Миний хань дэндүү зөөлөн, дулаахан хүн

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 04 -нд

Тэр үнэр нэг л дотно...
“Шатахуун түгээх станцийн дэргэд очихоор аавыгаа  санадаг. Миний аав чинь насаараа жолоо мушгисан хүн шүү дээ. Нефть бааз, талх чихрийн үйлдвэр, цэргийн ангид жолоочоор ажиллаж байлаа. Хааяа бензин авахаар колонк дээр  зогсож байхад аавын минь үнэр сэнхийх хийх шиг санагддаг шүү” хэмээн өөдөөс харан инээмсэглэн суугаа энэ бүсгүйг ийм энгийн гэж төсөөлөөгүй ээ. Монголдоо дээгүүрт бичигдэх бизнесмений гэргий, хэвлэлийнхэнд ам нээж байсан удаагүй тул нуулгүй хэлэхэд битүүхэн эмээж л байлаа. Гэтэл “үдийн цайнаар гэрт хүрээд ирээ” хэмээн уриалгахан нь аргагүй хүлээн авч, халуун хоол, цай зэхчихсэн хүлээж суух юм. Уяачийн гэргийтэй хөөрөлддөг “Хатан гоо” булангийнхаа энэ удаагийн урилгыг Тод манлай уяач Д.Дагвадоржийн гэргий Сайхандаваагийн Өлзийхишигт илгээсэн нь энэ билээ.
Түм, түмэн адуутай Тод манлайнд зочлоход...
Хаалгаар нь ороод л хэнийд ирснээ төвөггүй ойлгоно. Үүдээр ормогц зураач Батмөнхийн “Унага” хэмээх өвөрмөц зураг нүднээ тусах. Ер нь эднийд морины зураг өлгөөгүй хана, адууны дүрс бүхий баримал, сувенир тавиагүй өрөө гэж нэгээхэн ч үгүй. Галын өрөөний хоолны ширээний ард ч гэсэн тоос нь тэнгэрт тулсан 80,000 адуу үелэн хөвөлзөн нүд баясгана. Гэрийн эзэгтэй залуу зураач Батхишигт “морины босоо цагаан хийморийг илэрхийлсэн” сайхан бүтээл захиалан, хөдөлгөөн бүр нь давтагдаагүй наян мянган адууг зуруулсан байна. Харсаны нүд баясч, сэтгэл сэргэх хийморийн адистай энэхүү зургаа  шинэ өдрийн сайхан эхлэл болгож өглөөний цайгаа уухдаа харахуйц газар өлгөсөн нь энэ. Ер нь энэ гэрийнхэн уран зурагт дуртай улс. До.Болд, Чимэддорж, Энхжаргал зэрэг олон чадварлаг зураачдын, Сэрээтэр, Очирболд нарын  уран барималчдын ур ухаан шингэсэн бүтээлүүд гэрийг нь чимэх. Адууны дүрстэй бүхнийг нандигнан хайрладаг ханьдаа зориулж  найман жилийн өмнө Өлзийхишиг нэрт баримталч Сэрээтэр агсны “Тэнгэрийн чоно” хэмээх азарганы баримлыг бэлэглэжээ. Төрсөн өдрийн хамгийн сайхан бэлгээр тодорсон тэрхүү бүтээл өдгөө Тод манлайн ажлын өрөөнд хүндтэй гэгч нь заларна. Аавынхаа занг андахгүй охин нь өөрийнхөө гараар морь зуран бэлэглэсэн нь унтлагийн өрөөнд өлгөөстэй. Зорьж авсан, зориулан бэлэглэсэн, шагнаж урамшуулсан морины холбогдолтой зүйлс, олширч эзэгтэй “морины” өргөө бий болгосон байна. Морьдын медаль, аав хүү хоёрын эмээл, эрдэнийн шинж төгс хийморийн морь, улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүдийн гэрэл зургууд, шагнал урамшуулал, өргөмжлөл гээд нэр төрөл нь олон. Бүр буйдангийн дэр нь хүртэл морины дүрсэн чимэглэлтэй. Товчхондоо энэ өрөөнд Тод манлайн нандин бүхэн  хадгалаастай. Бидний яриа эзэгтэй вант улсын нэгээхэн хэсэг болсон хоолны ширээнээ ийн хөвөрлөө.
Заяаны хань зам дээр гэдэг миний амьдралд биеллээ олсон 
1998 оны намрын тэр нэгэн өдөр санаандгүй тохиолдлоор ханьтайгаа таарч билээ. Нүдэнд дулаахан хэзээний танил юм шиг дотно тэр сайхан хүний гараас хаа хүрэхээ ч мэдэхгүй хөтөлсөн нь ийм их хувь заяанд авчирчээ. Би ханийгаа хүний дээд ховорхон нэгэн гэж боддог. Хаанаас нь ундарч байдаг юм гэмээр дэндүү сайхан сэтгэлтэй, зөөлөн, дулаахан хүн. Үргэлж бусдад сайн санаж харамгүй сэтгэлээр тусална. Түүнийх нь хариуг бурхан хэд дахин үржүүлээд буцааж өгдөг байх хэмээн би хааяа боддог юм. Айлын ууган охин ээжийнхээ орон зайг нөхөж аав, ах, дүүгээ халамжилж явахад ижий минь бурхны орноос харсан уу нэг л өдөр энэ сайхан хүнтэй учирч, эргэлзэх зүйлгүйгээр хувь заяагаа даатгасан.
БНМАУ-ын анхны баатар Шагдарын Гонгорын ач охин
Өлзийхишиг хотын унаган хүүхэд. Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургуулийг дүүргэсэн түүнийг БНМАУ-ын анхны Баатар Шагдарын Гонгорын ач охин гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Ээж Долгоржав нь насаараа АПУ компанийн пиво чанах үйлдвэрт ажилласан бол аав Сайхандаваа нь олон жил машин жолооджээ. Талх чихрийн үйлдвэрт жолоочоор ажилладаг байхдаа орой бүр тээвэрлэлтийн явцад эмтэрсэн гөөхий, талх, заримдаа няцарсан бялуу авчирна. Түүнийг нь гэрийн боорцогны амтанд орсон охин нь найзуудтайгаа солилцдог байсан гэх. Цовоо сэргэлэнээрээ гайхагдсан Өөжгий /Өлзийхишигийг ойр дотныхон нь ингэж дууддаг/ том болоод онгоцны үйлчлэгч болох мөрөөдөлтэй байсан хэдий ч хуулийн сургуульд элсэн орж эрх зүйч мэргэжлийг эзэмшжээ. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байсан удаагүй. Энэ тухайгаа “их сургуулиа дөнгөж төгсөөд л том охиноо төрүүлж, гэрийн эзэгтэйн албанд томилогдсон. Хэдэн жилийн дараа эчнээгээр Санхүү Эдийн Засгийн дээд сургуульд суралцаж бизнесийн удирдлагын ангийг дүүргэсэн” хэмээсэн юм.
Монгол улсын Алдарт уяач Жамбалсүрэн ахын “Моринд орох гэж байгаа залуучууд үнэтэй адуу авахаасаа өмнө эхнэрээ адуунд дуртай, сэтгэлтэй болго. Уяач хүний эхнэр адуунд дуртай байж л сая морь нь давхидаг юм шүү” гэж хэлсэн нь үнэн юм билээ.
Уяачийн гэргий болно чинээ зүүдлээ ч үгүй
Ганц нэгхэн удаа хөдөө явж байснаа эс тооцвол хотоосоо гарч үзээгүй шахуу би өөрийгөө уяачийн эхнэр болно гэж зүүдлээ ч үгүй. Гэтэл хувь заяа намайг төсөөлж ч байгаагүй ертөнцөд минь хөтлөн оруулж, эндхийн хүн болгосон. Найз бүсгүйчүүдтэйгээ уулзахдаа нэг л мэдэхэд “манай морь энэ жил төдөөр давхисан. Тийм тийм наадамд явсан” гээд ярьчихсан байдаг. Эхэндээ гайхдаг байсан найзууд маань одоо “морьдын чинь уралдахыг үзэх юмсан. Сунгаа чинь хэзээ билээ” гэж  асуудаг болсон. Хурдан морь гэдэг хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж, эрхгүй татдаг юм билээ. Хэн ч надад зориулж хэлээгүй ч эхнээсээ л эмэгтэй хүн морь, уяанаас хол байх ёстой гэсэн ойлголт суучихсан. 20 жил өнгөрсөн хэдий ч морины уяа руу тэр болгон дөхдөггүй. Алсаас идээ будааныхаа дээжийг өргөж хурдан сайхан байхыг нь ерөөдөг. Гэтэл зарим нэгэн хүмүүс уралдаад ирсэн азарган дээр машинтай  давхин ирж зургаа авахуулаад л явчихдаг. Хурдан морь эмзэг, гутаг суух нь амархан гэдгийг мэддэггүй юм шиг байна лээ. Гэхдээ л монгол хүн байна хүний хурдан хүлэгт, хамаагүй гар хүрч төвдмөөргүй л юм. Бидний хувьд морины уяа эхэлсэн цагаас хойш үг хэл, үйлдлээ ер нь хянана шүү. Хэн ч намайг чи тэг, ингэ гэдэггүй л дээ. Гэхдээ ханиа хүндэлж, уламжлалаа дээдэлдэг учраас хурдан морины гэсэн бүхэнд хүндэтгэлтэй ханддаг.
Морь айрагдахад айлын эзэгтэй ч үүрэгтэй
Монгол улсын Алдарт уяач Жамбалсүрэн ахын “Моринд орох гэж байгаа залуучууд үнэтэй адуу авахаасаа өмнө эхнэрээ адуунд дуртай, сэтгэлтэй болго. Уяач хүний эхнэр адуунд дуртай байж л сая морь нь давхидаг юм шүү” гэж хэлсэн нь үнэн юм билээ. Арваад жилийн өмнө Сандагаа эгч маань /Даваахүү Тод манлайн гэргий/ надад хонгор зүсмийн сайхан гүүгээ бэлэглэсэн нь одоо эргээд бодоход намайг моринд дуртай болгох ухаан байсан байх. Би уяач хүний гэргийн үлгэр жишээг хамгийн ойр байгаа Сандагаа эгч, Рэгзэн /С.Хэрлэн уяачийн гэргий/ нараасаа хардаг юм. Уяачийн гэргий л болсон бол ханийнхаа хүсэл сонирхолд нь хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм билээ. 2005 оны улсын баяр наадмаар нэг ийм явдал болсон юм. Залуу ч байж, морь малны талаар сайн ойлголтгүй байж. Их насны морь уралдах өглөө хань маань “энэ жил миний морь их хурдан байгаа.Уяа руу хамт явъя” гэсэн. Тухайн үед хүүхэд нялх байсан болохоор цайг нь ч уулгаж чадалгүй, хадгийг нь ч өвөртлүүлэлгүйгээр явуулчихсан. Гэтэл  Согоо хээр маань хол сайхан түрүүлж яваад  хадуурчихлаа. Тэр үед “ханьдаа цайг нь уулгаад явуулахгүй яав даа” гэж өөрийгөө их зэмлэсэн. Азаар хээр морь маань дахин уралдааны замдаа орж, урамтай сайхан айрагдаж, ханийн маань магнайг тэнийлгэж байлаа. Үүнээс хойш би дахин тийм алдаа гаргаагүй ээ. Уяачийн гэргий бидний үүрэг бол морь хүүхэд, мэнд сайхан уралдаж, айраг түрүүнд хурдлах болтугай хэмээн сүү, айргаа өргөх. Морь мордохоос эхлээд барианд ортол нь хангай дэлхий, уул ус, бурхан шүтээндээ сүү цайныхаа дээжийг өргөн, хүүхэд морио даатгах явдал юм. Та бүхэн мэдэх л байх. Би энэ олон жил болоход нэг удаа Дагвааг дагаад хөлсний хашаанд очиж үзээгүй. Эзэгтэйн үүргээ хүлээгээд гэртээ л үлддэг. Морьд эргээд зул задартал зурагт үзнэ. Түүнээс цааш харж төвддөггүй юмаа. Гадаа гараад айраг, сүүгээ өргөнгөө “Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг амар амгалан оршоож түүний дундаас миний хань Дагвадоржийн уяж сойсон тийм зүсмийн тэр морийг айраг, түрүүнд хурдлуулж, Тод магнай торгон жолоо өргүүлж хайрла. Алтан шар зам тань өлзийтэй байг. Айраг сүүгээрээ мялааж угтая хурай хурай хурай” гээд л уул ус, эзэн хайрхан, бурхан шүтээнээ бодоод сүүгээ өргөөд залбирна даа. Тэгж байж л өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийсэн гэж сэтгэл уужирдаг юм. Өнөө жилийн хувьд бүр илүү догдолсон. Хоёр азарга маань өнгөнд уралдаж, гэрийнхээ гадаа нулимсаа мэлтүүлзүүлэн сүүгээ өргөөд л зогсож байлаа. Ганц би биш бүх л уяачийн гэргий нар цай сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг байх.
Уяачдадаа хүндэтгэлтэй хандаасай
Хүүхэд байхдаа ганц нэг удаа аав, ээжтэйгээ бөх үзсэнээ эс тооцвол би наадмаар  төв цэнгэлдэхэд очдоггүй. Харин өнөө жил хоёр азарга маань  айрагдсан болохоор ханийгаа дагаад төв цэнгэлдэхэд орсон. Зурагтаар их л сайхан харагддаг ч үнэндээ уяачдаа, уралдаанч хүүхдүүдээ, тэр сайхан хүлэг морьдоо хүндэтгэдэггүй юм шиг санагдсан. Морьдыг маань буулгаж байгаа газар нь хог хаягдлаар дүүрэн, таагүй үнэртэй бохир. Дээрээс нь  цагдаа нарт шалгуулан, нуугдах шахуу  орно. Ороод суух суудалгүй, сүүдэр бараадан бохирч суугаад хэдэн цагаар наранд халж, бороонд норон хүлээцгээнэ. Бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж, түмэн олноо баясгаад очиж байгаа уяачдадаа яагаад ганц асар бариад суулгачихаж болохгүй гэж. Айлын шоовдор хүүхэд шиг цагдаа нарт хөөгдөн энд тэнд очиж зогсох уяачдаа хараад урам хугарсан шүү. Уяачид ямар их хөдөлмөрлөж байж тэр үр дүнд хүрдгийг мэдэх хүний хувьд тийнхүү хүндэтгэлгүй хандаж байгаа нь харамсалтай.
Унаач хүүхдүүдийнхээ насыг  бичиж аваад л гарна шүү дээ
Уяачийн эхнэр морь уяхад оролцохгүй  ч арын албыг бүрэн даах үүрэгтэй. Би өөрийгөө тэр үүргээ сайн биелүүлдэг гэж  боддог. Уяач, туслахуудынхаа захиас, уралдаанч хүүхдүүдийнхээ хувцас хэрэглэл, хэрэгцээт зүйлсийг цуглуулна. Хоёр уяаны нийлсэн 20-30-аад хүүхэд байдаг учраас нэр насыг нь тэмдэглэж аваад л гарна шүү дээ. Тэгэхгүй бол мартаж орхиод гомдоож мэднэ. Ээж, аав нь бидэнд итгэж найдаад нялх үрсээ өгсөн тул аль болох баярлуулж, сэтгэл санааг нь өргөж байхыг хичээдэг. Нөгөө хэд маань ч гэсэн хөөрхөн намайг очихоор бүгд л ээжийгээ ирж байгаа юм шиг л баярлаад гүйгээд ирдэг юм. Би ч хүүхдүүдэдээ гар хоосон очдоггүй. Олон жил хамт явсаар зарим нь бүр өөрийн хүүхэд шиг дотно болчихсон. 2014 оны шилдэг залуу уяачаар шалгарсан Пүрэв-Очирыг мэднэ шүү дээ. Анх долоон настай хүү хурдан морь унахаар ирж байсан бол одоо 26-тай  залуу болж дээ. Би дүүгээ сайн уяач болно гэж найдаж байгаа.
Адууны үнэр цаанаа л нэг дотно
Зун бол өдөр болгон өвөлдөө амралтын болон бэлгэт сайн өдрүүдээр адуун дээрээ очиж хийморио сэргээдэг. Гэхдээ би намар унага тамгалах үеэр очихдоо хамгийн их дуртай. Яагаад гэхээр бүх адуунуудаа нэг дор хурааж харах боломж  тохиодог юм. Хөндий дүүрэн бэлчих тэр олон адууг хараад сэтгэл нь хөдлөхгүй монгол хүн байхгүй биз. Дээр нь үнэр нь... Адууны үнэр цаанаа л нэг гоё, дотно. Унагануудаа уралдуулж, уралдаанч хүүхдүүдээ барилдуулаад бэсрэг наадам үзчихдэг болохоор тэрүү би тэр өдрийг тэсэн ядан хүлээдэг. Мэдээж манай гэр бүлийн хувьд наадам хамгийн хүндтэй, хамгийн сайхан баяр.Таних танихгүй олон хүмүүс зорин ирж, хөл хөдөлгөөн ихтэй завгүй өдрүүд үргэлжилдэг. Төрийн наадам албан ёсоор эхэлдэг 11-ний өглөө хамгийн ихээр догдолно. Өглөө эртлэн босч идээ ундаагаа бэлтгэн морьдоо ариулан ёсолж мордуулна. Жил бүр давтагддаг хэрнээ догдлон хүлээдэг сайхан өдөр.
Өсгий цагаан зээрд маань аман хүзүүдсэн тэр наадам хамгийн ихээр догдлуулсан
Морь айрагдсан наадам бүхэн сайхан. 2014 оныг хүртэл Дагваа сумын наадамд морь уралдуулж байгаагүй. Тэр жил ханийн маань төрсөн нутаг Завхан аймгийн Яруу сумын түүхт 90 жилийн ой тохиож, бид зургаан насны 20-иод адуутай очиж, дөрвөн түрүү, есөн айраг хүртсэн юм. Хадагтай морьдоор дүүрсэн уяагаа харах сайхан байдаг юм билээ. Морьдынхоо байнаас дээж аваад үлдсэн 19 сая төгрөгийг Яруу сумын цэцэрлигт хандивласан тэр наадам манай гэр бүлийн хувьд сайхан дурсамж үлдээсэн. Хамгийн ихээр догдлуулсан гэвэл өсгий цагаан зээрд морь маань аман хүзүүнд хурдалсан 2015 оны наадмыг нэрлэнэ. Зээрд морио айрагдчихна чинээ  санаагүй байсан болоод тэрүү маш ихээр догдолсон. Гантай жил ч  байж уясан морьдын ихэнхи нь улдаж, тахтай хэр нь өсгий цагаан ч бас бага зэргийн зовиуртай болчихсон байсан. Хөл нь хөндүүртэй байсан хэр нь зээрд морь урамтай сайхан уралдаж аман хүзүүдэхэд нь нулимсаа барьж дийлээгүй.
Өнгөрсөн жил анх удаа морь унаж үзсэн
Тод манлай уяачийн гэргий гэхээр морь сайн унадаг хэмээн төсөөлдөг байх. Итгэхэд бэрх сонсогдож мэдэх ч өнгөрсөн жил Отгонтэнгэр хайрханы тахилгаар анх удаа морь унаж үзсэн. Анх удаа гэхэд ирэх очихын 30 км газар дажгүй яваад ирсэний зэрэгцээ хайрхандаа морьтой очин мөргөсөндөө өөрөөрөө их бахархсан шүү. Ийм сайхан зүйлийг хожуу мэдэрсэн байна лээ. Одоо ч эмээлээ зэхэж байгаад найзуудаа уриалан морь сайн унаж суръя хэмээн төлөвлөөд байгаа.
Миний шарга морь энэ жил уралдана
Дагваагийн найз нөхөд уяачдаас надад олон сайхан гүү бэлэглэсэн. Тэднийгээ сайн азаргануудадаа хураалгасан байгаа. Жишээ дурдахад Эрдэнэчулуун ах надад тээр жил шарга азарганыхаа охин төл шарга даага бэлэглэсэн. Түүнээс маань эхийгээ дуурайсан  шарга халзан унага гарсан нь энэ жил хавчиг морь. Ирэх жилээс  их насанд уралдах байхаа, түргэн хөдөлж байгаа дуулдсан.  Эцэг нь Даваахүү ахын  Сарт. Дүү нар нь манай Унагалдайн төл Ембүү халзан нэртэй сартай хамар цагаан зээрд хязаалан, шарга халзан шүдлэн бий. Тэд энэ жилээс уягдах байхаа...
Ийн инээмсэглэн илэн далангүй  хуучлах Өлзийхишиг бүсгүй “монгол наадам бол монгол түмний цэнгэл. Хэний ч морь түрүүлж, айрагдсан хотол олноороо баярладаг. Монгол түмнээ тэр чигт баярлуулж байгаа энэ хэдэн уяачдаа хүндэтгэн, дээдэлж яваарай” хэмээн захисныг уламжлан энэ удаагийн “Хатан гоо” булангаа жаргаая аа.

"Тод магнай" сэтгүүл №83