Аймгийн Алдарт уяач Н.Түдэв: Морь өөрөө тоосоо, харин би хөлсийг нь тэнгэрт өргөнө л гэж боддог байлаа
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, аймгийн алдарт уяач Наяннямбуугийн Түдэв гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-1929 онд төрсөн гэхэд та их ануухан харагдаж байна. Танайхан ер нь өндөр насладаг хүмүүс үү?
-Манай аавын талынхан нэг их өндөр насладаггүй. Ээжийн талынхан бол овоо насладаг удамтай юм шиг байна лээ. Ээж маань 90, Гомбожамц, Даваасүрэн гэдэг хоёр ах нь 88, 89 хүрсэн. Би нагац талаа л дагасан юм болов уу. Би ганц ширхэг ч эм уудаггүй хүн.
-Өвдөхгүй болохоор нь уудаггүй юмуу, эсвэл өвдсөн ч уудаггүй юмуу?
-Өвдөж л байдаг юм. Эмч нарыг эм өгөхөөр нь уудаггүй. Нэг л мэдэхэд зүгээр болчихсон л байдаг юм.
- Та залуудаа архи, тамхи бага хэрэглэдэг байв уу?
-Би одоо ч тамхи татаж байгаа. Шимийн архи ч бас уудаг л байсан. Шилтэй архи бол ууж байгаагүй. Одоо бол шимийн архи ч уухаа больсон.
-Эцэг эхээс хэдүүлээ вэ, та?
-Би хүний ганц хүү. Аав маань гурван ах, таван эгчтэй, дороо нэг эмэгтэй дүүтэй, эцэг, эхээс арвуулаа хүн байсан. Гурван ахыг нь хөрөнгөтөн гээд хөнөөчихсөн юм гэнэ лээ. Хоёр нь лам, нэг нь хар хүн байсан юм. Биднийг бага байхад ах нь оточ маарамба хүн байсан болохоор аав ээжийг цай уулгадаггүй, дандаа хярам уулгадаг байлаа.
-Яагаад цай уулгадаггүй байсан юм бол?
-Шар бадгана өвчин үүснэ гээд ээжийг цай уулгадаггүй байсан. Ээж бүр 50 гарч байж л цайнд орсон юм. Намайг болохоор “Чих чинь хатна” гээд цай уулгадаггүй байлаа. Тэр үеийн цай ч ёстой цай байсан шүү. Тэр үед ахаас татвар гэж хураагаад, дараа нь малыг нь таван ч удаа хураасан юм гэнэ лээ. Би сүүлийн хоёр хураасныг нь мэднэ. Аав, ээж бид гурвыг байж байтал таван хувь үлдээгээд л хурааж авдаг байсан.
-Аавын тань талынхан олон морь хураалгасан гэнэ үү?
-Бараг 2000-гаад адуу хураалгасан гэж хөгшин ээж ярьдаг байсан. Дандаа хөх толгойтой, нэг зүстэй 3000 хоньтой байснаа бүгдийг хураалгасан гэдэг. Олон ботго уяатайгаа үлдээд уйлалдахад нүдний нулимс өөрийн эрхгүй гарсан гэж ярьдаг байсан.
-Эхийг нь авч яваад ботгыг нь үлдээчихсэн хэрэг үү?
-Бүх тэмээг нь аваад явчихсан. Тэгээд ботгонуудынх нь уяаг аваад, олон сувай тэмээ рүү тавьчихдаг байсан юм. Шар толгойн феодал гэж эхлээд, хувьсгалт засаг нь татвар тогтоогоод, сүүлдээ хөрөнгийг нь хамтрал руу оруулна гээд хураачихсан. Одоо энэ сум байгаагийн урд талд Цагаан худаг гэдэг газар хамтрал байгуулж л дээ. Тэнд олон мал үхээд байхаар нь 15 хувь гээд ядуучуудад тарааж өгсөн юм гэнэ лээ.
-Танай өвөг дээдэс морь уяж байсан болов уу?
-Уяна аа. Аав ч бас морь уядаг байсан. Манай хүрэн халзан морь хошуу даншигт 10 түрүүлж байлаа. Тэр үед түрүүлсэн моринд хадаг өгдөг байсан юм. Их хадаг, торгон хадаг, намгар, даш гээд дөрвөн янзын хадаг байдаг байлаа. Тасалгаан дээр ирсэн моринд самбай өгдөг байсан.
-Тасалгаа гэдэг нь байтай уралдсан гэсэн үг үү?
-Барианд орсон морь байхгүй юу. Дээр үед уралдсан морьдын 70 хувийг нь барьдаг байлаа. Одоо бол 20 юмуу, 30 хувийг л барьж, уяачдыг их хохироож байна гэж боддог юм. Түрүүлсэн моринд өндөр бай шагнал өгөхийн оронд уяачдын өдөр, шөнөгүй зүтгэсэн хөдөлмөрийг үнэлж, бага багаар олон хүнийг шагнах хэрэгтэй. Гэхдээ буруу байх л даа, миний л бодол шүү.
-Арав түрүүлсэн азарга аавын тань унаган адуу юу?
-Тиймээ. Тэр азарга миний нэр дээр давхидаг байсан юм. Харин аавын нэр дээр хүрэн халзан морь давхидаг байлаа. Би морь унаж чаддаггүй байсан болохоор хүнээр л унуулдаг байлаа. Нэг удаа хошуу даншгийн наадамд яваад ирэхдээ, шанхыг нь зумлаад хаячихсан, нөгөө шанхыг чинь хүзүүвчилчихсэн ирсэн нь санаанаас гардаггүй юм. Одоо мориндоо шанх тавихаа больчихож. Манайхан цөм шанх тавьдаг юм. Барианд орсон моринд хадаг зүүнэ. Хадаг нь шанхандаа хэлхээтэй байна. Хичнээн удаа барианд орсоныг нь шанхны хадагаар нь л тоолчихдог байсан юм.
-Халзан морийг хэн гэдэг хүүхэд унадаг байсан юм бэ?
-Арав түрүүлэхэд нь Ёндон гэдэг хүүхэд л унасан юм. Оролцсон хамгийн том наадам нь Сүлдний тахилга, одоогийнхоор бол даншиг юмдаг уу даа. Тухайн үед сумын наадам гэж хийдэггүй байлаа, дандаа л овооны наадмуудад уралддаг байсан. Түүний дараа нэг хээр морь уяж, би унадаг болсон. Нэгэн удаа манайхны саахалт айлын хот руу чоно ороод, хээр морио унаж хөөгөөд голын цаад талын бутаргана руу оруулаад, аав уургаараа түрээд алж байсан. Манай гэргийн аав баян Батсуурь гэж хүн бий. Тэр үед бид хоёр чоно үзүүлбэл сайн хоточ нохой болдог гээд нэг нохой хөтөлж явсан юм. Аав гурван алд хар модон уурга барьдаг байлаа. Бургас гар хайрдаг гээд бургасан уурга барьдаггүй байсан юм. Чирсээр байгаад үзүүр нь шовх болчихсон, түүгээрээ чоныг цохиж байсан юм.Би хээр морио унаад, сумандаа гурав түрүүлж, хоёр удаа таваар ирж байсан. Тэгээд л хурдан моринд томдсон доо.
-Тэгээд л өөрөө гардаж морь уяж эхэлсэн үү?
-Аавыгаа дагаж морь уядаг болсон. Говь-Алтай аймгийн 60 жилийн ойн наадмаар уясан морьтойгоо, хүүхдүүдтэйгээ хамт очиж уралдаж байлаа. Манай нэг хээр айрагдсан. Буурал, алаг хоёр морь арван хэдээр ирсэн. Шодон буурал гэдэг байсан юм. Дэлгэрийн Даншигт хондлой цоохор соёолон, Шодон буурал хоёртойгоо очсон. Шодон буурлыг 70-аад морь түрүүлж эргээд бариагүй, тэргүүний гурван морьтой ирсэн юм. Барьсан бол айрагт багтах байсан. Харин цоохор үрээ нь айрагдсан. Сар хайрханы даншигт бас айрагдсан. Ховдын даншигт нэг хээр морь айрагдаж л байлаа. Тэрийг ч тоохгүй л дээ. Учир нь, би ерөөсөө мөрий авъя гэж боддоггүй Алтайн тэнгэртээ л мориныхоо хөлсийг өргөж явбал болох нь тэр гэж бодож явдаг хүн. Би найман хүүхэдтэй. Дөрөв нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Дээд тэнгэр, долоон бурхандаа л залбирч явдаг юм. Хүүхдүүдийг маань харж үзэх байлгүй. Тэр олон лам нарын ууссан удам байдаг юм болов уу гэж боддог юм.
-Таны уясан морьдоос илт давуу амжилт үзүүлсэн нь ямар морь байв?
-Баян-Уулын сумын түүхт ой 1985 онд медаль өгдөг болсон байлаа. Медальгүй үед ч зөндөө л айрагдсан. Буман хонины баярт нэг хүрэн хязаалан үрээтэй очиж, айрагдаж медаль авлаа. Миний медаль тэгж л эхэлсэн юм. Сумынхаа ойд харлаг, борлог хоёр даага уясан. Борлог нь исгэл даага болохоор түрүүлнэ гэдэгт бардам байлаа. Уралдсан чинь харлаг даага нь улаан дааганы зөв талаар орж ирээд түрүүлсэн юм. Дөрвөлжингөөс баахан хүмүүс ирчихсэн, “Манай суманд харлаг даага байхгүй. Улаан нь манай сумынх” гээд улааныг нь л биччихжээ. Манай уяачид заргалдсан боловч засуул нь “Морь, бөх хоёрт хэл ам хэрэггүй байдаг юм” гээд мөнгөн медаль авч байлаа. Хээр шүдлэн маань аман хүзүүдэж мөнгөн медаль авлаа. Дараа нь, 1986 онд Ховдын Дарви сумын түүхт ойд хээр үрээ маань хоёр саахалтын хэртэй түрүүлж ирсэн шүү. Хээр маань энэ мэтээр алтан медаль олныг авсан. Шодон буурал ч хоёр медаль авсан. Хүрэн морь бүдүүрсэн хойноо нэг медаль авсан. Бас нэг бор азарга байлаа. Тэр бас гурван медаль авсан юм.
-Та их олон жил морь уясан уу?
-50 жил уясан.
-Анх ямар морьд уяж эхэлж байв?
-Дарив сумын ойн наадамд анх очиж байлаа. Хүрэн морь маань таваар ирж, борлог азарга хавчиг жилээ түрүүлсэн. Түүнээс хойш очсон наадам бүртээ л түрүүлсэн дээ. Нийт арван түрүү авсан байдаг юм. Ажиглаад байхнээ, унаган морийг өөрийн хүүхэд унахаар л сайн давхидаг юм билээ. Би Сүхбал, Бадарч, Санжмятав гэдэг хүүхдүүдээр морь унуулж байлаа. Одоо тэд маань над шиг л хөгшин болчихсон. Дөрвөн хүүхэд маань дөрвүүлээ хурдан морь унадаг болохоор унахсан л гэнэ. Овоо ч хэдэн адуутай, хоёр ч цоохор азаргатай байлаа. 2000 оны зуднаар бүх адуугаа алдсан. Одоо хоёр азарганы маань уралдаж байсан үеийнх нь зураг л үлдэж. Хоёр цоохор азарга маань тав, зургаагаар ирж байлаа.Манай хүүхдүүд ч намайг дагаад морь уядаг юм. Морь уях ч бас их явдалтай шүү дээ. Өвс хөрөхөөр тавина. Харуй бүрий болохоор очиж унтуулна. Морио манаад хононо. Харанхуй болохоор барьж уяна, тавина. Нар гараад өвс халахаар морио барьж уяна.
-Үдшийн бүрий, үүрийн унталт хоёр л моринд хамгийн сайн амралт болдог гэдэг дээ?
-Бие нь тайвширдаг байхгүй юу. Манай аав, аавтай цуг морь уяж байсан ахмад уяачдын туршлага л даа. Нойр дутуу бол муу давхина. Бас өдөрт хоёр үсэргэнэ.
-Хэдэн км-т үсэргэх үү?
-Газрын багцаанаас л болно. 5-10 км-т голдуу үсэргэнэ. Би бас 2010 онд Хүйн долоон худагт очиж, морь уясан. Тод манлай уяач Мөнхтөрийн морийг миний зээ хүү уядаг юм. Тэгээд би морь уяж, очиж харж байсан юм. Миний уяаны арга барил одоогийнхтой таарахгүй л юм байна лээ. Морины сунгаа хийж байна гээд л машинаар хөөгөөд байх юм. Өдрийн халуунд их хөлөрнө, орой нарны илч буух үед үсэргэхээр бүр ч илүү хөлөрдөг юм. Бид бол тэгж л хөлсийг нь авдаг.
-Хэд, хэдэн цагийн үед үсэргэдэг вэ?
-Өдөр 12-13, орой 17 цаг жаахан өнгөрөөгөөд үсэргэдэг.
-Өдөр бүр л үсэргээд байх юмуу?
-Тэгэлгүй яах вэ. Морио сайн ажиглах хэрэгтэй. Бүх морь нэг уяатай байна гэж үгүй. Адуу бүрт тохирсон уяа гэж бий. Бүгдийг нь ижилхэн уячихаар заримынх нь уяа таардаггүй.
-Тэгвэл морь жаахан нимгэрэх талдаа орчихсон байвал өдөрт нэг удаа үсэргэх маягтай явах нь байна шүү дээ?
-Тийм. Хөлсийг нь амсаад үзэхээр усан хөлс гарч байвал уяа нь таарч байна гэсэн үг. Сүвээний хавирга ийм болоод, ташаан толгойтойгоо тэгш, энүүгээрээ хонхойхгүй, бөв бөөрөнхий болохоороо л морины уяа нь таарч, умс нь агшдаг юм.
-Танай энэ хавиар нэлээд туранхай уралдуулдаг байсан уу?
-Тарган ч уралдуулна. Тарган бол жаахан хуурдаад иддэггүй, өлсчих гээд болдоггүй юм. Жигд хүчтэй л байвал болдог. Би хоёр ч бор морь уяж байсан. Манай том охины нэртэй бор морь их тарган уралддаг байсан юм. Өнөрөө, Амараа хоёрын тарган яваад сумынхан элэглэж байсан. Туранхай морь бол тамир нь хүрэхгүй. Тэгэхээр таарсан хүчтэй нь л сайн давхидаг. Их тарган бол гол нь өөхлөөд зүрхэнд нь тольт суучихна. Тэрийг бас цээрлэдэг байсан. Одоо ч бордоод л уяад байх юм.
-Тэр үед жилдээ ганц уралддаг байсан болохоор торгон ирийг нь тааруулдаг байсан байх даа?
-Тийм. Уул нь олон уралдвал улам л сайн давхидаг юм. Энд уралдчихаад л Ховдод очоод уралдахад эндэхээсээ ч илүү харайдаг байсан. Одоо ч манай сумын унаган морьд гэхээсээ илүү зүүн талаас авч ирсэн морьд л олон байх болж дээ.
-Таны уяж байсан морьдын дунд гарын ая их даадаг, хатуу олон хоногийн уяатай ямар морьд байв?
-Нэг хээр морь их олон хоногийн уяатай байсан. Борлог, бор морь хоёр бол их огцом уяатай, уяагаа түргэн авдаг байсан. Уяагаа аваад, уяа нь өнгөрчихвөл дахиад уяа авахгүй шүү дээ. Тийм л ялгаатай байсан юм. Даншиг цоохор харин их хатуу уяатай морь байсан. Би адуу их зовоосон хүн дээ. Талдаа сайхан усаа уугаад, өвсөө идээд явж байх юмыг уяж байна гээд хөлсийг нь хусаад, идшийг нь засаад байхаар чинь зовоож байна гэсэн үг биз дээ. Бас хөтлөөд л Дарив, аймаг, Сархайрхан, Дэлгэр, Ховдын Дарви, Цэцэг гээд хэсээд явахаар чинь адууг зовоож л байна гэсэн үг.
-Гэхдээ дээр үед морио хайрлаж их гамнаж, олон жил уралдуулдаг байсан юм билээ?
-Одоо хурдан морь хэд давхиад л чимээгүй болчих юм. Уруулд нь сахал ургаад, нүдэнд нь үүл суугаад, сүүл нь сийтийгээд, шуу нь тэнийж харайхаа болихоор л больдог байсан. Одоогийнхтой адил ганц, хоёр уралдаад хөл нь доголно ч гэж үгүй. Насаараа л уралддаг байлаа шүү дээ. Манай аавын халзан морь 30 гарсан хойноо Баян-Уул суманд түрүүлж л байсан. Би бол одоо тэр тэжээл гэдэг юмнаас л болж байгаа болов уу гэж боддог. Сайхан чөлөөтэй, бэлчээрт ч явуулахгүй юм, нэг хашаанд аваачаад л хашчих юм. Энэ нь буруу юм шиг санагдаад байдаг юм.
-Нөгөөтэйгүүр, уяаны эрдэм мэддэг, мэддэггүй нь хамаагүй, хүссэн хүн болгон л морь уяж байна гээд нэг ёсондоо амьтнаар тоглоод хаячихаж байгаа юм л даа?
-Яг тийм.
-Зарим хүн “Уяачдад алдар цол өгнө гэдэг их дэмий юм. Яагаад гэвэл, алдар цолонд улайраад морио хайрлахгүй, чөмгийг нь дундартал уралдуулж байна. Дээр үед бол тасралтгүй амжилт гаргаад байхаар нь олон түмэн бүгдээрээ сайн уяач гэж хүлээн зөвшөөрдөг байлаа” гэж ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Дээр үед бол мориныхоо чанарыг үзэх гэж уралдуулдаг байсан юм. Тоосоо морь өөрөө тэнгэрт өргөнө, хөлсийг нь би тэнгэрт өргөнө гэдэг байлаа шүү дээ. Өнөөгийн уяачдад ийм сэтгэл алга. Наадам болохоор л төмөр машин дээр ачаад явж байгаа харагдах юм. Энэ их буруу. Бас наадам болгонд давхиулсаар хөлийг нь авчихаж байна.
-Уяаны арга барилыг олох гэж бас нэлээн юм болдог байх даа?
-Намайг дагаж морь уяж сурсан хүүхдүүд хүртэл одоо тэрийгээ хаяад, бордооны морь уяад сурчихсан байна. Адууныхаа цусыг сэлбэнэ гэж эрлийзжүүлээд чанарыг нь улам муутгаад байна гэж би боддог. Тэр том, том эрлийз адуунуудыг эмээллэж унаад чоно хөөж алчихаад, эргээд уралдвал давхихгүй нь мэдээж.
- Танай энэ хавийн адуу их ястай юу?
-Хулан зээр байхад ястай байсан юм.
-Хүн бүр ингэж яриад байх юм. Хулан зээргүй болсноос хойш сайн морь төрөхгүй гээд байгаа нь ямар учиртай юм бол?
-Угаасаа хулан зээртэй нутагт хурд гардаг гэдэг юм. Хулангийн хөрвөөлгөнд гарсан унага хурдан байдаг. Би бор хээр азаргаа яагаад уясан бэ гэхээр Шар бүүрэгийн нуруунд манай борлог азаргатай адуу гүйж байсан юм. Тэгсэн чинь баян Дэндэв “Хулангийн хөрвөөлгөнд гарсан унагыг нь үзэх гэтэл гүйцэгдсэнгүй” гэж байсан юм. Хулангийн хөрвөөлөг гэдэг нь дундаа замтай, дугуй зүйл байдаг юм. Хулан хөрвөөгөөд байхаар зөөлөн элс нь гараад ирдэг, түүн дээр нь унага багачуул тоглодог. Намайг мэдээ орохоос өмнө нь 300, 600 хулан байсан юм гэнэ лээ. Намайг өсөж байхад 50, 60-аараа л явж байсан. Цагаан зээр бол бүр газраар нэг л байдаг байлаа. 1947 оны өвөл элс рүү ороод, Баган нуур руу хоморголоод гарчихсан юм. Тэгээд газар ч цөлжөөд, ургамал ч ургахаа болиод, манай нутгийн адууны хурд муудсан.
-Хулангийн азарга, монгол гүүтэй нийлэхээр хурдан унага гардаг гэдэг хэр бодитой яриа юм бол?
-Хулангийн азарганд гүү тавьдаггүй. Хулан чинь аюултай зэрлэг амьтан шүү дээ. Тийм унага гарвал хүн хүчрэхгүй.
-Хулангийн хөрвөөлгөнд төрсөн морь тань тэгээд арав түрүүлсэн юм байна, тийм үү?
-Тийм. Тийм ч болохоор нь би хулангийн хөрвөөлгөнд гарсан унага хурдан байдаг гэдэг нь үнэн ч юм болов уу гэж боддог юм. Гэхдээ бор азарга манай унаган адуу биш л дээ. Цоохорын багийн л унаган адуу. Би үрээ байхад нь нядалгаанд явж байсан адуун дундаас хавчиг цагаан мориороо сольж авсан юм. Цоохорын адуу чанартай байсан юм байгаа биз.
-Босоо төрсөн унага хурдан л гээд байдаг юм. Унага яг босоо төрдөг юмуу, хүмүүс дэгсдүүлээд байдаг юм болов уу. Эсвэл зүгээр л бэлгэдлийн үг үү?
-Бэлгэдлийн л үг байх. Би босоо төрж байхыг үзээгүй. Манай энд Баасайхан гэж барилддаг хүн байсан юм. Хоёр бор азаргатай адуутай. Муруй сүүлтэй, морин хэвтэй чөргөр бор азарга тавьсан байсан. Би түүнээс “Ах аа, яагаад морин хэвтэй, ташийсан морь тавьсан юм” гэж асуусан чинь “Хэдэн адуу хөөгөөд явж байсан чинь нэг цавьдар гүү төрөх гээд, унаганы хөл цухуйчихсан байна. Гэрийнхээ гадаа аваачих гээд хөөгөөд байлаа. Нэг талын адуугаа хөөгөөд иртэл хошуу нь цухуйчихсан байна. Нөгөө талын адуугаа хураагаад иртэл унага нь урд хөлөөрөө зогсчихсон, хойд хөл нь сугараагүй байж байсан. Тэгээд л азарга тавьсан юм” гэсэн. Морь уядаггүй хүн байсан л даа. Босоо төрсөн азарганых нь төлөөс нэгийг авах гэсэн боловч өгөөгүй юм.
-Тэр азарга нь бусдаас хурдан хурц, хөл нь хөнгөн байгаагүй юу?
-Тэр хүн өөрөө уядаггүй болохоор яаж мэдэх билээ.
-Энэ нутгийн онцгой хурдан хүлгүүдийн амжилтуудаас сонирхуулаач?
-Намайг цэрэгт явахаас өмнө дөрөвдүгээр баг, “Хүйсийн говь”-ийн морьд хулан зээрийн нутагт төрсөн болоод ч тэрүү, их хурдан байсан юм. Гурван жилийн дараа халагдаад ирсэн чинь энэ хойд дээр модон нуруутай, монгол майхан тавьчихсан, морьд ч шил шилээ харж давхиад л, жигтэйхэн болчихсон байсан. Манай энэ Шарын аавын хонгор морь их сайн давхиж байсан. Сүүлдээ нэг улаан даага давхиад, бүдүүрснээсээ хойш ахиагүй. Санжжавын аав Лодойшарав гуайн хоёр цагаан морь бас сайн давхиж байлаа. Лхасүрэнгийн аавын бор, ахынх нь бор хоёр ч сайн давхисан. Сангийн далайгаас Гонгорын шарга морь соёолонгоосоо эхэлж давхилаа. Манай энд Жадамбаа гэж байсан юм. Моринд их хорхойтой, адуу мал ч их үнэлж авдаг байлаа. Бор, саарал хоёр морь худалдаж авсан. Мөн түүний унаган хүрэн морь нь сайн давхиж байсан. Зохиолчдын өдрөөр давхиж түрүүлээд, Сансар зээрд гэдэг цол аваад харьж байлаа. Түүний дараа манай өргөмөл дүүгийн хэдэн сайхан халтар морь байсан. Мөн Ширнэн гэж хүний халтар, хүрэн хоёр морь сайн давхиж байлаа. Халтар нь ч уралдсан наадам бүртээ зоолттой түрүүлж ирнэ. Хуушааны хээр морь бас их сайн давхидаг байсан.
-Таныг цэрэгт явсан гурван жилийн дотор хурд гэнэт ингэж эргэснийг та юутай холбоотой гэж боддог вэ?
-Цагаан зээртэй холбоотой гэж боддог. Би 1949 онд цэрэгт мордсон. 1947 онд цагаан зээр элс даваад явчихсан юм. Тэр үед Баян-Уулын талын морьд ер сайн давхидаггүй байсан. Одоо бол Хүйсийн говь руу орж байгаа сурагтай байна.
-Та бол нутгаасаа гарч нааддаг байжээ?
-Тийм. Сар хайрханы даншиг наадамд хоёр бүдүүн морь, нэг соёолон, нэг шүдлэн үрээтэй очсон. Миний Даншиг цоохор дөрвөөр давхиж, халзан азарга айрагдсан. Хоёр жилийн дараа Даншиг цоохор маань Дэлгэрийн даншигт соёолондоо бас айрагдсан. Тэгээд л Даншиг цоохор гэдэг нэрийг авсан юм.
-Таны унаган адуу юу?
-Тийм. Эцэг нь цоохор азарга, эх нь хул гүү байсан юм. Дээр үед манайх дандаа л хул борлог, бор адуутай байлаа. Би чинь Засаг хан ноёны удмын хүн байхгүй юу. Одоо дөрөв дэх үе дээрээ явж байна. Манайд одоо Засаг хан ноёны хэрэглэж байсан бурхан, цан, хонх, дамар бий. Би залуудаа эсэргүүний үлдэгдэл гэгдэж байсан. Намын үүрийн дарга ирээд эртний эдлэлүүдийг маань хаяулах гээд байдаг. Би ч “Ганц ачаа ачих тэмээтэй л үлдэж байвал болох нь тэр. Зулаа бариад л байж байна” гээд хаяагүй юм. Би одоо отгон хүүдээ өгчихсөн, тэр аваачиж шатаах байлгүй.
-Арай ч үгүй байхаа. Музейд хадгалуулах байлгүй дээ. Та Засагт хан аймгийн хэн гэдэг хүний дөрөв дэх үеийн хүн бэ?
-Засагт хан ноён дөрвөн хүүхэдтэй хүн байсны хоёр нь хүү, хоёр нь охин байсан юм гэнэ лээ. Хамгийн том нь Сангажав гэдэг оточ маарамба байж. Тэр хүнийг эндээс 10 гаруй км-ийн цаана Амидаагийн хонхор гэдэг газар нутаглуулсан юм. Манайхан тэнд даага уралдуулдаг болохоор одоо Дааганы хонхор гэдэг болсон. Манай аав тэр хүний хамгийн отгон хүү нь байхгүй юу. Гурван ахыг нь бариад, манай аавыг яагаа ч үгүй юм гэнэ лээ.
-Таны цоохор хоёр даншигт айрагдсан. Сум орон нутагтаа хэд түрүүлж, хэд айрагдсан бэ?
-Түүнээс хойш огт айрагдаагүй, дандаа 10, 20 хавиар л давхисан.
-Дэлгэрийн даншигт очиход тань танд аймгийн Алдарт уяач цолыг гардуулсан гэл үү?
-Манай эндхийн Гомбо, бид хоёрт өгсөн юм.
-Аймгийн анхны Алдарт уяачдын нэг юм байна шүү дээ, та?
-Сар хайрханы даншиг наадмын үеэр Дашбалдангийн аав Арцадад аймгийн Алдарт уяач цол өгч байсан юм. Хоёр дахь нь бид хоёр л доо. Арцад нь надаас тав ах, Гомбо надаас зургаа, долоон насаар дүү хүн байсан юм. Одоо хоёулаа байхгүй. Би л байна.
Үеийнхэн маань намайг шоглоод Хатаасан борц л гэдэг юм.
-Та нэгдэл нийгмийн үед ямар ажил алба хашиж байсан бэ?
-Би 25 жил агент хийсэн юм. Тэгсэн чинь агентаа болимоор санагдаад болдоггүй ээ. Гэтэл тэнд нэг суурь төлөг үхүүлээд болохгүй байна гээд байдаг. Тэгэхээр нь би тэр суурийн ахлагчаар очих хүсэлт гаргаад, тэнд хэдэн жил боллоо. Гэтэл Цоохор бригад руу адуу өгөөд, манай бригадынхан хонь хариулах унаагүй болчих гээд байдаг юм. Тэгэхээр нь би адууны талыг нь авч маллах санал гаргаад, хэсгийн ахлагчийнхаа ажлын хажуугаар 150 адуу есөн жил эргүүллээ. Адуугаа 500 хүргээд байтал Увсын Тэс рүү 300-г нь өгдөг юм байна. Тэгээд бусдыг нь Наминчимэдэд өгсөн юм. Би хэсгийн ахлагчаараа хэдэн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.
Манай нэг охин хүнтэй суугаагүй байсан юм. Түүний нормыг нь биелүүлэх гэж хонь авч хариулсан.
-Та чөлөөлөх дайнуудад оролцсон уу?
-Японы хоёр дайны арын албанд л байсан. Японы хоёр ноён, эмч нарыг манай хороо хардаг байлаа.
-Олзлогдсон японууд байсан юмуу?
-Намайг цэрэгт очиход Шар бүүргийн дөрвөлжөөр төмөр зам тавьж байсан юм. Манайхан чинь бараг л ялагдахаа шахаад ЗХУ-аас тусламж авч л ялсан шүү дээ. Тэгээд баахан япон олзолчихсон. Би нэг ёсондоо хорих ангийн манаачаар ажиллаж байсан юм. Очсон жилдээ түр манаанд зогсож Онц харуулчин болоод, харуулын захирлыг хамгаалдаг болсон юм.
-Танай дөрвөн хүү морь уядаг уу?
-Дөрвүүлээ уяна. Одоохондоо цол хэргэмд хүрээгүй л байна. Дөрвөлжин суманд амьдарч байгаа нэг хүү маань их олон медальтай. Харин надтай хамт амьдарч байгаа отгон хүү маань хээр морио уяад Алтан медаль авсан. Иймэрхүү л амжилттай байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна