Монгол Улсын Манлай уяач Д.ЭРДЭНЭЧУЛУУН: АДУУНД АРГАГҮЙ ДУРТАЙ ЗАЛУУСЫН МОРЬ АЙРАГ, ТҮРҮҮ ХҮРТЭХЭД Л ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХООЛОЙ ЗАНГИРДАГ

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 15 -нд

“Дөнөн үхрийн эврийг хуга хөлдөөдөг дөрвөн ес”-ийн тачигнасан жаврыг сөрж, дуу хуур, айраг найргийн өлгий Дундговь аймгийг зорив. Ийнхүү хүрээ газрын дулаан паартай байрнаасаа холдож, урт холын аянд гарсан минь ч цаанаа нандин учиртай. Учир юу хэмээвээс, Дундговь нутгаас төрөн гарсан гуравхан Манлай уяач цолтны нэг Дамбадаржаагийн Эрдэнэчулуун гуайг “Тодмагнай” сэтгүүлийнхээ шинэ оны анхны зочноор урин хуучлахаар зорьж яваа билээ.


Говийнхон ч тэнүүн талын эзэн тэмээн сүрэг шигээ идэр есийн хүйтэнд ч налайж, сэтгэлийнхээ илч дулааныг цацруулсаар л угтав. Зорьж очсон уяач маань бидний хүсэлтийг уриалгахан зөвшөөрч, чин сэтгэлийн яриа дэлгэв. Түүний энэхүү халуун дотно яриа дүн өвлийн тэсгим жаврыг уясааж, цаг агаараа дагаад “хөлдчих” дөхөж буй бидний сэтгэлийг бага бусаар дулаацуулсан юм. Таны сэтгэлд ч хомс бус гэгээ нэмж, илч дулаан хайрлах нь дамжиггүй.

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ САЙН САЙХАНД ХҮРГЭДЭГ


-Сайн байна уу. 2018 оны анхны зочинтойгоо уулзаж байгаадаа баяртай байна. Таны бага залуу насны талаар бид хоёр өөр ойлголттой байдаг. Учир нь, А.Лхагваа ахын номонд таныг өвөө, эмээ дээрээ өссөн гэж байдаг бол та нэгэн ярилцлагандаа аав, ээжтэйгээ төвд өссөн гэж ярьсан байсан. Энэ хоёр мэдээллийн аль нь үнэн юм бол?

-Дунд сургуулиа төгстөлөө аав, ээж хоёр дээрээ байсан юм. 1974 онд сургуулиас гараад өвөө, эмээ дээрээ очсон. Тэгж л малын бэлчээрт гарсан хүн дээ, би. 
Аав, ээж хоёр маань төрийн албан хаагч байсан болохоор би зуны амралтаараа л хөдөө явдаг байлаа. Багаасаа л адуунд дуртай. Тэгээд би “малчин болно” гэж ээжээсээ зөрсөөр байгаад, илгээлт аваад өвөө, эмээ дээрээ очсон хүн дээ.
Багадаа авсан баярын бичгүүд дээр Банзрагчийн Эрдэнэчулуун гэж бичигдсэн байдаг юм. Ер нь л 2000 он хүртэл өвөөгөөрөө овоглосон. Харин сургуульд байхдаа Уртнасангийн Эрдэнэчулуун гээд ээжээрээ овоглодог байлаа. Хожим Монгол Улсын Алдарт уяач цол хүртэхэд овог зөрөөд нэлээд будилаан үүссэн. Улсын чанартай наадмуудын айраг, түрүүний диплом, үнэмлэхүүд дээр ааваараа, сумынх нь болохоор өвөөгөөрөө овоглочихсон байсан. Тэгээд 2003 онд улсын Алдарт уяач цол авахдаа нэгмөсөн бичиг баримтаа цэгцлээд Дамбадаржаагийн Эрдэнэчулуун гэж явдаг болсон юм.
-Өвөө, ээж хоёрынхоо нэрээр овоглогдоод яваад байхаар аав тань бага зэрэг гоморхох уу, эсвэл тоохгүй юу?
-Тоохгүй ээ, учир нь тэр айлын амь амьдралыг өвөө л авч явдаг байлаа шүү дээ. Би эхээс наймуулаа. Өмсөж зүүх, идэж уух бүхий л зүйлд өвөө оролцдог байлаа.
-Банзрагч гуай аав, ээж хоёрын тань хэнийх нь аав юм бэ? 
-Ээжийн аав. 
-Олон хүүхэдтэй, тэр дундаа албан ажил төрөлтэй улс ч том хүүхдээ аав, ээждээ л даатгачихдаг даа. Аав, ээж хоёр тань тэгсэнгүй ээ?
-Тийм ээ, бид бүгдээрээ л аав, ээж дээрээ өссөн. Гэвч миний бодол санаа дандаа л хөдөө, өвөө, эмээгийнд байдаг байлаа. 
Эгч маань Хөдөө аж ахуйн дээд сургууль төгсөөд, амьдралаа хөөгөөд явчихсан. Би охин дүүтэйгээ хамт өвөөгийндөө очоод, малчин болчихсон. Ингэж л аав, ээжийнхээ дэргэдээс бага зэрэг холдоцгоосон улс.
-Та хэдэн онд мэндэлсэн билээ?
-Би 1958 оны дөрөвдүгээр сарын 16-нд аймгийн төрөх эмнэлэгт төрсөн. Дээр үед төрсөн эхчүүдийг 15-16 хоног эмнэлгээс гаргадаггүй байсан гэдэг. Тэгээд гараад шууд хөдөө очиж байсан юм билээ. Хүй угаасан ус маань Сариг хайрханы энгэр гэдэг газар бий. Одоо тэндээ л нутаглаж байна. 
-Найман хүүхдийн хэд нь эрэгтэй вэ?
-Зургаан хүү, хоёр охин. Миний дор дараалсан таван хүү бий. Би дээрээ нэг эгчтэй, айлын ууган хүү. Аав маань эрт бурхан болсон юм. Тиймээс би багаасаа айл толгойлж, ээждээ тусалсан. Өвөө, эмээгээ өөд болсны дараа дүү нарыгаа сайн сайхан, өнгөтэй өөдтэй явуулах үүрэг миний нуруун дээр ирсэн дээ. 
-Таван эрэгтэй дүүтэй юм байна. Хөвгүүдийг нэлээд хатуу гараар хүмүүжүүлэх шаардлага зайлшгүй тулгардаг даа?
-Томоос нь эхлээд жаахан хатуу гараар барьчихаар багачууд нь дагачихна. Ах дүүс маань бүгд сайн сайхан явцгааж байна. Нэг дүү маань бурхан болчихсон, дөрвөн хүүхдийнх нь хоёр нь манайд өссөн юм. Нөгөө хоёр нь дүү нар дээр хүн болцгоосон. Бэр маань одоо 50 гарчихсан хөгшин хотод амьдарч байгаа. Хүүхдүүд нь бидэнтэй байнга холбоотой байдаг юм. Зав зайгаараа ирж адуу мал, сааль сүүнд тусална. 
-Монголчууд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Та яриа эхэлснээс хойш “хүн хөдөлмөрлөх л ёстой, хөдөлж л байж амьдардаг юм” гэдэг өгүүлбэрийг хэдэнтээ дурдлаа. Энэ ч яах аргагүй өвөө эмээ, аав ээжээс уламжлагдсан хүмүүжил биз?
-Тэгэлгүй яах вэ. Өвөө, эмээгийн хүүхэд амьдралын ухаанд дэндүү сайн суралцдаг юм байна. Эмээ маань 
Бар цагт босохгүй бол өдрийн ажил хоцормой
Бяцхандаа эрдэм сурахгүй бол сурах эрдэм хоцормой гэнэ. Мөн 
Уур биеийг зовооно
Уул биеийг зовооно гэж их хэлнэ. Би бодвол түргэн ууртай хүүхэд байсан юм болов уу даа. Бид ч энэ хоёр зүйр үгээр л хүмүүжсэн улс. Ийм зүйлсийг нэг биш хэдэн мянган удаа давтаж хэлээд байхаар ой тойнд тогтчихдог юм байна. Ингэж л зөв хүмүүжил, хөдөлмөрч занг өвөө, эмээ хоёр маань тархинд суулгаж өгчихсөн юм. 
Айлын ууган хүү болохоор би ч бас дүү нараа иймэрхүү байдлаар л зэмлэнэ. Одоо гурван дүү маань малчин. Ээж, аав маань амьд сэрүүн байхдаа гэр барьж өгч, би зохих ёсны мал ахуй тасдаж өгсөн юм. 
-Аав, ээж хоёр тань ямар ажил алба хашдаг байв?
-Аав жолооч, ээж үйлдвэрийн оёдолчин. Бидэнтэй зууралдаад байх цаг зав байхгүй шүү дээ. Зав чөлөөгүй л хөдөлмөрлөцгөөдөг байлаа. Хөдөлмөр л хүнийг сайн сайханд хүргэдэг болохоор арга ч үгүй биз. 
Би хөдөлмөрч хүнд дуртай. Өөрөө ч хөдөлмөрч байхыг хичээдэг. Хөдөлгөөн хүнийг эрүүлжүүлдэг. Хөдөлмөр хүнийг сайн явуулдаг. Хэн илүү хөдөлмөрлөнө, тэр хүн л алдар гавьяа, нэр хүндтэй явна. Хэн илүү их хөдөлнө, тэр хүн эрүүл явна. Өвөө маань ч бас “Өлсөхөөсөө цадах хэцүү, өгсөхөөсөө уруудах хэцүү” гэдэг байлаа. 
Гэргий маань ч бас сүрхий хөдөлмөрч хүн. Төр түмний хүндэтгэлийг хүлээж, сайхан алдар цолонд хүрсэн маань хөдөлмөрлөсний л үр дүн шүү дээ. 
-Дундговь аймгийн Луус суманд хэдэн үеэрээ нутаглаж байна вэ?
-Өвөө, эмээгээс эхлээд гурав дахь үе нь би. Манай гэргий Дундговь аймгийн Сайнцагаан сумынх. Хүүхдүүдийн маань гурав нь малчин. Нэг охин сэтгүүлч. Нэг хүүгээ малын  эмч болгочихъё гэж их хүссэн боловч барилгын инженер болчихсон. Одоохондоо эхнэр аваагүй байгаа боловч эд хөрөнгө тасдаад өгчихсөн. Учир нь, хүн өөрийн хөрөнгөндөө хайр гамтай ханддаг. Буруу замаар гишгэчихэлгүй амьдраад явах байх аа.
-Өвөө болон аав тань морины уяа эвлүүлдэг байсан юм уу?
-Морь уях чинь миний үеэс л эхэлсэн юм. Өвөө, аав хоёр маань морь уяж байгаагүй ээ. Харин авга ах Ган мал малладаг, уяач хүн. Морьд нь ч их хурдан, сайн давхидаг байлаа. Манайханд өөр морь уядаг хүн байхгүй, ерөнхийдөө сайхан малчид байсан юм. Банзрагч өвөө маань 33 жил тууварт явсан. Долоон жилд нь Мааньтад адуу туусан хүн. Тэтгэвэрт гарсан хойноо хүртэл тууварт явдаг л байлаа. Хамгийн сүүлд 1975 онд тууварт явсан. Тэр жил айхтар хур бороотой ч байсан. Өвөө маань 350-500-аад үхэр туугаад хангайд очиж хүйтэн бороонд цохиулаад хэдэн үхэр алдчихсан юм билээ. Эргээд ирэхдээ “Энэ алтан шар замаас миний олох олз, манайд орж ирэх олзны сав дүүрсэн юм байна аа, больё” гэсэн юм. 
-Өвөөг тань адуу малд нүдтэй, энд тэндээс сайхан хурдууд авч ирж, нутаг орныхоо адууны цусыг нэлээд сэлбэсэн гавьяатай хүн гэлцдэг юм билээ?

ТАГАРВАА ХУТАГТЫН ХЭЛСЭН БЭЛГЭШЭЭЛТ ҮГ, БЭЛЭГЛЭСЭН ХАЗААР, НЭМНЭЭ НАМАЙГ МӨН Ч ИХ ЗОРИГЖУУЛСАН ДАА

-Тун сэргэлэн, одоогийнхоор бол бизнесийн  ухаантай хүн байсан юм. Тухайн үедээ наймаа арилжаа их хийнэ. Өвөөгийн авчирч өгсөн эмээл, ээмэг, бөгж Луусын олон айлд бий шүү. 
Тэр үед хүн бүр Улаанбаатар ордоггүй байлаа. Учир нь, Дундговиос Улаанбаатар орох гээд явсан машин замдаа нэг хононо. Баян-Өнжүүлийн хуучин Бараатын төвд жолооч нь амардаг байсан юм. Бас газар хол болохоор морь, тэмээн хөсөгтэй явах нь ховор байсан бололтой. Миний мэдэхээр өвөө мал туугаад хойшоо явдаг, хотод очоод мал хуйгаа ч сайн өгчихдөг. Авсан цалингаа бэлнээр нь өвөртлөөд ирэхгүй, айлын хүүхнүүдэд ээмэг бөгж, харчуулд нь эмээлтэй ирнэ. Тэрийгээ зарчихвал өвөлдөө хойшоо явчихдаг байлаа шүү дээ. 
-Хонгор морьтын Цэнд гуай ч бас тийм хүн байсан гэдэг?
-Өвөө, Цэнд гуай хоёр хамт олон жил мал туусан, хамтдаа хөл дээрээ боссон, амь нэгтэй найзууд байсан юм.  Үстийн Банзрагч гэхээр Улаанбаатарын урд талын зам зуурынхан ч бас андахгүй дээ. Гэхдээ одоо ч мэддэг хүн цөөрчихлөө дөө, хөөрхий. 
-Банзрагч гуайг сайн адуу авч ирээд нутгийнхандаа зарж арилждаг байсан гэж сонссон юм. Андуу ташаа мэдээлэл байсан юм болов уу?
-Адуу төдийлөн олныг авч ирээгүй. Дамбий гэж нутаг орондоо нэртэй уяач хүн байсан юм. Гавьяат нэгдэлчин Дагдан гуайн төрсөн дүү. Өвөө маань Дамбий гуайтай дотно нөхөрлөдөг байсан. Тэр найздаа хэд хэдэн адуу авч ирж өгсөн гэдэг. Авч ирсэн морьд нь ч сумандаа их хурдан байсан гэдэг юм. Өвөө маань “Дагдан “Наад Дамбий чинь олон хүүхэдтэй, амьдрал нь ядмаг юм шүү дээ. Харин чи арай л илүү идчихээд байна уу даа” гэж надад хэллээ. Би Дамбийдаа муу адуу авч ирж өгөөгүй ээ. Ер нь авсан үнээрээ л өгчихдөг дөө” гэж байсан удаатай. 
Дундговийн зүүн тал Дэрэн, Дэлгэрцогт хэзээнээсээ хурдтай газар даа. Тууварт явж байгаад тэндхийн сайн адуутай хүмүүстэй танилцаад л, сайн адуу авч ирээд, сумынхаа адуу сонирхдог хүмүүст зарчихдаг байсан. Авч ирсэн болгон нь л сайн давхисан даа. Харин өөрөө бараг морь уяагүй. Намайг сургуулиасаа гараад хөдөө гарч ирээд адуунд дурлаад эхлэхээр өвөө маань надад морь авч өгч байлаа. Би ч мал маллаад л өөрийн гэсэн үрээ авчих таван цаастай болчихсон хүн дээ.
-Манлай багадаа хурдан морь унаж байв уу?
-Цөөхөн жил унасан.
-Адуу руу сэтгэл татагдах болсноо юутай холбож үздэг вэ?
-Манай унаган адуу хурдтай байсан. Миний нэр дээр нэг цагаан гүү байсан юм. Тэр цагаан гүүнээс олон цагаан цоохор унага гарсан юм билээ. Тэдний дундаас надтай чацуу цагаан цоохор үрээг надад зүслээд, хязааланд нь Дамбий гуайгаар уяулахад сумын наадамд хол тасархай түрүүлсэн гэдэг юм. Тэгэхэд би дөрвөн настай л байсан юм даг уу даа. Тэгж анх өөрийн нэртэй адуу түрүүлгэж байлаа. Өөрийн өмчтэй болчихоороо ч сонирхол их татсан байж магад. Хичээл тарлаа л бол хөдөө явчихдаг хүүхэд байлаа. Хичээл орлоо гэхээр дуртай, дургүй л буцна. Тэгээд л долдугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж мал дээр гарчихсан. Хожим оройгоор наймдугаар анги дүүргэсэн юм.
-Нутгийнхаа мундаг уяачдыг дагаж, морины ажилд нь туслаад л гүйдэг байсан гэж сонссон?
-Авга ах Ган адуучин байсан гэж хэлсэн шүү дээ. Мөн Цэрэндорж гэж морь нь их сайн давхидаг, Гомбосүрэн гээд адуу малладаг, морьд нь сайн давхидаг идэрхэн залуус байсан. Тэднийг дагаад, өмнө хойгуур нь гүйгээд л, морьдыг нь усалж, чөдөрлөж, өглөө барина. Ингээд тус болоод гүйгээд байхаар тэд ч бас дуртай, “Энэ л их юм сурна даа” гэлцдэг байж билээ. Урмын үг хүнийг мундаг идэвхтэй болгож, сайн явахынх нь эх үүсвэр болдог. Тэр л урмын үгэнд урамшиж гүйсээр нэг л мэдэх нь ээ, төрийн цолонд хүрчихсэн байлаа шүү дээ. 
-Нутгийн тань нэгэн лам таныг “сайн уяач болно” гэж урьдчилан хэлсэн гэсэн сонин түүх бас сонсож байсан юм байна?
-Тийм ээ. 1985 онд манай дунд хүү гарчихсан байсан. Манайх Тагарваа ламынхтай саахалт нутаглаж байсан юм. Лам тэгэхэд тодроогүй, саальчин байсан үе л дээ. Нэгэн өдөр хэдүүлээ будаатай цай хийчихээд ууж суусан чинь Тагаа лам “Чи их сайн уяач болох хүн байна. Манайх дээд талаасаа уяач удамтай. Манайд хэд хэдэн сайн адуу бий. Би ер нь чамд гурван хазаар өгнө өө” гэдэг юм байна. Тэгээд гурван сайхан хазаар, нэг цагаан эсгий  нэмнээ надад бэлэглэсэн юм. Тэгэхэд би сумын баяр наадамд дөрөв, таван морь айрагдуулчихсан байсан. Түүнд их урамшаад, тэр зундаа аймгийн баяр наадамд ирж уралдаж байлаа. 
Түүнээс олон жилийн дараа Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэн. Мөн 2008 онд Манлай уяач цол хүртсэн. Цол хүртсэний дараа манайх Хоньчийн нурууны энгэрт нүүж очсон юм. Тэнд өвөл тэжээлийн хэдэн адуу услаж байтал манайх руу цагаан саарал жийп давхиад явчихлаа. Би ч “Зорьж явааг бодоход уулзах л ёстой хүн байна” гэж бодоод, малаа түргэхэн услачихаад л давхиад иртэл Монгол Улсын Алдарт уяач Хүүхэнбаатар гуай, лам хоёр ирчихсэн сууж байдаг юм байна. Нэг ангийн хоёр л доо. Тэгээд хоол унд идээд, ярьж хөөрч суухдаа би тэр явдлыг гэнэт санаж “Та намайг олон жилийн өмнө их хурдтай, нэртэй уяач болно гэж хэлж байсан даа. Одоо ингээд би Монгол Улсын Манлай уяач гэдэг хэн бүхэнд олддоггүй эрхэм цолонд хүрчихлээ. Та мэлмий сайтай хүн юм. Би таны өгсөн хазаар, нэмнээг хадгалсаар яваа. Бүр хүүхдүүддээ ч “Та нар энэ нэмнээн дээр унтаж болохгүй, адуу манаанд ч авч явж болохгүй шүү” гэж захидаг юм” гээд хазаар, нэмнээг нь үзүүлж байлаа. Тэгэхэд лам “Чи ч юмыг  сайн хадгалах юм аа” гээд л инээж байсан. Хазаарыг нь бол хаа явсан газартаа л аваад явдаг болохоор нэлээд сэлбэгдсээн.
-Тэр сайхан бэлгэшээлтэй үгийн хамт ирсэн зүйлийг тэгж хадгалахгүй ч яах билээ?
-Тийм ээ, их сайхан бэлгэшээл бодож бэлэглэсэн зүйлийг нь нандигнан хадгалсаар яваагаа өөрт нь үзүүлсэндээ их баярладаг юм. Би одоо ч хадгалсаар л байгаа. 
-Эмээ тань  бас хазаар бэлэглэж байсан гэдэг байх аа?
-1974 онд намайг анх морь уяхад тэмээний ноосон тархитай хазаар хийж өгч байлаа. Одоо ч надад бий. Морь ёсл-оход хамгийн өндөр настай, гавьяа байгуулсан морио хазаарлаад уяаны эхэнд уячихдаг юм. Уг нь улаан эдээр бүрчихсэн байсан. Одоо энд тэнд улаан даавууны өөдөс л харагддаг болсон доо. 
-“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг дээ. Хутагтын болон эмээгийн тань бэлэглэсэн хазаар таны ирээдүйд бэлтгэсэн нэгэн сайхан бэлтгэл, зөн совин байжээ?
-Тэгж бэлгэшээдэг учраас л хадгалаад байгаа юм. Хүүхдүүддээ ч бас нарийн учрыг нь хэлж захидаг.
-Тагарваа хутагт өөрөө морь мал гэдэггүй, саальчин байхдаа таныг сайн уяач болно гэдгийг анзаарч байсан байна. Та харин хутагтыг морины уяа эвлүүлж, улс, бүсийн наадамд морь айрагдуулна гэж төсөөлж байв уу?
-Огт төсөөлж байгаагүй. Аргагүй уяач удамтай хүн л дээ. Түүний зэрэгцээ тэр хүний увдис, хувь тавилан, амны хишиг гэж айхтар зүйл байна. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нэрийг хэд хэдэн удаа гаргалаа. 
Саальчин байх үедээ авч байсан нэг диплом нь надад байдаг юм. Би аваачиж өгье гэж бодоод хадгалаад л яваа. Надад бус, үр хүүхдэд нь байвал илүү дурсгалтай биз дээ.
-Тэгэлгүй яах вэ. Та ч аргагүй эд юмандаа гамтай, хадгалах ч дуртай хүн юм аа?
-Ер нь гэрэл зураг, баярын бичиг гэх мэтийн зүйлс хадгалах дуртай шүү. Одоо бол түүхийг нь дурсаж  ярих, чухам эзэнд нь өгөх бүр дуртай болоод байгаа юм. Нандин зүйлсээ аваад хүмүүс ч их баярладаг юм. Эргээд миний тухай сайхнаар дурсаж ярина. Ярих гэдэг чинь дотносох, сэтгэлээ хуваалцахын нэгэн сайхан хэлбэр шүү дээ. 
-Нас ахиад нэлээд уяхан болоод байна уу даа?
-Гайгүй ээ. Тийм ч яаран нулимс унагахгүй. Гэхдээ  нэг л сонин. Өөрийн морьд түрүүлж айрагдах юм уу, өөрийн талаас сайн үйл тохиолдоход огшиж, нулимс унагах нь ер нь л гайгүй. Тэгсэн атлаа ядмагдуу амьдралтай, моринд дуртай, бидэнд тус болоод дагаж явсан хүүхдийн морь түрүүлж, айрагдахаар л өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлэгнэж, хоолой зангираад ирдэг юм. Гэхдээ ч бас “Муу эр уйлан ярьдаг, муу нохой улин хуцдаг” гэдэг өвгөчүүлийнхээ үгийг санана л даа.
2008 онд хар морь улсын баяр наадамд түрүүлэхэд, би Монгол телевизэд ярилцлага өгсөн юм. Цагаандалай “Үстийн Банзрагчийн гал голомтынхон төрийн наадамд их насны морь түрүүлгэчихлээ. Ямар сэтгэгдэл төрж байна” гэж асуудаг юм байна. Тэр асуултыг сонсмогцоо л толгойн үс босоод л, бие ирвэгнээд, өөрийн эрхгүй нүднээс нулимс гараад, амьсгаа давхцаад эхэлсэн. Ярих гэтэл хоолой зангираад болдоггүй. Хоолойгоо жаахан засч, нүдээ нэлээн цавчилтал нулимс минь арай ч дусалчихааргүй боллоо. Тэгээд л би “их хурдан адуу байгаа юм. Би ч сайн мордуулж... баярлалаа” гээд л ярилцлагаа тасалчихсан л даа. 
Өвөл нь уяачдын шинэ жил болоход яваад очлоо. Тод манлай уяач Хэнмэдэх гуай бид насны зөрүүтэй ч сайхан үерхэж нөхөрлөдөг юм. Сүрхий зудтай жил адуугаа бутраахад нь 500 адуунаас 280 хэдийг нь би бөөгнүүлж өгсөн юм. Тэгж бид сайхан сэтгэлийн нөхөд болсон юм. Тэгээд уяачдын шинэ жилээр нэг ширээнд сууж байтал “Өвгөн ах нь буузаа хийгээд сууж байтал зурагтаар чи ярьж байна. Би ямар төрийн наадамд их насны морь түрүүлгэж үзсэн биш, их морь түрүүлгэсэн хүн их л амьсгааддаг юм байна гэж бодоод л дүүгээ хэсэг ширтлээ дээ” гэдэг юм. Намайг Цагаандалайн асуултанд огшоод, учиргүй сандарчихсан зогсохыг тэр хүн тэгж харсан байгаа юм.  
-Уяачид “Наадам болгон л сайхан” гэдэг. Уралдаан наадмуудаа том, жижиг ч гэж ялгалгүй, нэгэн сэтгэлээр баярлаж хөөрч явдаг улс. Гэхдээ л төрийн зарлигтай уралдаан, тэр дундаа төрийн наадмаас их насны морь, азаргаар түрүү хүртэнэ гэдэг уяач хүн бүрийн л зорилго байдаг байх. Даанч бас хүссэн хүн бүрт тохиогоод байдаг хувь тохиол ч биш л дээ?
-Бүсийн наадмуудад улсын цолтнууд маань хуваагдаад явцгаачихна. Монгол Улс даяар  400 гаруй Алдарт, 100 орчим Манлай, 40 орчим Тод 

2008 ОН ИХ НАСНЫ МОРИОР УЛСААС НЭГ ТҮРҮҮ, АЙМГААС НЭГ ТҮРҮҮ, ГУРВАН АЙРАГ ХҮРТСЭН ӨМТЭЙ ЖИЛ БАЙСАН

манлай цолтон бий байх. Эд нар маань хуваагдаад наадчихаар ачаалал хамаагүй хөнгөрчихнө өө дөө. Гэтэл улсын наадамд  бол улсын цол хүртсэн болгон л ёс бодож морь мордуулах гэнэ шүү дээ. Тэр утгаараа төрийн наадам өргөн дэлгэр, өтгөн, бас өрсөлдөөн ихтэй. Нэн ялангуяа азарга, их нас гэхээр доод тал нь долоо, дээд тал нь 16-17 насны адуу мордож байгаа юм. Ингээд бодохоор арван хэдэн жилийн унага нийлж уралдаж байгаа биз? 
-Тэгэлгүй яахав. Тэр дундаас түрүү, айраг хүртэнэ гэдэг...
-Айраг, түрүү горьдохоосоо илүү төр, түмнээ хүндэтгэж буйн илрэл. Мөн аз, жор хоёр нь таарвал айраг, түрүү хүртээд, улс даяар нутаг ус, өвөг дээдэс болоод өөрийн нэрээ гаргачихна. 
Нөгөөтэйгүүр төрийн наадамд хэн дуртай нь ч морь айрагдуулчихгүй шүү. Анх очсон жилээ айраг хүртсэн хүн  тун цөөхөн байдаг. Дэвжээ нь тухайн морь, уяач хоёрыг хүлээж авах гээд цаг хугацаа шаардагдана л даа. Хамгийн гол нь, зорьсондоо хүрэхийн тулд зогсолгүй, шантралгүй зүтгэх хэрэгтэй. Тэгсэн цагт амжилтанд заавал хүрдэг.
-Хар морь 2008 онд ямархуу уяатай байсан юм бэ. Уяачийн хувьд та ч адуугаа мэдэрсэн л байлгүй?
-Хар морийг ид байхад би унаган гурван сайхан морьтой байлаа. Байнд ирсэн маягийн Байны цэгээн гэж бас нэг сайн морь байсан. Ингээд өөрийн дөрвөн морьтой. Дээр нь Бямбаноровын хар. Ингээд таван сайхан их насны мориор нэг үе сайхан наадаж байлаа. Би ер нь хар морийг, хүнийх гэж бодож байгаагүй шүү. Өөрийн юм шиг санаж явдаг. Тийм ч болохоороо “миний хар морь” гэж ярих дуртай. 
-Хэдтэй авч байсан гэдэг билээ?
-Хязаалан үрээ авч байсан. Тэр жил Сайхан-Овоо сум сайхан зуншлагатай байсан. Өвөл нь тэнд өвөлжчихөөд зун нь ногоо сайхан дэлгэрэхээр Сайхан-Овоогийнхоо нутагт морьдоо уясан юм. Манай Бага хонгор морь их хурдан байлаа. Сунгасан Бага хонгор түрүүлж, бага хээр ард нь, Байны цэгээн гуравт, хар морь дөрөвт давхиад байна шүү. Уртын сунгаанд 40 гаруй морь сунгалаа. Эргэхэд нь хоёр хүүгээрээ дөрвөн морио цааш нь хөтлүүлж байгаад морьд эргээд 600-700 метр явсан хойно тавьчихлаа. Тэгсэн хойноос нь туулсаар яг долоон км яваад цээжний хэдэн моринд очсон. Цээжний морьдтой тогтож уралдах болов уу гэж бодсон чинь тэгсэнгүй, дөрвүүлээ тасраад л явчихлаа. Тэгснээ хонгор, хээр морь хоёр зай авахаар нь давхиж очоод тэр хоёрыг жаахан татуулчихлаа. Хар морь, цэгээн хоёрыг шавдуулж байгаад аваачаад нийлүүлчихлээ. Дахиад тавьсан чинь наад цэгээн, хар хоёр нь суларч  үлдээд хонгор нь түрүүлж, хээр нь аман хүзүүддэг юм. Араас нөгөө хоёр нь нэлээд зайтай ирээд, цэгээн гуравт, хар нь дөрөвт орлоо. Хөлсийг нь хусахад бүгдээрээ л сайхан хөлстэй байна. Гэхдээ хар морины хөлс онцгой байнаа. Хусахын тоолонгоор л мэлмэрээд. Явдал нь цаад хэддээ хүрэхгүй мөртлөө нэг л сайхан мэлмэрсэн усан хөлстэй, янзын сайхан байна. 
-Хөлсийг хусч байхдаа хар морио төрийн наадамд авч явъя хэмээн шийдсэн хэрэг үү. Дөрвүүлэнг нь аваад явж болоогүй юм уу?
-Хонгор морь дэндүү сайн байсан, хөлс нь ч сайхан юм. Би төрийн наадамд хэдэн сайхан хонгор морь унагачихсан хүн шүү дээ. Хоолны л алдаа хийгээд байсан юм билээ. Тэгээд л “Хонгор зүстэй адуу хойд зүгт, ер нь том наадамд уралдуулаад мууг нь үзчихээд байгаа. Одоо больё. Хар морины хөлс нөгөө хоёроосоо илүү байна. Харыгаа аваад явъя” гэж шийдсэн юм. Үлдсэн бүх морио аймгийн наадамд явуулчихаад хар морио нэг үрээтэй хамт аваад улсын наадмыг зорилоо. Зам зууртаа Хөдөлмөрийн баатар Давга гуайн хүү улсын Алдарт уяач Цогтбаярыгаа дагуулаад хүрээд очсон. Тэгээд хар морь тэр наадамд түрүүлсэн. Тэгэхэд “Та яагаад дөрөвт давхисан морио улсын наадамд авч явсан юм бэ” гэж мөн ч олон хүн надаас асуусан. Би ч үнэн учраа л хэлсэн.
-Хээр, цэгээн морь хоёрын хөлс нь ямархуу байсан юм бэ?
-Зүгээр нь ч зүгээр л байсан. Морины бул гэж байдаг даа. Ямарваа юманд бул, сэтгэл зүй чухал. Миний хээр сүрхий гарч уралддаг морь. Халхын их олон хурдан буяны дунд очоод үрэгдэнэ шүү дээ. Тэгж бодоод хээр морио орхичихсон. Хонгор морио аваад явбал явчихмаар л байсан. Даанч олон хонгор морь унагаснаа бодоод эмээсэн юм.
Цэгээн морины тухайд төрийн наадамд арай л хэнздээд байсан. Даагандаа хэнз, хариугүй туранхай хатчихсан амьтан байсан юм. Тэр жил хүчээр ч арай нимгэн байсан. Ийм л тооцоотойгоор үлдээсэн дээ.
-Нутагт үлдсэн хэд “нураасан” биз?
-Дундговийн наадам долдугаар сарын 10-нд эхэлж, азарга, их морь, шүдлэн уралджээ. Үдээс хойш утас дуугарахаар нь авсан чинь хүүхэд ярьж байна. “Би хоёр азарга явуулсан юм. Хоёр азарганы нэг нь цээжинд явж байгаад хадуураад давхичихлаа. Нэг азарга дөрвөөр давхилаа” л гэж байна. Гурван их насны морины нэг нь түрүүлээд, Содномпил Манлайн зээрд аман хүзүүдэж, дөрөв, таваар хоёр морь угсраад орлоо гэнэ. 
-Улсад аваад явсан бол баллаж мэдэхээр байж шүү.
-Яалт ч үгүй хурдан байсаан, гэхдээ төрийн наадмыг аймгийнхтай жишишгүй шүү дээ. 
Ингээд би тэр жил аймгийн наадмаас нэг түрүү, зургаан айраг, төрийн наадмын нэг түрүү хүртсэн. Мөн ч сайхан аз өмтэй жил байсан даа.
-Хар морьтой хамт авч ирсэн хязаалан үрээ тань улсын баяр наадамд хэдээр давхисан бэ?
-40 хэдээр л ирсэн. Дараа нь давхар уяагаар Сайхан-Овоогийн наадамд хол тасархай түрүүлсэн. Үүнтэй холбоотой бас нэгэн сайхан дурсамж санаанд бууж байна. Би 1995 онд Даатамга, Чойдог тэргүүтэй мундаг уяачидтай хамт улсын баяр наадамд явсан юм. Тэгэхэд Даатамга гуай “цлсын баяр наадамд 40 дотор давхисан морь аймаг, сумын наадамд холхон түрүүлдэг юм. 80 дотор давхисан морь аймаг, сумын наадмаас найдвартай айраг хүртдэг юм” гэж байсан. Би ч тэр үед “за энэ ч бас юу л бол доо” гэсэншүү юм бодож байлаа. Гэтэл тэр үг үнэн болохыг хязаалан үрээ маань тэгж надад харуулсан даа. 
-Хар морийг наадамд мордохын өмнө хүмүүс ямаршуухан яриа хөөрөөтэй байв. Түрүүлнэ гэдгийг нь урьдчилж таамаглаад, танд тэр тухайгаа цухуйлгасан хүн бий юу?
-Би ч хүнд бараг л үзүүлдэггүй юм даа. Битүүхэн ханцуй дотроо залбираад л мордуулчихдаг юм. Тиймээс мордохоос нь өмнө хэн ч таагаагүй. Тэр жил цаг хатуухан байсан болохоор Тод Манлай уяач Дуламсүрэн морьдоо Сэлэнгийн Орхонтуулд уясан юм билээ. Орхонтуулын МСУХ-ны тэргүүн моринд их дуртай, сунгаа алгасалгүй ирж үздэг нэг залуу нэг сонин юм ярьсан байдаг. Тэр хавийнх нь сунгаануудад Егүзэр хээр, Дүүгүүр саарал, Бүлтэн халтар, бас нэг хээр морь дөрөв л тоймгүй хурдан байж л дээ. Тэгээд залуу морьдыг нь ачилцаж өгөхдөө “Би төрийн наадмын айраг, түрүү хүртэх хүлгүүдийг л ачилцлаа даа” гэж бодсон гэж байгаа. “Тэгээд  их насны морины уралдааныг тэсэн ядан хүлээгээд суучихсан. Морьд ч мордсон. Егүзэр хээр, Дүүгүүр саарал, Бүлтэн халтар гурав ч үнэхээр хурдан байсан. Тэгтэл Дундговийн Луус сумын хөдөөний хөх уяачийн хар морь хажуугаар нь орж ирээд түрүүлчихсэн. Тийм хурдан амьтдын хажуугаар гарна гэхээр бүр мундаг хурдан амьтан аа гэж мөн ч их гайхсан шүү” гэж 2010 онд надтай таараад хуучилж байсан. Тэр наадамд Егүзэр зургаалж, Бүлтэн халтар тавласан санагдаж байна. Дүүгүүр саарал ч нэлээд араар ирсэн л дээ.
-Хар морь уралдахынхаа өглөө ямархуу байдалтай байсан бэ. Өөрөөр хэлбэл Говьшанхад түрүүлдгээсээ илүү байж чадсан уу?
-Өмнөх жил нь Говьшанхад илүү, этгээд гоё байсан даа. Манайх тэгэхэд Өвөрхангайн Баян-Өндөрт морьдоо уясан юм. Тэнд хур бороо элбэгтэй, чийглэг уур амьсгалтай байсан. Ёстой л хилэн хар морь Говьшанхын наадамд их ч сайн, холхон түрүүлсэн дээ. Гэхдээ бүсийн наадам бол бүсийн наадам. Төрийн наадам бол төрийн наадам. Хар морь улсын наадамд хар саарал юм очоод мундаг аварга амьтадтай уралдсан юм чинь мөлхөлгүй л яах вэ. Хүйн долоон худаг ч өгсүүр, мөлхөөд л орж ирсэн. Говьшанхын наадмын үеэр зурхайд орж ирсэн зураг нь манайд бий. Дөрвөн хөл нь газраас хөндий байдаг юм. Улсын наадмын үеэр бол зурхайд орж ирэхдээ гурван хөл дээрээ гишгэсэн байдалтай зураг гарсан байдаг юм. 
-Та “хөлс нь их сайхан болчихсон байсан” гэлээ. Ёстой л сувдан хөлс нь мэлмэрч байв уу?
-Ямар ч амтгүй, өнгөгүй, сайхан хар хөлс л хусуур хүрэхийн тоолонгоор л сад тавиад буучихдаг юм. Сэтгэл санаа ч их сайхан тайван байна. Ер нь хурдан байгаа морь хачин амгалан болчихдог доо. Тэр жил давхих адуу амгалан тайван, юу ч болж байсан цочроо, мэдрээ багатай, ерөнхийдөө үе үе үүрэглээд л байдаг даа.
-Зүс хувирч, ногоон сор татах уу?
-Халуун наранд аажуухан хөлсөлчихөөр манай говийн хар морь ногоон болчихдог юм.
-Та өмнө нь улсын баяр наадамд хэд хэдэн хонгор морь аваачаад унагаачихсан гэж тун гунигтай ярилаа. Тэр болгоныг хоолноос л болсон гэж дүгнэдэг юм уу?
-Нэг соёолон зургаагаар хурдлаад, зурхайн наахна 100 метр үлдээд байхад ойчоод өгсөн. Олны дундуур гүйж очоод хүүхэд, хазаар, эмээлээ аваад явах гэсэн чинь хүүхэд нь мориноосоо зуурчихаад орилоод болдоггүй. Би ч залуу байж, ичсэн гэж жигтэйхэн. Дараа нь зам цэвэрлээд ачаад явахад нь дүү нарыгаа давхиулаад сүүлнийх нь шуултыг авахуулж байлаа. 
2003 онд Их хонгор морь улсын наадамд 30 хэдээр давхиж ирээд ойччихсон. Их сандаргасан. Тэр үед тариа будаа ч, эмчилдэг хүн ч ховор байлаа. Олон л эмч дуудсан, олон сайхан найз нөхөд, уяачид мэдэх чадахаа хэлсэн. Аль нь ч хэрэг болоогүй. Өмнөх жил нь “Говьшанхын хурд”-д таваар давхичихсан байсан юм. Тэгтэл Манлай уяач Батчулуун “Хөгшөөн чи ерөөсөө хоолыг нь багадуулаад байгаа юм байна. Түүнээс биш чиний уяа өөгүй, сайхан ч мордуулж байна” гэсэн юм. Би ч “таван цаг идүүлсэн шүү дээ. Яалаа гэж өлдөх вэ” гэдэг юм байгаа биз дээ. Батчулуун тэгэхэд “Чи ургамлын зөрүүг тооцохгүй байна аа. Зүгээр л миний үгэнд ор. Нартайд тавьж, нартайд барь. Тэгээд ирэхээр шал ондоо давхина шүү” гэж зөвлөсөн юм. Түүнээс хойш би үгэнд нь орж байгаа, гайгүй шүү.
Учир юу вэ гэхээр манай нутаг харахад өвс ургамал гэхээр өөдтэй юмгүй хэрнээ асар хүнд хоолтой л доо. Хүний хоолтой зүйрлэвэл өөхтэй мах л гэсэн үг. Би нутагтаа их насны морио маргааш өдөр 12, 13 цагийн үед мордоно гэхэд хоёр цаг 30 минут хооллочихно.  Тэгээд түхийтэл хооллочихоор өнөөх нь шингэхгүй. Тийм тослог учраас л өөхтэй зүйрлээд байгаа юм. Уг нь хоёр цаг 30 минут тачирхан ургамал идэхэд санаанд орохгүй дээ. 
Харин улсын наадамд болохоор би шөнийн 12 цаг хүртэл зогсоож байгаад үүрээр 05 цагт бариад уячихдаг. Бүтэн таван цагийн хоол байгаа биз дээ. Тэгэхээр би ургамлын зөрүү, чанарыг мэдэхгүй л байсан юм билээ. 
-2008 онд та улсын баяр наадамд нэлээд тулгаж очсон байдаг байх аа?
-Гол нь хоол солигдчихдог. Солигдохоор л болж өгөхгүй, манайхны морьд очоод чацга гүйлгэчихдэг юм.  Тэгэхээр хамгийн зөв нь гэдсэндээ байгаа хууч хоолыг нь барахаас өмнө нэг хоногийн хоолтой уралдуулах явдал. Гэвч бид хэд хоногийн өмнө очоод хоолыг нь тогтоож чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс тулгаж байгаад л өмнөх өдөр нь гэрээс гарч давхиад л давааны ард сайхан ногоон дээр хоночихоод морио идүүлчихээр маргааш нь Хүйн долоон худагт хоёр хоногийн хоолтой оччихож байгаа юм. Тэгж л хоёр хоногийн хоолтой мордуулаад, тун зөвдсөн юм даа.
-Говьшанхад түрүүлдэг жил Өвөрхангай аймагт уягдсан гэсэн. Тэгэхэд хоолны зөрүү гараагүй юу?
-Бас л тулгаад очсон. Өвөрхангайн Баян-Өндөрийн ургамал Богд уулын арын хоолноос арай өтгөндүү. Зүйрлүүлвэл, Улаанбаатар хотыг тойрсон ногоон ургамал шөлтэй хоол шиг байдаг бол Өвөрхангайнх цуйван юм даг уу даа. Харин манай эндхийнх өөхтэй бүхэл мах болчихоод байгаа юм. 
-“Төрийн наадамд их насны морь түрүүлгэсэн хүн бүтэн жил айлын хойморт суудаг” гэдэг дээ. Хар морийг түрүүлсний дараа ч олон хүн шаваад л, олон л юм хэлцгээсэн байлгүй. Тэдний дундаас хэн нь хамгийн онч голчтой үг хэлж байв даа?
-Хар морио түрүүлгэчихээд Цагаандалай бид хоёр хамгийн түрүүнд Даваахүү гуайнд очсон юм. Улсын наадмаар манай хоёрынх ойрхон ч буучихдаг. 
Ороод очмогц л Даваахүү гуай “За миний хүү, дээшээ суу. Арван хэдэн насны адуун дотор төрийн наадамд их насны морь түрүүлгэнэ гэдэг мөн ч том хэрэг шүү. Дундговь аймгаас 60 жилийн дараа их морь түрүүллээ. Түүнийг чи түрүүлгэлээ. Эр хүнд тун ховор олдох хувь тавилан дүүд минь олдлоо” гээд өөрийн бичсэн “Хүлэгчийн нууц” гэдэг сайхан номоо бэлэглэж байлаа. Гэхдээ тэгэхэд ах Дундговийн их морины түрүүг 10 жилээр андуу хэлсэн юм билээ. Учир нь, 1938 онд Дундговийн Дэрэн сумын нэрт уяач Хайнзан гуай хонгор мориороо улсын баяр наадмын түрүү авч байсан. Би 2008 онд хар мориороо төрийн наадмын түрүү хүртсэн.  Тэгэхээр 70 жил болж байгаа биз дээ?
-Тийм байна.
-Тийм сайхан хүнээс үг сонсоод, сайн ном бэлгэнд авна гэдэг сайхан шүү дээ. Би ч өөрийгөө ном сурдаггүй хүн гэж тодорхойлдог юм. Багаасаа л бие султай, сурлага муутай хүүхэд байсан л даа. Энэ хэдэн мал л намайг энэ зэрэгтэй болгосон юм шүү дээ.
-Ингэхэд Даваахүү гуай та хоёр хэрхэн танилцсан юм бэ?
-1999 онд манай Их хонгор, Бага хээр маань соёолон байлаа. Хоёулаа их хурдан. Адаацаг сумын 30 жилийн ойд газар газрын сайхан буянгууд ирж хонгор маань, түүний төрсөн дүү хязаалан үрээ түрүүлчихлээ. Түүнээс хэдхэн хоногийн дараа Говьшанхын наадам боллоо. Тэр наадамд Даваахүү гуай, Хүүхэнбаатар гуай, Цэрэнбал, Жамбага бид хэд ойрхон бууцгаасан юм. Наадмын урьд өдөр Даваахүү гуайнд хүмүүс цуглаад байхаар нь яваад очлоо. Буяндэлгэр гуай ирчихсэн, нэг том шилтэй архи Даваахүү гуайд аваад өглөө. Нөгөө архийг аягална шүү дээ. Би архи амсахгүй л дээ. Даваахүү гуай архиа аягалаад надад өгөхөөр нь “Би архи уудаггүй” гээд л духандаа хүргэчихээд эргүүлээд өглөө. Тэгсэн чинь “Дундговьд нэг гайгүй хүү гараад ирлээ гэж бодоод байсан, архи уудаггүй юм байна. Энэ нөхөр ч их морь түрүүлгэхгүй шүү” гэж байна. /инээв/ Тэр үед Даваахүү гуайн хурдан морийг араатан амьтны шинжээр шинжсэн нэг гоё ном гарчихсан байсан. Би ном унших дуртай. Нөгөө номыг нь авч уншмаар санагдаад, “Ах өвгөн минь энэ номноосоо нэгийг надад зарчихаач” гэчихлээ. Тэгсэн “Энэ тэртэй тэргүй чамд очно оо” гээд өгөөгүй юм. Олон ном морины байнд өгөх гээд авч очсон юм билээ. Нээрэн л маргааш нь миний хонгор морь соёолонд аман хүзүүдээд тэр ном надад ирж билээ. 
-Та хоёр ч биесээ цаашлуулаад л суудаг сурагтай байсан. Түүнээс хойш л нэлээд дотносжээ дээ?
-Тийм ээ. 2002 оны улсын наадам гурав будилсан шүү дээ. Наадмын ар дээр Архангайн Тоглохын талд хангайн бүсийн уралдаан болж, хүрээд очлоо. Жалганд морио буулгачихаад, морины ажил хийж байсан чинь их ах /Даваахүү Тод манлайг ийн дууддаг юм билээ/ ирээд бууж байна. Морь буулгалцах санаатай очсон чинь машиндаа сууж байна, тэгснээ “Хаа газрын хар юм юу хийж энд салгалж яваа юм, чи” гэж байна. Тэгэхээр нь би цаашлуулаад “Төрийн наадмыг гурав үймүүлчихсэн, нас нь жаахан ахиад зүрх нь үхчихсэн, одоо ч наадам будилуулах гэж очихгүй дээ. Сиймхийгээр нь нэг юм аваад буцъя гэж бодоод ирсэн чинь та бас хүрээд ирдэг юм байжээ” гэчихлээ. Тэгтэл “Хүүе хүүе, ахынх нь үед нэг л морь будилуулдаг байсан юм, эднүүс чинь гурвыг будилуулаад хаячихлаа” гээд л инээж байсан. Бид тэгж л дотноссон хоёр доо. Намайг “Чи ч өлөн азтай биш, төрмөл уяач ухаантай юм шүү дээ” л гэдэг юм.
-Яриад байвал ийм бахдам сайхан түүх мундахгүй биз ээ. Та нутгийнхнаасаа Адаацагийн Дашдэлэг гуайг багш хэмээн бодож явдаг гэж нэгэнтээ ярьж байсан. Ер нь танд уяаны эрдмээ харамгүй зааж өгсөн, уяаны дөр суулгасан хүмүүс гэвэл хэн, хэнийг нэрлэх вэ?
-Уяаны гол дөр суулгасан хүн нь Дашдэлэг гуай. Одоо хүүхдүүдийнх нь морьд ч  сайхан хурдалж байна. 
Мөн Монгол Улсын Алдарт уяач Ярин гэж сайхан хүн байлаа. Тэр хүнээс авсан хар азарга манай адууг нэлээд сүлсэн. Бас Сайнцагааны уяач “Жаал” хэмээх Шаравжамц гэж сайхан буурал байсан. Тийм сайхан улсыг дагаж, өмнө хойно нь орж гүйж, сэтгэлээ гаргаж тусалж явсны л үр дүн шүү дээ. Хүнд тэгж сэтгэлээ гаргаад байхаар тэр хүн ч надад үгээ хэлнэ ээ дээ. 
Бас Улаан Дамба гэж Сайнцагааны аймгийн Алдарт уяач байлаа. Тэр өвгөнтэй ойр дотно явж үгийг нь дуулж явсан. Ер нь буурлуудаасаа л суралцаж өслөө шүү дээ. Юугаар ч үнэлшгүй асар үнэ цэнэтэй үгсийг тэгж л хөдөлмөр, сэтгэл хоёроороо сольж авсан.
Гэтэл өнөөгийн залуус нэг л өөр. Нэг их том шилтэй архи тавьчихаад л дэргэд нь очоод суучихна. Халамцуу хүнээс яаж зөв үг гарах вэ дээ. Эрүүл ухаанаар ярьж байгаа үг л илүү жинтэй бууна. 
-Уяач болгон л өөрийн гэсэн арга барилтай байдаг. Таны дагаж явж, ажилд нь тусалж, алтаар үнэлшгүй үгсийг нь сонсож, суралцдаг байсан тэр уяачид уяаны ямар онцлог арга барилтай хүмүүс байсан юм бол оо?
-Ярин гуайг манай нутгийнхан чанга уяач гэдэг байсан. Өөрийнх нь адуу ч нэлээн чангахан, татам шиг л юм авчирдаг. Тэгсэн хэр нь айргаас мултрах нь ховор. Харин Шаравжамц гуай азарга, их моринд сайн хүн байсан. Дээд гурван насыг нэлээн аятайхан мордуулчихдаг. Даага, шүдлэн төдийлөн уядаггүй. Жортойхон шиг бага адуу суманд айрагдалгүй л яах вэ дээ. Гэвч анхаарлаа яг морь руугаа хандуулж, их гоё уядаг хүн байж билээ. 
Дашдэлэг гуайн хувьд их бодолтой, сайхан уяач. Моринд ажил хийх гээд бодохоороо орж гараад л, тогтож сууж чадахаа байчихна. Очоод юм асуухаар хэдэн үг босоо суугаа хоёрын хооронд хэлчихээд гараад явчихна. Хойноос нь гараад харахад уяан дээрээ оччихсон, морио тойроод л алхаад байна. Тэндээ очоод бас удахгүй ээ, 2-3 тойрсноо гэр рүүгээ алхчихна. Гэртээ бас удахгүй дээ, эргэж гарч ирээд л морио тойроод байна. Тэгж явдал дундаа боддог хүн байсан. Цаад мал нь явдаг юм байх юм бол өвгөн гарцаагүй л ажил хийсэн байдаг. Тийм айхтар хүн байсан даа. Надад их сайн. “Би хүүдүүдтэйгээ ярихаас илүү чамтай л ярих дуртай” гэдэгсэн. Хөгшин нь бас моринд дуртай гэж жигтэйхэн. Өвгөнөөс илүү уяна. Өвгөнийхөө хийх гэж байгаа ажлыг түрүүлээд л хашгирчихна. Их л сайхан цайлган цагаан сэтгэлтэй хүн байсан даа. Одоо хүүхдүүдийнх нь хоёроос бусад нь морь уяцгааж байна. Цолонд хараахан хүрч амжаагүй ч сайн давхиулж байна. 
Том хүү Хуягбаатар нь надтай нэг үе. Улсын цолонд ч их ойрхон байсан даа, даанч бурхан болчихсон юм. Одоо хүү нь бас морь уяж байгаа.
-Содномпил Манлайтай хамт морь уяж байсан гэдэг. Тэр үеийнхээ дурсамжуудаас хуваалцаач?
-Би Содномпил Манлайтайгаа хэдэн жил морь уясан. Тэр үед Манлайн хар азарганы хөл нь муудчихсан байсан л даа. Сунгааны урд өдөр өвгөн надад “Чиний буурал  жаахан жижиг, тачир азарга юм даа, түргэн хөдөлгөөнтэй. Ахынхаа хар азаргатай сунгаж болохгүй шүү” гэж байна. Тэгэхээр нь би цаашлуулаад “Хазгар азарга, харимал уяачаас айдаг нас ч арай биш дээ” гэж хэлээд тавьчихлаа. Би хар азарганы уралдахыг нь түрүүнд нь үзээгүй байсан юм. Тэгээд л өөрийнхөө адууг илүүд бодоод байхгүй юу. Морьд эргээд ухасхийсэн чинь хар азарга гараад л хөдөллөө, хөдлөхөөр нь зэрэг буурал азаргаа жаахан шахуултал явж очоод нийлчихлээ. Тун удалгүй миний буурал азарга хөдлөөд, хар азарга дагаж хөдлөөд хоёулаа холоо тасраад явчихлаа. Өвгөн баахан уяач суулгачихсан, би баахан залуус суулгачихсан хоёр талаар хоёулаа давхиад байгаа. Яг татдаг дээр ирээд хар азарга түрүүлээд, буурал азарга аман хүзүүддэг юм. За тэгээд хөлсийг нь хусаад зогсож байсан чинь миний азарга пал гээд л хэвтээд өгдөг юм байна. Босоод ирэх юм бодоод татаад байсан, босдоггүй ээ. Хэдэн хүүхдээрээ өргүүллээ. Нэг л муу, ядраад байгаа бололтой. Тэгтэл өвгөн “хүний үгэнд орохгүй бол ингэдэг юм даа” гэж байна. 
Өвгөн ч азарганыхаа хөлсийг буулгачихаад, гэртээ ороод явчихлаа. Би уяан дээр үлдлээ. Тэр оройдоо хөтлүүлээд, мордож дулаацуулж үзээд ч сэхэл авдаггүй. Өглөө адуу ирсэн чинь уйлсан хүүхэд шиг царай алдсан, хөгийн юм байна. Шөнөжин хэвтэж хөрвөөгөөд сүүл, дэл хоёр нь тэр аяараа мод  болчихож. Өвгөнийгөө өөрөө тавлачихсан хүн чинь үг асуух эрхгүй шүү дээ. “Яадаг билээ” гэж бодож байгаад овооны ард өдөр хөтөлж очоод энд тэнд нь баахан хатгаад хаячихлаа. Тэгээд харж байсан чинь нэг юм арай дээрдэх шиг. Авч ирээд уяан дээр уячихсан. Өвгөн сэргэлэн хүн тэрийг мэдэлгүй яах вэ дээ, “аан” гэчихээд л өнгөрсөн. Орой морьдоо тавиулчихаад хүүхдээр хөтлүүлээд, өөрөө хойноос нь тууж яваад усанд аваачаад хүйтэн усаар шавшиж байгаад нэлээн аажуухан тавьчихсан. Маргааш нь хөөрхөн сэргэчихсэн, хөл дээрээ босоод ирчихсэн. Хооллочихсон, царай зүс ч орчихсон.
 Дараагийнх нь сунгаанд “За, би хэлээ гаргаж, гараа өргөөд бууж өглөө. Буурлыгаа араас нь тавиулъя, хар азаргатай чинь уралдуулахгүй ээ” гэж өвгөн ахад үнэнээ л хэллээ. Тэгээд хүүхдээр хөтлүүлж байгаад морь нэлээн явсан хойно хойноос нь сайхан зугуухан явуулсан чинь бариан дээр юу юугүй хар азарган дээр очих нь ээ. Тэгэхээр нь татчихсан. Очвол дахиад баллачихна шүү дээ. Тэгэхэд хоёулаа Өлзийтийн наадамд цуг явна гэж байсан юм. Өвгөн ч түүнээс хойш зоос татаад байдаг болчихлоо шүү. Тэгж байснаа “За, өвөө нь Эрдэнэдалайнхаа наадамд явъя аа, унаган нутгийнхаа наадамд ойрын хоёр жил очоогүй юм. Чи урагшаа явдгаараа яв” гэсэн юм.  Би ч үгэнд нь ороод Өлзийтөд очлоо, буурал азарга маань холхон түрүүллээ. Хонгор морь маань айрагдчихлаа. Өвгөн хар азаргаа тэнд аман хүзүүдүүлчихлээ. Мөн хул морио түрүүлгэчихээд надад шил архи, чихэр жимстэй ирж билээ. 
Би “Хойд насандаа сайн адуу, тэр дундаа их морь болж төрнө өө” гэдэг хүн л дээ. Өвгөн морийг доош нь залбируулж тушчихаж байгаад яаж ч сэгсрээд тэжээл асгахгүй болгож байгаад тэжээл өгчихдөг юм. Нэгэн өдөр тэр аргаараа тэжээл өгч байхаар нь би цаашлуулаад “Би ер нь сайн адуу болж төрөхөө болилоо. Ийм тамын гарт очвол зовж үхэх юм байна” гэчихдэг юм байгаа биз дээ. Тэгсэн хөөрхий минь “Би ч бишгүй л хүнд дарлуулсан хүн. Гэхдээ чам шиг муухай дарладаг хүнтэй огт таараагүй” гэж билээ.
-Унаган адуугаараа урамтай сайхан наадаж буй уяачийн нэг нь та. Одоо ч яриаг тань сонсоод байх нь ээ, дандаа л их насны морьд дуулдаад байна. Та ч их насны морьдоор аргагүй л сайхан нааддаг хүн юм аа?
-Би аймгийнхаа наадамд зургаан насны морь зургууланг нь түрүүлгэж үзсэн. Зургууланг нь хэд хэд айрагдуулчихсан, хэд хэд түрүүлгэчихсэн хүн шүү дээ. Харин бүсийн уралдаануудад соёолон, их насны морь хоёр л илүү давхиулсан байна лээ. 
-Морин соёолон уу?
-Тийм ээ, би азарга ганцханыг түрүүлгэж үзсэн хүн. Даагаар бол хэд хэдэн удаа түрүү хүртсэн. Морин хязаалан бас хэд хэдийг түрүүлгэж, айрагдуулсан. 
Ажиглаад байхад засаатай адуу ер нь цөөхөн айрагдуулсан шүү. 1974 оноос хойш өдий болтол морины сүүл шуухад 100, 200-гаад медаль бий. Ихэнх нь морин соёолон, их насны морь хоёрынх. 
-Их морь уяачийн жинхэнэ эрдмийг харуулдаг гэдэг. Ер нь юун дээр илүү анхаарчихаар уяа нь эвтэйхэн эвлэчихээд байна вэ? 
-Их нас, морин соёолон хоёр ч их алсын уяатай амьтад л даа. Бүтэн жилийн ажил хийнэ. Дөмөгхөн их морь, морин соёолон хоёр байнгын гараатай, газраас уяатай. Унаж эдэлж хорыг нь гаргах жишээтэй. Гараас салгаж болохгүй л дээ. Учиргүй таргалуулж ч болохгүй. Хэрзийтэл эцээчихэж бас болохгүй. Тарган, туранхайг нь эвтэйхэн тааруулаад жилийн дөрвөн улирлын турш эдэлгээтэй байлгах хэрэгтэй. Морин адуу гэдэг, тэр дундаа чансаатайхан морин адуу бол бас л нойр хоол хасаж, хөдөлмөр нэлээн шаардсан ажил хийлгэнэ шүү.
-Хоёр хонгор морь танай унаган адуунууд. Дээд угшлыг нь хөөвөл? 
-Ганболд ахыгаа бид Жаал ах гэж дууддаг юм. Нутагтаа бол Ган гэдэг нэрээрээ алдаршсан. Жаал ах нэгдлийн адуу маллаж байсан гэж хэлсэн шүү дээ. Тэдний адуунд явж өгдөггүй, сүүлд л пөг пөг шогшиж байдаг хонгор шүдлэн байдас байлаа. Уургатай хүн ирлээ гээд урагшилдаггүй этгээд мал. Тэгэхээр нь  1990 оны хувьчлалаар  би давхиж очоод авчихсан. Авч ирээд өөрийн унаган  Их хүрэн азаргандаа хураалгасан. Ер нь энэ хонгор гүүнээс гарсан болгон давхисан шүү. Том наадамд тодорсон нь л тэр хоёр хонгор. Хоёр ах нь ч бас хурдан л байсан. Шүдлэндээ аймгийн баяр наадамд айрагдсан ах хүрнийг нь би “азарга тавиарай” гээд Жаал ахдаа бэлэглэчихсэн юм. Түүний ах бас нэг сайхан хонгор морь хурдан л байсан. Гэхдээ эхний хоёр нь  Ярингийн харын төлүүд. Аймгийн наадамд олон ч айрагдаж, түрүүлсэн дээ. Энэ хар азарга Маарамба Баярын угшилтай. 
-Их хүрний төл хоёр хонгорын аль нь илүү байсан санагддаг вэ? 
-Хүний нүдээр бол бага нь илүү. Давхилын чансаагаараа бол их нь илүү. 100 морь эргэсэн ч цээжний 10 адуунд, зургаан морь эргэсэн ч цээжний хэдэн адуунд явдаг байлаа. 
Харин бага хонгор морь нь бааш ихтэй, эвгүйхэн шиг шавхраад гаргачихвал хаана л явахгүй морь байна, очоод бөөр рүү нь наалдчихна. Ингээд л өөрийгөө аргалаад явахгүй юмтай цогиод байна. Хүүхэд нь чадмаг байгаад араас гүйхээрээ орж ирсэн моринд наалдуулж чадвал дагаад цээж рүү гараад ирнэ. Тийм сонин морь байсан юм. Тэгээд би бага наадамд уралдуулаад, том наадамд бол уяан дээрээ орхичихоод л явчихдаг болсон. Гэтэл нэг удаа сонин явдал болоод. Говьшанхын наадамд явчихаад иртэл хоёр алтан медаль зүүчихсэн байна. “Энэ ямар учиртай, хаанахын медаль бэ” гэсэн чинь “Эрдэнэдалай суманд суварганы хоёр наадам болсон юм, тэнд аваачсан чинь хоёр түрүүлчихсэн” гэж байна. Би хэл ам орчихсон юм уу гэж цээрлээд байдаг байсан юм. Гэтэл эхнэр маань намайг явсан хойгуур хотод нэг гайгүй лам  дээр очиж ном уншуулж, ариулж утаад Рашаантын суварганы наадамд аваачаад мордуулчихсан чинь 70 гаруй мориноос холхон түрүүлчихсэн юм билээ. Дараа нь хоёр 

АЙМГИЙН НААДМААС ЗУРГААН НАСНЫ ТҮРҮҮ ХҮРТЭЖ БАЙЛАА

өдөр өнжөөд, Тэнглэгт болсон суварганы наадамд аваачаад бас түрүүлгэчихсэн байсан. Түүнээс хойш манай бага хүүгийн нэр дээр их олон түрүүлсэн дээ. Даанч би 2009 онд Завханы Тэлмэнд болсон наадамд аваачаад бас унагачихсан юм. Түүний өмнөхөн Өвөрхангайд манай нэг хүү авч явсан. Тэгэхэд Отгоннасангийн буурал морь түрүүлээд, манай хонгор аман хүзүүдсэн байсан. 
-Нэгдлийн адуунаас авсан хонгор гүүнээс хэдэн эр төл гарч, хэд нь давхисан юм бэ?
-Таван эр төл гарсан юм. Дөрөв нь их сайн давхисан. Нэг нь жаахан тааруухандуу. Сүүлд би эхийг нь Цоодолдоо /Дэмчигцоодол/ өгчихсөн юм. Харин би нэг төлөөр нь азарга тавьсан. Хамар цагаан их сайн хүрэн азарга байсан. Ноднин нас өндөр болоод дууслаа даа.
-Хоёр хээр морь нь бас танай унаган адуу юу?
-Их хээр морь нь манай унаган адуу. 2002 онд билүү дээ, аймгийн наадамд түрүүлсэн. Энэ хэдээсээ ч ах морь байсан юм. Манай нэг дүү бурхан болчихоор нь амийг нь гуйж сэтэрлэсэн байсан юм. Тэгсэн 28 настай ноднин бурхан боллоо доо. Бага хээр морь  нь болохоор хоёр хонгортойгоо нэг эцэгтэй. Эх тусдаа. 
-Эцэг хүрэн азарга нь уягдаж байсан уу. Яаж давхиж байсан адуу вэ?
-Хүрэн азарга нь бас манай унаган адуу. Эх нь ч бас манай унаган гүү байсан юм. Луусын нэгдлийн дарга Намшир гээд Өмнөговийн уугуул мундаг сэргэлэн өвгөн байлаа. Тэр хүн Галшарын нэгдлийн дарга байсан  Дирийллаагаас хэдэн сайхан азарган үрээ авчирсан юм билээ. 
Би цэрэгт Чулуунбаатар гэдэг залуутай сайхан нөхөрлөдөг байлаа. Найз маань адуу маллана. Тэдний адуунд нөгөө ирсэн азарганаас  нэгийг нь хуваарилж, сайхан халтар азаргатай болсон юм. 
Тэгэхээр нь би түүнд нь өөрийн адууны байдсыг аваачиж тавиад эхний жил  эр хүрэн унага авлаа. Шунал хөдлөөд дахиад тавьчихсан чинь охин хүрэн унага гардаг юм байна. Эхтэй нь авчраад адуундаа нийлүүлтэл азарга нь нөгөө муу унагыг нь барьчихсан. Тэгээд ганц эр унага үлдсэнээр нь азарга тавьж олон сайхан төл авсан даа. Миний хүрэн азарганы төлүүд Дундговийнхоо хэмжээнд сайнд тооцогдоно шүү. Тийм ч болохоор нь Чулуунбаатартаа нэг даага өгсөн. Даагандаа зургаа, долоогоор давхисан сураг дуулдсан.  Шүдлэн, хязаалан, соёолондоо түрүүлээд, сумдын ойн наадмуудад аман хүзүү, айргийн гурваар давхисан гэнэ лээ. 
Ер нь манай Их хүрэнгийн төл болгон нь хурдалсан даа. Би түрүүн ярилаа, улсын наадамд соёолон зургаалаад туганд орж чадаагүй эндсэн гэж. Тэр бас манай хүрэн азарганы төл. Өмтэй, азтай залуу насанд морь ч давхичихна шүү. “Нас чинь тогтлоо, авдгаа авлаа, эдэлдгээ эдэлчихлээ, одоо чи байж бай. Хойноос чинь сайхан залуу уяачид гаргаж ирнэ” гэж цаанаас нь хардаг тэнгэр байна. Тэгэхээр зурлагаараа явна шүү дээ. Тиймээс одоо жаахан хүлээзнээд л байна. 
-Бие дааж уяад хэдэн оны ямар наадмаас айраг, түрүү хүртэж, энэ олон жил үргэлжилсэн аз өмийг нээж байсан юм бэ?
-1980 онд цэргээс ирчихээд, 1981 онд сумын наадамд морь айрагдуулж, анхны айргаа хүртсэн. Би 1974 онд арван хэдтэй хүүхэд морь уяад их нас наймаар давхиулчихсан шүү. Сайхан мэдрэмжтэй хүн дагаж яваад, наймаар давхиулна гэдэг чинь тэр жаахан хүүхдэд айраг, түрүүтэй л адилхан санагдаж байсан. Хожим тэгж сумын наадмаас айраг хүртээд 1995 онд аймгийн наадамд бор морь айрагдуулж, 1997 онд даагаар анхны түрүүгээ хүртэж байлаа. 
-1997 оноос хойш их, бага наадмын айраг, түрүү ч огт тасраагүй байх аа?
-1998 онд Даншиг бага хээр, дүүтэйгээ хамт орсон. Хойтон жил нь Их хонгор морь соёолондоо орсон. 2000 онд Их халтар морь түрүүлсэн. Хойтон жил нь Даншиг дахиад түрүүлчихсэн. Даншиг хээр маань аймгийн наадамд гурав түрүүлж, соёолондоо аман хүзүүдсэн. Самаа Баатарын хүүгийн нэрийг их гаргасан сайн хээр морь бас байсан юм. Тэр хээр морь түрүүлээд, манай Даншиг аман хүзүүдэж байлаа.
-Даншиг хээрийн удмыг хөөвөл хаанахын ямар адууны угшилтай юм бол? 
-Манай гэргийн ах Улаанхүүг 1974 онд цэргээс ирэхэд Цэсрэндолгор гэж сайхан өвгөний уяж байсан шүдлэн үрээг бэлгэнд өгсөн юм билээ. Шүдлэн, хязаалан уяагүй гэдэг юм. Соёолондоо аймгийн наадамд айрагдсан. Сайн ч зээрд азарга байсан. Хожим тэднийх төв рүү орчихоод, адуу нь эзэнгүй, 2-3 гүүтэй тэнээд байхаар нь би хөөж авчраад хэдэн гүү хураалгачихсан юм. Түүний төл аятайхан хээр унага гарсан. Багад нь би гайгүй уясан юм аа. Өөрөө ч хурдан байсан. Тэр хээрээр азарга тавиад гарсан төл нь Даншиг хээр. Эх нь манай унаган зээрд халзан гүү байсан юм.  
-“Дундговийн баруун талд азарга, их морь, уяач гурав нэг айлд байдаг юм шүү” хэмээн аархсан тэр жилийн наадмыг дурсаач. Таны баяр бахдал дүүрэн сайхан мөчүүдийн нэг байх?
-Тэр үед би аймгаараа ирж чадахгүй, ид нүүдэл хийдэг байлаа. Тэнээд л, тойроод л уралдаад явдаг. Хэдэн сайн азаргатай, хэдэн сайн их морьтой болчихлоо доо гэж дотроо бодоод л явдаг байлаа. Тэгсэн манай уяачдын холбооны 10 гаруй хүн эрлийз адуу үзэхээр Улан-Үд рүү явдаг юм. Адуугаа ч үзчихлээ, ажил амжчихлаа, буцах боллоо. Шөнө хэдүүлээ нэг өрөөндөө орж суугаад ганц хоёр шил юм хүртлээ. Ихэнх нь халцгаасан. Тэгснээ Дундговь аймагт энэ жил түрүүлэх азарга, их морь тоолж байна. Таван азарга, таван их морь тооллоо. Тэгэхээр нь би “Миний гурван сайн азарга, таван их морины нэг, хоёр нь зайлбаргүй дуудагдана даа” гэж бодож байсан. Тэд огт хэлдэггүй шүү.  Би ч халамцуу хүмүүстэй юу ярих вэ гээд дуугараагүй, унтаад өгсөн. Гэтэл “Ерөөсөө эд нарт сайн азарга, их морьтой гэдгээ үзүүлье” гэсэншүү юм бодогдоод болдоггүй ээ. Тэгээд бүгдийг нь дагуулж ирж, азаргаа түрүүлэхийг харуулсан даа. 
-Нөгөө айхтар үгийг азарга түрүүлсний дараа хэлсэн юм уу?
-Тийм. Их морь мордоогүй байхад “за, Дундговийн баруун талд азарга, уяач, их морь гурав нэг айлд байдгийг битгий мартаарай” гэчихсэн. Нөгөөдүүл чинь тэр үгэнд бантсан уу, яваад өглөө. Их морь мордлоо. Тэгсэн хээр морь маань холхон түрүүлээд, миний хэлснийг баталчихлаа шүү. Түүнээс болоод би том үгтэй, их зантай л болоод явчихлаа. Хоёр, гурван жил л элдвээрээ хэлэгдсэн дээ. Үг гэдэг хүнийг гомдоохдоо ч, баярлуулахдаа ч амархан шүү дээ. 
-Та тойрч тойрч аймаг, сумынхаа наадамд ирэхээрээ ингээд л айраг, түрүү “бөөндчихдөг” хүн юм аа даа?
-Уяачийн өм гэж байдаг шүү дээ. Тэр нь нээгдсэн юм байлгүй дээ. Азарга юм уу, их морь сайн давхичихвал араас нь дагачихна л даа. Манай аймагт гурван их морь оруулсан хүн байдаггүй. Дөрвөн морь түрүүлгэсэн хүн ч байхгүй. Би ингэж аймгийнхаа онцгой, онцгой амжилтыг үзүүлсэн. 
-Суманд бол бүр ноёлчихоод байгаа дуулддаг байсан?
-Сумын наадам заримдаа миний ч наадам болоод байгаа юм шиг өдөр ирдэг л байсан. Сайн сайн давхина аа. Харин би морь сайн давхилаа гэж хөөрөөд уугаад явчихдаггүй байсан. Уувал гэртээ ууна. Айл хэсэж уух тун дургүй. Болж өгвөл найз нөхдөө дуудна. Болохгүй бол унтаад өгнө. Дээрээсээ даруулгатайнх л даа. Даруулгатайн хажууд дүү нартаа 
“Овилгогүй бол та нар архи битгий хөө
Орлогогүй бол тамхи бүү тат” гэж лоозогносон хүн чинь айл хэсээд архи уугаад явбал нүдний булай болно биз дээ. /инээв/
-Даншиг хээрийг даагандаа түрүүлдэг жил та өнгө зүсийг нь хараад, бараг л урьдчилаад таамаглачихсан байсан талаарх яриа бас сонсож байсан юм байна?
-Тийм ээ, Даншиг жигтэйхэн эвтэйхэн болоод байсан. Би ч “Айрагдах нь ч айрагдах л юм байна даа” гэж бодоод Чулуунбаатарыгаа дуудаад, үзүүлсэн юм. Манай хүн хэд тойрч харснаа голонгидуухан маягтай л яваад өгсөн. 
Маргааш нь наадам болох гэж байдаг, би цоо шинэ мотоцикльтой. Даага уралдах гээд байдаг, ээж хөдөө мал дээр. Дүү ээжээс өмнө хүрээд ирчихсэн. Тэгэхээр нь “За ахын чинь хээр даага өнөөдөр айрагдана, ээждээ үзүүлмээр байна. Чи яваад ээжийг аваад ир” гээд явуулсан юм. Даага ирэхээс өмнө ээжийг ч аваад ирлээ. Түрүүлнэ чинээ ч санаагүй. Айрагдана л гэж бодоод байсан. Хадам аавтай хоёулаа узелийн дор суугаад чагнаж байсан чинь “Хойд зүгээс ирсэн байж магадгүй ээ, цагаан хувцастай хүүхэдтэй зайдан бараан даага цээжинд гараад ирлээ” гэж зарлагдаж байснаа тун удалгүй “зайгаа авлаа, холдоод явчихлаа” гэдэг юм байна. Тэр үед манайх хүүхдэдээ цагаан хослол өмсгөдөг байсан юм. Ер нь хамгийн анх Дундговьдоо хүүхэд зайдан унуулсан нь ч манайх байж магадгүй. Наадам том болчихсон чинь зайдан хүүхэд л бол хангай зүгийнх гэдэг байсан байхгүй юу. Тэгээд таньж зарлаагүй л дээ. 
Манайхны Монгол Улсын Алдарт уяач “мухар” Баатар гэж хочлогдсон сайхан хүн байсан. Биднээс цөөхөн ах. Тэгсэн Баатар архи ууж байгаад, “өнөөдөр Чулуугийн хээр дааганаас өөр юу ирэх юм бэ, тэр түрүүлнэ” гэж байсан гэдэг. Тэгсэн цагаан хувцастай зайдан хүүхэд хол тасарчихлаа гэнэ. Мөн нь ч мөн болоод явчихлаа. Хадам аав л “чимээгүй хүү минь” гэж байна. Тэгээд дуугүйхэн суугаад хүлээж байтал зайтайхан түрүүлсэн дээ. Тэгж нэг ээжийгээ  баярлуулсаан. Болоогүй бас аав, эмээ, өвөөгөө байхад нь үзүүлсэн бол мөн ч сайхан юм болох байж дээ гэж бодогддог л юм билээ. 
-Танай дүү нар морь уядаг уу?
-Уяна. Аймгийн Алдарт уяач Энхжаргал гэж бий. Морьд нь сайхан давхиж байна. Энд манай гурван хүү бий. Баатар Мянгат малчин. Хааяахан морины уяа эвлүүлнэ. Дандаа охидтой, ажил нь даанч амжихгүй л дээ. Бас л сайн адуутай. 
-Гурван хүү гурвуулаа уях уу?
-Хоёр нь ч адууны төлөө төрсөн юм шиг адуун дээр л байнга байдаг юм. Дундах нь тун дажгүй уяад байгаа. Би ч адууг нь гайгүй чанаржуулаад өгчихсөн болов уу л гэж боддог юм.
-Энэ сайхан хурдан буянгуудаасаа орон нутагтаа төдийгүй баруун аймгуудаар ч бас сайн тараасан гэж дуулдсан. Бусдад очсон адуу хурдлахад ч бас уяачийн баруун чих хангинаж л байдаг байлгүй?
-Баруун хойд аймгуудад манайхаас гарсан адуу сайн давхидаг юм. Баян-Өлгий аймгийн харьяат Бэрнээбейк гэж аймгийн Алдарт уяач залуу бий. Түүнтэй хоёр ч удаа наймаа хийж хэдэн адуу авч очсон. Сайн давхисан гэнэ лээ. Баян-Өлгий аймгийн наадамдаа бүсийн нэг түрүү, нэг айрагтай хүн юм гэсэн. Өөрийнх нь аймагт болсон нэг уралдаанд манай унаган соёолон морь түрүүлсэн. Завханы Алдархаанд болсон наадамд манай унаган даага айрагдсан гэсэн. Түүнээс гадна Говь-Алтай, Баянхонгороор ч манай адуу бий. Ер нь түрүүлж, айрагдаад байгаа дуулддаг шүү. 
-Та адуу малын наймаа сайн хийдэг байх. Танай энд үрээ, даага хэр үнэтэй зарагддаг вэ?
-Цөөхөн, цөөхөн. Миний зарсан адуу, бэлгэнд өгсөн адуу хоёрын хооронд хол зай гарна даа. Зарсан нь бэлгэнд өгсөн адууны 50 хувьд ч хүрэхгүй. 
-Шинэ цагийн азаргатай болсон гэж сонссон. Төлүүд нь хэр байна?
-Түрүүч нь хязаалан болчихоод байна. Уяж үзсээн. Жижиг сажиг наадамд ганц нэг айрагдсан. Бас л болж өгөхгүй байгаа юм.
-Танай адуунд ямар ч байсан Галшар адуу байгаа юм байна. Өөр хаанахын адуунуудаар цус сэлбэгдсэн бэ?
-Маарамба Баяр гуайнхны Баянцагаан адуу. Улсын Алдарт уяач Шаравжамц өвгөний Өлгөрийн удам байна. Нарийн яривал Баяр гуайн адуу л даа. Ярин гуайн хурдан харын удам бас бий. За тэгээд, Дорнод, Дорноговь, Сүхбаатараас ч азарга авч л байлаа. Аймагтаа, улсад түрүүлж, айрагдсан азаргануудын үр төлөөс ерөнхийд нь цуглуулсан шүү. Сайн залгаж чадвал хаана ч очоод уралдсан санаа зовохооргүй л болсон.
-Хэдэн онд Гавьяат малчин болсон билээ?
-Улсын Алдарт уяач цолоо шинэ жилээр ММСУХ-ны ерөнхийлөгч М.Энхболдоос, Манлай уяач цолоо Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөс, Гавьяат малчин цолоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос  гардаж авсан даа. 
-Мал сүргээ таван хошуу бүрнээр нь өсгөж үржүүлж байна уу?
-Манайх олон сайхан тэмээтэй байсан. Гэвч адуунаас өгчихсөөн. Хэнтийн Мөрөнгийн Аръяандэв гэж Монголын хамгийн олон адуутай, Алтан унаганы эзэн болсон хүнд 40 гаруй тэмээгээ тууж аваачиж өгөөд оронд нь адуу авч байлаа. Манай нутагт тэмээ маллаж болох нутаг л даа. Даанч адууныхаа хойноос хөөцөлдөхөөр тэмээ явдал нь холдоод байгаа юм шиг санагдаад байсан юм. Одоо дөрвөн хошуу малаа өсгөж үржүүлж байна.
-Та өмнө нь гурав, дөрвөн аймгийн нутаг дамжаад 11 жил отор хийсэн гэж ярьж байсан. Одоо ч ингэж олон жил отор нүүдэл хийдэг хүн ч ховордсон байх аа даа?
-Би эхэндээ ч сайн нүүсэн. Харин одоо бол манай аймгийнхан, тэр дундаа манай сумынхан сайн нүүцгээнэ. Хаана л ногоотой газар байна, тэнд Дундговийн Луусын малчин явж л байна. Ер нь Луус, Хулдынхан их ажилтай, анхиатай хүмүүс байдаг юм. Ажлаас халгаж халширна гэж байхгүй шүү. 
-Таныг шинэ оны анхны зочноор урьж байгааг дуулаад, уншигчид маань өөрсдийн сонирхож буй асуултуудаа манай редакцийн хаягаар ирүүлсэн юм. Тэдгээрээс цөөн асуулт асууя. Эхний асуулт. Морины хар гэдсийг хэрхэн авдаг юм бэ?
-Одоо ч хар гэдэс авах амархан болчихоод байна даа. Түрүүхэн үед эм тариа, бэлдмэл элбэг байсангүй. Тиймээс уяж хоноод, сайхан усан лууль идүүлдэг байлаа. Тэгээд хоолгүй уяад хонуулчихна. Тэгж усан хоолтой хонуулчихаад,  шогшуулж байгаад дараа нь хүнсний сода өгчихдөг байсан юм. Хоёр халбагыг нэг литр усанд найруулаад өгчихөд хар гэдэс нь хөвөөд л гарчихна. Одоо бол сайн туулга олон болчихсон. Заавал уяж хоноод, хоолыг нь хасаад байх шаардлагагүй болжээ.
-Дараагийн асуулт. Морины хэл яг юунаас болж хатдаг юм бол. Хоол тэжээлээс болдог юм болов уу?

ҮГ ДААХ ТЭНХЭЛГҮЙ, АЖИЛ ХИЙХ ЧАДВАРГҮЙ ХҮҮХДҮҮД Л ӨСГӨХ ГЭЭД БАЙНА УУ ДАА, БИД

-Уг нь морины хэл хатах асуудал байдаггүй байсан юм. Одоо л ийм асуудалтай болчихоод, аргаа бараад эмч, эрдэмтэн докторуудаас асуугаад л байна. Хэн нь ч хариу өгч чадахгүй юм. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр магадлан хийнэ гээд шинжлээд л байгаа сурагтай. 
Зарим нөхцөлд эдэлгээнээс болоод байгаа юм шиг санагддаг. Би бол ургамлын бүлэг нь л дутуу болчихоор морины хэл хатаад байна уу гэж бодоод байгаа.  
-Унаган адуугаа ямар үнэ ханшаар өгдөг юм бол асуугаад өгөөч гэж цөөнгүй хүн асуужээ?
-Ерөнхийдөө бол 2-2.5 саяар л өгдөг юм. Хэд хэдэн удаа айрагдсан адууг бол дээд тал нь долоон сая төгрөгөөр зарж байлаа.
-Орон нутагтаа амьдарч, адуу малдаа чин сэтгэлээ зуун хувь зориулдаг, уламжлалаа дээдэлж хүндэтгэдэг уяачид цөөрч байна. Үүнтэй холбоотойгоор морь, хүүхэд хоёр баячуудын зугаа цэнгэлийн золиос болоод байна гэсэн яриа гарах боллоо. Та үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Монгол түмний үе дамжсан их соёл, хүүхдээрээ морь унуулж уралдуулдаг дэлхийд давтагдашгүй уламжлалын тухай л энд яригдаж байгаа юм. Гадаадын жуулчид хүртэл уралдаанч хүүхдүүдийн авхаалж самбаа, ур чадварыг харах гэж л монгол наадмыг үзэхээр үй олноороо ирцгээж байна шүү дээ. Түүнээс биш мөнгөндөө цатгалдсан баячууд галзуурсан морины нуруун дээр хүүхэд хүчээр суулгаад уралдуулчихдаггүй юм гэдгийг хүүхдийн эрх яриад байгаа зарим хүн байтугай, гадаадын иргэд хүртэл ойлгож ухамсарлаад л байх шиг санагдах юм. Би бол үүнийг монгол түмний бахархал болсон нүүдэлчний их өв соёлыг устгах гэсэн далд бодлого юм уу гэж хардаг.
Нөгөөтэйгүүр үг даах сэтгэлийн тэнхэлгүй, ажил хийх биеийн чадваргүй хүүхэд өсгөх гээд байна уу даа. Бидний үеийнхэн ч багаасаа л бие бялдар, сэтгэхүй хөгжүүлэх хөдөлгөөнт тоглоомуудаар л наадаж өссөн улс. Тэр бүхэн нь л бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлсний үр дүн нь одоо бид нас ахисан ч эрүүл чийрэг байгаагаар нотлогдож байгаа гэж боддог. Гэтэл өнөөгийн хүүхдүүдийн хоёр нүд, хэдэн хуруу нь л хөдөлдөг, бусад эрхтэн нь тэр чигээрээ хөшчихдөг, дийлэнх нь сахарын илүүдэлтэй л болоод байна. Насыг нь асуухаар 4-5, кг-ыг нь асуухаар 40-50. Тэгээд л эрүүл мэндийн салбар нь асар хөгжчихсөн гадаадын оронд л хөрөнгө оруулалт хийцгээгээд байдаг боллоо шүү дээ. Би үүнийг нь цаашлуулаад “Шинэ монгол хүүхэд” гэж нэрлэчихээд байгаа юм. Шинэ монгол адуу болохоор монгол адууны хурдлах чадварыг сайжруулаад сайхан болгож л байна. Шинэ монгол хүүхэд болохоор амьдрах чадварын хувьд муудаад байна. Эрүүл саруул, хөдөлгөөнтэй хүн эх орныхоо сайн сайхан ирээдүй, хөгжил цэцэглэлтэнд тус нэмэр болж явах ёстой. Харин тэр хөдөлгөөн төдийгүй бие, сэтгэлийн тэсвэр хатуужлыг морин спорт өгдөг юм шүү дээ. 
-Та бол дээд хоёр насны адууны амжилтаар бусдаас давамгайлж, Монгол Улсын Манлай уяач цолонд хүрсэн хүн. Адууны эдэлгээ, тэр дундаа дээд хоёр насны адууны эдэлгээнд юуг голчлон анхаарах нь зүйтэй вэ?
-Эхний хоёр унааг зөөлхөн хийдэг юм. Тэгээд гурав, дөрөв дэхээс нь газрыг нь жаахан холдуулаад, чөдөрлөж хононо. Хоолгүй явуулаад хэрэггүй. Адууны бэлчээр дээрээс нь барьж унаж сайхан давхиж байгаад л ижлийн бараатай тав, арван км давхиад тавиад явуулчихад адуу ухаантай юм чинь ижил дээрээ давхиад л очно шүү дээ. Тэгж байтал тэртэй тэргүй тохомны хөлс тогтохоо больчихно. Үс нь задраад, сорлоод жигтэйхэн сайхан болоод ирнэ. Морь зөв эдэлгээ авч байгаагийн шинж. 
Би боддог юм, хүн бүр л хийгээд байгаа юм л даа. Чухам цаг хугацааг нь зөв олоод, зөв эдэлгээ хийсэн морь л амжилтанд хүрээд байгаа юм. Нисдэг ч байсан алдаатай ажил хийгээд, хөндүүрийг нь дутуу гаргаад, тарган мордуулах юм уу, үгүй бол тамиргүй эцэнхий юм мордуулчихвал яагаад ч явахгүй шүү дээ. Уяа сойлго, хугацаагаа их сайхан тооцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, морь уяна гэдэг чинь бодлого шүү дээ. Тоог бол нэлээн бодуулна. Хөндүүрийг нь тэгж гаргаад үс нь сайхан задраад сорлоод ирнэ. Ер нь зөв байгаа морь эмээл авлаа л бол хөрвөөж байдаг. Хэрэв буруу бол юун хөрвөөх, тэр дундаа олон хүн үзэх л юм бол хөвөрдөж давхиад, дайрч алчих гээд байдаг. Гэдэстэй морь нэг тэгнэ, үгүй бол хөндүүр авсан морь тэгнэ. Морины ажил хийхээс арваад хоногийн өмнө нэлээн сайн хөлсөлж, ажил хийгээд, хэд хоног сайхан амраачих хэрэгтэй. Ер нь хүнтэй адилхан шүү дээ. Ажил хийлгүй байж байгаад их ажил хийчихээр маргааш нь бие булраад хөндүүр болчихдог доо. Багаас нь хийхээр хөндүүр биш, гоё уужуухан байдаг. Тэгээд үзүүр дээр нь нэг сайн ажил хийгээд өгөхөөр хөндүүр нь гарсан морь улам сайхан болно уу гэхээс өөр хөндүүр авна гэж байхгүй. 
-Бид замдаа танд зориулсан шүлгийг сонсож явлаа.
Гүүнээс биш, хүнээс төрсөн атлаа
Саамаар биш, сүүгээр амласан мөртлөө
Адгууснаас өөр бахдах зүйлгүй юм шиг
Адуунаас өөр сайхан нь үгүй юм шиг
Сав л хийвэл адуу ярьж суух
Сайхан монгол эр хүн манай нутагт байгаа гэж. Танд зориулсан бас нэгэн шүлэг дуу болоод амилчихсан. Тодруулбал, “Яндаг фильм” студиэр хийлгэсэн таны тухай баримтат киноны үеэр эгшиглэж байна?

-А.Лхагваагийн миний тухай бичсэн нэг шүлэг бий. Чиний сая хэлсэн дууны шүлгийг бичсэн сайхан хүү одоо АНУ-д амьдардаг юм. Манай нутгийн миний амидаа хөгжмийн зохиолч ая хийсэн сайхан дуу гарсан байна лээ. Хар морийг улсын наадамд түрүүлэхэд “Гил хар” гээд, манай сумын Засаг дарга Түвшин гээд сайхан буурал байдаг юм. Тэр хүн үг хийгээд, манай аймгийн гавьяат Дашням багш ая хийсэн бас нэг дуу бий. Энэ мэт тав, зургаан дуу шүлэг байдаг юм байна шүү. 
-Танаас өөр ийм олон шүлэг найрагтай уяач байхгүйдаг шүү. Ирсэн зочин буцаж, орсон бороо арилдаг гэдэг. Ярилцлагаа өндөрлөе дөө. Бидний урилгыг хүлээж авч илэн далангүй сайхан ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнхөд үр удмаараа ивээгдэж яваарай гэсэн бэлгэ дэмбэрэлтэй ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.
-Тэр хол газраас зорьж ирж ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. “Тод магнай“ сэтгүүлээрээ дамжуулаад Монголынхоо ард түмэнд сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл саруул энх тунх, аз хиймориор дүүрэн байхыг хүсэн ерөөе өө. 
-Тэр ерөөл бат сайхан оршиж, мөнх сайхан тогтож, тэгш дүүрэн жаргах болтугай.

Ярилцсан А.Тэлмэн

"ТОД МАГНАЙ" СЭТГҮҮЛ № 94 2018 ОН

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.126

    Сайхан буурал уяач шүү энэ олон уяачдынхаан нандин сургаалыг бусдад хүргэж авч үлдэж буй та бүхэнд баяраллаа

    Reply