Аймгийн Алдарт уяач С.Жаваа: Би буян хурсан унаган адуугаараа нэрд гарсан хүн

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 19 -нд

Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Жаваатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. 
-Таны хурдан морьтой холбогдсон түүхээс  яриагаа эхэлье?
-Миний аавын аав моринд сонирхолтой нэгэн байлаа. Аав морь уядаг ч алдарт энэ тэр болж байгаагүй ээ. Би арваад хүүхдийнх ахмад нь болохоор аавынхаа адуу малны ажилд нь тусална. Уясан морьдыг нь унана. Хөдөөгийн багачууд бидэнд ажил мундахгүй л дээ. Ийнхүү адууны захад өссөн би хожмоо морь уях болсон түүхтэй. Энэ нь 1981 оноос эхэлдэг юм. Тухайн үед цэргээс халагдаж ирээд удаагүй байлаа. Цэрэгт явахаасаа өмнө нэг шархал хатираа морьтой байсан юм. Түүнийг намайг ирэхэд уяад, унахад бэлэн болгочихсон байсан. Тэгээд бас нэг үрээ өгсөн юм. Ингээд аймгийн наадамд хоёр морио хөтлөөд, аавтайгаа гарсансан. Энд шархал морь хатираад арван хэдээр ирж, өнөө үрээгээ айргийн гурваар оруулсан. Хатирч морьдын уралдаан гэж тусдаа болдог. Эзэн нь голдуу том хүмүүс эмээлтэй унаж уралддаг байсан. Энд сонирхуулахад хатирах, жороолох хоёр нь өөр. Жороолно гэдэг нь нэг үгээр хэлэхэд тэмээ шиг тэшиж явна гэсэн үг. Харин наадах нь давхиж болохгүй, арай наахнуур явна гэсэн үг. Тэр зун ч  Тариалан сумын болон нүүрсний уурхайн баяр гээд их олон баяр болсон. Үүнээс заримд нь түрүү авч, морь уях сонирхол улам нэмэгдсэн.
-Тэгвэл ямар адуугаар уяа эвлүүлж байв?
-Анх 86 онд шүдлэн уяж аймагт түрүүлгэснээр хурдан морь уяж эхэлсэн. Манай аавын унаган адуу л даа. Үрээнээсээ эхлээд дөнөндөө, тавтайдаа гурван жил дараалан түрүүлж байлаа. Ийнхүү амжилт гаргаад ирэхээр хүн чинь илүү урам ордог юм билээ. Сүүлдээ нэг наадмаас гурав, дөрвөн айраг түрүүтэй нааддаг болсон. Анхны шүдлэнгийнхээ дүү улаан мориор бас нэг хэсэг наадсан. Хязаалан уяад аймагт бас түрүүлгэж байлаа. Ах нь болох бор морийг ч сайхан давхиулсан. Үүнээс гадна хатираа морьдоо ч орхиогүй. 80-н хэдэн онд Бүргээ гэдэг хүнээс хатираа хээр морь худалдан авсан. Тухайн үедээ тав, зургаан мянган төгрөгөөр авсан санагдана. Ингээд өнөөхөө өөрөө унаж аймагт гурав түрүүлгэсэн. Ийнхүү олон жил тууштай моринд явсан амжилтыг маань үнэлж, 2005 онд аймгийн Алдарт уяач цолыг өгсөн. Тухайн үед Алдартын таван түрүү, найман айргийн амжилтаа давуулан биелүүлсэн юм. Арваад түрүү, 20 орчим айрагтайгаар цолонд хүрсэн.
-Одоо танд хатираа морь байна уу?
-Ганц нэг бий. Энэ жил аймагтаа уралдуулна. Наяад оны үед хатираа, жороо морьдын уралдаан өтгөн сайхан болдог байлаа. Гэхдээ нэг үе тасрах дөхсөн. Харин сүүлийн нэг хоёр жил ахиад сэргэх хандлагатай болж байгаад баярлаж байна.
-Томоохон наадмуудад уралдаж байв уу?
-Улс, бүсийн тэмцээнүүдэд явж байгаагүй. Харин аймгийн чанартай наадам, сумдын ойгоор нэлээн явсан. Увс аймгийнхаа 21 сумаас Хангай, Бөхмөрөнгөөр л очиж байгаагүй. Тэр үед хэдэн адуугаа хөтлөөд л явдаг байлаа. Одоо ч ачаад явчихна, сайхан байна шүү.
Би цэргээс ирж, гал голомтоо бадраагаад аймгийн төв бараадсан хүн байгаа юм. Тиймдээ аймагтаа наадчихаад байдаг байлаа. Манай сумынхан аймагт очиж амжилт гаргана гэснээ авч очно. Тэрнээс хүн болгон аймагт наадаад байдаггүй.
-Адууны наймаа хэр хийж байна?
-Өнөөдөр Увсын адууг Тэс адуугаар л тоймлож ярина шүү дээ. Тэс, Зүүнговь, Баруунтурууны адуу хурдтай. Гэхдээ одоо хүмүүсийн хөдөлмөр шингэж, үүлдэр угсааг нь сайжруулаад аль ч газартаа хурдтай болчихлоо. Сум сум болгон өөрийн хурдан хүлгүүдтэй.
Би бас цус холтгох санаатай ганц нэг юм авч байна. Сүхбаатар аймгийн Халзан суманд манай нэг хүргэн бий. Түүнээс нэг үрээ авчраад удаагүй болохоор нутаг оронд нь дасгаж байгаад азарга тавих санаатай.
1991 онд Өндөрхангай, Тэс, Зүүнговь, Малчин, Хяргасаар дамжин 26 хоног явж, 20-иод адуу цуглуулж явлаа. Тэр үед адуу цуглуулах тухай хүмүүс тэр бүр бодож ч байгаагүй болов уу. Зарим нь намайг ингээд явахад гайхаж л байсан.
-70,80-аад оны үед танай сумын нэрийг гаргасан ямар адуунууд байв?
-Сумд нь дотроо бригад, бригадаараа яригдана л даа.  Манай бригадаас сумын наадмын эхний таван азарга дараагаар орж байсан сайхан түүх бий. Тухайн үедээ Наранбулагтаа л хурдан байсан юм. Улаан-үзүүр, Хужирт бригад ч сайн байсан.
-Таны адуунд ямар ямар угшлын адуу байна вэ?
-Манай Увс аймагт хоёр Хөдөлмөрийн баатар бий. Завхан сумын Шагдарсүрэн баатраас нэг гүү авсан. Бас Өндөрхангайн Гангаа баатрын адуунаас азарга, морь, гүү авч байлаа. Энэ бол бахархалтай юм шүү. Эд чинь нэгдлийн адуутай улс. Тухайн үедээ хэдэн төгрөг хямдаас гадна тэр олон дундаас өөрсдөө шинжиж авсан болохоор сайн нь л хурсан болов уу.
-Нэгдэл нийгмийн үед та ямар алба хашиж байсан юм бэ?
-Нэг хэсэг хүнд механизмийн жолооч хийж байлаа. Цэргээс ирээд арван хэдэн жил бас хүний бага эмчээр ажиллаж байсан. Энд сонирхуулахад би  аймагт “Монгол адуу нийгэмлэг”-ийн салбар байгуулагдаж байхад анхны гишүүдийн нэг болж явлаа. Тухайн үеийн Монгол банкны захирал нь Батжаргал, зоо техникч Бямбажав, Өндөрхангайн Бямбажав, Тэсийн Баатаржав, Малчины Цэнд нарын сум сумаас ирсэн төлөөлөгчид үүсгэн байгуулсан юм. Би Увс аймгаа төлөөлөн Төв аймагт хуралдсан 256 төлөөлөгчийн нэг хүртэл болж байлаа.
-Анх байгуулагдаад ямар зорилго тавьж байв?
-Адуугаа сайжруулж, хурд гаргах зорилго тавьсан. Ингээд би энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар хувиараа эрхлэх аж ахуй байгууллаа. Болоогүй банкнаас 50,000 төгрөг зээл маягаар авч, энэ тэндээс адуу цуглуулж эхэлсэн. Нэг цай 20 төгрөг байсан тэр үед адуу 2000 төгрөгийн ханштай байлаа. Энэ мөнгөөр их сайн морь авна шүү. Харин гүү болохоор 700,800 төгрөгийн үнэтэй. Гэвч ийнхүү хөрөнгө мөнгө, хөдөлмөр зарсан ажил маань нэгэн жилийн зуднаар үгүй болж, үнэхээр хэцүүхэн цагтай тулгарч явлаа. Хажуугаар нь сайн үүлдрийн адууны сургаар сайн эрчүүдийн гарт нэлээдийг нь бас алдсан.
-Таны нэрийг гаргаж урмаар тэтгэж байсан ямар ямар хурдан хүлэг байна вэ?
-Би ч муу ээж аавынхаа буян хургасан унаган адуунуудаар нь нэрд гарсан хүн.  Бас түрүүн ярьсан хээр морь намайг олонтоо баярлуулсан сайхан амьтан. Ихэвчлэн зургаагаар ирдэг байсан юм билээ. Тэр жил би ч зургаагаар ирээд байхад нь морь зарна гэсэн сургаар очиж авсан юм. Наяад оны 5000 төгрөг их мөнгө шүү. Бараг мотоциклийн үнэтэй морь байгаа юм. Ингээд авчирч байгаад өвөл нь сайн гэгч нь тордоод, зун нь уралдуулбал аймагт  түрүүлсэн. Түүнээс хойш хоёр ч удаа дахин түрүүлгэсэн юм. Сүүлд хөгширсөн хойно нь эзний хүүхэд ирэхээр нь “чиний удмын адуу” гэж  хэлээд гэр бүлд нь бэлэглэсэн. Тэр хээр морийг өөрөө унаж түрүүлэхэд бас л сайхан байсан шүү.
-Сүүлийн үеийн уяаны арга барилд хэр дасаж байна даа?
-Бидний залууд бэлчээрээр маллаад, уралдуулчихдаг байлаа. Сүүлийн үед бэлчээрээр өөрөө гарсан морьдыг уралдуулах боломжгүй болчихож байна. Тэжээлийн адуу бэлчээрийнхээс хүч чадал, бяр тэнхээ, уяа сойлго, уяа оролтоороо ялгаатай болжээ. Дээр нь янз бүрийн эм тариа, тэжээл гээд их л юм хэрэгтэй болж байх шигээ. Би ч энэ бүхнээс хоцорч үлдээд яахав гэж бодоод зарим нэг морио тэр дундаа азаргаа тэжээж  эхлээд байгаа.
-Энэ хонин жил гарсаар сайхан наадав уу?
-Одоо ч өөрөө морь уяхаас илүү хүүхэд залууст заах нь их байна. Манайх дөрвөн залуу, дөрвөн охинтой. Хүүхдүүд маань багаасаа адууны дэргэд өссөн болохоор малд их хайртай. Сургууль соёл гээд хол байгаа ч утсаар байнга л ярьдаг юм. Гэхдээ аав сайн байна уу гэхээсээ тэр морь яаж байна л гэдэг улс даа. Би тэдэндээ ганц нэг адуу тасдаж өгсөн. Өнөө хэдээ бие даалгаж, морь уяулчих санаатай амралтаараа ирэхээр нь заах, зөвлөх маягтай уяж байна. Сая нэг хүүгийн морь Улаангомд болсон баярт хоёроор орлоо.
-Сэтгэлд хоногшсон хамгийн наадмын дурсамжаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна?
-Нэг наадмаас олон айраг түрүүтэй наадах ч сайхан шүү. Би 86 онд хүүтэй болсон. Бас тэр жил аймгийн наадамд хоёр морь түрүүлгэж, гурван морь айрагдуулж байлаа. Өөрөөр хэлбэл найман морь уяад, тавыг нь айраг түрүүнд хурдлуулчихаж байгаа юм. Бяцхан хүү маань аавдаа амжилт даллан мэндэлсэн тэр жилийн наадмыг дурсах тоолонд баяр төрдөг. Бүтэн жилдээ л сэтгэлд уяатай өнжсөн амжилт байсан даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг болон таны үр хүүхдүүдийг өнө мөнхөд ивээж явах болтугай.

"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна