Хурдан адууны абшигтай Балдоржийн Нацагням

Сэтгүүлч
2019 оны 6-р сарын 17 -нд

Сайн хүлэг эзнээ алдаршуулан мөнхөлдөг ёсон бий. Энэ биений сайнаар, эцэг өвгөдийн ерөөлөөр учирсан эрдэнэт хүлгүүд эзнээ алдаршуулсан бас нэгэн түүхийг уншигч танд хүүрнэе.

Төв аймгийн Зуунмод сумын харьяат, аймгийн Алдарт уяач Балдандоржийн Нацагням. Инженер эдийн засагч мэргэжилтэй, техникийн ухааны доктор, Монгол улсын зөвлөх инженер энэ эрхмийг  морь сонирхогчид эчнээ танина. Түүнийг монгол төрийн наадамд хоёр айрагдсан халтар азарга нь ийн түмэн олонд танилцуулсан билээ.

Тэрээр хурдан морь уяж сойх болсон тухайгаа: “Манайх дөрвөн тэрсхэн хүүтэй айл. Эхнэр бид хоёр ажилдаа яваад ирэхэд хүүхдүүд маань гэртээ видео кино үзэх юмуу орц байрныхаа үүдэнд үеийн хөвгүүдтэйгээ тоглож байдаг байлаа. Нэг өдөр гэр бүлээрээ тойрч суугаад оройн хоолоо идэж байхдаа “Хэдүүлээ хурдан морь уях уу?” гэсэнд бүгд зөвшөөрч байна. Ингээд  2000 оны хавар  Богд уулын өвөр Баттөмөрийн аманд /тэр ам байгаль хамгаалагчийн нэрээрээ сүүлийн үед нэршчихсэн юм/ жижиг гэр барьж, нэг мотоцикль аваад аваад хөдөө гарав.

Би эхнэр М.Саранчимэгтэйгээ явж Төв аймгийн Сэргэлэн сумын Булбарай Батмөнхийн унаган хар морийг боломжийн үнээр авлаа.  Хар морь минь авсан цагаасаа эхлээд л биднийг баярлуулж,  Төв аймгийн наадамд нэг түрүүлж, дөрөв айрагдан тойруулгын болон өвөл хаврын өндөр бооцоот уралдаануудад гурав түрүүлэн, долоо айрагдаж “Нацагнямын хар морь” хэмээн алдар нь түгсэн юм. Үүндээ урамшаад би уяач болсон доо” гэсэн юм.

Хар морины амжилтын цуваа:

1997 онд хар хязаалан Төв аймгийн баяр наадамд аман хүзүү

1998 онд хар соёолон Төв аймгийн  баяр наадамд айргийн тав

2001 онд хар морь Төв аймгийн баяр наадамд түрүү

2001 онд НМСУХ, МЦХХГ-ын хамтарсан наадамд хар морь түрүү

2001 онд ММСУХ, Гандантэгчлэн хийд хамтран зохион байгуулсан уралдаанд айргийн тав

2002 онд Жаргалтхаан суманд болсон “Хэнтийн хурд” уралдаанд  айргийн гурав

Үүнээс гадна хар морь тухайн үед зохион байгуулагддаг байсан тойруулгын уралдаанд дөрөв түрүүлж, хоёр айрагдан, шигшээ уралдаанд уригдан түрүүлж байжээ.

Б.Нацагням уяачийг урмаар тэтгэж, түмэнд таниулсан дараагийн хүлэг бол мэдээж халтар азарга нь. Дааган цагаас хурдалсан халтар азарганы эх нь МУ-ын Алдарт уяач Энэбишийн Ганбатын  тогоруу угшилтай халиун гүү. Харин эцэг нь Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Цэрэнтогтохын унаган хээр азарга юм. Халтар азарга 2002 онд даагандаа Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд болсон “Боржигон-2002” төвийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлан  амжилтын гараагаа эхэлжээ. Дараа жил нь шүдлэн үрээ Төв, Завхан аймгуудын 80 жилийн ойд түрүүлж,  давхар уяагаар  “Боржигон-2003” төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн байна. Тэр жилийн төвийн бүсийн уралдааныг ХХ зууны нэрт уяач Доноодойн Галын хүү МУ-ын Алдарт уяач Г.Баттөмөр санаачлан, аавынхаа гэгээн дурсгалд зориулсан бөгөөд олон газрын хурдан хүлгүүд ирж шандас шалгасан юм.

2004 он: Хавар бооцоот уралдаанд түрүүлсэн халтар хязаалан АХ-ын 83 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд тоосоо өргөв. Тэр жил Д.Онон Тод манлайн уясан хамар цагаан зээрд үрээ түрүүлж, Манлай уяач Н.Мөнхдашийн ягаан халзан аман хүзүүдэн, халтар үрээ айргийн гуравт хурдлан, монголын  төрт ёсны их цэнгэлээс анхны айргаа хүртэв.

2005 он: Соёолон азарга хавар бэсрэг уралдаанд аман хүзүүдэн, Сандуйжав уяачийн Тод манлай уяач цолны мялаалга болон Төв  аймгийн баяр наадамд түрүүлж,АХ-ын 84 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдалжээ. Тэр жил Тод манлай уяач Г.Батхүү агсны Бал алаг түрүүлж, Ж.Үхэртарын Элбэг хээр аман хүзүүдэн, П.Батсайханы Гуулин зээрд гуравт, Э.Тамирын Мөнгөн нүдэт дөрвөөр давхиж, Б.Нацагнямын халтар тавд хурдлан төрийн зарлигт наадамд бага дөрвөн насандаа айрагдсан хүлгээр тодорсон юм.


Б.Нацагням Алдартын өөр нэгэн бахархал бол халх цуут уяачдын өлгий Төв аймгийн баяр наадмаас айраг түрүү бөөндсөн явдал юм. Тэрээр 2005 онд аймгийнхаа баяр наадамд гурван насны дөрвөн морь мордуулж, соёолон, шүдлэн, даагаа түрүүлгэж,  өөр нэг даага айрагдуулжээ. Түүний дараа жил Говьсүмбэр аймгийн 15-н жилийн ой, Чойр өртөө байгуулагдсаны 30 -н жилийн ойн баяр наадамд хонгор халзан азарга, хув хээр морио түрүүлгэсэн юм. Ийнхүү залгаа аймгийн наадамд азарга, их нас түрүүлгэж байхтай зэрэгцэн Төв аймгийн баяр наадамд бор алаг хязаалан нь алтан жолоо өргүүлж, аз өм нь асч байв.

Хар морь, халтар азарга Б.Нацагням уяачийн амжилтын цуваанд гол жинг дарах ч Баянцогт сумаас авсан хонгор халзан азарга  нь Төв аймгийн баяр наадамд нэг түрүүлж, хаврын уралдаануудад гурав айрагдаж Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит бүсийн уралдаанд зургаалж, улсын наадамд наймд давхиж байжээ.

Мөн 2002 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд говийн бүсийн уралдаанд хүрэн соёолон түрүүлж, 2003 оны 2 дугаар сард болсон Төв аймгийн МСУХ-ны нэрэмжит уралдаанд Хув хээр морь нь  түрүүлж, буурал соёолон нь айргийн тавд хурдалсан байсан юм.

Морь уясан цагаасаа ганзага дүүрэн наадсан Б.Нацагням шигшмэл морьдын “Их хурд-2” уралдаанд ивээн тэтгэгчээр оролцож байсан бөгөөд  2003 онд аймгийн Алдарт уяач цол хүртжээ.

Түүний морь уях төрийн хэрэгт шамдсан зүтгэлийг үнэлж  ММСУХ-ны 20 жилийн ойн медаль, Уяачийн алдар одонгоор тус тус шагнасан байна.


А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна