АСГАТ СААРЛЫН ЭЗЭН АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ ДУГАРЫН БАЯРАА

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 08 -нд

Хүлэг сайн мориныхоо буянаар амь гарч, аврал одоосон түүхийг уншигч та олонтаа сонсож дуулсан байх. 
Хамгийн  сайн мэдэхээс нь дурдвал Монгол төрийн наадамд зургаа түрүүлж, хоёр айрагдсан Амгалан төрийн ажнай шаргын сэтгэл сэмлэм, самсаа шархирам гайхамшигт түүх. 
Э.Эрдэнэчулуун Тод манлайн авааль гэргий хүнд өвчний улмаас шаналж байхуй 2004 онд шарга азарга онцгой хурдалж, улсын баяр наадам, Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаан, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд тус тус түрүүлэн эмчилгээний зардлын нэлээд хувийг бүрдүүлж байсан тухай Э.Эрдэнэчулуун уяач мэлмийгээ чийгтүүлэн дурсан ярьдаг юм. 
Энэ бол сайн хүлэг эзнээ эрхшээсэн олон зуун бахдалт түүхүүдийн нэг.
Одоо бас нэгэн түүхийн эзнийг танилцуулъя. Энэ хүн бол Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат аймгийн Алдарт уяач Дугарын Баяраа агсан юм. Түүний унаган хүлэг Асгат саарал эзэн уяачийнхаа эрүүл мэндэд тус үзүүлж, басхүү нутаг нугын нэрийг өндөрт өргөн Монгол төрийн наадамд түрүүлж, шигшмэл морьдын “Их хурд-3” уралдаанд айрагдан Асгатын адуу аргагүй хурдан юм аа хэмээн шуугиулж байсан билээ. 

  
Зүүн гарын адуу хурдан гэдгийг улс даяар таниулж, Асгат сумыг зорих уяач бизнесменүүдэд жим гаргаж өгсөн саарал азарганы эзэн 1951 оны тавдугаар сард Хээшингийн хөндий хэмээх газар Дугарын ууган хүүхэд болон мэндэлжээ. Эцэг Дугар нь хурдан морь уядаг, бор гүүнийх нь төл саарал азарга шүдлэндээ сумандаа түрүүлж, хоёр гурван ч удаагийн өвлийн уралдаанд түрүүлсэн тул Баяраа багаас адуунд элэгтэй нэгэн болж төлөвшжээ. Эрийн цээнд хүрч өрх тусгаарласнаас хойш нэгдлийн адууг тав, зургаан жил маллаад, 1984 оноос үхэр хариулах болсон байна. Чухам энэ үеэсээ эцгээс өвлөгдөж ирсэн өөрийн цөөн хэдээс уяж, 1985 онд Асгат сум байгуулагдсаны 60 жилийн ойгоор хонгор соёолонгоо айргийн дөрөвт хурдлуулан амжилтын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 1988 онд хонгор хязаалан айргийн гуравт, 1990 онд хээр шүдлэн аман хүзүүнд, 1995 онд сумын 70 жилийн ойгоор хүрэн даага айргийн гуравт, 1998 онд саарал даага айргийн гуравт, 2001 онд хүрэн даага айргийн гуравт, 2007 онд шаргал хязаалан айргийн дөрөвт, хүрэн шүдлэн айргийн гуравт, 2008 онд шаргал соёолон түрүүнд, хээр хязаалан түрүүнд, саарал хязаалан аман хүзүүнд, хүрэн хязаалан айргийн тавт, хонгор шүдлэн айргийн дөрөвт, хүрэн даага түрүүнд, 2009 онд хүрэн соёолон айргийн дөрөвт, хонгор хязаалан аман хүзүүнд, хонгор даага аман хүзүүнд  хурдлуулсан гэх мэтээр сум орон нутгийнхаа наадмаас айраг түрүү нэлээдийг хүртэж тэрхүү амжилтаараа аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолны эзэн болжээ. 


Д.Баяраа агсан  морь унаад холын замд гарвал охин адуу хөтөлж ирэх нь бараг ёс. Өөрөөр хэлбэл, ааваас өвлөгдсөн адуугаа сайн гүүгээр цус сэлбэн чанаржуулахын зэрэгцээ сайн давхисан нас ахисан азарга хааяа авдаг байжээ. 
Асгат саарлын эзэн дөрвөн хүү, ганц охинтой. Хоёр  хүү нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж,  улсын чанартай наадамд унаган хүлгүүдээ айрагдуулан бахтай сайхан наадаж байна.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна