"Төгрөгийн унага” МСУХ-ны тэргүүн , аймгийн Алдарт уяач М.Ганбаатар: Сумын баяр наадмын төсвийг нэммээр санагддаг

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 10 -нд

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Хүрээгол I-р багийн харьяат, "Төгрөгийн унага" МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяач Минжүүрийн Ганбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Төгрөгийн унага” МСУХ-ныхоо талаар бидэнд танилцуулаач. Анх ямар хүмүүс уг холбоог үүсгэн байгуулж байв?
- “Төгрөгийн унага” уяачдын холбоог 2006 онд Төгрөгийн уяачид санаачлан үүсгэн байгуулсан юм. Тухайн үед манай сумын ой болох гэж байсан. Тэгээд уяачид ярилцаад холбоог байгуулах саналыг гаргаж, дэмжсэн. Тэргүүнээр нь сумын эмнэлгийн хүний их эмч Эрдэнэбаатарыг томилсон юм. Тэгээд нэг их удалгүй Эрдэнэбаатар эмч Алтай суманд ажиллахаар яваад би холбооны тэргүүний ажлыг хүлээж авсан. Түүнээс хойш 10 жил болж байна.
-Та өнгөрсөн хугацаанд ямар ямар ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Би уяачдын холбооны тэргүүний ажлыг хүлээж аваад сумынхаа адууны угшлыг сайжруулсан. Өнгөрсөн хугацаанд Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод руу хоёр ч удаа явж 200 гаруй адуу авчирлаа. Мөн уяачдын баярыг жил бүр хийдэг уламжлалтай болсон. Хавар хатуу байвал уяачидтайгаа ярилцаад зун баяраа хийдэг. Уг баярыг хийсний үр дүнд манай уяачдын морьд бүсийн наадам, сумдын ой болон бусад баяр наадамд амжилт гаргадаг болсон. Мөн уяачдынхаа амжилтыг үнэлүүлэх ажлыг хийж байна. Намайг тэргүүнээр ажиллах хугацаанд аймгийн Алдарт найм, сумын Алдарт уяач 16 төрсөн.
-Төгрөг сумын хэмжээнд хурдан морь уяж сойдог хэдэн уяач байдаг вэ? Тэдгээрээс хэд нь аймаг, сумын цолтой байна?
-Манай сум аймгийн Алдарт 23, сумын Алдарт 16 уяачтай. Сумын хэмжээнд нийт 200 гаруй уяач бий шүү. Ер нь манай сум чинь уяач олонтой. Сүүлийн үед залуус морь уях их сонирхолтой болсон байна. Тэд зүүн зүгээс авсан адуу бүрийгээ уяж байгаа. Манай нутагт зүүн зүгээс ирсэн 300 гаруй адуу байна. Эдгээр адуунуудаа түрүүлж, айрагдах болов уу гэж горьдсон хүмүүс их. Зарим морьд нь сайн давхиж байгаа. Зүүн зүгээс авчирсан 300 адууны 100 гаруйг нь би өөрөө авчирсан юм. Биднийг зүүн талаас адуу авахад аймгийн Иргэдийн хурлын дарга асан Дэлгэржаргал гэж залуу ивээн тэтгэсэн. Тэр залуу ивээн тэтгэж зүүн аймгуудаар явах бензинээр нь хангасан юм. Дараагийн адуунуудыг авчрахад УИХ-ын гишүүн асан Ц.Дашдорж гуай их тусалснаас гадна манай уяачдын холбоонд таван ханатай цоохор гэр бэлэглэсэн. Тэр ажлын буянаар 20, 30 адууг нутагтаа авчирсан.
-Тэр үед авчирсан адуунаас онцгой амжилт үзүүлсэн морьд бий юу. Ер нь та бүхний зүүн зүгээс хэрэг болгон авчирсан адуунууд яаж давхисан бэ?
- Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Доржсүрэн гэж хүнээс авсан буурал азарга бүсийн наадамд нэг аман хүзүүдэж, хоёр айрагдсан. Их, бага наадмаас 10 гаруй айраг, түрүүтэй.  Уралдсан наадам бүрээсээ түрүү, аман хүзүүтэй буцдаг адуу юм. Мөн Дорноговь аймгаас авчирсан В.Батмөнхийн буурал азарга сум болон бусад наадмаас 10 гаруй айраг, түрүүтэй. Сүхбаатарын Асгатаас авчирсан миний хоёр морь өөрийн сум болон тойрсон сумдад хавчиг соёолон хүртлээ айрагдаж, түрүүлж байсан. Зүүн зүгээс авчирсан азарганы  төлүүд ч их сайн давхиж байгаа. Энэ жил гэхэд Бугат сумын 70 жилийн ойн баяр наадмаас гурван түрүү, найман айрагтай ирсэн. Тонхил сумын наадмаас мөн нэг түрүү, хоёр айрагтай ирсэн дээ.
-Тэгвэл нутгийн адуунууд яаж хурдалж байна?
- Нутаг адуу уягдахгүй байгаа. Зүүн зүгийн адууны хөлийн хурдыг нутаг адуу гүйцэхгүй байна.  Тийм болохоор хүмүүс голдуу зүүн зүгийн адуугаа уяж байна. Сумын наадамд их насны 50 морь уралдлаа гэхэд тэдний 80 хувь нь зүүн зүгийн адуу байх жишээтэй. Тэгээд айрагдаж буй морьдын эхний 10 морь нь зүүн зүгээс ирсэн байгаа юм. Энэ мэт манай нутгийнхан ихэвчлэн зүүн зүгийн адуутай болчихлоо. Нутаг адууг уналага, эдэлгээнд хэрэглэх эсвэл идэш ундандаа идэж байна. Нутаг адууны төлийг зүүн зүгийн азарганд тавиад дундаас нь төлөө авах сэтгэл бол байгаа шүү.
-Адууныхаа удам угсааг сайжруулахаас гадна уяачдынхаа морь уях эрдмийг дээшлүүлэх ажлыг хийж байгаа юу?
- Уяачдын мэдлэгийг дээшлүүлэхийн тулд үргэлж зөвлөгөө өгдөг. Би уяачдынхаа хамтаар 30 гаруй жил морь уяж байна.  Манай залуу уяачид биднээс их зүйлийг асууж, зөвлөгөө авдаг. Би залуустаа хандан “Та нар минь нэгдүгээрт мориныхоо өлөн, цатгаланг мэддэг болчих. Хоёрдугаарт морийг тарган эсвэл туранхай эрэнд нь уях уу гэдгээ мэддэг бол” гэж хэлдэг юм. Мориныхоо онцлогт тааруулан уях талаар их зөвлөгөө өгдөг дөө.
-Уралдаан зохион байгуулахад хүүхдийн хувцас, гарааны төхөөрөмжтэй байх. Дээрээс нь унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах, гурвалсан гэрээ хийх гээд олон ажил хийх ёстой болдог. Танай холбоо энэ тал дээр жигдэрч чадсан уу?
-Унаач хүүхдийн хамгаалалтын хувцасны хувьд жигдэрсэн. Биднийг аль ч газрын наадамд очиход хувцас, хэрэглэл дутуу гэх асуудал гардаггүй. Мөн даатгалгүй байна гэсэн асуудал огт байхгүй. Хаврын уралдаан эхлэхэд би бүх хүүхдээ даатгалд хамруулдаг. Унаач хүүхдийг хамгаалахын хувьд хүүхдийн байгууллага болон нутгийн захиргаанаас өндөр шаардлага тавьдаг. Тэгэхээр бид морьдоо голдуу нутгийн хүүхдүүдээр унуулдаг. Тэгээд эцэг, эхтэй нь гурвалсан гэрээ хийдэг.
-Төгрөг суманд нэг жилд хэдэн уралдан зохион байгуулагддаг вэ? 
- Сумын наадмын төсөв маш бага учраас манай уяачид ихэвчлэн овооны наадам, ургийн баяр, насны ойд морьдоо уралдуулж байна. Эдгээр наадмын бай, шагнал нь өндөр байгаа болохоор л тийшээ явж байна. Харин улсын баяр наадамд уяачийн амжилт тодорхойлогддог учраас л морьдоо уралдуулж байгаа. Манай уяачид бүтэн жил морио тэжээчихсэн учраас халбага тэжээлний мөнгө олохын тулд гайгүй өндөр шагналтай наадамд явахыг бодно. Сумын баяр наадмаар түрүү моринд 90 мянган төгрөг, өргөмжлөл медалийн хамт өгдөг шүү дээ. Тэгэхээр сумын наадмын төсвийг жаахан нэмэх хэрэгтэй л байгаа юм. Мөн хөдөөгийн уяачдын амжилт их дарагдаж байна. Бүл цөөтэй уяачид малаа маллахын хажуугаар морио уядаг. Тэгээд хоёр сараар морио уяад хээр, хөдөө явах боломж бага.  Тэгэхээр хөдөөний уяачдын их, бага наадамд гаргасан амжилтыг нь үнэлэх тал дээр харж үзмээр л санагдах юм. Тухайлбал, манай суманд Цээл, Тонхил, Дарив, Шарга, Халиун гээд таван суманд морьдоо түрүүлж, айрагдуулсан нийт 60 гаруй айраг түрүүтэй аймгийн Алдарт уяач хүн бий. Тэр хөгшний амжилтыг нь өгсүүлээд Улсын Алдартад тодорхойлох арга, чарга байдаг болов уу гэсэн боддог юм.
-Танайх шинэ жилээ тэмдэглэж шилдгүүдээ тодруулдаг уу?
- Манай аймгийн уяачдын холбоо жил бүр шинэ жилээ тэмдэглэдэг. Тэр баярт манай сумаас дөрвөн уяач оролцдог. Харин цагаан сараар сумын болон аймгийн Алдарт уяачдынхаа шагналыг гардуулдаг.
-Та энэ нутгийн гурван үеийн нэртэй уяачдыг нэрлээч?
- Дээхнэ үед манай сумын Хүрэн гол бригадын Санжжавын хоёр хээр морь сумандаа тасралтгүй долоон удаа түрүүлж, айрагдсан. Түүний дараа Тунгалаг багийн уяач С. Даваадаш их насны мориороо таван түрүү авсан. Бас Ванчиг гуай  их насны морины гурван түрүүтэй. Би өөрөө их насны гурван түрүүтэй. Мөн Мааньт багийн уяач Хоохон Ёндон гэж хүний хээр морь суманд хоёр жил дарааллан түрүүлсэн. Сүүлийн үеийн залуусаас уяач Бодьгэрэл, Нэргүй нар морьдоо дарааллан хоёр жил түрүүлүүлээд байгаа.  Бодьгэрэл  бол бага насны морийг их сайхан уяна. Уясан болгон нь айрагддаг. Мөн уяач Энхсайхан, Диваанасан нар бага насны морийг их сайн уядаг. Тэд бага насны морь уяхдаа нэлээн гаршсан шүү. Дээхнэ үед ч морьдыг байгалиар нь сайхан уядаг хүмүүс их байсан.
-Азаргаар сайн наадаж байсан ямар хүмүүс байна.
- Манай сумын уяач Лхагвадашийн халтар азарга сумандаа 10 түрүүлсэн, дунд нь завсар тун бага орсон. Сүүлийн үед Пүрэвдоржийн буурал азарга сумандаа дөрөв дарааллан түрүүлээд байна.
-Төгрөг сум хурдан морины хөгжлөөрөө аймагтаа хаагуур эрэмбэлэгдэж байна?
- Ер нь доогуурт эрэмбэлэгддэг. Намайг ингэж хэлж буйд манай уяачид гайхаж мэднэ. Би Төгрөг сумын “Монгол адуу” ниймгэмлэгийн нарийн бичгийн даргаар таван жил, уяачдын холбооны даргаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Гэтэл би аймагт морь айрагдуулж үзээгүй. Манайх морьтой ч уяачид нь тиймхэн л гэж боддог. Түүнээс адгуусыг муулах аргагүй шүү дээ.
-Таны хувьд хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-Манай аав хадам хөгшнийхөө морийг дагнан уяж байсан. Аав насаараа сарлаг хариулсан хүн. Олон жил ч морь уясан. Янз бүрийн алдар цолгүй ч морьд нь их сайн давхиж байсан юм.  Миний хувьд 1975 онд сургуулиасаа гараад аавыгаа дагаж морь уяж эхэлсэн. Тэгээд 1977 онд цэрэгт явж 1980 онд ирсэн. Дараа жилээс нь буюу 1981 оноос морь уяад 1986 он хүртэл олигтой амжилт гаргаж чадаагүй юм. Ингээд 1986 онд манай сумын ой болох гээд тэрэнд би морио айрагдуулчих санаатай байлаа. Рина гэж хүнээс нэг бор морь худалдаж аваад уясан ч ойд айрагдаагүй. Манай хадам аав аймгийн Алдарт уяач Жамбал гэж хүн байсан. Тэр хүн манай хүүд нэг даага өгсөн юм. Тэр даага суманд хоёр, гурав айрагдсан шүү. Түүнээс хойш олон айраг, түрүү авсан даа. Сүүлийн 15 жил морь уяхдаа сумын ой, улсын баяр наадам болон бусад наадамд их насны морио тав түрүүлүүлж, 10 айрагдуулсан. Бас нэг даага маань Төгрөг сумын сургуулийн ойд аман хүзүүдэж, Ховд аймгийн Дарви сумын Сутай уулын хишиг наадамд тасархай түрүүлсэн. Мөн Халиун сумын наадамд түрүүлж мотоциклиор шагнуулсан шүү. 2014 онд манай сумын 90 жилийн ойн баярт миний Хараацай бор морь аман хүзүүдсэн ч хүүхэдгүй байсан учраас тав ухарч долоогоор баригдсан. Тэр наадамд миний Тахь хонгор морь мөн гуравт ирсэн. Тахь хонгор өнгөрсөн жил таваар давхиснаас гадна дөрвөн наадамд уралдаж бүгдээс нь айраг авсан.  Бугат сумын наадамд нэлээн давхина гэж горьдож байсан ч төхөөрөмжнөөс үргэж буцаж давхиад 200 шахам морины араас гараад 26 дээр ирсэн. Би 2003 онд Бугат сумаас хараацай бор морь авсан юм. Тэр морь 2004 онд сумын наадамд аман хүзүүдэж, 2005, 2007, 2009 онд түрүүлсэн. Сумын баяр наадмаас нийт гурван түрүү, дөрвөн айрагтай.  Бор морь маань одоо 22 настай миний адуунд байж байна. Бага насны адуунуудынхаа амжилтыг дурдвал бас нэлээн бий.
-Бага насны морьдынхоо амжилтыг дурдвал?
- Хөөрхөн хүрэн халзан үрээ маань олон айраг, түрүүтэй. Сум болон гадны сумдаас нийлсэн  58 айраг, 19 түрүүтэй. Бүх өргөмжлөл, медаль нь байдаг юм. Би хоёр хүүтэй хоёулаа морь сонирхдог. Даанч бүх сайхан морьдоо 2001 оны зуданд барчихсан юм. Тэгээд би нэг морь худалдаж авъя гэж бодоод Хараацай бор морио Бугатаас авсан юм. Тухайн үедээ их өндөр үнээр авсан. Хоёр сая таван зуун мянган төгрөгөөр авч байлаа.
-Танд ирэхээсээ өмнө ямар амжилт үзүүлсэн байв?
- Надад ирэхээсээ өмнө Бугат сумандаа дааган цагаасаа соёолон хүртлээ түрүүлсэн байсан. Тэгээд улсын Начин Эрхэмбаярын ээждээ зориулсан баярт мөн түрүүлсэн. Мөн бага насандаа Тонхил суманд бас түрүүлсэн юм байна лээ. Тахийн таван жилийн ойд аман хүзүүдсэнийх нь дараа би авсан. Энэ мориороо газар, газрын наадамд наадаж их ч олон хүнтэй танилцсан. Бусад морь маань хараацай бор морийг дагаж их сайн давхисан санагддаг. Мөн буга хонгор азаргаа ярихгүй байж болохгүй. Би хонгор азаргаа Сүхбаатар аймгийн Асгатаас авчраад долоохон хонуулаад л аймгийн Алдарт уяач Юмжав гэж хүний баярт уралдуулсан, тасархай түрүүлсэн. Тэр цагаас хойш нэлээн айрагдаж, түрүүлсэн. Хавчиг соёлондоо азарганд бариулаад хөлөө гэмтээснээс нь хойш уяагүй, азарга тавьчихсан. Төлүүд нь хурдлахаар байгаа.
-Та түрүүн тахь хонгор мориныхоо талаар ярьж байсан.  Тэр хаанахын адуу вэ?
 -Тахь хонгор Гачууртын Чинбатын ах МУ-ын Манлай уяач Батмөнх гуайн адууны угшилтай. Тахь хонгороо аймгийн наадамд айрагтай гэж горьдог хүн дээ би. Бага насанд нь хоёр удаа аймагт уралдуулахад нэгэнд нь наймаар, нөгөөд нь зургаагаар ирж байсан. Энэ жил бяр тэнхээ нь ханаж байгаа учраас ирэх жилээс аймагт уралдуулна даа. Багадаа сумын болон бусад наадмаас олон айраг хүртсэн морь доо.
-Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?
- Би 2014 оны сумынхаа ойгоор л их баярласан даа. Тэр наадамд миний бүх ах, дүүс ирсэн байсан. Тэр дунд гурван сайхан нагац ах маань ирсэн байлаа. Би тэр гурвыгаа машиндаа суулган их насны морьдын уралдаан дагаж үзүүлсэн. Тэгэхэд миний хоёр морь хоёр болон гурваар ирсэн. Айргийн тавд миний зээгийн алаг морь ирсэн. Тэгэхэд би нулимс гаргаж байсан. Нагац нар болон морьдоо хараад шууд уйлж байлаа. Олон түмэн ч харсан байх би хоёр морио хичээж уясан. 
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд их баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнхөд ивээгдэж яваарай.
-Та бүхний ажилд ч өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говь-Алтай аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна