Аймгийн алдарт уяач, аймгийн Аварга цолчин Ц.Үүртуяа: Миний өвөө Жалханз хутагтын бичээч, эмээ өргөмөл эгч нь байсан
Аймгийн алдарт уяач, Аварга цолчин Ц.Үүртуяагийн өвөг дээдсийнхээ талаар хүүрнэсэн сонирхолтой түүхийг хүргэе. Түүний аав Арбулаг сумын хамгийн анхны Аварга уяач Цэдэнсамбуу бол, өвөө нь Жалханз хутагтын эрдэм номын ажлыг залгуулдаг Жамц бичээч гэдэг хүн байжээ. Цаг төр амаргүй асан тэртээх он цагийн шуурганд Хутагтын бичээч гэдгээрээ хэлмэгдэн хорвоог орхисон Жамцын хэлмэгдэл өөрөөр нь дууссангүй хүү Бадрааг нь ч эсэргүүний хүү хэмээн сургуулиас нь хөөж байсан гашуун түүхтэй аж. Энэ хүү нь Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт урлаг судлаач Жамцын Бадраа агсан юм.
Арбулаг сумын хамгийн анхны Аварга уяач аавын тань талаар эхлээд ярилцъя. Цэдэнсамбуу гуай хэзээнээс морь уях болсон юм бэ?
-Би аавынхаа 25-ны жил дээр гарсан, одоо 67 настай гэхээр аав 1926 оны орчим төрсөн байх. Аавын аав Жамц гэдэг хүн морь уядаг байсан гэнэ лээ. Жамц сумын дарга байгаад 37 настайдаа эсэргүү гэж баригдаад явсан. Жамцынх гурван хүү, хоёр охинтой байсны хамгийн том нь Жамцын Бадраа.
Тэгвэл өвөө тань бас морь уядаг хүн байжээ. Өвөөгийнхөө талаар хэр мэдэх вэ?
-Миний сонссоноор Жамц гэдэг хүн Жалханз хутагтын бичээч байсан юм гэнэ билээ. Манай эмээ болохоор Жалханз хутагтын өргөмөл эгч нь байгаад бичээчтэй нь гэр бүл болж, манай аав төрсөн байдаг. Жалханз хутагтын ах нь Хөхөө Сандаг, Маажаа, Хандсүрэн, Саамаа гэж гурван эмэгтэй дүүтэй байж. Хандсүрэн нь манай эмээ.
Тэр Хөхөө Сандагийг “Гэгээний дүүг хаяж болохгүй” гээд наадамд заавал тав давуулдаг байсан гэдэг. Жамцын Арбулагийн долоон хулын нэг хул морь нь аймагт аман хүзүүдэж, “Соёо” Балдангийн хээр морь түрүүлээд хунз цайнаас хоцорвоо гэж аав ярьж байсан удаатай.
Жамц бичээч баригдаж яваад эргэж ирсэн юм уу?
-Ирээгүй. Хатгалд хоршоодын холбооны дарга байхдаа Жалханз хутагтын бичээч байсан гэдгээрээ баривчлагдаж яваад эргэж ирээгүй. 37 настай цэл залуухнаар нь Хатгалын Улаан модонд алсан шиг байгаа юм. Нэг эгч нь бөө, “Жамц бөөлөөд ч ирэхгүй нь ээ” гэж байсан гэдэг.
Бадраа гуай танай авга ах гэсэн байх аа?
-Аав айлын хоёр дахь нь, нэг ах, гурван дүүтэй байсан. Манай Бадраа ахыг эсэргүүний хүү гэж сургуулиас гаргаж байсан гэдэг. Сүүлд ах нэгдүгээр арван жилийн цогцолбор сургуулийн захирал ч хийж явсан. Тэгээд л “Халуун элгэн нутаг” тэргүүтэй олон сайхан дуу зохиож, урлагийн талын хүн болсон. Хамгийн том хүү нь Бадрууган, дараа нь Баатар гэж дүү нь Улаанбаатар хотод бий. Хүү маань оюутан болоход би хотод очиж Бадраа ахын эмгэн Бадарч эгчтэй очиж золгосон. Алаг-Эрдэнэ сумын харьяат их эмч хүн. Гавьяат эмч болсон гэсэн. Энэ намар болох Мөрөнгийн сургуулийн ойд хүүтэйгээ ирэх юм гэнэ лээ.
Бадраа гуай халгисан их авьяастай хүн байлаа. Тэдний үр хүүхэд удам дамжаад урлагийн тогооноос холдохгүй байна. Таны аав Бадраа гуайн төрсөн дүү нь юм чинь хоосонгүй байсан байлгүй. Ер нь ямар авьяастай хүн байсан бэ?
-“Ар хөвчийн унага”-ыг тун гоё дуулна. Тэгээд морь сайн уяна, наймаа хийнэ. 18, 19 шар ачаад Булганы Зуунмод хүртэл явж наймаа хийж байсан. Гурван жилийн цэргийн алба хаагаад, Сүхбаатарын “Алдар” нэгдэлд адуучин, багийн дарга хийсэн. Ноднин бид аавынхаа Улсын алдарт цолыг тэмдэглэж, гурван насны морь уралдуулж, бөх барилдуулан, урлагийн тоглолт хийсэн.
Морь уяж эхэлсэн нь ямар түүхтэй байдаг юм бол?
-1950 хэдэн оноос уясан байх. Хамгийн түрүүлж Адараан борыг аймагт гуравлуулаад, хойтон жил нь Осор начингийн хээр гэдгийг Арбулагаас худалдан авч түрүүлгээд, бор морь нь гуравласан юм билээ. 1961 оноос хойш цагаан азарга нь аймагт долоо түрүүлж, нэг аман хүзүүдсэн.
Сайн адуу эзэнтэйгээ уулзсан түүхүүд сонирхолтой байдаг. Таны аав цагаан азаргаа авсан тухайгаа ярьж байсан уу?
-Галсангийн Зайран гэж хүний адуу юм билээ. Тэр хүнийг өөд болсны дараа Догоо гэж гэрийн хөгшнөөс нь 400 бил үү, 800 төгрөгөөр ээжийн талын хамаатан болох Лхамсүрэн ах авсан. Лхамсүрэн ахад аав сарлагийн шар үхэр өгсөн байсан дээрээ 350 төгрөг нэмээд авсан гэдэг. 1959 онд естэй азарга аваад тэр жилээ аймагт түрүүлгэсэн. Хойтон жил нь мөн түрүүлж, 19-тэйдөө аймагт аман хүзүүдсэн. Цагаан азарганы төл соёолон түрүүлээд, хавчиг жилээ ахиад аймагт түрүүлсэн. Нэг жил аавын азарга, их нас, хязаалан, соёолон дөрвөн насны морь аймагт түрүүлж байсан. Цагаан азарга гурван төлтэйгээ дөрвүүлээ түрүүлсэн гэсэн үг. Их нас нь цагаан азарганы хүү бор морь урд жил нь соёолондоо түрүүлээд, тэгээд хавчигтаа ахиад түрүүлсэн нь тэр. Түүний дүү бор соёолон үрээ мөн хязааландаа түрүүлсэн байсан. Наадмын маргааш малчдын семинар хийж, аавд Аймгийн аварга уяач цол өгсөн юм.
Ямархуу хэлбэр хийц, зан ааштай азарга байсан юм бэ? Та унаж байсан уу?
- Жижигхэн намхан, галуун тавагтай цагаан азарга байсан. Уг нь хөх бор зүстэй байгаад хувирсаар цагаан болсон. 19-тэй аймагт аман хүзүүдээд, 22, 23 хүрээд өнгөрсөн. Би унаж нэг аман хүзүүдүүлсэн. Долоо түрүүлж, нэг аман хүзүүдсэнээс их насанд хоёр түрүүлсэн юм билээ.
Цагаан азарганых нь төл зөвхөн танайханд байна уу, эсвэл нутаг орноор тарсан байна уу?
- Дээд тал нь л дөрвөн гүү хураалгадаг, олон бол төл нь чанаргүй болдог гэдэг байсан. Тэгэхдээ их сайхан гэдэс гүзээтэй, толгой, хөл, чих сайтай, өргөн ташаатай, сүвэргэ хүзүүтэй, магнай өргөн гүү хураалгана.Төлүүд нь унагандаа хар шахуу гараад хоёр гурван жил болоод цайсаар цагаан болдог юм. Хядагийн голын жижигхэн Чулуун, Чимгээ нар төлөөр нь азарга тавьсан. Сүүлд төлийнх нь төл бор азаргыг Чимгээ гуайгаас Отгондэлгэр худалдаж авсан нь энд ирээд суманд хол түрүүлсэн. Надад одоо дөрөв дэх үе нь бий.
Аав тань ер нь ямар уяа сойлготой уяач байсан бэ?
- Цагаан азарганыхаа төлүүдийг унаганаас нь зэлэнд уяж, зунжин эхийг нь саагаад, дараа жил нь туранхай даага уядаг. Яг энэ жишгээр нэг бор төл нь аймагт даагандаа түрүүлээд, дараа нь шүдлэн, хязааландаа мөн түрүүлсэн. Манай аав морийг хөлслөхдөө дуртай. Адуунд нимгэн хөрс, зузаан хөрс гэж байдаг юм. Нимгэн хөрстэй адуу бол тарган давхина, зузаан хөрстэй адууг хавиргыг нь хэрзийтэл хөлсөлж байж тавина. Намайг дагуулж мод руу орж мориныхоо хөлс хусаж байхдаа “За миний хүү, морьтойгоо эвтэй харьцаж, малынхаа өнгө зүс, яс хөрсөнд нь тааруулж уяж чадвал уяач болно” гэж хэлж байж билээ.
Хэдэн оны ямар наадмыг аав тань илүүтэй дурсаж ярьдаг байсан бол оо?
- Аймагт анх морь оруулсан наадмаа л их ярьдаг байсан юм. Бор морио гуравлуулж, хээр морио түрүүлгэхэд хоёр тэнзэн ташуур, нэг дээлийн торго өгсөн. Тэр тухайн үед их л том бай шагнал байж дээ гэж ярьдаг. Нэг жилийн наадмын өмнө “Сунхай” Лувсанчүлтэм гуайтай ярилцаж байхыг нь сонсож байсан. “За энэ наадамд Төмөрбулагаас Жамганы Баадай, Сайнбуянгийн Баадай, Алаг-Эрдэнээс Зана гуайн саарал, Хандын хээр гээд аюултай азарганууд ирнэ. Гэхдээ яахав уяагаараа болно, хөлсөөрөө болно доо” гэж ярьж байж билээ.
Танаас өөр өвгөдийн үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяж байгаа хүн байна уу?
- Би 11 дүүтэй, айлын том. Үүнээс найм нь эр. Нэг дүү маань ноднин аавын алдрын баяраар Аймгийн алдарт уяач болсон. Бас нэг дүү Сумын алдарт уяач. Аавын алдрын баяраар азарга, их нас, шүдлэн гурван насны морь уралдуулахад шүдлэнд манай хүүгийн энэ жил нэлээн хэд түрүүлсэн үрээ гуравлаад, бусад нь аймгийн төвийн морьд түрүүлж, айрагдсан. Манай сумаас ганц нэг үрээ шүдлэнд орсон байх.
Бичээч Жамцын уяачийн удмыг залгуулж яваа таны тухайд хэдийнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулсан бэ?
- 1972 онд цэрэгт явж, Бугантын 11 дүгээр ангид хуваарилагдсан. Эхний жил ч шинэ цэрэг тэгс ингэсхийж өнгөрөөд, хоёр дахь жилдээ цэргийн мал дээр гарч, цэргийн ангийн морь уясан. Архангайн Өгий нуураас цэргийн хоол, адуу ирдэг юм. Тэндээс ирсэн хээр халзан, бор хээр морь хоёрыг уяж нэг нь түрүүлээд, нэг нь удаалсан. Тийшээ морь тарлана гэж ярьдаг, намайг үсэргэнэ гэж ярихаар хөхрөлдөөд унацгаачихдаг юм. Эхний удаа тарлахад миний хоёр морь гурав, дөрвөөр ирж, их үсэргээнд үзүүр, түрүүнд ирсэн. Тэгээд наадам болоход минийх түрүүлж, Магир даргынх удаалсан. Магир даргын морь их хурдан, хөлс ханаагүйдээ л миний морины ард гарсан байх. Дараа нь Модны аж ахуйн 47 жилийн ойд ахиад хээр халзан морио түрүүлгэхэд надад 70 төгрөг, хромон гутал, ногоон шляп, дөрвөн метр шар дурдан өгч билээ.
Цэрэгт уяаны анхны дөр суужээ.
- Тэгсэн. Морь уяхаас гадна морь цоллож байлаа. Морь цоллож чадах уу? гэхэд нь чаднаа л гэсэн. Хүүхэд байхаасаа морь унаж, морины цол чагнаж өссөний хэрэг юу билээ. Байнга морь цоллохоор сүүлдээ өөрт уран үг улам нэмэгдсээр бүр сайн болдог юм билээ. Тэгээд 1975 онд цэргээс халагдаж ирээд Бүрэнтогтоход Бат-Очир эмчийн саарал азарга түрүүлэхэд цоллосноос хойш олон наадамд морь цоллолоо. Зургаан насны морь цоллоход сайн, шингэн нарийн хоолойтой, хэллэг сайтай гээд аймгийн наадамд ч дуудагдаж цол дуудсан. Тэгээд Пүрэвхүү надад аймгийн Алдарт уяач цол өгсөн юм. Аймагт Баяраа сайхан дууддаг хүн бий. Морины цол бөхийн цолноос өөр аятай. Зарим хүн бөхийн аяар цоллочихож байгаа сонсогддог.
Зарим морь цоллооч өөрөө зохиож дууддаг юм билээ?
- Ер нь морины цол чинь морины магтаал юм чинь өөрийн авьяас, морины онцлог, нутаг орны уул усыг оруулаад зохиогоод цоллож болно шүү дээ.
Хэдэн жил хурдан морь цоллож байгаа вэ? Энэ хугацаанд хэний ямар морийг олон удаа цоллосон бэ?
- Бүрэнтогтоход байхад миний бор морь, цоохор азарга хоёр тун олон түрүүлж, айрагдахад өөрөө л цоллож байлаа. Нэг насыг нь цоллоод больё гэхээр “Үүртуяагаар цоллуулъя” гээд бүх насны цол дуудуулдаг. Баян ходоодны дааганы цолыг л дуудаж байсангүй. Арбулагт ирсний дараа Гэндэн гуай “Жороо морь цоллоод өгөөч” гэдэг юм. Жороо морины цол их өөр. Тэгээд яахав дотроо бодож зохиогоод жороо морийг нь цоллосон.
Уяачийн хувьд таныг нэр цууд гаргасан ямар хурдан буян байна вэ?
- Намайг цэргээс ирэхэд аав цагаан азарганыхаа төл бор хязаалан өгсөн юм. Тэр бор морь надад их хурдалсан. Борыгоо соёолонд нь 1976 онд энд уяж гуравлуулаад, мөн аавын өгсөн Маамаан бор гэж цагаан азаргыг удаалуулж, саарал даага түрүүлгэж, борлог үрээ аман хүзүүдүүлсэн юм. Тэгэхэд аав “Дориун уяач болох байх аа” гэж намайг их л тоож байлаа. Аавын өгсөн бор морь сумандаа 1980 онд түрүүлж, 1981 онд дахин түрүүлээд, аймагт очиж дөрвөөр давхисан.
Бүрэнхааны Цэрэндоржоос хөөрхөн бор даага авсан минь соёолон хүртлээ бас түрүүлсэн. Аймагт бор морийг дөрөвлөхөд, Бүрэнхаанаас авсан бор соёолон аман хүзүүдсэн юм. Би аймагт 7-8 морь шөвгөрүүлж, нэг шарга үрээгээ түрүүлгэж үзсэн. Бор морио сайн байхад нэг хэсэг аймаг явж нааддаг байлаа. Сүүлд цагаан азарганы төл Бага бортой очиж их наадсан. Бага бор соёолондоо аймагт нэг удаа аман хүзүүдсэн юм. Түүний дараа цоохор азарга сумандаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэн, Мандалын 50 жилээр удаалж, хойтон жил нь тавласан. Арбулагийн 40 жилд миний нэг хязаалан түрүүлж, 50 жилд нь цоохор азарга тавлаж, хүрэн морь аман хүзүүдсэн.
Цоохор азарганы төл унаган хүрэн морь даага, шүдлэнгээсээ энэ сумандаа ер нь айраг, түрүү алдаагүй. 1991 онд Түнэлийн 70 жилд Хишигбатын хонгор морь түрүүлж, миний энэ хүрэн морь аман хүзүүдэж байлаа.
Адуу авч уяад айрагдуулж түрүүлгэсэн тохиолдол олон байна уу?
- Цэрэндорж ахаас “шоодгор” Мижид гэдэг хүний адууны бор халзан морийг дааганд нь авсан юм. Даагандаа сургуулийн баярт тавлаад, шүдлэндээ гуравлаад, хязааландаа ахиад түрүүлсэн. Түүндээ тун их хайртай. Ер нь энд тэндээс морь их авсаан. Зарим нь сайн давхисан. Балжиннямаас 53-ын хээр гэдэг морийг авч, овооныхоо баярт түрүүлгэж, энд нэг дөрөвлүүлсэн.
Та хэдэн онд Аймгийн алдарт уяач цолыг авсан юм бэ?
- Би чинь Батлан хамгаалахаас 2002 онд аймгийн Алдарт уяач цол авсан юм.
Аавынхаа удмыг залгаж морь уяж байгаадаа бахархсан наадам хэзээ тохиосон бол?
- Хамгийн анх ээжийн төрсөн нутаг Бүрэнтогтоход дөрвөн насны морь шөвгөрүүлсэндээ их баярласан. Манай аав бол Арбулагийнх. Би чинь Бүрэнтогтоход найман жил адуу малласан.
Та аавдаа тоогдож байсан шиг танд тоогдохоор адуу мал уяж байгаа хүүхэд байна уу?
- Хоёр охин, хоёр хүү дөрвөн хүүхэдтэй. Бага хүү маань Жамц бичээчийн дөрөв дэх үе болж морь уяж байгаа. Нэг даага авч өгснийг дааганд нь ес уралдуулж тав түрүүлгэсэн. Энэ жил бас тав түрүүлгэчихээд байна.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
- Ерөөл бат сайхан орших болтугай.
Д.Ирмүүн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна