ӨӨДЛӨН ДЭВЖИХИЙН ЧАГТАГЫГ ГЭР ГИЙГҮҮЛЭГЧИЙН УХААНААР ЗАНГИДАХЫН УЧИР

А.Тэлмэн
2018 оны 3-р сарын 07 -нд

Өрх гэрийн нуруу хос баганан дээр тогтдогийн нэгэн адилаар амьдрал ч бас гэрийн эзэн, эзэгтэй гэсэн хоёр хүний сэтгэлийн багана дээр тогтдог билээ. Гэвч монгол бүсгүйн гавьяа зөвхөн өрх гэрээр хязгаарлагддаггүй. Эрийнхээ нөмөрт амьдарч, үр хүүхдээ ирээдүй цагт бэлдэн, даруу номхон явавч бэрх цаг ирэхэд номхон зан нь тэсэрч, хатан ухаан нь мандан, эрээс илүү эр, хаанаас ухаантай хаан болж өрх гэр, улс төpөө залах чадвар монгол бүсгүйд байдгийг түүхийн олон үйл явдал, эх сурвалжууд гэрчилдэг.
Тэгвэл энх тайван цагт хатан ухаанаараа өрх гэрийнхээ амьдралыг тэгш сайхан авч явж, жилийн дөрвөн улирлын турш гадаа гандаж, хөдөө хөхөрдөг уяачдын ар талыг дааж явдаг гэр гийгүүлэгчдийг нь бид “Хатан гоо” буландаа урьдаг билээ. Энэ удаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач Д.Даваахүүгийн гэргий Жигжидсүрэнгийн Сандагдуламыг онцолж байна.
ХАЙРЛАХУЙН УХААНД СУРАЛЦСАН НЬ
Ж.Сандагдуламын унасан газар, угаасан ус нь Төв аймгийн Баян, Баянцагаан сумдын зааг нутаг. Тэрбээр Намсрайжав хэмээх айлын очир эрдэнэ мэт хоёр хүүгийн амин хэлхээг залгамжилж төржээ. Гэвч Намсрайжавын гэргий Цэрэндэжид бие муутай хүн байсан учир Жигжидсүрэн гэдэг саахалтынхаа айлд охиноо өргүүлсэн аж. Хэдийгээр тэрбээр ийнхүү төрснөөсөө “төөрөлдөж” өсөх тавилантай нүүр тулсан ч өргөсөн аав, ээж хоёр нь түүнийг сувд хясаагаа нуух мэт энхрийлэн хайрлаж өсгөжээ.
Түүнийг багад сургуулийн хүүхдүүд эрэгтэй нь хөх, эмэгтэй нь ногоон даалимбан дээлээр жигдэрдэг байжээ. Тэгтэл 36-ын торгон дээл, хоёр том сүүжин алтан ээмэг, 110-ын хромон гуталтай жигтэйхэн ганган охин Төв аймгийн Баянцагаан сумын дунд сургуульд анх оруулж байсан тухай тэрбээр одоо дурсан инээд алдаж сууна. Түүнчлэн “Өргөж авсан ээж маань Дарьсүрэн гэж жижигхэн шар хөгшин байсан юм. Миний ээж мундаг ажилсаг. Тиймдээ ч аймгийн аварга малчин болж, аймгийн депутатаар сонгогдож явсан хүн. Бүхнийг урдуур минь ороод хийчихдэг байсан болохоор би ээжээсээ ажил сурсан юм байна даа гэж боддог юм” хэмээн ярих зуурт бахархан хайрлах сэтгэлийг нь би нүднийх нь харцнаас олж уншиж амжсан юм.
Тэрбээр цааш нь “Манайх дээр үеэсээ эрдэм номтой лам нарын удамтай айл байсан юм билээ. Аавын маань аав маарамба хүн байсан. 1938 онд их баривчилгааны үeэр баригдаад, буцаж ирээгүй юм. Социализмын үед бурхантай айлыг үндсэрхэг үзэлтэй, мухар сүсэгтэй гэж ад үздэг байлаа шүү дээ. Гэвч аав, ээж хоёр маань Цагаан сараар бурхнаа ил гаргаж тавина. Мөн гэрийнхээ хойморт томоо цагаан туг өргөчихнө. Орж ирсэн хүмүүс ч бурханд мөргөөд л, доошоо суудаг байлаа. Ангийн хүүхдүүд намайг Цагаан тугтынх гээд гэзэг үснээс зулгааж шоглоход би тэрүүхэндээ их ичдэг байж билээ” гэж бага насныхаа гэрэлт дурсамжаасаа хуваалцсан юм.
Түүнчлэн “Манайх хотоос 170-аад километрийн зайд нутагладаг байлаа. Тэгэхэд маарамба өвөөгийн маань гэргий өглөө үнээгээ саачихаад, бор мориороо давхиад Майдар эргэхийг үзчихээд оройн саалинаас өмнө хүрээд ирдэг байсан гэдэг.  Тэгэхээр манайх хурдан удмын хүлгүүдтэй л айл байсан байж таарна. Гэвч намайг айлын ганц, “ядарчихна, ам нь цангачихна” гээд хурдан морь унуулдаггүй байлаа” хэмээсэн юм. Ийнхүү түүний аав, ээж хоёр охиноо хайрлах их хайраараа дамжуулан хайрлахуйн ухаанд сургасан аж. Тэд зөвхөн ингэж хүнийг хайрлаад зогсохгүй “Малаа хайрлаж бай, сүү нь хүртэл их гарч, ноосоо хүртэл их өгдөг юм. Худаг дээр ирсэн малыг заавал усалж бай, буян болно” гэхчилэнгээр аж амьдралыг нь залгуулж буй таван хошуу малаас эхлээд байгаль дэлхий, ан амьтдыг хүртэл хайрлан энэрэх ухаанд сургажээ. Түүнтэй ийнхүү ярилцан суухад “Угаас хайрлахуйн их ухаанаас хүмүүний хувь тавилан, аж амьдрал өөдлөн дэвжихийн их eрөөл эхэлдэг ч байж магад” гэсэн бодол төрж байсныг нуух юун. 
ГЭР ГИЙГҮҮЛЭХ УХААНД СУРАЛЦСАН НЬ
Монголчууд бид сэтгэлд нийцтэй сайхан мэдрэмж төрүүлсэн хүнийг “нүдэнд дулаахан” гэж тодорхойлдог. Сэтгэлийн энeрги нүдээр дамждагийн илрэл нь энэ болов уу. Ж.Сандагдулам гуайтай ярилцаж суухдаа ч бас би нүдээр нь дамжуулан сэтгэлийнх нь илч дулааныг мэдэрсээр л байсан билээ.
Бидний ярианы эхний хэсэг дээр дурдсанчлан аав, ээжийнх нь хайрлахуйн ухааны тухай байсан юм. Улмаар бидний яриа Тод манлай уяачийн гэргий болсон түүхээр үргэлжиллээ. Нийтлэлийн маань гол дүр  17-хон насандаа насны хань Д.Даваахүүтэйгээ танилцан, гал голомтоо бадраажээ. Наймдугаар ангиасаа сургуулиа орхиж, ажил хийх шийдвэр гаргасан охиноо хүний гэргий болохоор шийдэхэд Дарьсүрэн гуайн сэтгэлийн мэлмий их нөлөөлжээ. Өргөсөн аав нь ч бас охиноо бага залуудаа хань ижилтэй болох нь гэж дургүйцээгүй бөгөөд  хан уул шиг л дуугүйхэн налайж суусан аж. Ийнхүү Д.Даваахүү, Ж.Сандагдулам нар сумын төвд амьдралаа эхлүүлж, гэрийн эзэн ч ойр зуурын ажил хийн тэндээ төвхнөх гэж нэлээд үзжээ. Гэвч хувь тавилангийн хүрд тэднийг хөдөө гарч, морь уях ажилд хөтөлсөн байна. Анх хадам аавтайгаа танилцаад “мориноос өөр юм ярьдаггүй ямар сонин хүн бэ” хэмээн гайхширч байсан бүсгүй ханийнхаа тээврийн жолооч болох хүслийг дэмжээгүй хэрнээ уяач болох шийдвэрийг нь үг дуугүй л дэмжсэн гэнэ. 
Ж.Сандагдулам нягтлан бодогчоор суралцсан боловч үрийн зулай үнэрлэснээс хойш зөвхөн нөхрийнхөө уяаны ажилгүй цагаар буюу өвлийн улиралд хэдхэн сар л мэргэжлээрээ ажиллаж байжээ. Энэ цаг мөчөөс хойш Ж.Сандагдуламын түүх тэр чигтээ гэр орон, эр нөхрийнхөө сайн сайхны төлөөх зүтгэлээр үргэлжилж байгаа нь өөрийн эрхгүй бахархан хүндэтгэх сэтгэл төрүүлж байлаа. Ийнхүү гэр гийгүүлэх ухаанд суралцах шанг нь татаж, эрдмийг нь заасан хүн нь ч бас түүний ээж Дарьсүрэн аж. Учир нь, Ж.Сандагдулам гуай “Би уг нь хайртай хүнийхээ төлөө л хамаг бүхнээ зориулна гэж ам тангараг өргөөгүй л дээ. Эр хүнд хүндэтгэлтэй, амьдралд хүлээцтэй хандах арга ухааныг ээж минь л зааж өгсөн юм. Шашин номтой айлын бэр байсан болоод ч тэр үү, социализмын үед Оростой ойр дотно байсны улмаас манайд нэвтэрч байсан эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх гэдэг зүйлд автаагүй. “Миний охин морь уядаг, бөх барилддаг хийморьтой эр хүнтэй ханиллаа. Нөхрөө хэдий чинээ хүндэлнэ, амьдрал чинь төдий чинээ өөдлөн дэвжинэ. Эрэгтэй хүний малгай, бүсийг хоймортоо дээш нь тавьж бай. Айл гэрийн хийморь лундаа эр хүнийхээ цог залийг дагаж явдаг юм” гэхчилэнгээр зааж сургадаг байлаа. Ээжийн минь тэр сургаал л ой тойнд маань тогтож үлдсэн учраас би энэ биeэ эр нөхрийнхөө төлөө бүрэн зориулж яваа юм болов уу даа гэж боддог юм” хэмээн хуучилсан юм. Мөн “Би энэ айлын тогоочоор насан туршдаа ажиллах зураг төөрөгт л төрсөн юм байлгүй дээ” гэж бяцхан хошигноод ч амжлаа. Ажил хийсэнгүй, хамт олонтой болсонгүй, гэрийн мухар сахиж суусаар насыг барлаа гэсэн өчүүхэн төдий ч гоморхол түүний сэтгэлээс анзаарагдахгүй байсан нь бүр ч гайхалтай.
Орчин цагийн эрх чөлөөт эмэгтэйчүүдийн нэгэн адилаар өөрийн орон зайг тунхаглалгүй эр нөхрийнхөө орон зайг тэгш дүүрэн байлгахын төлөө л бүхнээ зориулсан хатан ухаант цөөхөн эмэгтэйчүүдийн нэг нь Ж.Сандагдулам гуай ажээ. Ингээд бодохоор 1977 оноос хойш 40-өөд жил Д.Даваахүү гэдэг хүн уяа бүхний тэргүүн хойморт заларч, жирийн нэгэн ажилтнаас Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Тод манлай уяач хүртэлх цолыг хүртэж, тэрхүү эрхэм цолоо дааж явахад гэргийнх нь тус дэм, үүрэг хариуцлага их байжээ. Өөрөөр хэлбэл, хос баганы нэгэн адилаар үүрэг хариуцлагаа эн тэнцүүхэн үүрсээр ирсний буян нь ийнхүү тэдэнд гэгээгээ тусгаж байгаа биз ээ. Гэр гийгүүлэх ухаан гэж чухамдаа үүнийг л хэлдэг болов уу.
УЛАМЖИЛСАН УХААНАА ӨВЛҮҮЛСЭН НЬ
Бидэнд биeлэгдэх хийгээд биeлэгдэшгүй олон хүсэл бий. Гэвч хүсэл мөрөөдөл нь биeллээ олох хийгээд олоогүйгээс үл хамааран мөрөөдөж тэмүүлсээр л байдаг билээ. Ингээд бодохоор хүн гэдэг хүслийн далай ч юм шиг.  Тэгвэл Ж.Сандагдулам хэмээх энэ эгэл даруухан эмэгтэй юу мөрөөддөг байсан юм бол, бас одоо юуг хүсэн тэмүүлж байгаа юм бол?
Түүний хүсэл ч бас эзэн шигээ хэтэрхий энгийн, эгэл даруухан байх юм гэж би хувьдаа төсөөлөө ч үгүй. Өөрөөр хэлбэл, тэр “олон хөвгүүнтэй болох юмсан” л гэж хүсдэг байсан гэнэ. Энэхүү хүсэл нь ч биeллээ олж тэрбээр таван хүү төрүүлж, дархан бэр болжээ. Гэвч амьдрал үргэлжийн тэгш дардан замаар урагшлаад байдаггүй билээ. Тод манлай уяач маань ч бас дов сондуул, даваа гүвээ, жалга судагтай л замаар урагшилж, төөрөг тавилангийнхаа хүрдэн дотор л амьдарч байгаа аж. Тэд хөвгүүдээ балчир насанд нь бурхны мутарт хүлээлгэн өгсөн ч Ж.Сандагдулам энэ бүхнийг олны хар цагаан хэл амнаас боллоо гэж огт боддоггүй гэнэ. Харин “Олон түмний сайн хэл, магтаалын буян хүнддэг юм болов уу даа” гэж боддог аж. Тэр ч бүү хэл, “морь гэдэг ч бас хатуу тоглоом шүү” гэхэд минь “Би бурууг нь моринд өгдөггүй юм аа. Тэр сайхан амьтны хийморь лундаа, буяныг нь бид л даахгүй байгаа юм болов уу даа гэж боддог” хэмээлээ. Ийнхүү хувь тавилангийн оноолтыг хүлцэн тэвчинэ гэдэг ч бас эгэл жирийн монгол гэргийгээс гарах л ховор ухаан биз ээ.
Тэр ингэж хувь заяаны оноолтын өмнө өвдөг сөхөрч л явж. Гэвч өрөөлийн 100 гаруй хүүхдийг өөрийн мэт хайрлаж энэрсээр амьдралын их далай руу жигүүр дэлгүүлсэнээрээ “олон хөвгүүнтэй болох” хүслээ биeлүүлсэн хамгийн азтай эмэгтэй мэт санагдана. Тэрбээр “Уралдаанч хүүхдүүд, хурдан хүлгийнхээ төлөө цаг үргэлж санаа зовнино. Хүмүүс ядуу зүдүү, амьдралын бололцоо муутай айлын хүүхдийг олж аваад л, хамгийн хямд зардлаар хурдан морины нуруун дээр тавьчихдаг юм шиг ойлгох юм. Тийм биш шүү дээ. Хамгийн шилдэг тэргүүний, сэргэлэн цовоо, сэтгэн бодох чадвартай хүүхэд л хурдан буяны хурдыг нь гаргаж чаддаг юм шүү дээ. Тиймээс ч тэднийгээ гэр орноо санаж бэтгэрэхгүй, сэргэлэн цовоогоор нь байлгаж, урмыг нь хугалахгүйн тулд ээж шиг нь л хайрлаж энэрэх хэрэгтэй” гэсэн юм. Уралдаанч хүүхдүүдийн дийлэнх нь 2-3 жил эднийд амьдарч, Ж.Сандагдулам гуайн сэтгэлийн илчинд бүлээцжээ. Түүнчлэн энэ л гэрт үр хүүхэд шиг нь амьдарч байгаад Д.Даваахүү Тод манлайн уяачийн эрдмийг өвлөн ирээдүйд алхах замаа тодорхойлж, эндээс л гал голомт таслан айл гэр болцгоосон нь ч цөөнгүй. Д.Даваахүү, Ж.Сандагдулам нарын хурдан морины уяан дээрээс жигүүр дэлгэсэн хүүхдүүдийн ахмад нь аль хэдийнэ 50 насны босгыг даваад алхаж яваа. Одоо ч бас 7, 8 настнууд амьдралын их далай руу жигүүр дэлгэх мөчөө хүлээгээд л хурдан морины нуруун дээр дэрвэж л яваа. 
Мөн тэрбээр “морьд мордоход цацлын сүүгээ өргөхдөө миний морь түрүүлээсэй гэсэн аминчхан хүсэл шивнэж байсангүй ээ” гээд “Алтан туурт, уралдаанч хүүхэд хоёр минь эсэн мэнд сайн давхиад ирээсэй гэж уул хангай, хөх тэнгэр, хөрст алтан дэлхийдээ сүүгээ өргөж байгаа юм шүү дээ. Бүхний сайхны төлөө өргөсөн цацал л ажил үйлсийг бүтээдэг юм” гэсэн юм. Энэ бүхнээс харахад нийтлэлийн маань гол дүр аав, ээжээсээ уламжилж авсан ухаанаа ч бас өөрийн  болоод өрөөлийн хүүхдүүдэд биeэр үлгэрлэн өвлүүлсээр л яваа аж. Өөдлөн дэвжихийн чагтагыг гэр гийгүүлэгчийн ухаанаар зангидахын учир энэ биз ээ.
ХАЙР БҮХНЭЭС ХҮЧТЭЙ
Нийтлэлийнхээ төгсгөлд “Хайр бүхнээс хүчтэй” гэсэн гарчиг тавьсан маань нарийн учиртай. Энэхүү нийтлэлийн турш гагцхүү Ж.Сандагдулам хэмээх эмэгтэйн л хайрлах, гэр гийгүүлэх, өвлүүлэн уламжлах ухааны талаар дурдаад байсныг эрхэм уншигч та ч бас анзаарч гайхширсан байж магад. Тиймээс ч зарим нь “Энэ их хайрын хариуд Д.Даваахүү юу өгсөн юм бол” гэж өөрөөсөө болон надаас асуусан байж ч мэднэ. Би ч бас нийтлэлийнхээ гол дүрийн “хайр, хайр” гэсэн үгсээр дүүрэн ярианы турш энэ асуултын хариултыг хайсан билээ.
Тод манлай уяач Д.Даваахүү адууныхаа дэргэд чанга дуугардаггүй, хүнлэг бус харьцдаггүй, адгуус амьтан гэлтгүй нялх хүүхэд шиг л энхрийлж, хайрладаг гэх мэтчилэн хурдан буянуудаа хайрладаг ухааных нь талаар бишгүй л олон удаа сонсож байлаа. Адуундаа хэрхэн сэтгэлээ өгч, тэд нь ч бас эзэндээ ямархан элгэн дотно болсныг нүдээр үзэж ч байлаа. Тод манлай уяачийн гэргий ч бас “Мод чулуу хүртэл амьтай, мэдрэхүйтэй. Усыг хүртэл магтаад байвал улам л тунгалагшаад байдаг дээ. Үүнтэй адилхан мал ч бас хайрлаж буй сэтгэлийг ойлгож, мэдэрдэг юм” гэсэн юм. Ийнхүү Ж.Сандагдулам гуайн аав, ээжээс уламжлагдсан малаа хайрлах ухаан Д.Даваахүү Тод манлайд ч бас өвөг дээдсээс нь өвлөгдөж ирснийг мэдэж авлаа. 
Харин монгол эрчүүд хүнд талархсан сэтгэл, хүнийг хайрлаж буй хайраа ил цагаан илэрхийлэхдээ маруухан улс билээ. Нийтлэлийнхээ баатраас энэ тухай асуухад “Манай хүн ч бас хайрлаж буй сэтгэлээ тун бүдүүлэг илэрхийлнэ шүү дээ” гээд инээд алдсан юм. Гэвч ганцхан дурсамжийн хуудсыг эргүүлээд л Д.Даваахүү гуайн гэргийгээ гэсэн сэтгэл, хайрыг бүрэн илэрхийлчихэж байгаа нь үнэхээр гайхалтай.
Ж.Сандагдулам гуай нэгэн зун цөсний хагалгаанд орох болжээ. Хагалгааны үeэр Д.Даваахүү Тод манлай эмнэлгийн коридорт “яг морины давхилын цагаар өвчин тусдаг ийм хүн байдаг аа” гээд л үглээд байсан аж. Гэвч наадмын дараа арай амьсгаа авахтай болоод ирмэгцээ “чи ч бас намайг айхтар айлгалаа даа” гэсэн гэдэг. Тэгээд гал тогоонд ойртдоггүй хэрнээ 14 хоногийн турш хоол хийж байжээ. Гэргий нь түүнийг цаашлуулаад “Чи чинь хоол хийвэл сайн л хийх юм байна шүү дээ” гэхэд Д.Даваахүү гуай “Чи үхэх гээд байгаа юм чинь...” гэж огт хэнэггүй хариулсан аж. Гэвч түүний энэхүү хэнэггүй үгийн цаана гэргийгээ гэсэн асар их хайр нуугдаж буйг та ч бас олж анзаарсан биз ээ.
Басхүү уяачид гэргийдээ хурдан удмын адуу зүсэлж хайраа илэрхийлдэг бол Д.Даваахүү гуайд тийм зүйл хийх бодол ч төрдөггүй бололтой. Учир нь, тэрбээр олон жилийн турш ар талыг нь дааж явсан гэргийнхээ нэр дээр ганц ч удаа морь уралдуулж байсангүй. Ж.Сандагдулам гуай ч бас “Эмэгтэй хүний нэр дээр морь уралдуулахыг би хувьдаа ойшоодоггүй юм” гэж байна.
Харин Уртын Дамдинжав гуайг Толин хулаа Г.Батхүүд худалдахад зуучлан замчилж явсных нь хариуд өвгөн нийтлэлийн маань баатарт хул хонгор охин байдас бэлэглэж байжээ. “Сайн гүү цөөхөн унагалдаг” гэдэгчлэн хул хонгор гүү 2, 3 жилийн дараа ганц охин төл гаргасан аж. Тэр охин төлөөс нь Наран хонгор мэндэлжээ. Энэ тухай ч бас тэрбээр “Нөхөр, хүүгийн минь аль алиных нь нэр дээр уралдаад түрүүлсэн ч би өмчилж омогшдоггүй юм аа. “Зөв санаа, зөөлөн сэтгэлтэй л байвал ажил чинь бүтдэг юм шүү” гэж ээж минь захидаг байсан болохоор тэр юм болов уу даа. Хэний ч адуу түрүүлээд ирсэн бай, үгээр хэлшгүй баярлаж, самсаа шархирч, нулимс унагаж л суудаг” гэсэн юм. Үүний цаана ч бас өөрөөсөө илүү өрөөлийг хайрлах сэтгэл л нуугдаж буйг олж харж болох юм.
Эцэст нь, “Монгол улсын Алдарт уяач хүүгийнхээ гэргийд үлгэрлэн сургамжилдаг зөвлөмжүүдээсээ 120 мянган уяачийн гэргий нартай хуваалцаач” гэхэд минь тэрбээр “Алгебрь, физикийн томьёо шиг тогтсон зарчим байхгүй шүү дээ. Малчин, уяач гэлтгүй бүх л эмэгтэйчүүд зөв санаа, зөөлөн сэтгэл гаргаж л гэр орноо сайхан авч явж, үр хүүхдээ зөв хүмүүжүүлнэ. Болж өгвөл хүүхдээ өөрийн биеэр өсгөж, зөв монгол ухаанд сургаж, хань ижлээ төдийгүй хүн бүрийг хүндэлж явбал ажил үйлс нь сайхан бүтнэ дээ. Ард түмэн минь энх сайхан амьдарч, мөнх жаргаасай гэсэн ерөөл дэвшүүльe” гэсэн юм. Түүний ярилцлага ийнхүү эхлэхээсээ дуусах хүртлээ хайр цацруулсаар өндөрлөлөө. Тийм ээ, хайр бүхнээс хүчтэй. Тэрхүү их хайрыг тээж яваа эгэлхэн энэ бүсгүйг Д.Даваахүү хэмээх эрхмийн гэргий болгон “бэлтгэж өгсөн” Жигжидсүрэн, Дарьсүрэн хэмээх бурхан шиг хоёр бууралд талархъя.
Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна