Аймгийн Алдарт уяач А. Мөнхбаяр: Морь уях чинь амархан юм байна гэсэн бодол төрж байсан шүү

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 06 -нд

“Нэр дээр нь мордсон үхэр хүртэл айрагдахаар байна” гэгдэж аз өмөөрөө гайхуулж, айраг, түрүүгээрээ илүүрхэж явсан хийморилог эрхмийг зочин хоймортоо урилаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач, “Өнө мөнх хайрхан” ХХК-ийн захирал Адъяагийн Мөнхбаяр юм. 19 жилийн тэртээ анхны говийн бүсийн уралдаанд хээр даага айрагдуулж, том наадмын өм нээсэн тэрээр 2014 оны төвийн бүсийн уралдаанаас нэг түрүү, нэг айраг, 2015 оны “Дүнжингаравын хурд” уралдаанаас нэг айраг хүртээд буй. Хуучин оноо амрааж, шинэ оноо угтах торгон мөчид хүлгийн хиймориор  түмнээ баясгагч эрхэмтэй ийн хөөрөлдлөө.
Морь уяж байгаа хүн дэмбээддэггүй гэдгийг мэдмээр юм билээ
-Дундговийнх гэхээр  дээдчүүл нь морь уядаг байж дээ гэж бодлоо. Миний таамаг зөв үү?
-Манай аав Дундговь аймгийн Гурвансайхан, харин ээж маань Дэлгэрхангай сумын хүн. Миний хувьд Дундговь аймгийн төв буюу Сайнцагаанд төрсөн. Аав, ээж маань суурин газрын сэхээтэн улс хэдий ч ах дүү нар дотор нь морь мал уядаг хүмүүс цөөнгүй бий. Жишээлбэл манай ээжийн аав Далх гэж хүн морь мал уядаг байсан гэлцдэг. Гэхдээ хэрхэн наадаж байсныг нь сайн мэдэхгүй юм. Миний хамгийн ойроос мэдэх уяач бол Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн Алдарт уяач “Хээхэр” хэмээх Баатар /Н.Баатархүү/ гэж хүн байна. Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд  хээр азаргаа аман хүзүүнд хурдлуулж байсан том уяач л даа. Би зургаан настайгаасаа эхлээд найман жил энэ хүний хурдан морийг унаж байлаа.
-Монголын  Нууц Товчооны 750 жилийн ойд хээр азарга айрагдахад нь та унаж байсан уу?
-Үгүй ээ, би тэр үед хүнддээд хасагдчихсан байсан. Харин Говь-Угтаал сумын 60 жилийн /1984 онд/ ойгоор унаж айрагдуулсан. Баатар ахынх ер нь адуу сайтай. Би өөр олон морийг нь унаж айраг, түрүү бишгүй авсаан. Аав маань хэдийгээр төвийн хүн ч гэсэн моринд дуртай болоход маань их нөлөөлсөн.
-Хээр азарга хаанахын адуу болдог юм бэ?
-Хээр азарга АХ-ын 60 жилийн ойгоор аман хүзүүдсэн Говьсүмбэрийн Төмөрхуягийн хээр азарганы төлийн төл гэдэг юм. Ер нь бол Угтаалын толгой азаргануудын нэг байсан л даа. Баатар ах маань 1982 онд надад нэг охин шарга даага бэлгэнд өгсөн нь хожмоо надад олон сайхан хурдан буян төрүүлж өгсөн. Зава Дамдины 130 жилийн ой говийн бүсийн анхны даншиг наадамд айрагдсан хээр үрээ гэхэд л тэрхүү шарга гүүний төлийн төл.
-Хэдэн жил морь уяад том наадмаас айраг хүртэж байгаа нь тэр билээ?
-1991 оноос эхлээд нутгийн уяачдаа даган морь уясан. Анхны жилээ хоёр үрээ уяад  нэгийг нь аймгийн баяр наадамд 26-д давхиулаад их баярлаж байлаа. Соёолон үрээ. Тэр үед олон морь уралддаг байж дээ. Айрагдуулж чадаагүй ч бариатай давхиулаад их урамшсан юм. Гэхдээ намайг морь уях дуртай болгосон адуу бол хар морь маань. Том наадамд ороогүй ч бага наадмаас айраг алддаггүй, ёстой нөгөө уралдсан болгондоо баярлуулдаг сайхан буян байсан.
-Зава Дамдины 130 жилийн ой говийн бүсийн анхны даншиг наадмын талаар жаахан дэлгэрүүлээч?
-Говийн бүсийн анхны даншиг наадам  гэдэг утгаараа их өргөн дэлгэр болсон. Олон ч газраас морьд цугласан. Шүдлэн гэхэд л 509 мордож, 480-аад нь дутуу эргээд үлдсэн хорь гаруйгаас нь айргийн морьдыг тодруулж байлаа. Зээрд шүдлэн маань уг нь их хурдан байсан ч дутуу эргэсэн 480 үрээндээ 12, 13-аар давхисан. Даага гэхэд 350 хүрч мордоод, Даншиг хээр маань дөрвөөр давхисан. 22 настай залуухан үрээгээ айрагдахад мөн үү биш үү гээд эргэлзэж л байлаа. /инээв/
-Айрагдчих болов уу гэсэн хүлээлт байгаагүй хэрэг үү?
-Том наадам болохоор сүрдсэн хэрэг байх л даа. Түүнээс өмнө нь бага наадмуудад морьд гайгүй сайн давхиад урам орчихсон байсан  үе. Тэр жил хоёр даага уяад. Наадмын өмнөх сунгаанд 40 гаруй үрээ мордоход Даншиг хээр хол түрүүлж байсан. Тэгэхээр горьдлого байлгүй яахав. Одоотой адил машин тэрэг элбэг байсангүй. Морьтой тосоод зогсож байсан чинь миний хээр үрээ гурав дээр гараад ирлээ. Хүүхэд нь бас туршлага муутай. Анх унаж байгаа. Бариа дөхөөд нөгөө хоёр үрээний хүүхэд гуядаад сугарчихлаа. Манай хүүхэд гуяддаггүй ээ. Тэгж байтал арын үрээ дайраад  дөрвөлсөн дөө. Дараа нь тайвширсан хойноо “үгүй ядаж би өөрөө хүүхдээ ташуурд гэдэггүй. Морьтой дэргэд нь байсан юм байж давхиж очоод угзардаггүй” гэж бодсон. Хүүхэд, уяач хоёр аргагүй шинэдсэн л дээ.
-Даншиг хээр таныг олонтаа баярлуулсан уу?
-Надаас өөр сайн уяачтай таарсан бол их юм дуулгах байсан адуу. Би хээр азаргаа онцгой төрсөн хурдан хүлэг гэж боддог. Манай Дундговийн Эрдэнэчулуун Манлай эд нарт байсан бол олон айрагдаж, түрүүлэх байсан байхаа. Морь эргээд километр явахад л тасарчихдаг. Тар, сунгаан, уралдаан алин дээр нь ч ялгаагүй. Адуутай зууралддаггүй. Ёстой төрмөл хурдан буян байсан. Хойтон жил нь шүдлэн үрээ аймгийнхаа наадамд хэсэг өнгөлж яваад үзүүр дээрээ дайруулаад гурвалсан. Тэр үед зааж зөвлөх хүн байсан биш би өөрөө муухан л уяж байсан байлгүй. Дараа нь Өлзийт суманд болсон Гавьяат жүжигчин Дагийранз гуайн нэрэмжит уралдаанд айрагдсан. Хязаалан жилээ их туранхай байсан болохоор нь уяж чадаагүй. Түүнээс хойш гурван жил өнжөөсөөн. Би өөрөө бизнесээ дөнгөж эхэлчихсэн , ажил ихтэй уях завдал болоогүй юм. Тэгээд долоотойд нь нэг оролдоод хөлгүй болгочихсон доо. Олон жил өнжчихсөн тарган адууг ганц шөнө уяж хоноод хөлсөлсөн болоод мордуулчихсан хөл нь эвгүйтчихсэн. Түүнээс нь хойш уралдуулаагүй азарга тавьсан. Хүн бүлгүй үр төлөөс нь ч сургаж уяж чадахгүй л байна.
-Эх нь Баатар уяачаас бэлгэнд ирсэн шарга гүүний төл. Харин эцэг нь...?
-Манай өөрийн унаган хул азарга.
-Сайн адуу сайн уяачийг төрүүлдэг гэдэг. Таныг уяачийн дөртэй болгосон өөр ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Түрүүн цухас дурддаг хар морь маань байна. Бас л ховорхон төрөх хурдан буянгуудын нэг. Сайн адуу уяаны алдаа мадагийг барагтай бол тоодоггүй шүү дээ. Хар морь тийм л адуу байсан. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат Борын Дондог гуай нэгэнтээ “сайн уявал хол түрүүлдэг, муу уявал ойрхон түрүүлдэг” хэмээн ярьж байсан. Тийм л адуу. Урам зориг сэргээсэн энэ сайхан хүлгийнхээ талаар дурдахгүй өнгөрч болохгүй байх. За тэгээд дараагийн ярих адуу бол мэдээж миний Дэмбээ загал. Дундговийнхон төдийгүй Монголын морь сонирхогчид андахгүй байлгүй дээ. 2014 онд Дундговь аймагт болсон төвийн бүсийн уралдаанд соёолондоо  түрүүлээд, 2015 оны “Дүнжингаравын хурд”-д хавчиг зургаан настай морь дөрвөөр давхисан. За тэгээд 2014 оны төвийн бүсэд гурваар давхисан Бүс саарал маань байна.
-Эхлээд Дэмбээ загалынхаа талаар жаахан дэлгэрүүлье?
-За, загал морь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат миний найз Дондогийн Дагвадоржийн унаган адуу. 2012 оны хавар таван сард битүү шүдлэн үрээ авч байлаа. Хашаандаа долоон үрээ тууж ирээд үзүүлэхэд нь “загал нь илүү юм” гээд авсан хэрэг л дээ. Тэгээд тэр жилээ улсад ирж уралдаад 100 дотор давхисан. Уг нь сунгаанд дээгүүр байсан юм. Дараа жил нь хязаалан үрээ Эрболддоо уяулахаар өгсөн. “За миний дүү энийг уяарай, энэ ёстой хурдан адуу шүү” гэсэн. “Ийм гахай шиг тарган. Дээр нь ховдог адууг яаж уях вэ дээ” гэж билээ. Миний саарал морь чинь айлын гэрт ороод идээнийх нь чихэр, боовыг хамаад идчихдэг. Нэг үе Гахай загал гэдэг байсан юм шүү дээ. Хүмүүс цаашлуулаад “энэ идэх юмны тэмцээнд орвол харин түрүүлнэ” гэдэг байсан. /инээв/
-Тэгээд тодорч тоогдсон үе нь хэзээ вэ?
-Надад Сүхбаатарын Мөнххаанаас авсан хамар цагаан зээрд үрээ байдаг юм. Нас чацуу. Хамар цагаан нь аймгийн болон сумын наадамд хоёр түрүүлж, хоёр айрагдсан адуу. Аймагт айрагдаад ирснийх нь дараа Эрболд загалтай цугт нь хөдөлгөж л дээ. Тэгсэн загал нь хол түрүүлж. Тэр үеэс л тоогдсон байх даа. Тэр жил Завхан аймгийн 90 жилийн ой, баруун бүсийн уралдаантай. Манайхан тийшээ явж наадна гэж байсан юм. Тэгтэл Өлзийт суманд Ардын жүжигчин Дагийранз гуайн нэрэмжит япон мотоциклийн байтай уралдаан болох дуулдлаа. Эрболд санаагаа хувиргачихсан загал үрээгээ тэнд уралдуулна гэнэ. “Баруун бүс рүү авч явна гэсэн биз дээ” гэтэл “битүү үрээг тэр хол бүсийн уралдаанд авч яваад дэмий байх” гээд Өлзийтөд уралдууллаа. Тэгсэн тэнд хол түрүүлсэн. Түүнийхээ дараа Сайхан-Овоо сумын 90 жилийн ой, Дундговь аймгийн баруун бүсийн уралдаан болон Дэлгэрхангай сумын 90 жилийн ойд тус тус түрүүлсэн. Өөрөөр хэлбэл гурав уралдаж, гурав түрүүлээд, Өвөрхангай аймагт болсон “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” уралдааныг зорьж, Дэмбээ загал нэртэй болсон. Яасан гэхээр тэр наадмын үеэр дэмбээний тэмцээн болж л дээ. Тэнд манай Эрболд оролцоод хоёрдугаар байр эзлэхгүй юу. Цогтцэцийд байсан аав нь  үзчихээд “морь уяж байж дэмбээддэг нь яаж байгаа юм. Дэмбээ морь хоёр харш гэдгийг мэддэггүй юм уу” гээд Эрболдыг зэмлэсэн юм билээ. Дэмбээний тэмцээнд 2-р байр эзэлснийх нь дараа сэтгүүлч ярилцлага авахад “загал морио мордуулчихсан. Бараг л түрүүлчих болов уу” гэж ярьсан байдаг. Загал морь ч аман хүзүүнд ирж байгаад үзэгчдийн үзүүр дээр гэнэтхэн зогсчихсон. Арын морьд нь хажуугаар өнгөрөөд л байдаг, хөдөлдөггүй. Тэгсээр 10 билүү 11-т орсон. Түүнээс болоод Ганпүрэв Дэмбээ загал гээд нэрлэчихсэн юм. Уг нь тэр жил их хурдан байсан шүү. Морь уяж байгаа хүн дэмбээдэж болдоггүйг мэдмээр юм билээ.
-Санаж л явмаар юм байна?
-Хойтон нь соёолон үрээ арав гаруй удаа айрагдаж түрүүлсэн. Тэр жил манай хэд Өмнөговь аймгийн Цогтцэцийд байсан юм. Хавраас хойш тэр хавиараа болсон бооцоот уралдаануудад Дэмбээ загал, Үүлэн бор хоёр тогтмол түрүүлж, айрагдсан юм билээ. Ямар сайндаа хүмүүс “Мөнхбаярын хэдэн борууд баллаж байнаа” гэж байхав. Миний санаж байгаагаар Цагаанхайрханы тахилгад айрагдаад, Өмнөговийн хаврын уралдаанд аман хүзүүдсэн. Дундговийн Цагаандэлгэрт болсон уралдаанд аман хүзүүдээд, аймгийнхаа “Мандалын хурд”-д Тэргүүн хонгор түрүүлж, Дэмбээ загал нь аман хүзүүдсэн. Дараа нь Баянтал суманд болсон аймгийн чанартай уралдаанд Дэмбээ түрүүлсэн. За тэгээд Говь-Угтаал сумын 90 жилд аман хүзүүдээд, Дундговь аймагт болсон төвийн бүсийн даншигт түрүүлсэн.
-Бүсийн наадмын дараа дахин уралдсан юм уу?
-Цогтцэций сумын 90 жилийн ойд гурваар давхиад, саятан Баярсайханы мялаалга наадамд аман хүзүүдэж, Үйлдвэр Худалдааны Дэд сайд байсан Тувааны наадамд түрүүлсэн. Ер нь соёолондоо 12 айрагдаж түрүүлсэн байдаг юм.
-2015 оны тухайд?
-Тэр жилийн наадам Дэлгэрцогт суманд болсон хадагны уралдаанаар эхэлсэн. Тэнд түрүүлээд Дүнжингаравын сорилго уралдаанд дахиад түрүүлсэн. Дүнжингаравт уралдахад нь би машинтай дагаж явсан юм. Тэгсэн эхний 50,60 морин дотор байдаггүй. Алаг-Уулын хар, Туушингийн Зоригтын хул гээд айрагдаж, түрүүлсэн морьд яваад байдаг. Эхний арваад морийг хараад явтал гэнэтхэн голоор ороод ирсэн. Тэгээд л чигээрээ туулсаар дөрвөлсөн. Дараа нь хүүхдээсээ асуусан чинь бараг хамгийн сүүлд шахуу шогшоод гарсан гэж байна лээ. Магадгүй ахиад газар байсан бол илүү ахих байсан ч байж мэдэх юм. Гэхдээ тэр жил би Дэмбээгээсээ илүү халтар үрээгээ горьдож байсан юм. Яагаав өнгөрсөн жил улсад соёолон наймаар давхидаг. 2015 оны Дүнжингараваар нэг хэсэг хөтөлсөн шүү дээ. Энэ бас л  миний найз Дондогийн Дагвадоржийн унаган адуу. Ер нь тэдний адуу их чанаржуу шүү.
-Төвийн бүсэд айрагдсан Бүс саарлынхаа талаар яриач. Хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Халзан суманд явж байгаад олон адуутай таарсан юм. Тэгсэн адууны баруун захад ганц даага тонгочоод сүрхий байнаа. Харсан матаас энэ тэр гэж янзын юм. Ерөөсөө л миний хайж байсан адуу мөн байна. Авъя гэсэн наадахыг чинь л өгөхгүй. Өөр адуу ав гээд зөвшөөрдөггүй. Цуг явсан Алтанхуяг ах, Эрболд нар машиндаа суучихаад сигналдаад яаруулаад байдаг. Би “ганц дааганы наймаа хийгээдэхье” гээд хүлээлгээд байгаа. Тэгж байгаад наймаа тохирч авсан. Хойтон хавар нь Эрболд руугаа яриад “саарал үрээ чинь хэр байна” гэхээр “явах царайгүй юм байна” л гэдэг. Тэгж байгаад шүдлэнгээсээ эхлээд хурдалсан даа. Анх Дэрэн суманд болсон уралдаанд аман хүзүүдээд, дараа нь Сайнцагааны 90 жилд бас аман хүзүүдээд, Гурвансайханы 90 жилд ахиад хоёрлоод, төвийн бүсийн даншигт гуравласан.
Даншгийн дараа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн ойд очиж түрүүлээд, Туваан сайдын уралдаанд гурвалсан. Дараа хавар нь хязаалан үрээ Батсүмбэрт болсон Төв аймгийн хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдээд, “Хангарьд-2015”-д гуравлаад, Халзан сумын 90 жилийн ойд дөрөвлөсөн. 24 цаг хоолгүй машинаар ачигдаж шүү дээ. Бас л сайхан буян шүү. Харамсалтай нь хөлний асуудлаас болоод дахин уралдах боломжгүй болсон. Тэгээд энэ жил явж төрсөн дүүг нь авчраад байна.
-Бүгээн адуугаар одтой нааддаг хүн юмаа даа?
-Бүгээн адуунууд гайгүй давхиад байдаг юм. МУ-ын Алдарт уяач Шуну гуайгаас авсан загал морь хязаалангаасаа хойш аймгийн чанартай наадамд нэлээд хэд айрагдсан. Ноднин гэхэд Дундговь аймгийн төвийн бүсийн уралдаанд түрүүлж, “Мандалын шигшмэл хурд”-д наймаар давхилаа. Хязааландаа гурав айрагдаад, соёолондоо нэг түрүүлж, дөрөв айрагдсан. Хавчиг зургаан настайдаа нэг түрүүлж, хоёр айрагдсан юм байна.
-Ингэхэд хэдэн оны Алдарт уяач вэ?
-2014 онд зургаан түрүү, 10 айргаар аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Миний морьд аймгийн чанартай наадмуудаас нийт 26 айраг, 10 түрүү, улсын бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг авсан байдаг.
-Улиран одож буй 2016 онд Мөнхбаяр Алдарт хэрхэн наадсан болоо?
-Алаагүй ч гэсэн амраагаагүй гэдэг шиг айраг, түрүү аваагүй ч томоохон наадам болгонд оролцсоон. Өвөрхангай аймагт болсон хаврын бүс, “Дүнжингаравын хурд”, улсын баяр наадам, говийн бүсийн уралдаан гээд...Томоохон наадмаас л айраг авч чадаагүй болохоос биш хавраас хойш бэсрэг наадмуудаас 10-аад айраг, түрүү авсан байна лээ. Олон аавын хүү оролцдог наадгай. Өгөө аваатай байлгүй яахав. 2014 он миний хувьд амжилтаар дүүрэн жил байсан. Ямартаа л Эрболд маань “Мөнхбаяр ахын нэр дээр үхэр мордсон ч айрагдахаар байна шүү” гэж хошигнож байхав. Би “Тэнүүн говийн хурд” галын гишүүн.  2012 оноос эхлээд миний морьдын нэг хэсгийг ах дүү Алдартууд болох Эрболд, Эрдэнэбулган нар маань уядаг болсон. Мөн Адаацаг сумын харьяат аймгийн Алдарт уяач Д.Даваацэрэн найз маань нэг хэсгийг нь уядаг. Улсын наадамд наймаар давхисан халтар үрээг Даваацэрэн уядаг. Тэр жил /2014 онд/ миний морьд том бага наадмаас 40 гаруй айраг, түрүү авсан байдаг юм.
-Гал уяаны хэмжээнд гэвэл нэлээд өндөр дүн гарах нь ээ?
-2014 онд “Тэнүүн говийн хурд” гал маань 106 айраг, түрүү авсан. Морь айрагдаж, түрүүлэх гэдэг эзэн, уяачийн төдийгүй тэдний ар гэрийнхэн цаашлаад нутаг, нугынхны баяр цэнгэл шүү дээ.
-Тэгэлгүй яахав. Ингэхэд таны хувьд хамгийн бахдалтай нь хэдэн оны ямар наадам бэ?
-Хамгийн санаанаас гардаггүй гоё нь 1998 оны аймгийн баяр наадам. Тэр жил би өөрөө гардаад арван хэдэн үрээ уясан. Сунгаануудад манай үрээнүүд машин шиг л ирээд байна. Гурван шүдлэн үрээ уясан. Гурвуулаа тасраад хоорондоо уралдаад орж ирдэг. Дөрвөн хязаалан уясан. Голдоо ганцхан үрээ хавчуулаад ирэх жишээтэй. Тэр үеийн сунгаанд одоотой харьцуулахааргүй олон 60,70 хүрч мордоно. Соёолон уралдахад ахиад хоёр үрээ ирнэ. Үгүй ээ, морь уях чинь амархан юм байна гэсэн бодол төрөөд л.../инээв/ Тэгсэн яг наадмаар Даншиг хээрээс бусад нь айргаас мултарч, арав дотор давхисан. Эргээд дүгнэлт хийхээр тэжээлгүй цагаан өвсний үрээнүүдийг сунгаан дээр мулталчихсан байна лээ. Манай тэр хэдэн үрээнүүд хавар адуунаасаа салаад алга болчихдог. Би араас нь мотоцикльтой давхиж очоод элдэж хөөсөөр авчраад ганц хоёрыг нь бариад үлдэнэ. Нөгөөдүүл ганц хоёр хоногийн ар дээр бас л сураггүй. Тэгэхээр араас яваад ахиад авчраад уяна. Ингэж хаваржин элдчихээр аргагүй шүү дээ.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг?
-Тэр үнэн. Гол нь нэг гаргасан алдаагаа давтдаггүй байх учиртай.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Миний асуулт энэ хүрээд жаргаж байна?
-“Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад намайг түшиж, тулж дэмжиж байдаг хүмүүстээ талархлаа илэрхийлмээр байна. Уяач амжилт гаргахад ар гэрийн нөлөө их чухал. Миний хань бол намайг байнга дэмжин урам зориг хайрлаж байдаг хүн. Гэргийг маань Оюунбат гэдэг. Надаас дутахааргүй моринд дуртай. Намайг ажилтай үед хоол ундыг нь тааруулчихсан байх жишээтэй. Намайг үргэлж дэмжиж байдаг ханьдаа болон морьдын маань уяа сойлгыг гардан тааруулж байдаг найз Д.Даваацэрэн, түүний хүү Ганхуяг, Эрболд, Эрдэнэбулган нартаа баярлаж талархаж явдгаа илэрхийлье ээ.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна