Аймгийн Алдарт уяач У.Баярмөнх: Унаган адуу тэр том ойд түрүүлж, нутгийн нэрийг хамгаалахад их баярласан

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 16 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7-р багийн харьяат, аймгийн Алдарт уяач Удвалын Баярмөнх 1968 оны намар Зүүнбаян-Улаан сумын нутаг Цагаан толгойн хөндлөн хэмээх газар  айлын гурав дахь хүүхэд болон мэндэлжээ. Аавыгаа залгамжлан морь уяхад багаас суралцсан тэрээр Уянга сумын 80жилийн ой медаль, “Арвагар хээр” МСУХ-ны 10 жилийн ойн медалиар тус тус шагнуулж байжээ.

-Албаны нэр бол Баярмөнх юм байна шүү дээ. Нутгийнхан таныг Хөх хэмээх юм.

Баярмөнх гэвэл таних хүн байхгүй дээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч багаас л Хөх гэж дууддаг байсан. Аав, ээж л өгсөн нэр шиг байгаа юм.

-Таны аавыг сайн адуу цогцлоосон хүн гэх юм билээ. Бидэнд аавынхаа талаар ярьж өгөөч?

-Манай аав Цэвэлравдангийн Удвал гэж хүн байсан. Уг нь Орхоны хүн. Дээр үед Жаргалантыг хувааж Орхон болгоход наашаа ирсэн юм билээ. Энд ирээд нэг хэсэг нэгдлийн адуу маллаж байгаад, сүүлд сувай үхэр хариулж байсан. Хүрэн, хээр зүсмийн сайн азаргануудтай, хурдан зээрд морьтой байсан.

-Гончигийн Ганбаатар Алдартад өгсөн зээрд мориных нь талаар мэдэх үү?

-Соёолондоо суманд түрүүлээд, хавчигтаа аймагт тавласан долоотой морь өгсөн. Зээрд морь хоёр талаас хурдны удамтай. Эхийн талд нь Пүрэвсамбуугийн зээрд гэж хурдан морь байлаа. Уянгын хурдан морьдын нэг ээ. Тэр зээрд морины дүү хүрэн азарга манайд байсан юм. Ганбаатар Алдартад өгдөг зээрд морины эх нь тэр хүрэн азарганы төл. Харин эцэг нь манай аавын хөгшин хээр азарга.


-Хөгшин хээр гэдэг нь нөгөө хурдан хээр үү?

-Тийм. Суманд олон түрүүлсэн адуу. Гэлжгий Буянтын хээр ч гэдэг. Онтоовын хээр ч гэдэг. Ааваас өмнө Авирмэд гэж хүн уяж байсан юм. Тэр хээр азарганаас олон хурд төрсөөн. Аав хээр азаргыг 11, 12-тойд нь авч байсан гэдэг байх аа. Суманд хоёр, гурав түрүүлчихсэн азаргыг 5000 төгрөгт тооцон мал оролцуулан авч байсан юм гэнэ лээ. Хээр азарга уралдах болгондоо түрүүлдэг. Айрагдаж байгаагүй.Гарсан төлүүд нь эцгийгээ дуурайгаад их хурдан байдаг юм. Тэдний нэг нь өөрийн тань асуусан Ганбаатарт очдог зээрд морь. Богд сумын харьяат аймгийн Алдарт уяач Мягмарт очсон буурал морь. Мөн миний 1999 онд зургаалаад, 2000 онд түрүүлсэн хээр азарга. Миний тэр хээр азарга аймагт нэг түрүүлж, нэг зургаалаад суманд гурав түрүүлж, арав гаруй айрагдсан. Төлүүд нь бас дээд талаа дагаад их хурдалж байгаа. Миний хээрийн төрсөн дүү хээр азарга Давааноровт очсон. Энэ мэтчилэн хөгшин хээрийн эр төл болгон л хурдалдаг юм даа. Ойр хавийнхан бол их авч азарга тавьсан. Тэр хээр азарганаас.

-Нэг гүүний төлүүд юм уу?

-Өөр өөр эхтэй. Хээр азарганы төлүүд эх хамаарахгүй хурдалж байсан. Гэхдээ манай гүү их чанаржуу. Манай аав чинь гүүг их үнэлж авдаг хүн байсан. Аль сайхан гүү болгоныг л авна. Түүнээсээ болоод “Гүү үнэд орууллаа” гээд зэмлүүлж байсан удаатай. Архангайгаас хүртэл авч байсан. Хамгийн гол нь авсан болгон нь хурд гаргадаг. Тэгэхээр адуу сайн таньдаг байсан шиг байгаа юм.

-Хээр азарга аавд чинь ирээд ямар амжилт үзүүлсэн бэ?

-Суманд хоёр түрүүлээд, Зүүнбаян-Улааны 30 жилийн ойд аман хүзүүдээд өнгөрчихсөн юм. Тухайн үед морь уях нь одоотой адил ийм нэр хүндтэй байсангүй. Уяачид гол төлөв сум орон нутгаараа нааддаг байлаа. Тэр жишгийг дагаж аав маань хээр азаргаа аймагт уралдуулаагүй байх.

-Сайн адуу эзнээ сайн уяач болгодог гэдэг. Хээр азарга аавд тань урам өгчээ дээ.

-Түүнээс өмнө Баянхонгор чигийн нэг буурал морь уядаг байсан юм билээ. Би хүүхэд байсан болохоор сайн мэддэггүй юм. Суманд хоёр аман хүзүүдүүлээд зарчихаж байсан гэдэг. Манай аав морийг ганц нэг жил уяж хурдыг нь таниулаад авъя гэсэн хүнд нь зарчихдаг байсан. Мөн нэг адууг олон уралдуулдаггүй. Ганц уралдуулаад адуунд тавьдаг тийм зантай хүн байсан. Эргээд бодоход их насны морийг гайгүй уядаг юм шиг байна лээ.

-Мягмар Алдартад очдог буурал морь энэ хавиар уралдсан уу?

-2000 оны өвлийн цохионд уралдсан. Хоёр сунгаанд хол түрүүлснийх нь дараа Мягмар “Буурал морийг чинь авъя” гээд авсан юм. Тэнд очоод өвлийн цохионд түрүүлээд, Хар нүдэнгийн талд болсон уралдаанд аман хүзүүдээд Арвайн талд болсон “Арвагар хээр” МСУХ-ны 15 жилийн ойд дөрвөөр давхисан.


-Битүү шахуу адуу авсан юм байна шүү дээ.

-Өмнө нь ганц нэг үсэргээнд мордуулаад л наадамд тавьдаггүй байсан. Тэгээд 2000 оны үед аав надад “Чи энэ буурал морийг л авч уя. Энэ их хурдан шүү” гэхээр нь би уясан юм. Ганбаатарт очдог зээрд морийг намайг цэргээс халагдаж ирэхэд аав надад өмчинд өгсөн. Хавчиг морь уяж байсан амьтан авъя гэж хоргоогоод болдоггүй. Тэгсэн аав буцааж аваад өөрөө уяж аймагт айрагдуулаад, Ганбаатарт өгсөн дөө. Тэр жил миний хээр азарга хязаалан үрээ аймгийн наадамд зургаад давхиж байлаа.

-Удвал гуай аймгийн баяр наадмаас нэг айраг хүртэж байж. Сумын наадмаас хичнээн айраг, түрүү авсан юм болоо.

-Суманд ер нь овоо хэд орсон шүү. Гэхдээ цол хэргэм аваагүй ээ. Манай аав уяхаасаа илүү таньж тодруулахад нь анхаардаг байсан байх. Адууг сүрхий таньдаг. Азарга гүүний тохироог сайн хийдэг. Энэ хоёрын дундаас тийм адуу гарна гээд урьдчилаад хэлдэг байсан. Би айл гэр болж тусдаа гарчихаад гайгүй сайн гэж бодож авсан гүүгээ харуулахаар “Наадах чинь дэмий юм байна. Хурд гарахгүй. Ийм гүү ав” гээд зааж өгдөг байсан. Тэр үед нас залуу ааваасаа асууж тодруулдаггүй байж дээ.

-Гэхдээ байсхийгээд ярьдаг сайхан наадмын дурсамжуудыг нь санаж байгаа байх. Удвал гуай хэдэн оны наадмыг илүүтэй чухалчилж үздэг байсан бэ?

-Зүүн талын гаралтай Дүгэр хээр гээд морио долоон сум нийлсэн спартикиадад түрүүлсэн тухай л их ярьдаг. “Хээр морио их хол түрүүлэхэд нь бахархсан шүү” гэдэг байсан. Тэр хээр морийг Дүгэр гэж мал туудаг хүн авчраад аавд зарсан юм билээ. Их ааштай адуу байсан. Хээр морийг хоёр гурван жил уяад Гурилын хүрэн гээд хөхөлтэй хүрэн морио сайн давхиулсан.

-Удвал гэж хүн хэдэн хүүхэдтэй юм бэ?

-11. Долоон хүү, дөрвөн охинтой. Долоон хүүгээс дөрөв нь морь уяна. Миний ах сумын Алдарт уяач Баяртогтох гэж бий. Мөн Батжаргал, Батбаяр гээд хоёр дүү морь уядаг.

-Уяач аавын хөвгүүд хурдны морь унадаг байсан байх. Таны хувьд...?

-Уналгүй яах вэ. Би аавынхаа Хөх хүрэн, Гурилын хүрэн зэрэг морьдыг унадаг байсан. Бас Дашдоржийн зээрд гээд жижигхэн морийг унадаг байлаа. Өөрийн морьдоос гадна Ичинхорлоо гэж хүний хул морийг унадаг байсан. Сумын наадмаас олон айраг түрүү авсаан. Амьтанд аашлуулсан  адтай хүүхэд байлаа.

-Аашлах шалтгаан нь юу байсан юм бэ?

-Сайн морины аагаар бардаж амьтны морь суулгаад загнуулахгүй юу. Амьтны морь сүйдэллээ, зүрхийг нь үхүүллээ гээд аашлуулдаг байсан./инээв/

-Тэр сахилгагүй нөхөр хэдий үеэс эхлээд уяачийн жаргал зовлонг эдэлсэн бэ?

-1991 оноос эхлээд морь уясан даа. Тэр жилээ өөрийнхөө зээрд морийг сумандаа зургаалуулж, хойтон жил нь долоолуулаад. Тэгээд “За энэ ч айрагдахгүй морь байна” гээд 1993 онд өөрийн унаган зээрд соёолонгоо уяж Зүүнбаян-Улаанд аман хүзүүнд давхиулан амжилтын гараагаа эхэлсэн. 1994 онд хээр азаргаа бас Оодон гээд нэг үрээтэй цуг уяж, соёолонд уралдуулаад  дараагаар нь оруулж байлаа. Хээр нь түрүүлж, цавьдар нь аман хүзүүдэж байсан юм. Түүний дараа 1995 онд аймагт хээр азарганыхаа анхны төл хээр шүдлэнг гурваар давхиулсан. 1997 онд хээр азарганы бас нэг төл хээр даага Сайн ноён хан Намнансүрэнгийн  мэндэлсний 120 жилийн ойд түрүүлж байлаа. 1998 онд хоёр хээр шүдлэн Өвөрхангай аймгийн баяр наадамд аман хүзүү, айргийн гуравт хурдалсан. 1999 онд хээр азарга Өвөрхангай аймгийн наадамд зургаалаад, 2001 онд долоолсон. Тэр жил Хайрхандулааны 70 жилийн ойд хээр азарганы төл хээр үрээ түрүүлсэн.

-Төлүүдтэйгээ уралдаад л байж.

-Надад олон сайхан хурдан буян өгсөөн. 2002 оноос хойш хээр азаргаа уяагүй. Төлүүдийг нь л уясан. 2003 онд төл зээрд даага сумын наадамд аман хүзүүдэж байлаа.

-Таны хээр азарга хэд түрүүлж, айрагдсан юм бэ?

-Аймагт нэг түрүүлсэн. Соёолондоо Зүүнбаян-Улаанд түрүүлээд, хавчиг азарга гуравлаж, Тарагтад аман хүзүүдсэн. Тарагтад гурван жил дарааллан аман хүзүү, айргийн гурав, айргийн дөрөвт давхисан юм. Аймагт долоолчихоод ирсэн жилээ сумынхаа  уяачдын баярт аман хүзүүдсэн. 2002 онд аймагт долоогоор давхисных нь дараа төлийг нь авъя гээд уралдуулахаа больчихсон юм.

-Ямар удам угшилтай гүү хураалгадаг байсан юм бэ?

-Аавын адууны хүрэн голдуу гүүнүүдийг хураалгадаг байсан. Хар гүү ч байсан. Тэр хар гүүнээс их олон хурдан морь гарсан шүү.


-Унаган адуу хурдан ч нутгийн адуугаар уралдах боломж улам бүр хумигдаж байна. Бусдын жишгийг дагаад хурд сэлбэж байна уу?

-Манайхан адуугаа голоод тоохоо байчихлаа. Уг нь олоод уявал адилхан хурдан адуунууд зөндөө бий л дээ. Манай Таацын голын адуу сайн шүү дээ. Гэхдээ жил ирэх тусам нутгийн адуугаар уралдах боломжгүй болж байгаа учраас олныхоо жишгийг дагаад 2013 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас нэг бор даага авчирч, дааганд нь долоогоор давхиулаад, шүдлэнд нь суманд түрүүлгэсэн. Шүдлэндээ мөн Бат-Өлзийд түрүүлж, Зүүнбаян-Улаанд гуравлаад тэгээд зарагдсан. Түүнээс өмнө 2000 онд Хэнтийн Баян-Адаргаас ирсэн адуунаас нэг  цавьдар гүү авсан юм. Тэр цавьдар гүүний төл болгон шахуу хурдалсан. Сартай зээрд морь суманд дөрөв аман хүзүүдэж, хоёр гурав айрагдсан. Тэрний дүү нь нэг зээрд морь Аюушжав гэдэг залууд очиж бага гурван насандаа айрагдсан. Тэрний дүү халзан морийг Жоохноо гээд дүүдээ өгсөн нь мөн л сайн давхиж байна. Өөрийн чинь хэлснээр олныхоо жишгийг дагаад Өлзийт хорооллоос эрлийз халзан даага авлаа. Аргагүй хурдан юм билээ. Даагандаа зургаа түрүүлсэн. Сумынхаа 80 жилийн ойд түрүүлчихээд, аймгийн 80 жилийн ойд очиж дахин түрүүлсэн ч эрлийз гээд хасагдсан. Уг нь харахад эрлийз гэхээргүй л дээ. Тухайн үед цустай адуу ховор байсан болохоор содон байсан байх л даа. Ах нь иймэрхүү л амжилттай наадаж байгаа хүн дээ.

-Бусдын морийг мөн уядаг гэж дуулсан. Нутгийн залуусыг морийг уяж байна уу?

-2010 онд энэ Ганбаатарын морийг уяж, аймгийн наадмаас нэг түрүү, хоёр айраг авч өгсөн.Мөн Баатарын  Даваадоржийн морийг хоёр жил шахуу уяж, соёолонг нь аман хүзүүдүүлж, цавьдар азаргыг нь түрүүлгэсэн. Сүүлийн үед хүний морь уяхаас илүүтэй өөрийнхөө хэдийг уяж, бага хүүдээ мэддэг чаддагаасаа хуваалцахыг чухалчилж байна. Манай бага хүү моринд сонирхолтой. Уясан морьд нь сумын наадамд тав, зургаагаар давхиад л байгаа.

-Гурав дахь уяач хэдийнэ бэлтгэгдэж байгаа бололтой. Ингэхэд танай Баараагаас ямар сайн уяачид, хурдан хүлгүүд төрсөн бэ?

-Манай Баараад сайн уяачид цөөхөн. Хойд талаас аймгийн Алдарт уяач Амгаабазар гэж нэг өвгөн бий. Нутгийн хонгор мориор сайн наадаж байсан. Мөн Гаадаг гэж өвгөний хүрэн азарга, Шаазгай  гээд хурдан морь нь энэ хавиар их алдартай байлаа. За тэгээд манай аавын хээр азаргыг нэрлэж болох байх.

-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ярилцлагаа хамгийн сайхан наадмын тань дурсамжаар өндөрлөе.

-1997 хээр даагаа түрүүлэхэд л их баярласан даа. Өөрийн унаган адуу тэр том наадамд түрүүлэх бахдалтай байдаг юм билээ. Сайн Ноён Хан Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн наадмын дөрвөн түрүүг Архангайнхан авч, манайхаас Зүүнбаян-Улааны аймгийн Алдарт уяач Төмөрбат Бага хээр азаргаа, би хээр даагаа түрүүлгэж хоёр түрүүг нь авч байсан юм. Нутгийн нэрийг хамгаалсан болоод ч тэрүү тэр наадам их сайхан дурсамжтай санагддаг.

-Ийм баяр бахдалт наадмууд олон тохиох болтугай. Морь уяхад үе дамжин суралцаж буй та бүхнийг хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.    

- За. Та бүгдийн ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.    

Д.Энхтуяа        

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна