Аймгийн Алдарт уяач Д.Сүмбэнбаатар: Ойрмогоос их насны морьд маань хурдлах янзтай горьдлого төрүүлээд байгаа

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 09 -нд

Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпаагийн Сүмбэнбаатарын ярилцлагыг хүргэж байна. Тэрээр 1965 оны 12 сард Мөрөн сумын Цагаандаваа хэмээх газар төржээ.
-Сүмбэнбаатар уяачийн хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлмээр байна. Уяа эвлүүлээд удаж байна уу?
-“Тод магнай” сэтгүүлийн уншигч Монгол орны дөрвөн зүг, найман зовхист суугаа уяачдадаа модон хонин жилийн мэндийг дэвшүүлье. Манай хөдөөд чинь удам дамжсан уяачид олон бий. Харин манай дээдчүүл удам залгасан сайн малчид явлаа. Миний аав Монгол Улсын сайн малчин, улсын хошой аварга Доржпаа гэж одоо 80 гарсан хөгшин бий. Аав маань айхтар хурдан морь уяж сонирхож байгаагүй ч хүүдээ хурдан удмын хэдэн сайхан адуу зэхэж өгсөн буянтай буурай даа. Би 1981 оноос эхлэн бие даан морь уяж байна.
Манай аав 1974 оноос хойш үхэр малласан. Мөрөн сумын III баг, одоогийн Өндөр хан уулаараа нутаглаж байгаад Мөрөнгийн баруун талд ирж суурьшаад 30-аад жил болж байна. Аав маань 1979 онд БНМАУ-ын аварга малчин, 1982 онд БНМАУ-ын хошой аварга малчин, 2007 онд улсын сайн малчин цолыг хүртсэн. Хуучин цагт бүх юм төлөвлөгөөний дагуу явагдана. Тэгэхэд аав таван жил мянган төл бойжуулж өгнө гэж үүрэг амлалт өгч байсан юм билээ. Тэр амлалтаа ч биелүүлж мянган төлөө бойжуулсан. Ингээд нийгэм солигдоход бид тус бүртээ л хувь хүртсэн шүү дээ.
-Яриа эхлэхээс өмнө аав тань Жигээ адуу, Балдайн Санжаа адууны дундаас гарсан даага авч ахаараа уяулж байсан гэж ярьсан даа. Энэ тухайгаа дэлгэрүүлээч?
-Аавын найз Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат цэрэг Дамдинсүрэн гэдэг хүн Мөрөнд амьдардаг байсан юм. Тэгэхэд аав авсан үрээгээ дааган цагаас нь найзаараа уяулж, анх сумандаа долоолж, шүдлэн гуравлан, хязаалан түрүүлж, соёолон аман хүзүүдэж, хавчиг азарга дөрөвлөсөн шиг санагдаж байна. Тэгээд долоотой тавласан нь аавыг моринд урвуулсан гэж болно. Би ч хурдан морины унаач болсон юм даа. Тэр жил долоотой цэрэг Дамдинсүрэнгийн их насны цоохор морийг анх унаж байлаа. Бас их хөгтэй. Морь унаж үзээгүй хүүхэд чинь туршлагагүйтээд, “хамаагүй явууллаа” гэж их л олон хүнд загнуулж, заримаас нь алганы амт хүртэхээ шахаж билээ. Тэрнээс хойш дахин морь унаагүй ээ. Өөрийгөө муу унаач гэдгийг мэдээд. инээв
Ингээд найм хүрээд сургуульд орлоо. Мөрөн сумын дунд сургуульд 1973 онд суусан ч гуравдугаар ангийнхаа дундаас гарч хөдөөний хүн болсон. Адуучин болох бөөн хүсэл явлаа шүү дээ. Гэхдээ санаатай ч сургуулиас гараагүй юмаа. 1975 оны өвөл сурагчдын амралт таарсан үе. Яг тэр үед цас унд муутай байгаад малаа худгаас усалдаг байсан юм. Тэгэхэд хөдөөний худаг гэдэг чинь эргүүлдэг, тэрэнд нь хөлөө хавчуулаад бэртчихсэн. Ингээд амралт дуусахад хөлөө эдгээж чадалгүй тэр чигтээ л сургуулиас гарчихсан юм. Түүний улмаас 11, 12 настай жаахан хүү байхдаа хиймэл хөлтэй болоод үлдсэн. Гэлээ гээд би хийдгээ хийгээд, унадгаа унаад л өдий хүрлээ.
-1981 онд анх ямар адуугаар уяаны ажлаа эхэлж байв?
-Моринд дуртай болохоор аав хүүгээ их дэмжинэ ээ. Ингээд 1981 онд бор халзан үрээгээ уях боллоо. Нэг их ядруу эцэнхий юм, бороо орвол саравчин дотор уячихдаг тийм л хүүхэд байсан. Тэр жил 16-тайдаа Цэрэнсамбуу гуайн уяж байсан хурдан хязаалан хүрэн морийг сумын наадамд нэр дээрээ мордуулаад, айргийн таваар хурдалдаг юм байна. Ингэж л Сүмбэнбаатар уяачийн “ажлын гараа” эхэлж байлаа. Миний уясан бор халзан үрээгээ 14,15-аар давхиулаад дахин уяагүй л дээ. Мэдээж миний уяна гэж юу байхав. Уяаны эрдмийн шанг Мятав гуай татаж, багш шавь бололцож явлаа. Сүүлд нь Босоожамсран гэдэг хүнтэй танилцаж, өнөөг хүртэл бараадсаар л явна. Бид 1985 оноос хойш цуг морь уяж байна. Яг 30 жил болж байгаа юм уу даа. Анх 1985 онд түүний заавраар Доржпаагийн хүрэн гэх аавынхаа азаргыг уяж, сумын наадмаар 10 хэдээр оруулж байсан. Өөрөөр хэлбэл, цэрэг Дамдинсүрэн гуайн их хурдлуулж байсан азаргыг би 10 хэдээр оруулж байгаа юм. Аргагүй л туршлага дутаж байлаа. Хүн гардаж уясан адуундаа ондоо байдаг юм. Тэр жил би чинь бас соёолон азарга Мөрөнд аман хүзүүнд давхиулж, Босоо ах маань азарга, их морины түрүү, хязаалангийн аман хүзүүг авч байлаа. Манай Босоо ах чинь танаг эр хүн байгаа юм. Баянхутаг сумаас Норов хүрэн угшилтай “Оороо” Энхээгийн зээрд азаргыг 6000 төгрөгөөр авчихсан. Бас Мөнгөн Дамдинсүрэн гэж төрлийнх нь хүн хурдан цагаан морь бэлэглэснийг ийнхүү түрүүлгэж, Мөрөнгийн дансанд бүртгэгдсэн хүн. Энэ хавийн адууг андахгүй шүү дээ. Би чинь ийм мундаг хүнтэй танилцаж, өдийг хүртэл хамт яваадаа баярладаг. Одоо ч энд тэндээс адуу авах бол ахаасаа л асууна шүү дээ. Манай нутгийн ноён уяач, ах юу гэнэ тэрэнгээр нь л явна. Мэдээж бидэнд буруудаж, зөвдөж байсан үе аль аль нь бий.
-Таны хувьд 1985 оноос хойш ямар, ямар хурдан хүлгүүд уяж хурдлуулж байв?
-Бас манайд нэг сүүтэй зээрд даага төрдөг юм. Эх нь Мөнххаан угшилтай хүрэн гүү, эцэг нь манай Мөрөнгийн Цаниагийн халзан гэж сархад Дондог гуайн адууны халзан азарга. Тэрнийгээ голын урд талын хуурай ах Лхамын Төмөр, түүний хүү Очирпүрэвтэй нийлж уяад Баянхутаг суманд айргийн дөрвөөр оруулж байлаа. Миний уях ч гэж юу байхав. Залуу хүүхэд морины ажлыг сайхан хийчих чадалтай давхиж явсан үе.
-Босоо гуай сайн адуу өөрт чинь зааж өгч уясан тохиолдол байна биз?
-2002 онд бид зүүн тийшээ явцгаалаа. Тэгэхэд надад Асгатын Гэрлээгийн ногоон гэж адууны удам угшилтай 12 настай улаан азаргыг Түмэнгийн адуучин Лүндэгдоржоос авч өгч байлаа. Би үр төл авах гэж л авсан юм. Яахав уяан дээр зогсоож үзсэн л дээ. Айхтар хөдлөхгүй азарга байсан. Тэгэхэд одоо шиг тэжээл бордоо ч гэж байсангүй. Тэр улаан азарганы үр хурдан хүрэн азарга манай дүүд байгаад сүүлд хүнд өгчихсөн.
-Улаан азаргандаа ямар гүү гишгүүлсэн юм бэ?
-Галшарын Дагмид адуунд байсан юм болов уу. Солонго гэж залуугаас би нэг хүрэн байдас авч улаан азаргандаа хураалгаж, гарсан төл нь 2004 оны Мөрөнгийн наадамд аман хүзүүдсэн юм. Тэр үед Цэрэнбат дүүгийнхээ нэр дээр мордуулж байлаа. Дүүгээ моринд оруулах гэж бас их хичээж байж дээ. Би Алдарт Энхсүх найзаасаа хээр даага авч, хожмоо гарсан төлүүдээс нь бор халзан морь “мандаж” байлаа. Нутгийн хурдан хурц хүлгэдийг надад өгье гэж өгсөн Энхсүхтээ үнэхээр их баярлаж явдаг. Сүүлд 2012 онд бор халзангийн дүү Мөрөнгийн азарганы аман хүзүүг авч өгсөн. Энэ бор халзан азаргаа хүү Мягмарчулуундаа өгсөн.
Ингээд 2003 онд бор халзан морио даага байхад нь зам үзүүлэх гээд. Зам үзүүлнэ гэж сургаж авна гэсэн үг л дээ. 2004 онд шүдлэн байхад нь Мөрөнд дөрөвлүүлчихээд дүү маань бас их баярлаж билээ. Дараа жил нь 2005 онд жоохон тэжээгээд үзсэн их зохисон л доо. Би ч өөрөө мэдээгүй юм. Тэгсэн нутгийн өвгөн ах Дамдинсүрэн “танайд нэг хурдан хязаалан байна аа. Наагуур чинь соёолон уралдаад дийлэхгүй байна” гэж хүмүүсийн ярихыг аавд хэлсэн байна лээ. Аавтай он чацуу, их найз л даа. Ийнхүү хязаалан жилээ Мөрөнд Батхишигийн шарга соёолонтой ана мана уралдаж түрүүлэн, аймагт дахин түрүү магнай болж байлаа. Харин Мөрөнд өнөө соёолон нь долоолсон юм. Тэгэхэд айхтар хөгшчүүд соёолонгоор багцаалан хурдлах адуу гэж шинжсэн бололтой юм билээ. Тэр соёолон нь хожмоо бас л хурдан адуу байсан л даа.
-Хязаалангаасаа хурд нь танигдсан байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Гэхдээ үүнээс өмнө Мөрөнд эцэнхий шүдлэн үрээ айрагдаж байлаа. Тэгээд яахав онцгой давхил нь хязааландаа л гарсан байхгүй юу. Тэр жилээ Мөрөнд, дараа нь аймагт түрүүлчихээд Өмнөдэлгэрийн Баянзүрх багт болсон том наадамд гуравласан. Би арчилж байсан ухаантай. Гэдэсний алдаа л гаргачих шиг болсон юм. Дараа нь манай энэ баруун талд зохиогдсон уралдаанд тасархай түрүүлсэн. Соёолонд нь Мөрөндөө дахин түрүүлгэж, аймагт болсон бүсийн наадамд айргийн дөрвөөр хурдлуулаад, Эрдэнэтийн Ганзориг гэж хүнд зарчихсан. Сүүлд баруун хойд талд Ганзоригийн бор халзан морь гэж дуулдаад л байсан. Гэхдээ улсад очоогүй байхаа. 2007 онд Дүнжингаравт дөрөвлөж байна лээ.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болсон байна вэ?
-Би чинь 2009 оны аймгийн Алдарт уяач байгаа юм. Тэгэхэд аймгийн хоёр, сумын зургаан түрүү, 20-иод айргийн амжилтаараа Алдартад зүтгэсэн санагдана. Эндээс сонирхуулахад, 1986 онд хүрэн даага Мөрөнд аман хүзүүдүүлж, 1987 онд шүдлэн аймагт түрүүлгэчихээд хүнд өгсөн. Тэр жил бас их насны улаан морио аймагт гуравлуулсан. Харин 1988, 1989 онд нэг их гавиагүй ээ. Ингээд 1990 онд хязаалан зээрд үрээ тавлуулж байгаа юм. Босоо ахын надад байсан шүдлэн цавьдар үрээ дөрөвлөсөн. Тэрний дараа өнжөөд 1992 онд Мөрөнд хязаалан хүрэн морь түрүүлгэж, соёолон цавьдар морио аман хүзүүдүүлж, 1993 онд шүдлэн бор үрээ, соёолон хүрэн морины хоёр түрүүг хүртэж явлаа. 1994 онд хязаалан бор адуугаа аман хүзүүнд хурдлуулж, хязаалан зээрд морио тавлуулсан. Дандаа л Мөрөндөө гаргасан амжилт байгаа юм. 2000 он гарсаар аймагт гарч, 2005, 2006 онд одтой наадлаа. Эдгээрээс бор халзан морь, хүрэн шүдлэн, их насны улаан морины амжилт уяачийн маань хувьд нэлээн жин дардаг юм.
-Аймгаас өөр наадамд явж байна уу?
-Засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанууд болоод л байх юм. Гэхдээ би явж чадахгүй л байна. Надад нэг бодол бий. Ялагдаж л байвал би юм олж авна гэж боддог. Ялагдахаар баяртай ч юм шиг нэг сэтгэгдэл үлдээд байдаг юм, сонин шүү. Сумдаар бол их явсаан. Баянмөнх, Дэлгэрхаан, Жаргалтхаан гээд л. Гэхдээ тэр болгон айхтар бүтэлтэй ч байгаагүй, бүтэлгүй ч байгаагүй. Эндээс Баянмөнх сумын хэд хэдэн айраг бий. Гэхдээ би сүүлийн хоёр, гурван жил их насны морьд сонирхох болоод байгаа. Урьд нь уядаг байсан л даа. Ойрмогоос их насны морьд маань хурдлах янзтай, горьдлого төрүүлээд байгаа юм. Адууны тэнгэр их насны мориор нэг үе давхих буян хайрласан шиг байна.
-Сүүлийн үед эрлийз, монгол адуугаар нааддаг болоод байгаа. Шинэ цагийн адууны талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Шинэ цагийн адууны хөлийн хурд монгол адуунд ч байх ёстой. Үнэндээ эрлийз адуутай уралдаж байж л монгол адууны хурд сайжирна. Гэтэл манайхан эрлийз адуу л хурдан байх юм шиг ойлгож яриад байх юм. Аль алинаас нь сайныг нь аваад, саарыг нь хаячихаж болмоор санагддаг.
-Танд шинэ цагийн монгол адуу бий юу?
-Ноднин Орос, Англи удамтай гадаад тамгатай хар азарга хүнээс авсан. Одоохондоо төл аваагүй л байна. Гэхдээ монгол адуу хурдан чанараа хадгалаад уралдаж байвал би заавал шинэ цагийн адуу гэж шуналтахгүй ээ. Мэдээж манайхан монгол адуугаа хурдан байлгах гэж л гаднаас адуу авч байгаа шүү дээ. Хэдэн үе өнгөрөхөд аль нэг ген нь хадгалагдаж ирнэ. Гэхдээ хурд нь хадгалагдаж ирэх нь үү, эсвэл эсрэгээрээ байх юм болов уу. Олон чанар нь хадгалагдах ч заавал нэг нь давамгайлна шүү дээ. Хэрвээ “ядуу” тал нь давамгайлбал монголд нэмэргүй л дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Гарч буй хонин жил танд хишиг буянаа харамгүй хайрлаж, уясан хүлэг болгон нь хурдалж тод магнай, торгон жолоогоо өргүүлэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна