Аймгийн Алдарт уяач Г.Жаргалсайхан: ДАНШИГ ЗЭЭРД МААНЬ ТӨВИЙН БҮСИЙН АНХНЫ ДАНШИГТ АЙРАГДСАН

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 23 -нд

Төвийн бүсийн анхны даншигт унаган үрээгээ  айрагдуулж нутгийн нэрээ цуурайтуулсан Галсанпунцагийн Жаргалсайхан Алдарт 1961 оны хавар Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Өртөнт хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Түүний морь уяхад зориулсан хичээл зүтгэлийг үнэлж ХХААЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэг, ММСУХ-ны Уяачийн алдар одон, ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар тус тус шагнасны зэрэгцээ Өвөрхангай аймгийн 80, Уянга сумын 80, Арвагар хээр МСУХ-ны 10 жилийн ой медалийг тус тус хадгалуулсан байна.

-Есөн зүйлийн даншиг наадамд зээрд морио айрагдуулж байжээ. Төрийн зарлигт наадмын хишиг хүртээсэн хурдан хүлгээ манай уншигчдад танилцуулаач.

-Эх бор гүүг нь би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумаас ирсэн агтнаас авч байсан юм. Харин эцэг нь манай эндхийн Батбаяр гэж хүний зээрд азарга. Эцэг зээрд азарга нь уягдаж байгаагүй ч цатгалан барьж аваад уралдуулахад уягдсан морьдыг хүргэдэггүй адуу байсан.

-Яагаад уяагүй юм бэ?

-Хөл нь жаахан сэв суучихсан байсан учраас төлийг нь авъя гээд уяагүй юм.

-Зээрд морь хэдий үеэс уягдсан бэ?

-Хязаалан жилээ анх уягдаад дан уяагаар Есөн зүйлийн даншигт очиж айрагдсан. Нэг хэсэг өнгөлөөд байна гэж зарлагдаж байснаа үзүүр дээрээ жаахан суугаад гурваар орсон юм. Тухайн үед одоог бодвол олон адуу морддог байж. 300 гаруй хязаалан мордоход зээрд үрээ маань өнгөлж яваад айрагдсан. Та бүхэн санаж байгаа бол  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Чойдоржийн сарт зээрд үрээ түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, одоогийн Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хар үрээ аман хүзүүдэж байсан юм. Тухайн үед миний зээрд үрээ хоёр том уяачийн зүүн талын үрээний ард орж, нутгийн адууныхаа шандсыг гайхуулсан.

-Тухайн үед та ийм баярт мөч тохионо хэмээн таамаглаж байв уу?

-Ямар ч байсан 15 км-д гайгүй уралдчихна гэсэн тооцоотой байсан. Яагаад гэхээр аймагт шүдлэндээ түрүүлж, тэр жил хязааландаа Уянга сумандаа түрүүлчихсэн шаазгай үрээтэйгээ жишиж ажлыг нь хийсэн. Тэр шаазгай үрээ бас их хурдан. Гараад л гүйцэгдэхгүй тасарчихдаг адуу. Тэрэнтэй хамт ажил хийхэд зээрд үрээ даншигт уралдчихмаар юм шиг санагдахаар нь аваад явсан юм.

-Шаазгай үрээнийхээ өмнө байсан юмуу?

-Үгүй ээ. Үсэргээнд шаазгай нь урдаа байсан юм. Тэгээд даншигаар шаазгай нь /алаг нь/ 12-т ирсэн. Бас нэг хэсэг өнгөлсөөн. Узелиэр нэг хэсэг шаазгай үрээ өнгөлөөд байна гэж зарлагдаж байснаас суучихсан байна лээ.

-Өндөр Гэгээний 360 жилийн ойн хангайн бүсийн уралдаанд та хэдэн насны морьтой явсан юм бэ?

-Хоёр хязаалан, хоёр их насны морьтой явсан. Даншиг зээрдийн ах аймагт аман хүзүүдэж, анхны Их хурдын урилга авсан хондон морь 53-т, зээрд нь хүүхэд нь ойчоод сул 50 дээр ирж байсан. Зээрд морь уг нь зургаа дээр гарч ирлээ гээд зарлагдаж байснаа таг болчихсон юм. Тэгсэн хүүхэд ойччихсон байна лээ. Уг нь тэр их хурдан морь байсан.


-Есөн зүйлийн даншигт танай сумаас олон уяач явсан уу?

-Аймгийн Алдарт уяач Амгаабазар гуай, сумын Алдарт уяач Коморов бид гурав явсан.

-Даншиг зээрд соёолондоо хаана яаж давхисан бэ?

-Соёолондоо аймгийн наадамд аман хүзүүдсэн. Тэр үед аймаг, сумын наадам нэг өдөр болдог байсан юм. Хойтон жил нь хавчиг морь уралдаагүй өнжсөн. 1998 онд сумынхаа наадамд дөрвөөр давхиад, 1999 онд Хайрхандулааны наадамд айрагдсан. Дөрвөөр давхисан санагдана. Тэгээд 2000 онд сумандаа түрүүлээд, 2001 онд аймгийн 70 жилийн ойгоор дөрөвт ирж байсан юм.

-Хэдтэй морь айрагдаж байгаа билээ.

-1995 оны хязаалан гэхээр 10 тай юмуу даа. Түүний дараа жил 11-тэй морь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд болсон нэг ойд очиж дөрвөөр давхиад, 2003, 2004 онуудад сумынхаа наадамд дарааллан түрүүлсэн. 2005, 2006 онуудад Нарийнтээлд түрүүлээд, 2006 онд алдчихаад олоогүй юм. Хулгайч л авсан байх.Таван морь алдаад сураг нь гараагүй. Сул хээр гээд бас нэг хурдан морь байсан тэр байхгүй. Даншиг зээрдийн хоёр дүү зээрд морь байсан. Унаган хурдан морьд тэгж нэг дор алдаад ямар ч сураг гараагүй. Хэцүү л юм билээ.

-Харамсалтай юм. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд уралдах урилга авсан гэж байсан. Ямар амжилт үзүүлсэн бэ?

-1997 оны Өвөрхангайн наадамд хондон морь аман хүзүүдээд анхны Их хурдад уралдах урилга авч очоод 37-гоор давхисан. Хондон морь Даншиг зээрдтэй эцэг эх нэгтэй. Шүдлэн, хязааландаа сумын наадамд түрүүлээд, соёолондоо өнжсөн. Бүдүүрсэн хойноо аймагт нэг аман хүзүүдээд, суманд нэлээд хэдэн удаа айрагдсан. Хайрхандулаанд болсон нэг ойн наадамд аман хүзүүдэж байсан юм байна.

-Бор гүүний ууган төл үү?

-Үгүй ээ. Ууган төл нь нэг бор морь байсан.Тэр даагандаа сургуулийн ойд дөрвөөр давхиж байсан. Баянхонгорын уяачид ирээд томхон наадам болж байсан юм. Хондон морь тэр бор морины дүү. Хондонгийн дараа бас нэг бор морь гарахаар нь дүүдээ бэлгэнд өгчихсөн юм. Гэхдээ тэр уяагдаагүй ээ. Тэрний дараа Даншиг зээрд гарсан. Даншиг зээрдийн дараа нэг хэсэг төл авч чадаагүй ээ.

-Сувайраад байсан юмуу?

-Манай энд хангай /чоныг цээрлэн ийнхүү нэрийддэг/нэлээд ширүүн. Хангай хүртчихээд байсан юм. Сүүлд нас ахисан хойноо эр бор унага гаргасныг нь хүргэндээ өгсөн юм. Тэгсэн алдчихсан гэнэ лээ. Тэр бор гүү цээж, өвчүү, шанаа түүш  сайтай. Хүүхдүүд эрүүн дор нь ороод нуугдчихдаг адуу байсан. Шанаа нь өргөн том хэрнээ, хошуу нь нарийвтар, самсаа нимгэн. Гарсан төлүүд нь эхийнхээ тэр шинжийг дуурайдаг байсан. Ах дүү олон хурдан морьд гарсан болохоор би жилд нэг л уралдуулдаг байсан.Тиймдээ ч Даншиг зээрд маань тэр олон жил уралдахдаа хөл гар бүтэн байсан байх.

-Тэр үнэн шүү. Сайн адууг гамнах хэрэгтэй юм билээ.

-Бидний үед наадам цөөн адуу олон уралддаг байжээ. Одоо нэг жил хэтэрхий олон уралдаан болоод тэр хэрээр адуу үрэгчихээд байна.

-Санал нэг байна. Та түрүүн Сул хээр гээд хурдан морь байсан гэлээ. Ямар амжилт үзүүлсэн адуу вэ?

-Сул хээр их түүхтэй адуу. Манай эндхийн нэг өвгөн ганц гүү хадгалаад байж. Нөгөөдөх нь унагалалгүй тав, зургаан жил болоод нэг өвөл идшэнд хэрэглэх гээд хөтлөөд явж байхад нь би таараад хоргоосоор байгаад авчихсан юм. Яагаад тэгсэн гэхээр жаахан сайвар алхаатай адуу байсан юм. Эхэндээ өвгөн зөвшөөрдөггүй ээ.

-Яагаад?

-Адилхан тарган гүү өгье гэсэн “энэ ерөөсөө унагалдаггүй хангал гүү байгаа юм. Чамд хэрэг болохгүй” гээд халгаадаггүй. Тэгэхээр нь дээр нь 300 төгрөг нэмээд өгье гэсэн зөвшөөрсөн юм. Тэгсэн нөгөөх нь манайд ирээд гурав дахь жилдээ унагалдаг юм. Сул хээр бол хоёр дахь унага нь. Анхны унага нь охин гараад жилбэнтээд үхчихсэн юм. Олон жил хээл аваагүй гүүний эхний төл эхийнхээ өвчнийг авч гардаг гэдэг үнэн юм билээ. Тэгээд хоёр дахиа унагалахдаа сайхан хээр унага гаргасан нь Сул хээр юм.

-Ямар азарганд хураалгаж байсан юм бэ? Өөрөөр хэлбэл Сул хээрийн эцэг нь... 

-Даншиг зээрдтэй эцэг нэгтэй. Тэр зээрд сайн азарга байсан юмаа. Одоо ч үр төлүүд нь хурдалсаар байна.

-Сул хээрээ хэзээнээс уясан юм бэ?

-Дааганаас нь эхэлж уясан. Сөөнгө даага Уянга сумын наадамд аман хүзүүдээд, аймагт болсон оюутан залуучуудын нэрэмжит том уралдаанд дөрвөөр давхисан. Шүдлэн, хязааланд уяж чадаагүй. Соёолондоо Уянга сумын наадамд хүүхэдгүй хол түрүүлсэн. Уяа нь орохоороо жаахан амаа авах гээд байдаг талтай. Тэр жишгээрээ гараа руугаа явж байхдаа давхихад нь хүүхэд нь уначихсан юм билээ. Ер нь түүнээс хойш юм бол хүүхдээ унагаачихаад байдаг болсон. Үсэргээн дээр бол ерөөсөө хүүхдээ тогтоохгүй. Сумын наадамд арай дээр. Сайн л хүүхэд олж тавихгүй бол горьгүй.

-Муу зан сурчихаж л дээ.

-Харин тийм юм шиг байна лээ. Хүүхэдгүй ч замаас гардаггүй сайн талтай. Морьдноосоо салахгүй давхисаар байгаад барианд ордог байсан. Ярилцлага эхлэхэд Есөн зүйлийн даншигт шаазгай үрээ 12-т давхисан гэж ярьсан шүү дээ.Тэр Сул хээрийн төрсөн дүү нь байгаа юм.

-Сул хээр тань хэд түрүүлсэн бэ?

-Их насанд нийлээд сумын наадамд нэг, сумын уяачдын баярын уралдаанд бас нэг түрүүлсэн. Мөн  Шаргалжуутад болсон хаврын уралдаан болон Нарийнтээл, Хайрхандулаанд болсон өвлийн цохионд түрүүлсэн.Нэг жил гурван ч уралдаанд түрүүлж байсан юм. Өвлийн уралдаан гэснээс ах нь нутагтаа анхны өвлийн уралдааныг хийж байлаа.

-Хэдэн онд вэ?

-1982 оноос хурдан морь уяж, 1997 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Тэгээд 1998 оны битүүний урд талын өдөр алдраа тэмдэглэж уралдаан хийж байлаа. Бригадын төвийн хойно болсон тэр уралдаанд хээр морь минь түрүүлж, зээрд морь маань удаалсан. Өөрийнхөө зохиосон  наадамд өөрийнхөө морьдыг барьж байлалтай биш гээд нөгөө хоёрыгоо хасч дараагийнх нь морьдыг барьж байлаа. Тухайн үед уралдаанаа сайхан болгох гэж  Улаанбаатар орж “Зоос гоёл” компаниар алт, мөнгө, хүрэл медаль хийлгэж байлаа.


-Адуунд сэтгэлээ гаргасан хүн үр дүнг үздэг гэдэгт би эргэлздэггүй. Та ч гэсэн санал нэгдэх байх.

-Тэгэлгүй яахав. Адуу гэдэг муухан хүнээс ухаантай амьтан шүү дээ.

-Ингэхэд хурд таригч хүрэн азарга яг нутгийн адуу юу?

-Тийм. Манай хүргэн Батбаярт нэг хүрэн гүү байсан юм. Тэрний төл. Харин эцэг нь Доржхоролын шарга азарга гэнэ лээ. Сайхан улаан зээрд азарга байсан. Би азарга тавина гээд соёолон үрээ авч байсан юм.Хүрэн азарганд хураагддаг байсан дүүгийн өгсөн загал гүүнээс бас олон хурдан адуу гарсан. Хамгийн анхны төл хар бүүдэн морь хязааландаа суманд түрүүлсэн. Түүний дараа гарсан шар бүүдэн морь соёолондоо аймагт түрүүлсэн. Бас манай хүргэн Баасандоржид очсон хээр азарга хязаалангаасаа эхэлж уралдаад энүүгээр олон түрүүлсээн.

-Төл болгон нь шахуу хурдалсан юм биш үү?

-Тийм. Тэр улаан зээрд азарга богинохондуу жижгэвтэр адуу байсан болохоор би уртлаг гүү хураалгадаг байсан юм. Тэднээс цээж сайтай гүүнүүдийнх нь төл илүүтэй хурдалсан.

-Азарга гүүний тохироог зөв тааруулжээ. 1982 оноос эхлэн морь уясан гэсэн. Анх ямар морь уяж уяачийнхаа гарааг эхэлж байсан бэ?

-Энд тэндхийн хурдан гэсэн адууг авч уяж үзсээн, айрагдуулж чадаагүй. Нарийнтээлийн Маанийн хар гэдэг морийг авсан. Бадралаас  Заяахүү гэдэг уяачаас халзан, хээр зүсмийн морьд авсан, гавиагүй. Тэгж явсаар 1987 онд байхаа дүүгийнхээ хээр морийг уяж түрүүлгээд, өөрөө барилдаж түрүүлээд сайхан наадаж байлаа. Тэр цагаас хойш аймаг, сумын наадмаас олон айраг, түрүү хүртжээ. Аймгийн баяр наадамд соёолон, хязаалан, шүдлэн, их насны морь  түрүүлгэж, хэд хэдэн айраг хүртсэн. Сумын наадмынх бол замбараагаа алдсан байхаа. Лав нэг жил дөрвөн морь түрүүлгэж байсан юмдаг.

-Бахтай сайхан наадаж байжээ. Дан унаган адууны амжилт уу?

-Тийм. Гэхдээ сүүлийн үед бусдын жишгийг дагаад зүүн талаас ганц нэг адуу авлаа. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат МУ-ын Алдрт уяач Ж.Шунугийн унаган гэсэн байхаа нэг гүү авсан. Манай сумын Лхагвасүрэн гээд нөхөр авчирсан байсан юм. Мөн Дорнодын Хөлөнбуйрынх гэсэн байхаа, нэг шарга гүү авсан. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын гаралтай хүрэн гүү авсан. Азарга нь өөрийн унаган нэг загал адуу бий.

-Зүүн талын гүү бие хаа, сав сааль сайтай шүү.

-Тийм байна лээ.

-Ингэхэд танайхан хэдэн үеэрээ морь уяж байсан улс вэ?

-Манай аав морь уядаггүй ч шинжихдээ гаргуун хүн байсан. “Энэ хурдан шүү” гээд  заасан адуу нь давхидаг. Тэгэхээр адуу таньдаг л байсан байгаа биз.  Анх морь уяхдаа сайн гэж шинжээд хэдэн морь авсан гэж ярьсан шүү дээ.

-Тийм

-Тэгэхэд би 22 настай. 1983 онд гэсэн үг л дээ. Өөрийнхөө хонинд унадаг хөгшин морио бас уялаа. Бас болоогүй дүүгээрээ унуулах гэсэн ээж “жаахан юм” гээд өгдөггүй. Уг нь найман настай сургуульд орох гэж байсан хүүхэд  л дээ. Тэгэхээр хонины бэлчээр дээр нь очиж хуйвалдаад нөгөөхөөрөө хонины морио унуултал авсан хэдийн маань урд гараад ирдэг юм. Миний хурдан гэж гэж шинжиж авсан адуу манай хонины хөгшин морийг гүйцэхгүй хөгөө тарьж билээ./инээв/Тэгэхээр манай адуу муугүй байсан байгаа биз.

-Тийм байна. Аав тань адуу малладаг байсан юмуу?

-Үгүй ээ хонь малладаг байсан. Аав намайг “хоньчин болгоно” гэдэг байсан юм. Хэдийгээр аав маань морь уядаггүй  цөөхөн хэдэн чанаржуу адуутай. Нөгөө 22 настайдаа түрүүлдэг хээр морь тэдний нэг. Тэр хээр морийг унаад энд тэнд явахад нутгийн уяачид ”хурдан адуу юмаа” гэдэг байсан гэнэ лээ. Аав хааяа халамцахаараа “миний хээр морь хурдан” гэдэг байсан юм. Үнэн байсан байна лээ. Аавынхаа тэр сайхан буянг эдэлж, нутгийн буурлуудыг харж морь уяж эхэлснээс хойш хэдийнэ 30 гаруй жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд хурдан хүлгийн хиймориор тэтгэгдэн бишгүй л сайхан наадлаа. Баярлах үе ч байлаа. Сургамж авах үе ч байлаа. Одоо нутаг орондоо ахмад уяачийн тоонд ордог болсон байна.

-Залуустаа хэлж зөвлөнө биз.

-Асуувал мэдэх зүйлээ хэлнээ. Гэхдээ адуу болгоны уяа сойлго өөр шүү дээ. Хүний уяаны арга барилаас загвар аваад өөрийнхөө моринд яг адилхан ажил хийнэ гэж байхгүй.Тэгэхээр хүнээс асуухаас илүүтэй өөрөө сайн ажиглаж, харьцуулж байх хэрэгтэй. Алдахгүйгээр уяач болно гэж юу байхав. Алдана, ононо. Алдаанаасаа суралцана. Тэгж байж л уяач болно шүү дээ.

-Даваахүү Тод манлай  яг наад үгийг тань хэлдэг юм. Уяач хүн өөрөө мориныхоо уяаг олох ёстой гэж. 

-Насаараа сурдаг юм гэнэ лээ. Би чамд буурал мориныхоо талаар ярьсан билүү.

-Хараахан амжаагүй л байна.

-2011 онд аймгийн 80 жилийн ойгоор би буурал морь түрүүлгэсэн. Тэрнийхээ талаар яриагүй юм байна. Буурал морио би 2006 онд хоёр аваргын наадамд очихдоо анх олж харсан юм. Д.Цэрэнтогтох, Д.Сумъяабазар нарын манай нутгийн хоёр Аварга цолны мялаалга наадам хийгээд, би авч очсон морьдоо алдчихдаг юм. Тэгээд явж байсан манай Сант гаралтай Лхам гэж хүн хотоос хэдэн адуу зарах гээд аваад ирж. Буурал морь нь нүдэнд тусаад байнаа. Үнийг нь асуусан “хоёр сая төгрөг” гэж байна. Авмаар байвч төгрөг байхгүй юм чинь яахав дээ. Дотроо “мал хуйгаас өгөхгүй байх даа” гэсэн юм бодоод өнгөрлөө. Үдээс хойш нь тэсэлгүй дахиад яваад очсон ах овоо яриа хөөрөөтэй болчихож. Тэгэхээр нь “буурал морио малнаас өгөхгүй биз” гэсэн “үгүй яахав. Ярьж хөөрөөд болохгүй юм байхгүй. Гэхдээ буцах бензиний мөнгө оролцуулбал зүгээр байна” гэж байна. Тэгэхээр нь өвөрт явсан 400.000 төгрөгөө өгөөд дээрээс нь хоёр үрээ нэмж аваад, гурван адууг нь борлуулж өгөхөөр тохирлоо. Буурал морь ийм түүхтэй ирсэн адуу.

-Та хэдэн настай морь авсан юм бэ?

-Хавчиг морь авч байсан. Удам, угшлыг нь асуусан. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баадуу Доржийн адууны угшилтай гэсэн. 2007 онд долотой морь Уянга сумынхаа наадамд аман хүзүүдээд, наймтай түрүүлсэн. Тухайн үед өвлийн уралдаан ид хүчээ авч байлаа шүү дээ. 2008 онд буурал морь хавраас эхлээд 12 уралдаж 11-д нь түрүүлсэн. Гэхдээ намар нь хөлөндөө гэмтэй болчихсон юм. Тэгээд хоёр жил өнжөөгөөд 2011 онд аймгийн 80 жилээр түрүүлгэсэн. 2012 онд дахиад хөл нь өвдчихөөр нь уяхаа байсан. Одоо адуундаа явж байгаа. Унахад зүгээр боловч уяхад хөндрүүлээд байгаа юм.

-Амралтгүй олон уралдуулсанаас болсон байж мэднэ. Ер нь сайн адууг гамнаж уралдах хэрэгтэй юм билээ.

-Магадгүй л юм. Отгоннасан хоёр бүүдэн морьтой байсан шүү дээ. Нэг удаа тэр хоёртой нь уралдуулж үзлээ. Миний буурал хэсэг дийлж байгаад баригдчихаад байх юм. Буурал морио том наадамд мордуулж үздэг юмуу гэсэн бодолтой явдгаа Отгоннасанд хэлтэл “хөл нь их зэргэр юм. Том наадам чанга шүү дээ” гэсэн. Тэгээд том наадамд явалгүй сумынхаа 80 жилийн ойд уралдуулж аман хүзүүдүүлээд давхар уяагаар аймагт аваачиж түрүүлгэсэн.Би чинь аймгийн 70 жилийн ойгоор Даншиг зээрдээ айрагдуулж, 80 жилээр нь буурал морио түрүүлгэсэн. Одоо 90 жилээр нь хээр морио мордуулах санаатай л байна.

-Холын бодол тээж яваа байх нь. Ингэхэд хэзээнээс барилдсан юм бэ? Сумын Заан цолтой юм байна.

-Би цэрэгт явтлаа наадам тоотой үзсэн хүн. 15,16-тай байхдаа ганц удаа барилдаад хэд хэд давснаас хойш наадамд бус хонины бэлчээр дээр зодоглож, үе тэнгийнхэнтэйгээ барилддаг байлаа. Тэгж байтал цэргийн насанд хүрч, эх орны дуудлага хүлээж авлаа даа. Шинэ цэргүүдээс анкет шиг юм бөглүүлж авдаг юм. Төрсөн он сар, нутаг орноос эхлээд өмнө нь эрхэлж байсан ажлаа хүртэл бичнэ. Надад хонь хариулж байснаас өөр түүх байхгүй. Тэгээд тэрийгээ бичих гэснээ хоньчин гэхээр зөөлчлөөд байж мэднэ гэж бодоод “адуу хариулдаг байсан” гээд биччихлээ. Тэгсэн“барилддаг уу” гэж байна “барилддагаа” л гэлээ. “Цолтой юу” гэхээр нь “Цолтой” гэчихлээ. Ямар цолтой вэ гэсэн тулгамдаад сандарлаа даа. Сумын Арслан гэж байдаг болов уу. Тэгээд хэлчихвэл яах бол гэж байснаа радиогоор бөх сонсоход юу гэдэг билээ гээд бодсон “Сумын Арслан” гэж дуулдаагүй санагдаад “сумын начин” гэчихлээ. Тэгсэн оносон байна лээ. Оноогүй бол нүдүүлнэ л дээ. Яаж сумын Арслан гэж хэлээгүй юм гэж боддог юм. Тэгсэн бол насаараа сумын Арслан гэж шоолуулж явахгүй юу./инээв/ 1979 оны улсын наадмаар барилддаг гэсэн бөхчүүдийг ачаад явлаа. Би тэрэн дунд нь орчихсон. Цэргүүдийн нэр ээлж дарааллан дуудагдаж гараад унаад байна. Минийх байдаггүй ээ. Нэлээд оройхон нэгийн даваа дуусахын алдад миний нэр гарч байна. Цэргийн ангиас өгсөн зодог, шуудгыг өмссөн цавь руу нуухаад хэцүү гэж үү. Тайлаад хаялтай биш учраа бөхтэйгээ өрлөө. Жижгэвтэр биетэй шар хүн байна.Намайг бариад авбал хаячихаар хэрнээ ер дөхөхгүй юм. Тэгж байснаа хөлийн цэц рүү гүйгээд явчихлаа. Удалгүй намайг дуудаад “хумсыг чинь авна” гээд маханд нь  тулгаад авчихдаг юм. Өвдсөн гэж үү. Гэнэт уур хүрээд ухасхийж дайраад бариад авсан чинь нөгөөдөх чинь “барилдахгүй, барилдахгүй” гэнэ. Харсан хамраас нь цус нь гарчихаж.Тэгж байснаа овоо барьцанд хүрээд би хөлийг нь аваад өргөөд хаячихлаа. Давсан бөх туг тойр гэсэн хаагуур нь тойрохоо мэддэггүй. Тэгсэн чинь хоёр, гурван залуу "тийшээ тойр" гээд засуул намайг хөтлөөд зааж өгсөн. Тэгээд буцаад гүйгээд ирсэн чинь маргааш барилдах эрхийн мандат гэдэг юм өгч байна.

-Бүр явж өгчээ.

-Шалиагүй ээ. Нөгөө мандатыг чинь хуучин цэрэг “яасан овоо шинэ цэрэг вэ. Би маргааш ирж барилдана” гээд булаагаад авчихсан.Тэр үед намайг улсад нэг давсаныг манай эндхийн нэг хүн радио сонсож байгаад мэдээд аав ээжид хэлж л дээ. Тэгсэн нөгөө хоёр маань “буруу байх аа. Ямар барилдах биш” гээд итгээгүй гэнэ лээ. Арга ч байж уу дээ. Тэгээд цэргээс халагдаж ирснийхээ дараа барилдаад 1987 онд түрүүлж, 1988 онд дахин түрүүлэн цолоо баталсан. 1989, 1990 онуудад үзүүр булаацалдсан. Аймагт хоёр удаа зодоглосон ч амжилт гаргахгүй юм байна гэж бодоод дахин очоогүй.

-Хүүхдүүд аавынхаа морь уях, бөх барилдах эрдмийг өвлөө болов уу? Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Би таван охинтой. Ганц бандитай байсан 18 хүрээд нас барчихсан. Нэг зээ хүү моринд овоо дуртай. Тэр л уяач болох байх.

-Амттай сайхан хууч дэлгэсэн танд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

- Энэ хүртэл ирж ярилцлага авсан та бүхэнд бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.