Аймгийн Алдарт уяач Б.Ганбаяр: Манайхан гурван үеэрээ 70 жилийн адууны төлөө явж байгаа улс

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 14 -нд

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны ар зургаадугаар багийн харьяат, аймгийн Алдарт уяач, аймгийн Заан Бадрахын Ганбаяр 1980 оны зун сумынхаа хүн эмнэлэгт айлын отгон хүү болон мэндэлжээ. Монгол улсын тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон эрийн гурван наадмын хоёроор нь нааддаг тэрээр МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалиар шагнагдаж байсан гэнэ. Бид түүнтэй суманд нь болсон бэсрэг уралдааны үеэр уулзаж ярилцлаа.

-Орчлонд учрал ерөөлгүй зүйл нэгээхэн ч үгүй гэж үнэн шүү. Хожмоо монгол төрийн наадмаас хишиг хүртсэн тэр өдрөө хүмүүн биеийг олж байжээ. Өмнө нь энэ тухай эргэцүүлэн бодож байв уу?

-7-р сарын 13-ны өдөр миний амьдралд олон сайхан үйл явдлууд тохиодог юм.Түүний нэг нь 32 жилийн дараа төрсөн өдрөөрөөр Таван цагаан азаргаа монгол төрийн наадамд аман хүзүүдүүлж нутаг ус ижий аавыгаа дуудуулан цоллуулж зогсох ховорхон завшаан байлаа.


-Алдарт айлын хэд дэх хүүхэд вэ?

-Би айлын ганц хүү, отгон хүүхэд. Дээрээ нэг эгчтэй.

-Бөх удамтай айлд хүү заяах хамгийн сайхан хувь биз.Тэр үед Бадрах Алдарт их баярласан байлгүй.

-Аа тэгээ байлгүй дээ. Бөхийн удмын тухайд аавын аав буюу миний өвөө Дондов гэж аймгийн заан, аймгийн Алдарт уяач цолтой хүн байсан. Монгол хүн хүү төрвөл бөх болно гэж бэлгэшээдэг жишгээр баярлаж л байсан байх. Тухайн үед одоотой адил ЭХО энэ тэр гэж байсангүй. Төрөхөд л хүйсийг нь мэдэж байгаа юм чинь. Ямар ч байсан 7-р сарын 12-ндоо төрчихөөсэй гээд  хүлээж байсан ч маргааш нь төрсөн гэж ярьдаг юм. 

-32 насны төрсөн их өргөн болсон уу?

-Яг үнэндээ төрсөн өдөр гэдгээ бараг мартчихсан байтал орой аав, ээж ах дүүс маань залгаж баяр хүргэхэд л санасан. Тэр өдөр төрийн наадамд морь түрүүлгэсний, төрж мэндэлсний баярын мэндчилгээ хүлээж аваад утас маань ёстой зогсоо дуугарсан даа.

-Ингэхэд Ганбаяр Алдарт багадаа хурдан морь унаж байсан уу? Одоо байгаагаар тань төсөөлбөл үгүй юм шиг.

-Бие хаа томтой байсан ч таван жил хурдны морь унасан.Тэгээд моринд томдсон цагаас эхлээд аавыгаа дагаж туслах уяачаар ажилласаар өдий зэрэгт хүрлээ дээ. Өвөөгөөс эхлээд тооцвол манайхан гурван үеэрээ 70 жил адууны төлөө явж байгаа улс.

-Дондов заан гэж нэг бус удаа сонсож байсан. Харин Алдарт уяач байсныг нь мэдээгүй юм байна.

-Миний өвөө Дондов заан сангийн аж ахуйн адууг маллахын зэрэгцээ морь уяж байсан хүн. Аймгийн наадамд ганц жил очиж барилдаад заан цол хүртсэн юм билээ. Тэгээд дахин явж барилдаж чадаагүй гэдэг юм. Яагаад гэхээр тухайн цаг үед мал хуйгаа орхиод найр наадамд явахыг  хориглодог байж л дээ. Гэхдээ сумдын наадамд арваад удаа түрүүлсэн. Өвөөгөөс дээшээ гэж яривал нагац ах /ээжийнх нь төрсөн ах /Их-Уул сумын харьяат, улсын начин Мундаг Дорж хүн байлаа. Энэ хүний тухай үлгэр домог мэт ярианууд их бий. Жишээлбэл ЗИЛ-130 машиныг хаазлахад бөгснөөс өргөөд зогсож байсан гэгчлэн. Том биерхүү хүн байсан гэнэ лээ.

-Итгэхэд бэрх л юм. Дондов зааны тухайд мэдэхээ хуучлаач.

-Манай өвөө  харахад том биетэй ч даруу төлөв зантай айхтар ажилч, их сайхан хүн байсан. Адууны төлөө гэсэн чин сэтгэлтэй. Дээр үед чоно нохой элбэг. Өвлийн шөнө сангийн аж ахуйн тэр олон адууг манаад хээр хонодог байсан гэж хүмүүс ярьдаг юм. Гурван удаа аймгийн Аварга адуучин болоод улсын Аваргад хоёр удаа тодорхойлсон өгөөгүй юм гэнэ лээ. Би өвөөгийнхөө гардан морь уяж байх үеийг сайн санадаггүй юм. Яагаад гэхээр 1960,70-аад оны үед өвөөгийн морьд ид хурдалж, аймгийн наадамд нэг хоёроор давхиж байсан юм билээ. Намайг ухаан ороход аав голлож уядаг байсан. Хүмүүсийн ярих нь өвөө морийг их сайхан эдлэхийн зэрэгцээ хаа нь л хурдан, жороо адуу байна түүнийг үнэ хайрлалгүй авдаг. Мөн адууныхаа удам угшлыг сайжруулах хэтийн бодлого баримталсаар ирсэн. Тэр ч утгаараа одоо Тариалангийн унаган гээд байгаа хурдан адууны аль нэг талыг хөөхөхөд заавал өвөөгийн адууны цус орсон байдаг юм. Өнөөдөр аав минь улсын цол авч, би бас төрийн наадамд морь айрагдуулж байгаа маань өвөөгийн маань буян заяа хурсаных. Тэр хүн адууны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хүндлэн дээдэлж явсаны буян аав, бид хоёрт ирсэн гэж боддог доо. 

-Дондов зааны бий болгосон адуу ямар онцлогтой байсан бэ? Адууныхаа цусыг сэлбэхийн тулд хаа хаанаас авч байсан гэдэг вэ?

-Холоос адуу мал авчраагүй, Хөвсгөл нутгийн адууг өөр хооронд нь үржилд оруулж сайн адуу гаргаж авч байсан юм билээ. Өөрөөр хэлбэл азарга гүүний тохироог нийцүүлэх замаар энэ нутагт дасан зохицсон чанаржуу адууг гарган авч байж.

-Удамт уяачдын залгамж болсон Ганбаяр хэдий үеэс өөрийн нэртэй морьдоо уралдуулж эхэлсэн юм бэ?

-Намайг төрөхөд өвөө маань нэг гүү өгсөн юм билээ.Түүнээс олон морь гарсан. Мөн аав минь хүү төрлөө хэмээн эмээл зэхсэн нь одоо ч хадгалагдсаар байна. Өөрөөр хэлбэл өвөө, аав хоёр минь намайг төрөхөд л адууны захад явах морины хүн болно хэмээн бэлгэшээж байж. Тэр итгэлийг нь даахын төлөө би хичээдэг. Миний бие дааж морь уяад гаргасан анхны амжилт гэвэл 1998 оны Тэшиг сумын наадам. Тэр жил би бие даан морь уяж хавчиг хээрийгээ хөтөлж очоод  Тэшигийн наадамд түрүүлгэж байлаа. Түүнээс хойш олон газрын наадамд очиж, олон айраг түрүү авсаан. Улсын чанартай нь аавын нэр дээр, аймаг, сумын чанартай нь миний нэр дээр цоллогддог.

-Хүүгийн хүсэл биелж аав улсын цолтон болсон. Энэ үйл явдал уяач удмынханд хамгийн том баяр байсан байх.

-Өө тэгэлгүй яахав. Намайг өдий зэрэгт хүргэсэн аавыгаа амьд сэрүүнд нь баярлуулж, магнайг нь тэнийлгэж явахыг хүүгийн хувьд хичээдэг дээ.

-Та тэгэхээр өвөөгийнхөө үйлсийг үргэлжлүүлэн барилдаж, аавынхаа үйл хэргийг залгамжлан морь уяж яваа хүн байх нь.

-Тэгж хэлж болох байх. Аавынхаа уяаны ажилд туслангаа барилдсаар 2002 онд аймгийн начин цол хүртсэн. Түүнээс хойш өөрөө мориндоо илүү сэтгэлтэй болохоор тэр талдаа илүү анхаарал хандуулж явна даа.


-Цол авах нэг хэрэг, батлах өөр хэрэг гэдэг юм билээ. Начин цолоо хэдэн удаа баталсан бэ?

-Цолоо баталж хараахан чадаагүй. Хөвсгөл аймгийнхаа баяр наадамд хоёр удаа очиж тавын даваанд өвдөг шороодсон.Эрдэнэтэд бас нэг очиж барилдаад мөн л тавын даваанд өвдөг шороодсон. Шөнө нь морио манаж нойргүй хоночихоод өглөө  нь очоод барилдана.Сүүлдээ  бие дийлэхгүй болдог юм билээ. Аав минь “амар ” гэдэг ч морь бодогдоод нойр хүрэхгүй. Аргамжаатай мориныхоо хажууд хонох л сайхан.Тэгээд сүүлдээ “за барилдаан яахав, морио л сайн давхиулчихъя” гэж боддог болсон. Гэхдээ хэдэн жил аавтайгаа хамт тойргийн хэдэн сумдаараа сайхан наадсаан.Би барилдаж шөвгөрөөд, аавын уясан морьд айрагдаж, түрүүлж байсан тэр он жилүүд миний амьдралын баяр жаргалтай мөчүүдийн нэг.

-Морь, бөх хоёр нэг саванд багтдаггүй гэдэг нь аль нэгийг нь сонгож байж амжилт үзүүлэх боломжтой гэсэн сануулга бололтой.

-Тэр үнэн юм билээ. Морь сайн байгаад түрүүлж, айрагдахаар би олигтой барилдаж чадахгүй. Эсрэгээрээ би сайхан барилдахаар морины хүүхэд унах, хадуурах зэргээр хойшилчихоод байдаг. Намайг ид барилддаг байх үед манай суманд нэг наадам боллоо. Эхлээд морь уралдахад гурван насны уралдаанд манай азарга, их морь, соёолон гурвуулаа түрүүлчихлээ. Тэгэхээр нь би дотроо “нэг хүн наадмын бүх түрүүг авч болдог л юм байна даа. Одоо би хэнд унахав дээ” хэмээн бодож байтал огт унахааргүй хүнд уначихсан. Ёстой нөгөө бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг л болсон байх. Түүнээс хойш “за ер нь аль нэгээр нь оролдох хэрэгтэй юм байна” гэж бодсон шүү.

-Тэгвэл Ганбаяр уяач аймаг, сумын чанартай уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртээд байгаа вэ?

-Аймгийн баяр наадам буюу аймгийн статустай уралдаанаас 38 айраг, түрүү авсан байдаг юм. Өөрийн болоод найз нөхдийн гэгчлэн уясан морьдынхоо амжилтыг тооцоход ийм тоо гарч байна лээ.

-Сумын баяр наадмаас...

-Тоог нь алдсан даа. Өнөөдөр энд уралдана, маргааш нь Их-Уулд уралдана.Аймгийн чанартай уралдааныхаа амжилтыг энэ жил тоолж үзсэн 38 гэдэг тоо гарсан юм.

-Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд очиж байна уу? Тааралдахгүй юм.

-2014 оноос улсын наадамд очсонгүй ээ. Хөвсгөлийн шигшмэл хурд уралдаан болоод энэ хавиараа нэг хоёр жил наадсан. Өнгөрсөн жилийн тухайд /2017 он/ надад гачигдал гараад нэг жил морь уялгүй өнжсөн.


-Таван цагаан уралдаж байгаа юу?

-Төрийн наадамд хоёр айрагдчихсан адуу шүү дээ. Одоо үр төлийг нь авахад анхаарч байна даа.

-Шинэ цагийн адуунууд нас ахих тусам бие нь хүндэрч уралдах боломж нь хумигддаг гэх юм.

-Би хаа очиж Таван цагааныхаа хөл гард ёстой сэв суулгаагүй. Улсад гурван жил уралдахдаа хоёрт нь айрагдаж, нэгд нь наймаар давхисан. 2014 онд уг нь айрагдчихаар байсан ч хүүхэд нь ташуураа хаяад хойноос шахуулж орж ирээд наймласан шүү дээ.Түүний дараа жил 2015 онд байхаа Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд авч очоод 13-аар давхиулаад түүнээс хойш уяагүй.

-Төлүүд хэр давхиж байна вэ?

-Аймаг, сумын наадамд түрүүлж айрагдаад л байна.Хөвсгөл аймагтаа, зэргэлдээ Эрдэнэтдээ аваад очиход айрагдчихаад л байдаг юм. Би Таван цагааны төлүүдийг жаахан томорсон хойно нь уяя гэж бодоод даага, шүдлэнд нь зам үзүүлээд л орхидог юм. 2018 онд Хөвсгөл аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд хязаалан үрээ аман хүзүүдлээ.

-Эрлийз адууг арчилгаа ихтэй, хэврэг гэдэг. Тийм байна уу?

-Манай Тариаланд шинэ цагийн буюу эрлийз адуу цөөнгүй бий. Миний ажигласнаар тийм хэцүү зүйл алга. Ер нь бэлчээрийн монгол адуунаас нэг их ялгарахгүй ш дээ. 50 хувьтай адуунд жаахан анхаарал тавих хандуулах хэрэгтэй байх. Түүнээс 25-тайг бол яг л монгол адуу шиг нь бэлчээрээр малладаг. 2017 онд манай энүүгээр цас ихтэй  байсан. Тэгэхэд дор орж муудаад  сүйд болоогүй. Манай эндхийн байгаль, өвс ургамлын гарц сайн л даа.

-Орон нутгийн наадамд онцгой сайн уралдаж таны алдрыг дуудуулсан хүлэг морьдоосоо танилцуулаач.Уншигчид улсад айрагдсан гэдгээр нь Таван цагааныг хангалттай сайн мэднэ шүү дээ.

-Бор азарганы маань эр төл болгон сайн давхидаг. Аймаг, сумын наадамд айрагдаж, түрүүлээд байгаа адуунуудын нэлээд нь тэр борын төл. За мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бямбаагийн Батбаатар гэдэг найзаасаа авсан тожин буурал азарга маань соёолонгоосоо эхлээд дөрвөн жил энэ хавьдаа дархалсан. Том жижиг ямар ч уралдаан болсон түрүүлж, айрагддаг тийм сайхан хүлэг.Би адуу авахдаа эцэг малыг илүүд үздэг. 2006 онд Сүхбаатар явж Дарьгангаас гурван азарган үрээ авчирсан нь манай адууг нэлээд сүлсэн шүү.Түүний дараа өөрөө Орос явж цэвэр Араб азарга нэгийг авчирсан. Энэ мэтчилэн өөрийнхөө хэмжээнд адуугаа чанаржуулж л байна.


-Үр хүүхдэдээ сайн адуу бий болгон үлдээх зорилго агуулж байгаа юмаа даа?

-Яг тийм. Би хүү, охин хоёртой. Хүү маань гурван нас хүрч байгаа хэдий ч морь унах их дуртай, ер нь их мэдрэмжтэй. Бусдаас арай өөр шүү. Түүнд нь өвөө нь их баяртай байгаа. Би ч гэсэн дотроо “удам залгаж морь уяад өвөөгийнхөө нэрийг гаргачих болов уу” гэж боддог юм. Сая ярьсанчлан энд тэндээс азарга авч цус холдуулаад байгаа нь алсдаа хүүдээ гайгүй сайн адуу бэлтгэж өгөх зорилготой юм.

-Энэ удаагийнхаа уулзалтыг энд хүргээд дуусгая. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе гэж бодож байна.

-Хөвсгөл аймгийн сумдын наадамд эхний есөд хурдалсан морьдууд урилгаар ирж уралдах “Шигшмэл хурд” уралдаан анх удаа зохион байгуулагдаж, хамгийн олон айраг, түрүү авсан нэг суманд цэвэр цусны азарга, дараагийнхад нь 50 хувьтай азарга бэлэглэхээр болсон юм. Хөвсгөл аймгийн хэмжээн дэх хамгийн том уралдаан л даа. Аль сумын адуу илүү хурдан, уяач нь сайн байна гэдгийг тогтоох зорилготой. Сум бүрийн уяачид нэгдэж нэг ч гэсэн айраг авахын төлөө хичээж байсан. Тэр уралдаанд би гурван морьтой очоод гурвууланг нь айрагдуулж байлаа.

-Танай сум аль азаргыг нь авсан бэ?

-50 хувьтай эрлийз азаргыг нь авсан. Тэр уралдаанаас манай сум нийт есөн айраг түрүү авч, Мөрөн сумаас нэг оноогоор дутсан юм. Гэхдээ яг тэр уралдааны тухайд би сумынхаа эсрэг ажилласан байдаг юм.

-Ойлгосонгүй.

-Тэр уралдааны өмнөхөн аавын маань ээж өнгөрөөд өөрийнхөө нэртэй морьдыг уяагүй юм. Харин Мөрөн сумын харьяат найзынхаа гурван морийг уяад очсон гурвуулаа айрагдаж, Мөрөн сум амжилтаараа тэргүүлж байлаа. Тэгэхээр нөгөө талаас нь харвал би сумынхаа эсрэг ажилласан байгаа биз./инээв/ Гэхдээ ар гэрийн гачигдалтай  байсан болохоор манай нутгийнхан ойлгодог юмаа.

-Морьтны соёлыг түгээн дэлгэрүүлэгч эрхэм та бүхний үйлс дэлгэрэх болтугай.

-Баярлалаа.

А.Тэлмэн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.70.34.98

    Таван цагаан Доржпүрэв тод манлайх мөн гэхэдээ энэ хүний аав өвөөгийн бий болгосон адуун сүрэг хурд бол байгаа, Хөвсгөлөөс Улс бүсд морь сураггүй байхад 2000 онд болсон Архангайн даншигд хүрэн морио айрагдуулж явсан түүх энэ залуугын удамд бий,

    Reply
  • 66.181.161.70

    Тариалангийхний хурдны эх нь доржпүрэв гуайн нутаг орондоо хийсэн гавьяа

    Reply
  • 202.55.188.35

    Tawan tsagaan gedeg chin Dorjpurewiin unaga bizdee.so gar we

    Reply