Залуу уяач Ч.Баттогтох: Уяач хүн хүлцэнгүй, хүлээцтэй байвал амжилтанд хүрнээ гэж боддог

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 03 -нд

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, залуу уяач Ч.Баттогтохын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяа эвлүүлсэн энэ он жилүүдэд хичнээн айраг түрүү хүртэв?
-1994 онд сургуулиас гарч, мал маллах болсноос хойш 20 гаруй жил өнгөрчээ. Багадаа морь унаж өвлийн наадамд ганц нэг айрагдуулж байсан. Энэ үеэс л морь унах, уях сонирхолтой болсон шиг байгаа юм. Ингээд 2003 оноос бие дааж ганц нэг морины сүүл боож, сумынхаа наадамд мордуулдаг болсон. Гэвч ган гачигаас болоод нүүдэл суудал хийгээд хэсэг завсарлага авсан. Харин ойрын хоёр жилээс дахин уяаны ажилдаа ороод байна. Уржнангаас морио тэжээж, шинэ цагийн  уяанд шамдангуй суралцаж явна. Тэгээд энэ жил сум орон нутагтаа бага сагахан наадамд хоёр түрүү авч, хоёрыг зургаалууллаа. Мөн Боржигон наадмын эрлийз доод насанд нэг бага адуу таваар давхиуллаа. Шивээговь сумынхаа баяр наадамд даага дөрөвлүүллээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Мал сүргээ зөв зохистой эдлээд явбал адууны тэнгэр хардаг гэж боддог.
-Багадаа хэний морийг унаж хурдлуулдаг байсан юм бэ?
-Аав маань залуудаа морь уядаг байлаа. Гэхдээ сүүлдээ алба ажлаас болоод  уяхаа больсон. Би ч нутаг усныхаа ганц нэг ах хүүгийн морийг өвлийн уралдаанд голдуу унадаг байлаа. Моринд томдох талдаа орчихсон байсан л даа. Тэрнээс манайханд өөр уяач байхгүй ээ. Нутгийн олны дэмжлэг туслалцаатайгаар морь уяж явна.
-Гаднаас адуу их авч байна уу?
-2010 оноос хойш адуугаа сайжруулахад түлхүү анхаарч ажиллалаа. Эндээс Сүхбаатар аймгийн нэг ах хүүтэйгээ хамт Сүхбаатар, Дундговиор яваад ирсэн. Адуу мал харж, нутаг үзэж, хүнтэй танилцаад, ганц нэг адуу авъя гэж бодсон юм. Ингээд Сүхбаатараас нэг соёолон азарга, мөн нэг соёолон гүү авсан. Энэ гүү нь хээлтэй ирж, унагалаад одоо даага болчихоод байна. Мөн Дундговийн Өндөршилээс нэг үрээ авч азарга тавилаа. Бас Адъяасүрэн гуайн Өмнөговийн Говьшанхад түрүүлж байсан хонгор морины эцэг Бөгөн хонгор азарганых нь төл хонгор үрээг авч азарга тавьсан. Морь уяхаасаа өмнө адуугаа бэлдэе, өөрийгөө ч бэлдээд авъя гэж бодож байна. Уяач хүн чинь хүлцэнгүй, хүлээцтэй байвал хэсэг хугацааны дараа амжилтанд хүрнээ гэж боддог юм. Өөрөөр хэлбэл юу юугүй адуу малаар тоглоод яахав гэж бодсон юм.
-Уяаны багштай юу?
-Осорын Доржсүх ахтайгаа хамт уяаны ажлаа хийдэг юм. Бид уяаны тал дээр санаа бодол их нийлнэ л дээ. Хоёулаа ярилцаж байгаад эцсийн шийдвэрээ гаргадаг. Мөн аймгийн Алдарт Нямхүүгээс их зөвлөгөө авнаа. Би ч алдаа гаргахвий гэхээс жоохон болгоомжилдог хүн л дээ. Ер нь хянуур талдаа гэж болно. Ямартаа олны үгийг сонсож, өөрийн бодлоо нэмэрлээд морио уядаг. Тийм болохоор морь хүүхэд мэнд сайхан наадаж байна.
-Энэ хавиараа л уралдаад байна уу?
-Тиймээ. Энэ хавиараа л нааддаг юм. Харин энэ жил Чойрт болсон Боржигон наадамд очиж уралдсан нь том наадмын нэг байлаа.
-Адуунаас өөр мал бий юу?
-Манай суманд олон малтай улс их бий. Миний хувьд тэмээнээс бусад нь байна. Бололцооны мал ахуйтай.
-Өнөөдөр залуучууд маань орон нутагтаа малаа маллаад сайхан амьдрах боломж хэр байна вэ?
-Байлгүй яахав. Сүүлийн жилүүдэд малчин өрх олширч байна. Энэ хэрээр мал ч их өсөж байна. Гэвч үүнээс үүдээд бэлчээрийн даацын тухай ярихаас өөр аргагүй болж байх шиг санагддаг. Нөгөө талаар малчид маань малаа чанаржуулж, тооны тал дээр анхаарах хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гэхдээ малчин бидний ажил цаг уураас их хамааралтай. Юутай ч тэнгэр хангай минь биднийг харж яваасай л гэж хүсэх  юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Та бүхэнд ч баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан “Бэлхийн хурд” уяачдын холбооны нийт  уяачдадаа  сайн сайхан бүхнийг хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна