Аймгийн Алдарт уяач Н.Баатар: Наадмын 30 шөвгөөс 24-ийг нь авч “хэрэг тарьж” явлаа
Нэг жилийн наадмаас дөрвөн насны дөрвөн түрүүг авсан тохиолдол уяачдын дунд тийм олон биш. Харин энэ ховор тохиол одоо ярилцлагыг нь хүргэх энэ уяачид гурван ч удаа тохиосон байдаг юм. Тодруулбал 1984 оны Арбулагийн наадам, 1988 оны Алаг-Эрдэнийн наадам, 1992 оны Арбулагийн баяр наадмын дөрвөн насны түрүү Нямжавын Баатарын нэр дээр бичигдэн үлдсэнийг орон нутгийн цуваанаас бэлээхэн харж болно. Сумын баяр наадмаас авсан 54 түрүү, 82 айраг буюу 136 айргийн амжилт мөн л Аймгийн алдарт уяач Н.Баатарынх бөгөөд энэ амжилтаараа тэрээр нутгийн уяачид дундаа “толгой цохидог” ажээ.
-Арбулаг сумаас хамгийн түрүүнд Аварга уяач цолыг Цэдэнсамбуу гуай авсан байдаг. Таны хувьд хэзээ энэ цолыг авсан юм бэ?
-Цэдэнсамбуу гуай аймгийн Аварга уяач цолыг 1960 хэдэн онд авсан. Тэгээд 1992 онд Жуков, 1994 онд Жамъянжав гуай, 1996 онд би авсан юм. Надаас хойш Лхагвадорж, Батчулуун, Мянган гуай, Сосорбарам гуай гээд хүмүүс бий. Сүүлийн хэд нь аймгийн алдарт гэдгээр олгогдсон байж магадгүй. Миний үнэмлэх дээр Аварга уяач гэж байгаа, 1995 оны болзлоор 1996 онд авч байлаа.
-Нэг жилийн дараа цол олгогдсон гэхээр их хүлээгддэг байсан байна шүү?
-Аймаг, суманд уралдсан амжилтыг сайн гаргадаг байсан байна лээ. Одоо ч яах вэ дээ, үзэмжээр л аваад байна уу гэж бодогддог.
-Сая зам зуур Хөвсгөл аймгийн баяр наадмыг дээхнэ үедээ Бүрэнтогтох, Арбулаг, Түнэл гурван сум хувааж авдаг байсан гэж хүмүүс ярьж байна билээ. Арбулагийнхан хэр аатай наадаж байв?
-1950-аад онд манай сумынхан аймагт сайхан нааддаг байсан юм гэнэ лээ. Тэрийг би сайн мэдэхгүй юм. Би 1966 онд “хонин” Наваанчүлтэм гэдэг хүний их насны морийг унаж аймагт гуравлуулж байлаа. Сумандаа бол Сүмбэрийн таван хээр гэж алдартай морьд уралдахаараа нэг нь түрүүлж, бусад дөрөв нь шөвгөрдөг. Бярзана гуайн Шууман хар, Гомбожав гуайн саарал, “дунхуу” Чойжилын хээр гээд хэдэн сайхан азарга байв. Тэр хээр азаргыг дарж гарч ирсэн миний хээр азарга сумандаа есөн түрүү, дөрвөн аман хүзүү авсан байдаг юм.
-Сүмбэрийн таван хээр гэдэг нь Сүмбэр багийн таван хээр морь гэсэн үг юм уу?
-Тэр үед Сүмбэр сум гэж байсныг сүүлд 1967 онд татан буулгаж Алаг-Эрдэнэ, Арбулаг хоёрт хуваасан. Одоо Арбулаг сумын Сүмбэр баг болсон. Сүмбэрийн таван хээр ээлжлээд түрүүлнэ. “Голын” хэмээн алдаршсан Гэндэн гуайн хээр морь, Дүгжээ гуайн хээр, “хонин ногоон” Чүлтэм гуайн хээр, Содовын хээр, Нуурагамбын хээр гэж морьд байв.
-Таны хурдан хүлэгтэй холбогдох болсон түүх хэдийнээс эхэлдэг вэ?
-Мөнгөн гэж манай Маналын тээхний дээд удмынхан 1800-гаад оны үед морь уяж байсан юм билээ. Мөнгөний Манал, Маналын Нямжав гэдэг хөгшин аав. Би дөрөв дэх үеийн уяач болдог юм. Мөнгөн гэдэг хүн Архангайн Тариатын харьяат хүн бөгөөд хөгшин аавын ярьснаар долоон морь түрүүлгэсэн гэдэг. Чухам ямар настай ямар адуу байсан юм мэдэхгүй. Хөгшин аавын аав Манал гэж өвгөн ч нэлээн олон морь түрүүлгэсэн юм байна лээ. Улиастайн бослогод холбогдон наашаа хөөгдөж, энд харуул гэж орж ирээд нутагласан улс. Нямжав гэдэг өвгөн өөрөө Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, энэ Арбулагт ч морь уралдуулж байсан. Арбулагт 1969 онд азарга, соёолон хоёр хоёуланг нь шөвгөрүүлсэн. Би 1963 онд таван настай морины уяан дээр ирж, 1969 он хүртэл морь унасан.
Нутгийн хөгшчүүд “чёрт” Загд, Бярзана, Наваанчүлтэм гуайн морийг унаж байлаа. 1969-1972 оныг дуустал “чёрт” Загд гэдэг өвгөний морины туслах хийсэн. Тэр өвгөн туслах сайн хийлээ гээд надад хар алаг хязаалан үрээ өгснийг 1973 онд уяад, манай нутгийн уяачид Улаан-Уулын баярт очиход хамт явж тэнд шөвгөрүүлсэн. Түүнээс хойш 2008 он хүртэл морь шөвгөрүүллээ.
-Анхны удаа энэ хар алаг морио шөвгөрүүлснээс хойш нутаг орондоо ямар адуугаар наадаж айраг, түрүү хүртсэн бэ?
-Онцолж ярих юм бол 1984 онд сумандаа дөрвөн насны морь түрүүлгэсэн. 1988 онд Алаг-Эрдэнэ суманд зургаан насны шөвөг авсны дөрвөн насных нь түрүү байсан. 1992 онд өөрийнхөө суманд мөн дөрвөн насны түрүү авч, хоёр насанд айраг авч, нийт зургаан насны морь шөвгөрүүлж явлаа. Хамгийн сүүлд 2008 онд Улаан-Уулд азаргаа түрүүлгээд, түүнээс хойш морь уяж амжаагүй. Яагаад гэвэл хурдтай цустай адуунууд орж ирээд, хөдөөний малчин уяач чинь тэжээлийг нь тааруулахгүй, уяж болохгүй юм билээ.
-Та адуугаа тэжээж, шинэ цагийн уяагаар уях гэж үзсэн юм уу?
-Уях гэж нэлээн үзсэн ч би лав чадахгүй юм билээ. Тэжээл их шаардана, тариа хүртэл хийх болно. Маш их тордолттой амьтас. Тариа хийгдсэн морь хөлөө авах нь их амархан. Миний цагаан өвсөөр уяж байсан уяаны арга барилаас өөр болчихож байгаа юм. Морио тариад, тэжээл өгөөд, хүнээр бол их том эмчилгээ авч, хурд нь илүү болдог юм байна. Цагаан өвсний адуу чинь өөрийнхөө хурдаар л явдаг. Тэд бол арай илүү хурдтай. Миний морьд газрын тал өнгөртөл цустай адуутай ирж байгаа юм. 20 км явлаа гэхэд 11-12 км-т нь ирдэг юм билээ. Тэгээд тамир нь дутчихаж байгаа юм.
-Анх 1984 онд сумандаа авсан дөрвөн түрүүгээ ямар ямар насны морьдоор авч байсан юм бэ?
-Азарга, даага, шүдлэн, хязаалан түрүүлгэсэн. Азарга маань Алаг-Эрдэнийн “тарагны” Намжаан таван хээрийн удамтай адуу. Ер нь би азарга нэлээн сайн уячихдаг. Шүдлэн, хязаалан хоёр хаана ямар ч наадамд очсон, оруулж л байдаг. 1988 онд таван шүдлэн, 10 гаруй их морь уяж Алаг-Эрдэнэ рүү явсан юм. Тэгэхэд таван шүдлэн тавуулаа орсон.
-Тарагны Намжаан таван хээр гэдэг зартай адуу байсан юмуу?
-Тэгэлгүй яахав. Алаг-Эрдэнэ, Шувуутад Жамъянгийн хээр, дархад Чулууны хээр гээд таван хээр азарга байсан юм билээ. Түүнээс гарсан Төмөргончигийн хээрийн хүү таван азарга гарсан юм. Нэг гүүнээс гарсан таван азарганы хамгийн том нь Улсын алдарт уяач Дэмчиг гуайн хар азарга, тэгээд миний хээр азарга, Алаг-Эрдэнийн аймгийн Алдарт уяач Мөнхбаярынх, дөрөв дэх азарга нь аймгийн Алдарт уяач Дэмидийнх. Тав дахь нь аймагт гурав түрүүлсэн Энхээ хүүгийн алаг. Би тэр хээр азаргаа мөнхлөх гээд хөшөөг нь хийлгэж, баяр наадам хийх санаатай байна.
-Хээр азаргаа хэзээ ямар үнэ ханшаар авч байв. Зартай адууны төл юм чинь үнэ хүрээ байлгүй?
-1979 онд даага хайнагийн гунаар авсан юм. “Дарваан” Пүрэвсүрэнгийн хүү Энхээ өмнөх жил нь надаас хайнагийн гуна авчихаад “Сумандаа түрүүлсэн хар шүдлэн үрээ байгаа, та аваарай” гэхгүй юу. Хойтон хавар нь би давхиад очтол сайхан хар үрээ бариад уячихаж. Тэр ч юманд явах гээд, би ч үрээгээ хөтлөөд уяанаас нь холдоод явж байтал адууных нь хашаанд тохом алаг гүүг хээр даага хөхөж байна. Намайг харахаар шилгээгээд, хэлээ гаргаж шилэмдээд, газар цавчаад байх юм. Би хоёр гурван удаа эргэж харчихаад хар үрээний ногтыг мултлаад “Тэр хээр даагыг чинь авъя” гэсэн. Ерөөлөөр надад ирсэн адуу даа.
-Аргагүй л ерөөлөөр ирсэн адуу байна. Тэгээд солиод авъя гэхэд эзэн нь юу гэх юм бэ?
-Шүдлэн биш даага авч байгаа болохоор харин ч юу нэмж авах вэ гэж байгаа юм чинь. Сохор азаар авсан шүү. Морь, эзэн хоёр бие биеэ таньдаг юм билээ. Надад ирэх ёстой адуу. Түүний ах тэр хар үрээг Хатгалын дарга Дэмчиг гуай авсан юм. Миний хээр азарга бараагүй хол ирдэг, Монгол Улсын Алдарт уяач Галбадрахын Бага улаан, аймагт гурав түрүүлсэн Энхээгийн алаг хоёр л барааддаг байлаа. Надад хавчиг азарга анх түрүүлснээс хойш сумандаа есөн түрүү, дөрвөн аман хүзүү авсан. Аймагт уралдуулаагүй.
-Тийм сайн байсан азаргыг яагаад аймагт уралдуулаагүй юм бэ?
-Би багийн даргын албан ажилтай, тэр үед чинь аймагт уралдах нь битгий хэл сумандаа уралдуулбал сайн нь тэр. Өөр тийш явж болохгүй, ажлаа хий гэдэг захиргаадалтын үе.
-Есөн түрүүнийх нь аль түрүүнд нь та илүү баярласан бэ?
-Хамгийн сүүлд 1995 онд сумандаа ес дэх удаагаа түрүүлэхэд нь их баярласан. 15-16 хүрээд нас нэлээд ахичихсан, бас уяа дутуу байсан ч түрүүлсэн дээ. Тэгээд хулгайд алдсан юм. Мэддэг л хүн төлийг нь авъя гээд авсан болов уу гэж боддог. Миний хээр азарганы үр төл манай суманд олон бий. Би сумын наадмуудаас 54 түрүү, 82 шөвөг, нийт 136 орчим айраг авсан байгаа юм. Хээр азарганы үр төлүүдийн айраг түрүү нэмэгдвэл 300 гарчихсан байна лээ.
-Үр төлийг нь хүмүүст харамгүй өгдөг байсан юм уу?
-Тийм. Аймгийн Алдарт уяач Хуяг, Дашзэвэг гуай, Түмэнсайхан, Палам, Батбилэг, аймгийн Алдарт уяач Батчулуун нар хээр азарганы үр төлүүдээр наадсан. Энэ хүмүүсийн гүү, морьд манай адуунд явдаг байсан болохоор аргагүй шүү дээ.
-Хээр азарганыхаа төлүүдээс нь та өөрөө уясан уу?
-Уялгүй яахав. Хээр азарганы төл хар морь, халтар морь маань алдартай байлаа. Хар морь бага насандаа огт гүйцэгдээгүй. Нас нийлээд хоёр түрүүлж, хоёр аман хүзүүдэж, 10 гаруй шөвгөрсөн морь. Халтар морийг ид болж ирэхэд нь аймагт уралдуулж аман хүзүүдүүлсэн. Гэхдээ миний нэр дээр бичигдээгүй, Бүрэнтогтохын Баатарцогт гэж хүргэнийхээ нэр дээр уралдуулсан. Уг нь түрүүлэх байсан ч нэг л болж өгөөгүй. Тоогүй нь бас л хулгайд алдсан даа.
-Хээр азарга ямар хэлбэр хийцтэй, ямар уяатай адуу байсан бэ?
-Хандгай маягийн азарга байсан даа. Гараа сайтай, самардаж давхидаг, хурд ороод ирэнгүүт газар бөмбөрдөж явдаг. Баргийн адуутай хавьтахгүй сугарчихдаг. Ямар сайндаа манай эндхийн уяачид “Баатарын хээрийг нэг даръя” гэдэг ч хавьтуулахгүй байхад нь хүүхдээ загнаж байсан хүн ч байдаг. Хүүхэд нь “Азарга эргэнгүүт наалдаж очсон ч сугараад явчихсан. Угаасаа гүйцэхгүй юмыг яах юм” гээд уйлж байж билээ. Жамъян эмч 1980 хэдэн онд азарга эргүүлээд давхилыг нь хэмжихэд нэг километрт нэг л минут явж байна гэсэн. Түүний төл хээр азаргыг хойшоо Улаан- Уул руу “Дархадын хурд”-д авч очоод, уралдахын өмнөх өдөр нь Алдарт Галаа, би, Даваадорж гэж залуу бид хэд сунгасан юм. Мотоциклиор гурван км газар хэмжиж байгаад сунгахад 1 минут 28 секундэд хээр азарга ирж байсан.
-1984 онд дөрвөн түрүү авахад шүдлэн, хязаалан, даага түрүүлгэсэн гэсэн. Энэ адуунуудынхаа талаар ярьж өгөөч?
-Хязаалан нь дөрвөн хөл шийр цагаан хээр адуу байсан. Угшил нь миний хөгшин аавын хар азарганы төл. Тэр хар азарга бас ч үгүй суманд гурав түрүүлчихсэн азарганы хүү байсан юм. Хээр хязаалан даага, шүдлэндээ хоёуланд нь аман хүзүүдсэн байсан. Соёолонд нь дөрөвлүүлээд дахиж уяж чадаагүй юм, нэг л болж өгөөгүй. Тэр мах мариа сайтай өвөрмөц адуу. Сүүлд нас нийлсэн хойно нь 1991 онд Улаан-Уулд аваачаад нэг шөвгөрүүлсэн. Түрүүлдэг сартай хээр шүдлэн даагандаа түрүүлээд, хязааландаа гуравлаад, соёолондоо дөрөвлөсөн. Тэгээд зуд болоод алдсан. Тэр сартай хээр Завханы Баянтэс сумын тууварчнаас авсан эрмэг хээр гүүний төл байгаа юм. Тэгэхэд түрүүлдэг даага нь хээр мөртлөө сүүлнийхээ уганд тавагны ам шиг буурал толботой онцгой зүстэй байсан. Хойтон жил нь 1985 онд Алаг-Эрдэнэд очиж аман хүзүүдүүлээд, Хатгалд очиж дахин аман хүзүүдүүлсэн. Сүүлд соёолонд нь Алаг-Эрдэнэд авч очиж түрүүлгээд, хавчиг жил нь хулгайд алдсан.
-Танай суманд чинь сайн адууг тэсгээдэггүй юм уу?
-Сайн адууг ёстой тэсгээхгүй. Би олон адуу хулгайд алдаж байна.
-1988 онд Алаг-Эрдэнэд олон айраг түрүүтэй одтой сайхан наадсан гэж дээр ярьсан. Тэр наадмаа эргэн нэг дурсахгүй юу?
-Хээр азарга, улаан морь, хээр хязаалан, шүдлэн түрүүлгэж, соёолон таваар, даага гурваар давхиулсан. Улаан морь Тосонгийн нэг өвгөнийх, өөрөө гүйгээд ирсэн. Тэгээд “Уг нь тун сайн морь. Чи нэг уяад үз дээ” гээд долоотой битүү морийг надад зарсан юм. Хээр хязаалан нь миний хээр азарганы үр төл. 1992 онд сумандаа хээр азарга түрүүлээд, их морь гурав, хязаалан, шүдлэн, даага түрүүлж, соёолон шөвгөрсөн. Үүний их морь, соёолон нь хээр азарганы төл. Миний хээр азарга хурд тарьсан. Энэ зургадугаар багт хээр азарганы төл зөндөө бий.
-Сайн адуу сайн уяачийг бэлтгэдэг гэдэг. Магадгүй та бас тэгж боддог байж болох юм?
-Би өөрийгөө сайн уяач гэж боддоггүй. Улсын Алдарт уяач Галаа, Чимэддорж гуай хоёроос их зүйл сурсан. Галаагийн морь сайн байхад миний морь дагаад сайн байх жишээтэй. Бид хоёр цуг нэг уяанд олон жил болсон л доо. Заримдаа хоёр тийшээ салж наадна, заримдаа нэг газарт очно. Хамтдаа очсон газрынхаа 30 шөвгийн 17-18-ыг нь авч хэрэг тарина.
-Ёстой л “хэрэг тарьдаг” байж дээ.
-Улс ч энэ хоёр цуг явахаараа ингэдэг юм гэсэн шиг муухай хараад л. 1988 онд Алаг-Эрдэнээс 24 медалийг нь авчихаж байгаа юм. Сумын залуучууд ташуураа далайж давхиж ирээд хэрэг мандана даа.
-Тантай хамт уяж байсан хүн улсын Алдарт болчихсон юм байна шүү дээ. Та аймгийн амжилтгүй болоод болоогүй юм уу?
-45 хүрээгүй хүнийг тодорхойлдоггүй, нас болоогүй гээд буцсан. Тэр шалтаг байсан байх. Сүүлд аймгийн уяачдын холбооны дарга “гэзэг” Төрөө “200 мянган төгрөг өгвөл тодорхойлж болж байна” гэхэд нь “Надад мөнгө төгрөг төлөх хэрэг байхгүй. Болдог юм бол болдгоороо болог. Болдоггүй юм бол морио уяад явж байя” гэсэн юм. Сум орон нутгаас бол би замбараагүй олон айраг, түрүүтэй. Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг, Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Хатгал, Цагаан-Уул гээд наадаагүй газар ховор.
-Өөрийгөө та азарга сайн уядаг гэж тодорхойлсон. Азарганы уяаны арга барилаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Азаргыг 2-3 хоног уяан дээр нь сайхан амрааж өнжөөгаад, мөн 2-3 хоног аргамжина. За тэгэнгүүт аргамжаагаа тойрч гүйгээд л, идэх нь багасаад, газар цавчлаад л, сэтгэл нь сэргээд, бие нь хөнгөрөөд, хар хомоолоо гаргадаг. Хур хомоол буюу хар хөвөөг нь арилгана гэж тэр. Тэгээд тогтуухан нартайхан өдөр үдээс хойш заалан хатирсхийгээд хөлс авчих хэрэгтэй. Би тэгж л уядаг байсан.
-Сайн азарганууд олон төлтэйгөө уралдаж айраг, түрүүгээр орцгоосон явдал байдаг. Таны хээр азарга төлтэйгөө уралдаж байв уу?
-Хуягийн хээртэй л уралдсан юм байна. Миний хээр түрүүлж байхад Хуягийн хээр шөвгөрч байгаа юм.
-Нутаг оронд явж байхад тухайн байгаль оронд байдаг, малд ч шимтэй, овъёос будааг ч орлуулдаг ургамлууд байдаг юм билээ...?
-Сүмбэрт ургадаг цагаан ботуул гэж маш гоё өвс байна. Идсэн адуу өвөл хүртэл таргалдаг. Хас гуя нь хонхойгоод орчихсон адууг тавичихаад сарын дараа очиход гуялчихсан, зуных шиг шингэн ногоон баасаар баадаг. Ер нь Сүмбэр хурдтай газар. Намайг 1980 хэдэн онд морь ид уяж байхад Лувсанчүлтэм гэдэг өвгөн “Хурд хойшоо эргэлээ шүү” гэж ярьж байсан. Хойшоо Сүмбэр рүү хурдтай боллоо гэсэн үг л дээ. Урьд нь урд талаасаа илүү шөвөг, түрүү авдаг байгаад 1980 хэдэн оноос ар талынх нь давамгайлж байгаа.
- “Хэрэг тарьж” явсан олон газрын наадмуудаас онцлох нь...?
-1982 оны Хатгалын наадам л санаанд бууж байна. Хоёр азарга, нэг их морьтой Хатгалд очив оо. Наадмын урд оройноосоо эхэлж хүйтэн бороо ороод, шөнө дундаасаа цас болоод лавсаж өгөв. Хоёр хөвөнтэй дээл давхраараа норчихсон, таньдаг мэддэг айлгүй хүн чинь дээлийнхээ усыг нь мушгиж өмсөөд морьдоо мордууллаа. Миний авч явсан Чойжил гэдэг хүний хээр азарга гуравлаж, алаг азарган үрээ тавлачихлаа. Их морь тавихад бүр цасан шамарга боллоо. Түрүүн энд байсан Дэмбээ гэдэг залуу улаан морийг маань унаж байсан юм. Урд талд нь Дэмчиг даргын хоёр хээр морь, улаан морь гурав дээр явна. Жаахан ухасхийвэл хоёр хээрийг гүйцчихмээр харагдаад “ташуурдаач” гэж орилсон нэмэр алга, тэр чигээрээ яваад гуравт ордог юм. Шар хөдөлсөн юм уу, хүүхдээ угз татаад авсан чинь жолоо цулбуурандаа ороолдоод осгочихсон, ямар ч мэдээ байхгүй. Хөөрхий бээрсэн хэрнээ уналгүй суугаад хүрээд ирдэг л юм билээ, морины хүүхэд чинь. Ээ бурхан минь, тэр наадмыг л би насан туршдаа мартдаггүй юм. Дэмчиг дарга давхиж ирээд “Ай хүү минь машин руу оруул, наадах чинь осгочихсон байна. Гэрт аваач” гээд машиндаа суулгаж авч яваад осгоог нь гаргаад ирсэн юм даг. Долдугаар сарын уралдаан шүү дээ.
-Танайх ч эрс тэс уур амьсгалтай газар шүү.
-2000 хэдэн онд билээ, манай суманд баярын өглөө цастай л маналзаж байсан даг. Тийм тохиолдол байдаг юм.
-Баатар ахыг залгамжилж морь уяж байгаа хүн байна уу?
-Ганц хүү алба ажил гээд морь уяхгүй юм. Уг нь морины тун хорхойтой, сайн уяач болох болов уу гэж боддог. Тамгын газар ажиллахаар чинь ажил нь хүчрэгдэхгүй юм байна, амралт нь ч таарахгүй юм. 2006 онд нэг удаа уяад сумандаа азаргаа түрүүлгээд, хоёр бага насны нэгийг түрүүлгээд, нэгийг нь шөвгөрүүлсэн. Уяя гэвэл гайгүй адуу бий. Миний дүү нар уях гээд байхаар нь хоёр үрээгээ явуулсан. Сэлэнгэ, Дархандаа заримдаа шөвгөрсөн дуулддаг, заримдаа 18, 19-өөр ирсэн дуулддаг юм. Яах вэ, олон дунд ороод явж л байх шиг байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагийн хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.
Д.Энхтуяа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна