Аймгийн Алдарт уяач Д.Сашка: Уяачийн хор тайлагдаж байж морь хурдлана гэдэг үнэн юм билээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 25 -нд

Эрхэм уншигч хурдан морь сонирхогч та бүхэн “Сашкагийн Эрдэнэбатын уясан” гэх тайлбарыг олонтаа сонссон нь лавтай. тэгвэл Эчнээ танил эрхмийг тань “Тод магнай” сэтгүүл уулзуулж байна. Уулын амны цагдаа Дорждэрэмийн хүү уяач болж, төрийн наадамд соёолон айрагдуулсан нь 2002 он. Түүнийг залгамжилж голомт залгах ганц хүү нь уяа эвлүүлж, улсын Алдарт болсон билээ. Ийн гурван үеэрээ морь уяж, түмнээ цэнгүүлж буй ярилцлагч маань 1953 оны намар айлын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Цэрэгт жолооч  мэргэжил эзэмшсэн тэрээр Осолгүй манлай жолооч, Онц тээвэрчин, VIII таван жилийн гавшгайч, Авто тээврийн 80, 90 жилийн ойн медальтан юм.

-Орос нэрийг ихэвчлэн эх барьж авсан оросын эмч нар өгсөн байдаг. Таны хувьд?

-Манай эгчийг Нина гэдэг. Миний нэрийг эгч маань өгсөн юм гэнэ лээ.

-Тийм учиртай байж. Манайхан гурван үеэрээ морь уяж байгаа улс гэсэн шүү дээ. Удам судрынхаа талаар эхлээд хуучлаач?

-Миний эцэг Дамбын Дорждэрэм Лүн сумын хүн. Цэрэгт явахаасаа өмнө Төв аймагт ирээд, халагдсаныхаа дараа Сэргэлэнд суурьшсан  юм билээ. Нэгэн үе цагдаагийн газарт хянагчаар ажиллаж байсан. Тэгээд 1960 хэдэн оноос Богд уулын амны цагдаагаар ажилладаг болсон юм. Сүүлд Өгөөмөр,  Зүүндэлгэрийн цагдаагаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Уулзсан уяачдын нэлээд нь таны аавын тухай ярьж байсан юм байна. Уулын амны цагдаа Дорждэрэм гэж уяач байсан гээд...

-Манай аав 1967, 1968 оноос эхлэн морь уясан. Миний хувьд таван настай морь унаж сураад Сэргэлэн сумын харьяат Манлай уяач Даш гэдэг хүний морийг унадаг байлаа. Тэгээд залгаад аавын морийг унадаг болсон.


-Хүү моринд дурласан нь уях шалтгаан болсон юм болов уу?

-Магадгүй л юм. Манай аав өөрөө адуунд эрэмгий л дээ. Морь сайн уургална. Эмнэг сайн сургана. Намайг жаахан байхад л морь уургалуулдаг. Буруу амтай морь уургалаад унахаар “дахиад уургал” гэдэг. Ер нь багаас адуу малтай ойр байлгасан даа.

Манайх хээр алаг морьтой байсан юм. 1969 он шиг санагдаж байна. Соёолондоо улсын наадамд 15-аар давхиж байлаа. Тэр үеийн олон сайхан уяачидтай уяа нийлдэг.

-Жишээлбэл...

-Хөл Шагдар гэж сайн уяач байлаа. Баянгийн Шийтэр гуай байна. Шийтэр гуайн адуунаас манайд бий. Миний аавын уясан морь улсын наадамд айрагдаж байгаагүй ээ. Худлаа хэлээд яах вэ. 20 дотор  давхисан. Алаг морь нь гэхэд л нэлээд хэдэн удаа байтай уралдсан юмдаг.

-Уулын амын цагдаа болоод л морь уясан юм уу?

-Тийм. Ойн цагдаа болоод малжин, морь уядаг болсон. Түүнээс урьд сэргийлэхийн аж ахуйн нярав байхдаа дэл хөөвөр авахаас эхлээд адуу маланд нь оролцдог байсан бололтой юм билээ. Тэгээд намайг морь унадаг болоод ирэхээр “Ганц хүүгээ явган гүйлгээд яах вэ” гэж бодсон байх. Нялга Баянжаргалангийн Нүдэн Сэрээтэр гэдэг хүнээс буурал азаргатай адуу авч байсан юм билээ. Миний мэдэхийн нэг хар халзан гүү байсан. Тэр Нүдэн Сэрээтэр гэж хүн улсад уралддаг. Хулгар саарал, хул алаг морьдтой. Тэд  нар нь айрагдаж, зургаа, долоогоор ч ордог байсан гэнэ лээ. Тэр хүнээс авсан буурал азарга манай адууны суурь болж, буурал зүсмийн голдуу адуутай болсон доо.

-Танайхыг хайж яваад нэрийг тань хэлэнгүүт шууд хүргээд ирлээ. Гэхдээ жолооч Сашка юу гэх юм.

-Тийм ээ. Би чинь 1972 онд цэрэгт яваад 107-д жолооч болж, Зүүнбаянд хоёр жил алба хаагаад ирсэн. Тэгээд ирэнгүүтээ тээврийг удирдах газрын 13-р авто баазад жолоочоор ажилласан хүн. Зундаа ээлжийн амралтаа аваад аавтайгаа хоёулаа морь уяна. Хүү маань өвөөгийнхөө уясан морийг унана.


-Хүү гэдэг нь Эрдэнэбат уу ?

-Тийм. Яваандаа адуу жаахан цөөрөөд. Тэгэхээр нь унаж байсан 21 тэргээ зараад 100,000 төгрөгөөр Ононгоос арван унагатай гүү, зургаан морь худалдан авлаа. 1997, 1998 оны үед шүү дээ. Аавынхаа адууг үгүй хийчихэлгүй ахиж өсгөе хэмээн бодсон. Тэр маань ч зөв болсон байна лээ.

-Сашка Алдартыг урмаар тэтгэсэн хүлгүүдээ танилцуулаач ?

-2002 оны улсын наадамд хамар цагаан зээрд соёолон хүүхэдгүй дөрвөөр давхисан. Тэгээд яахав дүрмийн дагуу тав ухарч есөд баригдаж байлаа. Аймгийн наадамд бол 2007 онд хязаалан, 2008 онд даага тус тус түрүүлгээд, 2010 онд хээр морио зургаад оруулсан. Үрээнүүд бол нэлээд хэд айрагдсаан. Хамгийн өндөр амжилт нь 2013 оны Геннисийн уралдаан. Улаанбаатар бүсэд нь буурал морио түрүүлгэсэн.

-Улаанбаатар бүсээ ?

-Тийм. Аймагтаа бүртгүүлэх гээд очсон чинь бүртгэл нь дуусчихсан байсан юм. Тэгээд Улаанбаатарын бүсэд уралдаад түрүүлсэн. 4249 мориндоо бол зургаад орсон шүү дээ.

-Хаанахын адуу юм бэ? Удам угшлыг нь танилцуулаач ?

-Галшарын Дураараа Мийгаагийн адуу. Битүү морь 2012 онд авчраад Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдуулаад хөлийг нь доголгочихсон юм. Тэр жилээ өнжөөгөөд 2013 онд уралдуултал цоорсон нь тэр. Одоо уяхгүй байгаа.

-Төв аймгийн 90 жилийн ой, төвийн бүсийн уралдаанд аман хүзүүддэг чинь энэ буурал уу?

-Тийм. Уг нь бор халзан зүстэй л юм байгаа юм.


-Аймгийн ойд түрүүлдэг бор чинь...

- Ононгийн унаган адуу.

-1990-ээд оны сүүлээр авсан нөгөө адууны угсаатай юм уу?

-Түүнтэй огт хамаагүй. Улам-Өрнөхийн морь шүү дээ. Онон үрээнд нь Хөвсгөл рүү зарчихсан юм билээ. Хөвсгөлд нэг бор морь хурдлаад байна гэдэг сураг дуулчихаад Улам-Өрнөх Батааг онгоцоор Мөрөн явуулахгүй юу. Батаа очиж үзээд “Сайн морь байна. Онон ахын унаган адуу юм гэнэ” гэж. Тэгээд наймаа хийсэн. Ирсэн жилээ Дундговийн 70 жилийн ойд түрүүлж Ланд 200 аваад, дараа нь төвийн бүсэд аман хүзүүдэж байгаа нь тэр.

-Эрдэнэбат бол Онон Тод манлайн гарын шавь нарын нэг. Тэгэхээр танайхан айл саахалт явдаг байжээ дээ.

-Ононтой олон жил нөхөрлөж байна аа. 10 унагатай гүү аваад, адуугаа маллуулдаг болоод. Би тээврийн тэрэгний жолооч болохоор тэр болгон анхаарч чадахгүй. Зун нь хэдэн адуугаа авч байгаад, өвөл нь Ононд аваачиж өгдөг. Тэгсэн хүү маань уяач болно гээд Ононгийнхоос салахаа байсан. Үеийн олон банди нар биенээ хараад дарвисан юм байлгүй дээ.

-Ганц хүүгээ малчин болно гэхээр ээж дургүйцээгүй юу?

-Анх дуртай байгаагүй ээ. Ядаж 10-р ангиа төгс гэдэг. Гэтэл өнөөх маань хөдөө гарна гэж зүтгээд болдоггүй. Тэгээд бид нар ярилцаж байгаад хүслээр нь болгосон. Түүний буруу гэж болсонгүй. Удам судрынхаа нэрийг өргөөд сайхан л явж байна. Аавын минь нэрийг, өөрийн минь нэрийг гаргадаг хүүдээ баярлаж явдаг юм.

-Улсад хүүхэдгүй айрагддаг хамар цагаан үрээ чинь хаанахын адуу вэ?

-Ханддоржийн хонгор азарганы төл. Онон авсан юм билээ. Эх нь манай адууны хамар цагаан зээрд гүү байсан юм. Онон бид хоёр чинь 1975, 1976 оны үеэс л нөхөрлөж Долооны голоор бужигнуулж явлаа шүү дээ. /инээв/ Сүүлдээ худ ураг боллоо. Миний том охин Ононгийн  дүүгийнх нь хүүхэдтэй гэрлэсэн. Та бүхэн таних байлгүй дээ. Улсын Алдарт уяач Ч.Сугар чинь манай хүргэн шүү дээ.


-Тэгвэл таны хувьд хүү хүргэн хоёртоо уяаны ажлаа даатгадаг байх нь ээ дээ.

-Одоо миний морь уях гэж юу байх вэ. Сүүлийн үеийн уяа сойлго тэс ондоо болж. Бидний үед тэжээл гэж байсангүй.  Байгалийн өвсөөр нь уядаг. Гэтэл одоо тэжээл, витамин өгнө. Товчхондоо шинжлэх ухаанчаар уядаг болж. Бидний үед бол ажлаа завчилж, өөрсдийн зөн совин, мэдрэмжээрээ уядаг байлаа шүү дээ.

-Хүү тань тэр уяанд суралцан шилдэг төлөөлөгчдийн нэг нь болоод байна. Нээрэн хүүгээ улсын цол авахад хэр догдолсон бэ?

-Догдлолгүй яах вэ. Гурван үеэрээ морь уясны эцэст хүү минь улсын цол авлаа. Аав минь байсан бол гэж бодогддог юм билээ. Удахгүй дөрөв дэх үеийн уяачид гарч ирэх гэж байна. Сугарын хүү моринд эвтэй. Ер нь уях байх. Батаагийнх арай бага. Гэхдээ моринд дуртай.

-Морьтны соёлд дөрвөн үеэрээ суралцаж байгаа та бүхэнтэй ярилцах таатай байлаа. Ярилцлагаа хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.

-2002 оны улсын наадам юм даа. Хамар цагааныгаа айрагдахад үнэхээр их баярласан. Ер нь ч айрагдчих болов уу гэсэн таамаг байсан. Уралдахынх нь өглөө Онон “За хамар цагаан үрээ чинь бараг түрүүлэх юм байна. Шаргыг бараг дийлчих юм биш үү” гэсэн юм. Очоод үзсэн үс нь сорлож гялалзаад, сормуус нь ширхэг ширхгээрээ салаад дэрвийчихсэн. Дөрвөн хөл дээрээ тэгш зогсоод сайхан унтаад байсан.


-Түрүүлэх адууны шинж мөн дөө.

-“Морь эргэлээ” л гэсэн. Би шонгийн модны орчим суугаад чагнаж байсан юм. Тэгсэн “Хамар цагаан зээрд үрээний хүүхэд нь уначихлаа” гэдэг байгаа. Хүүхэдгүй дөрөвт ороод ирэхийг нь харахад нүднээс нулимс гоождог юм билээ. Нэг ухраагаад тавд барьчих болов уу гэсэн. Тав ухраадаг болчихсон гэсэн. Тэгээд л айрагт багтаж чадаагүй дээ.

-Хамар цагаан тань түүнээс хойш ямар амжилт үзүүлсэн бэ?

-Миний буруугаас болоод хөлөндөө асуудалтай болчихсон юм. Хор нь гараагүй залуу уяач намар Максын таван жилийн ойд уялаа. Нэг орой яваад очсон залуучууд “Онон ах хамар цагааныг битгий явуул гэсэн” гэж байна. Би явуулмаар бодогдоод болдоггүй. Тэгээд тэсэлгүй тавьчихсан чинь хөлгүй болчихсон юм. Тэр жил тэсчихсэн бол бас яах ч байсан юм билээ. Уяачийн хор тайлагдаж байж морь хурдлана гэдэг тэр юм билээ л дээ.

-Уяачийн хамгийн том шалгуур байж мэдэх. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хүлгийн хийморь, хүүхдийн цовоогоор илүүрхэж яваарай.

-За баярлалаа.        


А.Тэлмэн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.