Аймгийн Алдарт уяач С.Лхагваа: Морь түрүүлэх юм бол Лхагваа заан ч түрүүлдэг байлаа

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 31 -нд

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Тарган нуур 5-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Сүрэнхоролын Лхагваа 1946 оны хавар Асгат хэмээх газар хүний ганц хүү болон мэндэлжээ. Тэрээр төрийн дээд Алтангадас болон ММСУХ-ны Эрдэнийн Очир одонгоор энгэрээ мялааж байжээ.

 -Дээхнэ үедээ Арбулагийнхан хурдтай байсан гэлцэх юм. Хурдтай нутгийн уяач байна даа. Эрт морь уяж эхэлсэн үү?

-Тийм шүү. Арбулагийнхан хурдаараа яригдаж байсан үе бий. Би чинь удам залгасан уяач. Миний хөгшин аав Лоовой гэж баян хүн хурдан улаан, саарал азаргатай байлаа. Есөн өнгийн хайнагийн шар нь эвэр нь хувхайрчихсан, эвэрэнд нь чоно өлгөгдчихсөн явсан юм гэнэ лээ. Тийм айхтар үхэртэй байсан юм байлгүй. Үнэн худлыг нь мэдэхгүй л дээ. Лоовой гэдэг хүн  хонь, адуу, үхэр хариулдаг тус тусын малчинтай байсан. Энэ хоёр Хужиртаар нутагладаг. Олон ч малтай. Одоо хүртэл нь бууц нь байдаг юм. Ээжийн аав л даа.  Нөгөө талаас миний аав Сүрэнхорлоогийн удамд Гуталчийн Шагдар гэж мундаг уяач байсан юм. Тэгэхээр яах арагүй л хоёр талдаа угшилтай адуутай байсан. Харин миний хувьд 1960 хэдэн оноос хойш морь уяж байна. Тэгэхэд чинь 20 хэдэн настай байж л дээ.

-Лоовой гуай ямар, ямар хурдан морьтой байгаад яаж давхиулж байв?

-Голдуу улаан буурал зүстэй адуутай. Тэр нь шөвөг түрүү алддаггүй байсан гэсэн. Одоо ч угшлын адуунаас нь бий. Ийм л угшилтай сайхан адуунууд байсныг манай талийгаач дүү Санжаажав бид хоёр уламжилж авсан. Нэг үе чинь нэгдлийн мал маллаж байсан болохоор хүссэнээрээ морь уяж чадахгүй ээ. Гэхдээ хоёулаа хулгайгаар уяна л даа. Хөгшин аав, ээжийн буяныг тасалж болохгүй гэж зүтгэсээр өдий хүргэлээ. Би хүний ганц хүү. Ээж минь намайг төрүүлээд гурав хоногийн дараа үнээгээ сааж байгаад л гэнэтхэн уначихсан гэдэг. Захиргаадалтын үед ажил хөдөлмөр гэж яваад биеэ гамнаагүй юм болов уу даа. Ингээд ээж бурхан болж, манцуйтай үлдсэн намайг хоёр хөгшин хүн болгож өсгөсөн. Тэгэхээр өдий дайтай сайн яваа маань эдний маань надад үлдээсэн буян заяа юм даа. Хоёр буурайгаа шүтэж явдаг юм. Тэд байгаагүй бол хэн яах сан билээ. Манай хөгшин аав чинь 80 гараад бурхан болсон.  Тэгээд холоо явахынхаа өмнөхөн “Хүн удам судраа мэдэж байх ёстой” гээд Сүрэнхорлоо аавын тухай ярьж өгсөн юм. Тэгэхдээ хөгшин аав Гуталчийн Шагдар гэж хүн ийм ийм хурдан морьтой байлаа гэж ярьсан сан.

-Гуталчийн Шагдар гэдэг хүн ямар, ямар морьтой байсан юм бол оо? Өвөө чинь гэсэн үг үү?

-Тийм ээ. Бас л цагаан цэнхэр адуутай байсан. Ер нь дээр үеийн улс цагаан цэнхэр, буурал голдуу адуутай байсан шиг байгаа юм. Би нэг хэсэг төвийн хүн болоод дүүдээ бүх л адуугаа өгчихсөн. Тэгсэн дүү хойшоо зарсанаас Баянзүрхийн зартай халиун морь олон ч түрүүлсэн дээ. Чулуундорж гэж мундаг уяачид өгсөн хар азарганы төл байгаа юм. Бас Рагчаа гэж хүргэн ахдаа өгсөн. Одоо ч хөөрхий бурхны оронд одсон доо. Энэ мэт өнгөрсөнийг ярьж өгөх хөгшчүүл цөөрөөд л байна.


-Гуталч гэдэг нь овог юм уу?

-Удмаараа гутал хийдэг улс байсан гэсэн. Аав намайг 3,4 настайд авна гэж ирэхэд нь хөгшин ээж “Өдийхөнд нь хаяж явчихаад том болохоор нь авах гэлээ” гээд өгөөгүй гэдэг. Ухаан ороод би тэр үед нь өгчихгүй гэж хааяа гомдоллодог байлаа. Өгчихсөн бол ядаж сургууль соёл төгсөөд авахгүй юу. Ах чинь хоёрдугаар ангиадаа сургуулиас гарсан хүн. Хөгшин ээждээ эрхлээд л. /инээв/ Хөгшин бас эрхлүүлээд “Миний хүү сургуультай сургуульгүй хүн болно” гээд л. Одоо найзууд маань цаашлуулна аа. “Дөрөвдүгээр анги төгссөн бол нэлээн том дарга байхгүй юу” гэж хөхрөлддөг юм. Гэхдээ ч дутсан юм алга л даа. Бурхан багшийн зурж өгсөн амьдрал энэ л байж. Морио уяж байна, ажил хөдөлмөрөө хийж байна. Дугуй засвар ажиллуулж байна. Арбулаг сумынхаа уяачдын бүх л овъёосыг тээрэмддэг машин ажиллуулдаг. Амьтан хүн “70 гарчихаад, одоо боль” гэх юм. Болих үндэсгүй л дээ. Хажуудахаа алдаад 4-5 жил өнгөрлөө. “Иш муу Лхагваа ханиасаа хойш ...” гэж хэлэгдэхгүйхэн шиг хэдэн малаа өсгөөд сайн явах хэрэгтэй шүү дээ.

-Таны аав Сүрэнхорлоо морь уяж байсан юм болов уу?

-Уяж байгаагүй. Харин багадаа морь унаж байсан гэнэ лээ. Хөөрхий бурхан болоод хоёр жил болчихлоо.

-Та багадаа хурдан морь унаж байв уу?

-Цэдэнбалжир гэж хүргэн ахынхаа борлог морь, саарал азаргыг аймагт 2-3 түрүүлгэж, суманд олон оруулсан. Манай хөгшин ээж хүргэн ахын л морийг унахыг зөвшөөрдөг байсан юм. Дүүтэй нь сууж байсан хүн л дээ. Бусдад нь бол “үгүй” гээд л суучихна шүү дээ. Ингэж морь унаж байгаад адуунд илүү хорхойсох болсон юм. Улмаар 20 хүрээд бас барилдаж эхэлсэн. Ханиа дагуулаад хаана наадам байна, хэдэн морио аваад л гарна. Очоод морио уралдуулаад, өөрөө бас барилдана.


-Цолтой юу?

-Сумандаа гурав, дөрвөн удаа түрүүлсэн. Сумын заан цолтой. Ид барилдаж байхдаа аймгийн начны болзол хоёр удаа хангачихаад байхад аймгийн арслан Сэргэлэн гэж нөхөр “Ах нь бүртгүүлж өгнө өө” гэсэн юм. Тэгээд бүх бичиг баримтыг аваад явсан. Дараа нь бурхан болоод юу ч үгүй хоцорсон доо.

-Бөх барилдахын хажуугаар морио уячихдаг байсан байх нь ээ?

-Тийм ээ. Яриад байгаа хар, халиун үрээ, улаан азаргаар уяаны ажлаа эхлүүлж байлаа. Тэгээд халиун үрээ, хар азарга  шөвгөрч, урам ч орсон гэж жигтэйхэн. Түүнээс хойш өөрийн удмын адуунаас олон жил уяж шөвгөрүүллээ. Тэр нэг жил эцэг цөс нь өвдөөд зовиуртай байсан л даа. Тэгсэн Санжаажав дүү “Ах минь барилддагаа ч боль, морь, мотоцикль унадгаа ч боль” гэнэ. Би цоо шинэ Планета авчихсан байсан үе л дээ. Тэгсэн “Нэгдүгээр багийн Чимэдийн Ганзориг гэдэг залуугийн даага, шүдлэнд хоёулаа түрүүлчихсэн, хоёр үрээ байна. Унаанаас өгчихнө” гэснийг дууллаа. Давхиад очлоо. Асуусан чинь “Ах авбал авахгүй юу” гэж байна. Ингээд өнөө шүдлэн, даага хоёроор нь тулсан. Ингэж хоёулаа улаан зүстэй, ах дүүсийг аваад уяж эхэлсэн. Дүү нь мөн ч олон удаа түрүүлж намайг баярлуулсан. Хаана ч очсон түрүүгээр л ирнэ.

-Аймаг, сумандаа хэд түрүүлсэн юм бэ?

-Аймагт 6-7 удаа түрүүлсэн. Аймгийн Аваргын болзлыг хангасан юм шүү. Хатгал хотын баяр, тээвэрчдийн 60, нефтийн 20 жил гээд хоёр, гурван том ойн түрүүг авсан. Морь түрүүлэх юм бол Лхагваа заан ч түрүүлдэг байлаа шүү дээ. /сур.инээв/

-Даагандаа сумандаа түрүүлсэн юм уу?

-Даага, шүдлэн, хязаалан, соёолондоо түрүүлээд, хавчиг жилээ гуравласан. Нас нийлээд гурван түрүүгээ алдчихсан л даа. Хоёр жил Сосорбарамын цавьдар морь түрүүлж, удаалсан. Хутагаа эмчийн хар морь нэг түрүүлж байсан юм. Бусад цагт нь хаана ч очсон Лхагвын улаан морь ирлээ л гэнэ. Тийм морь одоо ховор шүү. Харж байхад ганц хоёр жил түрүүлээд больчихож байна.

-Хэд хүртлээ уралдсан юм бэ?

-Дааган цагаасаа эхлээд 20 гартлаа уралдсан. 26 бил үү, 27-той зодог тайлсан юм даг. Зодог тайлж байгаа үеийн зураг нь энэ байна. /зураг үзүүлэв/ Ийм л сайхан хүлэг байлаа.


-Том улаан нь яаж давхиж байв?

-Надад шүдлэн ирээд олон удаа шөвгөрсөн. Даанч 2-3 жилийн дараа алдаад, дараа нь гүйж ирсэн. Тэгсэн Жамъянжав гэж олон жил хамт морь уясан нөхөр “Би хоёр сая төгрөгөөр авъя” гэхээр нь өгчихсөн. Түүнд очоод хоёр, гурван жил шөвгөрөөд, ахиад зарсан байна лээ.

-Энэ хоёр алаг азарга хаанахын адуунууд юм бэ? /сур. Зурагнаас асуув/

-Өөрийн гарлын азарга байгаа юм. Аав, хүү хоёр мөн л олон жил түрүүлсэн.

-Танай аль талынхны адууны удамтай юм бэ?

-Би чинь аймгийн гурван удаагийн аварга анчин л даа. Одоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг авахаар болсон байх аа. /сур. инээв/. Тэгээд чонын шагналд авч байсан юм. Тэгэхэд жилийн 8-9 чоно авладаг байлаа шүү дээ. Би чинь 1202 адуу цувуулаад гаргахад сэтгэлд таарах юм олдоогүй. Хамгийн сүүлд борлог адуу дагуулчихсан дөрвөн хөл нь шийр цагаан даага гарахгүй юу. Бас нэг халиун даага. Тэгэхэд Гүрсүрэн гэж адуучин “Азаргаа авна уу, морио авна уу. Дуртайгаа ав” гэсэн юм. Харж байгаад “Сүүлд гарсан дөрвөн хөл нь шийр цагаан алаг даагыг авах уу, дунд үед гарсан халиун даагыг авах уу” гэж том хүүгээсээ асуулаа. Хүү “Хамгийн сүүлчийнхийг ав аа” гэж зөвлөсөн. Хүү маань тэр үед уралдааны морьдоо унадаг байсан юм. Ингэж сонгосон түүхтэй. Ер нь чонын шагналд авсан адуу болгон давхидаг, жороо болдог байсан.

-Даага аваад уяж эхэлсэн үү?

-Шүдлэн аваад сургаж уяад гуравласнаас хойш дандаа түрүүлж, шөвгөрсөн. Таваас мултраагүй байтал төл нь гараад хоёулаа хурдалж эхэлсэн. Лхагваа зааны хоёр алаг азарга гээд энэ хавийнханд гайхуулдаг байлаа. Даанч Бүрэнтогтоход явж байгаад эцгийнх нь хөлийг авчихсан. Суманд бол дандаа л түрүүлсэн. Аймагт бол түрүүлээгүй, хоёр айрагдсан байх аа.

-Одоо энэ хоёр алаг азарга чинь байгаа юу?

-Эцэг нь “тэтгэвэрт” гараад, ах нь тогоогоо тослосон. Төл нь ч байхгүй ээ. Цагтаа Цагаан-Уулын баярт хоёр аваачиж түрүүлгэсэн. Хойшоо Баянзүрхэд нэлээн хэд орсон. Улаан-Уул, Рэнчинлхүмбэ рүү ч явсан. Ойрын хэдэн сумыг ах нь гүйцээсээн. Урагшаа Шинэ-Идэр, Галт руу л очиж байгаагүй юм байна.

-Өөр Алдартын нэрийг гаргасан ямар хурдан хүлгүүд байна даа?

-Цагаан-Уулын нэг хүн морь бэлэглэж байлаа. Ах нь ер нь морь худалдаж авч байгаагүй.

-Ингэхэд чонын шагналд олон морь авч байв уу?

-Чонын шагналд 20 гаруй даага авсан байх шүү. Тэр үед чинь анчны ур чадварыг гаргаж буугаараа л авлана. Одоо бол машинаар хөөгөөд л авлачихаж байна. Жилдээ есийг авлаад, нэг чононд нэг даага өгдөг байсан юм. Олон морь авсанаас шөвгөрүүллээ, жорооллуулаа. Жороо хүрэн азарга бас шөвгөрч байсныг банди уржнан хойш нь зарлаа. Манайх чинь алаг голдуу адуутай. Өчигдөр гуравдугаар багийн баярт алаг соёолон маань удааллаа. Би чинь алаг азарганы голомтыг азаргаар нь алдчихсан хүн дээ. Мэдээж үлдсэн нь бий л дээ. Харин алга болсноо олоогүй. Энд тэнд баяр наадмаар хараад л явдаг юм, сураг байхгүй. Хойшоо Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур уруу байж магадгүй шиг байгаа юм. Хүн төстэй юм ярьсан. Явж үзээгүй л байна.


-Барилдана, морь уяна, ан хийнэ. Өөр ямар эрдэм байна даа?

-Хүний хийдгийг л хийнэ гэж боддог хүн шүү дээ, би. Монгол гутал хийнэ, гөлөм ширнэ.

-Энэ олон наадмаас хамгийн баяр бахдалтай наадам хэдэн оных вэ?

-1980 оноос морь түрүүлээд, өөрөө түрүүлээд ирэхээр омог сууж эхэлсэн дээ. Сайхан л юм билээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд хоёрхон хүн байдаг. Нөгөө нь Цагаан-Уулын Раднаа заан гэж бий. Үстэй саарал морь нь ирээ л бол Раднаа заан түрүүлнэ гээч.

-Та хэд түрүүллээ?

-Сумандаа гурав, дөрөв түрүүлсэн. Бас энд тэнд очиж түрүүлж бас шөвгөрч л явлаа. Бас начин төрүүлж балайраад хамаг түрүүгээ ч алдсан удаатай. Мөнх залуу явах юм шиг аархаж явтал нас харьдаг юм билээ л дээ. Тэгж өөрийгөө “алсан” хүн. Олон жил түрүүлэх боломж байлаа. Намайг ид галзуурах үед дөрөвдүгээр багийн Содномжав заан дөрвөн жил амлаж хаясан хүн. Өөрөөр хэлбэл дөрвөн жил начин хийлгээгүй шүү дээ. Сүүлд нь “Унавал нэрэнд муухай байдаг юм. Хаявал сайн хүн хая. Унавал сайн хүнд уна. Одооны бөхчүүд дандаа муугаас нь түүж авдаг. Би муугаас нь түүж авдаггүй, сайнаас нь шилж авдаг” гэж хэлж билээ. Бас ортой үг шүү. Хэрэв начин хийвэл Содномжав гуайгаар начин хийлээ, сайн бөх хаясан гээд миний нэр цэвэр байх нь байна шүү дээ. Тэгээд бас “Чи бол тэртээ тэргүй суманд зартай түрүүлнэ” гэж хэлж байсан. Одоо бол харин амархан болжээ. Хэдэн цаас хармаалж очоод л болчихож байна. Намайг ид барилдаж байхад тийм юм байхгүй. Бүр “Баярлалаа” ч үгүй үлдэнэ гээч. Одоо ч барилдаан барилдаан биш болчихсон байгаа нь харамсалтай. Бид чинь амралтанд  амраад уураг идэж “тансаглахгүй”. Морио сайхан хөлсөлж бэлдэж яваад барилдчихна. Нэг мэдэхэд гурав, дөрөвт үлддэг. “Өө, Лхагваа яваад өгөх нь, улаан морь нь ирлээ” гэж ярьдаг байсан үе надад бий. Би амьдралдаа үхлийн барьц барьж үзээгүй. Миний хоёр гар далбаанд хүрээ л бол ганц хөмрөөд дардаг, эсвэл хөмрөөд эргэдэг, тонгордог. “Тонгороо Лхагваа” нэртэй явлаа.Одоо үндэсний бөх утгагүй болсон. Одоо морь маань ч утгагүй болох гээд байна. Баахан эрлийз авчирч хольж тавиад, монгол адуу байхгүй болох нь ээ. Уг нь монгол адууныхаа удмыг  алдахгүй байх хэрэгтэй. Эрлийз байж болно. Тусад нь уралдуулахгүй юу, болно шүү дээ. Мотоцикль, машинаар хөөдөгийг бөс болиулмаар байна. Миний хамгийн дургүй юм тэр. Би амьдралдаа морь дагаж үзээгүй. Хүүдээ “Аав нь насаараа морь дагаагүй. Морь хаана ирнэ, тэнд сууж байдаг. Тэгээд ирэхэд нь нармаа шархираад, хоёр нүдний нулимс урсдаг юм. Битгий морь дагаж байгаарай, бооц ордог юм. Алтан шар тэнгэр, олон түмний буян гэж залбираад суу” гэж хэлдэг юм. Тэгэхэд одоо мотоцикль таслаад хөөчихөж байна. Тэгээд эхний тавыг нь таслаж хөөгөөд л, дараачийнх нь баахан утаа залгиад явж байна шүү дээ. Биднийг ч гэсэн тамхи татдаг юм уу, эсвэл өөр нэг юмаар утаад хөөгөөд байвал муу л болно биз дээ. Тийм муухай байхгүй юу. Хавар уяачдын зөвлөгөөн дээр энэ тухай нэлээн ярьсан.


-Хүүхдүүд морь уяж, бөх барилдах уу?

- Сумын начин хоёр байна. Одоохондоо начинаас дээш гарахгүй байна. Цугаараа морь уяна аа. Нэг хүү маань гайгүй уяж, энэ жил гэхэд 2-3 морь нь шөвгөрчихлөө. Үүнээс хээр морь нь сумдад олон түрүүлсэн. Бүүр нэг жил ес түрүүлсэн шүү дээ. Хойтонгоос сумын Аварга уяач болчих байх аа.

-Хүүхдүүд энд тэндээс азарга, гүү авч цус сэлбэж байна уу?

- Авсаан, авсан. Ах нь Сүхбаатар аймгаас 3-4 азарга, хүү Их-Уулаас нэг азарга авсан. Урдаас 2-3 үрээ авчирсан. Бас Шуну гаралтай адуу авсан. Сайхан сайхан азарга авчирсан байна лээ. Нүдэнд тоогдоод байгаа юм. Би чинь барагтай юм тоодоггүй хүн шүү дээ. “Алтны дэргэхэд гууль шарлана” гэгчээр олон жил аавтайгаа морь уясан болохоор гадарлаад байх шиг байгаа юм. Ирсэн бүгд нь шөвгөрч байна. Ингэж цусыг нь холтгож, азаргыг нь сольж байгаа юм. Тэгэхдээ өөрийнхөө удмыг алдахгүй, хооронд нь сэлгүүлнэ л дээ, тийм ээ.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье.

Д.Энхтуяа

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 183.177.97.74

    Жинхэнэ эрийн гурван наадам гэж нэрлэгдэж ирсэн үндэсний уламжлалт наадам тэр дундаа хурдан морь, бөхийн тухай маш сайхан нийтлэл гаргасан байна. Арбулаг сумын ААУ,сумын заан С.Лхагваа ахыгаа би их сайн мэднэ. Сайн бөх, сайн уяач, сайн анчин хүндээ . Энэ хүнийг би маш их хүндэлж явдаг шүү.

    Reply
  • 66.181.161.46

    ach Ene hvnii hiij bvteesen bvhen ali ch tsag vex vvrd monh duursagdah bol o ervvl enh baig

    Reply
  • 202.126.88.137

    Nutgiin buural uyavhidaa ervvl enhiig hvsii

    Reply