Аймгийн Алдарт уяач А.Лхагва: Миний морьд өвөлжин тэжээж, тарилга хийсэн морьдтой адилхан л уралддаг

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 08 -нд

Говь-Алтай аймгийн Бугат сумын 4-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Авирмэдийн Лхагвын ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Та хэдийнээс морь уяж байгаа вэ? Энэ талаар яриагаа эхлэе?
-Би 1965 оноос аавыгаа дагаж морь уяж эхэлсэн. Тэгээд долдугаар ангиа төгсөөд Халиуны техникийн сургуульд хоёр жил суралцаад, 1969 онд цэрэгт явсан. Ховдын 023-р ангид цэргийн алба хааж байхдаа морь уяж байлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ой болж байсан санагдана. Тэр ойд цэргийн ангийнхаа нэр дээр дөрвөн морь уяж хоёрыг нь айрагдуулсан юм. Цэргээс халагдаж ирснээс хойш 47 жил морь уяж байна даа. Энэ хугацаанд би 34 айраг, түрүүтэй болжээ. Гэхдээ би хол явж морьдоо уралдуулж үзээгүй, зэргэлдээ сумдад л уралдуулж байсан. 2003 онд “Сүжийн хурд” галыг байгуулаад тэр жилээ 17 айраг, түрүү авсан. 2004 онд мөн 15 айраг, түрүү авсан. Түүнээс хойш манай гал олон цом авсан. Ардын хувьсгалын 60 жилийн ойд миний соёолон айрагдаж, хязаалан морь гурваар ирсэн. Үүний өмнө миний хулгар алаг морь дааганаасаа соёолон хүртлээ олон айраг, түрүү авсан. Энэ мэт олон морьд минь сайхан амжилт гаргасан юм.
-Цэргийн алба хааж байхдаа хоёр морь айрагдуулсан гэсэн. Та малчин цэрэг байсан юм уу?
-Адуучин цэрэг байсан.
-Цэрэгт морь айрагдуулсан учраас чөлөөгөөр шагнагдаж байв уу?
-Тийм. Тэгээд 1972 оны хавар адуугаа тушаагаад л нутагтаа ирсэн дээ. Тухайн үед Ховдоос Говь-Алтай руу ногоон онгоц нисдэг байлаа. Онгоцоор аймагт ирээд тэндээсээ  сум руугаа шуудангийн 53 машинтай ирж байсан санагдана.
-Цэрэгт явахаасаа өмнө хэдэн насны морьд уяж ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Би цэрэгт явахаасаа өмнө их хүрэн, бага хүрэн гэж хоёр морьтой байсан. Их хүрэн бага насандаа нэг түрүүлж, гурав айрагдсан бол бага хүрэн тав айрагдчихсан байлаа. Тухайн үед энэ морьдыг унаж байсан хүүхэд одоо сумын Заан болсон Жаргалсайхан гэж залуу бий. Мөн алаг морь маань дөрвөн айраг, түрүү авч байсан.
-Танай аав уяачийн хувьд хэр эрдэмтэй хүн байв?
-Манай аав нэгдлийн адуу хариулахаас гадна уядаг Данзангийн Авирмэд гэж хүн байлаа. Аав минь намайг жаахан байхад морь сайн уяж байсан юм гэнэ лээ. Яг хэзээнээс уясаныг нь би сайн санадаггүй юм. Аавын бор морь хамгийн өндөр амжилт үзүүлсэн. Мөн асмал хээр гэж их насны морь нь дөрвөөр давхиж байсан гэдэг. Бага насны морьдоос нь айраг, түрүүтэй адуу бий. 
-Таны уяж байсан морьдоос илүүтэй амжилт үзүүлсэн нь ямар морь вэ?
- Хулгар алаг морийгоо хэлнэ. Жинхэнэ нутгийн  тэр дундаа өөрийн минь адуу. Үндсэндээ миний аавын адууны л удам юм. Алаг адуугаа дааганаас нь эхэлж уясан. Тэгсэн даага шүдлэндээ түрүүлээд, хязааландаа дөрвөөр ирсэн юм. Мөн соёолондоо аман хүзүүдэж байсан. Тэгээд соёолондоо газар унасан даа. Засаагаа даалгүй үхчихсэн юм. Соёолонд уралдуулчихаад намар нь найман сард засчихсан чинь өнгөрчихсөн. Уг нь миний хамгийн хурдан морь байлаа. Түүнээс хойш Дашдорж гэж хүнээс халтар морь аваад ганцхан жил уяж дөрвөөр ирүүлсэн. Мөн Ишбат гэдэг хүнээс 13 настай бор морь авсан. Тэр морь маань 15 настайдаа айрагдаад 19 настайдаа гуравт ирсэн. Сайн морьдууд байсан шүү надад.  Үүний дараа Элэгний хээр гэж сайхан морь байсан. Элэгний хээр морь бол олон хүнийг баярлуулсан. Би хат нь таарчихсан, гарын ая даадаг морь авах дуртай. Нас гүйцсэн бүдүүн морь уралдуулж байсны хажуугаар бага насны адуу мөн уяж байсан. Бага насны адуугаар Төгрөг, Тонхил болон сумаасаа 10 гаруй айраг, түрүү авсан. Тэр үед медаль биш баярын бичиг л өгдөг байлаа. Хэрвээ медаль өгдөг байсан бол минийх тоогоо алдана.
-Та өөрөө хатуу уяатай юм шиг байна. Тийм үү?
-Би морийг чанга талдаа уядаг. Сайн морь байвал авах сонирхол ихтэй. Элэгний хээр морь бол цэргийн ангийн гаралтай юм. Тэгээд тэндээсээ Төгрөг суманд зарагдаад сайн давхиж байхад нь би авсан.  Нэг удаа айрагдаж бусдад нь зургаа, долоод давхиж байсан. Элэгний хээртэй хамт  хүрэн халзан морь уядаг байлаа. Тэр морь бол хоёр айрагдсан шүү. Олон сайн морь маань айрагдаагүй ч 10 дотор ирж л байсан. Төгрөг сумын наадамд их насны халиун, хүрэн морь хоёроо нэг, хоёроор давхиулж байсан. Хоёулаа л хижээл насны морьд байсан. Би худалдаж авч байсан юм.
-Хижээл гэдэг нь хэдтэй юм?
- 14, 15 настай л байсан. Ер нь залуу бөх, морь хоёр нэг зиндааных. Дааганаасаа цойлж байснаа бүдүүрээд хурдлахаа больчихдог адуу байна. Эсрэгээрээ бүдүүрээд давхидаг адуу ч байна. Тухайн үед тэжээл өвс гэж байгаагүй болохоор байгалиар нь уядаг байлаа. Тэр чинь хурдан морь шүү дээ.
-Та харьмал голдуу адуу авдаг юм байна. Тухайн үед тийм адуу ямар үнэ ханштай байх уу?
-Хамгийн үнэтэйдээ 350-550 төгрөг байсан. Би 550 төгрөгөөр Элэгний хээр морио авч байлаа. Тухайн үедээ 350 төгрөг бол их мөнгө л дөө.
-Аймагт морьдоо уралдуулж байсан уу?
-Аймаг руу явж байсангүй. Манай сумаас аймаг хүртэл 200 гаруй км. Адуугаа хөлөөр нь явуулна гэж байхгүй.
- Гаднаас хэр сайн адуунууд ирж байгаа вэ?
-Гаднаас адуунууд ирж байгаа шүү. 2012 онд манай суманд “Адуужуулах төсөл” хэрэгжиж найм, есөн уяач Сүхбаатар, Дорнод, Төв аймгаар явж 30 гаруй адуу авчирсан.  Тэдний нэг нь би. Тэгээд хамгийн бүдүүн морь буюу соёолон хул эмнэг азарга авчирсан.
Бусад нь бага байдсан гүү, даага, үрээ, шүдлэн авчирч байлаа. Түүнээс хойш үргэлж гадны адуугаар цус сэлбэж байна. Одоо нутгийн азаргатай хүн үгүй болж. Манай сумын хувьд ихэвчлэн зүүний азаргатай байна. Тэр морьд нь ч сайн давхиж байна. Миний хул азарга сайн давхисан шүү. Энэ жил даага нь уралдсан, гайгүй байна. Надад тав, зургаан айраг, түрүү авчраад байна. Сумын 90 жилийнхээ ойгоор зургаад давхилаа.
-Та ер нь сумын баяр наадмаас хэдэн айраг түрүүтэй вэ?
-Сумын наадмаас 15 айраг, түрүүтэй.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн бэ?
-1998 онд аймгийн Алдарт уяач болсон. Дэлгэрийн даншигийн дараагийн жил байсан санагдана.
-Танай суманд аймгийн Алдарт цолтой хичнээн уяач байдаг юм бэ?
-Мэдэхгүй. Нэлээн олон байгаа байх. Сүүлийн үед аймгийн Алдарт уяач цолыг авах амархан болжээ. Алтай, манай сум хоёрыг хол гээд болзлыг нь жаахан хөнгөвчилдөг юм.
-Та бол нутаг орондоо ахмад уяачийн тоонд орно биз дээ?
-Одоо 67 нас хүрч байгаа болохоор ахмад уяачдын тоонд орно шүү.
-Таныг багад энэ нутаг оронд олон сайн уяач байсан уу? 
-Намайг багад сайн уяачид олон байлаа. 80 насыг зооглосон аймгийн Алдарт уяач Бааст гэж хүн одоо ч байна. Мөн 80 настай Эрдэнэжав гуай байна. Бямбаалуу, Гомбосүрэн, Наран, Одонхүү, Даш, Түмбаатар, Монхор, Дамба, Билэгт гээд сайхан уяачид байсан. Сүүлийн үед Амараа, Сэдбазар,  Санжаа, Цэрэндорж, Ганзам, Очир, Ишбат, Бямбаа гээд олон сайн уяач төрж байна. Эд бол залуу үеийн төлөөлөл юм.
-Бугат сумын хэмжээнд онцгой амжилт үзүүлж хурдалсан ямар хурдан хүлгүүд байсан бэ?
-Манай суманд Гончигийн хар морь тав түрүүлж байсан. Мөн Дагваагийн хонгор дөрөв түрүүлсэн. Самдангийн хар морь гурав түрүүлж байсан бол Догнорын саарал тав түрүүлчихсэн шүү. Хамгийн олон дарааллан түрүүлсэн их насны морьд энэ. Азарганаас бол Цэрэндоржийн хээр олон түрүүлсэн, мундаг азарга. Даваанэрэнгийн бор азарга бас нэлээн хэд түрүүлчихсэн байгаа.
-“Сүжийн хурд” гал уяагаа жаахан танилцуулахгүй юу. Анх хэдэн онд байгуулагдсан юм?
-”Сүжийн хурд” гал 2013 онд байгуулагдсан. Санаачилсан хүн нь Сүжийн ард түмэн. Бүгдээрээ багийн хурал дээр “одоо галтай болъё” гэж шийдээд 11 гишүүнтэйгээр байгуулсан.  Тэргүүнээр нь О.Санжаа гэж залуу ажиллаж байна. “Сүжийн хурд” гал 30 гаруй гишүүнтэй. Цом болон олон медалиудыг авсан.
-Гал уяаны системд орсноос хойш амжилт ахисан биз?
-Давуу талууд их байна. Хамтраад мориныхоо заслыг хийчихнэ. Хамгийн наад зах нь хүүхдээ шилжүүлээд морио унуулдаг. Тэгэхээр хүүхдээр дутагдахгүй болж байна гэсэн үг. Галынхаа тугийг хатгаад, шонгоо зоогоод уяачид нь нэгдээд үсэргээгээ хийчихдэг. Бие, биенийхээ уяа сойлгоноос суралцана, заана, сургана. Сүүлийн жилүүдэд морио тэжээж байна. Гэхдээ би морь тарихыг зөвшөөрдөггүй хүн.
- Тарианы талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тарилгын морь гурваас дөрвөн жил л уралддаг. Манай байгалийн ургамал амин дэмээс дутахгүй. Миний морьд өвөлжин тэжээж, тарилга хийсэн морьтой адилхан л уралддаг. Энэ жил би Тод манлай уяхч Бат-Эрдэнэтэй хамт Тахийн тал орсон. Тэгэхэд Бат-Эрдэнэ Тод манлай “ийм ургамалтай газар тэжээл, тарилганы хэрэг алга байна ах минь” гэж хэлсэн.  Би тэнд сүүлийн 10 жил морь уясан юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Энэ ерөөл бат сайхан орших болтугай. Та нарын ажилд өндөр амжилт хүсье. Аян замдаа сайн яваарай.
"Тод магнай" сэтгүүл

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна