Аймгийн Алдарт уяач З.Норов: Адуу, тэмээ аль алиныг хурдан болгох нь яаж сургахаас эхэлдэг юм
Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Норовтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1953 онд Баянцагаан уулын өвөр Тоонон хэмээх газар төржээ.
-Багадаа хурдан морь унаж өссөн болов уу. Ер нь монгол хүүхэд хэдий үеэс морь мал унаж сурвал тохиромжтой байдаг юм бэ?
-Би чинь найман настай нэгдүгээр ангид орж байлаа. Тэр үеэсээ морь унаж эхэлсэн бол гуравдугаар ангиасаа булгидаггүй даагыг сургачихдаг болсон. Нэг удаа нэгдүгээр бригадын агент ах “нэг үрээ хүүхэд булгиж унагачихаад болохгүй юм. Чи моринд гайгүй хүүхэд байна. Сургаж чадах уу” гэхээр нь чаднаа л гэсэн. Сургасан нөгөөдөх чинь ойр зуур ухасхийгээд хурдтай ч үнэн гоё үрээ байнаа. Тэгэхээр энэ хээр үрээг чинь би энэ жил уяадахъя гэвэл “тэг тэг чи уяад, харайж байвал харайлга. Гэхдээ энэ хавар цас зуд ихтэй байсан болохоор арай л тамир нь хүрэхгүй байх даа” гэлээ. Би ч хашир уяач дагаж гүйж байгаад хөлс аваад үсэргээд уялаа. Тэгсэн ах настны хоёр соёолонтой хязаалан үрээ үсэргэсэн түрүүлээд ирдэг юм. Тэрнээс урам авсан би наадамд мордуулж, аман хүзүүлгээд, хойтон жил нь өөрийнхөө шүдлэн үрээг уяж бас аман хүзүүдүүлж уяачийн гараагаа эхэлж байлаа.
-Гурав, дөрөвдүгээр ангийн хүүхэд уяад байгаа гэсэн үг үү?
-Тиймээ. Гэхдээ их нас, азарга уяж байгаагүй л дээ. Өөрийн болон хүний сургасан бага адууг уядаг байсан юм. Тэгснээ нэг хэсэг тэмээ рүү орж, цэрэгт явахынхаа өмнөхөн өөрийнхөө ботгыг айрагдуулсан. Цэргээс халагдаж ирсний дараа ч улсууд тэмээ уяулж, хүний өөрийн нийлсэн таван тэмээ уяж, эхний тавд дараагаар оруулсан. Урам орсон ч гэж жигтэйхэн. Ингээд ноцолдоод байвал үр шим гарах нь гэж бодсон. Тэгээд хойтон жил нь гурван тэмээ уявал завсар нь нэг тэмээ ороод мөн л дараагаар орлоо. Мөн дөрвөн тэмээ уяад завсар нь нэг тэмээ ороод дарааллуулж байсан ч удаатай. Ийнхүү хэсэг тэмээгээр явснаа больж цагаан газар ирээд дахин морь уяхаар шийдлээ. Тэгсэн нэг өдөр манай ахын хүргэн нь “тэмээгээ уяулах гэсэн юм” гээд дөрвөн шүдтэй тайлаг бүдүүн тэмээ аваад ирлээ. Хүн тоогоод ирж байхад үгүй гээд буцаах муухай юм даа гэж бодоод уялаа. Бүдүүн тайлаг тэмээ суманд түрүүллээ. Залгаад манайд болдог байсан бэсрэг наадамд түрүүллээ. Нэг удаа ахын хүрэн тэмээг шүд гараагүй тайлаг бүдүүн тэмээнд уралдуулаад айрагт оруулчихаж байлаа. Тэрнээс хойш ах өөрөө уяад явдаггүй. Сүүлдээ ах “сайн тэмээ юмсан. Уяандаа байна уу учрыг нь олохоо байлаа. Энэ жил чи уяадахаач” гэхээр нь бэсрэгтэйгээ цуг явуулсан чинь хоёулаа нэг, хоёр дээр ирлээ. Би ч “хурдан морины жоохон хүүхэд л олоод өгчих, тэртээ тэргүй бэсрэгээ дагаад явчихна цаадах чинь” гэж хэлсэн юм. Тэгээд уяад ирсэн ах хүүхэд аваад ирчихэж. Энэ хойд руу бэсрэгт түрүүлчихсэн тэмээтэй гараад явчих байх гэж бодсон цуг гарч чадсангүй ээ. Хүүхэд гараа алдаад л гарчихлаа. Нэг эргээд харсан дөрөв дээр явж байнаа нөгөөх чинь. Улмаар хүрэн тэмээгээ түрүүлгээд, бэсрэгээ аман хүзүүдүүлж байсан.
-Тэмээний уяа сойлгын онцлог юу вэ? Та юун дээр нь илүү анхаардаг вэ?
-Малын уяа сойлго гэдэг бол ерөөсөө л дасгал юм. Хүчинд нь халгаагүй дасгал сайн хийсэн л бол тэмээ, морь ялгаагүй. Харин хүчинд нь их халдвал бяр нь хүрэхээ байчихдаг.
-Жишээ нь?
-Жишээ нь хүн дээр ярихад, байнгын дасгал хийдэгтэй хийдэггүй нь гүйхэд гүйцэхгүй шүү дээ. Үүнтэй л адил. Тэмээн дээр хурдаар нь явж уралдах дасгалыг нь хангадаг. Гэхдээ хүч нь ханаагүй байхад хамаагүй хурдны дасгал хийж болохгүй. Өдөр өдрөөр ахиулсаар сүүлдээ уралдах газраа асуудалгүй хүрэхийг хэлээд байгаа юм.
-Та хэдий хүртэл тэмээ уясан бэ?
-Би Цэцэний багт хэсэг тэмээ уяж байгаад сүүлд энд ирээд ахын хүргэн бандийн тэмээг уяж түрүүлгээд зогссон. Ингээд 2000 оны өмнөхөн моринд орсон.
-Хаанахын ямар удам угшилтай адуугаар уяа эхэлж байв?
-Өөрийн унаган адуунаас бага насанд айрагдаж түрүүлгэчихээд л байдаг байлаа. Харин их нас, азарга явдаггүй. Тэгж байгаад гаднаас морьд авч гайгүй давхиулаад байгаа.
-Хаана хаанаас авсан бэ?
-2001 оны зуднаар адуугаа дуусгачихаад хоёр жил ерөөсөө морь уяагүй. Тэгсэн нэг жил эхнэр “чи моринд бүх юмаа зориулдаг байлаа. Гэтэл одоо наадам ч үзэхгүй юм. Энэ жил хамтдаа наадам үзье” гэнэ. Ингээд наадам үзсэн Баян-Өндөрийн хоёр алаг морь нэг, хоёр дээр ирдэг юм. Тэр үед бодлоо. Үгүй ер нь манай суманд морь муудчихаж гэж. Нутгийн нэр байна даа гэж бодоод сэтгэл шулуудан өөрийн пургоноо зараад хэдэн морь авч уялаа. Болоогүй хоёр гурван их насны морь бага жижиг наадмуудад дараалаад орчихлоо. Шүдлэн үрээ авсан нөгөөдөх нь бас түрүүллээ. Үүнд урамшсан би нэг хэсэг Мэнгэт хээрээрээ сайхан наадсан. Хоёр Ардын хувьсгалын баяраар дараалан түрүүлгэсэн. Хээр мориноос залгаад хонгор морийг уясан. Манай Засаг дарга асан Энхтөр Хэнтийгээс авчраад намайг уяадахаач гэсэн юм. Ер нь сүүлийн жилүүдэд их насаар сайхан наадаж байна. Тээр жил Баацагааны 80 жилээр Галуутаас хүргэн Гүнцамбынхаа бэлэглэсэн морийг түрүүлгэсэн. Өөр шүдлэн түрүүлгэсэн юм. Хээр морь бол манай аймгийн Монгол улсын Алдарт уяач Дашдамбын унаган адуу л даа. Намар нь медалийн мялаалга наадмаа хийж унаган эзэн Дашдамбыг урьсан юм. Тэгсэн ирээд “хэдэн хонины морь уралддаг газар уралдаад түрүүлчихдэг. Үгүй мөн сонин юмаа гэж саналаа” гэсэн. Тэгээд цааш нь “уяанд байдаг юм байна гэдгийг мэдлээ. Би тав уяад тав дахь уяан дээрээ түрүүлж байгаа болохоор дутуудсан юм байгаа биз. Бүүр нүднээс гарчихсан гэж бодсон тарган хэвээрээ байна” гэсэн. Аймагт бол Баацагааны адуу хурдан шүү дээ.
-Тав дахь уяагаараа 80 жилд түрүүлсэн юм уу?
-Тиймээ, тав дахь уяандаа түрүүлсэн. Тэрний өмнө дөрвөн уралдаанд манай түрүүлдэг хээр морьтой уралдаад дандаа айрагдсан. Тэр хээр моринд арай хүрдэггүй байсан.
-Дөрвүүлэнд нь та өөрөө уясан уу?
-Тиймээ. Баацагааны 80 жилээр хээр морьтойгоо цуг аваад очсон. Тэгэхэд хээр морины дөрвөн тавагнаас цус гарч, гишгэсэн газар болгонд дугуйраад туначихсан байлаа. Хүүхдээс нь “хээр морь яав” гэвэл “хэсэг бөөрөнхий хар дайрган дунд ороод хоёр, гурав бүдрээд суучихсан” гэх нь тэр. Тэгсэн ч хээр нь түрүүлж, шүдлэндээ уралдаж байсан Одон хондон Баацагааны 80 жилээр түрүүлсэн. Үүнээс өөр сумандаа хэд хэд түрүүлсэнээс гадна Баян-Өндөрт азарганд түрүүлж, бас нэг айрагдсан. Мөн Шинэжинстэд очиж аман хүзүүлсэн. Жижигхээн хөөрхөн сартай болохоор нь Одон хондон гэж нэрлэсэн юм.
-Баацагааны ойд улдчихсан хээр морь дараа нь яаж давхисан бэ?
-Нэг үсэргээ юмуу, уралдаан хийгээд л ул нь цөмөрчихдөг. Улыг нь тахалж, хаймар тавьж хадаж байж уралддаг байсан юм. Тэгсэн Баацагаанд тэгж ул нь эвэршсэнээс хойш ахиж ерөөсөө улдаагүй. Түүнээс хойш сайхан давхисан хөөрхий.
-Загийн морь гэлүү?
-Галуутын адуу л гэж ирсэн. Бага насандаа Галуутдаа нэг айрагдсан, хүрэл медальтай. 100 гаруй морь явахад урдаа арван хэдэн, ардаа 100 гаруй морьтой л ирдэг юм.
-Хэдээр авч байсан бэ?
-Тэгэхэд малын ханш гайгүй байлаа. 500,0-аар авч байсан. Харин “нэг эмнэг даага авчирсан, ах сонирхохгүй юу” гэхээр нь зуданд адуугаа барчихсан болохоор дуртай авсан юм. Тэр нь Одон хондон маань байгаа юм. Хүнд сайн морь заяахаараа унага ч гэсэн дагуулаад ирдэг юм байна лээ. Миний муу хөгшин хээр надад нэг унага дагуулж ирсэн.
-Өөр таны нэрийг гаргасан ямар ямар хурдан хүлгэд байна вэ?
-Одон хондонгийн дараа Энхтөрийг зүүнтээ адуунд явахаар нь “сумын ойд үзчихмээр адуугүй болчихлоо. Сайн уяач гүү, дунд уяач азарга, муу уяач морь тус тус өрддөг юм гэнэлээ. Морь нэгээрээ л үлддэг бол азарганаас ганц нэг төл гарч магадгүй, гэхдээ гүү талаа дагадаг гэж хөгшчүүл ярьдаг. Ахдаа зүүн талаас исгэл даагатай гүү аваад ирээрэй” гэж захилаа. Тэгээд надад Хэнтий аймгийн Мөрөнгөөс хамтдаа ХААИС төгссөн ангийнхаа хүүхдээс аман хүзүүлсэн даагатай гүү авчирсан. Ингээд даагаа уялаа, сайхан харайхаар нь бага хүүдээ өгчихлөө. Хүүд очоод хоёр ч аймгийн бүсэд орсон. Манай аймаг чинь долоон сум нийлээд нэг бүс хийдэг юм.
-Хэнтийн Мөрөнгөөс ирсэн гүү хээлтэй ирсэн үү?
-Тиймээ, хээлтэй ирсэн. Дараа жил охин унага гарсан том хүү “та дүүд хурдан азарга тавь гээд үрээ өгсөн. Надад охиныг нь өгөхгүй юмуу” гэхээр өгчихсөн. Хүү маань ХААИС-ийг төгсөж ирээд захиргаанд мал эм зүй үржлийн газар ажилладаг юм. Тэгсэн хойтон жил нь ахиад эр унага гарч, уяад үзсэн дажгүй шүү. Тэгсэн инээдтэй ээ том хүү “аав бага хүүдээ хурдан морь өгсөн юм чинь надад өгөх юм байгаа биз дээ” гэлээ. Тэгээ тэг гайгүй харайвал авахгүй юу л гэлээ. Тэгэхэд суманд Баацагааны хоёр даага нэг, хоёр дээр орж, өнөөх маань гурваар орсон. Ингээд том хүүхдээ өгчихсөн. Хойтон жил охин унага төрөхөөр нь бага хүүдээ “та хоёрт нэг нэг гүү өгье. Эхийг нь авах уу, охин даагаа авах уу” гэсэн эхийг нь авлаа. Ингээд охин даагатай үлдлээ. Тэр жилийнх нь зургадугаар сарын 1-нд нэрэмжит наадам хийхээр зарлалаа. Энэ наадмаар Баацагааны өвөлжин тэжээсэн исгэл хүрэн даага түрүүлж, манайх аман хүзүүдсэн. Хөөрхий исгэл хөхсөний бяр л байсан байхаа. Тэндээс “хурд гүү талаа дагадаг юм байна” гэж залууст хэлэх болсон. Бас хойд өөр багийн залуучууд морь уяад өгөөч гэдэг юм. Би ч хөгшин хүнээр морь уяулаад яах вэ. Үнэхээр уяъя гэж бодож байгаа бол морьдоо авчраад цуг уя. Тэрнээс намайг үхсэнээс хойш давхихаа байчихвал та нарт муухай. Надад мэддэг чаддаг юм байвал сураад хоцор. Итгээд морио уяулъя гэж байгаад чинь баярлаж байна. Гэхдээ та нар өөрсдөө сураад ав” л гэдэг.
-Сүүлийн үед залуу уяачид нэмэгдэж байна гэж ярьдаг. Тэд таныхаар юун дээрээ илүү алдаад байх шиг санагддаг вэ?
-Морь уяад алдахгүй давхина гэж юу байхав дээ. Алдаж ононо. Тэр байтугай адуу чинь үхнэ. Гэсэн ч шантарч болохгүй, уйгагүй уяад л байвал адууны тэнгэр хардаг гэдэгт би итгэдэг. Ер нь зорьсондоо хүрэхийн тулд алдаж онож л яваад сурдаг юм.
Адуу, тэмээ аль алиныг нь хурдан болгох нь сургалтаас л эхэлдэг юм. Муу сургачихвал хурдан байсан ч биеэ нөөгөөд явдаггүй. Гэхдээ багад нь ширүүн дориун уячихвал алсдаа давхихгүй болчихно. Тэгэхээр эхэлж сургахдаа зөөлөн, зөөлөн хийсээр ахиулахгүй бол залуучууд барьж аваад л шавхдуулах гээд зоригийг нь авчих юм. Зоригийг нь авчихсан адуу харайх чадал байсан ч хэсэг харайгаад шантардаг болчихдог. Тэгэхэд зоригийг нь аваагүй сайхан сургасан адуу, тэмээ өөрөө чадлаа үзээд явчихдаг.
-Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцдаг гэлцдэг. Танд сургамж үлдээсэн ямар наадам байна вэ?
-Сургамж гэхээсээ илүү урам орсон наадам олон юм болов уу. Баянговийн Өрөгтийн наадамд гурван аймаг, 10-н хэдэн сумын морьд уралдахад хар азаргаа соёолонд түрүүлгэж байлаа. Тэндээс морь уях сайхан юм байна гэж их ч урам орж, илүү мэрийлттэй уяж эхэлсэн. Дараа нь Баацагааны 80 жилээр хоёр морьтой очоод хоёр түрүү авсан. Бас сумын наадамд Энхтөрийн хонгор морь их насанд түрүүлэхэд, азарганд манай Одон хондон түрүүлсэн. Гэхдээ соёолонд нь би Баян-Өндөр руу зарчихсан юм.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач болж байсан бэ?
-Тулгамдаад оныг нь санадаггүй ээ.
-Та дөрөвдүгээр ангиа төгсөөд л мал дээр гарсан уу?
-Тэгсэн. Малд дуртай болохоор дөрөв төгсөөд мал малласан. Тухайн үедээ “долоо, наймд орвол мал дээр гарахгүй. Одоо л гармаар байна” гэж зөрсөөр сургуулиасаа гарсан хүн дээ.
-Таны аав Задий ямар ажил алба эрхэлдэг хүн байв?
-Дээр үед нэгдлийн дарга, ангийн дарга хийж явсан хүн. Морь өөрөө нэг их сонирхдоггүй. Харин аавын ах, дүү Балдар морь уядаг, жороотой улс. Балдарын жороо бор морь суманд олон түрүүлсэн мундаг адуу байлаа. Тэрний түрүүч нь өвөг аавын жороо бор морь байсан юм гэнэ лээ. Хуучин Жинстэд л байсан шиг байгаа юм. Сагийн хошууныхантай нийлээд жороо бороо унаад цагаан сараар хэсэгтээ л айл хэсдэг байсан гэсэн. Тэр бор моринд хүрдэг морь ерөөсөө байгаагүй. Зүгээр чавхаар явсаар байгаад урдаа гарчихна. Аавын төрсөн эгч ярьдаг байсан. “Сагийнхан ерөөсөө морь гүйцэхгүй юм байна. Атан тэмээнүүд хагсрааж байгаад 20,30 км уралдъя гээд үзсэн бүдүүн тэмээнүүд хүрэхгүй байсан. Сүүлд 20 гаруй км болоод 30 шахаад ирсэн тэмээнүүд нь гарсан” гэж хуучилдаг. Хөгшчүүл “дээр үеийн сайн жороонууд ороог барьдаг” гэж ярьдаг даа. Үнэхээр л бугуйл алдчихсан, морь гишгүүлдэггүй жороонууд байсан юм гэнэ лээ. Одоо Залаа Жинстийн унагыг улсууд их сайн гэлцдэг. Амарбуянтын хүрээнд Жамцтангалын жороо цоохор гэж ямар ч ороог жороогоороо барьдаг адуу байж. Тэгээд Монголын нийслэл Хархоринд очоод нэг том даншиг наадамд жороогоор түрүүлж. Эндээс Залаа Жинстийн унага их тодорсон гэж ярихыг сонссон. Одоо ч мэдэх улс нь Залаа Жинстийн унагыг ярьцгаадаг л юм.
-Залаа Жинстийн унага хурдан гэдэг шиг эндэхийн хаана тэнцсэн унага илүү хурдан гэж ярьдаг вэ?
-Манай энд чинь удам залгасан долоон саарал гэж ах дүү долоон морь гарч байсан. Ямар сайндаа л сум нэгдлийн дарга нэг саарал морь түрүүлээд ирсэн хэний морь гэдгийг мэдэхгүй байгаа ш дээ. Тэгсэн өнөөхөөс чинь өөр сумын дарга “за танай ямар морь ирэв” гэхэд нь “долоон саарлын нэг түрүүллээ” гэж хэлсэн байгаа юм. Үүнээс өөрөөр дээхнэ үедээ Тэгш хүрэн гэж бас хурдан морь байлаа.
-Тэр долоон саарал хаанаас гаралтай юм бэ?
-Алтантэвшийн голын унаган адуунууд байлаа. Би чинь энэ Алтантэвшийн гол руу сүүлд орж үзсэн хүн. Уг нь долоон саарлын удамнаас азарга авч тавъя гэж үзсэн ч олдоогүй юм. Ихэнх нь морь болчихсон юм билээ.
-Одоо хүүхдүүд удам залган уяа эвлүүлж байна уу?
-Хоёр хүү, дөрвөн охинтой. Хоёр хүү аль аль нь моринд хорхойтой. Уявал ямар ч гэсэн аль, аль нь надаас дутахгүй байх л гэж санадаг юм. Ер нь манай нутгийн залуус ч моринд их дуртай. Уяачдын холбооны тэргүүн Энхбаатар, Дэлгэр, Төр гээд л үнэн адуунд хорхойтой хүүхдүүд байна. Морьд нь харайсан харайгаагүй үзээд л байдаг юм. Ер нь тэгээд адуу гэдэг амьтан монгол хүн бүрийн сэтгэлийг татдаг юм байна. Тэр нэг жил ган гачиг болоод Улс хувьсгалаар 20-н хэдхэн морь уралдлаа. Тэгсэн тэр 20-н хэдхэн морийг үзэхээр наадмын талбай дүүрэн шахуу хүн цуглачихсан байж билээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Эрүүл энх байж урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж явах болтугай.
-Тэр ерөөл бат оршиг. Хурай хурай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна