэжээхгүй байна. Одооны залуучууд тэжээгээд, дусал тариа хийгээд жилийн дөрвөн улиралд их хөдөлмөрлөж байна.
-Бидний яриа өндөрлөх тийшээ хандаж байна. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
-Залуучуудын хүмүүжлийн талаар хоёр үг хэлмээр байна. Уламжлал ёсоо умартаж, Монголоо алдаж, малыг хайрлах, хүнийг хүндлэх сэтгэлгүй болж. Малыг их зодох юм. Адуу зодсон хүнийг харахаар миний уур хүрээд огшчихдог байхгүй юу. Ахмад хүнийг нохой шиг “хөөе төгцөг өө чи” гэж байх юм байна шүү дээ. Залуучуудын хүмүүжил доголдож байгаад үнэндээ харамсаж байна. Уламжлалаа уландаа гишгэж, хууль ёсоо хэрэгжүүлэхгүй байна. Би өвлийн цагт хурдан морь уралдахыг эсэргүүцдэг хүн. Төр засаг хуулиа гаргачихаад байхад зөрчөөд уралдаан хийж байна. Төгсгөлд нь ийм юм ярьж байгаад уучлаарай. Ингээд танайханд талархлаа илэрхийлмээр байна. Манай аймаг, суманд зардал, хүч хөдөлмөр гарган ирж бидэнтэй уулзаж ярилцаж байгаад гялайлаа. Та бүхний ажил үйлс өөдрөг байх болтугай. Сайхан зун болж идээ цагаа дэлгэрэх болтугай. Түмэн олон эвтэй, найртай байх болтугай гэж ерөөж байна.
-Ерөөл бат оршиг оо.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна