Аймгийн Алдарт уяач Б.Мягмархүү: Унаган хээр морь маань хоёр жил дараалан түрүүлсэн

А.Тэлмэн
2017 оны 4-р сарын 25 -нд

Баянхонгор аймгийн Жинст сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батын Мягмархүү гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1954 оны 3 сард Баянговь сумын нутаг Бургатайн хар толгой хэмээх газар төржээ. 
-Удмаараа хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа улс хэмээн таныг тодотгож байсан. Манай уншигчдад дээдчүүлээ танилцуулаач?
-Манай аавын аав Сэржин гэж хүн морь сайн уядаг байсан гэнэ лээ. Баянговийн хүн л дээ. “Баадуугийн хээр” гээд хурдан морины тухай Баянговийн ахмадууд ярих л байх. Тэр бол манай өвөөгийн адуу. Сэржин гэж хүн долоон хүүхэдтэй. Эхний тав нь охин. Хоёр бага нь хүү. Аав маань эцгийгээ залгамжлан морь уяж, Жинст сумын наадамд их насны морь долоон удаа завсаргүй түрүүлгэж, найман удаа айрагдуулсан хүн.
-Нэг мориор тэгж сайхан наадсан хэрэг үү?
-Бор, зээрд зүсмийн хоёр морь. 1960-аад оны үед хурдалж байсан адуунууд. Бор морь  нь дөрөв түрүүлж, зээрд морь гурав түрүүлсэн гэдэг байх шүү. Бор морь нь гараа гэж янзын. Би өөрөө унадаг байсан болохоор сайн санаж байна. Зээрдийг нь ч ялгаагүй унаж л байсан. Таван жил унахдаа борыг нь гурав, зээрдийг нь хоёр түрүүлгэсэн. Гарсан шигээ давхисаар ирдэг байсансан. Одоо эргээд бодоход аргагүй сайн адуунууд байжээ. Аав маань ч сайн уядаг байсан байлгүй дээ.
-Тэр үеийн наадмын дурсамжаас хуваалцаач?
-Одоотой адил төхөөрөмж, машин техник гэж байгаагүй хэр нь их эмх цэгцтэй сайхан болдог байж билээ. Гараан дээр очоод бүгд эгнээд зогсоно. Тэгээд удирдаж байгаа хүн малгайгаа гурав авахаар нь хөдлөнө шүү дээ. Тэр болтол хүлээж л байна. Малгайгаа нэг удаа авчихаад нэлээд хүлээлгэдэг байсан. Яагаад тэгдэг байсан юм бүү мэд. Бодвол анхааралтай бай гэсэн дохио юм байлгүй дээ. Харин дараагийн хоёрыг хурдхан авнаа. Тэгэхээр нь л гарна шүү дээ. Би бие багатай хүүхэд байсан болохоор найман настайгаасаа эхлээд 18 хүртлээ хурдан морь унасан. Тэр үеийн сумын наадамд морь олон морддог. Доод тал нь 80 уралддаг байсан.
-Хамгийн дурсамжтай нь хэдэн оны наадам байсан бэ?
-Намайг анх морь унасан жил аав маань зээрдийгээ надад, борыгоо ахад унуулсан юм. Аав маань намайг морьтой гаргаж өгөөд л... Тэр л хамгийн сайхан наадам. Яагаад гэхээр хачин хол түрүүлсэн. Бас болоогүй ээ азарга, соёолонгоо түрүүлгээд, нэг дор гурав түрүү хүртэж, таван хошуутай малгайтай болж байлаа. Бидний үед чинь ямар ч мундаг амжилт үзүүлсэн хүүхдэд  бэлэг гэж байсангүй. Одоо сайхан болжээ.
-Зодог тайлахдаа хэдэн насны морь унаж байсан бэ?
-Өөрийнхөө өөр нэг бор морийг унаад таваар давхиулж байлаа. Хоёр жилийн дараа цэрэгт яваад хотод барилгын цэргийн 03-р ангид алба хаасан. Халагдаж ирээд өрх тусгаарлан эхнэр авч нэгдлийн тэмээг хувьчлал болтол малласан. Мал маллах сайхан шүү дээ.
-Тэмээ хариулан аймгийн Аварга малчин болж байжээ?
-Тиймээ, би дандаа эр тэмээ малладаг байсан. Дээр үеийн дарга нарт машин ховор дандаа тэмээ унана. Би түүнийг нь маллаж, уналгат бэлтгэдэг байсан юм.
-Ингэхэд хэзээнээс морь уях болсон юм бэ?
-1975 оноос хойш морь уясан хөдөлмөрөө үнэлүүлж  аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Одоо үр хүүхдүүд маань цугаараа морь уяж байна.
-Дөрөв дэх үеийн уяачид болж таарах нь ээ ?
-Тэгэх нь. Нэгдлийн малтай байхдаа хол явж чаддаггүй байсаан. Богд, Жинстээр голдуу нааддаг. Төрсөн нутаг Баянговь руугаа ганц нэг удаа явсан юм байна.
-Анхны айраг түрүүгээ хэдэн онд хүртэж байв?
-1975 онд Жинстийн  наадамд хондон морио таваар давхиулсан. Сайн эцгийн буянаар ер нь айраг, түрүү алдаагүй дээ. 1986, 87 оны наадмуудад миний унаган хээр дараалан түрүүлж байлаа. 2010 онд аймгийн Алдарт уяач болоход сумын баяр наадмаас найман түрүү, 13 айраг авсан гэж байсан. 2000-аад оны эхэн үеэр манай энүүгээр айхтар зуд болоод хүмүүс бүх малаа барсан. Би ч ялгаагүй. Тэгээд сүүлд зүүн талаас адуу авчирч адуужиж байна.
-Уулзсан уяач болгон энэ тухай ярьж байна. Харамсалтай юмаа?
-Хэлээд яахав.
-Дан ганц морь бус бас тэмээ уяж байсан бололтой.Тэр талаараа яриач?
-Анх аавынхаа уясан тэмээг унадаг байсан бол сүүлд нь өөрөө уядаг болсон. Ойрын хоёр жил л уясангүй дээ. Тэмээний амжилтыг тооцдог бол талийсан байхаа. Манайд Навсгар гээд нэг их ноостой хурдан бор тэмээ байлаа. Хурдан гэж найгүй. Морь шиг л гараад явчихдаг. Тэр маань намайг олон жил баярлуулсаан. Түүний дараа Янзага гээд улаан тэмээ бас сайн давхисан. Манай тэмээд ер нь хурдан байсан л даа. Ямар сайндаа уургын тэмээ хүртэл сургачихаж байхав.
-Хийж буй зүйлдээ эзэн болж, дадах сайхан шүү. Залуучууд морь уяхдаа хэр байна вэ? Санаанд хүрэх юмуу?
-Залуучууд сайн уяж байнаа. Манай хүү, хүргэн хоёулаа морь уяна. Хоёулаа сумын Алдарт уяачид. Ах нь зургаан хүүхэдтэй. Дөрвөн охин, хоёр банди. Хоёр хүү маань энэ жил мянгат малчид боллоо. Хоёр хүргэн бас мянгат болсон. Малын буянаар хэдэн хүүхдүүд минь сайхан л амьдарч байна. Хөгшин настай надад үүнээс сайхан юм юу байхав.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт наслаарай.
-За баярлалаа. Энд ирж биднээс ярилцлага авсан та бүхэнд баярлалаа. Ажилд чинь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна