Хар адуут БАТЫН ЛХАМСҮРЭН

Сэтгүүлч
2018 оны 11-р сарын 30 -нд


Асгат сум эртнээс удам дамжсан хурдтай, адуу нь ген сайтай. Энд нутгийн жижиг зээрдээс гадна Далантайн хүрэн азарганы төл, Батын Лхамсүрэнгийн хар, В.Махбуриадын улаан, Сүх-Очирын хүрэн азарганы угшил онцгой хурдалж, өнөөг хүрчээ. 
Энэхүү нэрд гарсан цуут хүлгэдийн эзэд эрдэмт уяачдын нэг болох Батын Лхамсүрэн нь 1935 оны есдүгээр сард Цэрэнбатын ганц хүү болон Төхөм II багийн Тангадын толгой хэмээх газарт төржээ. Тэрээр эхээс хоёул бөгөөд дээрээ нэг эгч, дороо өргөмөл охин дүүтэй. Түүний аав Цэрэнбат анчин хүн байсан гэдэг. Бага балчир насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж, эрийн цээнд хүрэхийн цагтаа Сэлэнгэ аймагт цэргийн албанд татагджээ. Гурван жилийн албаа хааж нутагтаа ирсэн цагаас “Соёмбо” нэгдлийн хоньчноор ажиллаж эхэлсэн байна. Тодруулбал, тавиад оны дундаас нэгдэл тартал /1990 он/ хонь маллаж, үргэлжүүлэн “Соёмбо” ХХК-д  ажиллаж байсан аж. Энэ хугацаандаа ажил үйлсээрээ тэргүүлэн хамт олноороо социалист хөдөлмөрийн төлөөх бригад болж, өөрөө сумын Аварга малчин болж байсан удаатай.
Харин хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон тухайд хүү  Жаргалант IV багийн харьяат Л.Баасандорж: “Миний дээд талын хоёр ахыг зургаа, долоотой байхад л морь уяж эхэлсэн шиг байгаа юм. Тэр үед хоёр, гурван гүүг хар азаргатайгаа худалдан авсан байдаг. Хар азаргаа хязаалан адуу авсан юм уу даа. Тэгээд хязаалан жил нь уялгүй өнжөөгөөд, дараа жилийн өвөл соёолон адууг ээжийн ах Дамдинсүрэн гэж хүн уяад өвлийн наадамд түрүүлгэсэн гэдэг юм. Харин зун нь суманд дөрөвлөсөн тэр цагаас нийтдээ гурав айрагдсан. Өөрөө хурдан байгаад зогсохгүй төлүүд нь ч хурдалж эхэлсэн. Тухайн үед аав өөрийн дөрөв, таван гүүнээс гадна хүний тавималтай нийлээд 12,13 гүү хураалгадаг байлаа. Тухайлбал, Шарбишийн буган, хүрэн халзан, Дугарын хонгор халзан гүүг хураалгадаг. Эднээс гарсан төлүүд нь саарал, хар голдуу зүстэй төрдөг байсан юм. Ингээд төлүүдээс нь анхныхыг нь Лхам гэж аймгийн Алдарт уяач өвгөн авч азарга тавьсан байдаг. Энэ хар азарганы эх нь аавын авсан хэдэн гүүний нэг Шарбишийн буган гүү байсан. Лхам уяач хар азаргаа нэг түрүүлгэж, нэг айрагдуулсан. Харин дараагийн төл нь манай ээжийн ах Дашдоржийн саарал морь юм. Эх нь мөн л Шарбишийн буган гүүг дагаж ирсэн саарал унага байсан. Энэ саарал морь хязаалан гуравлаж, соёолон дөрвөөр ороод, өвөл нь гурван сумын нэг уралдаанд түрүүлсэн. Дараа нь манай хадам болох Дугарсүрэн гэж хүнд зарагдаж очоод суманд найм, ес айрагдсан гэсэн. Өөр Шарын буган гэж хойшоо Халзан сумын жаахан Шар гэж хүнд очсон буган морь байна. Хязаалан гуравлаад, соёолон зарагдаж очоод аймгийн наадамд хоёр ч аман хүзүүдсэн гэдэг санагдана.  Ер нь төлөөс нь эр, эмгүй л хүмүүс аваад явчихдаг байсан даа. Асгат саарлын эх тал гэхэд  манай хар азарганы удамтай  гэдэг юм билээ.  Тэр үед хурдан адуу одоо шиг үнэтэй байсангүй. Эр даага 500 төгрөг бол заримтай нь холио солио хийнэ. Сүүлдээ ч 1000 төгрөг болсон байх аа. Одоо хар азарганы төлүүдээс аймгийн Алдарт уяач Бор, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Чулуунбаатар нарт бий. Энэ Борын хээр бол даага, үрээ хоёр түрүүлээд, хязаалан, соёолон аман хүзүүдсэн. Энэ хүнд чинь Лхамсүрэнгийн хараас гадна аймгийн Алдарт уяач Дуламрагчаа, Товуугийн Дугар гэж хүний адуунаас ч бий. Манай сумандаа хамгийн сайн адуунуудын гол цөмтэй хүн дээ. Аавын энэ хар азарганы төлүүдээс Дугарсүрэнгийн цагаан морь, Борын хээр, Лхам гуайн хар азарга,  Түвшинбаярын улаан азарга, төлийн төл Алдарт Чулуунбаатарын хүрэн тус, тус илүүтэй хурдалсан байдаг юм” хэмээн ярьж байна. 
Б.Лхамсүрэн уяач жил бүр таваас зургаан насны уясан морьдоо сумын наадамдаа мордуулах бөгөөд айргаас мултарч байсан удаагүй  гэлцдэг. Үүнээс 1984,1999 онуудад хар азарганыхаа удмын гурван соёолон дараагаар оруулж бахтай наадсан удаатай. Хар азарганы тухайд 1981 оныг хүртэл уралдсан бөгөөд зодог тайлсан тэр жил 11 настай хүү Л.Баасандорж нь унаж хурдлуулж байжээ. Нэрт уяачийн алдарт хар азарга уяагаа орохоор гүүгээ хөөгөөд явчихдаг. Бахим биетэй. Хавирганы матаас томтой, сэрвээ өндөртэй. Эмээл арагшаа явна уу гэхээс урагшаа явдаггүй адуу байсан гэх бөгөөд маш номхон адуу байжээ. 
Б.Лхамсүрэн уяачийнх есөн хүүхэдтэй бөгөөд хүү Л.Батсайхан агсан сумын Алдарт уяач цолтой байлаа. Өдгөө зээ хүү Л.Алтан-Эрдэнэ өвөөгийн уяаны ажлыг үргэлжлүүлэн удам  залган хурдан хүлгийн дэл сүүл шуух болжээ. Эрхэм уяачийн хувьд 1994 онд тэнгэрийн орноо заларсан юм. 


А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна