Цагаанхайрхан сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач О.Батжаргал:Хөхийн хошууны уяач би Өндөрхангайн 70 жилээр шарга морио айрагдуулж байлаа

А.Тэлмэн
2017 оны 8-р сарын 28 -нд

Увс аймгийн Цагаанхайрхан сумын МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач О.Батжаргалтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Цагаанхайрхан сумын МСУХ үүсгэн байгуулагдаж байсан түүхээр яриагаа эхэлмээр байна?
-Би 1992 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд сумандаа ирж, хэдэн жил морь уясан юм. Тэр үед зэргэлдээ Баруунтуруун сум МСУХ-гоо байгуулаад байлаа. Би ч уяачдынхаа эрх ашгийг хамгаалдаг бас алдаршуулдаг төрийн бус байгууллага хэрэгтэй гэж бодож байсан. Ингээд Цагаанхайрханы холбоог 2001 оны хоёрдугаар сарын 16-нд үүсгэн байгуулж байлаа. Цэцэрлэгийн эрхлэгч маань нэг байр гаргаж өгч, 16 хүн цуглаад анхны хурлаа эхлүүлэн, тэдний 100%-ийн саналаар тэргүүнээр сонгогдож байлаа. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Бид баяр наадмын тухай хууль, ММСУХ-ны дүрмийг судлан, түүний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулалттайгаар явуулсаар ирлээ. Өнөөдөр манай сумын хэмжээнд 80-аад уяач байна. Үүнээс аймгийн Алдарт уяач 14, сумын Алдарт уяач 15 төрлөө. МСУХ байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг, сум, бүсийн чанартай 50 гаруй наадмуудад уяачдаа нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцууллаа. Дөрвөн багийнхаа хэмжээнд “Тэнгэрийн хүлэг”, “Хөхийн унага”, “Хөхийн хүлэг”, “Түргэн” гэсэн дөрвөн галыг байгуулж, гал бүрийн ахлагчийг сонгон, үнэмлэхжүүллээ. Галын ахлагч нар МСУХ-ндоо ажлаа тайлагнаж дүгнүүлдэг. Эдгээрээс “Оны шилдэг их нас”, “Оны шилдэг азарга”, “Шилдэг унаач” гэхчилэн тухайн жилийн шилдгүүдээ шалгаруулна. Анхны жил “Тэнгэрийн хүлэг” гал шилдгээр шалгарч байлаа. Оны эцэст сумаас шилдгүүдийг шалгаруулах 9 номинацид “Шилдэг уяач”-ийг оруулах саналыг сумынхаа ИТХ-д тавьсан юм. Ингэж жил бүр “Шилдэг уяач”-ийг шалгаруулдаг болж, 2006 онд сумынхаа наадмын зургаан түрүүг авсан аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Мөнхжаргал анхны номинацийн эзэн болж байлаа. Түүнчлэн холбооноос морь цоллоочдыг шалгаруулан байр эзлүүлж, албан ёсоор бэлтгэж үнэмлэхжүүллээ. Бид ахмад, залуу уяачдын залгамж холбоог бэхжүүлэхэд анхаарч ажилладаг. Хөгшчүүл маань залуу уяачдын шон дээр нь очиж морийг нь шинжиж, зөвлөгөө өгдөг уламжлал тогтлоо. Уяачдын хөдөлмөр гэдэг амаргүй шүү дээ. Бороотой, цастай шуургатайд ч тасралтгүй ажиллаж, уяач гэдэг алдар нэрийг авч явдаг. Нөгөө талдаа төрийн сүлдэндээ заларсан молор эрдэнэ морьтой нөхөрлөж явна гэдэг эр болгонд тохиох зүйл биш. Аз завшаан гэж би боддог.
-Адуугаа сайжруулах, чанаржуулах тал дээр холбооноос ямар ажлыг хийж байна вэ?
-Ханхөхийн хошуу эртнээсээ шагшигдсан хурдтай нутаг. Гэхдээ сүүлийн хоёр жил манайхан гаднаас азарга, гүү авчирч, цусыг нь холтгож сэлгээ их хийдэг боллоо. Энэ тал дээр дор бүрнээ л анхаарч байна. 
Одоо морь ч гэсэн цаг үеэ дагаж хөгжиж байна. Байгалийн өвсөөр уядаг үе халагдлаа. Морь хөгжихийн зэрэгцээ морины уяанд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг боллоо. Тиймдээ ч цус сэлбэх, үржил селекцийн тал дээр мэргэжлийн хүмүүст хандаж, хийдэг болж. Өнөөдөр морийг нэг удаа ашиглаад орхих биш амьдралынх нь турш зөв зүйтэй эдэлж, олон жил хурдыг нь хадгалах ёстой гэж боддог юм. Манай нутгийн хувьд цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Зундаа хэт халахгүй ч өвөлдөө их хүйтэрдэг онцлогтой. Тийм болохоор хаврын уралдаан зохион байгуулахад хүндрэлтэй. Өнгөрсөн хугацаанд цагийн аясыг харж байгаад гуравхан удаа л хаврын уралдааныг явууллаа.
-Цагаанхайрханчууд сүүлийн жилүүдэд одтой наадаж байна уу?
-2011 онд манай сумын 80 жилийн ой тохиосон. Энд манай Цагаанхайрханчууд зургаан наснаас их нас, соёолон, азарга, хязаалангийн дөрвөн түрүүг авсан. Газар орны онцлогоос болж манай сумын уралдааны талбай бага ч гадны аль ч наадамд манай морьд их сайн давхидаг юм. 2001 оны Улсын баяр наадамд Мөнхжаргал, Мойл хоёр анх удаа морьдоо машинд ачиж очоод сайхан давхиулаад ирсэн. 2005 онд Улаангомд болсон баруун бүсийн даншигт манай сумын ах дүү гурван аймгийн Алдарт уяач очиж, гурван айраг авсан. Дамдинсүрэнгийн Чулуунбаатар, Дугар, Мөнхжаргал гэж ах дүүс бий.Харин 2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн даншигаас дааганы айргийг нь авлаа. 2003 онд Завхан аймгийн 80 жилийн ойгоор 385 их нас мордсоноос эхний 20 дотор манай сумын гурван морь ирлээ. Өндөрхангайн Дамдингийн Оодон түрүүлсэн тэр жил Өндөрхангайн Пүрэвжавын хүрэн 11-ээр, Мойлын хар морь 12-оор, түүний төрсөн ах Дугарын хар морь 14-өөр, миний шарга морь 18-аар ирж байлаа. Тэндээс би манай Ханхөхийн унага аргагүй хурдан юм гэж бодсон шүү.
-Сум дотроо илүү хурдтай нутаг гэж байх уу?
-Нэг л газрын адилхан нутаг шүү дээ. Гэхдээ намайг хүүхэд байхад Өндөрхангай сумын зэргэлдээх Хонт бригад хурдтай, олон ч уяачтай байлаа. Сүүлдээ дунд талын баг буюу Холч багийнхан илүү хурдтай болж ирсэн. Харин одоо хөдөөгийн энэ дөрвөн баг жигдхэн хурдтай болжээ. Минийхээр хурдаараа давхидаг нь байхад сургуулилтаар ч давхидаг морь байдаг гэж боддог.  Ер нь тэгээд зарим газрын морьд хурдан, зарим нь арай хойрго байгаа нь тухайн газрын уяач, баг бригадын ажил идэвхээс л болдог болов уу.
Манай Ханхөхийн сайвар халтар угшлын адуу бол тийм ч муу адуу биш. Эрт үеэсээ нутаг орондоо төдийгүй очсон газартаа нэрээ гаргаж явсан цуутай сайхан хурдан хүлгүүд байдаг юм билээ. Улсын наадмын түрүү Цэрэнжавын хээр морь Ханхөхийн хошууны хурдан хүлгүүдийн нэг. Өнөөдөр бидэнд хурд байна. Харин энийг шилж сонгох, таньж мэдэх нь уяачдын асуудал юм. Дор бүрнээ уяа уяан дээрээ дүгнэлт хийж, урд жилийнхээ ололт, алдаагаа дүгнэж уявал Ханхөхийгөөс давхихгүй адуу гэж алга. Мэдээж сайжруулах юм ч байгааг үгүйсгэж болохгүй.
-Холбооноос унаач хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах талаар ямар ажил хийж байна вэ?
-Холбооны тэргүүний хувьд унаач хүүхдийн асуудал хамгийн их санаа зовоодог зүйл. Манай уралдааны талбай уул даваа гүвээтэй, их адармаатай. Ийм газар морь уралдуулна  гэдэг унаач хүүхдийн хувьд амь дүйсэн эрсдэлтэй. Миний багад ахмад хүн морд л гэвэл эмнэг нь байна уу, номхон нь байна уу мордож л орхидог байлаа. Харин одоо өөр болсон. Эцэг эх асран хамгаалагч нь уяачтайгаа бичгээр биш юмаа гэхэд амаар гэрээ хийж байж хүүхдээ өгдөг боллоо. Яг үнэндээ өнөөдрийн байдлаар унаач хүүхдүүдээ хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангаж чадаагүй л байна. Гэхдээ МСУХ-ны тэргүүний ажлыг хийсэн 14 жилийн хугацаанд нэг ч хүүхэд мориноос унаж гэмтээгүй. Энэ бол манай холбооны үйл ажиллагааны нэг чухал үзүүлэлт гэж боддог. Манай энд наймаас дээш насны хүүхэд л морь унадаг юм. Ихэвчлэн 10-аас дээш насныхан  байгааг  та бүхэн ч харж байгаа биз ээ.
-Харин тийм байна. Уулзсан хүүхдүүд ихэвчлэн арав гаруй насныхан байна?
-Тиймээ. Том наадамд явлаа гэхэд нэг насанд олон морь мордоно. Энд тухайн уяач бүтэн жилийнхээ хөдөлмөрийг ганцхан уралдаанаар шийддэг учраас хашир туршлагатай хүүхэд хэрэгтэй. Нөгөө талаас хүүхдээ унаж бэртчихвий гэж эмээлгүй явуулна шүү дээ. Харин арай бага насны хүүхдүүдээ сунгаа үсэргээнд оролцуулж, туршлагажуулдаг юм.
-Холбооны үйл ажиллагааг идэвхтэй явуулахад санхүүгийн асуудал маш чухал. Та бүхэн санхүүгээ бэхжүүлэх тал дээр ямар ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манай холбоо өөрийн байргүй. Хурал цуглаанаа Тамгын газрын байранд л ихэвчлэн хийдэг. Бидний үйл ажиллагаанд манай сумын үе үеийн удирдлагууд элэгтэй хандаж, дэмжсээр ирсэнд баярладаг юм.
Мэдээж санхүүгийн асуудал бидний хувьд нэг номерын асуудал байгаа юм. Эхэндээ ч хандиваар явж ирлээ. Гэхдээ энэ нь учир дутагдалтай байна. Тиймээс холбооныхоо тэргүүлэгчдээсээ эхлээд татвар авдаг болсон. Нэг уяач жилдээ 20 мянган төгрөгийн татвар өгдөг болсон бөгөөд 80-аад уяачийн маань тал хувь нь өгчихөж байна. Бэлэн мөнгөгүй нь малаараа өгье гэж байна. Тэрийг нь зохицуулснаар манай МСУХ өөрийн гэсэн данстай, дансандаа тодорхой хэмжээний мөнгөтэй болоод байгаа. Хүн чинь их бага нь хамаагүй өөрсдөдөө тааруулж зохицуулаад явж болдог юм байна. Ямартаа ч бид өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулаад, уралдаан, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулаад болгоод л явна.
-Яриагаа таны уяачийн амжилтаар үргэлжлүүлье. Та хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ?
-2002 онд аймгийн Алдарт уяач болж байсан юм. Би чинь багадаа хурдан морь унадаг байлаа. Манай хүргэн ах адуу маллана. Харин би тэдний адууг манаж явсаар нэг л мэдэхэд моринд дуртай болчихсон хүн. Хожмоо арван жилийн сургуулиа төгсөөд Баруунтуруунд комбайнчин болж, Улаанбаатарын Сонгинод гурван жил цэргийн алба хаагаад, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан боллоо. Угийн  моринд хорхойтой болохоор оюутан болоод л морь уяж эхэлсэн. Тэр бол 1988 он байгаа юм. Ингээд их сургуулиа мал зүйч мэргэжлээр 1992 онд төгсөж, нутагтаа ирж орон нутгийн сонгуулиар Хунт багийн Засаг даргаар ажиллах болсон. Энд 3,4 жил ажиллаад Цагаанхайрхан сумын эрчим хүчинд хоёр жил дизель станц ажиллуулан, сумаа гэрэлтэй болголоо. Түүний дараа хувиараа бизнес хийж байгаад, 2008-2012 онд Цагаанхайрхан сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байлаа. Одоо хувиараа ажил эрхэлж байна. Энэ хугацаанд адуутайгаа нөхөрлөсөөр л явлаа. Олон ч зүйлийг хийхсэн гэж боддог юм. Үүний нэг сумынхаа уяачдын холбоог байгуулахсан гэж бодож байснаа биелүүлсэн шүү. Бас Цагаанхайрхан сумынхаа 80 жилийн ойн номыг гаргалаа. Энэ номонд 1990 оноос хойших сумын наадмын зургаан насны морьдын бүх айраг, түрүүг нэр зүсээр нь оруулж өгсөн.
-Адуу манаж хоносон хүүхэд насны дурсамж олон байх даа?
-Тэгэлгүй яахав. Адуугаа өдөр нь сайхан идээшлүүлчихнэ. Шөнө унага даага гээд багачууд нь хэвтээд л өгнө. Бидний багад ганцааранг нь адуу мануулахгүй, хоёулаа манана. Адуугаа сайхан амраад өгөхөөр нь нэг талд хоёулаа гарч суугаад үүр цайтал үлгэр тууж, алиа хошин юм ярина. Харин бороотой шөнө цув нөмрөөд адууныхаа нуруун дээр хононо. Ингээд өглөө үүр хаяарахад адуу ч сэрж үүрсээд идээшлээд явна. Адуугаа бүрэн манаж хоносон бид ч гэрийн зүг давхина. Тэрэн шиг сайхан юм байдаггүйсэн. Адуу манаж хононо гэдэг эр хүний хамгийн хийморилог үе гэж болно.
Ямар ч хүйтэнд морьтой яваа хүн даарна гэж байхгүй дээ. Манайхан ярьдаг даа, адууны мах идчихээд явахад, тэр өдрийн өл даадаг гэж. Энергитэй амьтан байгаа юм. Тэр дундаа Монгол морь тэр чигээрээ био энерги гэж боддог.
-Анхны айраг түрүүгээ ямар наадмаас хүртэж байв?
-Олон ч морь уядаг байлаа. Анхандаа миний морьд барианд орохгүй ээ. Өөрөө төв дээр ажилладаг байсан болохоор хэдэн малаа хөдөө айлд тавьчихна. Тэр болгон эргэж тойроод байж чадахгүй, наадам дөхөхөөр л очно. Тэгэхэд эр адуу болгоноо л уячихдаг байлаа. Тэгээд 1998, 1999 оны хавьцаа Баруунтурууны Застанов гэж хүнээс нэг соёолон шарга үрээг хоёр сая төгрөгөөр худалдаж авлаа. Бага насандаа айрагдаж, түрүүлээд тодорсон адуу байлаа. Урд жил нь энэ хүнээс Завхан аймагт түрүүлсэн Оодон хээрийг Дамдин 2,5 саяар авч байсан юм. Ингээд 2001 оны сумын наадамд шарга морио айргийн гурваар давхиуллаа. Бас Чулуунбаатар, Нямсүрэн нарын уяачидтайгаа хамт Увс аймгийн 70 жилд морьдоо ачиж очоод миний морь зургаагаар ирсэн. Маргааш нь Өндөрхангайн 70 жил, Луу гүний 310 жилийн ойд явж, шарга морио айргийн гурваар давхиулсан нь миний анхны амжилтууд юм. Би чинь хөхийн хошууны уяач хүн. Тэр утгаараа Өндөрхангайн 70 жилийн ойн наадам сэтгэлд хоногшсон сайхан наадам байгаа юм. Тэгэхэд таван шарга морь явснаас миний шарга айрагдаж, Цагаанхайрханы нэрийг гаргаж байлаа.
-Түүнээс хойш ямар амжилттай наадаж байна вэ?
-2003 онд Завхан аймгийн 80 жилийн ойд очиж морио 18-аар давхиулсан. 2005, 2011 онд Увс аймагт болсон баруун бүсийн даншиг наадамд очиж байлаа. Энэ хавийнхаа Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Хяргас, Завхан сумын наадмуудад наадаж, бүгдээс нь айраг авсан. Одоогоор  12 түрүү, 50 гаруй айрагтай. Түүний 22 аман хүзүү байна. Аймгийн гурван айраг, Завханы нэг айрагтай. Сумын баяр наадмын айраг түрүү 31, 32 хүрсэн байхаа.
-Энэ жил баруун бүсийн даншиг болно. Та зэхэж эхэлсэн үү?
-Энэ жил эрүүл мэндийн шалтгаанаар морь уяхгүй байгаа. Хоёрт хүүхдийн найр хурим давхцаж байгаа болохоор уяаны ажлаа хойш тавьчихсан. Гэхдээ зав гарвал уяачтайгаа хамт аймгийнхаа 90 жилийн ойн баярыг үзэх санаатай байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан хүлэг бүхэн нь хурдан байх болтугай.
-Баярлалаа. Монгол орныхоо 21 аймаг, 330 гаруй сумдаар нэг бүрчлэн очиж, уяачидтай уулзана гэдэг амаргүй ажил. Үүнийг чадварлаг хийж яваа та бүхэнд ажлын амжилт хүсье. “Тод магнай” сэтгүүл уяач бидний ширээний ном байх болно.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.