Аймгийн Алдарт уяач Л.Баасандорж: Сумынхаа 85 жилийн ойгоор нэг түрүү, гурван айраг авч байлаа

А.Тэлмэн
2017 оны 9-р сарын 28 -нд

Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Баасандоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1958 онд Норовлин сумын нутаг Түмэнхаан хэмээх газар төржээ.
-Алдартын хурд ирлэх болсон үе хэзээнээс эхтэй вэ?
-Цэрэгт явахаасаа өмнө уяа сойлго тааруулах гэж оролддог байлаа. Тэр чинь 1975 он. Ингээд Эрдэнэтэд гурван жил цэргийн алба хаагаад 1979 онд халагдаж ирсэн. Эрдэнэтийн мал аж ахуйд тууврын мал хариулж байхдаа Архангай аймгийн Хангай суманд тууварт гардаг юм. Ингэж явахдаа унаж явсан морио уяад Архангай аймгийн Цэцэрлэг суманд тавлуулсан нь анхны айраг гэх үү дээ. Ингээд цэргээс ирээд жилийн дараа хүний соёолон морь уяж, сумандаа аман хүзүүдүүлж байснаас хойш 30 гаруй жил хурдан тууртын тоосонд хийморио сэргээж явна. Харин анхны өөрийн адуугаар наадсан үе гэвэл 1985 он байна. Нэгдэлжих хөдөлгөөний 30 жилийн ойгоор өөрийн адуугаар наадаж, хоёр аман хүзүү, нэг түрүүгээ авчихаад үнэхээр их баярлаж билээ. Тэгэхэд их морь, азарга аман хүзүүдэж, шүдлэн үрээ түрүүлгэж мөн ч одтой наадсан даа.
-Хаанахын адуугаар наадаж байна. Адуу их цуглуулав уу?
- Сүхбаатар, Дорнод, Хэнтийгээс адуу нэлээн цуглуулсан шүү. Тиймдээ ч Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай уяачаар нэрлэгдсэн. Эндээс сонирхуулахад 1985 онд Хэнтий аймгийн Осорын Лувсандоржийн Донир угшлын хээр азаргыг хавчигт нь таван мянган төгрөгөөр авч байлаа. Надад ирсэн жилээ хавчиг азарга аман хүзүүдэж, түүнээс хойш сумандаа дөрөв түрүүлж, хоёр айрагдсан. Бас 2004 онд Дорнодын Цагаан-Овоогоос 100 хониор хүрэн азаргаа авч, нэг жилд найм уралдуулж, долоо айрагдуулсан бахтай түүх бий. Өдгөө 19-тэй хүрэн азарга маань Дүнжингаравт 40 хэдээр, “Их хурд”-д 46-д орж байлаа. 26, 27 медальтай азарганы маань амжилт намайг аймгийн Алдарт болоход нэлээд жин дардаг юм. Дорнодод олон ч удаа хурдалсан, буянтай амьтан даа. Аймагт нэг удаа дөрөвлөж, сумын наадмаар Баян-Овоод нэг, сумандаа нэг, Цагаан-Овоод нэг түрүүлсэн гээд томоохон наадмаас гурван түрүү, дөрвөн айрагтай. Бусад нь жижиг наадмуудад гаргасан амжилт байгаа юм. Би чинь 20 гаруй түрүү, 40 гаруй айргаар Хэнтий аймгийн Алдартыг авсан. Ойроор нь зүүн талдаа л их нааддаг юм. 2009 онд сумынхаа 85 жилээр нэг өдөр нэг түрүү, гурван айраг авч байлаа. Тэгэхэд хүрэн азарга гуравлаж, түүний төл хонгор азарга түрүүлсэн юм. Ноднин Баян-Овоогийн 90 жилээр Сүхбаатарын найм, Хэнтийн гурав гээд 11 сум нийлсэн наадамд хязаалан, шүдлэнгийн түрүүг авчихаад үнэхээр их баярласан шүү.
-Хүрэн азарга одоо 19-тэй гэхээр уяхгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Уг нь “хөл гар” нь зүгээр ч, өндөр настай болохоор хайрлаад уяж зүрхлэхгүй шүү дээ. Харин одоо төлүүдээс нь гэхэд Баян-Овоогийн 90 жилд хоёр түрүү, нэг айраг авчихаад байна.
-Та хичнээн тооны адуутай вэ?
-Ноднин аймгийнхаа 90 жилийн өмнөхөн 580 адуугаар Хэнтийн хамгийн олон адуутай хүн болж байлаа. Миний адуунд хүрэн азарганы үр төлүүд бий л дээ. Нийт 2000 гаруй малтай. Үүнээс үхэр арай цөөхөн. Хонь, ямаа, адуугаараа л явдаг юм. Гэхдээ адуугаа голлох маягтай. Сүхбаатар, Дорнодоос их ч адуу авсан. Сүүлд гэхэд Дорнодын Матадын Цэндбаатараас шүдлэн үрээ таван саяар авч нутаг орондоо хэд хэд орууллаа. Бас сумынхаа Өлзий гэж  залуугаас долоон саяд саарал үрээ авч, ноднин хоёр удаа гуравлалаа. 
-Таны адуунаас гадагшаа гарч уралдаж байна уу?
-Миний хүрэн азарганы анхны төл хүрэн морийг Өмнөговийн Цогтцэций сумын Засаг дарга Н.Амгалан авъя гэж утасддаг юм байна. Хэн хэндээ итгээд утсаар л наймаа хийчихэж билээ. Дараа нь сонсохнээ, хоёр аман хүзүүдэж, нэг түрүүлээд, сүүлд Цогтцэций сумын 90 жилд дөрөвлөсөн гэнэ лээ. Надад байхдаа анхныхаа жил битүү морь зургаа уралдаж, дөрөв орчихоод, нэг удаа хүүхдээ унагаагаад төхөөрөмжөөс гараагүй. Тэгээд ноднин дөрөв түрүүлэхэд нь Амгалантай наймаалцсан нь тэр. Бас Төв аймгийн төв рүү Батбаяр гэж хүнд нэг шарга халзан эмнэг даага өгсөн нь очсон жилээ аймгийнхаа наадамд түрүүлсэн.
-Хэнтийг хурдны өлгий нутаг гэдэг. Нутгаасаа адуу авч байв уу?
-1985 онд Осорын Лувсандоржийн хээр адууг авч цус холдуулах зорилгоор Сүхбаатар, Дорнод зүгээс нэлээн адуу цуглуулсан. Минийхээр охин адуугаа чирч явснаас эр адуу авчрах нь дээр гэж боддог. Ер нь өсгөе гэвэл эр талаа бариад явбал өөр л дөө.
-Адуугаа богино хугацаанд сайжруулъя гэвэл азаргаар, харин сааль савыг нь авч үлдье гэвэл гүүгээр гэж ярьдаг даа?
-Мэдээж охин адуу хурдаа удаан жил хадгалж явна л даа. Цагийн аясыг дагаад хоцрохгүй л санаатай. Би энэ ярилцлаганд заавал оруулах нэг зүйл байна. Сэдвээс нэг их халихгүй байхаа. Нэр нь их хатуу нэртэй хөгшин. Би эмээ л гэдэг юм. Одоо хүртэл нэр нь надад цээртэй юм шиг санагддаг болохоор алдар нэрийг тэр бүр хэлээд байдаггүй юм. 1985 онд юмдаг. Нэг сайхан буянтай буурай гурван нүдэн сартай чандмань тамгаа “энэ уяаг хүү минь залгамжилж яв” гэж захиад өгч билээ. Улмаар хээр азаргыг нь авчирч уяаг нь залгуулж билээ. Дараа нь өнөөх хөгшин намайг Өндөрхаанд хээр азаргаа түрүүлгэхэд хөөргөө бэлэглэсэн. Тэгэхээр буурлын хүслийг биелүүлж, чандмань тамгатай адуугаа мянга хүргэнэ гэж боддог юм. Энэ миний алсын зорилго. Тэр хөгшин одоо ч бий. Хувь ерөөл гэж сонин шүү. Хөгшний нэг охин манай бэр байгаа юм. Эмээ өвгөнөө ойчиход хусуур, уяаг нь, тамгатай нь надад өгсөн нь тэр. Уяагаа битгий гандаа, хусуурыг битгий хагсаа гэж итгэж өгсөн болохоор мянгад заавал хүргэнэ дээ. Тэр өвгөний удмынхан Донир угшлын адуутай улс явсан юм билээ. 1960 хэдэн онд Осорын Лувсандорж гэхээр мориныхон анддаггүй байсан гэлцдэг.  
Өөрийнх нь хүүхдүүд төв бараадаад морь уяхгүй болохоор хусуур, уяа, тамга гурваа надад итгэж өгсөн нь тэр.
-Осорын Лувсандорж гэж Донир адуугаар нааддаг хүн байж, тийм үү?
-Тиймээ. Хөгшний яриагаар бол Уртын Дамдинжав гуайн адууны дээд угшил нь Осорын Лувсандоржийн хээр гэнэ лээ. Надад энэ Донир адуунаас засаатай үрээ ирсэн. Өвгөний амжилтыг би сайн мэдэхгүй. Улсад орж байсан гэдэг юм. Хөгшин манай адууны дээд угшил нь хамаатан болох Уртын Дамдинжавын удамтай. Тийм учраас адууныхаа цусыг битгий солиорой гэж хэлсэн. Энэ ярианаас хойхно сонсохнээ, Баянхутагт бүх адуугаа нийгэмчилж байсныг нь үнэлж, Баянхутаг ойгоороо хөгшинд мал өгч байна гэж байна лээ. Тэгэхээр хөгшинг худал хэлээгүй болж таарч байгаа юм. Би энэ адуугаа тэр дайны болгоод хөгшнийг баярлуулахсан гэж боддог. Тийм ч учраас удам угшлыг нь таслахгүй гэж хичээдэг юм.
-Хүндтэй тэр хөгшин дээр та байнга очно биз?
-Тэгэлгүй яахав. Өндөрхаанд намайг хүрэн азаргаа түрүүлгэхэд гэртээ урьж, өвгөнийхөө барьж явсан хөөргийг нь бэлэглэж билээ. Ёстой л адууны төлөө сэтгэлээ өгсөн буянтай буурал өдгөө аймагт амьдардаг юм.
-Ярилцлага маань энд хүрээд өндөрлөж байна. Таны санасан хэрэг сэтгэлчлэн бүтэж, алтан туурайт нь мянга хүрэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна