Аймгийн Алдарт уяач Ц.Шаарийбуу: Оргил үедээ аймгийн гурван түрүү, найман айраг авах нь нэг л өдрийн ажил байлаа

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 24 -нд

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Хэнтий аймгийн Өлзийт тосгоны харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Шаарийбуу гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын унасан нутаг, угаасан ус хаана вэ?
-Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэрийн уугуул. Нутгаасаа 20 настай гарч байлаа. Манай сум чинь хуучин Онгон гэж байгаад Хонгор сумтай нийлээд, дараа нь тарж Баяндэлгэртэй нийлсэн юм.
-Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Аав маань намайг багад өөд болж, ээж хөгшин аав, ээж дээр намайг үлдээсэн. Би өвөөгөөрөө овоглодог юм. Ээж дараа нь  Амгаабазар аавтай гэр бүл болсон. Аавын аав Баяндэлгэрийн Ах лам гэж сайн лам, сайн уяач байсан гэнэ лээ. Аав насаараа морьтой ноцолдсон хүн байж билээ. Гэхдээ мориных нь хүүхэд эндээд, нэг хэсэг уяагүй юм. Манайх чинь эрэгтэй хүүхэд цөөтэй. Аав минь элэг муутай хүн байлаа. Дөрөв, таван эмэгтэй хүүхдийн дараа нэг хүү төрж, түүнээс хойш хуучин адууныхаа үлдэгдлээс ганц нэгийг уяж, өнөө хэд нь  давгүй сайхан давхидаг байлаа. Сүүлд Сүхбаатарын Баяндэлгэрийн 80 жилийн ойгоор манай хөгшин саарал азарга 23, 24-тэйдөө айргийн дөрвөөр хурдалсан. Сайн яривал хар азарганы угшилтай гэж болно.
Би муу аавынхаа уясан морийг унаж, олон ч наадамд хамтдаа явсан даа. Бидний багад наадам их гоё болдогсон. Наадам дөхөөд ирэхээр шөнө өнгөрөхгүй зовооно гээч. Тэгэхэд манайх хэдэн сайхан хүрэн адуутай. Гэхдээ би сайн унаач байгаагүй шиг байгаа юм. Хааяахан тавлуулна, голдуу л зургаа, долоогоор оруулчихна аа. Тэгээд мориноос хасагдаад нэгдлийн адуу маллаж байгаад цэрэгт явсан.
-Таны багад танайд ямар, ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Ах ламын хээр гэж Дарьгангын Алтан-Овоогоор их олон түрүүлсэн азарга байсныг тод санаж байна. Байшинтын хийдийн адуу л даа. Гэхдээ хожмоо Ах ламын хэрэгт бүх адуу нь хураагдаад ганц хар үрээ үлдсэн гэдэг юм. Тэр нь сартай хар азарга болж төл гүүнээс нь хүн дамжуулж авсан уу, нэг хар азарга нэгдэлд очсон байдаг. Гарал үүслийг нь хөөх юм бол хар азарганаас Онгуугийн адуу их сайжирсан гэж үздэг юм. Доной гэлэнгийн Шар гэж нэгдэл адуу хардаг байсан. Гэхдээ энэ адууны үр төлийг олоод авахсан гэж хичээж байсангүй.
-Цэргээс ирээд хаана ажиллаж байв?
-Би Сэлэнгэ, Дарханд олон жил ажиллаж, амьдарч байлаа. Шарын голын жимс ногооны сангийн аж ахуйн эвлэлийн хороон даргаар гурван жил хэртэй ажиллаж байгаад Намын дээдэд орж, 1974 онд төгссөн. Тэгээд Орхонтуулын сангийн аж ахуйд хэсэг ажилласан. Тухайн үед Намын төв хороо, аймгийн Намын хороо гэж айхтар юм байлаа. Томилолт олвол л нутагтаа очих боломжтой. Ингээд нутагтаа очиж амжихгүй явсаар Өндөрхааны сангийн аж ахуйн фермд жил гаруй дарга хийж байгаад энд ирсэн юм. Ёстой цэвэрлэгчээс бусдыг нь хийлээ. Бригадын дарга ч хийлээ, тракторын жолооч ч боллоо. 1977 онд ирсэн нь тэр. Атрын сангийн аж ахуй дөнгөж л шаваа тавьж байсан үе л дээ. Би чинь гурван сангийн аж ахуйн нүүрийг үзсэн хүн. 1968 онд Шарын голын жимс ногооны сангийн аж ахуй байгуулагдахад анхны эвлэлийн хороон даргаар очиж байлаа. Сүүлд намын орлогчоор ажиллаж байсан юм.
-Тэгвэл уяа эвлүүлж эхэлсэн үе хэзээ вэ?
-Би хаа явсан газраа л адуу гэж явдаг хүн. Бараг цонхон дээр уяатай ч байсан нэг хөлс авчих уу гэнэ шүү дээ. Ямар сайндаа Сэлэнгэд адуу байхгүй, хааяа нэг эмнэг шахуу адуун дээр мордохсон гэж бодож байхав. Надад нэг халиун үрээ байлаа. Сангийн аж ахуйгаас идшинд цохуулж авсан юм. Халиунаараа гурван жил уралдаж олон айраг хүртсээн. Тэгээд соёолон болгоод алдчихсан. Дорноговийн Богино хөлтүүдийн удмын адуу байсан гэж боддог.
1980 оны хавар манай энд айхтар цасан шуурга болсон юм. Тэгэхэд би хойшоо бригадаар явчихаад ирсэн манай том хүү нэмнээтэй хонгор охин унага угжны сүүтэй нь бариад ирлээ. Тэгсэн оросууд олоод хүүд “мал хийж аваарай”гээд өгч л дээ. Хөгшинтэйгээ өнөөхөө тэжээгээд, хавартай золголоо. Тэгсэн өнөө золиг зун нь айл амьтны гэрээр ороод сүүг нь ууж хэрэг тариад болдоггүй. Нутгийнхан “Шаарийгийн хонгор хаа явна. Хаалга онгорхой байвал тэр муу хог сүйтгэчихнэ шүү” гэж өөр хоорондоо ярьдаг боллоо. Дүрсгүй л дээ, унтаж байгаа хүн дээгүүр яваад л өгнө. Жаалууд өдөртөө чихэр бариад Хонхондой гээд дуудахаар эрчээрээ ирж, идчихээд л яваад өгнө. Дандаа үхэр дагаж явна. Улс амьтан “чиний энэнээс үхэр л гарна даа” гэж жуумалзана. Ингээд хойтон жил нь нэг өдөр “хязаалан хонгор гүү чинь баруун гол дээр эр унага гаргачихлаа” гэнэ. Очоод үзсэн хүн бүхэн  тэр унагыг “юм дуулгана аа” гэлцэж байлаа. Дараа жил нь даага болоход нь уяж Өлзийтдөө холоо түрүүлгээд, Мөрөнд очиж дахин түрүүлгэх нь тэр.
-Хонгор гүү хаанахын адуу байсан юм болоо?
-Ямар гүүний унага хаягдсаныг мэдэхгүй юм. Бодвол хойноос уруудаж ирсэн л болов уу. Тэр хонгороос гурван жил дараалан гурван эр унага төрж билээ. Үүнээс хоёр нь 2-3 жил айрагдсан. Нэг өдөр уурхай дээр Баянхутагийн Очирын Сэддорж гэж их хурдтай өвгөн ирлээ. Тэгээд “гол дээр байгаа хонгор мөн гоё даага байна. Би Мөрөнд аваачаад түрүүлгэчихье” гэнэ. Би ч зөвшөөрч Мөрөнд түрүүлгэсэн нь тэр. Хойтон жил нь өвгөн уяж шүдлэн үрээ түрүүлгэсэн. Баяр ёслол болохоор намынханд чөлөө олдохгүй. Ямар сайндаа хусуураа пиджакныхаа дотор хармаанд хийчихээд л үздэг байлаа. Үнэхээр морь уях зав  гардаггүй байсансан. Тэр үед өвгөнийд манай хоёр дахь хүү хамт байж морь малаа хардаг байсан. Тэгээд цэрэгт явахад нь “өвөө нь амьд сэрүүн байвал азарга адуу болгоод орхино” гэж хэлсэн юм билээ. Үнэхээр цэргээс ирэхэд  нь хонгор гүүг нь таван унагатай гүү, хоёр мориноос өгч азарга адуутай болсон байсан. Сэддорж гуай надаас аваад Ядамын Алтайхүү гэдэгт зарсан юм гэнэ лээ. Тэр авсан адуунд нэг халиун даага ирсэн нь олон жил айраг, түрүүнд хурдалсан. Дааганд нь 60 миллтэй түрүүлгэж үзлээ шүү дээ.
-Аймаг явж уясан морьдынхоо шандсыг шалгаж байв уу?
-Би аймагт хожуу наадсан хүн. Адуу мал ч цөөхөн байлаа. Анх хоёр дахь Өвгөн ноёны наадмаар халиун үрээгээ мордуулж 12, 13-аар давхисан. Уг нь айргийн тав дотор багтчих болов уу гэж бодож байсан юм. Тэгэхэд дүү нар бас хамт явсан юм. Тэгсэн дүү “аав амьд сэрүүндээ ахдаа адуунаасаа өгөөрэй гэж захисан” гээд хонгор гүү авчирч өглөө. Ерөөсөө унагалаагүй, арав гарчихсан гүү. Өнөөхөө хүүдээ өгч, намар Дэлгэрхаан руу мал туугаад ир гэж явуулчихлаа. Жардайсан жигтэйхэн хачин гүү байсан юм. Би өөрийнхөө хонгор азарганд гишгүүлж, хавар буруу талынх нь өсгий цагаан эр унага төрүүллээ. Хойтон жил 2001 онд анх удаа аймгийн наадамд хоёр хязаалан, хоёр шүдлэн үрээ нийт долоо, найман адуутай явлаа. Өлзийтдөө гурав нь түрүүлж, нийтдээ 16 айргийг нь авчихсан болохоор ямар ч байсан ганц хоёр айраг авчих байх гэж бодож байсан юм. Тэгсэн гурван азарга, хэдэн сайхан соёолон мордуулаад ч байдаггүй. Долоо, наймаар л ирлээ. Ингээд ганц даага үлдлээ. Залуу ч байж дээ. Жоохон урам хугараад балгачихсан. Тэртэй тэргүй давхихгүй юм чинь эртхэн буцъя, даагаа мордуулаад яахав гэж  хүүдээ хэллээ. Тэгээд майхандаа хэвтэж байгаад унтчихаж. Нэг сэрсэн эмээлтэй морь л уяан дээр байна. Наадмын талбай дээр морь ирж байгаа бололтой хүмүүс шаагилдаад л. Охиноос ямар даага ирж явна гэвэл Сүхбаатар аймгийн нэг даага явж байна гэнэ. Номерыг нь харж чадахгүй байна гэлээ. Эргээд майхан руугаа орж байтал “аав аа, манай шарга даага байна” гэсээр хүүхдүүд дуудлаа. Тэр дороо л эргэж харвал мөөн, барианд орж байгаа харагдана. Ингэж л аймгийн наадмаас анхны айргаа авч байлаа шүү дээ. Түүнээс хойш аймагт арав гаруй адуу айрагдууллаа. Зургаан түрүү авлаа. Мөн Дэлгэрхааны Хөдөө аралын 840 жилээр өсгий цагаан хүрэн соёолонгоо аман хүзүүдүүлж байсан юм.
-Эндээс хамгийн сайхан наадмын дурсамжийг хуваалцаач?
-Хамгийн оргил үедээ аймгийн гурван түрүү, найман айраг авах нь нэг л өдрийн ажил байлаа шүү дээ.
-Аймгийн Алдарт уяач цолыг хэзээ авсан юм бэ?
-Би чинь 2006 оны Алдарт. Тухайн үедээ зургаан түрүү, 11 айргаар авсан санагдана. Түүнээс хойш  том наадмуудаар олон явсангүй. Уг нь улсад ч очвол болмоор санагдсан шүү. 2008 онд юм уу даа. Улсын наадамд хоёр даагаа 10, 12-оор, саарал азаргаа 50-д оруулаад ирсэн.  Бас Содном бид хоёр Алтан-Овоо, Бэрхийн 35, 40 жилээр очиж л байлаа. Бид эндээс байны шагнал хоёр жижиг тэргийг, өнгөт зурагттай нь авч сайхан наадаж билээ. Өнгөт зурагт дөнгөж гарч байсан үе шүү дээ. Бас Дэлгэрхааны наадамд Содномын улаан морь түрүүлж, миний хүрэн соёолон аман хүзүүдэж байлаа. Энэ мэт олон сайхан наадмын дурсамжийг ярьж болно. Гэхдээ сүүлийн хоёр гурван жил морь уясангүй ээ. Уг нь энэ гадаа байгаа хар азарга очсон  газартаа л ордог буянтай амьтан байгаа юм. Манай унаган адуу. Төмөр-Очирын Манлайн мялаалга “Түмэн хурд”-д аман хүзүүдсэн. Ноднин Дүнжингарав явах санаа байсан ч чадсангүй.
-Төрсөн нутагтаа очиж наадаж байв уу?
-Нутгийнхаа 80 жилээр очиж сайхан наадсан. Хоёр шүдлэн нэлээн тасарчихсан байсан ч нэг нь хадны завсар орчихоод улсын барианы үзүүр дээр гарахгүй байсаар зургаалсан. Нөгөөх нь холоо түрүүлсэн юм. Бас бүдүүн морио гуравлуулж, соёолонгоо есөөр оруулсан. 2015 онд 90 жилтэй, явах санаа байна. Энд шинэ залуу уяачдад зөвлөхөд гадагшаа гарч уралдахад өөрийнхөө өвстэй явах шиг сайн юм байдаггүй шүү гэж хэлмээр байна.
-Одоо хүүхдүүд морь уяж байна уу?
-Тийм ээ, Үйтүмэн, Эрдэнэбилэг хоёр хүү маань уяж байна. Би зөвлөх маягтай. Бас их үглэнэ ээ. Нас яваад ирэхээр өм халирчихдаг юм уу. Энэ жил Бэрхэд шарга даага баараггүй түрүүлэх нь гэж байтал зургаалчихсан. Би чинь зургаагийн тоонд тоглуулсан хүн дээ.
-Адууныхаа цусыг сайжруулж, наймаа их хийж байна уу?
-Хийлгүй яахав. Энд тэндээс хөлтэй хөлгүй олон азарга авч байлаа. Гэхдээ Сүхбаатар адуу голдуу авсан. Манай адуунд Хөхийн Гомбосүрэн адуутай Сэддорж гуайн адуу голлодог. Баянхутагийн Уртын Дамдинжав, Түнтгэрийн Гонгор нар Очирынд мал маллаж байсан улс. Очир өвгөний эцэг Донир гэж хүн байсан гэдэг. Олон хурдан цагаан адуутай хүн байгаад Гонгор, Дамдинжав хоёрыг цэргээс ирэхэд нь хоёуланд нь засаатай нэг, нэг бор үрээ өгсөн ажээ. Тэндээс манай адуу гаралтай гэж Сэддорж гуай ярьдаг.
-Бидний ярилцлага өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Баярлалаа. Энд өөрийн бодлоос хуваалцмаар байна. Монгол наадам бол хамгийн гоё наадам. Тэр дотроо орон нутгийн наадам шиг гоё наадам байдаггүй. Гэвч одоо хөдөөгийн мань мэт морь уралдуулахад хэцүү болж байх шиг байна. Өнөөдөр эрлийз тал нь илүү давамгайлчихаад байдаг. Магадгүй адуугаа сайжруулж чадаагүйн хохь байх л даа. Минийхээр морь уралдаж байгаа цагт монгол нь ч, эрлийз нь ч байх хэрэгтэй болов уу. Манай Хэнтий аймагт эрлийз адууг үзэхгүй л байгаа юм. Үнэндээ бид эндээ уралдаад болж байгаа ч гадагшаа гарахаар айрагт орохгүй байна шүү дээ. Мэдээж ялгаа салгааны хувьд их юм бий. Уядаг уяа, иддэг хоолноос өгсүүлээд л. Тэгэхээр өндөр довд гарч уралдахын тулд шинэ цагийн адууг өсгөж үржүүлэхээс өөр аргагүй болж байна.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна